Thursday, May 25, 2017

“Захиа” өгүүллэг



            Хөгшчүүдийн асрамжийн газарт дахин нэг өглөө болоход хэдхэн цаг үлджээ. Дэмбэрэл өвгөн бусад өдрүүдийн л адил үүр хаяарахаас өмнө нойр нь хулжиж, сэргэг болон коридор дахь хүмүүсийн чимээг чагнаархан хэвтэх бөгөөд сонсгол нь эрс муудсан ч гэлээ бүхнээс түрүүнд сэрж ариун цэврийн өрөө рүү явахдаа Балдан өвгөний хүнд гутлаараа модон шалан дээр тог тог хийлгэн алхах чимээг эрхбиш нэг ялгахтайгаа билээ. Балданг боссоны дараа мань хүн зузаан хөнжлийнхөө доороос чөргөр хоёр хөлөө сугалан илчгүй юм шиг санагдах зузаан оймсоо углан, гэрийн эсгий шаахайгаа өмсдөг юм. Дэмбэрэл хэвтсээр л, удаан сэрүүн хэвтвэл доороос завсаргүй нухлах модон орондоо тээршаан баруун зүүн тийш ээлжилж хөрвөөнө. Бас ингэхдээ хажуугийн орон дээр дуг нойрсох таван насаар дүү Нямааг сэрээчихгүй санаатай чимээ гаргахгүйг хичээнэ.
            “Нямаа шиг ингэж бөх унтдаг бол сайхан аа” гэж Дэмбэрэл атаархсан өнгөөр дотроо бодолхийлж амжив. Хөнжилнийхөө дээгүүр дөнгөж цухуйх Нямаагийн цоохорлож үрчлээтсэн халзан магнайны байдлаас ажвал бөх гэгчийн унтаж буй бололтой. Хааяа Нямаа зүүдлэж, харанхуйн шөнөөр хаая хүүе гэж эгээ л нэг тал дээр мал хариулж яваа юм шиг чангаар хашгирч гуугалан мань хүнийг цочоодог л юм. Бодвол залуудаа нутагтаа мал хариулж өнгөрөөсөн бололтой. Нэгэн өрөөний хоёр маань цуг амьдардаг болоод гурав дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Анх орж ирэхдээ Нямаа өвгөн өнгө нь гандаж цайрсан хүрэн бор тэрлэгтэй, өвлийн хар ноосон малгай духдуулчихсан, хоншоор нь махийгаад бүтэн эргэнгээ алдсан хуучирч муудсан монгол гуталтай орж ирж билээ. Нэг өрөөний хамтран амьдрагч нар болж байгаа юм байна нутаг, мэнд усаа мэдэлцсэний дараа Нямаа өврөөсөө нямбайлан эвхэж далд хийсэн сонингийн тасархай, дугуй төмөр хайрцагтай дүнсэн тамхи гаргаж ирэн сурамгай нь аргагүй ороож эхлэв шүү. Дэмбэрэл ихэд сандран,
            “Хүүе Нямаа, өрөөндөө тамхи татаж болдоггүй юм. Асрагч бүдүүн Хорлоо гэж айхтар авгай бий. Бид хоёрыг загнана шүү” гэхэд,
            “Хээцэс, Хорлоо авгай нь тэгээд хөгшин настай манийгаа жаахан хүүхэд айлгах гэж байгаа юм шиг чихнээс минь чихдээд самбарын өмнө гаргах уу? Тэгж ярихгүй ээ хө, гадаа хүйтэн байхад тамхиа өрөөндөө татахгүй хаана татах юм” гэж намжирдсанаа итгэлтэй нь аргагүй чүдэнзээ шархийлгэн нарийхаан гэгч нь ороосон тамхиа асаан гүнзгий сорж аван бөгшүүлэн ханиалгангаа утааг нь тааз өөд үлээв гэнэ шүү. Харин энэ үед шинээр ирсэн Нямаа өвгөнд хөнжил, гудас, дэрний уут оруулж ирж таарсан Хорлоо асрагч үүдээр орж ирэнгүүтээ дүнсэн тамхины өмхийдүү үнэрт пүү паа болон гараараа утааг сарниах гэж оролдсоноо, Нямаа өвгөн рүү нүдээ бүлтийлгэн, үзээгүй юмаа харж байгаа аятай сүрхий ширтээд,
            “Өвгөн гуай, манай энд өрөөндөө тамхи татах хориотой. Татмаар байгаа бол гадаа гарч татна шүү хө” гэв. Нямаа,
            “Гүүй ээ хүүхээ, гадаа харин намрын сэрүү орчихоод, би гэдэг хүн чинь нимгэндүү хувцастай болохоор гадаа даараад байна шүү дээ” гэж учирлав.
