Sunday, November 5, 2017

“ЯГ ҮНЭНДЭЭ БИ” өгүүллэг

Миний албан өрөө хотын төв хэсэгт орших тэнгэр баганадсан сайхан барилгын дунд хэсэгт байдаг. Том оо гэгчийн цонхоор хамгийн түрүүнд нарны тусгал орж ирэн бүхэл өдөржингөө гэрэлтүүлж байгаад ажил тарах үед сүүлчийн цацрагийн алтлаг туяа нь сэмээрхэн цаашаа алга болно гээч. Үд дунд хотын хөл хөдөлгөөн, шоргоолж шиг жижигхэн харагдах үй түмэн ард иргэдийн дээрээс харж байхдаа нэгэн цагт тэдний дунд алхаж явсан үеэ хальт дурсах нь бий. 
Одоо юугаараа өөр болчихсон юм бэ гэж үү? Тэр үеэс хойш их юм өөрчлөгджээ. Нэгдүгээрт төсвийн цалингаас өөр ямар ч орлогогүй, ганц цайны хүрэмтэй би гэдэг хүн цайны цагаараа гарч хэдхэн пирошки авч иддэг байсан бол одоо ажлын хажууханд орших тансаг ресторанд өдөр болгон хоолоо амтархан зооглодог болж. Ганц цайны хүрэм маань аль хэдийн тохой нь сэмрэн урагдан алга болсон ч тэрнээс хорь гуч дахин үнэтэй брэндийн хослолууд өмсөж, хоншоорт нь нүүрээ тольдчихмоор итали арьсан гутал хөлдөө өшиглөдөг болсон байна. Хоёрдугаарт ард түмний унаандаа багтаж шингэхгүй алалцан байж, халаас хормойгоо нэгжүүлэн барин явдаг байсан бол албаных ч юм шиг, минийх ч юм шиг хамгийн сүүлийн үеийн ганган хар жип зогсоол дээр зогсон, хийх ажилгүй жолооч минь цагаа үрж ядан намайг харуулдан зогсдог болсон юм. Эхнэртэйгээ айлын хажуу өрөө хөлслөн суудаг байсан зутруухан үе тэртээ хол үлдэж, зайсан дахь хаус руугаа орой болгон түгжирч явдаг болжээ. 
Яаж энэ бүхэнд хүрсэн юм бол оо гэж хэн ч гайхах байх. Арга ч үгүй биз, хүүхэд байхад байнга зоддог байсан хэдэн ах нараа энд тэндхийн яам тамгын газарт ажилд оруулж амьралыг нь дээшлүүлээд байсан болохоор тэд хүртэл намайг гэрийнхээ хамгийн сэргэлэн, ажилсаг, мундаг нь гэж цаасан малгай байнга өмсүүлдэг болсон юм. 
Яг үнэндээ би бол зальхай луйварчин, засгийн хөрөнгөнөөс шамшигдуулагч новш байгаа юм. Харин надаас өөр хэн ч тэгж бодохгүй, дарга хүртэл шүү. Яагаад гэхээр цаадах чинь надаасаа баян цулайчихсан, цаанаа том артай хүн. Хүнд яаж долигонодгийг би даргаасаа сурсан. Хэрхэн бялдуучилж, царай алдан, сүүлээ шарвагануулах ёстойг яруу тодоор сурсан билээ би. Ингэснийхээ хүчинд төсвийн жирийн ажилтан надад тэнгэрийн умдаг атгах хувь тохиолдсон гэж болно. Гэрлийн хурдаар албан тушаал ахиж, амьдрал минь огцом дээшлэн, хадгаламжиндаа хэдэн зуун сая янчаантай болсон. Хааяа би толинд харахдаа өрвийсөн хэдэн сахлаа авчихдаг ч юм бил үү гэж бодох тохиолдол бий. Гөлийтөл нь сайхан хусчихвал даргынхаа өгзгийг үнсэхэд хатгахгүй шүү дээ. Төсөөлөгдөж байна уу? Үгүй дээ, би шууд утгаар нь хэлээгүй юм. 
