Sunday, November 5, 2017

“Морины хүүхэд” өгүүллэг


-Ээжээс чинь сураг гарахгүй хоёр жил болж байна. Энэ юу гэсэн үг гэдгийг мэдэх үү? гэж аав нь уусан нэг шил архиныхаа халуунд согтуурхан хэл амаа ээдрүүлснээ урдах намхан модон ширээг гараараа шаагаад авав. Ширээн дээр байсан хоосон архины шил, хэдэн аяга халбага, тамхины иш, хогтой үнсний сав тал тал тийшээ цацагдан гэрийн хоймрын харалдаа дэвсээтэй байдаг өнгөө алдсан хивсэнцэр дээгүүр хаа сайгүй цацагдах нь тэр. Энэ гэрийн эзэн Дорлиг өмнө нь ч архи дарсыг нэлээн хүртчихдэг байсан ч гэлээ сүүлийн хагас жил ёроолгүй ходоодтой юм шиг л гудардаг болжээ. Шалтгаан нь Солонгос улс руу хараар ажиллахаар явсан эхнэрээ ирэхгүй байгаагаас л болсон гэж өөрийгөө зөвтгөх ч, хоёр хүүгээ даанч хайхрахаа больсон нэгэн байлаа. Энэ жил тавдугаар ангид орсон том хүү Идэрээ согтуу аавынхаа хэрхэн агсамнаж байгааг байдаг л зүйл мэтээр харснаа аавынхаа гөлийж сүүмийсэн харцыг нэг харангуутаа л унтах тун дөхсөн байгааг нь ойлгоод авав. Ааваасаа айн орныхоо буланд дээлээ нөмрөн чөргөр өвдгөө тэврэн суух дүүгээ тайвшруулан аргадаж,
-Миний дүү битгий ай. Ах нь одоо аавыг унтуулчихна, за юу? гэж сөөсгөр үсийг нь илснээ, аавынхаа хажууд ойртон сууж -Аав. Одоо унт даа, та чинь маргааш ээлжтэй биз дээ? Эртхэн нь унтсан нь дээр байх шүү гэж хэлээд суганаас нь дэмнэн ор руу нь чиглүүлэх гэж зүтгэв.
-Та хоёр ч юугаа мэдэх вэ дээ, танай эх гэж нэг юм хоёр гурван жилийн өмнөөс нэг хар юмтай болсон сураг дуулдаад эхэлсэн. Би тэгэхэд та хоёрыг тэжээх гэж энд шар махтайгаа хатаж байхад тэр муу тэнд заваарч явж байсан байх нь гэснээ Дорлиг учиргүй уйлаад эхлэв. Согтуу хүний уйлах дуулах нь амархан байдгаас хойш энэ дүр зураг ч бас Идэрээ хүүд хэзээний танил болжээ. Тиймээс ч үргэлжлүүлэн гуйх аргадахыг хослуулсаар аавыгаа оронд нь унтуулж дөнгөв. Ундуй сундуй болсон гэр орон, бохир аяга тавагнууд, өнгө нь мэдэгдэхээ больсон хивсэнцэр зэргийг хараад Идэрээ аяархан сүүрс алдав. Урьд нь ээжийг байхад манайх арай ч ийм новширсон гахайн хороо шиг айл байгаагүй л юм даа гэж бодсоноо,
-Миний дүү хогоо шүүрдчих. Ах нь аяга тавгаа угаачихъя гэлээ.
-За ахаа гэснээ дүү нь год үсрэн бууж хогийн шүүр аван шороо тоосыг манартал шүүрдэж гарав. Харанхуй шөнө болж байгаа учраас тэр хоёр хурдхан шиг гэрээ цэвэрлэж унтахаар баруун талын орон дээр зэрэгцэн хэвтэцгээлээ.
-Ах аа, ээж гэртээ хэзээ ирэх бол? Би санаад байна.
-Мэдэхгүй байна аа, миний дүү. Ээжтэй утсаар яриагүй удсан байна.
-Яагаад бид нартай утсаар ярихгүй байгаа юм бэ? Түрүүн аавын яриад байсан хар юм гэдэг нь юу юм бэ? гэснээ дүү нь аяархан мэгшиж эхлэв.
-Битгий уйл даа Болдоо. Нэг л өдөр ээж хүрээд ирнэ. Тэгвэл аав архи уухаа болино. Үүнийг сонсоод дүү нь уйлахаа больжээ.
