Monday, October 5, 2015

"Амьд Үлдэгсэд" зөгнөлт триллер зохиол 2-р хэсэг


1. Шинэ гэр

Тулгаа худгаас ус аван савнуудаа дүүргэнгээ сар гаруйн өмнө болсон явдлыг бодож зогсоно. Эгчийгээ алдсанаас хойш нэг сар өнгөрч, тэд харин шинэ гэртээ ирээд дасч эхэлж байлаа. Тэд том эдлэн газар бүхий зуслангийн тансаг байшинг шинэ гэрээрээ сонгожээ. 2 давхар бүхий энэ байшинд цагтаа манай улсын нэртэй улстөрч бизнесмэн амьдардаг байсан. Харин одоо тэдний гэр. Баяраа ТЕГ-т ороод удаагүй байхдаа энэ хүнийд ирж байхдаа байшингийн загвар, дотоод заслыг гайхан алмайрч байж билээ. Тиймээс ч Сувдааг эцсийн замд нь үдэж байхдаа хамгийн түрүүнд энэ байшин санаанд нь орж ирсэн. Харин эзэд нь усанд хаясан чулуу шиг л алга болжээ. Энэ байшин зуслангийн замаар хойшоо чиглэн Санзай руу хүрэх замд байдаг. Эдлэн газрыг залгуулаад сүрлэг ой модтой, хашаан дотроо сайхан тунгалаг, шүд ташим хүйтнээрээ байх худгийн устай. Ганц гэм нь хашаанууд хэтэрхий намхан учраас ямар ч зомби төвөггүйхэн ороод ирэхээр аж. Гэхдээ энэ хавьд зомби бараг харагдахгүй, хааяахан тэдний хашааны хажуугаар гарч ирэх ганц нэг зомбиг эрчүүдийн аль нэг нь тааралдсан газар нь устган хол аваачиж гүнзгий нүхэнд хаядаг байлаа. Хоёр бүсгүй харин гэр доторхоо янзалж цэвэрлэх, хоол ундаа бэлдэх, хувцас хунараа угаах ажлуудыг хийнэ. Тулгаагийн зан ааш сүүлийн сард их өөрчлөгдөж, бага зэрэг харгис ширүүн болсон мэт Хуланд санагдан санаа нь зовнино. Зомбинуудыг алахдаа аль болох тарчлааж удаанаар алахыг бодох авч угаасаа зомбинууд өвдөлт мэдэрдэггүй учраас энэ арга нь үр дүнгүй байлаа. Хулан санаа нь зовохдоо Баяраад хэлсэн боловч тэр ч бас тоосонгүй. Тэгж байгаад гайгүй болчих биз л гэж Баяраа хэлэв. Аав охин хоёр тэд нарт сүрхий дасч нэг гэр бүл шиг л болсон боловч Болороо Тулгаагаас нэг л зүрхшээгээд байдаг байв. Болороо одоо санахад явган хүний хаалгыг тэр өөрөө түгжихдээ, цоожийг нь дутуу түгжсэн болж таарчээ. Гэхдээ энэ талаар хэнд ч хэлсэнгүй. Тулгаа ч бас түүнтэй аль болох тааралдахгүй мөн их яриа өрнүүлдэггүй байлаа.  Харин Болороо Баярааг сүүлийн үед арай л өөр нүдээр хардаг болжээ. Баяраагийн гүндүүгүй, олон таван үггүй, шийдэмгий зан чанар, бас ширүүн боловч царайлаг хөрслөг бор царай, зузаан булчинлаг биеийг нь эмэгтэй хүний нүдээр нууцаар шохоорхон харах нь олширчээ. Харин Баяраа урьдын адил өөрийнхөөрөө л авирлаж, түүнийг анзаарах ч сөхөөгүй, эргэн тойрныхоо хүмүүсийн аюулгүй байдал, цаашдаа хэрхэн амьдрах тал дээр л байнга санаа тавин бодол болно. Удахгүй өвөл болно. Тэр хүртэл өвлийн турш түлэх түлээ нүүрс, идэш хоол нөөцлөх хэрэгтэй байдаг. Ийшээ ирэх гэж тэд одоо бодоход амаргүй давааг туулж ирсэн. Яалт ч үгүй хот дундуур явсаар байгаад л ийшээ иржээ. Долдугаар сард анх Яармагаас наашаа хөдлөхөд замд нь хаягдсан машинуудаас бензин олох, хааяахан замд нь таарах замын түгжрээ машинуудыг нааш нь цааш нь чирэх, түлхэх зэргээр зайчилсаар энд ирсэн. Замд нь хоёр ч удаа сүрэг зомбинууд тэд нар руу дайрч билээ. Эхнийх нь Баянбүрдийн уулзварын хавьцаа машинуудын дундуур аажуухан сүлжин явж байхад тал талаас нь гэнэт гарч ирэн аюул болохоо дөхжээ. Тэд машинуудаа унтраан суудал руугаа шигдэн сууж, тэднийг өнгөрөөсөн. Явж өнгөрснийх нь дараа санаа нь амарцгаан аялалаа цааш үргэлжлүүлжээ. Харин дараа нь Долоон буудал дээр яалт ч үгүй машинууд замыг нь бөглөн зогссоныг Итгэл, Тулгаа хоёр хамжин чирэхийг нь чирж, түлхэхийг нь түлхэн холдуулж байтал машин дотроос нэгэн зомби гарч ирэн Итгэлийг цочоогоод авчээ. Итгэл тэр үед машиных нь хаалгыг онгойлгон жолооноос нь барин урагш нь түрж байтал хойд талын суудлаас гэнэт гараад ирэхэд цочсондоо сигнал дуугаргаж орхисон. Харин дараа нь түрэхээ зогсоон хараалаа урсган шууд л арын хаалгыг онгойлгож, толгой руу нь ангийн балиус хутгаа зоожээ. Гэвч сигнал дуугарсны дараа тэдний энд тэндээс олон зомбинууд хэд хэдээрээ гараад иржээ. Энэ үед Баяраа эхлээд ганц нэгээр нь сэлмээрээ толгойг нь цавчин унагаж, бусад нь замын бөглөөс машинуудыг чадлаараа хурдлан холдуулж байсан боловч зам ахиж өгөхгүй л байж. Дараа нь Баяраа дээр Тулгаа нэмэгдэн, ирсэн хэдийг нь сүхээр зоож газар унагаж эхэлжээ. Гэвч сүүл рүүгээ тэдэн рүү ирэх зомбинууд улам олон болсон учраас сэлэм, сүхтэй хоёрхон хүн хүчрэхгүй болж иржээ. Гучаад минутын дараа машинуудын ихэнхийг холдуулан, арваадхан машин замыг нь бөглөн хоцорчээ. Баяраа нэг эргэж харан машинууд цөөрснийг харан автоматаараа галлаж эхлэв. Буудах тусам л энд тэндээс гарч ирэх зомбинууд нэмэгдсээр, Тулгаа  ч бас гар буугаараа ганц нэгээр нь буудаж эхлэв. Машин өнгөрөх зайтай болонгуут Итгэл тэр хоёрыг дуудан явцгаая гэхэд машин машин руугаа яаравчлан сууж зуслангийн замаар хурдлан давхижээ. Ард нь харин буун дуунаар цугларсан багшралдсан зомбинууд язганан хоцрох нь толинд харагджээ. Баяраа түрүүлж замчлан жолоодсоор шинэ гэртээ ирэхэд хашааны болон байшингийн хаалга цоожтой байсныг эвтэйхэн эвдэж онгойлгоод доторхыг шалгахад хэн нэгэн байсангүй, харин ч тавилга сэлт эд хогшил нь хэвэндээ тоосонд дарагдаастай үлдсэн байжээ. Тэд гэр рүү өөрсдийнхөө эд хогшлыг зөөж,дээд давхарт байрлах том унтлагын өрөөнд аав охин хоёр, жижг өрөөнд Тулгаа найз охинтойгоо, харин доор байрлах зочны өрөөнд Баяраа хонодог болов. Тэд хашаандаа худаг байсанд хамгийн ихээр баярлажээ. Ядаж л уух усаар тасрахгүй. Ирснийхээ маргаашнаас нь ойр хавийн байшингуудыг самнан идэж уух, хүнсний зүйлүүдийг цуглуулж эхлэв. Энэ үед нэг асуудал гарч ирсэн нь Баяраагийн бууны сум үндсэндээ дуусах тун дөхжээ. Сумнуудаа тоолоход автомат буунд нь гучин нэг, гар буунуудад нийлээд хорин таван сум үлджээ. Байшингийн гарашт байсан багажнуудыг ашиглан хашаагаа тойруулах урт шорнууд бэлдэж эхэллээ. Энэ нь зомбинуудыг бага ч болтугай саатуулна гэж тооцов. Заримдаа тэд бөөнөөрөө ой руу орон жимс, мөөг түүн хоолондоо нэмэрлэнэ. Харин өвлийг махгүйгээр угтах нь л хэцүү даваа шиг хэн хэнд нь санагдаж байлаа. Гэхдээ зун дуусах яагаа ч үгүй, өвөл болтол хаа ч байсан юм хэмээн өөрсдийгөө тайвшруулна. Наймдугаар сар зэврүүхэн болж байлаа. Бороо их орсноос зуны өдрүүд сэрүүхэн үргэлжлэнэ. Ийм өдрүүдэд тэд ихэнхдээ гэртээ бүгж, хөзөр тоглох эсвэл онигоо ярьж цашийг өнгөрөөх аж. Итгэл тэдэн дунд хамгийн хөгжилтэй, их онигоо мэддэг нь болж таарав. Баярааг нэг удаа мэддэг хоёр онигоогоо ярихад Болороогоос өөр хэн ч инээгээгүй нь хөгжилтэй. Түүний ярьсан онигоо угаасаа хүн болгоны мэддэг дээрээс нь мань хүн огтхон ч инээдтэй ярьж чадаагүй байтал Болороо л ганцаараа үнэн сэтгэлээсээ инээжээ. Болороо аль болох Баярааг бараадан цагийг цуг өнгөрөөхийг хичээнэ. Харин Итгэл охиныгоо гаднаас нь хараад нэг л өөр болсон байгааг мэдсэн ч хар цагаан дуугүй юу ч хэлсэнгүй. Тулгаа Хулан хоёр ч бас энэ олдож байгаа аз жаргалтай мөчийг зүгээр өнгөрөөхийг хүсээгүй бололтой цаг үргэлж л хоёулхнаа уул модоор зугаалан, бие биендээ байнга халамж тавина. Баяраагийн хувьд залуу бүсгүйн сэтгэлийг мэдэрсэн ч одоохондоо ямар нэгэн хариу үзүүлсэнгүй, юу ч болоогүй царайлах нь Болороогийн сэтгэлийг өдөр ирэх тусам улам хэцүү болгож байлаа. Нэг шөнө бүгд унтсан хойно Болороо дээд давхраас сэмээрхэн бууж ирэн Баяраагийн хажууд ирж зогсон, түүний нүүрэнд гараа хүргэхэд унтаж байсан Баяраа цочин ухасхийн босч зүүн гараараа түүнийг татан газарт унаган зүүн гартаа хутгаа барин далайв. Үүнийхээ дараа түүнийг гэнэт танин –Болороо, чи юу хийж явнаа энэ шөнөөр гэхэд –Баяраа намайг тэврээд унт л даа. Би тэгээд л буугаад ирлээ гэхэд Баяраа гайхсан харцаар харснаа –Болороо буцаж дээшээ гараад унт аавыгаа сэрэхээс өмнө гэв. Болороо –Баяраа би чамд хайртай болчихсон юм шиг байна. Миний сэтгэлийг бод л доо гэхэд Баяраа хэсэг чимээгүй байснаа – Уучлаарай, гэхдээ би эхнэр хүүхдүүдээ одоо хүртэл мартаж чадаагүй байна. Тэгээд ч би чамайг дүү шигээ л бодож явдаг гэж хэлээд буруу харан зогсов. Болороо юу ч хэлсэнгүй. Давхраатай хөөрхөн алаг нүднээс нь нулимс өөрийн эрхгүй урсан хоолой дээр нь нэг юм зангираад ирэхэд гарах хаалганы түгжээг тайлан гадагшаа гүйн гарлаа. Доогуураа хөл нүцгэн, дээгүүрээ нөмгөн хувцасласан Болороог гэнэт гүйн гарахад Баяраа сандарч хойноос нь –Болороо хүлээж бай. Буцаад ир хэмээн хэлсэн ч Болороо шөнийн харанхуйд уусан цаашаа гүйж байгаа харагдав. -Чөтгөр гэж хэмээн амандаа үглэнгээ гар чийдэн, хутгаа барин хойноос нь Баяраа гүйлээ. Гарахдаа хаалгаа сайтар хаагаад Болороогийн гүйсэн зүг рүү харахад сарны гэрэлд харагдахгүй болон холджээ. Байшингаас хашаа хүртэл нилээн зайтай, ойролцоогоор 200-д метр юм. Гэрлээ тусган Баяраа аяархнаар –Болороо Болороо хэмээн дуудан гүйнэ. “Арай хашаанаас гарчихаагүй байгаа. Тэгвэл ч энэ шөнө нилээн аюултай өнгөрөх нь байна” хэмээн түгшүүрлэн дотроо бодно. Баяраа гүйсээр хашаанд тулж ирлээ.Цааш нь гар чийдэнгээрээ тусгасан боловч амьд хүний бараа харагдсангүй. Гарч яваагүй байхаа хэмээн бодон хашааг даган явлаа. Ингэж явахад шөнийн харанхуйд ямар ч анир чимээгүй, сарны гэрэлд зэргэлдээх байшингууд дүнсийхээс өөр юу ч харагдахгүй нь бага зэргийн түгшүүртэй санагдана. Гүйн явтал ард нь сүр сархийх чимээ гарахад нь эргэж харан чийдэнгээ тусгаад арай л гараасаа алдчихсангүй. Нэгэн зомби чийдэнгийн гэрэл нүүр рүү нь чиглэхэд уурлан архирч эхлэв. Гэхдээ урагшаагаа хөдлөхгүй байлаа. Чийдэнгээ доош нь чиглүүлэн харахад гэдсэн хэсгээрээ тэдний бэлдсэн шоронд зоогдон наашаа ч үгүй, цаашаа ч үгүй гацжээ. Гэдэснээс нь их хэмжээний цус асгаран өмдийг нь хүрэн улаанаар будан нүцгэн тавхайных нь доор тунарчээ. Баяраа хутгаа нүүр рүү нь чиглүүлж байгаад нүдний ухархай руу нь ишийг нь тултал зоолоо. Зомби хэсэг татваганаж байгаад үхэтхийн доошоо сулбайх үед нь хутгаа сугалж авав. Хувцсанд нь цусыг нь арчин зогсож байтал гэнэт хажуу талаас нь харанхуйн дундаас түүний гарыг ясан халтайсан гар шүүрэн авч өөр рүүгээ угзрав. Чийдэнгээрээ тэр гарны зүг чиглүүлэн тусгахад өөр нэгэн туранхай зомби харанхуйд чимээгүйхэн ирээд тэрний гарнаас татсан нь тэр байжээ. Хутгатай гарыг нь татсан учраас хутгаа нүүр рүү нь зоох боломж байсангүй. Нөгөө гартаа гар чийдэнгээ барьсан чигтээ зомбины нүр рүү хэд хэд цохив. Гэвч цохих тусам зуурсан гараараа тавилгүй улам чангалан цохиулсан мөртлөө шүдээ ангайн гар руу нь чиглэв. Баяраа гараараа толгойг нь барин өөртөө ойртуулахгүй гэж хичээн, ингэх зуураа гараа мултлах гэж ноцолдоно. Гэвч ноцолдох тусам сульдаж эхэллээ. Доошоо хэвтээд хөлөөрөө жийн өшиглөж эхэлсэн ч зомби тавьсангүй, харин ч намхан модон хашааг даван өөр дээр нь гараад ирэв. Зомбины нүүр Баяраагийн нүүрний чанх дээр түүн рүү амаа ангайн шүдээ ярзайлгажээ. Зүүн гараараа зомбины хоолойноос багалзуурдан түүнийг өөрөөсөө холдуулах гэж зүтгэнэ. Хутгатай баруун гараа хөдөлгөх ямар ч боломж байсангүй. Тэрэн дээр нь зомби гараад хэвтчихсэн байдаг. Ийнхүү хэдэн минут өнгөрснийг ч мэдэх боломж байсангүй зомбитой ноцолдсоор Баяраа ялагдах дээрээ туллаа. Гэнэт түг хийх чимээ гаран зомби хажуу тийшээ өнхрөөд унав. Хартал ар талд нь Болороо нилээн бүдүүн мод барьчихсан зогсож байлаа. Баяраа самбаачлан зомбины дээр гарч байгаад дух руу нь хутгаа нэг далайлтаар хүчтэй зоолоо. Тэгээд өвсөн дээр тамирдан хэвтээд өгөв. Болороо харин –Баяраа чи минь зүгээр үү? Намайг уучлаарай. Би нэг мэдсэн өөрийн ухаангүй болон гараад гүйчихжээ. Нэг газар сууж нилээн уйлж байгаад хартал гэрэл гялбан, чи энэ зомбитой ноцолдож байхыг хараад гүйж ирлээ гэв. Баяраа –Буцаж байшин руу орцгооё. Өглөө энэ хоёрыг янзлахаас. Чамайг хайж байгаад балрахаа шахлаа. Битгий дахиж ингээрэй Болороо гээд байшин руу түрүүлэн алхлаа. Түүний хойноос Болороо гэмшингүй даган явав.  