            “Хэрэв даараад байгаа юм бол тамхинаас гарчихгүй юу тэгвэл. Энд бол болохгүй, эсвэл тамхиа хураалгах юм уу?” гэж гараа дүнсэн тамхи руу нь сунгахад Нямаа өвгөн чихрээ харамлаж буй жаахан хүүхэд аятай төмөр хайрцагтай дүнсэн тамхиа цааш нь угз татан өвөртөө далд хийчихэв. Энэ үйлдэлд нь асрагч Хорлоо юу ч хэлсэнгүй, ширэв татан харчихаад,
            “Хөнжил гудсандаа даавуугаа өөрөө хийгээрэй” гэчихээд гараад явчихав. Нямаа орон дээр нь эвхээтэй хоцорсон цоохор эрээн даавуунууд руу гайхаш тасарсан маягаар харснаа бойтогнон хөдөлж дэвсгэр даавуугаа ч нэг барьж аван, хөнжлөө ч энд тэндээс нь барьж үзэн даавуу руу нь оруулаад энд тэнд нь овойлгон бөөгнөрүүлж өрөөний хамаг тоосыг дэгдтэл сэвж цаг гаруй ноцолдоод барсангүй, арга ядахдаа хөлсөндөө нэвчсэн хар ноосон малгайгаа авч хажуу тийш нь шидээд гандсан хүрэн тэрлэгээ тайлж байгаад тухтай үзэхээр шийдсэн бололтой. Тэгж үзээд ч хөнжил нь даавуун дотроо нэг талдаа бөөгнөрчихөөд олигтой болж өгсөнгүй, хий дэмий л Дэмбэрэл рүү горьдлогын харцаар харсан юмдаг. Тэгэхэд нь Дэмбэрэл босч очин дүү өвгөний хөнжлийг даавууг хамжин барин оруулсан билээ. Энэ мэтчилэн тэдний анхны уулзалтаас эхлээд л хөгтэй зүйлүүд болж эхэлсэн тухай нойр нь хулжсан байсан Дэмбэрэлийн санаанд орж орон дотроо чимээ гаргалгүй нуг нуг хийлгэн инээв.
            Ашгүй коридорын модон шалан дээр Балдан өвгөний хүнд гутлын чимээ тог тог хийлгэн коридорын нэг булангаас наашлан наашилсаар хаалганы хажуугаар өнгөрч ариун цэврийн өрөө рүү дөхөж байгаа чимээ дуулджээ. Энэхүү эгшиглэнт чимээг баяртайгаар хүлээж суусан Дэмбэрэл орноосоо аажуухан босч хөлдөө эсгий шаахайгаа углаж аваад дээгүүрээ зузаахан цамц нөмөрч орныхоо хөлд цомцойн суув.
            “За байз, нойлын өрөө орж давсгаа суллачихаад дараа нь юу хийдэг юм билээ?” гэж өнөөдрийнхөө төлөвлөгөөг бодон Нямааг сэрэх болоогүй л юм байх даа гэсэн горьдлогын харцаар ширтэнэ. “Уг нь энэ маань босч ирвэл ханиндаа нар мандтал хууч хөөрч байгаад өглөөний цайндаа орчих юм шүү дээ, тэгвэл Должинтой зэрэгцэж сууж байгаад цайгаа ханиндаа ууна даа” гэсэншүү юм бодож сууна.
