Thursday, February 22, 2018

Алтан Дэйл Карнеги


Энэхүү ном нь хувь хүний амжилтын ном л доо. Гурав дөрвөн жилийн өмнө уншиж байсан санагдаж байна. Нэг уншчихад гэмгүй. Яагаад гэвэл Дэйл Карнеги хэмээх 20-р зууны эхэнд Америкт амьдарч байсан алдартай биенесмэн, лектор, нийтлэлч энэхүү эрхмийн өөрийн амьдрал, бизнесийн туршлагадаа тулгуурлан бичсэн бусдыг амжилтанд хүргэх зорилготой зөвлөмжүүд орсон бөгөөд "Нөхдөө хэрхэн өөртөө татаж хүмүүст нөлөөлөх вэ?", "Олны өмнө үг хэлэхдээ өөртөө хэрхэн итгэлтэй болж хүмүүсийг дагуулах вэ?" гэх мэт гурван дэвтрийг нийлүүлсэн гэж болно.
Уншихад аан тийм байна, хэрэгжүүлж болмоор санаа юм гэсэн бодлууд орж ирнэ. Гэхдээ байзаарай, өөрийн ажилдаа хэрэгжүүлнэ гэж бодож байвал санасны гарз. 20-р зууны Америкийн эхэн үеийн нийгэм, хүмүүсийн сэтгэхүй, 21-р зууны Монголын нийгэм, ажлын орчинтой яасан ч зохицохгүй гэдгийг өөрийн ажилд оруулсан туршлагаасаа харчихсан хүн энд байж байна.
Эхний дэвтэр бол ажилдаа яаж дулаахан эвсэг хамт олныг бүрдүүлж, олон найзтай болох вэ гэсэн зөвлөмжийн дагуу бол хүмүүсийн алдаа дутагдлыг харахгүйгээр байнга сайн талыг нь олж хар. Битгий шүүмжил, үргэлж магт гэх мэтээр номны тал хүртэл үргэлжлээд байна. Бодит хүмүүсийн жишээнүүдийг уншихаар энэ ном сайхан л уншигддаг.
Амьдрал дээр юу болсон бэ гэхээр бусад хүмүүсийн сайн талыг үргэлж хардаг боллоо. Алдаа дутагдал дээр хэлгүй юм шиг өнгөрөөдөг болж, Карнеги ахын зөвлөмжөөр ажиллаад үзсэн чинь зарим нь энэ юм хэлдэггүй юм чинь ийш нь чихчихэд асуудалгүй юм байна гээд ойлголт авчихсан. Эсрэгээрээ шүүмжлэл, алдааг овоолдог хүн болгочихдог юм байна. Энэ байдлыг удалгүй ойлгоод нуман тулгуурт орчихсон хүн чинь гарах гэж их удсан шүү.
Тэгэхээр энэ номын хувьд уншихад сайхан боловч хэрэгжүүлэхэд дэмий хувь хүний амжилтын ном байлаа гэж дүгнэмээр байна. Карнегийн тухай намтарчилсан нэвтрүүлэг дээр хүмүүстэй сөргөөцөлдөх ажил дээр дэд захирлаа зүтгүүлдэг, жишээ нь хүмүүсийг цомхотгох боллоо гэхэд дэд ерөнхийлөгчийнхөө гараар могой бариулдаг хүн байсан юм байна лээ хөөрхий.

No comments:

Post a Comment

“Цээнээ бид хоёр” өгүүллэг /шинэчлэн бичсэн/ Ц.Оюунбат

Алтан шар зам жирэлзэн өнгөрч тоосонд дарагдан хоцрох нь хүмүүн бид нарын амьдрал, дурсамж өнгөрсөнд үлдэхтэй эгээ л адил санагдана. Арха...