2. Хуучны танил

Маргааш өглөө нь Итгэл босоод хамгийн түрүүнд гадаа гаран орчин тойрныг харснаа –Шөнө юу болоо вэ? Хашааны гадна нэг, дотор нэг үхсэн зомби байх юм гэсээр орж ирлээ. Болороог хариулахаас өмнө Баяраа –Би шөнө чимээ гараад байхлаар нь хашаагаа тойрч байгаад наадуултай чинь таарсан юм. Одоо холдуулъя даа гэв. Итгэл Баяраатай цуг явахаар шийдэн машинаа асаан хүүрнүүдийг дамжлан ачаа руу шидэн хөдөллөө. Хоёр км-ийн цаана байх том жалга руу аваачин хүүрнүүдийг шидлэхдээ Баяраа –Ойрын хэд хоног энүүгээр ирэх зомбинууд их биш ч бага багаар нэмэгдээд байх юм. Бууны сумнууд дуусч байгаад би санаа зовоод байнаа, Цагдаагийн хэлтсүүдэд сумны нөөц байгаа болов уу эсвэл ойрхон зэвсгийн агуулахтай цэргийн анги руу явах хэрэгтэй юм шиг санагдах юм гэхэд Итгэл –Би ганц нэг цагдаагийн хэлтсээр хотод байхдаа орж үзэж байхад бүгдийг нь хүмүүс тоносон байсан. Би юу ч олоогүй. Харин хотын зах руу байх цэргийн ангиудаар нэг орж үзэх нь зөв байх гэж хэлэв. Тэд цугтаа гэртээ буцаж ирж байхдаа хот руу юу ч гэсэн нэг явж үзэхээр шийдэцгээв. Тэгэхдээ Тулгааг охидуудтай цуг гэрт нь үлдээе гэж ярилцав. Тэднийг аюулд оруулахыг хүссэнгүй. Буцаж ирэхэд нь Тулгаа Хулан хоёр босчихсон хүлээж байлаа. Тэр хоёрын саналыг сонсоод Тулгаа –Би уг нь та хоёрт хэрэг болох юм биш үү гэхэд -Үгүй дээ чи явчихвал охидод аюултай, иртэл тэднийг сайн хараарай гэхэд Тулгаа дуртай дургүй үлдэхээр боллоо. Итгэл машинаа жолоодон хажууд нь Баяраа суун хот руу буцахдаа арай сийрэг замтайг нь бодож Дарь-Эхийн замаар хот руу орж ирэв. Нээрээ ч тэдний замд ганц нэгхэн зомби тайралджээ. Тэд хотын төв рүү орж ирэн эхлээд Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс рүү орлоо. Хаалга нь томоос том онгорхой хаягдаж, олон сар хүн орж ирээгүйг илтгэх мэт шал нь зузаан тоосонд дарагдаж, нэг ч хөлний мөр байсангүй. Баяраа түрүүлэн чимээгүй явсаар автоматаа нүдэндээ хараалан аажуухан алхаж оров.  Араас нь орсон Итгэл хурц сэлмээ гартаа барьжээ. Явсаар эхний хаалгыг өшиглөн онгойлгоход хоосон агуулах байлаа. Дараагийн хаалгыг онгойлгоход нэг гарыг нь паартай гавлан орхисон нэгэн зомби өөдөөс нь үсчин галзуу мэт авирлан гараа сарвайлган хүрэх гэж оролдох аж. Баяраа Итгэл рүү харан эрүүгээрээ дохиход Итгэл зомбины хүзүүгээр тас цавчин толгой нь хана руу цохигдрн өнхрөн унахдаа Баяраагийн хөлний ойролцоо дээшээ харж зогсохдоо сеоунд хэртэй архирахаа зогсоолгүй байж байгаад хөдөлгөөнгүй болоход Баяраа хажуу тйиш нь өшиглөж холдуулав. Ханын дагуух цоожтой шилэн шүүгээг шилийг нь хагалан үзэхэд бичиг баримтуудаас өөр зүйл олдсонгүй. Дараагийн өрөө рүү орохын өмнө хаалган дээрх бичгийг харахад нэгэн мөрдөн байцаагчийн өрөө рүү оржээ. Ширээн доорх цоожтой шүүгээг цоожийг нь эвдэн онгойлгоод Итгэл баярласандаа арай л хашгирчихсангүй. Шүүгээн дотор олон зуун сум хэвтэж байх нь тэр. Баярааг дуудахад ирснээ –Энэ сумнууд миний буунд таарах юм байнаа. Хураагдсан сумнууд бололтой гэж хэлснээ гарахдаа –Баярлалаа мөрдөгчөө гэж хэлэв. Тэд дараагийн өрөөнүүдээс хоёр ч гав, гурван резинэн бороохой олон их л баяртайгаар машиндаа буцан ирцгээв. –За яах уу гэж Итгэлийг асуухад, -Дараагийн цагдаагийн хэлтэс рүү очноо, өнөөдөр ч азтай өдөр байна шүү гэснээ -Харин ойрхон хэлтэс гэхлээр Чингэлтэй дүүргийнх юм байна хэмээн очихоор болов. Цагдаагийн хэлтсийн гадаа очин зогсоод мөн л Баяраа түрүүлэн орлоо. Дүүргийн гадаа үүдэнд нь тулган нэг том жип зогссон байсанд Баяраа хэсэг эргэлзсэнээ орохоор шийджээ. Орсныхоо дараа нэг давхраар явахад онц юм юу ч байсангүй. Харин хоёрдугаар давхарт гаран үүдний өрөөнд  Баяраа орон, шүүгээнүүдийг шалгаж эхэллээ. Харин энэ үед коридорт байсан Итгэл –Баяраа гэж дуудсанаа чимээгүй болчихов. Баяраа гарч ирэн харвал коридорын нөгөө булангаас нэгэн буутай хүн тэдэн рүү буугаа чиглүүлэн зогсож байлаа. Коридорын урт барагцаагаар гучаад метр. Ийм зайнаас Баяраа шүдэнзний хайрцагны чинээ байг төвөггүй бууддаг байлаа. Тиймээс ч тэр хоёр ч удаа мэргэн буудлагын тэмцээнд түрүүлж байсан. Баяраа болон танихгүй хүн өөд өөдөөсөө буугаа тулган хэсэг чимээгүй зогссоноо Баяраа –Юун хүн бэ, буугаа буулга гэж шаардав. Харин нөгөө хүн инээснээ –Залуу минь би тийм амархан бууж өгдөг хүн биш л дээ гэснээ –Залуусаа гараад ир дээ, энд бидэн дээр урилгагүй зочид хүрч ирчихээд буугаа буулгахыг шаардаад байх юм гэхэд хажуу өрөөнүүдээс нэг нэг автомат барьсан таван залуу гарч ирлээ. Харин тэдний дунд байх дөчин тав орчим насны эр зэвсэггүй зогсоно. Түүнтэй нийлээд зургаан хүн өөдөөс нь зогсож байлаа. Таван автомат нэгийн эсрэг чиглэжээ. Зэвсэггүй эр –Залуусаа та хэд өөрсдөө буууж өгсөн нь дээр дээ, тэгвэл яахав та нарыг зовоохгүйгээр хурдан ал гэж би залуустаа хэлье гэхэд Баяраа -Үгүй шүү новш минь, чи харин хамгийн түрүүнд үхэх болно гэдгийг сануулчихъя гэж хэлэхэд, удирдагч эр –Энэ чинь ахмад Баяраа юу даа, өст хүн өлийн даваан дээр гэгч болж байх шив дээ гэж чангаар инээв. Энэ үед Баяраа “Энэ чинь хэн билээ? Миний хоолойгоор шууд намайг таньчих юм. Би харин санадаггүй, энэ чинь арай …” гэхэд удирдагч эр –Тиймээ Баяраа, би чиний бодож байгаа хүн мөн байнаа. Намайг эрүүгийн ертөнцөд Багалзуур гэдгээр минь захын хулгайч ч андахгүй мэднэ. Харин чиний мэдэхээр Гансүх өмнө чинь зогсож байна даа. Чамтай ингэж тааралдах гэж. Чамаас болж, би таван жилийг чанга дэглэмтэй шоронд өнгөрөөлөө. Чи намайг барьж авсны хүчээр цол, албан тушаалаа ахиулаа биз дээ. Би бүгдийг мэднээ. Надад мэдээлэл өгдөг хүмүүс байсан юм. Чиний хамар доор ажилладаг гөлөг мөнгөнд их дуртай юм байна лээ. Овоохон мөнгө өгчихвөл сайн найзыгаа ч алахаас сийхгүй юм байна лээ дээ гэв. “Сонин юм даа. Түүнд шүүх хорин таван жилийн чанга дэглэм өгсөн шүү дээ, тэгтэл одоо миний өмнө зогсож байдаг” гэж бодож байтал удирдагч -Баяраа, гайхаад чимээгүй болчихов уу даа. Тахал дөнгөж эхэлж байх үед би шоронгийн хянагчдаа хорин сая төгрөг атгуулчихсан юм. Гэхдээ тэр тэнэг одоо үед мөнгө ямар ч хэрэг болохгүй гэдгийг урьдчилж хараагүй л дээ. Хамтрагчид маань шоронгийн гадаа хүлээж, би шөнийн харанхуйгаар гараад маргааш өглөө нь гэхэд тансаг зочид буудалд сайхан мисс хүүхэн тэврээд хэвтэж байлаа. Гэхдээ чи ямар намайг мэдэхгүй биш би тэр хүүхний хоолойг нь боож алсан л даа. Тэгж байж би таашаал авдаг гэж хэсэг чимээгүй болсноо –Залуусаа түүнийг буудаж болохгүй шүү, та нарын хажууд наадах чинь мэргэн буудагч л гэсэн үг гэснээ –Баяраа, ингэхэд би танай гэрт очсон шүү. Юмыг яаж мэдэхэв Эхнэр чинь байж байвал өшөөгөө авах сайхан боломж гарна. Бас эхнэрийг чинь орондоо ямаршуу бол гэдгийг шалгах гээд очиход харамсалтай нь хэн ч байгаагүй ээ гэхэд Баяраа –Амаа тат нохойн гөлөг минь. Чи тэр шорондоо л үхэх ёстой байсан юм. Чи энэ хорвоод амьд байх эрхгүй хүн гэхэд, Гансүх аажуухнаар хажуу тийш болон өөрийнхөө хүний толгойны ард нүүрээ нуунгаа –Залуу минь, чи арай бид нарыг бүгдийг нь тонилгож амжих юм биш биз дээ. Хурдныг чинь мэднэ л дээ. Гэхдээ манай залуус өнгөрсөн хугацаанд хичнээн цагдаагийнхныг алсан гэж чи бодож байна. Миний хөвгүүд чадвартай шүү гэхэд Баяраа -Чи хүний ард нуугдаад нэмэргүй. Миний бууны сум та хоёрыг давхраар чинь алахаар хүчтэй эд шүү гэснээ Итгэл рүү хандан –Гараад машинаа асааж хөдлөхөд бэлэн байж байгаарай гэж шивнэв. Итгэл ч болгоомжтойхон ухарсаар шатаар гүйн буулаа. Гарч ирээд машинаа асаан хөдлөхөд бэлэн зогсоно. Баяраа –За яахав залуусаа бүгд буугаа зэрэг доошлуулаад өнөөдрийг хөгжилтэй өнгөрөөвөл дээргүй юу. Та нар орой гэхэд хэн нэгэн чинь үхээгүйд баярлацгаан тэмдэглэж суух байлгүй гэхэд, Гансүх хажуу хүмүүстээ хандан –Тэрнийг явуулж болохгүй ээ. Тэр ганцаархнаа, та нар тавуулаа шүү дээ бууд гэж шивнэв. Үүнийг сонсоод дагалдагчид нь яахаа мэдэхгүй эргэлзэн зогсоно. Ялангуяа хамгийн түрүүнд зогсох хоёрын нүүр нь халуу оргин хөлс нь чийхарч, буу нь салганаж байлаа. Харанхуй коридорт гучаад метрийн цаана байгаа хүнийг ононо гэдэгтээ эргэлзэж байлаа. Арын хүмүүст нь коридор нарийдсан учраас урдаа байгаа хүмүүсийн хажуугаар онио гарган Баярааг овоо хараандаа чиглүүлэхэд төвөгтэй байжээ. Тэднийг буудахгүй байсанд Гансүх уурсан, -Яачихаад байгаа юм бэ, наад новшоо буудаад унагаач гэж хэлэхтэй зэрэгцэн буун дуу тасхийн Гансүхийн нүүр цус тархиар будагдан баруун чих нь халуу шатан өвдөлт мэдрэгдэхэд тэрээр чангаар орилон чихээ нэг гараараа таглан газар сөхрөн суулаа. Гансүхийн урд зогсож байсан залуугийн тархийг Баяраа нэг л сумаар зад буудсан нь тэр байжээ. Үхэтхийн унах танилаа хараад бусад нь галзуу юм шиг л буудацгааж эхлэв. Харин сумнууд байгаа чиглэхгүй, хэтэрхий хамаагүй цацагдаж байлаа. Баяраа доошоо тонгойн хойшоогоо шат руу буугаад тэр чигтээ нэг давхрын үүдээр гарч гүйхдээ үүдэнд байсан жипний хоёр дугуйг буудан хагалаад машиндаа суух үед Итгэл хаазаа тултал нь гишгэн хөдөллөө. Тэдний араас үлдсэн хүмүүс гарч ирэн хойноос нь буудаж эхэллээ. Гэвч Итгэл хурдаа хассангүй хурдалсаар байлаа. Нэг км орчим холдсоноо Итгэл хурдаа хасан багасгаад –Баяраа чи жолоогоо барих уу, би шархадсан юм шиг байна гэв. Түүний баруун талаар хойно урдаасаа шарх аван цус нь гоожиж байлаа. Сум араас нь нэвтлэн урд талаар нь нэвтлэн гарахдаа жолооны хүрдний хажуухантай оножээ. Тэд машинаа зогсоон Баярааг машинаа хөдөлгөх үед араас нь нэхэгчид машинтай ойртон ирж байгаа үзэгдэв. Хойноос нь хөөж байхдаа зогсоо загүй буудах аж. Ингэхдээ тэдний хойд талын салхины шилийг хагалжээ. Баяраа машинаа жолоодон шууд хойшоогоо зуслан руу чиглэн явах гэснээ мөрөө буруулахаар шийдэн зуун айлын зам руу чиглэлээ. Хойноос нь нэхэж байгаа хүмүүс огтхон ч хоцрохгүй дагана. Баяраа зуун айл руу эргэхийн өмнөхөн Итгэл рүү хандан –Эргэлтэн дээр эргэсний дараа би хэсэг зогсох болно. Тэр үед та машиныг нь жолоодож байгаа хүнийг буудах хэрэгтэй байна. Онох уу? гэхэд Итгэл хэдийгээр хөдлөхөд төвөгтэй хэцүү байсан ч зөвшөөрч, -Буугаа өгчих гэв. Явуут дунд бууг нь аваад хойшоогоо буугаа чиглүүлэн бэлдэв. Зуун айлын уулзвараар хойшоогоо эргээд хэсэг явсны дараа Баяраа машинаа огцом зогсоов. Хойноос нь нэхэгчид мөн адил уулзвараар эргэхдээ хурдаа арай сааруулан орж ирэх үед Итгэл гурван сум буудсаны нэг нь жолоочийнх нь цээжийг шархдуулж, машины жолоодлого алдагдан гэрлийн шон хүчтэй мөргөж зогслоо. Энэ үед Баяраа машиныхаа хаазыг тултал нь гишгэн бараа сураггүй алга болж өгчээ. Гансүх аймшигтайгаар уурлан –Хаалгаа нээн гадагшаа гарч араас нь бараа нь тасартал бүх сумаа дуустал галлаад баруун чихнээсээ урсах цусаа арчин даавуугаар таглан араас нь харж хэсэг зогсов. Тэгэхдээ –Энэ удаа чи мултарлаа, дараагийн удаа миний гараас чи хаашаа ч гарахгүй ээ. Тэр үед би арьсыг чинь амьдаар нь өвчихөө мэдье ээ хэмээн дотроо занаж зогсов. Баяраа гэр рүүгээ хурдаа хасалгүй давхисаар орж ирлээ. Итгэл их цус алдсанаас болж ухаан алджээ. Гэртээ ирэх үед нь машины дууг сонсоод бүгд гадаанаа гараад зогсож байв. Хурдаа хасахгүйг байгааг нь хараад ямар нэгэн зүйл тохиолджээ гэж бүгд мэдэн, хашааны гадна зогсов уу үгүй юу Тулгаа гүйн ирж, Итгэлийг Баяраатай цуг хоёр талаас нь өргөсөөр гэр рүүгээ оруулав. Болороо –Ааваа хэмээн уйлж, сэргээх гэж оролдоно. Харин Хулан болон бусад нь боолт хийх даавуу, цэвэр буцалгасан ус бэлдэн тэрүүгээр сандралдана. Орой гэхэд Итгэлийн шархны цус тогтож, хальт ухаан оржээ. Харин нилээн халуунтай байлаа. Нэг азтай зүйл нь сум биенд нь үлдээгүй бололтой байв. Тэр шөнөдөө Болороо ааваасаа алхам ч холдохгүй дэргэд нь сахиж өнжжээ.

3. Туршилт

Хоёр хоног хэвтэрт байгаа боловч Итгэлийн бие сайжрахгүй байлаа. Шархыг нь оёхгүй бол болохгүй нь гэж үлдсэн хэд хоорондоо ярилцана. Итгэл заримдаа ухаан орон бусадтай сулхан хоолойгоор юм ярилцан, заримдаа шархандаа халуурч элийрдэг байв. Нэг удаа ухаан орсныхоо дараа Баяраагаас өөрсдийг нь хөөсөн хүмүүсийн талаар ярилцжээ. Хэдэн жилийн өмнө Баяраа цэл залуухан дэслэгч байхдаа нэг хэрэг дээр ажиллаж эхэлжээ. Уг хэрэг нь хорь, хорин нэгтэй хоёр залуухан бүсгүйг хэдэн өдрийн зайтайгаар ондоо зочид буудлуудад хүчиндэж алсан гэмт хэрэг байлаа. Өрөөнүүдэд үлдсэн хурууны хээ нэг хүнийх төдийгүй, олон жилийн өмнө нэгэн улстөрч алагдсан үед хэргийн газраас олдсон хурууны хээтэй адилхан байж таарчээ. Тиймээс л энэ хэрэгт ТЕГ оролцож эхэлжээ. Баяраа хэдэн сар нойр хоолгүй ажиллсаны хүчинд хурууны хээний эзнийг тухайн үеийн рецедив гэмт хэрэгтэн Гансүх гэдгийг олж мэджээ. Гансүх тэр үед бүх л төрлийн гэмт хэрэг хийгээд амжчихсан нэгэн байлаа. Гэхдээ яаж ийж байгаад шоронд орохгүй үлдчихдэг, хэн нэгэн нөлөөтэй хүн арьсыг нь хамгаалж үлдчихдэг байж. Мөрдөн байцаалтын шатанд түүнийг олж баривчлуулан хорьжээ. Хэргийн газрын хөдлөшгүй баримтаар нэг бүсгүйг алсныг нь илрүүлсэн боловч нөгөө бүсгүй болон олон жилийн өмнө алагдсан улстөрчийн аллагад холбогдолгүй гэж гарчээ. Учир нь сүүлийн хоёр хэргийн баримтын хурууны хээг сольчихсон байжээ. Баяраа энэ үед хэн сольсныг мэдэхээр нилээн хөөцөлдсөн боловч олох боломж олдсонгүй. Түүнд эхлээд хэн нэгэн Гансүхийг хэргээс мултлахын тулд их хэмжээний мөнгө санал болгож үзээд зөвшөөрөхгүй байхлаар нь утсаар дарамталж ч үзсэн боловч Баяраа өөрийн байр суурьнаас ухрахгүй байсаар нэг хүн алсан хэргээр нь шүүхэд шилжүүлж чаджээ. Шүүх хурал дээр 25 жилийн ял сонсож байхдаа Гансүх түүн рүү цоо ширтэн нүд салгахгүй харж байсныг Баяраа огт мартдаггүй. Гансүх тэгэхэд 41 настай байсан. Хэрэв ялаа ном журмаар нь эдэлсэн бол 66-тай өвгөн л гарч ирэх байж. Гэхдээ тэр таван жил шоронд байгаад гараад ирсэн байдаг. Шоронгоос суллагдахад бодвол нөгөө том хүн тодорхой хэмжээгээр тусалсан байх. Гансүх тэр хүний хамаг л бохир ажлыг хийдэг байжээ. Хүн дарамтлах, зодох, тамлах, алах ч юу ч биш болсон байлаа. Энэ хэргийн дараа Баярааг өндрөөр үнэлж, цолыг нь ахмад болгон ахиулж, хэлтсийн дарга болгож билээ. Харин Гансүх түүнийг мартаагүй л байж таарчээ. Бусад хүмүүсийг бүгдийг аргалж болохоор, ганцхан түүнийг аргалж чадаагүй учраас харанхуй, чийгтэй, өмхий шоронд 1815 хонохдоо өглөөнөөс орой хүртэл Баярааг л бодож, дотроо занан өширхсөөр л байжээ. Шоронд байхдаа Гансүх засарсангүй, харин ч улам хэрцгий догшин этгээд болон хувирчээ. Шоронгийн атаман гэх залууд зодуулсныхаа дараа өдөр нь хоол идэж суухад нь нуруу руу нь хутга зоосноос болж, нөгөөх нь хэвтэрт орон тарчилж байгаад шорондоо нүд аньжээ. Нүд аних хүртэл нь Гансүх өрөөнд нь орон өдөр бүр түүнийг дарамтлан үгээр үхүүлж байв. Хянагч нарт мөнгө атгуулчихсан учраас тэр шорон дотор бүхний эзэн шиг л загнадаг байлаа. Тахал гарсан нь Гансүхэд харин шоронгоос гарах сайхан боломж болжээ. Түүнийг үхсэн гэж тэмдэглэн шоронгоос гаргачихжээ.Гарсных нь дараахан улс орон удирдлагаа алдан замбараагүй үе ирж тааран өөрийнхөө бүлгийг бүрдүүлэн хориод залуустай болж чаджээ. Тэрнээс хойш тоолохын аргагүй энгийн хүмүүс, цагдаа нарыг алж, талан дээрэм хийжээ. Харин Баяраагийн сургийг гаргах гэж их оролдсон боловч газрын гаваар орсон юм шиг л алга болсон байлаа. Тухайн үед түүнийг үхчихэж гэж бодсон боловч хоёр хоногийн өмнө түүнтэй таарчихдаг бас хоёр ч хүнийг нь алчихаад явсанд Гансүх их л бухимдалтай байв. Олуулаа байж ганц хүнийг аргалж дөнгөсөнгүй хэмээн уурандаа цуг явсан нэгнийг амьдаар нь зомбитой хашаанд оруулан харж баясчээ. Тэр хүн нь хашаан дотор их зугтсан боловч сүүлдээ ядран зомбинд бариулж үхэхдээ Гансүхийг харааж зүхсээр хориод минутын турш орилж байж үхжээ. Зомби тэрнийг шууд алчихсангүй, гуянаас нь эхэлж идсэн болохоор тэгж уджээ. Харин Гансүхийн бусад хамтрагч нар нь энэ жүжгийг хараад дотроо үхтлээ айцгаажээ. Тэр үлдсэн хүмүүст даалгавар өгч тэднийг хаана амьдарч байж болохыг олохыг даалгажээ. Мэдээж их хотын дундаас хоёрхон хүнийг олох нь өвсөн дотроос зүү эрэхтэй л адилхан санагдаж байсан ч Гансүхээс айхдаа хотын энэ тэрүүгээр хайж л байлаа. Тэднийг ингэж байх хоорондуур зусланд байсан хүмүүсээс хоёр хүн хот руу явж байлаа. Тэд бол Тулгаа Баяраа нар юм. Итгэлийн шарх сэдэрч буглан халуурч эхэлжээ. Тиймээс тэд эмийн сан эсвэл эмнэлэг орж эмнэлгийн спирт, бинт хөвөн, эм тарианы зүйл олохоор явжээ. Тэд явсаар хотын төвд орж ирэн 1-р эмнэлэг рүү орж ирлээ. Эмнэлгийн гадаа эгнүүлэн тавьсан цогцоснуудыг хараад арай гэж л биеэ барьцгаан дотогшоо орцгоолоо. Тоолохын аргагүй цогцоснуудыг даавуунд боон эсвэл задгай чигээр нь давхарлан хураасан нь нацистын хорих лагерийг санагдуулам аж. Эмнэлэг рүү ороод ч байдал дээрдсэнгүй, нэгдүгээр давхраас эхлээд л эгнүүлсэн цогцоснууд харагдана. Харин эмнэлгийн дотор авах юмгүй өмхийрсөн хурц үнэр үнэртэх аж. Тэд хамар амаа алчуураар боон хоёрдугаар давхарт гарлаа. Эмнэлгийн урт харанхуй хонгилоор явж байхад хаа нэгтээгээс зомбины архиралт сонсогдоно. Гэхдээ тэдэнтэй одоохондоо зомби таарсангүй. Хэд хэдэн хаалгаар орсон боловч эм тариа, спирт гэхээр зүйл олдсонгүй. Тэд дахин нэг давхраар өгслөө. Цонхнууд онгорхой учраас энд харин таагүй үнэр арилжээ. Мэс заслын тасаг гэсэн хэсэг рүү орохын өмнө хаалганы бөөрөнхий цонхоор харахад дотор хоёр хүн ширээн дээрх хүн дээр задлан хийсэн бололтой байв. Баяраа буугаа дээшлүүлэн өрөөний хаалгыг аажуухан түлхэн орлоо. Хаалганы дуугарах чимээгээр хоёр хүн эргэж харлаа. Тэд амандаа маск зүүн, урдаа хормогч зүүн, гартаа бээлий өмсчээ. Ахимаг насны бололтой нэгэн хүн тэднийг хараад түрүүлж ам нээн, -Буугаа буулгачихгүй юу. Та нар эмнэлэгт байна шүү дээ гэхэд Баяраа –Юун хүмүүс вэ, та нар наад хүнээрээ юу хийж байгаа юм гэхэд –Бид нар эмч нар байна. Энэ вирус юунаас болж халдварлаж байгаа мөн өвчилсөн хүмүүс эдгэрэх боломжтой юу гэдгийг бид хоёр хэдэн сар судалж байна. Эхлээд бид олуулаа байсан л даа. Та нар гэхдээ ойлгох байх. Бид цөөрсөөр, үхсээр одоо бид хоёр л үлджээ. Энэ миний шавь л даа. Намайг Эрдэнэ гэдэг. Харин энэ хүнийг Даваа гэж хэлснээ дуугаа хураав. Баяраа –Энэ өвчин тэгээд эдгэрэх үү гэж асуухад Эрдэнэ –Үгүй л болов уу гэж айж байна. Энэ хүн бид хоёрын хамтрагчид байсан юм. Түрүү долоо хоногт 5-р туршилтын зомбиноос сорьц авах гэж байгаад хазуулж халдвар авсан. Түүнийг бид хоёр алахаас өөр аргагүй байлаа. Бид олон туршилт хийж байгаа. Хоол усгүй хэд хонохыг нь хүртэл ажиглаж байгаа гэхэд Баяраа –Тэгээд хоол усгүй хэд хонож байна? гэхэд –Одоогоор нэг ч зомби өлсөж юм уу, харангадаж үхээгүй л байна. Тэд их гүргэр юм гээч. Тэгээд ч энэ вирус маш тэсвэртэй болгодог санагдсан. Бид бүр хулганад энэ вирусыг тарьж үзсэн чинь шууд үхчихсэн. Өөр амьтдыг шууд үхүүлдэг юм байна. Харин хүнийг үхдэггүй мангас болгож хувиргаж байна. Тэдний эмзэг цэг толгой гэдгийг та хоёр надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх. Харин та нар юу хийдэг хүмүүс вэ гэхэд Баяраа –Бид нар амьд үлдэхийн төлөө тэмцэж байгаа энгийн л хүмүүс байна. Манай нэг хүн сумны шарх авсан бие нь их муу байгаа. Та очиж тусалж өгөөч гэхэд –Хаана юм бэ дээ хол уу, хол байвал бид нар очиж чадахгүй ээ хэмээн цаашаа ширээ рүүгээ тонгойлоо. Энэ үед Баяраа –Би арай соёлтой хандчих шиг боллоо. Та нарыг гуйх биш харин хүчээр авч явна даа тэгвэл гэхэд насаар арай залуухан эмч маскаа тайлан –За яахав, бид нар очиж хүнийг чинь эмчлэе. Харин дараа нь бид нарыг ийш нь хүргэж өгөөрэй гэв. Эмч нар эд зүйлсээ бэлдэн шаардлагатай эм тариа, багаж хэрэгслээ аван цуг доошоо буув. Буцан явахдаа Баяраа –Та нар хаана хоноглодог юм бэ? Цаашид үр дүн гарахгүй байсан ч ингээд эмнэлэг дээрээ ажиллаад байх хэрэг үү, больсон нь дээргүй юу гэхэд Даваа түрүүлж ам нээн, -Бид нарын гэр бүл бүгд зомби болон хувирсан. Тиймээс л бид хоёр ямар нэгэн эмчлэх арга зам олдоно гэж итгэн энэ хүртэл явчихжээ. Эмнэлгийн ойролцоо цайны газарт бид шөнөдөө очиж хоноглодог юм. Тэнд аюулгүй. Харин эмнэлэг рүү ирэх зам болон эмнэлгийн дотор аюултай л даа. Гэхдээ бид ч бас тэднийг алж сурсан. Та нар шиг буутай биш ч хутгаар болгоод л байдаг юм гэв. Тэд давхисаар гэртээ ирэн Итгэлийн өрөөнд эмч нарыг оруулжээ. Тэд цаг гаруй болоод буцаж гарч ирээд шархыг нь цэвэрлээд оёдол тавьлаа. Амь насанд бол аюулгүй. Харин халдвар авахаас сэргийлэн өдөр бүр боолтыг нь сольж байгаарай. Энэ эмийг сар уугаарай хэмээн хэдэн хайрцаг эм гаргаж өгөв. Баяраа тэдэнд баярласнаа илэрхийлэн, сайхан хоол унд идэж уугаад хоноод явахыг санал болголоо. Тэд ч зөвшөөрөн –Ямар буцаад очиход бид нарыг хүлээж байгаа ажил байх биш, нэг хоночихоод буцъя хэмээв. Болороо ч аавынх нь амийг аварсан хүмүүст баярласан сэтгэлээ илэрхийлж чадлаараа л амттай хоол хийж өгчээ. Оройхон нь Итгэл ухаан орж, бие нь сэргэж ирэв. Түүний халууныг буулгахын тулд тариа хийсэн нь үр дүнгээ өгчээ. Баяраа харин ирээдүйг бодон тэднийг ятгаж эхлэв. Эмнэлэгт байхад аюултай. Зэвсэглэсэн буутай этгээдүүд Итгэлийг буудсан тухай хэлж тэдгээр хүмүүстэй таарвал амиа алдах аюултайг ч сануулжээ. Харин эмч нар тодорхой зүйл ярьсангүй. Ямартай ч нэг буцаж очих ёстой тэгээд эд зүйлээ аваад ирж болох юм. Гэхдээ маргааш хүртэл бодъё. Хамгийн гол нь эмнэлгийн янз бүрийн өрөөнүүдэд түгжсэн 11 гаруй туршилтын зомбинуудыг байнга ажиглах хэрэгтэй талаар тэд хэлэв. Үнэхээр ч тэдний олон сарын хөдөлмөр эмнэлэгт шингэж байлаа. Мөн хамтран ажиллагсдынхаа ч амиа алдсаныг дэмий хэрэг болгомоогүй байв. Эрдэнийн хувьд нас жар дөхөж яваа мэс заслын эмч. Харин Даваагийн хувьд насаар Итгэлтэй ойролцоо дотрын эмч ажээ. Эрдэнийн нэг хүү, нэг охин зомби болон хувирсныг гэртээ цоожилж орхижээ. Харин Даваагийн эхнэр бас гэртээ цоожтой байгаа. Хааяа идэх юм аваачиж өгдөг гэв. Хэрэв тэдний туршилтуудын аль нэг нь амжилттай болвол гэрийнхнийгээ эдгээх нь тэдний гол зорилго байлаа. Тулгаад харин энэ яриа боломжгүй мэт санагдана. Дэлхий даяар эмчлэх гэж оролдоод чадаагүй зүйлийг мартагдсан хотод хоёр эмч оролдоод болгочихдог зүйл ч биш гэж дотроо бодсоныгоо харин гаргаж хэлсэнгүй. Бусад хүмүүс ч бас тийм бодолтой байв. Итгэл харин тэдний яриаг сонсонгоо өвчнөө мартагнан сууна. Юу болохыг хүлээж суухаас өөр сонголт хэнд нь байсангүй.        