            Должин эмгэн түүнийг бодвол насаар ануухан, дал дөнгөж гарч яваа. Хөгшрөхийн цагт аяга цайгаа хувааж уугаад бас болоо ч үгүй хоёр биенийхээ бие хаа өвдөх, даралт ихсэх зэрэгт нь эм тан дөхүүлэх, асрагч нарт хэл дуулгах гэх мэтээр халамжилцгаадаг л юм. Тэгээд ч тэр хоёрт бие биенээсээ нуугаад байх юмгүй, хамаг амьдралаа ярьцгааж авчээ. Должин эмгэн ганц хүүтэй байсан нь хэцүү нэртэд ороод өчнөөн жил болсны улмаас харж хандах хүнгүй болж, асрамжийн газар бараадсан хэрэг. Өнөө хүүгийн сураг ч байдаггүй, амьд үхсэн нь мэдэгдэхээ байгаад уджээ. Дэмбэрэл хий дэмий л сэтгэлийг нь тайтгаруулж, “Хүү чинь удахгүй суллагдаад ээж дээрээ ирээд авч яван асрана байлгүй дээ. Должин минь, сэтгэлээр битгий уна” гэж тайтгаруулах гэж оролдоно. Ингэж хэлэх болгонд Должин хар цагаан дуугүй байх бөгөөд цагтаа нарийхан цагаан сүмбэн байсан, одоо болохоор үрчлээтэж, эвдэрсэн мойног хуруунуудаа оролдоод суудаг юм. Захиа занаа бичээд ч хариу ирдэггүй болоод хэдэн жил болж, хүүгээс нь ирсэн сүүлчийн захиагаа дахин дахин гаргаж ирж уншин буцааж эвхсээр сэмэрсэн шар цаас нимгэрэн нугалаасаараа төд удалгүй урагдахад бэлэн болжээ. Гэсэн хэдий ч Должин эмгэн хүүг нь төлөөлөх ганцхан зүйл болох тэрхүү шидэт цаасыг ямарваа нэгэн судар ном лугаа адилтган бодож өлөн хир болсон хадганд нандигнан боогоод цааш нь хийдэг юм. Нэгэн удаа Дэмбэрэлд өнөөх захиагаа ганц л удаа уншуулахад, түүнд нь ийнхүү бичсэн байв.
“Сайн байна уу хамгаас хүндэт ээж минь. Хүү нь Чойрын шорон руу шилжиж ирсэн. Цагтаа цалгиж явахад албан даргаас адгийн архичин хүртэл найзууд болдог юм байна. Гундаж явахад золбин нохой хүртэл хүний дайтай тоохгүй ноцдог юм байна. Хүнд итгэсний хар гайгаар хамтарч хийсэн хэргээ хүү нь дангаараа үүрсэн нь буруудаж. Таныг асрамжийн газар руу шилжүүлсэн тухай сонссон. Хүү нь эндээс гарахад хэдхэн жил үлдсэн. Та минь хүлээж байгаарай. Энэ муухай газраас гарч байгаад хүү нь амьдралдаа гаргасан алдаагаа заавал засах болно. Таныгаа бүхнээс дээш өргөн, асрамжилж чадаагүй цаг хугацаагаа зөвхөн тандаа л зориулах болно, тандаа хайртай шүү. Учран золгохын өлзийтэй ерөөлийг тандаа дэвшүүлье, хүү нь удахгүй очно оо.    Хайрт хүүгээс нь.”