Энэ гэр бүлийн хувь заяа яах гээд байгаа нь мэдэгдэхгүй ийнхүү сүүлийн хэдхэн жилийн хугацаанд огцом өөрчлөгдсөн нь энэ. Өрх гэрийн хос багана нь гудайж, он цагийн тоосонд дарагдан гундаж, мартагдаж ахуйд найз нөхөд, ах дүү хамаатан садан нь ч тоохоо больчихсон байсан үе. Өрх гэрийн чимэг, авааль нөхрийнхөө найдвартай ар тал нь болж явах учиртай хоёр хүүгийн ээж ч, гэрийнхээ хамаг хүндийг үүрч явах учиртай Дорлиг ч учраа олохгүй мунгинасаар гурав дахь жилийн нүүрээ үзжээ. Энэ хугацаанд хоёр хүүгийн ээж ч утсаар ядаж ярьсангүй, Дорлиг ч сэтгэлээр бүрэн унаж гүйцэн, архинд өдөр өдрөөр нэвт донтсоор нэг ёсондоо архичин болсон байв.
Идэрээг нэг өдөр ангиас нь дуудуулав. Захирлын өрөө рүү дагуулж ороход яагаад ч юм хүүгийн дотор палхийн ямар хэрэг хийчихсэн билээ гэж санахыг оролдон байж суух газраа олж ядан сандал дээр суув. Харин захирлын хажууд цагдаагийн дүрэмт хувцастай нэг ах суух бөгөөд царайны байдлыг харвал их л нухацтай зүйл ярих гэж буй нь илт.
-Миний дүү наашаа суу даа. Чамайг Идэрээ гэдэг байх аа. Дүүг нь Болдоо гэдэг бил үү?
-Тийм ээ. Дүү гуравдугаар ангид сурдаг. Хичээл нь одоо тарж байгаа байх аа.
-Чамайг ах нь болохоор түрүүлж энэ муу мэдээг дуулгах хэрэгтэй гэж шийдсэн юм. Юу гэхээр аав чинь нас барчихсан байна. Өглөөгүүр дуудлага ирсний дагуу очиж үзэхэд гудамжинд гадны нөлөөгүй өнгөрсөн байна. Миний дүү сэтгэлээ тайван байлгадаг юм шүү.
Үүнийг сонсоод Идэрээ юу ч дуугарсангүй, хуруугаа байдгаар нь атган гутлынхаа хоншоорыг харан сууна. Нүдэнд нь нулимс цийлэгнэж ирсэн ч шүд зуун тэсвэрлэж, дотогш нь залгилав. Захирал руу хандан,
-Энэ хүүгийн өөр ойр дотны хүмүүс байгаа юу?
-Би багштай нь уулзаж ярилцсан. Ээж нь Солонгост ажилладаг сурагтай, гэхдээ бараг холбоогүй байдаг юм шиг байна лээ.
-Өө тэгвэл бараг бүтэн өнчирч байгаа хүүхдүүд юм биш үү?
Энэ яриаг сонсоод Идэрээгийн бяцхан биенд гэнэт уурын гал дүрэлзэж ассан бололтой, аав нь нэгэнт байхгүй болчихоод, уй гашуу тохиолдож байхад энэ том хүмүүс юу ч болоогүй юм шиг ярьж байгаад дургүй нь гэнэт хүрчээ.