4. Эмнэлэгт

Маргааш өглөө нь Эрдэнэ Даваа хоёрыг Баяраа Тулгаа нар хүргэж өгөхөөр буцан хот руу явав. Тэд эмнэлэгт орж ирээд туршилтын зомбинуудыг нь харахаар болов. 4-р давхарт туршилтын зомбинуудыг нэг нэг өрөөнд гаднаас нь гинжлэн цоожилжээ. Бөөрөнхий шилэн хаалгаар харахад тэднийг нэг нэг орон дээр сайтар уяж бэхэлсэн байв. Эрдэнэ явсаар Туршилт 7 гэж бичсэн хаалган дээр очин –Энэ өрөөнд сүүлийн хэдэн сарын хөдөлмөр шингэсэн туршилт байгаа. Зомбинууд энгийн үедээ байхдаа ч маш өндөр халуунтай байдаг. Тэдний халуун үргэлж 40-42 градус байдаг. Бас судасны цохилтын хэмнэл өндөр буюу минутанд 150-200 цохилдог гээд бод доо. Тэд шархадсан ч цус алдаж үхнэ гэж байдаггүй. Учир нь цус нь маш өтгөн бүлэгнэсэн байдаг. Харин манай Туршилт 7 маань одоогоор 38 хэмийн халуунтай, судасны цохилт минутанд 100 байгаа. Түүнд л бид хоёр хамгийн их найдлага тавьж байна даа гэхэд Тулгаа –Та хоёр ямар эмчилгээ хийж байгаа юм гэхэд –Түүнд өдөр болгон тариа тарьж, дусал залгаж байгаа. Эд нарыг бүгдийг нь анх их хэмжээний наркоз тарьж унтуулаад орнууд дээр гаргаж хүлсэн юм л даа. Эхэндээ наркоз тэдэнд их сайн үйлчилдэг боловч сүүл рүүгээ үйлчлэхээ больдог. Тэд эм тарианд амархан дасч бие махбодь нь хариу урвал үзүүлдэг. Тиймээс энэ вирус амархан шинж чанараа өөрчилж, улам тэсвэржиж, хурдан үржиж эхэлдэг гэж бид оношлоод байгаа л даа. Бусад туршилтууд энэн шиг амжилттай болохгүй байгаа. Гэхдээ бид нар янз бүрээр л оролдож байна даа гэв. Тулгаа ширээ рүү аажмаар ойртон тушилт 7-г харахад түүн рүү архиран дайрах нь хэвээрээ байлаа. –Тэдний халуун нь буурч, судасны цохилт цөөрч байж болох юм гэхдээ араатан шинж нь хэвээрээ л байна шүү дээ гэхэд Эрдэнэ хачин царайлан –Тиймээ, тэдний хүн байсан үеийн ухамсар харамсалтай нь сэргэхгүй байгаа юм гэв. Баяраа цонхоор харж байтал тэдний машины хажууд нэгэн машин ирж зогсоод дотроос нь зургаан хүн бууж ирэв. Гансүхийн хүмүүс машинаар нь таниад гадаа нь ирж зогссон бололтой. Нэг нь гаднаа үлдэж, бусад нь дотогшоо гол хаалгаар орж байгаа үзэгдэв. Баяраа –Бидэн дээр зочид ирлээ. Тэд нар аюултай хүмүүс. Бид яаж ийж байгаад доошоо буун нэг хүнийг нь унагаад машиндаа суун зугтах хэрэгтэй байна гэхэд Эрдэнэ –Бид хоёр явж чадахгүй ээ. Бид хоёр зорилгодоо ирэх тун ойрхон ирсэн гэж бодож байна гэхэд Баяраа –Тэр эргэж сэргэхгүй ээ. Ойлгож байна уу. Тэр хүн биш болсон, явцгаая л даа гэж гуйхад Эрдэнэ –Та нар явцгаа. Энд доошоо буух өөр шат бий. Чигээрээ баруун тийш явсаар байгаад эцэст нь байгаа гэж хэлэв. Баяраа Тулгаа хоёр хэсэг эргэлзсэнээ шатаар буухаар болон баруун талын шатаар чимээгүй доошилж эхлэв. Нэгдүгээр давхарт буух үедээ сонсвол дотогш орсрн хүмүүс нөгөө шатаар дээшээ өгсөж байлаа. Харин цонхоор гадна байгаа хүнийг харвал ийш тийшээ харан тэднийг харуулдан зогсож байв. Боломжтой үеийг тааруулан гадна байгаа хүнийг буудаж алахаар шийдэн тохиромжтой үеийг хэсэг хүлээв. Таван минутын дараа 4-р давхарт бусад таван хүмүүс гарч ирэв. Өрөөнүүдийн цонхоор хараад нэг нь бусдыгаа дуудаж, эд нарыг хараачээ. Хэн нэгэн нь энд туршилт хийж байгаа бололтой гэснээ –Энэ муусайн зомбинуудыг харахлаар нүд минь хорсоод байх юм. Миний нүдэн дээр дүүг минь тасар татаж билээ. Эд нарыг зүгээр үлдээхгүй ээ хэмээн дотогшоо орж, орон дээр хэвтэх туршилтын зомбины тархи руу чиглүүлэн буудав. Дараагийн өрөө рүү мөн орж, буудав. Энэ үед нэгдүгээр давхарт байсан Баяраа буун дуунаар анхаарал нь сарнин дээшээ харах гадна харуулдан зогсох залууг нэг сумаар буудаж унагав. Дээр байгаа хүмүүс түүний буун дууг анзаарсангүй. Баяраа Тулгаа нар машин руу орон Баяраа машинаа асаах гэтэл Тулгаа –Эмч нар манай гэрийг мэднэ шүү дээ. Тэднийг тарчилгаж байгаад бидний гэрийг заалгаад ирж магадгүй шүү дээ гэхэд Баяраа –Золиг гэж тэрийг мартчихсан байна хэмээн машинаасаа гаран эргэн орцгоохоор болов. Орохын өмнө Гансүхийн залуусын машины түлхүүрийг аван хашаа давуулан шидэж орхив. Харин энэ үед 4-р давхарт Гансүхийн баруун гарын туслах залуу болох Өлзий туршилтуудыг нэг нэгээр нь устгасаар л байв. Туршилт 7 гэсэн хаалгаар ороход тэдний өмнө Эрдэнэ, Даваа хоёр зогсож байлаа. Эрдэнэ –Дүү нар минь түүнийг л битгий буудаарай. Тэр бараг эдгэрч байгаа. Зүгээр болчихвол бид бусад хүмүүст тусалж чадна. Та нарын таньдаг хүмүүсийг ч бас эдгээж чадна. Гуйя хэмээхэд  Өлзий –Энэ өвгөн чинь юу солиороод байнаа. Солиорчихсон юм биш үү гэснээ –Гадаа байгаа машины эзэд хаана байна? Та нар тэднийг хаана нууснаа хэл гэхэд Эрдэнэ –Мэдэхгүй байнаа. Тийм хүмүүс орж ирээгүй ээ гэхэд –Чи муу зөнөг өвгөн битгий худлаа хэлээд бай, орж ирснийг нь мэдэж байна гэснээ гар буугаа сугалан Эрдэнийн дух руу тулгаж байгаад буудаж орхив. Эрдэнэ газар үхэтхийн унахтай зэрэгцэн Даваа аймшигтайгаар орилон –Яаж байгаа юм бэ та нар муусайн новшнууд хэмээн Эрдэнийн хөрж амжаагүй цогцсыг газар суун толгойг нь өвөр дээрээ тавин орилов. Өлзий үргэлжлүүлэн орон дээр хэвтэх Туршилт 7-г бас толгой руу ны буудаж алаад –Надад ийм ертөнц таалагдаж байгаа. Хуучин ертөнцөд бид нийгмийн шаар шавхруу, хог хаягдал шиг л нүд үзүүрлэгддэг байсан бол одоо бид энэ хотын эзэд нь болчихоод байна мэдэв үү, тэгээд ч битгий үлгэр яриад байгаарай гэснээ Даваагийн толгой руу буугаа тулган чамд бид нарт хэлэх зүйл байгаа байх тийм үү гэхэд Даваа –Чамд би юу ч хэлэхгүй ээ новшоо, буудвал бууд гээд дуугаа хураав. Өлзий –За яахав чамайг Гансүхэд аваачаад өгчихвөл чи өөрийгөө алахыг надаас гуйх болноо, явъя хэмээн түүнийг чирэн босгоод хаалгаар чирэн гарав. Өлзий хаалгаар түрүүлэн гарахад хаалганы ард зогсож байсан Баяраа араас нь гэнэт нэг гараараа хоолойг нь боон, хаалганаас хойш нь чирэн холдуулаад –Хаалгыг түгж гэхэд Тулгаа гаднаас нь гинжлэн цоожлов. Дотор байсан хүмүүс –Юу болоод байнаа Өлзий, наана чинь хэн байгаа юм хэмээн сандралдан хашгирч, хаалгыг цохиж эхлэв. Баяраа Өлзийгийн чихэнд –Тэд нарыг хаалга эвдэхээ боль гэж хэл. Би нэгдүгээр давхарт хүрээд чамайг суллаад явуулна, ойлгов уу гэснээ буугаа нуруу руу нь хүчтэй чичлэв. Өлзий –Та нар түр хүлээж бай. Хаалгыг битгий цохь, би эргэж ирээд түгжээг тайлна гэж хүмүүстээ тушаав. Тэр дөрөв доошоо буухын өмнө Даваа нэг өрөө рүү орж, том цүнхтэй хувийн зүйлээ аваад доошилцгоов. Нэгдүгээр давхарт хүрээд машиндаа суухын өмнө Өлзий алуулсан хүнээ хараад –Та нар худлаа хэлжээ. Намайг алах юм уу? Залуусаа бид нарыг хуурсан байна гэж орилоход дээр өрөөнд түгжээтэй байсан хүмүүс сонсоод сандралдан хаалгыг цохиж эхлэв. Нэг нь бусдыгаа больцгоо гэснээ түгжээтэй хаалга руу автоматаараа шүршихэд цоож эвдэрч хаалгыг онгойлголоо. Энэ үед Баяраа машинаа барихаар болж, жолооны ард суутал Даваа гэнэт огцом хөдлөн Өлзийгийн хүзүү рүү шприцээ зоож доторх шингэн зүйлийг тарьж орхив. –Энийг Эрдэнээгийн төлөө бас Туршилт 7-ийн төлөө гэж хэлээд Даваа машинд суун явцгаая гэхэд Тулгаа Өлзийг сул тавив. Өлзий цаашаа хэд алхсанаа хөл нь гуйван газарт унав. Баяраа машиныг жолоодон замдаа гарлаа. Дөрвөн давхрын цонхоор араас нь үлдсэн хүмүүс автоматаар шүршсэн боловч нэг ч сум машиныг оносонгүй. Тэд Урлан бүтээх төвийн хажуугаар явж байтал Даваа гэнэт энэ цагаан байрны өмнө зогсож бай даа хэмээн Баяраад хэлэв. Тэгснээ –Тулгаа миний дүү ахдаа нэг тус болооч, би гэр рүүгээ орох хаалгыг онгойлгож өгье. Эхнэр маань байгаа. Чи түүнийг минь зовоолгүйгээр дуусгаж өгөөрэй гэхэд Тулгаа –За Даваа ахаа хэмээн тэрнийг дагаж орц руу орлоо. Хоёрдугаар давхарт гаран нэгэн бор модон хаалганы өмнө зогсоод Даваа хаалгаа түлхүүрдэн онгойлгож өгөв. Тэр үедээ гар нь чичирч байлаа. Хаалгыг онгойлгоход Тулгаа гар буугаа урдаа барин аажуухан орлоо. Шалаар хоолны үлдэгдэл, аяга таваг хөглөрнө. Том өрөө рүү шагайхад Даваагийн эхнэр зогсож байлаа. Тулгаа удсан ч үгүй, толгой руу нь нэг сумаар буудчихаад буцаад аажуухан гарч ирэхэд Даваа –Болчихсон уу гэхэд Тулгаа толгой дохив. Даваа гарч ирснээ –Эрдэнээгийнх ойрхон Баянбүрдэд байдаг юм. Түүний хүү, охин хоёр гэртээ байгаа. Тэрний төлөө миний хийж чадах зүйл ердөө л энэ юм даа гэхэд Баяраа толгой дохин зөвшөөрч Эрдэнийн гэр рүү явлаа. Хаалганых нь гадаа ирээд Баяраа орохоор шийдэн хаалганы түгжээг буудан эвдэлж ороод нэг нэг сумаар зүйл дуусгав. Гарч ирснийх нь дараа Даваа –Та нарт маш их баярлалаа. Одоо Эрдэнийн сүнс санаа зовох зүйлгүй бурхны оронд одох байлгүй дээ гэж өгүүлэв. Тулгаа –Зүгээр дээ Даваа ахаа, Эрдэнэ гуайн төлөө бид маш их харамсаж байна. Та түрүүний хүнд юу тарьсан бэ гэхэд Даваа –Зомбины цустай сорьц байсан юм. Тэр одоо халдвар авсан байгаа гэж хариулав. Энэ үед 1-р эмнэлгийн гадаа Өлзий галзуу юм шиг л орилон толгойгоо барин газар өнхөрч байлаа. Бусад нь гайхан яахаа мэдэхгүй зогсоно. Өлзий хамаг байдаг хараалаа урсган тийчилж байгаад хөдөлгөөнгүй болов. Тэгснээ босч ирэхдээ ойролцоох хүн рүү гараа сарвалзуулан дайрав. Тэр хүн нь жишим ч үгүй харж байснаа нүүрэн дундуур нь хүнд автоматны төмрөөр цохин хойш нь унагаад толгой руу нь нэг сум зоов. –Ингээд Өлзий нохойн үхлээр үхлээ дээ. Тэрнийг дараагийн босс болно гэж би боддог байлаа. Явцгаая гэж тэрээр хэлэв. Машины түлхүүр байхгүй байсанд тэд тэр хавиар нилээн хайж байгаад нэг нь хашааны цаана үзэж байгаад түлхүүрээ олон машинаа асаан явцгаав. Буцаж явахдаа нэг нь –Боссд юу гэж хэлэх вэ гэхэд тэд нартай тааралдаад алдаж орхисон гэдгээ хэлвэл толгойгүй болно тиймээс тааралдаагүй л гэж хэлье. Харин Өлзийг халдвар авчихсан байж. Тэгээд гэнэт хувираад Болдоог барьчихсан учраас хоёуланг нь алахаас өөр зам байсангүй л хэлье гэхэд бусад нь зөвшөөрөв. Ийнхүү Баяраатай тааралдсанаас хойш Гансүхийн бүлэг нийтдээ дөрвөн хүнээ алджээ. Даваа харин хойшдоо яах тухайгаа бодож байгаад Баяраа болон түүний хүмүүстэй цуг амьдрахаар шийдсэн байлаа. Түүний судалгаа ч талаар болжээ. Эрдэнэтэй цуг өвчилсөн хүмүүсийг буцааж эдгээнэ гэсэн бүтэшгүй мөрөөдөл нь замхран алга болжээ. Гансүхийн хүмүүс харин хотод эрлээ үргэлжлүүлсээр тэднийг олсон хүнд өндөр шагнал олгохоо толгойлогч нь бусаддаа тушаасан байлаа.  

5. Бэлтгэл

Даваатай цуг хотоос буцаж ирснээс хойш тэд хэд хоног гэрээсээ холдсонгүй. Итгэлийн бие ч сайжирчээ. Бусдын дэмжлэггүйгээр ойр зуур явдаг болов. 8-р сар хэдийнээ шувтарч намрын сэрүү оржээ. Даваа эхний хэд хоног сэтгэл санаагаар их унасан боловч одоо зүгээр болжээ. Тулгаа Хулан хоёр ч бие биедээ улам л татагдан дасч цагийг хоёулхнаа өнгөрөөх нь олшров. Өрөөндөө орж хаалгаа түгжчихээд өдөржингөө байх эсвэл зэргэлдээх уулын оргил дээр гарах, ойд зугаалах зэргээр цагийг өнгөрөөнө. Ингэж явахдаа харин сонор сэрэмжээ алддаггүй байлаа. Өмнө нь нэг удаа ойд балрахаа дөхсөн учраас хоёулаа сайтар зэвсэглэн явна. Болороо харин тэр хоёрт атаархан хааяахан Баярааг өдөх боловч цаадах нь түүнийг даанч нэг эмэгтэй хүн байна гэж харахгүй байгаа нь уурыг нь хүргэнэ. Хайртай хүн нь ийм ойрхон байхад түүнийг өөрийн болгож чадахгүйдээ бачимдан хааяа шалтгаангүйгээр уурлах нь олширчээ. Итгэл охиноо юунаас болоод уурлаад байгааг гадарлаж байсан боловч хий дэмий л аргадахаас хэтрэхгүй байлаа. Ийнхүү 9-р сар ч гарч нэг л өглөө сүрхий сэрүүсч өглөөний хяруу өвсөн дээр буусан байхыг хараад тэд хоорондоо ярилцан өвөлд бэлдэх хэрэгтэй талаар ярилцав. Даваа нэгмөсөн хөдөө явбал дээргүй юу гэхэд тэр саналыг бусад нь дэмжсэнгүй. Хоттой ойр байх нь ашигтай, бензин түлш, бусад эд материал олдоно гэцгээв. Ийнхүү тэд Цайз зах, Шархадны чиглэлд юутай ч түлээ түлшинд явахаар болов. Тэндээс ачааны машинтай нүүрс олдох магадлалтай. Ганц мод түлээгээр өвлийг давахааргүй байлаа. Хэн хэн явах тал дээр саналаа хуваалцаж, саяхан эдгэрсэн Итгэлийг охидуудтай үлдээн, бусад эрчүүд явахаар болов. Тэд шаардлагатай зүйлсээ аван нэгэн өгдөө эртлэн хөдөлцгөөлөө. Тэд өнгөрсөн зуныг зүгээр өнгөрөөсөнгүй, хашаагаа сайтар бэхлэн, их хэмжээний шор бэлтгэж тавьсанд нь өнжөөд л нэг урхи ордог болсон байв. Зуслангаасаа гаран хот руу Дарь-Эхийн замаар хөдлөн явж байтал зам дагуу нэгэн хүү гүйж таарчээ. Цаашаа харан гүйж байгаад машины дуу сонсон тэд нарыг хүлээв. Тулгаа аажуухнаар машинаа хажууд нь зогсоогоод, -Энд юу хийж явнаа жаал минь, өөр хүн байгаа юу гэхэд –Тиймээ. Энүүхэн энд өвөө минь байгаа. Хөлөө бэртээчихээд явж чадахгүй байгаа юм. Би ойр зуураас идэх уух юм хайж байна гэхэд Даваа –Миний хүүгээс ялгаа юу байхав. Энэ жаахан амьтныг орхиод явалтай биш, очиж өвөөг нь аваад явъя гэв. Баяраа –За яахав, тэгье гэхдээ бид буцаж энэ хоёрыг гэртээ хүргэчихээд явах хэрэгтэй болж байна. Бидэнд өөр чухал ажил байгаа гэхэд, Тулгаа –Буцаж явчихаад ирнэ гэхлээр бензин арай хүрэхгүй юм шиг байнаа. Хот руу орж байгаад л машинуудаас бензин олж авахгүй бол гэв. Баяраа –Юу ч гэсэн гэрт нь очъё. Гэрийг нь мэдээд авчихвал буцахдаа дайраад явчихаж болно гэв. Ингээд хүүг машиндаа суулган зааж өгснийх нь дагуу гэр рүү нь явтал жалгын хажууд тулган барьсан жижигхэн хашаан дотор ганц гэр байлаа. Гэр дотор ортол нилээн хүйтэн, унтарсан гал дээрх тогоон дотор жаахан хар цайны шавхруу харагдана. Хоймрын орон дээр буурал урт сахалтай, хуучирсан дээл өмссөн өвгөн хэвтэх бөгөөд хөл дээрээ хөнжил тавьжээ. –Сайн байна уу өвөө, таны бие зүгээр үү хэмээн түрүүлж орсон Даваа мэндэлэхэд, өвгөн –Сайн хүүхдүүд минь. Миний ганц ачтай тааралдаа юу. Уг нь хүү минь ойр зуурын юм дөхүүүлээд болгоод байдаг байлаа. Уржигдар хот руу яваад эргэж ирсэнгүй ээ. Амьд байгаасай гэж өвөө нь залбирч л сууна. Ойр хавиар хашаа хороогоор минь эргэлдээд байгаа муусайн өвчтэй солиорсон амьтдыг хүү минь л аюулгүй болгож, холдуулдаг юм. Хэрэв хүү минь эргэж ирэхгүй бол ач хүү бид хоёр цаашдаа яаж амьдрахаа мэдэхгүй л байна. Би хэд хоногийн өмнө хөл дээрээ юм унагаад босч явж чадахаа больсон. Тэгээд л ямар сайндаа ачийгаа ийм аюултай үед явуулж байх вэ дээ гэхэд Даваа –Өвөө минь бид та нарт тусалнаа. Гэхдээ эхлээд бид хот руу нэг ажлаар явах хэрэгтэй байгаа юм. Тэр хүртэл та хоёр гэрээсээ гаралгүй байж байгаарай. Бид оройдоо буцаад ирнэ гэв. Тэгээд машинаасаа бага сага идэх уух юм байвал өгөхөөр эргэж машин руугаа гарлаа. Тулгаа гэр доторхыг ажиглан зогсоход гурван хуучны модон ор, дээгүүр нь хөглөрөх халтар болсон даавуутай хөнжилнүүд, жижиг явган ширээ, нэг сандал, аяга тавгаа хадгалдаг байсан шүүгээ, хоймор хавьцаа байрлах өнгө өнгийн хээтэй авдар, авдар дээр байрлах хар цагаанаар гардаг хуучны зурагт л байлаа. Зурагтны хажууд том жаазан дотор энэ гэр бүлийнхний эрт үеэс эдүгээ хүртэл авахуулсан янз бүрийн зурагнууд байрлана. Гэрт харин идэх уух зүйлс, түлээ модны юм аль аль нь байсангүй. Тулгаа дотроо тэднийг өрөвдөн хүүгийн аавыг нь эргэж ирэхгүй болжээ гэдгийг зөнгөөрөө мэдэрч байлаа. Хэрэв тэд эргэж ирэхгүй бол өвгөн ач хүү хоёр амьд үлдэхгүй нь тодорхой байв. Тиймээс ч тэр гурав эртхэн ажлаа амжуулахаар гэрээс гарцгаав. Гарахдаа жаалхүүд хашааныхаа хаалгыг сайтар түгжихийг сануулав. Машинаа асаан хөдлөх үед гудамжны эхнээс гар ирсэн нэг зомбиг Баяраа машины явуут дунд толгойг нь нэг далайлтаар сэлмээрээ цавчин алаад хаалгаа хаав. Тэд явсаар төв замд нийлтэл ямар нэгэн зүйл тохиолдсонгүй. Төв зам дээр гарч ирээд дахиад л замын түгжрээ бөглөрөлтэй тааралдав. Тулгаа харин нэг хаягдсан машинаас хангалттай бензин олж машиндаа хийв. Тэд цаашилсаар Сансарын аюулгүй тойрогийг бага зэрэг өнгөрөн явж байтал Тулгаа гэнэт машинаа огцом тоормозлон зогсоов. Баяраа энэ үед золтой л урд салхины шилээ мөргөчихсөнгүй тонгойгоод –Яав аа гэсээр урагшаагаа харахад тэдний урдаас км-ийн зайнд асар олон зомбинууд өөдөөс нь ирж явав. Яг л Нарантуул зах дээр байдаг шиг эсвэл УИД дотор үйлчлүүлдэг хүмүүс шиг л их байсан нь үнэхээр цочирдмоор байлаа. Тэд урьд нь нэг биш удаа их хэмжээний зомбинуудыг нэг доор байхыг харж байсан ч ийм асар олон зомбиг харж байсангүй. Тулгаа аажуухнаар машинаа баруун тийш нь эргүүлэн байрнуудын дундуур оруулав. Зомбинуудыг өнгөрөөхөөс өөр арга байхгүй байлаа. Хэдийгээр тэдний зогсож байгаа газар төв замаас хоёр зуугаад метрийн зайтай боловч тэд зомбинуудыг салхины дээр байгаа учраас энэ нь аюултай хэвээрээ байлаа. Тэд нэг л үнэр авбал хойноос нь галзуурсан юм шиг хөөж ангуучлах нь тодорхой. Тиймээс тэд нэг байр руу орон хамгийн дээд давхарт гаран нэг айлын хаалгыг нь хөшиж онгойлгов. Гэрт хэн ч байсангүй. Гэрийн эзэд хэрэгцээтэй эд зүйлсээ аван орхиж явцгаасан нь илт. Том тавилгууд, шалаар дүүрэн ундуй сундуй хувцас, ном цааснууд, хүүхдийн тоглоомнууд л үлджээ. Харин ширээн дээр орхисон нэгэн захиа Даваагийн сонирхлыг татав. Захианд “Хайрт хүү минь. Бид чамайг хоёр өдөр хүлээж байгаад явцгаахаар шийдлээ. Хэрэв энэ захиаг уншвал Эрдэнэт рүү өвөөгийнх рүүгээ хойноос ирээрэй. Нэг машинаараа аав ээж хоёр чинь дүү нарыг чинь аваад явж байна. Чамд нэг машиныхаа түлхүүрийг үлдээсэн. Гарашдаа байгаа. Банк дүүрэн бензинтэй. 2016-03-30” гэж бичжээ. Тэдний захиа очих ёстой эзэндээ очоогүй бололтой. Яагаад гэвэл захианы хажууд машин болон гарашийн түлхүүр цугтаа байлаа. Уг нь тэд дахин нэг машинтай болох боломжтой байсан ч муу мэдээ нь гарашийг хаана байгааг гагцхүү гэртээ эргэж ирээгүй залуу хүү болон, Эрдэнэт рүү явсан гэрийн эзэд л мэдэж байлаа. Эсвэл Эрдэнэт рүү очиж чадаагүй ч байж магадгүй. Даваа үүнийг уншаад гэрийнхнийгээ санан гунихран зогсоно. Гэр бүл гэдэг хүнд хамгийн чухал зүйл болох нь ийм явдлын дараа бүр ч ихээр мэдэгдэх аж. Гэр бүлээ алдаагүй, элэг бүтэн хүн тэдний дунд бараг байсангүй. Ганцхан Итгэл Болороо хоёр л байлаа. Яалт ч үгүй тэр хоёрт өөрсдөөс нь өөр ам бүлд нь багтах хүн олон жилийн өмнөөс байсангүй. Баяраа цонхоор ажиглан зогсоход тэдний байрны хажуугаар төв замаар өнгөрөх олон зомбинууд олигтой урагшлахгүй, ямар нэгэн зүйл шиншлэн зогсох нь сэтгэл түгшээнэ. Ямар ч байсан цонх хаалгаа тас түгжин болохгүй бол эндээ хонохоос өөр зам байсангүй. Учир нь нар нэгэнт хэвийж үд өнгөрчээ. Удахгүй бүрий болно. Тэд харин ийм аюултай үед аяллаа үргэлжлүүлвэл өөрчдийнхөө амь насыг золионд гаргана. Хэдийгээр өвгөн ач хүү хоёр тэднийг хүлээж байгаа боловч тэднийг нэг шөнө л хүлээх хэрэгтэй болох нь. Халдварт өвчин дэлгэрээд аль хэдийнэ хагас жил өнгөрчээ. Энэ хугацаанд амьд хүмүүс улам багасч, халдварласан, дахиж эдгэрэхгүй хүмүүсийн тоо нэмэгдсээр буй. Тэд байдлыг хүлээн харзнан байтал аль хэдийнэ нар жаргаж, харанхуй болж эхлэв. Харин төв замын олон зомбинуудын ихэнх нь цаашаа явцгаан, үлдсэн цөөн хэд нь ойр хавийн байрнуудын дундуур таржээ. Тэд оройн зоог болгон нэг нэг лаазалсан шпрот, жигнэмэгний хамт идэцгээн савтай уснаасаа ууцгаав. –Идшээ бэлдэх цаг болжээ гэж Даваа хэлээд инээмсэглэв. Тэгснээ –Сайхан бүхэл мах чанаад л өөх мах нь алагласан үхрийн хавирга идэх ч сайхан шүү гэж хэлээд шүлсээ гүд хийн залгилна. Баяраа түүнийг хараад шоолон –Хотоос жаахан зайдуухан гарвал ганц нэг мал олдож магадгүй л юм. Тэр үед харин чамд хамгийн өөхтэй махыг нь чанаж өгнөө гээд маасайтал инээнэ. Тулгаа –Би өвгөн ач хүү хоёрт санаа зовоод байх юм. Зүгээр байдаг байгаа даа гэхэд Даваа –Нэг шөнө гайгүй байлгүй дээ. Үхэхээс бусдыг үзсэн хашир өвгөн энэ шөнийг аргалчих байхаа гэснээ эртхэн унтацгаах уу даа хэмээн хажуулав. Унтахад цаг үнэхээр эрт байлаа. Тиймээс Баяраа Тулгаа хоёр гэрийн эзний үлдээсэн захиаг ээлжлэн уншицгаан шүүгээ савыг нь ухацгаасан ч бага зэрэг эмнүүдтэй савнаас өөр хэрэгтэй юм олсонгүй. Байрны хойд талын цонхоор харахад сунасан урт тоосгон гарашнууд харагдана. Тулгаа  ширээн дээрх машины түлхүүрийг нэг харснаа маргааш нь өглөө эртлэн босч энэ гарашнуудад түлхүүрийг нь тааруулж үзэх санаа орж ирэв. Тэд нарт машин илүүдэхгүй. Тэгээд ч банк дүүрэн бензинтэй байгаа нь сайн хэрэг. Даваа харин ядарсан бололтой аль хэдийнэ гүн нойрондоо автан хурхирч эхлэв. Баяраа Тулгаа хоёр харин Даваагийн чангаар хурхираах дуунд нойр нь хүрэхгүй хэсэгтээ л эргэж хөрвөөсөөр нэг мэдэхэд унтчихсан байлаа.   