Хэдийгээр ганц удаа уншсан ч гэлээ Дэмбэрэл энэ захианы утга агуулгыг маш сайн санаж байв. “Хөөрхий дөө, удахгүй гараад ирнэ гэсэн байсан, хурдан л ирээсэй билээ. Энэ хөгшин хэдий удаан хүлээж чадах билээ дээ. Хүний амьдрал эрээнтэй, бараантай, хүний үрд юу ч тохиолдож болно, урьд насны үйлийн үр гэдэг энэ байх даа” гэж эргэцүүлж суутал Балдан нойлын өрөөнөөс гарч буй сонсогдов. Дэмбэрэл зузаан болхидуу биеийн тамирын цамцаа биен дээрээ нөмрүүлсхийн нойлын өрөө рүү ороход шөнийн жихүүн агаар биеийг нь жиндүүлэн чичрүүлэх маягтай. Толины өмнө өөрийгөө нэг шинжиж харвал толгойгоо гялайлгаж хуссан ч буурал үснүүд нь энд тэндээс өрвийж сөрдийлгөн, залуу цог золбоотой явах үед нь оч шиг гялалздаг байсан хүрэн бор нүднүүдийн өнгө нь сааралтан бүүдийж, итгэл найдвараа алдсан хүний харц өөдөөс нь ширтэн зогсоно. Удаахан зогсвол өвдөгний үе нь салганан чичирч, хариугүй суун тусчих гээд байдаг учраас давсгаа сулласан болчихоод өрөө рүүгээ яаравчлав. Өрөө рүүгээ ороход харин хаалганы нугасны хяхтнах чимээнээр Нямаа нүд нээж, нэг эвшэснээ түүн рүү харав.
            “Сайхан амарсан уу?”
            “Уг нь сайхан л нойрслоо. Урьд шөнөжингөө элдвийн зүүд зүүдлэгдээд” гэж Нямаа бувтнаснаа хэсэг бодолхийлсэн нь урьд шөнийн зүүдээ нэхэн санахыг хичээж байгаа мэт байв. Дэмбэрэл өвгөнийг орон дээрээ суусан хойно ч Нямаа гуай гараа нүүрэн дээрээ салаавчлан урьд шөнө зүүдлэгдсэн ханийнхаа дүр зургийг сэтгэлдээ тодхон үлдээчихийг хичээх тусам улам бүдгэрч алсарсаар буйд бага зэрэг адгах сэтгэл төрөв.
            Өглөөний цайн дээр нэг өрөөнийхөн болох Дэмбэрэл, Нямаа нар Должин эмгэний сууж буй ширээн дээр цуг сууцгаав. Үзтэл Должингийн толгойгоо боосон алчуурны цаана үс нь улам бууралтсан болохыг Дэмбэрэл гэнэт анзаарчээ.
            “Урьд шөнө хэр унтав даа, Должин минь?”
            “Хүү минь бодогдоод нойр муутай л хонолоо. Яагаад захиа явуулсан ч хариу ирэхгүй, ямар ч хэл чимээгүй байдаг билээ? Миний хүү чинь тэгж хэл чимээгүй алга болох хүн биш дээ. Эсвэл хүн амьтнаар утсаар яриулж хэл чимээ гаргуулдаг юм бил үү? Чи нэг хөөцөлдөөд үзээч Дэмбэрэл минь.”
            “За тэгье дээ, би хүмүүстэй уулзаж асууж үзье” гээд Дэмбэрэл цайгаа оочлонгоо хариулав.
            Өглөөний цайны дараа асрамжийн газрын даргатай уулзахаар үүдэнд нь очжээ. Үүдэнд нь хулгасхийн зогсох түүнийг хараад сайхан ааштай дарга авгай уриалгахнаар өрөөндөө урьж оруулан ямар учиртай явж буйг нь асуув.
            “Дарга минь. Надад ч асуух зүйл байхгүй л дээ. Тэгэхдээ Должин хүүгээ санаж бэтгэрэх нь сүүлийн үед бүр илт илүү болж байна аа. Ганц хүү нь шоронд орсныг та мэдэх байлгүй дээ. Захиа занаа ч ирэхээ байж. Та нэг тодруулаад өгөөч?”