-Би өнчин биш, миний дүү ч бас өнчин биш, за юу! гэчихээд захирлын өрөөнөөс хамаг хурдаараа гүйн гарав. Замаараа дүүгийнхээ ангийн хаалгыг нээн –Болдоо нааш ир, явъя гээд дүүгээ хөтлөн сургуулиас гэр рүүгээ гүйцгээв. Юу болоод байгааг ойлгохгүй, элдэв зүйл асуун шалгах дүүгийнхээ асуултуудад төвөгшөөн юм ч дуугарсангүй. Харин дотроо бол түрүүний хүмүүс худал хэлсэн байгаасай, гэртээ ороход аав минь согтуу ч гэсэн, тасраад хэвтчихсэн ч бай хамаагүй орон дээрээ сууж байгаасай гэж тэсгэлгүй их хүсч байв. Хоёр жаал хамаг хурдаараа гүйсэн тул төд удалгүй гэртээ орж ирцгээхэд, ханхай хоосон хөндий гэр хүйтэн жавартай цуг угтан авав. Аав нь гэртээ ирчихсэн байхдаа хоолоо хийгээд гал түлчихсэн байдагсан. Гэвч харамсалтай нь тийм зүйл болсонгүй. Хоёр цаг хүлээсэн ч аав нь ирсэнгүй. Харин оронд нь сургууль дээр нь очиж уулзсан цагдаа ах ирэн цугтаа эмнэлэг рүү явцгаалаа. Моргийн үүдэнд дүүг нь үлдээн хүйтэн зоорь шиг өрөөнд Идэрээг дагуулан орж, төмөр тавцан дээр хэвтүүлсэн хүний биен дээр нүүрэн хэсгийн даавууг сөхөж харуулав. Магнай дээрээ хэдхэн үрчлээтэй аавынх нь бор царай одоо бол хөх туяатай зэвхий цагаан болсон харагдана. Уруул нь цусгүй болсон мэт цайран харагдахад Идэрээ аажуухан очиж чичирхийлсэн гараараа хацранд нь хүрээд цэл хүйтэн байхуйд давхийн цочив. Гэхдээ танихгүй хоёр хүний хажууд уйлж шившгээ тарихгүй гэж бат шийдсэн байсан тул биеэ байдгаар нь барин уруулаа хүйтэн духанд нь хүргэн үнсэв.
-За гаръя даа, миний дүү. Энэ үгийг сонсоод хүү гарах хаалга руу чиглэн явахдаа байн байн эргэн харж эмнэлгийн ажилтан хэрхэн төмөр тавцантай дугуйтай орыг түлхэн цаад өрөө рүү оруулж байгааг харж байв. Гарахад дүү нь өөдөөс нь угтаж, юу болсон бэ гэж гайхан асуув. Дүүгийнхээ асуултанд хариулах ч сөхөө байсангүй, хажуугаар нь гарахдаа гараас нь хөтлөн яахаа мэдэхгүй зогсоно.
Хавь ойрын аавынх нь найз нөхөд, хамаатан садны хүмүүсийн хүчээр ажил явдал ч болоод өнгөрч, дүү нь хэд хоног уйлсны улмаас нүд нь байдгаараа бөлцийжээ. Харин Идэрээ энэ хугацаанд шал өөр хүн шиг болсон байв. Урьдны хөгжилтэй сэргэлэн, илэн далангүй яриатай хүү биш, дотогшоогоо дуугаа хураасан, байнга л юм бодсон, хааяа ганц нэг юм ярихдаа дэл сул үг ер унагахгүй болсон байв. Ээжтэй нь холбоо барьж чадахгүй байгаагаас хойш хоёр хүүг цаашдаа хэн харж хандаж байх вэ гэдэг талаарх яриа хамаатнуудын дунд хэсэг хүчтэй өрнөсөөр байв. Яг ойр дотны төрөл садан байхгүйгээс ч тэр үү, манайх энэ хоёр хүүхдийг хүн болгоно оо гэж зоригтой хэлчих хүн гарсангүй, дэмий л бие биенийхээ амыг харан ихэнх нь газар ширтэцгээн Идэрээгийн нүд рүү харчих хүн олдохгүй байгаа юм шиг түүнд санагдаж байв. Ядаж ээж минь байсан бол, биднийг орхиж одоогүй бол ийм юм тохиолдохгүй ч байсан юм бил үү гэж хэсэг бодно. Ирсэн хүмүүс ч тарж эхэлцгээн оройхон тийшээ умгар гэртээ дүүтэйгээ хоёулхнаа үлджээ. Маргаашнаас юу хийх, яаж амьдрах ёстойгоо ч мэдэхгүй нь даанч гачлантай.
Ийнхүү хэд хоногийн дараа хичээлээсээ ирэхэд хашааных нь гадаа нэг портер зогсоочихсон, гэрийнх нь хамаг л эд хогшлыг ачаад эхэлчихсэн, гурван хүн дөрвөн ханат гэрийг нь буулгаж байв. Тэдний нэг нь,
-Өө ашгүй миний дүү нар ирчихээ юу? Ахыгаа таньж байгаа биз дээ аавын чинь хамаатны Дэнзэн гэдэг хүн байна.