Том ах барилгын засал чимэглэл насаараа хийсэн хүн. Одоо татварын байцаагч хийж байна. Эхнэр нь цайны газарт тогооч байсан чинь боловсролын яаманд ажиллаж байх юм. Миний дээд талын ах дэлгүүрт ачигч хийдэг байсан чинь одоо мэргэжлийн хяналтад ажиллах болжээ. Ээж аав минь надад сайн гэж учиргүй, ах дүүсээ чирж яваа ганц хүн гээд цагаан сараар хоймортоо залах нь холгүй байна. Аан тэгээд хаана ч явсан нэр хүндтэй л дээ. Бүгд л ямар нэгэн горьдсон гуйсан, хүндэлсэн харцаар харж, хоолой нь хүртэл аргадангуй зөөлхөн дуугарна гээч. Гэхдээ би юу гэж гуйсан болгонд нааштай хариу өгөх вэ дээ. Аан харин гайгүй ганц бие бүсгүйчүүд эсвэл нөхөртэй байсандаа ч яха вэ дээ, хангайн согоо шиг юмнууд ажлаа бүтээх гээд гараад ирвэл өөр хэрэг шүү.
Яг үнэндээ би бага зэрэг, нэлээн ч юм уу шалиг завхай хүн. Урдуураа улаан хөлтийг гаргахгүй байх нь ч хаашаа юм. Бас ч гэж шилж сонгоно, өднө, хоргооно. Ажилд шинээр орж байгаа охидуудыг харин ч нэг гаргаахгүй байгаа юм аа. Ах нь албан тушаал ахиулна, Малайз Сингапур, Дубай авч явна гээд чихэн дээр нь цэцэг ургуулахдаа харин ч нэг гаргуун. За тэгж хэсэг зугаацаж байгаад аль нэг өөр яам, тамгын газар хаашаа ч юм ажлыг нь бага зэрэг, тун багаар шүү дээшлүүлээд шилжүүлчихэж байгаа юм. Тэгэхээр ажлынхан сэжиг авахгүй, намайг эхнэр хүүхэдтэй, тогтсон амьдралтай, төлөв түвшин хүн гэсэн бодолтой хэвэээрээ үлдэх жишээтэй. Би ч сэргэлэн золиг гэж өөрийгөө боддог л юм. Оройтсон, өөр газарт хоносныгоо эхнэртээ улсын маш их ажил, хэзээ ч дуусдаггүй хурал зөвлөгөөн, орон нутгийн томилолт гэх зэргээр зохиогоод ярьчихна. Бүр арга ядахад даргатайгаа саунд суулаа, ганц юм хувааж уулаа гэхэд нэг удаадаа аргалчихаж байгаа юм. За тэгээд хамгийн гол нь жолооч найдвартай амаа хамхидаг байхад л болно. Миний үйлдэж байгаа хамаг л бузар булай явдлуудын ганц гэрч шүү дээ.
Мэдээж улсын ажилд би нэг их тийм ач холбогдол, цаг хугацааг зарцуулаад байх нь утгагүй хэрэг. Би хичээлээ гээд энэ улс хөгжих ч үгүй, байх байдгаараа л байна. Зарим нэг зөвшөөрөл хүссэн энгийн иргэдийн хүсэлт ном журмаараа явбал, за нэлээн сайн хөөцөлдлөө гэхэд хоёр жил болох байх. Харин миний халаасанд хэдэн төгрөг шургуулчихсан байхад хоёр өдрийн дотор бүтнэ. Аан харин шазуур зуугаад үхэр тэргээр туулай гүйцнэ ээ гээд гүрийгээд байдаг гүргэр золигнуудыг харахлаараа миний хөх инээд хүрэн бичиг баримтыг нь шургуулганыхаа ёроолд хийгээд мартчихдаг юм. 