            “За Дэмбэрэл гуай, танд нэг ярих юм байна аа. Та гэхдээ Должин гуайд хэдэх үү, байх уу гэдгээ өөрөө л шийд дээ. Бид нар ярилцаад хэлж төвдөхгүй л байсан юм. Бас өмнө нь шууд бид нараас асууж байгаагүй болохоор. Үнэнийг хэлэхэд гурван жилийн өмнө бидэнд хорихоос албан бичиг ирсэн” гээд дарга авгай цаашаагаа бичиг баримтаа ухсаны эцэст тамгатай бичиг гаргаж өөрт нь өгөв.
БАТСҮМБЭР ДЭХ УЛСЫН АСРАМЖИЙН ГАЗАРТ

Чойрын хорих ангид хүмүүжиж байсан ялтан Должин овогтой Төмөрхуяг нь .. оны .. сарын .. өдөр хүнд өвчний улмаас нас барсан. Д.Төмөрхуяг нь гэр бүлгүй бөгөөд эх Должин нь улсын асрамжийн газарт байдаг гэсэн бүртгэлийн дагуу энэхүү албан бичгийг илгээлээ.
Захианы доор холбогдох албан тушаалтны нэр гарын үсэг, он сар өдөр байх ажээ. Бичгийг уншаад Дэмбэрэл яахаа мэдэхгүй болон гар нь салганаж, нүднийх нь өмнүүр захиан дээрх бичгүүд нааш цааш гүйлдэх жижигхэн хорхойнууд шиг санагдахад хойшоо сандал руу эрхгүй өвдгөөрөө суун тусав.            
“Дэмбэрэл гуай, зүгээр үү?”
“Зүгээр дээ. Тэгээд та хэд гурван жилийн өмнөх энэ захиаг хэлэхгүй яагаав дээ?”
“Тэр үед та санаж байгаа бол Должин гуайн бие барагтай байсан л даа. Хажуугаар нь базаахгүй мэдээ дуулгаад хэрэггүй л гэж бид бодсон юм.”
“Аан. Нээрээ тийм шүү. Хэвтэрт хэд хоног байсныг нь санаж байна” гээд Дэмбэрэл дуугаа хураав.
Нээрээ ч гурван жилийн өмнө Должины бие тааруу байсан шүү. Хариугүй явчих нуу дээ гэж сандарч байсныгаа Дэмбэрэл нэхэн санав. Тэгээд одоо энэ талаар хэлсэн нь дээр үү, үгүй юу гэдгийг шийдэж ядан эргэлзэхэд хүрчээ. Юутай ч даргад талархлаа илэрхийлэн өвгөн халзан толгойгоо гудайлган өрөө рүүгээ аажуухан гэлдрэв. Хэллээ гээд юу ч өөрчлөгдөх билээ, хэлээгүй нь ч дээр юм бол уу гэсээр нэг л мэдэхэд өрөөнийхөө модон хаалганд тулаад иржээ. Харин хаалгаа онгойлгоод ороход Должин Нямаа хоёр юуны ч тухай юм мэтгэлцэн ярьж байснаа түүнийг орж ирэхтэй зэрэгцэн,
“За тэгээд асууж өгөхөөр болов уу?” гэж Должин царайчлан түүн рүү харлаа. Өрөөнд нь хүлээгээд сууж байна гэж санаагүй Дэмбэрэл өвгөн их л сандран хэсэг тэвдэв. Түүнийгээ мэдэгдэхгүйг хичээн гутлын хоншоороо харан аав ээждээ загнуулчихсан хүүхэд аятай зогссоноо,
“Дарга асууж өгнө гэж байна. Өнөөдөр эсвэл маргааш утасдах юмдаг уу даа” гээд өөрийн мэдэлгүй худлаа хэлж орхив. Харин эмгэн сэжиг авсангүй, хөөрхий хэрэндээ л баярлан,