-Ах аа, би таныг нэг л танихгүй байна л даа. . гэж Идэрээ дуу султайхан түгдрэн хэлэхэд,
-Аргагүй ээ, чамайг бүр жаахан байхад би гэрт чинь нэг ирж байсан юм. Аав чинь одоо нэгэнт байхгүйгээс хойш ахтайгаа цуг хөдөө амьдар. Шилжүүлэг, сургуулийн асуудлыг ах чинь зохицуулчихна. За манайхаан хурдхан шиг ачаалчихаад эртхэн газар дөхсөн нь дээр байх шүү. Зам муухайг надаар хэлүүлэлтгүйг мэдэж байгаа биз дээ?
-Ах аа, тэгээд бид хоёроос асуухгүйгээр ингээд шийдчихэж байгаа юм уу?
-Аан, хамаатан саднууд чинь ярьж хөөрч байгаад л ингэж шийдлээ ш дээ, хөдөө ахынхаа дэргэд байсан нь дээр ээ. Манайх учиргүй баян биш ч гэлээ, тогоогоо тосолчих хонь малтай, уячих хурдан удмын адуун сүрэгтэй, сүүг нь саагаад уучих хэдэн үхэртэй. Тэгэхээр болж л байгаа биз дээ? Манайх хүн бүл цөөтэй, заримдаа ажлаа хүчирдэггүй юм. Тэгээд харин та хоёр ашгүй . . гэснээ яриандаа халсан Дэнзэн түгдрэн амаа хамхив.
Идэрээ Болдоо хоёр учрыг нь сайн олсонгүй ч гэсэн хамаатны ахын үгийг даган хөдөө амьдрахаар болжээ гэдгээ л нэг бүүр түүрхэн мэдэж авав. Цагийн дараа гэхэд гэр хогшлыг нь тэвхийтэл нь аччихаад портерын кабиндаа бөөнөөрөө суун тэдний өмнө нь хэзээ ч зүглэж байгаагүй газар руу чиглэв. Зам их муутай бөгөөд оройжин, шөнийн хагас шувтан сэгсчүүлэн давхисаар байв. Шөнө дундаас хойш хоёр жаалын нойр хүрч унтаад өгчээ. Харин үүрээр машин нэгэн айлын гадаа зогсох үед Идэрээ сэрэв. Машинаас буун эргэн тойрноо харахад өндөр уулс, ой модтой, бяцхан горхи бүхий сайхан байгалтай газар юм. Харин хамаатны ах Дэнзэн болон жаахан дүү нь машинд байсангүй, гэр ачаалж байсан хоёр танихгүй ах л үлдсэн байв.
-Дэнзэн ах, Болдоо хоёр яасан юм бол ах аа? гэж нэгнээс нь царайчлан асуухад,
-Дүүг чинь Дэнзэн ах чинь гэртээ амьдруулах болно. Чи харин манайд амьдрах юм гэж цүдгэр гэдэстэй хүрэн бор царайтай хүн хэллээ.
-Би дүүтэйгээ хамт баймаар байна ш дээ, яагаад бид хоёрт юу ч хэлээгүй юм бэ?
-Та хоёр чинь сэрэх шинжгүй унтаж байсан болохоор сэрээж түвдсэнгүй. Гэхдээ хэд хоногоос тэднийхээр айлчлахдаа чамайг дүүтэй чинь уулзуулна гайгүй.
-Таныг хэн гэдэг юм бэ? Манай хамаатан юм уу?
-Үгүй дээ, би чиний хамаатны ах биш, намайг Чулуун гэдэг. Дэнзэнгийн нутгийн хүн, за хэдүүлээ гэрийг чинь амбаарт хураана аа. Тэгэхгүй бол борооны усанд норчихвол үнэр танар ороод дэмий юм болно.
Гэрээс өөр хүмүүс гарч ирсэн учраас портерыг дор нь суллаж орхиод жолоочид нь Чулуун хэдэн төгрөг өгөөд явуулж байгаа харагдав.