6. Үхлээс наагуур

Маргааш өглөө нь хамгийн түрүүнд Даваа сэрэхэд нар дөнгөж л мандаж байгаа бололтой нилээн эрт сэржээ. Цонхоор гадагшаа харахад гадуур нь эргэлдээд байсан зомбинууд ор мөргүй алга болжээ. Тэр нөгөө хоёрыгоо дуудан сэрээгээд –Явцгаах уу гэхэд нөгөө хоёр нь зөвшөөрөн явцгаахаар болж гадагш гарцгаав. Тулгаа энэ үед нөгөө гарашт үлдсэн машиныг санан байрны хойд тал руу машинтайгаа эргэн эхнээс нь түлхүүр тааруулж нэг бүрчлэн тавиад гарашийг онгойлгох гэж оролдон нилээн цаг алджээ. Гэвч аль ч гарашт түлхүүр таарсангүй. –За за явцгаая хэмээн Баяраа хэлээд тэр гурав замаа хөөлөө. Цайз зах руу ойртон очиход нээрээ ч тэдний таамагласан ёсоо болж, хэд хэдэн дүүрэн нүүрс ачсан том жижиг ачааны машинууд зогсож байлаа. Тэд эхнээс шалгаж эхэлсэн боловч түлхүүр нь олдохгүй эсвэл түлхүүр нь зоолттой хэрнээ аккумлятор нь суучихсан байж таараад байв. Тэд машинаасаа холбогчоор асаах гэж оролдон хоёр ачааны машиныг асааж дөнгөв. Ажил нь бүтэмжтэй байгаад урамшин машинуудаа нэг нэгээр нь жолоодон буцаж явцгаахаар болов. Харин хөдлөхөөс өмнө өвгөний гэрийн гадаа зогсож өвгөнийг ач хүүтэй нь цуг авч явъя гэж тохирчээ. Тэд буцаад Дарь-Эх рүү орж ирэв. Өвгөний хашааны гадна зогсоход харин үүдээр нь нэг зомби гарч ирж таарав. Тулгаа хамгийн түрүүнд жижиг машинаа жолоодон ирж зогссон тул гартаа сүхээ барин түгшүүрлэн буулаа. Хаалгаар гарч ирэх зомбиг толгой руу нь нэг далайлтаар цохиж унагатал хаалгаар дахин нэг гарч ирэн түүн рүү дайрав. Тулгаа бага зэрэг ухартал хойшоо жалга руу хөл алдан унажээ. Тэр нүцгэн шороон дээр өнхрөн унаж байхдаа хартал хойноос нь нөгөө зомби бас унаж өнхөрч яваа үзэгдэнэ. Дөрөв тав бүтэн өнхрөөд арай гэж жалганы ёроолд унахдаа зөөлөн биен дээр газардав. Тэр үүнд цочирдон эргэн тойрноо хартал жалганд арав гаруй үхсэн зомбинуудын цогцос өмхийрч ялзран хэвтэж байв. Өвгөний хүү алсан зомбинуудаа жалга руу хаядаг байжээ. Хажууд нь унах чимээнээр харвал дээрээс унаж байсан зомби түүний хажууд газардан түүн рүү амаа ангайн дайрч байгаа үзэгдэв. Хоёул хэвтсэн чигтээ барьцалдан ноцолдож эхлэв. Жалганы дээрээс харин дахин хоёр ч зомби тэдэн рүү харан зогсож байгаа нь хальт үзэгдэв. Дахиад хэсэг хугацаа өнгөрөхөд тэр хоёр зомби ч бас бууж ирнэ. Гурван зомбитой тэр ганцаараа ноцолдоод дийлдэх нь тодорхой. Энэ л үед нөгөө хоёрыгоо иртэл нь хүлээдэг байж гэсэн ганц бодол толгойнд нь харван орж иржээ. Түүнтэй ноцолдож байгаа зомбиг хоолой руу нь түлхэхэд урьд нь хоолойндоо шархтай байгаад тэр нь ялзарч муудсан бололтой гар нь хоолой руу нь шахагдан тэр чигтээ яваад орчихов. Түүний хуруунд бүр хүзүүний яс нь мэдэгдэж байсан боловч зомби дайрахаа зогсоосонгүй. Амаа ангайн шүдээ ярзайлган үргэлжлүүлэн дайрах аж. Түүний сүх унаж явахад нь хаа нэгтээ унасан бололтой, ойр хавьд харагдахгүй байлаа. Гай газар доороос гэгчээр хажууд нь пид падхийх чимээнээр толгойгоо эргүүлэн харвал дээр байсан хоёр зомби буугаад иржээ. Амнаас нь шинэхэн амталсан цус дусал дуслаараа савиран гоожно. Энэ л үед Тулгаагийн нүдийг нулимс бүрхээд ирэв. Өвгөн ач хүү хоёрыг эд нар алчихаж гэсэн бодол төрөхтэй зэрэгцэн өөрөөс нь баймааргүй хүч гарган дээрээ гарсан зомбиг толгой дээгүүрээ давуулан шидэж өөрөө дээр нь гарлаа. Нэг гараараа улаан хоолойг нь барьсан чигтээ хажууд нь байсан том чулууг аван гавал дундуур нь цөм цохив. Дөнгөж цохичихоод эргээд хартал дахиад нэг зомби түүн рүү дайран дээр нь гаран ноцолдож эхлэв. Энэ үед машины тоормозлох чимээ гарч Даваа хашгиран жалга руу орж ирлээ. Эхний зомбины толгойнд хутгаа зоож алчихаад Тулгаагийн дээр байсан зомбиг нуруунаас нь татаж хойш нь газарт унагав. Тулгаа харин хурдхан шиг үсрэн босч ирээд нөгөө том чулуугаараа зомбины нүүрийг хэд хэд цохин толгойг нь бяцалжээ. Хоёулаа амьсгаадсаар дээшээ гарахад Баяраа ч ирж зогсов. Хамтдаа гэр рүү ороход гэрийн үүдэнд өчигдөрхөн таарсан сэргэлэн жаалхүү амьсгалахгүй хэвтэж байх нь тэр. Харин хоймрын орон дээр байсан өвгөнийг хэвтсэн чигт нь биеийнх нь ихэнх хэсгийг иджээ. Энэ аймшигт дүр төрхийг хараад Тулгаа нулимсаа унагахгүй байж чадсангүй. Харин Даваа толгойгоо барин шалан дээр сууж, Баяраа хөмсгөө зангидан хөмхийгөө зууж хэсэг зогсож байгаад –Явцгаая гэв. Даваа –Тэд нарыг ингээд орхичих гэж үү хэмээн гайхан асуухад Баяраа гал асаан гэрийн буланд шатаж болох зүйлнүүд овоолон шатааж эхлэв. Тэд гадаа гарч зогсон хаалгыг хаан хэсэг зогсов. Монгол гэр тэр дороо л гал авалцан хэдхэн минутын дотор нурж эхлэв. Энэ үед харин гурван машин эргээд зам руугаа ар араасаа орж байлаа. Тэд бие биенээсээ холдолгүй явсаар хашаандаа тулан зогслоо. Итгэл ч хашааны хаалгыг онгойлгон машинуудыг оруулав. Машинаасаа буухдаа бүгд уруу царайлсныг хараад Итгэл гайхан юу болсныг асуухад, Даваа өвгөн жаалхүү хоёрын талаар түүнд хэлэхэд Итгэл -Харамсалтай юм болжээ. Гэхдээ та нар амьд мэнд эргэж ирсэн нь сайн зүйл боллоо. Та нар орж амар даа гэв. Тулгаа хамгийн ихээр ядарч, хамаг хувцас нь шороо болон үс толгой нь авах юмгүй болсон байв. Хулан найз залуудаа анхаарал тавин худгаас авсан хувинтай усыг толгой дээр нь асган нөгөөх нь цээжин биеэ сайтар угаав. Тулгаа угаалга хийж дуусаад гэртээ орон хуурай алчуураар арчин хатаангаа Болороогийн аягалж өгсөн тавагтай хоолыг өлссөн хүний зангаар минутын дотор л идэж дуусгав. Бусад нь ч бас хоолоо идэж дуусгаад амарцгаан хэвтэнэ. Даваа чимээгүй байдлыг хамгийн түрүүнд эвдэн –Хэрвээ бид нар өвгөн хүү хоёрыг аваад явсан бол тэд амьд л байх байсан даа гэхэд Баяраа –Өнгөрсөн зүйл дээр харамсаад яахав дээ. Тэдний хувь тавилан ийм л байж. Тулгаа ч бас үхэхээ шахлаа. Би энэ бүх амь өрссөн зүйлс, золгүй тохиолдлуудаас залхаж байна. Хэзээ энэ бүхэн дуусах бол доо гээд санаа алдав. Даваа харин түүний хариултын дараа чимээгүй боллоо. Дотроо л хэрэв цааш нь аваад явсан бол эсвэл нэг нь үлдсэн бол гэж хэд хэдэн янзаар бодож байгаад дэмий зүйлд тархиа гашилгаж байгаагаа гэнэт ойлгон энэ бодлоо авч хаяв. Тэд хэсэг байж байгаад гарч нүүрсийг машины гарааш руу оруулан хурааж эхлэв. Нэг өвлийг хангалттай давахаар нүүрстэй болжээ. Их ажлын дараа байшиндаа буцаж орцгоон өрөө өрөөндөө орцгоолоо. Хулан Тулгаа хоёр өрөөндөө орчихоод Хулан –Тулгаа битгий ийм уруу царайл даа. Тэр хоёр гэмгүй хүний үхэлд чи минь буруугүй шүү дээ гэж тайтгаруулна. Тулгаа сүүлийн хагас жилд юм юм л үзэж байлаа. Хэдийгээр маш олон үхэл хагацлыг харсан боловч түүнийг гагцхүү дэргэд нь байгаа Хулан л тайтгаруулах аж. Тийм ч учраас тэр Хуланд хязгааргүй хайртай болжээ. Харин ганц л айдас түүний сэтгэлийг тогтворгүй болгон, энэ талаар бодохоос ч айна. Тэр нь Хулангаа алдах вий гэсэн болгоомжлол байжээ. Энэ талаар хэнд ч, тэр битгий хэл Хуланд өөрт нь хүртэл хэлсэнгүй. Тиймээс ч Хулангаа чангаар тэврэн өөртөө наахад түүнийх нь зүрхний цохилт цээжинд нь мэдрэгдэн, үснийх нь анхилуун үнэрийг үнэрлэн зогсоход хамаг бие нь аяндаа л тайвширчээ. Энэ үед хажуугийнх нь өрөөнд Болороо өвдгөө тэврэн орон дээрээ шаналан сууна. Болороогийн хувьд мөн адил Баяраад байнга санаа зовнин, зүгээр ирээсэй хэмээн дотроо залбиран хүлээдэг байлаа. Өчигдрийн хувьд хот руу явсан хүмүүс эргэж ирэхгүй байгаад нойр нь хулжиж, шөнөжингөө машины чимээ чагнаж хоножээ. Харин өнөөдөр Баярааг эсэн мэнд ирэхийг нь хараад нүүрэнд нь баярын мишээл тодрон,  сэтгэл дотор нь байсан бөөн хар үүл салхинд туугдсан мэт алга болсон байв. Нэгдүгээр давхарт зочны өрөөний саруулхан танхимын голд байрлах тансаг буйдангууд дээр тухлан Баяраа, Даваа, Итгэл нар хоорондоо хууч хөөрөн сууна. Эрчүүд л болсон хойно улстөр, бөх морь ярилцан сууж байгаад ам нь халан аль намыг дэмждэг талаар баахан ярилцаж, маргалдах шинжтэй болонгуут нэг нь одоо энэ чухал биш ш дээ гэж инээн хэлээд маргаанаа зогсоов. Тэр хэсэгхэн хугацаанд дэлхий ертөнцийг нөмөрсөн гайт өвчнийг мартаж орхисон байлаа. Даваа харин Эрдэнийн талаар ярьж эхлэв. Анх өвчин илэрсэн үед тэдний эмнэлэгт эхний өдөр нь арав гаруй, дараагийн өдөр нь зуугаараа гэх мэтээр өвчтөнүүдийн тоо огцом өсч нэмэгдэж ирж байжээ. Сүүл рүүгээ аль ч эмнэлэг ачааллаа дийлэхээ больсон бөгөөд ихэнх эмч, сувилагч нар ажилдаа ирэхээ байжээ. Зарим нь эмнэлэгт ажил дээрээ халдвар авна. Өвчилсөн хүмүүсийг нэг палатанд хэвтүүлж, ортой нь гавлах зэргээр хорьдог байсан ч сүүлдээ дийлэхээ болиод ирэнгүүт эмнэлгийн дарга удирдлага руугаа мэдээлсний дараа нэг л өдөр цэргүүд ирэн эмнэлэгт байсан бүх өвчилсөн хүмүүсийг гадаа гарган буудаж эхэлжээ. Олон хүмүүсийн өвчтэй, эрүүлийг ялгахад бэрх байсан тул буудуулсан хүмүүсийн дунд ганц нэг эрүүл хүмүүс ч байсан байна. Харин цэргүүд явсны дараа эмнэлэг дээр цөөн хэдэн эмч сувилагч нар л үлдсэн байв. Эхлээд тэд гэр гэртээ харих санал гаргахад Эрдэнэ гуай ганцаархнаа бүгдийг уриалан судалгаа, эмчилгээгээ үргэлжлүүлсэн байна. Тэд гаднаас өвчилсөн хүмүүсийг барьж авчран нэг нэг тасаг хэвтүүлээд эмчлэх оролдлого хийж байсан нь тэр байж. Анх тэд арван хоёулаа байсан ч нэг нэгээрээ халдвар авах, эсвэл зарим нь зүгээр яваад өгөх зэргээс шалтгаалан тоо нь цөөрсөөр тэр хоёр л үлдсэн нь тэр байж. Харин одоо Даваа л ганцаархнаа үлджээ. Эрдэнэ Даваа хоёр гэрийнхнийгээ халдвар авсан гэдгийг эхнээс нь мэдэж байсан боловч бусад хүмүүсээс нуун, хэнд ч хэлдэггүй байжээ. Хоёр биендээ хүртэл хэлэлгүй байж байгаад тэр хоёроос өөр хүн үлдээгүй үед бие биедээ анх хэлжээ. Харин тухайн үед Эрдэнэ мушийхчаан болоод –Бид тэд нарыгаа эдгээж чаднаа гэдгээс өөр зүйл хэлээгүй юмсанж. Даваа яриагаа дуусгаагүй байтал төв замаар машин явж байгаа чимээ дуулдав. Бүдэгхэн өрөөнд асаасан байсан лаагаа бушуухан унтраан цонхоороо хартал тэдний байшингаас км орчим зайнд орших төв замаар нэгдүгээр эмнэлгийн гадаа харж байсан жип хойшоогоо хурдлан өнгөрч байгаа үзэгдэв. Тэд нарын заналт дайсан одоо хүртэл тэд нарыг хайж байгаа нь тэр байжээ. Баяраа дотроо “Гансүх ч бусдыг тийм амархан мартах хүн биш. Хүн ч гэж дээ. Хүнд ядаж бусдыг өрөвдөх хайрлах, бусдад итгэх зэрэг зан чанарууд байдаг бол энэ хүн чононд энэ чанаруудын аль нь байхгүй шүү. Намайг бол насан туршдаа мартахгүй байх. Хэзээ нэгэн цагт учирхад чи бид хоёрын хэн нь түрүүлж цаашаа харах бол доо. Аз таарвал би түүнийг тонилгоод энэ хорвоо дээр үргэлжлүүлэн амьдрана. Хэрэв аз таарахгүй бол бид бүгд балрана гэсэн үг” хэмээн бодож зогсов. Үнэхээр ч хойшоогоо чиглэн хурдлах машин дотор Гансүхийн хүмүүс тэднийг үргэлжлүүлэн хайж давхиж байсан нь тэр байжээ. Жолоочийн хажуу талын суудалд суусан духан дээрээ том сорвитой чийрэг бахим биетэй Мөөгий гэх ширүүхэн залуу дотроо санаа зовнин байж ядна. Түүнийг он дуустал Баярааг олж чадахгүй бол Гансүх тооцоо бодно гэж хэлсэн. Гансүхийн хувийн тооцоо ямар харгис ширүүн байдгийг тэр мэднээ. Яг үнэндээ одоо хаяад явчихая гэж бодох боловч Гансүх ямар нэгэн аргаар түүнийг олж л таарна. Өнгөсөн хугацаанд Гансүхийн бүлэг дахиад долоон хүнээр нэмэгджээ. Харин Мөөгийд Гансүх таван хүн өгсөн нь одоо ингээд цугтаа явцгааж байгаа нь энэ.