“За ашгүй дээ. Ингэж нэг гялайх гэж. Хүү минь захиа занаа явуулах завгүй байсан юм байлгүй дээ” гэж хий дэмий л өөрийгөө тайтгаруулах гэж оролдоно. Дэмбэрэл өвгөн худлаа хэлчихсэндээ санаа нь зовон байж ядахдаа гадаа гарч салхилах нэрийдлээр гадуур хүрмээ аван гарах хаалга руу алхчихав. “Хэрэггүй ч худлаа хэлэв үү дээ. Тэнэг өгөр толгой” гэж дотор хүнээ битүүхэн загнасаар байшингаа тойрон явган хүний замаар алхахад өглөөний сэрүүхэн чийглэг агаар толгой тархийг нь сэргээж буй мэт сэнгэнэсэн агаар уушгийг нь тэтгэж өгнө. Хөөрхий Должингийн хүү ч ээж дээрээ эргэж ирэхээргүй болж. Харин миний хүү ирэх бол уу гэж Дэмбэрэл яагаад ч юм өдийд тавь хүрч яваа ганц хүүгээ учиргүй ихээр үгүйлэв. Дэмбэрэл залуу зандан цагтаа хүүгийнхээ ээжтэй ханилан суусан ч гэлээ хүүгээ нэлээн том болсон хойно нь таарч тохирохгүй болон хоёр тийш болж, тэрнээс хойш өөр хүнтэй нэг нийлж үзээд дахиад салчихсан юмсанжээ. Тийм ч учраас харж хандах ойр дотны хүн, гэр бүлгүй учраас асрамжийн газарт ирсэн нь энэ. Хүүгийнх нь ээж нас барсныг сонсоод хэл хүргүүлэн ажил явдалд нь оролцохыг хүссэн ч хүү түүнийг ирэхийг хүссэнгүйгээр барахгүй дахиж уулзаад хэрэггүй дээ гэх ухааны юм хүнээр хэлүүлсэн билээ. Дэмбэрэл ч өөрийгөө хүүгийнхээ өмнө асар их буруутай гэж үзэн насан туршдаа шаналсаар өдий хүрсэн юм.
Хоёр хоногийн дараа Должин өрөөнд нь салхи исгэрүүлэн гэнэт л орж ирээд,
“Дэмбэрэл ээ, дарга хорих руу утастаж асуусан бол уу, нэг лавлаад өгөөч” гэв ээ. Дэмий л даргын өрөө рүү зүглэсэн болж харагдаад, булан тойронгуутаа Дэмбэрэл яах учраа олохгүй хэсэг азнав. “За байз одоо яах билээ? Үнэнийг хэлчихвэл энэний минь даралт ихсээд харваад өгвөл баларна. Нямаатай зөвлөдөг ч юм бил үү” гэж тээнэгэлзэн барин Нямаагаас асуухаар болов. Амралтын танхимд Нямаа бусад өвгөчүүлтэй шатар тоглоод сууж байхыг ярих чухал зүйл байна гэж чангаасаар гадагшаа гараад,
“Нямаа, Должинг ганц хүүтэйг чи мэднэ шү дээ.”
“Тийм ээ, мэдэлгүй яахав. Хоригдож байгаа гэж дуулсан.”
“Өвгөн нь яахаа мэдэхээ байлаа. Тэр хүү нь нас барчихсан гэж байна лээ. Тэгээд өөрт нь яаж хэлэх учраа олдоггүй.” Нямаа гэнэтийн мэдээнд цочирдсон байртай, хоёр нүдээ байдгаар нь томруулан,
“Үнэн юм уу даа, хэнээс сонсов?”
“Даргад албан бичиг ирсэн байна лээ. Би өөрөө уншсан.”
“Тэгвэл ч хөөрхий Должинд одоо хэлдэг л байх даа.... Үгүй ээ ер нь хэлж болохгүй юм байна. Сарын өмнө цаадхын чинь даралт айхтар өндөр болж, манай асрагч нарыг сандаргаад авсан шүү дээ.”