Ийнхүү Идэрээ энэ айлын тогоог өнгийж, ойр зуурын ажилд зарагдан ус түлээ дөхүүлэн, аргал түүж, хонь ямаа хариулан өдрийг бардаг болжээ. Хэдхэн хоногийн дараа хамаатны Дэнзэн ахынх руу аваачин Болдоотой уулзуулна гэснээ Чулуун ч мартчихсан бололтой таг чиг байх аж. Энэ гэрээс Чулууны эхнэр болох дээлнээсээ байнга л сүү саальны үнэр ханхлуулсан эгч л Идэрээд арай ойр дотно хандаж хоол ундыг нь зэхэж тавин, уранхай цоорхойг нь нөхөж өгдөг билээ. Саахалт айлын хүүхдээс сураг сонсоход Чулууных ганцхан охинтой бөгөөд аль хэдийн ахлах ангид орчихсон аймгийн төвд байдаг сурагтай. Чулууны бага эрэгтэй дүү ахдаа хамжилцан адуу малыг нь цуг хариулна. Нэг өдөр Идэрээ хонио хариулж явахдаа бэлчээрт унтчихсанаас болоод хээрийн боохой хэд гурван хонийг нь барьж хэмлэн нударчихсанаас болж тэр оройдоо Чулуунд нуруу руугаа нэлээн хэд гүвдрүү болтлоо ороолгуулж авав. Ороолгох болгондоо –Дахиад чи хонинд явахдаа унтаад үзээрэй гэж Чулуун заналтай нь аргагүй хэлж байсан юм даг. Харин Идэрээ доголон нулистайгаар гомдсондоо гэрийн ар талын сүүдэрт сар гартал сууж, эцэст нь айлын эзэгтэй гарч ирж аргадан унтуулжээ. Хоног өдрүүд өнгөрсөөр нэг л мэдэхэд гурван сар өнгөрч зуны дэлгэр цаг ирэв. Энэ хугацаанд Идэрээ Чулуунаас дүүтэйгээ очиж уулзъя гэж олон удаа гуйж гувшсан ч нөгөөх нь хоймрын орон дээрээ ялхайтал хэвтчихээд төвөгшөөсөндөө буруу харж хэвтэн заримдаа толгой дээгүүрээ хөнжлөө нөмрөөд хэвтээд өгөх нь уур хүрмээр санагдана. Дүүгээ яаж байгаа бол, ганцаархнаа хэцүүдэж байгаа байх даа гэж бодохоос хүүгийн дотор бачуурч бэлчээрт байхдаа чангаар хашгирах бөгөөд тэр болгонд ойр хавийнх нь хэдэн мал түүн рүү сониучирхан нэг харснаа дахин халиуран ургасан өвс рүү толгойгоо шигтгээд авна.
Сумын наадам болох дөхжээ. Чулуун яаж зүгээр байх вэ, бас ч гэж морь уядаг сонирхдог юм гэсэндээ нэг хязаалан, нэг их насны морь уяж эхлэв. Унах хүүхэд хот айлд ховор байсан учраас их насны морио Идэрээгээр унуулахаар болжээ. Хотод байхдаа нэгээхэн ч морин дээр мордож үзээгүй байсан хүү хөдөө ирснээсээ хойш ойр зуур мориор явдаг болчихсон байв. Харин хурдны морь унаж үзээгүй учраас бага зэрэг айдастай байсан ч гэрийн эзнээс айсандаа юу ч хэлсэнгүй, үгэнд нь оржээ. Сунгаан дээр зайдан мориноос нэг удаа унаж, золтой л тархи толгойгоо хагалчихсангүй, ашгүй гайгүй өнгөрлөө гэж бодож байтал Чулуун тээр тэндээс мотоциклоороо тоос шороо манарган давхиж ирээд хүүг зодох гээд улайраад хөөчихөв. Учир нь хурдны морийг нь унаж яваад эвгүй бүдрүүлэн гэмтээх шахсанд нь, бас уралдаанд оролцох гэж байж мориноосоо уналаа, нутаг усныхны өмнө нүүр түлж түмний шившиг болгох гээ юу хэмээн цамнаж гарчээ. Түүнийг мөн л урдын адил хэд хэд ороолгоод автал хүү харин энэ удаад шазуур зуун юу ч дуугарсангүй. Харин энэ байдал нь Чулуунд огтхон ч таалагдсангүй, шазруун гүргэр энэ хүүг шалд нь хүртэл буулгаж аван чих зөөлөнтэй, хүний үгнээс гардаггүй болгоно оо чамайг хэмээн дотроо занаж үлджээ. Нэг найз нь харин тааралдаж гэртээ цуг очин даалуу тоглоё гэхлээр нь аргагүйн эрхэнд хүүг үлдээгээд явжээ. Явахдаа харин наад морио аятайхан шиг унаад гэртээ очоорой, үлийн цагааны нүхэнд бүдрүүлэв гэх зэргээр захиж захиж явав. Орой нь унтахаар хэвтсэнийхээ дараа дүү Болдоогоо учиргүй их санаж үгүйлэн, хажууд жаахан дүү минь байсан ч болоосой, хэзээ бид хоёрыг уулзуулах юм бол доо, Дэнзэн ах ирэхгүй юм байх даа гэх зэргээр шөнө дунд хүртэл бодож, эргэж хөрвөөсөөр арай гэж унтжээ.