7. Бүлгэмийн шинэ гишүүд

Гансүхэд 1-р эмнэлгээс ирсэн хүмүүс хоёр хүнээ халдвар авснаас болж үхсэн талаар хэлэхэд тэр итгэжээ. Энэ явдал нь харин бусад хүмүүст гайхалтай үйл явдал болов. Гансүх хүний нүдийг харж байгаад л үнэн худлаа ярьж байгааг нь мэдчихдэг, өөрийг нь хэн хорлож болох тухай ч ерөнхийдөө гадарлаж байдаг, жинхэнэ чөтгөр байлаа. Үүнээс гадна түүнд бусдыг удирдах лидер чадвар байсан нь энэ олон хүнийг нэг дор базаж байхад дөхөм болжээ. Өлзийг үхсэнд тэр харин баярлаж байв. Халдвар авч үхээгүйг нь ч тэр мэднэ. Тэд худлаа ярьж байна. Гэхдээ юунаас болж үхсэн нь хамаа алга. Өлзий бол энэ хориод хүн дотор байсан ганц эвгүй хулгайч нь. Тэр л нуруу руу нь хутга зоох магадлалтай байсан. Харин бусад нь Өлзийгийн хажууд бяцхан гөлөгнүүд л гэсэн үг. Тиймээс ч түүнээс үргэлж болгоомжилдог байсан. Хэрэв Гансүхэд эвгүй мэдрэмж төрөөд эхэлвэл арагшаа харахад Өлзий түүнийг цоо ширтчихсэн, буугаа арчиж байхтай хэд хэд таарчээ. Гансүхийг эргэн харахад харин Өлзий харцаа буруулан өөр тийшээ хараад суучихна. Түүний дотор ямар бодол байсныг Гансүх эрхбиш өдий олон жил хулгайч, алуурчин болохгүй бүтэхгүй хүмүүстэй харьцаж явсны хувьд мэдэлгүй яахав. Тохиромжтой үеийг хүлээж байгаад түүнийг алан бүлгийн толгойлогч болох зорилготой байсан. Гэхдээ одоо бол чадахгүй. Муу нохой хаа нэгтээ өмхийрөөд хэвтэж байгаа гэж Гансүх дотроо баясан бодлоо. Харин Баярааг барьж аван өөрийн гараар тамлан алах тэр сайхан үеийг хүлээж тэвчихгүй нь. Сүүлийн хэдэн жил Баярааг л бодож, барьж авахыг мөрөөдөн шоронд суусан. Харин халдварт өвчин түүнд сайхан боломж олгосон. Үнэндээ улс оронд юу болоод байгаа, хүмүүс үхнэ үү байна уу, зомби болж хувирах эсэх ч түүнд онц хамаагүй байжээ. Одоо түүнд шоронд орохоос өмнөхөөс ч илүү эрх мэдэл, хүч чадал бий болжээ. Шоронд орохоос нь өмнө дээр нь нэг улстөрч түүнд заавар өгөөд хангалттай мөнгө төлөн бүх бохир ажлуудаа хийлгэдэг байсан. Түүнд улстөр сонирхолгүй л дээ. Хэн мөнгө сайн өгнө түүнд зориулж ажлаа хийдэг байв. Гарч ирээд нөгөө улстөрчтэйгээ уулзахад урьдных шигээ л түүнд дээрэнгүй хандаж, өөрийг нь болон гэр бүлийг нь хамгаалан хотоос гаргах тухай хэлэхэд нь дотроо бүр хөх инээд нь хүрсэн гэж байгаа. Тийм л сүрхий байсан бол яагаад өөрийг нь шоронд оруулахгүй аргалж чадаагүй гэж муу новш гэж бодонгуутаа хотын захад ирээд хоёр бие хамгаалагчийг нь буудан, эхнэр хүүхдүүдийг нь нүдэн дээр нь алахад нөгөө алдарт улстөрч хормын дотор л эрх ямба албан тушаал дээрээсээ бууж ирэн нүдэн дээр нь хүн ч биш бүр хорхой шавьж болж ирэхэд Гансүхийн бах нь ханан ам  руу нь бууныхаа хошууг шургуулж байгаад тархийг нь зад буудаж билээ. Тэгээд л тэр хот руу буцаад ирсэн. Хуучин гал хамуудтайгаа уулзахад нөгөө хэд нь аль хэдийнэ байр сууриа олчихсон Гансүхийг баяртайгаар угтан авчээ. Сүүлийн хэдэн сар тэд энгийн иргэдийг хичнээнийг цааш нь харуулсныг хэн ч мэдэхгүй. Өнгөтэй өөдтэй эд зүйлс, хүнс барааг нь дээрэмдэхийн тулд л тэднийг өчиггүй алчихдаг байжээ. Гансүх харин Баярааг олж чадахгүй байгаадаа сүүлийн үед багагүй бухимдах болсон авч заримдаа өөрийнх нь гарт оролгүйгээр халдвар аваад үхчих вий дээ гэж санаа нь зовнино. Гэхдээ түүнийг ямар эр болохыг мэдэх учраас тийм амархан үхчихгүйг нь өөртөө сануулан тайвширна. Өлзийг үхсэний дараа тэр Мөөгий гэх учир битүүлэг залууг туслахаараа томилжээ. Тэрний бүтэн нэрийг хэн ч мэдэхгүй бас духан дээрх том сорви нь юуных болох нь ч бүү мэд. Мөөгийд нэг л тушаал өгсөн нь Баярааг он дуусахаас өмнө олж ирэх байв. Харин олж ирэхгүй бол тэр Мөөгийг амьд үлдээхгүй гэж шийджээ. Хэд хоногийн өмнө тэрний бусад хүмүүс хотын зүүн захаар олз хайж яваад гадны хэдэн хулгайчтай таарчээ. Бие биендээ буу тулган зогсч байгаад байдал бишддэгийн даваан дээр харин хоёр бүлгийн нэг нэг хүн урьд нь нэг шоронд ял эдэлж байсныгаа таньж хуучин танилтайгаа уулзсан мэтээр хоорондоо найрсагаар хандаж, бусад хүмүүсийг ч эврэлүүлж дөнгөжээ. Тэднийг Гансүхийн хүн бүлэг дээрээ дагуулан ирж бусадтайгаа ялангуяа Гансүхтэй танилцуулсан байна. Бүлгийн боссд харин шинэ хүмүүсийг өөртөө элсүүлэх нь илүү ашигтай байлаа. Тиймээс тэр олон юм бодсонгүй, тэднийг найрсгаар угтан дайлж, хамт наргин нэг орой согтоцгоон эгнээндээ тавтай морилохыг хүртэл урьжээ. Шинэ гишүүдийн дунд харин өөрийгөө Билгээ гэж танилцуулсан гуч дөхөж яваа залуу л түүн рүү сэмхэн ёозгүй харах аж. Билгээ Зүүнхараагийн шоронд хулгайн хэргээр орохоосоо өмнө түүнтэй нэг удаа таарч байжээ. Гансүх харин өөрийг нь танихгүй байлаа. Арга ч үгүй, тэр хэрэг болох үед Билгээ нас залуу бацаан байсан юм чинь. Түүнийг ахтайгаа машинд нь суун явж байхад нь хажуугаар нь тас хар жип машин шахан зогсож, хэдэн хүмүүс бууж ирсний дундаас хамгийн их анхаарлыг нь татсан нь Гансүх байлаа. Гансүх бууж ирээд л ахыг нь бусадтайгаа хамт хэвтэрт ортол нь зодсон. Зодож зодсоныхоо дараа ахаар нь нэг бичиг баримтан дээр хүчээр гарын үсгээ зуруулжээ. Ах нь тухайн үедээ хувийн компанитай боломжийн ашиг орлоготой ажилладаг байсан. Харин бичиг баримтан дээр зуруулчихаад явахдаа ахыгаа өмөөрсөн Билгээгийн хамрыг нь өөр нэгэн булиа залуу чихэж охичихоод машиндаа суун арилж өгч билээ. Энэ явдлаас хэдхэн сарын дараа ахынх нь компани өөр хүний нэр дээр шилжиж, тэдний гэрийнхэн байраа алдаж хашаа байшинд шилжсэн. Харин ах нь хэвтэрт хэдэн сар хэвтэж байгаад нас баржээ. Гэхдээ шүүх цагдаа аль аль нь түүний гэрийнхний гомдлыг авч хэлэлцсэнгүй, суурь өвчтэй байснаас нас барсан гэж дүгнэлт гарчээ. Энэ үеэс хойш тэдний гэр бүл шалдаа бууж, Билгээ хулгай, дээрэм хийх зэргээр гэрийнхнээ тэжээдэг болжээ. Харин арван хэдэн жилийн дараа гэв гэнэтхэн энэ бүх сүйрэл, халдварт өвчний дараа өшөөт хүн нь өмнө нь зогсож байдаг. Анх харахдаа уур нь асар ихээр дүрэлзэн хэзээ ч хамаагүй түүн рүү дайран алчихмаар санагдсан ч эргэн тойронд байгаа олон эрчүүдийг хараад болив. Тэгээд ч тэр тийм тэнэг амьтан биш, хэр баргийн хүнийг аргалчихаар үнэгэн зальтай этгээд болжээ. Хэдхэн хормын дотор л тэр царайгаа юу ч болоогүй байгаа юм шиг болгон түүнтэй анх танилцаж байгаа хүний дүрдээ орлоо. Дотроо харин “Одоо биш ээ, цаг нь ирж л таараа” гэж шивнэв. Маргаашнаас нь түүнийг бусад хүмүүсийнх нь хамт Мөөгийгийн удирдлаганд шилжүүлэв. Тэдэнд хэлэхдээ Баяраа гэдэг хүнийг олвол толгойлогч юугаар ч хамаагүй шагнана гэж амлажээ. Мөөгийтэй цуг урьд нь Баяраатай тааралдаж байсан бас нэг залуу цуг явцгаана. Хотын хаа сайгүй л тэд нар өглөөнөөс үдэш болтол машинтайгаа хайн давхилдавч тэдний байтугай бусад амьд хүмүүсийн бараа ч харагдахгүй болоод уджээ. Тэд нилээн их нөөцтэй бензин колонк олсон учраас шатахуун түлшинд санаа соволтгүй байв. Ингэсээр байтал 9-р сар гарчээ. Харин нэг өдөр тэд Дарь-Эхийн замаар явж байтал замын хажууд шатаад унтарч байгаа монгол гэртэй тааралдав. Хажууд нь очиж зогсоход жалганд арваад зомбины цогцос байхаас гурав нь бүр саяхан үхсэн болж таарлаа. Хашааны хажуугаар том машины шинэхэн мөрнүүд дурайтал тодроно. Мөөгий энэ бүгдийг хараад хайсан хүн нь ойрхон байгааг зөнгөөрөө мэдрэв. Тэд хотоос ирэхэд нь замд нь тэдний машин тааралдаагүй, тиймээс хойшоогоо чиглэлд байх нь. Цаашаа яаравчлан хөдөлж, Дамба руу эргэсэн нь Баяраа болон бусад хүмүүст азтай хэрэг болсон байлаа. Хэрэв зуслан руу шууд чиглэн явсан бол тэднийг гүйцэх байв. Дамбын эцэс орон, цаашаагаа нилээн явсан боловч амьд хүмүүс болон том машины бараа харагдсангүй. Тиймээс оройхон болж байхад зуслангийн зам руу орон Баяраа Тулгаа нарын байшингийн хажуугаар өнгөрсөн боловч бүрэнхий болсон мөн машинууд байшингийн цаана зогсож байснаас шалтгаалан харалгүй чигээрээ давхин оджээ. Тэд чигээрээ хэсэг явж байгаад буцаж явах бензин хүрэлцэхгүй мөн шөнө болохоос урьтан хот руу эргэжээ. Харин буцаж явахыг нь хараад Баяраагийн сэтгэл түр ч гэсэн амрав. Тэд үнэр авчихсан бололтой, харин яаж гэж хэсэг бодсоноо өдөр нь шатаасан гэрийг санаад толгойгоо шааж авав. “Тэрнээс зайлахгүй боллоо. Бодвол шатаж байхад нь тэр хавиар явж таарчээ.Маргааш өглөө болонгуут ачааны машинуудыг  ойд аваачиж нууя. Хоёр унааны машинаа гарашт оруулчихна” гэж бодонгуут яагаад ч юм бүр тайвширлаа. Итгэл Даваа хоёрыг дуудан -Энэ хавь аюултай болжээ. Сэжиг авахуулахгүйн тулд ойрдоо гадуур дотуур явцгаахгүй байх талаар бусаддаа сануулаарай гэж хэлэв. Цагийн дараа гэхэд бүгд оройн хоолоо идэхээр нэг давхрын гал тогооны өрөөнд цугларчээ. Бүх хөшгийг хаан лаанууд асаан гэрэлтүүлж байгаад ширээ тойрон сууцгаажээ. Өнөөдөр онцгой өдөр байсан учраас тун цөөхөн үлдсэн лаазалсан махны заримаар нь хоол хийж идэцгээв. Баяраа бүгдэд хандаж, -Энийг та нарт хэлэхгүй бол болохгүй нээ. Гансүх гэж хүнийг та нарын хэн нь ч танихгүй, харин би олон жилийн өмнөөс танина. Миний мэдэхээр тэр манай улсын хамгийн аюултай гэмт хэрэгтэн, засрашгүй алуурчин. Уг нь шоронд байх ёстой байлаа. Харин одоо эрх чөлөөтэй болчихсон, тэр битгий хэл өөрийн гэсэн бүлгийг байгуулж амжиж. Итгэлийг шархдуулан, мөн Даваагийн маань ажлын хамтрагчийг түүний хүмүүс алсан. Тэр одоо харин бид бүгдийг ангуучилж байна. Бид одоо өмнөхөөсөө илүү болгоомжтой байх хэрэгтэй байна. Урьд нь бид нарт зөвхөн халдвар авсан хүмүүс аюул учруулж байсан бол одоо цоо эрүүл гэмт этгээдүүд аюул учруулах боллоо. Өөрөөр хэлбэл хоёр төрлийн дайснуудтай болсон гэсэн үг. Гэхдээ бид нэг л зүйлийг ойлгох хэрэгтэй. Бид нэг гэр бүл шиг байн, бие биенээ хамгаалан, зангидсан гар шиг байж чадвал энэ бүх хэцүү зүйлийг давж гарчихаад инээлдээд сууж байх болно. Гэхдээ энэ нь  Гансүхийг зүгээр орхино гэсэн үг бишээ. Түүнийг хэрхэвч зүгээр өнгөрөөж болохгүй хүн. Үүнийг л хэлэх гэсэн юм гэж хэлээд ширээндээ буцаж суув. Түүний үгийг Даваа их сайшааж байгаа бололтой, -Зөв өө хэмээн толгой дохин сууна. Эрдэнийг нүдэн дээр нь буудаж алсан нь одоо ч нүдэнд нь харагдах шиг болов. Бусад нь харин чимээгүй, ямар нэгэн зүйлийн тухай дотроо тунгаацгаах аж. Итгэл харин Гансүхийн царайг санах гэж оролдсон боловч харанхуй коридорын цаад буланд зогсож байсан сахалтай эрийн төрх л бүдэгхэн орж ирэв. Баяраа харин хэлсэн зүйлдээ сэтгэл нь ханасан бололтой тавган дээр үлдсэн байсан хэсэг махыг сэрээдэн ам руугаа хийгээд зажилж эхлэв. Ингэхдээ Гансүхийн хаана байж болох талаар бодсон боловч энэ нь таашгүй хэрэг байв. Тэгээд ч хотын хаа нэгтээ бүрэн зэвсэглэсэн олон залуусаар хамгаалуулчихаад түүнийг бас хэрхэн олох талаар толгойгоо гашилгаж байгаа даа гэж бодсоноо дотроо инээд нь хүрчээ.   

8. Зугаатай байлаа

10-р сар гарч намрын шаргал өдрүүд үргэлжилсээр л байлаа. Гансүхийн хүмүүс хэд хоногийн өмнө хажуугаар нь явснаас хойш дахиж зуслангаар үзэгдсэнгүй. Ачааны машинуудыг ойд аваачин нуужээ. Өөрсдийн унах машинуудаа ойрдоо гаргаж хаашаа ч явсангүй. Байшингийн доод талын гараштаа хэзээд хөдлөн явахад бэлэн бэлдэж тавьсан байлаа. Гэхдээ л ойрын хугацаанд хүнсний нөөцөө дахин бүрдүүлж, эрэл хайгуул хийхгүй бол тэдний хүнс багасч эхэлжээ. Одоохондоо хүйтрэх болоогүй учраас санаа амар явж байж болох ч өвөл болчихвол байдал улам л хэцүү болно. Тэдэнд байгаа хүнс гэвэл шуудайны тал гурил, нэг бүтэн будаа, нилээн их давс, хэдхэн лаазалсан мах, загас, бас ууттай чихэр, жаахан хуурай цай л байв. Ийм зүйлээр өвлийг давна гэж байхгүй. Тиймээс ч тэд эрсдэлийг үл тоон хот руу орохоос өөр замгүй. Энэ удаа бүгд явахаар шийдэцгээлээ. Хоёр машиндаа хуваагдаж суугаад аз таарвал дээрэмдүүлж тонуулаагүй дэлгүүр худалдааны төв олвол бөөн аз болох байв. Тэгвэл машиндаа багтаж шингэхгүй болтол нь овоолоод ачаад ирнэ. Ганц автомат нь хангалттай сумтай, цөөн хэдэн сумтай хоёр гар буу болон хутганууд, сүх, сэлмээр зэвсэглэжээ. Гар буунуудыг охидуудад нэг нэгээр нь өглөө. Эхний машины жолоочоор Итгэл томилогдон, Болороо, Баяраа нар цуг суув.  Хоёр дахь машиныг Даваа жолоодон Тулгаа Хулан нар суужээ. Тэдний хот руу явж байгаа өдөр бүрхэг хүйтэн өдөр байлаа. Цаг нилээн эрт дөнгөж л нар мандаж байх шиг байв. Машинуудаа хашаанаасаа гарган хаалгаа хаахдаа Тулгаагийн сэтгэл нь тавгүйтэж байлаа. Бүгд эсэн мэнд эргэж ирэх нь чухал. Машинуудаа жолоодон хот руу буцан ирж байхдаа замын хажуугаар ганц нэгээр алхах халдвар авсан хүмүүсийг хараад гуниглах сэтгэл хэн хэнд нь төрөх аж. Бүхэл бүтэн улс үндэстэн, хүн төрөлхтнийг өмнөө сөхрүүлсэн ийм өвчин гараад ирэхийг хэн ч тааварлахгүй. Анагаах ухаан, аж үйлдвэр хөгжсөн өнөө үед ч энэ өвчнийг ялж дийлсэнгүй. Эхний машинд суусан Итгэл –Хаашаа явах вэ гэж Баяраагаас асуухад, -Юу ч гэсэн чигээрээ явж байгаад Долоон буудлаар хот руу оръё. Зам дагуух дэлгүүрүүдийг үзэх хэрэгтэй байх гэлээ. Тэд Долоон буудлаар хот руу орж ирэн, 6 буудал хавьцаа замын хажууд байх гурван давхар байшингийн хананд Хүнсний супермаркет гэж хаяг бичсэн дэлгүүр рүү орохоор шийдэн үүдэнд нь зогслоо. Үүдний хаалга түгжээтэй байлаа. Харин цонхнуудыг нь хагалжээ. Тэд ч гучаад минут хаалгатай ноцолдож байгаад нэг юм хаалгыг нь эвдэн орж дөнгөлөө. Гадаа Итгэл Тулгаа нар харуулдан үлдэв. Дотогшоо ороход дэлгүүрийн лангуунууд хоосон, тоос дарчихсан байв. Цонхоор орж ирэх гэрэл бүдэгхэн учраас цаашаа явах тусам улам харанхуй болно. Даваа гар чийдэн асаан хамгийн түрүүнд алхан араас нь Баяраа буугаа атгачихсан аажуухан урагшлана. Хэд хэдэн эгнээ лангуу хоосон л байлаа. Харин буланд байх хайрцагтай зүйлийг Хулан оноож хараад хэрэгтэй зүйл байж магадгүй гэж бодон ойртон очив. Хайрцгийг задлан харахад дүүрэн боодол мөнгөнүүдийг тэвхийтэл хураажээ. Үүнийг хараад Хулангийн урам нь хугарав. Хэн нэгэн үүнийг авч явах гэж бэлдэж тавиад авч явж амжаагүй бололтой. Одоо мөнгөний хэрэг тэдэнд ердөө ч байхгүй. Харин хүнс бараа л хэрэгтэй, тэр тусмаа хүнсний зүйл. Давхрыг нэлэнхүйд нь шалгасан боловч юу ч байсангүй, харин доошоо буух шат тааралдахад агуулахын хаалга руу аваачиж байгааг мэдлээ. Харамсалтай нь бүдүүн төмөр торон хашаа цоожтой учраас дотогшоо орох боломж байсангүй, гар чийдэнгээр тусган харахад зөндөө олон хайрцагтай зүйлүүд дотор байв. Юу ч болсон өөр орох хаалга бий эсэхийг шалгахаар болон гадагшаа гарцгаалаа. Арын хашаагаар нь тойрон ороход шууд подвал руу орох хаалга  байлаа. Түүнийг мөн л эвдэж ороод хайрцагтай зүйлээс нэгийг гарган гэрэлд харахад баахан хувцас хунар, гутал л байв. Бусад хайрцгууд ч бас адилхан. Дэлгүүрийн хаягны доор жижгээр комиссын бараа гэсэн хаяг байгааг харин одоо л анзаарцгаалаа. –Хэрэгтэй нэг юм нэг ч алга хэмээн Тулгааг бухимдахад, -Юу ч гэсэн зузаан хувцаснуудаас нь хэдийг авчихад буруудах зүйлгүй ээ. Бас өвлийн гуталнууд байвал хойшоо ачаа руугаа хийчихье гэж Даваа хашир хүний зангаар хариулав. Удалгүй өвөл болох учраас энэ нь ч үнэний ортой үг байлаа. Тэд шилж сонгон хэдэн хувцас, гутал ачаан дээрээ ачаад цаашаа хөдөллөө. Зам зуур тааралдах хэд хэдэн жижиг дэлгүүрээр орсон боловч идэж уух юмны бараа сураггүй ажээ. Тэд явсаар Бөмбөгөр худалдааны төвийн хажууд ирж зогсов. Барилга руу орцгооход олон сараар онгорхой хаягдсан байсан учраас ч тэр үү  том ханхар барилга дотор хүйтэн салхи салхилан ар нуруунаас жиндүүлэн, энд тэнд хог цаас хөглөрөх аж. Ихэнх барааг хүмүүс авсан байсан ч энд тэнд онгойлгож чадаагүй лангуунууд мэр сэр байлаа. Хоёр ч лангууны хаалтыг нилээн хүч гаргаж, эвдлэх гэж оролсон боловч онгойх шинжгүй аж. Энэ үед Баяраа бусдаасаа –Буудчих уу гэж асуухад бүгд толгой дохив. Тулгаа том хаалгыг сахин үлдсэн байлаа. Тэр үед дотор гурван удаа буун дуу гарахад тэр үнэхээр их сандарчээ. Нэг дотогшоо орох гэснээ үүдийг орхиж болохгүй байх гэж бодон байрандаа үлдэв. Харин буун дуу барилга дотор хөлхөлдөж байсан зомбинуудыг хөдөлгөөнд оруулжээ. Энд тэндээс арав гаруй зомбины архирах дуу гарахад дотор байсан хүмүүс ажлаа шалавлах хэрэгтэйгээ ойлгон хурдалж байлаа. Тэдний онгойлгосон хоёр лангууны нэгнээс шилтэй, лаазтай хүнсний бүтээгдхүүн арваад хайрцагтай олджээ. Харин нөгөө лангуунаас найман шуудайтай гурил будаа олдсонд тэд баярласандаа магнай нь хагарах дөхөв. Тэднийг өнөөдөр аз ивээжээ. Аль дийлэхээрээ хайрцагтай зүйлүүдийг эхний ээлжинд машин руугаа хүргэхээр өргөн гарах хаалга руу зүглэв. Хамгийн түрүүнд Даваа хоёр хайрцагтай бараа давхарлан явж байгаад булангийн цаанаас нэг зомби түүн рүү дайрахад тэрээр цочсондоо хайрцгуудаа алдаж орхив. Хайрцгаа алдахад доод талын хайрцганд байсан шилтэй зүйлүүд зарим нь хагарч байгаа чимээ гарахад тэр харамссандаа өөр рүү нь дайрсан зомбиг түлхэн цааш нь унаган дээр нь гарчээ. Ингэхдээ хашгиран толгой, шанаа руу нь баруун гараараа нүдэж гарлаа. Хичнээн их цохисон ч зомби амаа ангайн шүдээ ярзайлгаж, өндийх гэж оролдоно. Харин энэ үед хойноос нь явж байсан Итгэл түүнийг харан –Даваа одоо ингэж байх цаг бишээ гэж хэлэнгээ хайрцгуудаа газарт тавин биеэс нь тэврэн дээрээс нь босголоо. “Ингэж тэнэгтэж байж халдвар авах нь золиг чинь” гэж дотроо бодонгоо хутгаа гаргаж ирээд түүний өмнө босч ирсэн зомбины нүүр рүү хутгаа гүнзгий бүлэв. Зомби татваганаж байгаад газар хөсөр унажээ. Хажуугаар нь Болороо, Хулан нар үхэж байгаа зомбиноос холуурхан тойрч хайрцгуудаа тэврэн хажуугаар нь өнгөрлөө. Баяраа хамгийн сүүлд явахдаа –За хурдалцгаая. Тэд нар бүслээд ирж магадгүй гэж шавдуулав. Даваа газар унасан хагархай шилнүүдтэй хайрцгуудаа юу ч гэсэн аван хойноос нь дагалаа. Үүдэнд тэд ирэхэд Тулгаа бас хоёр зомбиг газар унагажээ. Тэдний ачаануудыг нэг нэгээр нь аван машиндаа хурааж тавив. Ингээд нийт гурван удаа нааш цааш яваад бүх ачаагаа машинууддаа ачжээ. Тэд эргэж орох уу гэхэд машин замаас ирж байгаа дөч тавин зомбиг хараад болихоор шийдэв. Зомбинуудын эсрэг зүг рүү машинуудаа чиглүүлэн хөдөллөө. Тэд найман шарга руу явдаг зам руу гарчээ. Харин энэ үед хойно явсан Даваа машин нь нэг л сонин яваад байгааг анзааран хойд дугуй руугаа тонгойн хартал хий нь гарч шалчийж байгаа үзэгдэв. –Чөтгөр ав гээд хурдаа багасган арваад метр газар яваад зогсов. Тулгаа тэр хоёр бушуухан бууж, арын хаалганд боолттой дугуйг салгаж авч байв. Харин хойноос нь ирэх зомбинууд улам дөтөлсөөр бараг зуугаад метрийн зайтай болж ирэв. Эхний машиныг жолоодож байсан Итгэл толиндоо хараад тэднийг хойноос нь явахгүй байгааг мэдэн эргээд иржээ. Дөнгөж тоормозлотол Баяраа Итгэл нар үсрэн буулаа. Дугуй хагарсныг хараад Баяраа –За хурдалж үзээрэй гээд Итгэлийг дагуулан зомбинууд руу дөхөв. Бууныхаа гал хамгаалагчийг буулган буудахад бэлэн болгон  нэг хөл дээрээ явган суун хараалж эхлэв. Арагшаагаа хартал Даваа дугуйгаа эргүүлэн тайлж, харин Тулгаа данхраатаар машиныг өргөж байгаа үзэгдэнэ. Эргээд зомбинууд руу анхаарлаа төвлөрүүлэн эхний зомби өөрөөс нь хориод метрийн зайтай ирэх үед хүнд бууны тасхийх чимээ их хотын нам гүмийг эвдэн агаарт цуурайтлаа. Нэг дэх зомби цохондоо буудуулан хажуу тийшээ холбирон унав. Хоёр секундын дараа дараачийн зомби газарт уналаа. Энэ мэтчилэн тав дахь зомби газарт унах үед бөөгнөрсөн олон зомби хориод метрийн зайнаас гэнэт хурдаа нэмэн түүн рүү огцом дайрцгаав. Харин Баяраа аажуухан боссон чигтээ сум тоолон тэд нарыг богино ээлжээр галлаж эхлэв. Одоо бол буудуулсан болгон унахгүй, зарим нь цээж рүүгээ буудуулан шархадсан ч дайрахаа зогсоосонгүй. Баяраа нэг нэг алхмаар ухрангаа буудсаар л байлаа. Хэдэн хормын дараа –Баяраа хурдлаарай, болчихлоо гэхтэй зэрэгцэн эргэж харахад аль хэдийнэ дугуйгаа солиод тавьчихжээ. Баяраа –Хөдөлж бай гэж хашгирангаа гүйлээ. Түүний араас бөөгнөрсөн олон зомби нэгэн зэрэг ухасхийн гараа сарвалзуулан хөөх аж. Эхлээд Даваа машинтайгаа хөдлөн явжээ. Харин араас нь Итгэл машинаа хөдөлгөх үед ачаан дээр нь Баяраа эхлээд буугаа шидэн хаяад араас нь өөрөө үсрэн ороод кабиныг алгаараа цохин –Хурдаа нэмээрэй гэж хашгирлаа. Итгэл ч хаазаа нэмэн бөөгнөрсөн зомбинуудаас сугаран холдож төв зам руу орон хурдаа нэмлээ. Харин Баяраа ачаан дээр их л жаргалтай нь аргагүй салхины өөдөөс инээмсэглэн чангаар хашгирна. Ингэж явахдаа эргэж харан тоосонд нь булагдан үлдэж байгаа зомбинууд руу дунд хуруугаа гаргахаа ч мартсангүй. Кабин дотор суусан Итгэл Болороо хоёр ч түүнийг харан чангаар инээлдэцгээнэ. Тэд ойрын үед ингэж инээснийгээ хэн нь ч санахгүй байлаа. Баянбүрдийн уулзвар хүрэх үед Итгэл Давааг гүйцэн шахах дүр үзүүлэн сахилгагүйтэхэд нөгөөх нь ч бас мөчөөгөө өгсөнгүй, замаа хашин гүйцэгдэхгүйгээр уралдан давхив. Зуслангийн зам руу орон хэдэн км яваад гэрийн бараа харагдах үед л тэдний уралдаан өндөрлөжээ.        