“За тэгсэн.”
“Сумаас ирсэн эмчийн асрагчтай ярьсныг хальт сонсоход хамаагүй сэтгэлийг нь хөдөлгөж болохгүй, аль болох тайван байлга гэж байсан. Хэрэв Должинд наад айхтар мэдээг чинь пал хийтэл хэлчихвэл хөөрхий эмгэн тэсч чадах болов уу? Үгүй л байх даа” гээд Нямаа айхтар хүндээр санаа алдсанаа өврөөсөө дүнсэн тамхиа тэмтчин гаргаж ирээд сонины тасархайнд ороож эхлэв.
“Тэгээд яадаг билээ? Хорих руу асуулгаад хариу нэхээд байдаг?”
            “Яах юу байхав дээ, худлаа үнэн хэлээд аргалж байхаас өөр яадаг юм.”
            “Нэг санаа байна аа. Хүүгээс нь ирсэн нэг захиа байдаг юм. Тэрийг нь харж байгаад бичгийн хэвийг нь дуурайлган захиа ирүүлээд байвал яаж байна?” гэснээ Дэмбэрэл мэргэн санаа олсон мэт нүд нь гялалзан цовоо болоод ирэв.
 “Наадах чинь харин дориун санаа юм биш үү?” гэж Нямаа ч тамхиа асаахаа мартчихсан нүүр рүү нь баяртайгаар ширтэнэ. Хоёр өвгөн санаагаа хэрэгжүүлэхийн тулд эхлээд эмгэний захиаг хулгайлах хэрэгтэй болжээ. Хаана байгааг нь мэдэхээс хойш энэ нь харин ч амархан байв. Харин бичгийн хэвийг дуурайлгаж бичнэ гэдэг хүнд даваа ажээ. Янз янзаар бичээд байдаг, нэг л  адилхан болж өгөхгүй, хажуугаар нь тэд нарын бичгийн хэв эвдэрч гүйцэн хүн уншихад хэцүү болсон нь ч нөлөөлжээ. Арай залуу юм гэсэндээ харин Нямаагийн бичиг арай дөхүү болж гэнэ. Тэгээд ийм нэгэн захиаг Должинд өгчээ.
“Сайн байна уу, ээж ээ. Удаан захиа бичээгүйг минь өршөөгөөрэй. Хүү нь мод бэлтгэлийн ангид хуваарилагдан хэсэг хугацаанд захиа бичих ямар ч зав зай гарсангүй. Гэхдээ сайн ажилласан гээд ялаасаа хоёр жилийг хасуулж дөнгөсөн шүү. Таны бие тэнхээ сайн биз дээ? Хүүгийнх нь бие сайн. Хайрт хүү Д.Төмөрхуяг чинь.”
Гурван жил хэл чимээгүй байж байснаа гэнэтхэн ийм нэг товчхон захиа ирэнгүүт Должин эмгэн их гайхсан ч гэлээ баярлан хөөрч, байн байн цаасыг нь үнэрлэн асрамжийн газрын бүх л хөгшид, ажилчдад гайхуулан ярьж, хүүгээ бүр онцгой сайн ажиллан шагнуулсан тухай сар гаруй ярьж явсан юм хөөрхий. Энэ маягаар Нямаа, Дэмбэрэл хоёрын бяцхан хуйвалдаан хэсэг хугацаанд ч гэлээ үргэлжилж, эмгэний сэтгэл санааг дээшлүүлж байж.  
