Thursday, December 31, 2015

Үүлэн хээтэй орчлон номын тэмдэглэл

Юутай ч шинэ он гарахаас өмнө амжиж, барьж авсан номоо дуусгалаа. Аваад хэдэн сар болсон ч эхэн үедээ уншаад нэг л явж өгдөггүй, ганц нэг хуудсаар нь эргүүлсээр байтал өдий хүрчээ.
Харин сүүлийн 2 өдөр оройгоор хэсэг суугаад аваад явчихлаа шүү.

Үйл явдал Монгол улс маань Манж Чин улсын дарангуйлалд байхад буюу 1900-д оны эхэн үед өрнөнө. Их хүрээнээс холгүйхэн амьдран суух Чоймчиг гүний гэр бүл, хамжлага ардууд болох хүүхэд хөгшид нийлсэн хот айлд зохиолын үйл явдал эхлэх бөгөөд Чоймчиг гүний ганц хайртай охин Хулангоо, хошуу тамгын газарт шинээр томилогдон ирсэн туслах түшмэл Бадрахын хайр сэтгэл, үүнтэй зэрэгцэн тэдний замд тохиох хориг саад, зовлон бэрхшээл илүүтэй өгүүлэгджээ. Чоймчиг гүнийх бол нутаг усандаа эд хөрөнгө, мал ахуйгаараа толгой цохих ч эхнэр тогтоодоггүй, үхэл нүүрлэсэн айл хэмээн цоллогддог нь зохиолын сүүл хэсэгт тайллаар гарна. Зохиолын гол утга санаа хүн ямар үр тарина, тэрийгээ хурааж авна гэсэн үг юм болов уу гэж хувьдаа бодлоо. Эсрэг талын дүр болох Чоймчиг гүний ганц хүү мөрийтэй тоглоомчин, өр зээлнээс салдаггүй Дамдин эд хөрөнгө, мөнгөний шуналаасаа болж, газар дээрх ганц охин дүүгийнхээ аминд хүрэхээр завдан хордуулдаг нь зохиолын өрнөл хэсэг юм. Харин лам багш нас барсан хэмээн дүүг нь маргааш нь эртлэн хөдөөлүүлж, түүнийг нь Бадрах түшмэл олж аван асардаг нь "Сэрэлт" кинон дээр гардаг хэсэгтэй төстэй санагдсаныг нуух юун. Мөн төөрөлдсөн эцэг хүү хоёр хамгийн сүүлд бие биенээ олдог нь бага зэрэг илүүц санагдсан. Зохиол яаж төгссөнийг би та бүхэнд хэлэхгүй ээ. Хэтэрхий их зүйл нуршсан байгаа тул та бүхэн номыг нь олж аван уншаарай гэж зөвлөе.



Эцэст нь сайхан баярлацгаагаарай. Шинэ ондоо номоо сайн уншаарай. Монгол зохиолчдынхоо номнуудыг уншиж байгаарай. Учир нь би саяхан нэг хүний ярилцлагаас зохиолчдын эвлэлд бүртгэлтэй 1100 амьд сэрүүн хүмүүс байдгийг мэдэж аваад бага зэрэг цочирдсон шүү. Бүртгэлтэй, бүртгэлгүй тэр олон хүнээс би л гэхэд тун цөөхнийг л мэдэх юм байна лээ. Тиймээс өөртөө 2016 оныг Монгол зохиолчдынхоо ном унших жил болгон зарлачихаад байгаа юм.


http://batu83.blogspot.com/

“Цээнээ бид хоёр” өгүүллэг /шинэчлэн бичсэн/ Ц.Оюунбат

Алтан шар зам жирэлзэн өнгөрч тоосонд дарагдан хоцрох нь хүмүүн бид нарын амьдрал, дурсамж өнгөрсөнд үлдэхтэй эгээ л адил санагдана. Арха...