9. Мөр

Анхны цас хаялсан үдэш Гансүхэд Мөөгий сүүлийн хоёр хоногийн тайлангаа тавин зогсоно. Баярааг хотын хаагуур хайсан, хэдэн км явсан зэргийг сонсож сууж байсан Гансүх хамгийн сүүлийн ямар ч ул мөр олоогүй гэх үгийг сонсонгуутаа босч ирэн Мөөгийгийн зүүн шанаа руу нэг хүчтэй цохилтоор газар унатал дэлсэв. Унасных нь дараа дээрээс нь шүлсээ хаянгаа ууртайгаар –Хэний хүчинд өдий зэрэгтэй явж байгаагаа чи мэдэж байна уу? Үхмээр байна уу гөлөг минь. Он гарахад сар гаруйхны хугацаа үлдлээ. Харин чи одоо болтол миний өмнө ярьдаг үлгэрээ үргэлжлүүлсээр унтуулчихна гэж бодоо юу? Одоохон зайл. Үргэлжлүүлж хай хэмээн шүлсээ үсчүүлэн хашгичив. Мөөгий ч дуугүйхэн босч өрөөний хаалгаар гарлаа. Том өрөөнд шуугилдах залуучуудын хажуугаар үг ч дуугарсангүй, шууд гадагшаа гаран хашаан дотор тамхи татан зогсов. Билгээ харин дотор өрөөнд юу болсныг гадарласан бололтой араас нь гарч ирэн –Юу болов? гэж асуухад –Босс ууртай байнаа. Олж ир л гэж байна гэснээ санаа алдан тэнгэр рүү харахад дээрээс нь зөөлөн будрах цасан ширхгүүд нүүрэн дээр нь буун хайлж байлаа. Тэд сүүлийн сар гаруй хугацаанд өглөөнөөс үдшийн бүрий болтол хотын хаа сайгүй хайн нүхлэх шиг л болжээ. Урьд нь Улаанбаатар жижигхэн юм шиг санагддаг байтал одоо зургаан хүний хувьд хоёр хүнийг хайх нь ахадсан ажил гэдгийг өөрсөд дээрээ мэдэрч байлаа. Тэд хоёр долоо хоногийн өмнө хорооллын эцэст байх гурван давхар галлагаатай байшин руу нүүж ирцгээжээ. Урьд нь энэ байшинд зочид буудал ажилладаг байсан бололтой, маш олон унтлагын өрөөнүүдтэй. Гуравдугаар давхарт Гансүх хамгийн том өрөөнд ганцаараа амьдардаг. Нэг болон хоёрдугаар давхруудад түүний залуучууд амьдарна. Харин подвалд байх машины гарашийг тэд нар агуулах маягаар ашигладаг болжээ. Мөөгий тамхиа татаж дуусч байхдаа нилээн дээр Дарь-Эхэд таарсан машины дугуйны мөрийг гэнэт саналаа. Тэр үед зуслан руу нэг удаа л явцгаасан, дахиж хайгаагүй. Тиймээс тэр чиглэл рүү эрлээ үргэлжлүүлэх хэрэгтэй гэж санан –Билгээ, маргааш хэдүүлээ зуслан руу явах болно. Хүмүүсээ бэлдээрэй. Бид хэд ч хонож магадгүй. Бэлтгэлтэй явцгаагаарай гэхэд Билгээ –За гэж хэлэв. Маргааш өглөө нь босцгооход гадаа цас нэлэнхүйдээ зам талбайг бүрхжээ. Том жип машинд нийт зургаан хүн суужээ. Бүгд өвч бүрэн зэвсэглэсэн, дулаан хувцасласан харагдана. Тэд энэ удаа нарийвчлал сайтай нэгжихээр шийдэн, Долоон буудлаас цаашаа хэдэн км яваад л зогсон тал тал тийшээ таран байшингуудаас утаа гарч байгаа, эсэх, гадаа нь машин байгаа эсэхийг ерөнхийд нь шалган явах аж. Ингэсээр өдөр дуусч байхад тэд дөнгөж Яргайт л хүрчээ. Мөөгий гайгүй хоноглох байшин ол гэсэн тул нэгэн түгжээтэй байшинг эвдлэн дотор нь ороод галлаж эхлэв. Шөнө болж байхад бүгд унтацгаахаар хэвтэв. Харин нэг нь бие засахаар гадагшаа гарчээ. Гарсан залуу амандаа –Лалар гэж. Энд ингэж зутарч ч явах гэж. Тэр муу Гансүх өөрөө хайхад яадаг байнаа хэмээн үглэн зогсонгоо харанхуйд шээн зогсоно. Харин түүний ардаас чимээгүйхэн мөлхөн ирж байсан зомбиг мань эр анзаарсангүй. Хоёр хөл нь тавхайгаараа тасарсан тэр зомби хөлнийх нь харалдаа ирэнгүүтээ шүдээ шилбэнд нь гүн зоож орхижээ. Гэнэтийн энэ санаандгүй дайралтанд өртсөн залуу чангаар орилон хөлөө салгах гэж оролдовч шинэ цусны амт авсан зомби гараараа хөлнөөс нь зууран улам шунахайран булчингаас нь өмдтэй нь цуг томоор тастан залгилж эхлэв. Гадаа гарах их чимээнээр бусад нь гүйлдэн гарч ирлээ. Мөөгий хажуудах залуудаа зомбиг нь салгаж хая гэхэд машиныхаа арыг онгойлгон том хүрз авчран залуугийн хөлнөөс хазсан чигт нь дагз руу нь хүчтэй цавчин дуусгав. Хөлөндөө хүнд шархадсан залуу ч орилохоо зогсоосонгүй зомбины толгойг хөлнөөсөө салгаж хаяв. Гэрэл тусган шархыг нь харахад хэсэг газрын махыг өм хазаж, яс нь цаанаасаа цайран харагдана. Залуу улам чангаар орилон ёолно. Энэ үед Мөөгий ярвайн зогсож байснаа –Наадхаа дуугүй болго гэхэд хажуудах залуусынх нь хэн нь ч хөдлөхгүй алмайран зогсоно. –Энэ удахгүй хувирна. Ойлгож байна уу. Тэгээд ч ойр хавийн хамаг зомбиг ийш нь авчирмааргүй байна гэж үргэлжлүүлэн уурсан хэлэхэд  шархадсан залуу –Ах дүү нар минь, анд нөхөд минь намайг битгий ал л даа. Би халдвар аваагүй ч байж магадгүй ш дээ. Хот руу буцаад явцгаая. Эмийн сан олцгооё л доо гэж гуйхад, Мөөгий –За яахав тэгье ээ. Гэхдээ чи чимээгүй болох хэрэгтэй, ойлгож байна уу. Чамайг машин руу аваачъя, за юу. Алив та нар түүнийг сугадаад машин руу суулгаадах. Гэхдээ урд суудлаа муухай болгомооргүй байна. Хойно ачааны хэсэгт суулгаарай гэж зааварлаад машин руугаа түрүүлэн алхав. Шархадсан залуу ч –Баярлалаа, Мөөгий ахаа. Ачийг чинь мартахгүй ээ хэмээн итгэл найдварын оч дотор зурсхийжээ. Бусад залуучуудаас хоёр нь түүнийг сугадан машины ачааны хэсэг рүү оруулав. Мөөгий –Нэг нь надтай цуг явчих. Бусад нь байшиндаа байж бай гээд жолоочоороо машинаа бариулан хот руу хөдөлцгөөлөө. Гурьан дөрвөн км явснаа Мөөгий –Зогс гэж тушаав. Жолооч гайхан түүн рүү хараад зогсоход, суудлаасаа буун машины ард очоод хаалгыг онгойлгон –Буу гэж шархадсан залуу руу зандрав. Шархтай залуу өрөвдөлтэйгээр түүн рүү харан –Битгий л дээ гэхэд –Өдийг хүртэл би эдгэрсэн хүн нэг ч хараагүй. Чи угаасаа хувирах нь тодорхой гэж бодож байна. Гэхдээ чамд нэг боломж олгоод амьд үлдээж байгаа юм шүү хэмээн инээнгээ түүнийг чирж буулгав. Чирсээр замын ирмэг дээр аваачсанаа –Амжилт хүсье залуу минь гэж хэлчихээд түүнийг өшиглөн замаас эгц уруу өнхрүүлэв. Залуу хэд өнхрөөд газар унасныхаа дараа –Мөөгий, битгий л дээ гэж орилох аж. Мөөгий машиндаа буцаж суугаад буцаад эргээд явъя хэмээн жолоочдоо хэлэв. Залуугийн орилох дуу ард замхран шөнийн харанхуйд үлдлээ. Буцаж эргэж ирээд Мөөгий өөрөөс нь асуусан харцаар харах хүмүүст түүнийг энд буудах юм уу алвал их чимээ гаргаж ойр хавиас халдвартай новшнуудыг аваад ирэх байх гэж бодоод хол авааччихаад ирлээ гэв. Харин үүнийг сонсоод –Яадаг новш вэ чи, түүнийг ядаж зовлонгоос нь холдуулж нүд аниулчихаад ирж болсонгүй юу хэмээн өөр нэг залуу босч ирэн заамдахад тайвнаар –Намайг ч бас хазуулчихвал тэгээд үлдээж болноо. Чамд гомдохгүй. Чи түүнд тийм тусалмаар байгаа бол эргээд явж болно шүү дээ. Тэр хаашаа ч холдоогүй байж байгаа биз гэхэд нөгөө залуу заамдаж байсан гараа аажмаар суллан аажуухнаар эргэж суулаа. –Тийм байлгүй дээ гэж Мөөгий инээмсэглэн ор руу хажуулдан хэвтээд -Унтацгаая даа. Маргааш эрт босч эрлээ үргэлжлүүлнэ гэж хэлчихээд буруу харав. Энэ үгийг сонсоод бусад нь ч бас унтахаар хэвтэцгээв. Билгээ харин шөнө унтаж байхдаа хаалгыг нь тогшиход онгойлготол нөгөө шархдаад хол газар хаягдсан залуу өөдөөс нь нүүр, биеийнхээ нэг талыг идүүдчихсэн зогсож байна гэж хар дарж, их тухгүй унтжээ. Өглөө гэгээтэй болох үед Мөөгийгийн –Босцгооё залуусаа гэх чанга дуунаар бүгд сэрж уван цуван босцгоолоо. Гадаа гарахад цасан дээр өчигдрийн болсон явдлаас болж хэсэг газрын цас ув улаан өнгөтэй болжээ. Машиндаа сууцгаан эрлээ цааш үргэлжлүүлэхээр болов. Шаргаморьтыг нэгжиж дуусган улам цаашилсаар л байлаа. Харин цаашлах тусам цас их орсон бололтой, машин нь цасанд сууж, тэд их хүч гарган цасыг малтах, хойноос нь түрэх зэргээр урагшилсаар л байжээ. Тэд явсаар байсан ч дахин дахин цасанд суусны улмаас өдрийн тал болжээ. Энэ үед нэг нь –Одоо болих юм биш үү, ийшээ хүн байтугай, чөтгөр ч байхгүй гэж бодож байна гэхэд Мөөгий түүн рүү муухай харан –Бид эргэж очвол юу болохыг мэдэж байгаа биз дээ гэхэд –Тийм л дээ. Гэхдээ бид нартай тооцоо бодно гэж хэлээгүй. Чамтай л тооцоо бодно гээ биз дээ гэж ойшоосон шинжгүй хариулахад нь Мөөгий тэсгэл алдан түүн рүү ухасхийн дайрч дээр нь унаад баруун зүүнгүй толгой руу нь балбаж өгөв. Харин доор байсан залуу наадхаа болиулаачээ гэхэд бусад нь Мөөгийг араас нь тэврэн түүнээс салгав. Зодуулсан залуу босч ирэхдээ ууртайгаар хашгиран араасаа тэврүүлсэн байсан Мөөгийгийн нүүр рүү хүчтэй мөргөхөд хүчтэй мөргүүлснээс духнаас нь цус нүүрийг нь бүрхэн, доошоо гоожиж эхлэв. Харин Билгээ араа бодон –Залуусаа одоо болноо гэж салгах гэж оролдох аж. Харин бусад нь түүний үгийг тоосонгүй, Мөөгийг бүлэглэн зодож байгаад хүлж байгаад машиныхаа арын ачаа руу шидэж орхив. Тэгчихээд тэд Билгээ рүү муухай харан зогсоход –За за ойлголоо залуусаа. Эргээд явцгаая хэмээн Билгээ айсхийн хэлэв. Тэд бүгд машиндаа суун эргэн хөдөлжээ. Тэдний эргэсэн газраас холгүйхэн ердөө хагас км-ийн зайнд Баяраа, Тулгаа нарын байшингаас утаа суунаглаж байсныг тэдний хэн нь ч анзаарсангүй. Харин эсрэгэрээ цасанд суусан машины хаазлах чимээ, хүмүүсийн хашгиралдах чимээнээр Тулгаа алсад нэг машин зогсож байгаад хүмүүс нь бужигналдаж байгаад эргэж явахыг холоос харжээ. Гэр рүүгээ яаран гүйж орон галаа унтраа гэж орилоод, юу болсныг бусаддаа хэлэв. Түүний яриаг сонсоод Баяраа гүйн гарахад тэртээх алсад нэгэн жип буцаад хот руу хурдалж байгааг дөнгөж харж амжжээ. Хэсэг бодолхийлснээ тогойд нь гайхамшигтай санаа орж ирэв. “Энэ яалт ч үгүй Гансүхийн хүмүүс байна. Гэхдээ бид нарыг мэдээгүй бололтой. Цас орсон нь сайн хэрэг” гэж бодоод байшин руу гүйх шахам орон –Итгэл, Тулгаа хоёроо зэвсгүүдээ аваарай. Машинаа гарга. Бид ажилтай боллоо гэж баяртайгаар чангаар хашгирав. –Юу болсон бэ гэж бусад нь гайхан асуухад -Бид тэднийг мөрдөж хаана байгааг нь илрүүлэх боломжтой боллоо. Одоо л явахгүй бол тэдний цасан дээр гаргасан мөр салхинд алга болох болно гэв. Харин Болороо, Хулан хоёр үүнд нь дургүйцэн –Тэр хүмүүсийг зүгээр орхичихвол яасан юм бэ. Бид нарыг эндээс олохгүй ш дээ гэхэд –Та нар яасан юм ойлгодоггүй хүмүүс вэ. Тэд нар биднийг хэзээ нэгэн цагт олж л таарна. Тэр үед та хоёрыг гэмт хэрэгтнүүд яахыг мэдэж байна уу гэхэд Итгэл хачин царайлан, -За за ойлголоо Баяраа. Гурвуулаа явцгаая. Даваа охидуудтай цуг үлдэг хэмээн амандаа бувтнав. Гарашнаас машинаа асаан гаргаад Итгэл жолооны ард суун яаравчлан хөдлөв. Тэд төв зам руу орох гэж цасан дундуур хэсэг мацан явж байгаад засмал зам руу ороод цасан дээр гарсан шинэхэн машины дугуйны мөрний хойноос хурдлан давхиж эхлэв. Харин өмнөх машины бараа сураг ч харагдахгүй ажээ. Хот хүртэл машины мөр маш сайн хадгалагдан үлджээ. Тэд явсаар хорооллын эцэс хүрэх үед урд талд нь хоёр км-ийн зайнд өмнөх машин гэр хороолол руу эргэж байгаа нь хальт үзэгдээд алга болов. Итгэл аажуухнаар хурдаа багасган ойролцоогоор нэг км-ийн наана машинаа байшингуудын дунд нуун зогсоов. -Чонын үүр эндээс ойрхон байгаа гэж хэлээд Баяраа буугаа аван машинаас буужээ.

10. Төлөвлөгөө

Машинаасаа бууцгаан булан бараадан гүйцгээн очиход тэдний таамагласан ёсоор замаас холгүйхэн гурван давхар жижгэвтэр байшингаас утаа суунаглаж байлаа. Тэд ойролцоох өндөр байшин руу орон таван давхрын цонхоор нь нууцаар харцгаан хашаан доторхыг болон байшин дахь хүмүүсийг ажиглах ажиглалтаа эхлэв. Харин энэ үед Мөөгий болон хүмүүс нь Гансүхийн өрөөнд бүгдээрээ орцгоожээ. Гансүх Мөөгийг харахад нүүрнээс нь гоожсон цус хацар амыг нь даган хатаж, нэг нүд нь булуу болтлоо хавдсан байв. –Яагаад ийм болчихов. Бас хэн хүлсэн юм? Уяаг нь тайл гэхэд нэг залуу нь бусдыгаа төлөөлөн –Тэр манай нэг хүнийг зусланд халдвар авсан үед нь гөлөг төөрүүлж байгаа юм шиг орхичихоод ирсэн. Ядаж амийг нь таслах ёстой байсан бас бид нарын машин цасанд суугаад олигтой цааш хөдөлж чадсангүй гэхэд Гансүх түүн рүү нүүр нүүрээрээ халз тулан –Тэгээд чи Мөөгийг зодож, хүлсэн юм биз дээ гэхэд нөгөөх нь –Тиймээ. Тэгэхгүй бол болохгүй байсан юм. Тэр над руу дайрсан гэж өөрийгөө өмөөрөв. Гансүх –Ямар ч тохиолдолд та нар ахлагчийнхаа биед гар хүрч болохгүй гэдгийг мэдэх үү гэснээ огцом гараа хөдөлгөх шиг болоод хойшоо хоёр алхам ухрав. Бүгд гайхан хартал түүний өмнө зогсож байсан залуугийн хэвлийнд хутга зоолттой байлаа. Хутга зоолгосон залуу юу болоод өнгөрснийг ч ойлгосонгүй, доошоо хараад шархнаас нь доошоо урсах шингэн цусыг хараад өвдөг дээрээ сөхрөн ойчив. Хормын дараа нүүрээрээ газар шаан унаж, амьсгаа нь бага багаар тасалдсаар хамгийн сүүлд нэг урт амьсгаа аваад дахин хөдөлхөө больжээ. Нүдний хараа нь харин өмнө нь зогсох Гансүхийн гутал руу харсан чигтээ хөшчээ. Бусад хүмүүс гэнэтийн энэ үйлдэлд цочирдон хэн нь нь ч хөдөлж чадсангүй. Гансүх тайвнаар –Наад хүүрээ гудамжинд гаргаж хая. Харин Мөөгийгийн хүлээсийг тайл гэж хэлэхэд Билгээ Мөөгийгийн хүлээсийг тайлан, бусад нь дөнгөж сая нүдэн дээр нь алагдсан цогцсыг дамжлан өрөөнөөс гарцгаав. Мөөгий харин үг дуугарсангүй бас талархсангүй, чимээгүй л байлаа. Гансүх –Тэгээд зусланд тэд нарын мөр харагдсан уу гэхэд Мөөгий толгойгоо сэгсрэн –Бидэнд аз тохиосонгүй гэж намуухан дуугаар өгүүлэв. Гансүх түүнд нэг юм хэлэх гэснээ больж –За за өнөөдөр маргааш хоёр өдөр чи биеэ эмчлээд амраарай гэснээ Билгээ рүү харан –Чи тэдэнтэй нийлж ахлагчаа зодсон уу гэхэд Билгээ –Үгүй ээ, би түүнд хуруугаа ч хүргээгүй. Харин болиулах гэж оролдсон гэж бувтнав. Мөөгий ч бас ярианд оролцон –Тэр оролцоогүй ээ. Бусад нь бас нэг их оролцоотой биш. Саяын үхдэг л эхлүүлсэн юм гэв. Гансүх –За за хэмээн цонх руу ойртон гадагшаа харж, хэсэг зогсов. Харин эсрэг талын байшингийн цонхноос түүнийг Баяраа олж харжээ. Гэхдээ үүний өмнөхөн дотор болсон хэргийг олж хараагүй байна. Баяраа буугаа хараалан Гансүхийг онилсон боловч түүнийг онинд хангалттай орж ирсэнгүй. Тэгээд ч хэдэн хормын дараа цаад өрөө рүүгээ орон алга болоход түүнийг буудах боломж агшин зуур алга болоход нь Баяраа бага зэрэг харамсав. Хэрэв сая буудчихсан бол мэдээж түүний залуус байрыг нь дорхноо олоод ирэх учраас бүр ч муу юм тохиолдож магадгүй байжээ. Үд дунд болж байсан болохоор хашаан дотор зөндөө хүмүүс хөлхөлдөнө. Харин хоёр залуу нэг хүнийг дамжлан хашаанаас гаран машиныхаа тээшний хэсэгт хийж байгааг хараад дотор нэг юм болжээ гэдгийг хэн хэн нь гадарлав. Юу ч гэсэн байдлыг харзнахаас өөр сонголт тэдэнд байсангүй. Дотор харин энэ үед Гансүх орон дээрээ хэвтчихсэн тааз ширтэн дотроо бодолхийлэн хэвтэнэ. “Эд нарт хэн ямар байранд байх ёстойг нь хааяа сануулж байхгүй бол болохгүй нээ. Мөөгийг зодож байна гэдэг чинь дараагийнх нь ээлж би болно. Харин дараа нь намайг алахаас сийхгүй. Гэхдээ маргаашнаас байдал өөр болох байлгүй. Ар нуруугаа хамгаалж явахгүй бол болохгүй нь. Эдэн дунд зуун хувь итгэл өгчихөөр нэг ч хүн байхгүй юм даа харамсалтай нь”. Түүний үнэн байлаа. Хамгийн ойр дотны хүн болчихоод байгаа Мөөгий гэхэд түүнээс айсандаа л хөдөлж байв. Харин Билгээ тохиромжтой үеийг хүлээн өшөөгөө авах өдрийг хоног тоолон хүлээж байлаа. Түүнд яг үнэндээ боломж олдохгүй байгаа нь гачлантай. Өдөржингөө л гадуур Мөөгийтэй цуг нэрнээс бусдыг нь үл мэдэх Баяраа гэх цагдааг хайж байгаа гэдгээ л мэднэ. Тэр нарийн учрыг мэдэхгүй ч сураг сонсоход Гансүхийг шоронд хийсэн хүн гэхлээр цагдаа юм байна л гэж боджээ. Сүүлийн хоногуудад ийм л юм хийсэн болохоор түүнд зав гарахгүй байлаа. Үүндээ ч тэр бухимдуухан байв. Гансүх доошоо бууж ирэн гал тогооны том танхимд орж ирэн хооллохоор суухад тогоо шанага барьж байгаа тэдний тогооч болчихсон залуу царан дээр цай, хоол зэрэг зүйлсийг өрчихсөн ирж өмнө нь тавив. Гансүх цаашаа харан хооллож байсан залууг дуудан ширээ рүүгээ авчраад өөр аяганууд авчруулж байгаад хоол, цайнаасаа таслан амсуулав. Тогооч залуу түүний энэ үйлдлийг хараад дотроо “Санаатай муу хөгшин чоно шүү тэгж байгаад” гэж бодож амжив. Гансүхийн хувьд өөрөө хэдэн удаа хүмүүсийн хоол, архинд хор хийж ул мөр үлдээлгүй алж байсан болохоор ийм хашир байдаг билээ. Архинд хор хийж өгч алахад амар байдаг байлаа. Учир нь түүний хэрэглэдэг байсан хор задлан шинжилгээгээр илэрдэггүй. Тиймээс цааш харж байгаа хүмүүст архины хордлогонд орсон гэсэн онош л дараа нь гардаг байж. Түүний хоол цайг амссан залуу өөдөөс нь харан хэсэг суухад Гансүх –За за ширээ рүүгээ яв гэж хэлээд хоолоо тайвнаар идэж эхлэв. Тэднийг ийнхүү хоолоо идэж суухад зэргэлдээх таван давхар байшингийн цонхноос Тулгаа байшинг ажиглаж зогслоо. Гарч орох хүмүүсийг тоолоход лавтайяа хориод хүн байх аж. Тэд их олон машинтай юм. Таван машин болон хүн бүр шахуу буу зэвсэгтэй байлаа. Хараад зогсож байтал нь түрүүний цогцос ачсан машинд гурван хүн суугаад хөдлөн явлаа. Цогцсыг хол аваачиж хаях нь гэдгийг мэдлээ. Байшин урд талаасаа болон баруун талаасаа орох нэг нэг хаалгатай. Гадна төмөр хашаа зүгээр л энгийн чагтан түгжээтэй юм. Хашаанд ороход амархан, харин байшин руу ороход хэцүү байж магадгүй. Амархан байлаа ч тэд ганцхан хүнд буутай, хоёр гар буутай ороод юугаа ч хийх билээ дээ. Итгэл Баяраа хоёр нөгөө өрөөнд нь төлөвлөгөө боловсруулан ярилцан сууна. Баяраа –Мэдээж өдрийн цагаар энэ байшин руу ойртохын ч хэрэг байхгүй. Харин шөнө унтаж байхад нь орж болох юм. Шөнөдөө ганц нэг харуул гаргадаг байж магадгүй. Түүнийг нь дуу чимээ гаргахгүй янзлах хэрэгтэй. Харин надад нэг санаа байна. Харуулыг унагасны дараа байшин руу халдвартай зомбинуудыг яаж ийж байгаад оруулах хэрэгтэй. Тэгвэл дуг нойрондоо түгжирч байгаа хэдэд нь халдвар тараачихна. Харин бүгд сэрсэн үед аль хэдийнэ бүх зүйл болоод өнгөрсөн байх болно. Юу гэж бодож байна гэхэд Итгэлийн нүд нь сэргэн, -Сайхан төлөвлөгөө байна. Харин хаанаас тэд нарыг чинь барьж авчирдаг юм билээ гэхэд, Баяраа –Чи Даваагийн яриаг сонсож байсан биз дээ. Тэдэнд их хэмжээний наркоз тарьж унтуулаад энд авчирна. Бид харин гурвуулхнаа энэ бүгдийг хийж амжихгүй. Өнөөдөр бэлтгэл ажил дутуу, ер нь л бүтэхгүй. Харин маргааш нөгөөдрөөс аажуухан ирээд энэ байшинг дотроос нь дэлбэлээд өгье гэж хэлснээ инээв. Тэд тохирчээ. Тулгаад бас энэ төлөвлөгөөг хэлэхэд тэр дэмжив. Явах бэлтгэлээ хийн таван давхар байрнаас сэмээрхэн гарцгаан машин руугаа явцгаалаа. Буцаж явцгаах замд замын цас алга хайлаагүй байсан тул мөрөө буруулж, өөр замуудаар тойрч байгаад зуслан руугаа явжээ. Гэртээ ирэх үед харин орой болсон байв. Тэд гэртээ орж ирцгээн хоол ундаа идэцгээж байгаад төлөвлөгөөгөө ярьж эхлэв. Баяраа Даваад хандан –Чамд хэр их наркоз байгаа вэ гэхэд Даваа –Ер нь их бага болсон. Гэхдээ хоёр амьтныг бол унтуулчихаж дөнгөнө гэхэд –Хэр удаан унтуулах вэ гэхэд –Хоёроос гурван цаг нам шүү дээ. Харин сэрэх үед нь болгоомжтой байхгүй бол болохгүй. Тэд гэнэт дайрдаг юм гэж хариулав. –Та нар тэгээд яаж барьж авдаг байсан бэ гэхэд –Оосор уяагаар бугуйлдаж унагаад нөгөө талаас нь ирээд л хоолой, хүзүү рүү нь тариагаа тултал нь зоож байгаад хурдан шахдаг байлаа гэж хариулав. Итгэл –Тэгэхээр очихоосоо өмнөхөн барьж авахгүй бол болохгүй нээ? Бид нарт зомбинуудыг сэргэх хүртэл хоёр цагийн хугацаа л байгаа юм байна. Шөнө байшин руу оруулахын тулд бид нар бас шөнө барьж авах хэрэгтэй болох нь байна ш дээ. Эрсдэлтэй биш үү гэхэд Баяраа –Иймэрхүү бага сага эрсдэл байлгүй яахав. Угаасаа тэд нартай бид нар тулалдаад бол дийлэхгүй. Тэд нар зэвсэг, техник сайтайг хараа биз дээ гэхэд Итгэл дуугүй болов. Баяраа үргэлжлүүлэн, -Одоо хэзээ хот руу хөдлөх вэ гэдгээ тохирч авъя. Даваа харин үргэлжлүүлж наркоз олвол зүгээр байна. Бид ядаж гурав, дөрвөн зомбиг дотор оруулчихвал гэхэд Даваа – Байгаа наркозоо дөрвөн зомбид хуваагаад тарьчихаж болно. Гэхдээ тэд нарын унтах цаг л богиносох байх. Ойролцоогоор гучаас тавин минут л болно доо гэхэд Баяраа –Хангалтгүй хугацаа байнаа. Бид болохгүй бол дахиж эмнэлэг рүү чинь очиж болох юм гэв. Тэд ярилцаад маргааш нь эмнэлэг рүү явж, наркоз хайхаар боллоо. Харин амжвал маргааш оройдоо Гансүхийн байшин руу дайралтаа эхлэх, амжихгүй бол нөгөөдөр гэхэд ажлаа эхлэе гэж ярьцгаав. Маргааш нь бөөнөөрөө хот руу явцгаахаар шийдэцгээжээ. Хүн хүч тэдэнд хэрэг болохоор байлаа. Хэрэв төлөвлөгөө амжилттай болвол байшингаас шөнө дээрэмчид гарах гэж оролдоно. Тэр үед нь Баяраа төв хаалгыг, баруун талын хаалгыг Тулгаа, байшингийн хойд талыг Итгэл голлон сахиж, бусад нь нэг нэгээрээ тэр гуравт туслах ёстой байв. Тэдний зорилго бол байшингаас амьд хүн, эрүүл хүн гаргахгүй байх. Харин Баяраагийн зорилго бол тусдаа. Гансүхийг там руу нь илгээх байв. Дээрэмчдийн бүлгийн босс харин энэ үед өрөөндөө ном уншсан шиг ээ тухтай нь аргагүй хэвтэж байв. Удахгүй болох тулааны талаар мань хүн гадарлах ч үгүй байгаа нь азтай хэрэг. Түүнд хийгээд байх ажил бараг байдаггүй байв. Гадуур дотуур хийх ажлуудыг түүний залуучууд хуваагаад хийчихнэ. Залуус ээлжилж гадуур гарцгаан хоол хүнс, бараа олоод ирчихдэг байжээ. Цогцос хаяхаар явсан хүмүүс ч нилээд эрт эргээд ирцгээжээ. Тэд харин доод давхарт том өрөөндөө цуглацгаан өдөр болсон явдлын талаар бусаддаа хэлэхэд хүмүүс дор бүрнээ дургүйцэж байлаа. Нэг хүн бүр Гансүхийг өөрсдийг нь даргалаад байгаад дургүй байгаагаа ч хэлэв. Хүссэн хүсээгүй бүлэг тарж бутрахад тун ойртжээ. Харин Билгээ тэдний энэ яриаг чих тавин тааламжтайяа сонсоно. Түүний ч зорилго биелэхэд тун дөхжээ. 