Дэмбэрэл харин ойрноос өөр зүйлд санаа нь зовнин даргын үүдээр хааяа эргэлдэх бөгөөд ийм нэгэн уулзалтаар дарга авгайн өрөвдсөн харц түүн дээр тусан,
“Дэмбэрэл гуай, таны илгээсэн захиаг задлалгүй буцааж явуулсан байна лээ” гээд лац нь задраагүй нимгэн захиаг өөрт нь өгөв. Өвгөн өрөөндөө орж ирээд захианы нүүрэн дээр бичсэн өөрийнхөө бичгийг уншив. Хайрт хүү Амартаа аав Дэмбэрэлээс. Шүүгээнийхээ хамгийн доод шургуулганд лац нь задраагүй бусад захианууд дээр шинэ захиагаа нэмж хийнгээ өвгөн гомдолтойгоор өмөлзүүлж ирэн цурхиран уйлсан ч нүдний аньсага чийгтэх төдий л нулимс гарчээ. Нулимс хүртэл ширгэдэг ажгуу.
Зуны нэгэн дулаахан өглөө Амар албан өрөөнийхөө ширээний ард ажил хэрэгч хослол, цагаан цамц, хүрэн улаан зангиатайгаа суугаад өдрийнхөө төлөвлөгөөг гаргаж суулаа. Түүний туслах бүсгүй хаалгыг тогшин өрөөнд орж ирээд,
“Танд илгээмж ирлээ” гээд хурлын том ширээн дээр жижиг цаасан хайрцагтай зүйл тавиад гараад явчихав. Амар хайрцаг руу дөхөн хаягийг харахад, гаднаа ямар нэгэн бичиг сачиг байхгүй юм. “Сонин юм даа, нэр хаяг байхгүй”гэсээр хайрцагны скочийг цаасны хутгаар зүсэн онгойлгов. Хамгийн дээр ил захиа байв.
                                   
Дэмбэрэлийн Амарт
Сайн байна уу хүү минь. Аав Дэмбэрэл чинь долоо хоногийн өмнө бурхны оронд тайван нойрслоо. Тэрүүхэн үедээ ухаан санаа яахаа мэдэхээ байгаад хэл чимээ дуулгаж чадсангүй. Уржигдархан бидний хэсэг нөхдүүд Адуунтолгойтын өвөрт жам ёсоор нь нутаглуулсан. Ааваас нь чамд үлдээсэн багахан зүйлийг өгөөд явууллаа. Амьдралд чинь юу ч тохиолдсон бай аавыгаа уучилж үзээрэй. Чамд маш их хайртай байсныг нь сүүлийн хэдэн жил цайгаа хуваалцаж явсны хувьд бид нар мэднэ ээ.
Захиа бичсэн Должин, Нямаа нар

            Захиаг уншиж дуусаад Амар үргэлжлүүлэн хайрцгийг ухахад өөрт нь хаяглаад ирэхэд нь задлалгүй буцаадаг байсан аавынх нь хориод захианууд. Ээж, аавынх нь хар залуугаараа түүнийг балчир байхад дундаа тэвэрчихсэн хар цагаан зураг. Дотроо хорин мянгатын хэдэн дэвсгэртүүд бүхий зузаахан дугтуй байв. Өвгөн тэтгэврийнхээ мөнгөнөөс чадах ядахаараа түүнд зориулж цуглуулдаг байсан бололтой. Аавынхаа захиануудыг барьж байснаа Амар гэнэт нүүрээ даран сандал дээр сууж чимээгүй мэгшиж эхлэв. “Аав аа, хүүгээ уучлаарай” гэж амандаа хэчнээн үглэвч бүх зүйл оройтсон гэдгийг л хамгийн сайн мэдэж байлаа. Тэр өдөртөө Амар дарга өрөөндөө хэнийг ч хүлээж авч уулзалгүй, ажлаа хойшлуулан аавынхаа захиануудыг бүгдийг дахин дахин уншсаар ажил дээрээ оройтсон юм.


No comments:

Post a Comment

“Цээнээ бид хоёр” өгүүллэг /шинэчлэн бичсэн/ Ц.Оюунбат

Алтан шар зам жирэлзэн өнгөрч тоосонд дарагдан хоцрох нь хүмүүн бид нарын амьдрал, дурсамж өнгөрсөнд үлдэхтэй эгээ л адил санагдана. Арха...