Яг үнэндээ би авилгалч, хахууль авагч этгээд. Нэг удаа настай эмгэн уулзахаар орж ирлээ. Газрын асуудал л байсан. Харин эмгэнд миний халаасанд шургуулах мөнгө, ухаан хоёр байсангүй. Тиймээс татвар, төлбөрөөр далайлгаж байгаад улайм цайм дээрэм хийн өөр хүмүүст зарж хэдэн төгрөгний хонжоотой ажиллав. Хөөрхий эмгэн юу болоод байгаа учрыг ч олж чадалгүй, төрсөн нутаг руугаа хүүхдүүд рүүгээ явж, хотод ямар ч газаргүй болж хоцорсон юм даа. Би ийм л өрөвдөх сэтгэлгүй, хүн чанаргүй, мөнгөнөөс өөр зүйл бодохоо больсон новш болсноо тэрний дараа л мэдэж билээ.
Сул орж ирэх энэ их мөнгө, миний хөдөлмөрөөр ч гэх юм уу бий болсон асар их мөнгийг зүгээр л хадгалаад байх нь утгагүй хэрэг. Тиймээс яаж зүгээр байх вэ, гадагшаа дотогшоо явж мөрийтэй тоглоно, наргина цэнгэнэ. Мөнгийг үрэн таран хийнэ. Брэндийн хувцас хэрэглэл, бэлэг сэлт, хүүхнүүдэд зарцуулна. Хэрэв мөрийтэй тоглоомонд өөрийн мөнгөө алдчихвал төсвийн хөрөнгөнөөс нөхчихнө, төслөөс цохино, надад хэзээ ч алдагдал байдаггүй байлаа. 
Ажлын цаг тарах дөхөж байна. Өнөөдрийг яаж зугаатайхан өнгөрөөх вэ гэж санаа гаргасан нь хэтэрч сүүлийн цаг гаруй дэмий юм бодож зогссон байна шүү. Нарийн бичиг хаалга тогшин орж ирлээ. Царай нь сандарсан шинжтэй харагдана. 
-Дарга аа, тантай уулзахаар хүмүүс ирлээ. 
-Би одоо завгүй байна. Маргааш ир гэж хэл.
-Үгүй ээ, яаралтай гэнэ.. гэж түгдрэн хэлж байтал хаалгыг онгойлгон өөр хүн орж ирлээ. Энгийн л хувцастай, хурц хараатай хүн юм. Төөнөх мэт харснаа,
-За ингэж таардаг юм байж. Би АТГ-с хэргийг чинь шалгаж байгаа хүн байна. 
-Ямар хэрэг билээ? Зөвшөөрлийн бичиг байна уу? гэж мэдэн будилах аядав.
-Төсвийн хэдэн тэрбум төгрөгийг үрэн таран хийсэн, хувьдаа завшсан, мөрийтэй тоглоомонд үрсэн, авилга хахууль авсан, өгсөн гээд олон хэрэг байна даа. Бас хүүхнүүдтэй явалдагч. 
Түүний сүүлийн үгийг сонсоод би цочирдов. 
-Юун хүүхэн энэ тэр вэ? Тэр чинь ямар хамаатай юм?
-Тэнэг минь би Баярмаагийн нөхөр байна. Санаж байна уу? 
Миний нүд харанхуйлаад ирлээ. Явалдсан хүүхнийхээ нөхөртэй улаан нүүрээрээ ингэж таарах чинь яасан ч эвгүй юм. Баярмааг санах гэж оролдсон ч тэрүүхэндээ тулгамдаад орж ирдэггүй. Ядаж байхад өөдөөс минь хорсол зэвүүцэл дүүрэн нүдээр ширтэн, болдогсон бол цохиод авчих юмсан гэж салганах нударгыг нь хараад хамгийн сүүлд хэзээ ийм байдалд орж байснаа ч мартаж орхисон байна. Царайчилсан харцнуудыг харсаар байгаад сурчихсан гэх үү дээ. Яг үнэндээ миний тэнгэрийн амьдрал ингээд л газарт унах юм шиг санагдах чинь.

No comments:

Post a Comment

“Цээнээ бид хоёр” өгүүллэг /шинэчлэн бичсэн/ Ц.Оюунбат

Алтан шар зам жирэлзэн өнгөрч тоосонд дарагдан хоцрох нь хүмүүн бид нарын амьдрал, дурсамж өнгөрсөнд үлдэхтэй эгээ л адил санагдана. Арха...