Хэдхэн хоногийн дараа сумын наадам эхлэхэд бэлэн болжээ. Анх удаа сумын наадам үзэж байгаа Идэрээд юм бүхэн л сонин сайхан байлаа. Гоё ганган дээлээ өмссөн залуучууд хүүхнүүд, мотоцикл, морьтой, явганаар наадмын талбайд нааш цааш холхилдон, хуушуур айраг эргүүлцгээх бөгөөд бөх барилдах бөхчүүд ам авцгаан асрын өмнө таахалзан зогсоцгооно.
-Ах аа, ах аа хэмээн танил дууг сонсонгуутаа Идэрээ өөрийн эрхгүй зүг бүр харан дүүгээ хайж эхлэв. Тэр зөв сонссон байжээ. Хэдэн сар хараагүй Болдоо дүү нь анх хотод байснаасаа хамаагүй борлож сайртан морь унаач хүүхдийн өмсгөл, малгай зэргийг өмссөн байх бөгөөд баярласандаа ахынхаа зүг хамаг хурдаараа чавхдан харайж ирэв.
-Та бас морь унах юм уу хэмээн тэврэх агшиндаа дүү нь хэлээд баярлан хөөрч ахынхаа гараас хөтлөв.
-Тийм ээ, ах нь бас морь унана. Миний дүү хэзээ морь унаж сурав?
-Сар гаран болж байна. Анх уначих гээд их эвгүй байсан, одоо бол сурчихсан л даа. Тэгээд ч унавал Дэнзэн ах загнадаг хэмээн Болдоо арагшаагаа яриаг нь хүн сонсчихоогүй байгаа хэмээн бултгасхийн сэмээрхэн харлаа. Дэнзэн ч араас маадгар алхлан хүрч ирээд Чулуунтай хэдэн үг сольж эхэллээ. Томчуудын яриа хүүхдүүдэд сонин байсангүй. Өмнө нь ийм удаан тусдаа байж үзээгүй хүүхдүүдийг ч хэлэх үү, бие биеэ сониучирхан харцгаан нүүр дүүрэн инээмсэглэцгээнэ. Чулууны эхнэрийн хуушуур авч идээрэй гэж өгсөн хэдэн төгрөгөө халаасандаа тэмтэрч үзэн Идэрээ –Миний дүү өлсөж байна уу, ах нь хуушуур авч өгье хэмээн ойрхон байрлах асрын зүг дүүгээ дагуулан явав. Хоёр хоёр хуушуур идчихээд ундаа уун зогсож байтал Чулуун Дэнзэн хоёр ч ирэн,
-За уралдаан эхлэх болчихлоо. Тэгэхээр Идэрээ гараанаас гарангуутаа морио шууд хамаг хурдаар нь харайлгаад байж болохгүй, аяндаа замын дунд хэрд баруун талд чинь хадтай цохио харагдаад эхлэнэ. Тэр үеэс нилээн давхиулаад өгөөрэй. Ах нь чамайг бариан дээр хүлээж байя гэж Чулуун хэлэв.
-Болдоог хөнгөн жинтэйд нь би олзуурхаад байгаа юм гэж Дэнзэн хэлснээ, үргэлжлүүлэн –Өглөө ахынхаа хэлснийг алдалгүй дагахад л болно. Ахынх нь найз сумын иргэдийн төлөөлөгч байгаа юм. Машин нь суугаад би чамайг дагах болно оо гэв.
Гараа руу хоёр хүү зэрэгцэн морио гэлдрүүлэхдээ ойр зуурын юм ярина.
-Нээрээ Дэнзэн ах манай хамаатны ах биш юм шиг байна лээ гэж Болдоо гэнэт ярив.