11. Бүлгийн сүйрэл

Хот руу явж байгаа хоёр машинд тэд хуваагдсан суусан байлаа. Даваа хамгийн сайн мэддэгээрээ тэднийг нэгдүгээр эмнэлэг дээр авчирчээ. Тэд туршилт хийж байсан давхарт гарч ирэхэд орон дээр Туршилт 7 болон түүний наана газарт Эрдэнийн цогцос анх буудуулсан газартаа унасан чигтээ хэвтэж байгаа харагдахад Тулгаа дуугүйхэн очиж дээрээс нь эмнэлгийн орны цагаан даавууг бүтээж тавьлаа. Ингэхгүй бол Даваа анх энэ давхарт гарч ирэхээсээ л сэтгэл нь зовиуртай байгаа бололтой царай нь цонхийсон байгааг хэн ч анзаарахаар байлаа. Даваа өрөөнүүдийн ханын шүүгээнүүдийг нэгжин шаардлагатай зүйлээ хайж эхлэв. Хэд хэдэн өрөөгөөр дамжин явсны эцэст хайж байгаа зүйлээ олжээ. Тэр олсноо бусаддаа зарлан бууцгаахаар болов. Эмнэлгийн урт хогил олон сараар эзэнгүй, цонхнууд нь онгорхой байсан учраас дотор байгаа хүмүүст нуруу нь жиндмээр хүйтэн санагдаж байлаа. Тэд гарч ирээд машинууддаа хуваагдан сууж, хорооллын эцэс рүү хөдөллөө. Юу ч гэсэн ойролцоо нь очоод орой болохыг хүлээх ёстой. Харин энэ хооронд Баяраа Итгэл хоёр дээрэмчдийн байрлаж байгаа байшин руу тагнуул хийж явахаар боллоо. Өмнө нь ажиглалт хийж байсан таван давхар байшингийнхаа дээд давхарт гаран эзэнгүй өрөөний цонхоор байшин руу нь харахад хүмүүс орж гарсаар л байх аж. Зарим нь гадуур машинтайгаа явж байгаад ирж байгаа нь ч харагдана. Харин Гансүх одоогийн байдлаар харагдахгүй байлаа. Хашаан дотор зогсож байсан Мөөгийг харин Баяраа хараад таньлаа. Түүнтэй 1-р эмнэлэгт урьд нь нэг тааралдаж байсан. Мөөгий урдаа дөрвөн хүнийг зогсоочихсон заавар өгж байгаа бололтой. Нөгөө хэд нь толгой дохиод машиндаа суун явж байгаа харагдана. Баяраа дотроо “Энүүхэндээ бас ахлагч нь бололтой. Гансүхтэй их л ойрхон байгаа байх даа. Эмнэлэгт Даваад тариулж халдвар авсан хүн бас энэ хэдийн ахлагч нь байсан. Тэрнийг үхсэний дараа энэ томилогджээ. Гансүхийг л цааш нь харуулахгүй бол бууны ноход нь хэзээ ч дуусахгүй юм байна” гэж бодон зогсож байлаа. Гэнэт түүний бодлыг таслан Итгэл –Тэрийг хар даа гэж нэг тийш заав. Тэр зүг рүү нь хартал портер машин дээр хоёр үхэр аччихсан машин ирж явлаа. Урд суудал дээр нь гурван хүн суужээ. Үхэрнүүдийг ачсан машин шууд байшингийн хашаа руу орлоо. Тэднийг угтан авсан залуучууд шаагилдан, авчирсан хэдийг их магтаж байгаа бололтой шуугилдаад явчихав. Харин энэ шуугианыг байшин дотроос сонссон Гансүх гарч ирэн үхэрнүүдийг авчирсан хүмүүс дээр очин –Энэ сайхан амьтдыг хаанаас олоод ирэв дээ та гурав? гэж асуухад нэг нь –Бид нар Эмээлтийн тэрүүгээр явж байгаад замын хажууд явсан энэ үхэрнүүдийг хараад хөөцөлдөж байгаад бариад ирлээ ш дээ гэж маасайн хариулав. Гансүх түүний дал мөрийг алгадан, -Сайн ажиллалаа, залуу минь. Өнөөдөр нэг үхрээ төхөөрөөд шинэхэн мах идэцгээе гэснээ ардаа  зогсох тогооч залуу руу хандан –Даруулганд нь харин хэдэн шил хатуу юм гаргахаа чи мэдэж байгаа байлгүй дээ гэхэд тогооч залуу өөдөөс нь толгой дохин, -Сүүлд нэг дэлгүүрээс олдсон нэг авдар сайн архи хадгалчихсан байгаа гэхэд хашаан дотор байсан эрчүүд баярлан шуугилдав. Гансүх –За за юм үзсэн юм шиг байцгаа л даа. Ямар ч байсан өнөөдөр орой тааваараа наргиж хоноцгоо гэж чангаар хашгирав. Энэ бүх үйл явдлыг хараад Баяраа өнөөдөр орой тэднийг ууж идэж согтоцгоох нь гэдгийг мэдэж авлаа. Дотроо баярлах ч шиг болов. Бүх юм тааваараа бүтээд ч байх шиг. Орой байшин руу нэвтрэхэд хялбархан байх нь гэж бодлоо. Хашаан дотор байсан хүмүүсээс бас нэг хүн өөр зорилгоор дотроо баясан зогсож байжээ. Тэр хүн нь Билгээ байв. “Өнөөдрийнх шиг боломж дахиж олдохгүй ч байж мэднэ. Шөнө амжуулах хэрэгтэй” гэж бодон зогсоно. Гадаа байсан залуус ч дорхноо оройны бэлтгэл ажилдаа орж, нэг үхрийг байшинтай залгаа орших машины гараш руу оруулан хаалгыг нь түгжив. Харин үлдсэн нэг үхрийг төхөөрч махыг нь эвдэхээр гурван хүн хашаанд үлдэж, бусад нь дотогшоо оржээ. Баяраа Итгэлд хандан –Эндээ үлдээд байдлыг ажиглаж байгаарай. Би бусад руугаа оччихоод ирье гэж хэлээд гадагшаа гарлаа. Байрнуудын булан даган явсаар км-ийн цаана орших бусад дээрээ ирэв. Нөгөө хэд нь нэгэн дэлгүүрийн барилгад орчихсон хүлээцгээж байв. Баяраа оронгуутаа –Сайн мэдээтэй. Жижиг байшинд өнөө орой бяцхан үдэшлэгтэй юм байна. Бидэнд азтай явдал боллоо. Тэднийг согтоод унтасны дараа бид анчдаа оруулах болно доо. Харин одоо тэднийгээ барих хэрэгтэй байна. Энэ хавиар харагдана уу? гэж асуув. Даваа Баярааг дагуулан цонх руу аваачиж зэргэлдээх цэцэрлэгийн хашаа руу харуулснаа –Тэнд тав байна лээ. Болно биз дээ гэж асуув. Уг цэцэрлэгийн хашаан дотор нээрээ ч таван зомби хөлхөж байгаа харагдав. Баяраа –Наркозоо тав хуваагаад тарьчихвал хэдэн цаг унтах вэ гэж асуухад --Тав зургаан цаг унтах байхаа гэж хариулав. –Сайн байна. Бид нар 7-8 цаг гээд наадуулыг чинь барьж авч унтуулах хэрэгтэй юм байна даа. Ажиглаж байгаад үдэшлэг дуусах үед нэг эзэнгүй өрөөнд нь оруулчих хэрэгтэй юм байна. Тэгээд цаадуулаас чинь хэдийг ч гэсэн хороох байх гэж найдая гэв. Даваа –Тэд бүгд унтсан хойно өөрсдөө орвол яах бол гэхэд –Бидэнд буу зэвсэг хангалтгүй байна л даа. Ингэсэн нь бидэнд аюул багатай. Би харин орой хүртэл эргэж очиж ажиглалтаа үргэлжлүүлэх хэрэгтэй байна. Байшингийн аль хэсгээр нэвтэрвэл зүгээр вэ  гэдгийг орой гэхэд мэдчих болно гэж хэлээд Баяраа дэлгүүрээс гарч явлаа. Буцаад ажиглалтын өрөөндөө ирэхэд Итгэл –Тэд нар үхрээ төхөөрчихсөн. Одоо махыг нь эвдэж байгаа байх. Гадуур явсан хэд нь буцаад ирсэн. Одоо бүгд байшиндаа байгаа гэж хариулав. Баяраа –Байшин аль хэсгээр нь ороход зүгээр юм шиг байна гэж асуухад Итгэл –Төв хаалгаар олон хүн орж гарах юм. Харин баруун талын хаалгыг бараг ашигладаггүй боловч түгждэггүй юм байна. Тэр хаалга л зүгээр байх даа. Гуравдугаар давхарт Гансүх амьдардаг юм байна. Бусад нь нэг хоёрдугаар давхруудад тарж байрладаг бололтой гэв. Тэр хоёр орой хүртэл ажиглахаа зогсоосонгүй. Гэхдээ онц зүйл мэдэгдэхгүй байв. Харин найман цаг дөхөж байх үед үдэшлэг эхэлсэн бололтой. Хааяахан гарч орж байгаа хүмүүсийн дуу нь чангарчихсан хашааны буланд очин шээцгээх аж. Баяраа Итгэл рүү хандан явцгаая гэж хэлээд таван давхраас уруудан бууцгаав. Байрнаасаа гараад нөгөө хэд дээрээ очтол тэр хоёрыг хүлээж ядсан байдалтай байж байв. Болороо хулан хоёрыг машинуудаа цэцэрлэгийн хашаа руу аажуухан ойртуулж бай гэж зааварлаад дөрвөн эр цэцэрлэгийн хашааг даван орцгоолоо. Тулгаа том хүрз барин өөрийг нь анзааран хамгийн түрүүнд ирсэн зомбиг толгой руу нь цохин газар унагахад Итгэл Баяраа хоёр доош нь харсан чигт нь хөдөлгөхгүй барьж байв. Энэ үед Даваа өмнө нь бэлдсэн байсан наркозтой шприцээ хүзүү рүү нь зоон тултал нь шахав. Тэгснээ дахиад нэгийг цүнхнээсээ гаргаж ирэн хүзүү рүү нь зоож дахин шахав. Зомби бага багаар удааширсаар хөдөлгөөнгүй болчихов. Тэдэн рүү ирсэн дахин нэг зомбиг Тулгаа хажуу тйиш нь унатал нь нэг далайлтаар цохив. Энэ мэтээр тэд хориодхон минутын дотор таван зомбиг барьж аваад ачаан дээрээ аччихсан байж байлаа. Машинтайгаа юу ч гэсэн байшин руу чимээ багатайгаар нилээн дөхөцгөөв. Байшинг ажиглахад дотроос хүмүүсийн хөл хөгжөөнтэй дуу тасрахгүй, гар чийдэн болон лааны гэрлүүд өрөөнүүдээс ёлтолзох аж. Гадаа нь гурван цаг гаруй хүлээв. Энэ хугацаанд хааяахан найгачихсан эрчүүд ганц нэгээрээ гарч ирэн хашааны булан руу шээж байгаад буцаад орох аж. Харин 12 цаг дөхөөд хөл хөдөлгөөн, дуу шуугиан үнэхээр татарчээ. Үнэндээ байшин дотор ихэнх хүмүүс мөлхөх нь холгүй ууцгаасан байлаа. Хориод эрчүүдээс тал нь тасарчихсан, өрөөнүүддээ таран ор, шалан дээр унтацгаах аж. Харин үлдсэн хэдийн дунд гайгүй байгаа нь Билгээ, Гансүх, Мөөгий гэх мэт хүмүүс байлаа. Гансүхийн хувьд угаасаа ямар ч үед сэрэмж алдахгүйгээ мэднэ. Тиймээс ч өрөө рүүгээ унтахаар яваад өглөө. Билгээгийн хувьд шөнө гүйцэлдүүлэх ажлаа бодон нэг их уусангүй. Мөөгийгийн хувьд хоёрдугаар давхарт байх өрөө рүүгээ бас явжээ. Билгээ бүгд унтахыг хүлээж байгаад шөнө нэг цагийн үед дээшээ сэмхэн гарлаа. Гансүхийн өрөөний үүдэнд ирээд хаалгыг түлхэхэд дотроос нь түгжсэн байлаа. –Новш гэж түгжчихэж гэж үглэн эргэж явах гэснээ гэнэт зогтусав. Үүдэнд нь юу хийхээ мэдэхгүй хэдэн минут зогсчээ. “Юутай ч хаалгыг нь тогшдог хэрэг. Онгойлговол би шууд хутгаа цээж рүү нь зоох болно” гэж бодсоноо баруун гартаа атгасан модон иштэй том хутгаа нурууныхаа ард нуунгаа хаалгыг зөөлхөн тогшлоо. Энэ явдлаас арваад минутын өмнө нэг давхарт өөр зүйл болж байв. Баяраа Тулгаа хоёр баруун талын хаалгаар нэг зомбиг чирэн оруулж байлаа. Ингэж байхдаа чимээ гаргахгүйг хичээх аж. Коридорт хэвтүүлэн үлдээгээд эргэж хаалгаар гарахад өөдөөс нь Даваа Итгэл хоёр бас нэг зомбиг дамжуулж өгөв. Энэ мэтээр бүгдийг нь коридорын шалан дээр үлдээгээд байшингаас гарцгаав. Одоо нэг их удахгүй үйл явдлууд эхлэх байлаа. Хамгийн сүүлийн зомбиг оруулж байх үед тэр сэргэж эхэлж байжээ. Нээрээ ч тэдний таамагласан ёсоор болж, нэгдүгээр давхарт төд удалгүй хүмүүсийн орилох хашгирах дуу сонсогдон, хааяахан буун дуу сонсогдож эхлэв. Байшинд орсон зомбинууд үүргээ гүйцэтгэжээ. Хүмүүсийн хашгирах чимээ, буун дуунаар сэрсэн Мөөгий хажуудаа байсан гар буу, гар чийдэнгээ аван өрөөнөөсөө гарахад коридорт өөдөөс нь тогооч залуу улаан халз тулгарав. Гар чийдэнгээр нүүр рүү нь тусгахад аль хэдийнэ халдвар авсан хүний шинж тодорчихсон, бас ам хамар нь нил цус болжээ. Гэрэл хараад түүн рүү ухасхийн дайрахад Мөөгий нүүр рүү нь тулгаж байгаад нэг сумар буудав. Дээд давхар руу гарахад Билгээ сандарсан байдалтай зогсоно. Харин Гансүх өрөөнийхөө хаалгыг онгойлгон гарч ирээд –Юу болсон бэ гэж тэр хоёроос асуухад Билгээ –Байшин дотор зомбинууд ороод ирчихсэн болотой, би сая доод давхарт нэгтэй нь таараад алчихлаа гэв. Энэ хооронд нэг давхраас хүмүүсийн хашгирах, буудах дуу сонсогдсоор байлаа. Тэр гурав юу ч гэсэн доошоо буун нэгдүгээр давхар руу буух гэхэд шатаар өгсөж байгаа гурав дөрвөн зомби харагдахад Мөөгий сандарсандаа гар буугаараа хэд буудахад нэгнийх нь толгойг онож, бусдынх нь цээж рүү бууджээ. Түүний сум нь дуусчээ. Гансүх буцаж өрөө рүүгээ орж буугаа авахаар дээд давхар руу ухасхийлээ. Нэгдүгээр давхарт харин энэ үед жинхэнэ найр болж байжээ. Ихэнх дээрэмчдийг унтаж байхад нь зомби хазсан учраас тэд дорхноо халдвар авч, бусад руугаа дайран цөөн хэдэн эрүүл үлдсэнүүд нь харанхуйд учир замбараагүй буудах боловч ихэнх нь гар хөлөндөө хазуулан цөөрсөөр байлаа. Урагшаа харсан цонхыг хагалан хоёр нь нэг давхрын цонхноос үсрэн буухад өмнөөс нь хүнд автомат бууны сумны дуу шунгинах шиг болон хоёр дээрэмчин цээжиндээ буудуулан газар үхэтхийн уналаа. Хойшоогоо харсан цонхыг хагалан бас нэг дээрэмчин үсрэн гарахад өөдөөс нь гар бууны тасхийх чимээ дуугаран гэдсэндээ шарх аван газарт унахдаа –Намайг буудчихлаа, новш гэж чангаар хашгирахыг дээд давхарт байсан Гансүх сонсож амжжээ.     

