Friday, May 19, 2017

"Оройгүй сүм" роман




Санж гэцлийн эцэг эхийн амьдралын туйлын зорилго болвоос ганц хүүгээ эрдэм номын оргилд хүрсэн буянтай сайн лам болгох байсан билээ. Тиймээс ч бага наснаас нь Чоймчиг гэлэнд шавь оруулна. Хар залуугаасаа хийдийн хаягдал балин шалсай (шашны зан үйлээр золигт гаргах хүн, эд агуурсын дүрс бүхий гурилаар хийж боловсруулсан бүтээгдэхүүн. Золигт гаргаж буй учраас лам нар иддэггүй, гаргаж хаядаг, энгийн ардууд ч иддэггүй, өлсөхийн эрхэнд ядуугийн эрхээр нийгмийн хамгийн ядуу дорд хүмүүс иддэг) түүж идэн хүн болцгоосон эцэг эхийн ач буяныг хариулахын тулд Санж банди эрдэм номд алгуурлалгүй шамдан толгой сайтайгаа багшдаа харуулдаг. Тиймээс ч Санжийг гэцэл цол авах үеэс багш Чоймчиг гэлэн түүнийг дагуулан бурхны шашны өлгий болсон Төвд (Төвөд) рүү аяны жолоог чиглүүлэвч үр хүүхэд гуйсан Отгон хүүхэн, түүний нөхөр Хархүү, өвчинд ороогдсон биеэ чин сүсэг бишрэлээр эдгээхийг хүсэгч Өлзий тэргүүтэй тэдний отгийнхонд мундахгүй зовлон бэрхшээл урт холын аянд нь таарна. Эгэл мөргөлчдийг зам зуурт нь эд хөрөнгөнөөс нь тасралтггүй зулгаах татвар, гуйлга, дээрэм гээд чамгүй олон бэрхшээлийг туулснаар зорьсон газраа очих боловч Төвд нутаг үнэхээр бурхан шашны өлгий гэдэгт эргэлзээтэй. Олз хайн Гүмбумын гудамжаар үхсэн хүн хайх донзонпа нар (нас барсан хүнийг тасын дуудлаганд бэлдэн мах ясыг том балиус заазуураар хуваахад мэргэшсэн оршуулагч), үе үеийн Далай ламаар тодорсон хүмүүс насанд хүрэлгүй бусдад хорлогдон хүүүхдээрээ шахуу амиа алддаг түүхүүд, амьд хүнийг өлсгөлөн хархнууд, дигваранз шавжнууд бүхий хар нүхэнд шидэж зовоон егүүтгэдэг бусармаг уламжлал, сайн дамар хийчихмээр гавлын яс, бишгүүр хийчихмээр чөмөгний ясыг амьд хүмүүсийн дундаас тасралтгүй хайх шашны хөгжим эд зүйл хариуцагч лам гэх мэтчилэн санаанд оромгүй орчин угтах болно. Чоймчиг гэлэнгийн Бэрээвэн хийд рүү шавиа дагуулан ирсэн цаад шалтгаан бол амьдралдаа үйлдсэн ганц нүглээ амьдаараа зулын гол болон тэнгэрт өргөхөөр ирснийх ажээ. Ганцаар хүний нутагт шавилан суусан Санж өвчин тусч үхдэгийн даваан дээр эрдэм номт лам нараас илүүтэй, энгийн нэгэн чавганц аминд нь орсон байдал, Төвдийн шашны эрдмийн оройд хүрч, лхаарамба цол аван нутаг буцах болоход түүнд учрах аюулууд, оргох замдаа түүний сурсан олон ном, судрууд эгэл борог амьдралд ямар ч хэрэггүй болохыг мэдэрсэн ухаарал, нутагтаа ирсэн хойноо дуусгаж чадаагүй оройгүй сүмийн тухай түүхийг та энэхүү гүн ухааны, шашны, эмгэнэлт романаас унших болно.

No comments:

Post a Comment

“Цээнээ бид хоёр” өгүүллэг /шинэчлэн бичсэн/ Ц.Оюунбат

Алтан шар зам жирэлзэн өнгөрч тоосонд дарагдан хоцрох нь хүмүүн бид нарын амьдрал, дурсамж өнгөрсөнд үлдэхтэй эгээ л адил санагдана. Арха...