-Дэнзэн ахын саахалт айлын хүү намайг хотоос ирсэн төөрсөн гөлөг гэж хочлоод байсан. Тэгээд би тэрнийг ганц сайн болгоод өгье гэсэн чинь ах нь гарч ирээд намайг нийлээд зодчихсон. Таныг би зөндөө санасан агаа хэмээн Болдоо ярина.
-Ах нь бас дүүгээ зөндөө их санасан. Дэнзэн ахынх хаагуур нутаглаж байгаа юм?
-Бор толгой гэдэг газар байгаа, эндээс гучаад километр гэж байсан.
-За тэгвэл ах нь маргааш оргоод ч хамаагүй нэг морийг нь унаад дүү дээрээ очно оо. Тэгээд цугтаа сумын төв ороод замын унаанд суун хот руугаа буцъя, за юу?
-Ах аа, хоёуланд очих гэр орон байхгүй юм чинь эндээ байж байсан нь дээр юм биш үү? Ээж угаасаа ирэхгүй юм чинь гээд Болдоо гэнэт доошоо харан эхэр татан уйлж эхлэв.
Дүүгийнхээ уйлахыг хараад Идэрээ дахиж юм ярьж чадсангүй. Хий л дэмий аргадан тайвшруулсаар гарааны газар очицгоов. Тавь жаран адуу, бас хориод тооны жип машинууд дагахаар байрлалаа эзлэн зогсоцгоожээ. Гарааны хаалтын ард уралдах морьд хүүхдүүдийг эгнүүлэн жагсаахдаа ах дүү хоёрыг нэлээн хол байрлуулав. Тиймээс Идэрээ дүүгийнхээ унасан саарал морийг хэчнээн хайвч олж харж чадахгүй л байлаа.
Уралдаан эхэллээ. Хэсэг зуурын шахцалдаан, тоос шороо, дуу шуугиан дундуур Идэрээ арай гэж урдах замаа харж хэсэг давхив. Арваад минутын дараа гэхэд зам арай сийрэг болж, унаач хүүхдүүд морьдтойгоо хэсэг хэсгээрээ бүлэг болон тасарч эхлэв. Дүүгээ хэчнээн хайн ийш тийшээ харсан ч бараа нь харагдахгүй л байлаа. Саарал морь хурдтай адуу учраас нэлээн тасарч урагшилсан бололтой.
Замынхаа дунд хэрээс Болдоо мориндоо ташуур нэмэн улам хурдлуулахаар оролдож эхлэв. Түүний өмнө ганцхан л хурдан морьтой хүүхэд давхих бөгөөд байн байн эргэж харан ташуураа баруун зүүн тийш шавхуурдаж байгааг харж болохоор байв. Гэнэт хажуугаас нь Дэнзэн ахынх нь хашгирах дуун сонсогдов. –Жолоогоо бага зэрэг сулруул, замынхаа зүүн талыг барьж яв гэсэн хэдэн зөвлөгөөнүүд хэлжээ. Болдоо ч зааврыг нь даган бага зэрэг зүүн талаа барьж давхиулна. Жипний жолооч энэ үед хурдаа нэмэн гүйцэх үед дугуйнд нь багавтархан чулуу морины зүг шидэгдэн онохтой зэрэгцэн саарал адуу гэнэт бусгаж орхижээ. Болдоо өөрийн эрхгүй барьц алдан газар руу толгойгоороо шидэгдэв. Саарал адуу бусгасан чигтээ цаашаа сум шиг хурдлан одохыг Болдоо бүүр түүрхэн харж байтал дараагийн хэсэг хурдан морьд дээгүүр нь шунгинан орж ирэхийг хальт харах шиг болжээ..
Идэрээгийн унасан морь замын дундаас цааш илт сууж эхлэв. Хэчнээн ташуурдаад ч, давираад ч нэмэр байсангүй. Тиймээс аажуухан гэлдрүүлсээр барианд арай гэж нэг юм оров. Олон түмний ярианаас хоёрт орж ирсэн саарал морь хүүхэдгүй орж ирсэн гэдгийг дуулав. Дүүгээ хэчнээн хайсан ч хүмүүсийн дунд алга. Тиймээс хурдхан явъя гэж оролдсон Чулууны гараас мултран гүйж тэртээ хол зогсох эмнэлгийн машин руу гүйлээ. Хоёр эмч машин руу дамнуурган дээр цаашаа хараад хэвтсэн хүүхдийг дамжлан оруулж байв. Гүйцэн ирж царайг нь хартал цус нөж, шороонд хутгалдсан Болдоогийн бор царай байгааг шуудхан танилаа. Идэрээ шуудхан машинд цуг суух гэтэл эмч дургүйцэн, -Юун хүүхэд вэ? гэхэд, ээрч түгдрэн,
-Би ах нь байгаа юм аа. Эмч нэг зүйл хэлэх гэснээ больж түүнийг дүүтэйгээ цуг байхыг зөвшөөрлөө. Сумын эмнэлгийн машин наадмын талбайгаас аажуухан холдож байгааг Чулуун, Дэнзэн хоёр харсаар үлдэв.
Нэг сарын дараа эрүүл мэндийн төвийн хүүхдийн тасгийн орны харалдаа Идэрээ сууж байв. Өрөөн дотор зургаан ор байх бөгөөд бусад өвчтөнүүд нь цахим тоглоомонд донтсон хүүхдүүд юм. Харин Болдоо орон дээрээ цомцойн сууж цонхны цаана унжих модны мөчрийг нүд салгалгүй ширтэнэ. Түүний толгойны боолтыг хоёр хоногийн өмнө авсан бөгөөд тархины хүнд гэмтэл авсан байжээ. Орных нь хажууд суух ах нь их л гунигтай байх бөгөөд нэг гараараа дүүгийнхээ гарнаас тас атгасан харагдана. Тасагт Идэрээг дүүтэй нь хариуцаж буй нийгмийн ажилтан эгч орж ирээд баяртай нь аргагүй,
-Идэрээ миний дүү ээжтэйгээ яриарай. Бид нар уйгагүй хөөцөлдсөний эцэст утасных нь дугаарыг авч чадсан шүү гээд гар утсаа түүн рүү сарвайв.
-Байна уу, ээж үү. Бид хоёр эмнэлэг дээр байна аа. Аан, хэзээ ирэх юм бэ? гэснээ Идэрээ хэсэг чимээгүй болов. Ээжийнхээ яриаг сонсоод суугаад л байв. Хоёр гурван минутын эцэст түүний нуруу чичигнэн хөдөлж эхлэв. Нүднээс нь том дусал хацрыг нь даган урсаж эхэллээ. Эцэст нь гэнэтхэн л яриаг нь тасалж,
-Та яагаад энэ олон жил бид нарыг хэл чимээгүй орхиж явсан юм бэ? Яагаад утсаар ярьчихаж болоогүй юм? Аав өнгөрөхөд та хаана байсан юм, дүү ийм болчихсон байхад та хаана байсан юм? Дүү хэзээ ч дахиж урьдынх шигээ болохгүй гэсэн. Үүрд энэ чигээрээ үлдэнэ гэж Идэрээ нэгэн амьсгаагаар бүгдийг хэлж орхиод хариу хүлээсэн ч үгүй гар утсыг эзэнд нь буцааж өгөөд нулимсаа асгаруулж эхлэв. Түүнд одоо энэ өрөөнд ичээд байх хүн нэгээхэн ч байсангүй, тиймээс уйлж байгаа дуу нь улам бүр ихсэн олон жилийн цөхрөл гунигаа нэгмөсөн гаргахыг хичээх мэт санагдана. Нийгмийн ажилтан эгч түүнийг тайвшруулах гэж оролдох бөгөөд харин орон дээр сууж байсан Болдоо модны мөчрүүдээс харцаа салган тэднийг харангуутаа гэнэт тачигнатал хөхөрч гарав.
Эмнэлгийн коридорт хүүхдийн уйлах, инээж хөхрөх чимээ зэрэгцэн сонсогдож сэтгэл дотор нэг л хачин мэдрэмжийг төрүүлэх ажээ.

No comments:

Post a Comment

“Цээнээ бид хоёр” өгүүллэг /шинэчлэн бичсэн/ Ц.Оюунбат

Алтан шар зам жирэлзэн өнгөрч тоосонд дарагдан хоцрох нь хүмүүн бид нарын амьдрал, дурсамж өнгөрсөнд үлдэхтэй эгээ л адил санагдана. Арха...