12. Хагацал

Гансүх гадаа орилсон өөрийн хүний дууг сонсоод байшингийн ард гадны хүнд буудуулжээ гэдгийг мэдэж авав. Тэгэхээр дотор орж ирсэн зомбинууд санаандгүй хэрэг биш гэсэн үг. Байшин гадуураа төмөр хашаатай, тэр нь дотроосоо цоожтой учраас ийм амархан орж ирэх боломжгүй байсан. Тэр хэсэгхэн хугацаанд энэ бүхнийг бодож амжив. Өрөөнөөсөө буугаа аваад хоёрдугаар давхар руу буухад шатны хэсэгт Мөөгий Билгээ хоёр нэг давхраас дээшээ гарч ирэх гэж оролдож байгаа зомбинуудыг толгой руу нь өшиглөх юмаар цохих зэргээр аргалж байлаа. Нэгдүгээр давхраас одоо буун дуу болон амьд хүний хоолой сонсогдохоо больжээ. Гансүх нөгөө хоёрт хандан -Гадагшаа тагтаар буух боломжтой хойшоо харсан өрөө рүү орцгооё гэж хэлээд өөрөө түрүүлэн оров. Нөгөө хоёр нь ч хойноос нь орж өрөөний хаалгыг дотроосоо амжиж түгжив. Хаалганы цаана зомбинууд архиралдан үлджээ. Гансүх цонхоор болгоомжтой хараад хашааны цаанаас байшинг нь ажиглаж байгаа Итгэлийг олж харав. Итгэл гар буугаа урдаа барьчихсан нэгдүгээр давхрын цонхнууд руу ээлжлэн харна. Түүнд буудуулж шархадсан залуу ухаан алдсан бололтой чимээгүй болжээ. Гансүх цонхоо ажуухан онгойлгож байгаад бууныхаа хошууг Итгэл рүү чиглүүлэв. Сарны бүдэгхэн гэрэлд тэр сайн харагдаж байсан тул толгойг нь овоо хараандаа оруулж байгаад нэг сумаар буудчихав. Итгэл гартаа гар буугаа барьсан чигтээ доошоо хөсөр унажээ. Үүний дараа Гансүх түрүүлж тагтаар дамжин газарт буув. Хойноос нь Билгээ Мөөгий хоёр бас буужээ. Тэр гурвыг харин ингэж бууж байгааг өөр хүмүүс мэдсэнгүй. Хашааг давж байх үед нь өмнө нь шархдаж газарт хэвтэж байсан Гансүхийн хүн ухаан орж, Мөөгийг танин –Мөөгий Мөөгий, намайг аваад яв л даа гэж дуудав. Билгээ эргэж хараад түүн рүү явах эсэх дээр эргэлзэн зогстол Гансүх –Наадах чинь бид нарт лай болно. Чимээгүйхэн шиг явцгаая гэж аяархан хэлэхэд газарт хэвтэж байсан шархтан –Гансүхээ муу новшоо, намайг хаяж яваад үзээрэй гэж чангаар хашгирлаа. Гэтэл Гансүх –Амаа хамхиач новш минь гэж хэлэнгүүтээ шархадсан эр рүү буугаа чиглүүлэн буудаж орхив. Харин энэ бүх чимээг байшингийн зүүн талд байсан Тулгаа сонсонгуутаа байшингийн булангаар тойрч хараад Итгэлийг газарт унасан байхыг харлаа. Эргэлзсэн ч үгүй шууд гар буугаараа Гансүх рүү буудаж эхэлсэнд харанхуйд хэнийг нь ч оносонгүй. Гансүх харин өөдөөс нь харилцан буудалцахад Тулгаа байшингийн цаана орж нуугдаад –Баяраа ахаа байшингийн ар талд ирээрэй. Энэ талаар зугтаж байна гэж чангаар хашгирав. Баяраа ч үүнийг нь сонсоод Тулгаагийн хажууд ирэн булангаар шагайж харахад нөгөө гурав нь аль хэдийнэ хашаа даваад арилсан байлаа. Тулгаа руу эргэж харан –Нөгөө хэдийгээ цуглуулаад эндээ байж бай, ойлгов уу. Би тэдний араас явлаа. Хэдүүлээ байсан бэ гэхэд –Хоёулаа байсан гэж бодож байна. Тиймээ хоёр хүн гэж Тулгаа хариулав. Нээрээ ч Тулгааг харахад Мөөгий аль хэдийнэ хашааг давчихсан байсан учраас хоёр л хүн харагдсан байжээ. Баяраа хашааг даван шөнийн харанхуйд уусан алга болжээ. Тулгаа харин үлдсэн хэдийгээ дуудаж эхэллээ. Эхлээд Даваа, хойноос нь Болороо Хулан нар хамтдаа ирцгээв. Болороо ирэнгүүтээ тэр хэдийг хараад –Аав Баяраа хоёр хаана байгаа юм бол оо гэж айсан өнгөөр асуухад Тулгаа – Болороо сэтгэлээ бариарай. Аав чинь байшингийн ард байгаа гэж хэлээд түрүүлж Итгэл рүү алхав. Тулгаа газарт хэвтэх Итгэл дээр очиж хараад үхчихсэн байна гэдгийг шууд л мэдэв. Сум Итгэлийн магнайг онож, цасан дээр цус нь цацагджээ. Болороо аав дээрээ очоод сөхөрч суун цээжинд нь толгойгоо наан чангаар цурхиран уйлж эхлэв. Хулан Даваа хоёр яах учраа олохгүй хөшчихсөн зогсоно. Гэнэт тэдний ард цонхны шил хагарах чимээ гарахад эргэж харцгаавал цонхоор зомби болж хувирагсад гарч ирж байв. Тулгаа гар буугаараа эхний хоёрынх нь духанд сумаа зоон унагав. Араас нь бас нэг гарч ирснийг Даваа толгой руу нь сэлмээ далайн цавчиж орхиход гүн зоогдон уг зомби газарт унажээ. Харин энэ бүхнийг Болороо анзаарах сөхөөгүй уйлсаар л байлаа. Байшингаас үлдсэн зомбинууд дахиад ч гарч ирэхээр байлаа. Тиймээс Хулан Даваа хоёр Болороог аргадан нэг нэг гарнаас нь түшсээр байшингийн урд орхисон машинууд руугаа аваачив. Тулгаа харин байшингаас гарч ирэх ганц нэг зомбиг сэлмээр цавчиж унагасаар үлджээ. Машиндаа суугаад ч Болороо тайвширсангүй уйлсаар л байв. Хулан Болороотой үлдэж, Даваа байшин руу буцаж ирэн Тулгаад тусалж эхлэв. Тэр хоёр бараг арван тав зургаан зомбиг устгаж дуусгахад бүхэл шөнийг зарцуулжээ. Үүр цайж эхлэв. Зорьсон ажлаа амжилттай дуусгаж чадсан боловч нэг хүнээ алдаж, бас Баяраа эргэж ирээгүй л байлаа. Дээрэмчдийн цогцоснуудын ихэнх нь гадаа, байшин дотор цөөн хэдэн алагдсан цогцос байлаа. Тулгаа Даваа хоёр Итгэлийн цогцсыг өөр газар оршуулахын тулд машиныхаа задгай ачаан дээр дамжилж тавив. Дээрээс нь байшин дотроос олсон бүтээлгээр бүтээжээ. Байшинг самнаж үзэхэд нилээд их буу сум, хүнсний зүйлсийн хамт олов. Харин тэд нарын санааг зовоож байгаа бас нэг зүйл нь Баяраа эргэж ирэхгүйд байлаа. Юу ч гэсэн гэгээ ортол эндээ хүлээхээс өөр замгүй. Хоёр цагийн дараа хавь ойрын зүйлс сайн харагдахаар гэгээтэй болж ирлээ. –Яах вэ гэж Даваа Тулгаагаас асуухад –Мэдэхгүй байнаа, гэхдээ юу ч гэсэн байшинг тойрч үзье гэж хэлээд байшингийн ард очиж харахад хашааг даван одсон хүмүүсийн мөр цасан дэр гаргацтай тод үлджээ. Тулгаа –Өдөр хүртэл хүлээгээд ирэхгүй бол бүгдээрээ хойноос нь явъя гэж Даваад хэлэв. Машин дотор сууж байгаа Болороог аргадан Хулан тэврэн сууна. Хулан –Би ч бас аав ээжийгээ нүдэн дээрээ алдсан. Чамд ямар хэцүү байгааг ойлгож байнаа. Бас Итгэл ахын хойноос их харамсаж байна. Хүнд гэм хоргүй сайн хүн байж дээ гэж хэлэхэд Болороо –Чамд ядаж л Тулгаа байна шүү дээ. Харин надад ганцхан аав минь л байсан. Одоо би цор ганцаараа үлдлээ гэж хэлэхдээ дотроо Баярааг хажуудаа байгаасай гэж ямар их хүсч байгаагаа гэнэт мэдрэв. Тулгаа тэднийг дуудан байшингийн дээд давхрын тухтай өрөөнд орцгоов. Энд ядаж л дулаахан, мөн бүтэн хоног юм идэж уугаагүй учраас маш их өлсөж, ядарчээ. Даваа нэг давхарт байрлах гал тогооноос хоол ундны юм авчран тойрон сууж бага бага идэцгээв. Болороо гэнэт –Баяраад санаа зовоод байх юм. Та нар хойноос нь явъя гэж бодохгүй байна уу гэхэд Тулгаа –Бага зэрэг санаа зовж байна. Гэхдээ би түүнд итгэдэг учраас энэ удаа ч гэсэн ажлаа амжилттай дуусгаад ирэх байх гэж бодож байна л даа гэв. Тэд хүлээсээр байтал өдөр ч болов. Болороо –Би дахиж хүлээж тэсэхгүй нээ. Та нар явахгүй бол би ганцаараа явлаа гэж хэлээд суудлаасаа босоход Тулгаа –За бүгдээрээ явцгаая. Хулан та хоёр буутай болж авах хэрэгтэй байх гээд үхсэн дээрэмчдийн буунуудаас хоёрыг сонгож өгөв. Өөрөө ч нэг хүнд буу авчээ. Хашааны гадна очин мөрийг ажиглахад мөрнүүд чигээрээ хойшоо яван гудамжнууд дундуур чиглэсэн байв. Хойноос нь Тулгаа хамгийн түрүүнд мөрдөж хойноос нь арай зайтайхан бусад нь дагах аж. Тэд явсаар анх байснаасаа хоёр км-ийн хэртэй хол явав. Тэдний өмнө хуучин үйлдвэр эсвэл агуулахын зориулалтаар ашиглаж байсан бололтой хааш хаашаагаа нилээн том хоёр давхар хэрээний өндөртэй саарал байшин харагдахад мөрнүүд явсаар уг байшин руу оржээ. Тулгаа арагшаагаа харан долоовор хуруугаа амандаа хүргэж дохио өгөөд дотогшоо сэмхэн гэтсээр байшин руу дөхөв. Ингэхдээ –Би эхлээд юу ч гэсэн ганцаараа дотогшоо оръё. Та нар харин эндээ хүлээж бай гэж хэлээд дотогшоо оров. Байшингийн хаалгыг сэмээрхэн онгойлгон ороход дотор нэгэн танихгүй эрийн зандарсан хоолой цуурайтаж байлаа. Тулгаа дуу гарч байгаа зүг рүү явах гэснээ өмнө нь байгаа дээшээ гарсан төмөр шатыг хараад өлмий дээрээ гишгэлэн чимээ гаргахгүйгээр дээшээ өгсөв. Хоёрдугаар давхарт гараад хана даган алхтал тусгаарласан хананы нөгөө талд байх өөр том танхим руу орж ирэв. Том заалыг тойрон хоёр давхраар хашлага бүхий коридорон замтай ажээ. Заалны голд байх хүмүүсийг хараад Тулгаа доошоо сандран бөгтийв. Танихгүй эр –Баяраа, чи өчигдөр хийсэн хэргийнхээ үйлийг их удаан эдэлж үхнээ. Мэдэв үү. Уг нь чи над руу дайрах биш харин аль болох холхон зугтах ёстой байсан юм. Чи ингэхэд үхлээ эрсэн хулгана муурын сахлаар оролдоно гэж үг мэдэхгүй юу. Гэхдээ яах вэ энэ чинь надад сайхан боломж олголоо. Өчигдөр миний хориод залуус үхсэний горыг чи төлөх ёстой гэдгээ ойлгож байгаа биз дээ гэснээ түсхийсэн битүү чимээ гарахад Тулгаа аажуухан хоёр давхраас заалны голд байгаа хүмүүс рүү шагайж харав. Заалны голд байх дээрээс дүүжилсэн төмрөөс уяагаар уян үзүүрт нь Баяраагийн хоёр гарыг хүлжээ. Хоёр хөлийг нь ч бас доор нь хүлсэн харагдана. Цамц, гутал, гадуур өмдийг нь тайлсан учраас Баяраа зөвхөн дотуур өмдтэйгээ л зогсож байв. Шөнөжингөө тамлуулсан бололтой нүүр цээжин хэсгээрээ нил цус болчихсон, толгойгоо гудайлган доошоо харжээ. Түүнийг босоо чигээр нь байлгаж байгаа зүйл нь хоёр гарнаас нь дээш нь татаж уясан оосор л байв. Тэрнээс биш Баяраа ухаан алдчихсан байгаа бололтой үг ч дуугарахгүй, хөдлөхгүй зогсоно. Тулгаа буугаараа буудах уу яахав гэж шийдэж ядан хэсэг хэвтэв. Гэхдээ тэр муу бууддаг учраас доор байгаа гурван хүнийг бүгдийг унагаж чадахгүй. Тэглээ ч нэг хүн нь тал бие нь гарчихсан цаана барилгын шонгийн ард сууж байна. Дутуу буудвал Баярааг алчихаж магадгүй гэж айв. Доор Баяраагийн өмнө зогсож байгаа хүн бол мэдээж тэдний заналт дайсан Гансүх байжээ. Гансүх цааш үргэлжлүүлэн –Сэрээчээ чи гэснээ хацрыг нь алгадаад, -Өчигдөр танай хэдэн хүн байсан юм? гэхэд Баяраа сулхан хоолойгоор –Бид хоёулаа байсан. Нөгөөх маань өчигдөр чамд буудуулж үхсэн гэж би хэлээ биз дээ гэхэд Гансүх –Чи худлаа л ярьж байх шиг надад санагдаад байх юм. Та хоёр хоёулхнаа мөртлөө яаж тэр олон зомбинуудыг барьж байшин руу оруулсан байж таарах уу гэж хэлэнгүүтээ гартаа барьсан жижиг тонгоргоор Баяраагийн зузаан гуя руу аажуухнаар дүрэв. Баяраа энэ үед өвдсөндөө чангаар орилон –Нээрэн дээ новш минь бид хоёулхнаа байсан. Хэдүүлээ нэг дүүргийн цагдаагийн хэлтэс дээр анх тааралдаа биз дээ гэж хариулав. Гансүх хутгаа дүрэхээ больж хэсэг бодолхийлснээ –За яахав энэнд чинь би итгэе гэснээ хутгыг сугалан хуйндаа хийхэд Баяраагийн гуяыг даган шингэн улаан цус урсаж эхлэв. Хажууд нь газар тавьсан Баяраагийн бууг барьж аван үзээд –Сайхан эд байна шүү. Чи арай энийгээ зарчихгүй биз гэж хэлээд учиргүй инээв. –Бодвол чи энүүгээр их олон зомбиг унагасан биз. Өчигдөр хүмүүсээс минь хэдийг алснаа хэл дээ гээд дух руу нь буугаа тулгав. Баяраа түүн рүү хавдаж хөхрөн цус болсон дээд доод зовхиныхоо завсраар арай гэж харан –Урд цонхоор зугтаж гарч ирсэн хоёр хүнийг чинь унагасан. Харин чамайг алах л дутуу байна гэж хариулахад Гансүхийн нүүр хүрэнтэн улайж ирээд бууныхаа бөгсөөр нүүр рүү нь хүчтэй дэлсэхэд Баяраа нүүрэнд нь гал манарах шиг болж ирэн ухаан алджээ.   

13. Баяраагийн харуусал

Тулгаа яахаа мэдэхгүй гар нь салгалан байж ядна. Баяраа тэр доор бараг үхэж байгаа гэж бодохоор одоохон бууж очоод Гансүхийг алчихмаар байвч тэнэг алхам хийж болохгүй гэдгээ ухаарна. Юу ч гэсэн бусадтайгаа очиж зөвлөх хэрэгтэй гэж бодон сэмээрхэн хойшоо мөлхлөө. Харагдахгүй болсон газарт босоод доошоо буух шат руу чимээ гаргалгүйгээр хурдлан явав. Шатаар уруудан гадагшаа гарах хаалгыг сэмээрхэн онгойлгоход Даваа байшингийн булангийн цаанаас өөр рүү нь даллав. Тулгаа гүйж очоод, -Дотор байдал эвгүй байна. Дээрэмчид гурвуулаа байна. Харин Баяраа тэд нарт баригдчихсан, нэлээд их тамлуулж зодуулсан байна. Одоо ухаан алдчихсан байгаа. Яах вэ? гэж асуухад Даваа –Дотор байршил нь ямаршуу юм байна? Чи мэдэгдэхгүйгээр яаж ажигласан бэ? гэхэд Тулгаа –Заалыг тойрон хоёр давхраар нь хашлагатай урт коридор байгаа. Дээрээс нь харсан болохоор намайг ажиглаагүй байх гэхэд Даваа –Тэгэхээр чи дээрээс нь ажигласан газартаа очоод байж бай. Бид гурав гадаа чимээ гаргана. Хэрэв тэд бүгдээрээ гараад ирчихвэл байдал бидний хувьд сайнаар эргэнэ гэсэн үг. Харин ганц хоёр нь гарч ирвэл тэд нар буцаж амьд орохгүй гэдгийг би чамд амлаж байна. Үлдсэн нэгийг нь чи унагана шүү гэж хэлэв. Тулгаа ч зөвшөөрч буцаж байшин руу орон түрүүчийн байрлалдаа очиж нуугдлаа. Харин гадаа Даваа охидуудтай зөвлөн харагдахааргүй газруудад байрлан хүлээцгээв. Тэд гарч ирэх хаалганы өмнөөс харсан хашааны ард нуугджээ. Эндээс буудахад их тохиромжтой байрлал байв. Дотор харин Мөөгий Билгээ хоёр сандлууд дээр суучихсан, Гансүхийг харан хүлээзнэнэ. Урьд шөнийн хувьд Баяраа тэдний хойноос мөрдсөөр байгаад энэ байшин руу орж иржээ. Тэр гурвын хувьд шөнийг аюулгүй өнгөрөөх газар хайн ийшээ орж ирсэн хэрэг. Харин Мөөгий нөгөө заал руу орчихсон хойно Баяраа орж ирээд Гансүх Билгээ хоёр руу буугаа чиглүүлэн араас нь буудахад бэлдэн зогсож байлаа. Хэдхэн секунд л өнгөрсөн бол Гансүх үхдэл болох байв. Гэвч Баяраа энэ удаа гэнэджээ. Тулгаа түүнд хоёр хүн байсан гэж хэлсэн болохоор өөр хүн байхгүй гэж бодон сэрэмж алджээ. Шилэн хүзүү рүү нь гар бууны хошууны хүйтэн төмөр хайран –Буугаа буулга гэж хэн нэгэн зандран хэлэв. Энэ бол нөгөө заалыг эргэчихээд ирсэн Мөөгий байлаа. Гансүх ч эргэж хараад Баярааг харангуутаа –Чамайг энэ бүхний ард байгааг мэдсэн юмаа. Ингээд өөрөө хүрээд ирдэг чинь сайн хэрэг болж гэж хэлээд инээв. Баяраа ч буугаа аажуухан буулган газарт тавьлаа. Гансүх нөгөө хоёртоо тушаан –Наадахаа хувцсыг нь тайлуулаад энд аваад ир гэж хэлэнгүүтээ газарт хэвтэж байсан олсыг аваад таазнаас дүүжлэгдсэн төмөрт уяж эхлэв. Мөөгий Баярааг хувцаснуудаа тайлахыг шаардахад нөгөөх нь хөдөлсөнгүй. Гагцхүү Гансүх рүү заналтайгаар ширтэн байрандаа зогсоно. Гэнэт араас нь толгой руу нь хүчтэй цохиход тэнцвэрээ алдан газарт уналаа. Энэ үед Билгээ Мөөгий хоёр хамжин бүх хувцсыг нь тайлж Баярааг нүцгэн чигээр нь дамжлан босоогоор нь төмрөөс уяжээ. Хөлийг нь ч бас тушиж уясан байна. Үүний дараа Гансүх асуултууд асуун, хэрэв хариулахгүй эсвэл дургүйг нь хүргэсэн хариулт бүрт хаашаа нь ч хамаагүй цохиж байлаа. Үнэндээ Баяраагийн хувьд урьд шөнө маш урт санагдаж байв. Заримдаа ухаан нь балартан Гансүхийн царай бүүр түүр наана цаана болж харагдах эсвэл хоолой нь бүдгэрч тэртээ алсад дуугараад ч байгаа юм шиг санагдаж байлаа. Дотуур богино өмднөөс өөр хувцасгүй байсан тул шөнөжин дагжин чичирч аймшигтай даарч байв. Харин үүрээр Гансүхийг ядраад хэсэг хажуулж байх хооронд Билгээ өрөвдсөн бололтой, гаднаас мод авчран цуулж, хугачин хажууд нь гал түлэхэд арай дулаацжээ. Харин Мөөгий сэрүүн байсан учраас Билгээ Гансүхийг нухчихаж арай болохгүй байв. Тэгээд ч өөрт нь хутганаас өөр зэвсэг байсангүй, харин нөгөө хоёрт нь буу байгаа. Ингэсээр урт шөнө ч арай гэж өнгөрч маргааш өдөр нь Баяраа зүүрмэглэн байтал гэнэт Гансүх сэрээн дахин байцаалтаа үргэлжлүүлж, хариултанд нь уурлан ухаан алдтал бууныхаа бөгсөөр нүүр рүү нь цохьсон байна. Энэ үед гадаа Даваа тэнгэр рүү нэг сумаар буудаж чимээ гаргав. Гансүх гадаах чимээг анирдан хэсэг сонсоод Мөөгий рүү хандан –Чи нэг гарч харчихаад ир дээ гэхэд Мөөгий Баяраагийн бууг аван хаалга руу чиглэв. Тэр гарах хаалга руу урт коридороор яван хаалгыг онгойлгон гадагшаа гарахад гадаа амьд хүний бараа харагдсангүй. Тэр хэсэг харж байгаад буцаад орох гэтэл Даваа хойноос нь –Хөөе гэж дуудахад Мөөгий эргэн харлаа. Энэ үедээ чимээ гаргасан зүг рүү хартал өөдөөс нь гурван хүн буунуудаа шагайчихсан зогсож байгааг хараад сандран буугаа дээшлүүлсэн боловч бүх зүйл оройтжээ. Гурван автомат бууны тачигнах чимээ зэрэг дуугаран Мөөгийгийн бүх бие сумнуудад сийчигдэн татваганахдаа байшин руу хойшоо налан унав. Ихэнх сум биенд нь зоогдсон боловч толгойнд нь оносон сум үхлийн шарх үлдээжээ. Гадаа буун дуу тачигнан дуугарахтай зэрэгцэн Тулгаа нуугдаж байсан газраасаа өндийж –Гараа өргө гэж чанга дуугарахад Гансүх ухасхийн Баяраагийн ард орж нуугдлаа. Тэгэхдээ ухаан алдсан байсан Баяраа руу буугаа хойноос нь тулган –Хөөе жаал минь чи гараад явсан чинь дээр шүү. Тэгэхгүй бол би энэ залуугийн  тархинд сум зоох болно мэдэв үү гэхэд Тулгаа яах учраа олохоо болилоо. Гадаа буун дуу гарахтай зэрэгцэн өндийхөд хоёр хүн байж байсан болохоор сандарсандаа –Гараа өргө гэж хэлтэл тэр нь буруудчих шиг болов. Доор байгаа хүний гарт Баяраагийн амь нас байж байдаг. Ядаж байхад Тулгаа өөрөө муу бууддаг нь гай болох гээд байдаг. Бодож байгаад Тулгаа ингэж хариулав. –Гансүхээ чиний бүлгийн хувьд бүх юм дууссан. Та нараас бусад нь бүгд үхсэн. Тэгээд ч гадаа манай олон хүмүүс байгаа гэдгийг чи сая сонссон байх. Тэгэхээр чи Баярааг наанаа үлдээгээд цаана чинь харагдаж байгаа жижиг хаалгаар гарсан чинь дээр биш үү гэв. Гансүх арагшаагаа харахад нээрээ ч агуулахаас гарах өөр хаалга тэнд нь байж байв. Гансүх –Билгээ тэр хаалга руу очоод онгорхой байна уу шалгачихаад ир гэхэд Билгээ дуугарсангүй. Дуугарахгүй болохоор нь гайхсандаа –Билгээ гэж дахин дуудахад Билгээ араас нь огцом хөдлөн хоолойнд нь хурц хутгаа тавиад –Буугаа буулга Гансүхээ. Бүх зүйл дууссан. Би чиний бууны нохой биш. Наад хүнээ ч тайван орхи гэж хэлэхэд Гансүх инээвхийлэн –Юу л болоод байна даа Билгээ. Чи надаар тоглоод байна уу. Одоо тоглодог цаг биш. Хурдхан зугтахаа бодъё гэж хэлэв. Энэ үед дээр зогсож байсан Тулгаа гайхаад бүр алмайрч орхисон байв. Гансүхийн хүн нь хутга тулгачихсан ард нь зогсож байгааг хараад дотроо “Энд юу болоод байнаа” гэж гайхширч зогсоно. Баяраа харин бүүр түүрхэн ухаан орж ард нь ямар яриа болоод байгааг хальт сонсов. Гаднаас ч бас Даваа болон охидууд орж иржээ. Тэд хамгийн түрүүнд дээрээс уяагаар дүүжлүүлэн уяулсан, нүүр нь хэн болох нь танигдахгүй болсон Баярааг харав. Дараа нь түүний ард хальт цухуйх Гансүхийг харжээ. Бас нэг хүн нь ард нь зогсож байгаа боловч юу хийгээд байгаа нь мэдэгдэхгүй аж. Харин Болороо Баярааг хараад хашгиран уйлж, түүн рүү гүйх гэсэн боловч Даваа түүнийг зогсоон –Хүлээж бай Болороо гэж хориод буугаа Гансүх рүү чиглүүлэн байрандаа хөдлөхгүй зогсов. Билгээ энэ үед яриагаа үргэлжлүүлэн –Чи олон жилийн өмнө алсан Баярбилэг гэж хүнийг санаж байна уу. Чи машинтайгаа явж байхад нь хүмүүстэйгээ гүйцэж ирж машинаас буулгаж зодоод гарын үсгийг нь хүчээр аваад явсан даа гэхэд Гансүх нилээн байзнаснаа –Аан тийм. Тэгэхэд нэг золбин гөлөг хажууд нь орилоод үлдсэн нь чи байжээ. Санаж байнаа. Маш тод санаж байна. Тэгээд чи юу хүсээв. Чи хутгаа буулгахгүй бол гохоо дарлаа шүү гэж сүрдүүлэв. Ингэж хэлэхдээ зүүн гараа урдаа зүүлттэй байсан гар буу руугаа сэмээрхэн явуулахыг Билгээ мэдсэнгүй. Билгээ үргэлжлүүлэн –Буудвал бууд л даа. Наад цагдаа чинь надад хамаагүй ш дээ. Би чамтай уулзсанаас хойш өшөөгөө авахаыг л бодож төлөвлөж байсан. Одоо л надад боломж гарч ирлээ гэж хэлэхтэй зэрэгцэн гар буун дуу тасхийв. Гансүх зүүн гараараа гар буугаа сэмээрхэн гаргаж хойшоогоо таамгаар буудсан нь тэр байжээ. Билгээгийн баруун хавиргаар хурц үзүүртэй зүйлээр нэвт жадлуулж байгаа юм шиг л тэсгэлгүй өвдсөнд тэр гартаа барьсан хутгаа алдан газарт унагахад Гансүх хойшоогоо нүүр рүү нь толгойгоороо хүчтэй мөргөн өөрөөсөө холдуулаад дээшээгээ Тулгаа руу буугаараа шүршихэд Тулгаа доошоогоо тонгойв. Түүний сумнууд дээд давхрын төмөр хашлагануудыг онон төмрийн тан ян хийх чимээ агуулах дотор цуурайтна. Гансүх эргэж хараад газарт хэвтэх Билгээгийн цээж рүү хоёр сумаар буудтал хойноос нь Даваа буудаж Гансүхийн дал мөрийг шархдуулав. Шархадсан Гансүх чигээрээ доошоогоо бөгтийсөн чигтээ хаалга руу гүйв. Хойноос нь буудсан хүмүүс түүнийг хэн нь ч дахиж оносонгүй. Гансүх хаалгыг онгойлгон гадагшаа гарахад өөдөөс нь хориод метрийн зайнаас буун дуунаар цугларсан сүрэг зомби ирж яваа харагдахад зүгээ буруулан байшингийн хойд зүг рүү гүйв. Дотор харин Тулгаа доод давхар руу гүйн бууж, Баярааг хүлсэн олсыг тайллаа. Даваа Гансүхийн хойноос хаалгаар гарах гэсэн боловч хаалгыг онгойлгоход өөдөөс нь зомбинууд орж ирэх гэж зүтгэхэд буцааж хаалгыг хаан мөрлөж байхдаа эргээд Тулгаа руу –Хурдлаарай. Баярааг хурдан аваад яваарай гэхэд Болороо Тулгаа хоёр Баярааг хоёр талаас гарнаас нь дэмнэн явах гэсэн боловч хөлөндөө хутганы шарх авсан байсан учраас өөрөө явж чадсангүй. Тэгээд ч Баяраа их цус алдсанаас дахин ухаан алдсан байв. Тулгаа миний мөрөн дээр тавиад орхи хэмээн Болороо Хулан нартай дэмнэн үүрчээ. Гарах хаалга руу удаан гэгч нь явсаар байшингийн урдуур гарлаа. Тэднийг гартал Даваа агуулахын хажуу талын жижиг хаалгыг мөрлөн орж ирэх гэж зүтгэх зомбинуудыг нилээн саатуулж байгаад хаалгыг тавин Тулгаагийн хойноос гүйлээ. Ингэж явах үедээ газарт хэвтэх Билгээ рүү харахад нөгөөх нь аль хэдийнэ амь тавьчихсан нүд нь тааз руу гөлөрсөн чигтээ хөдөлгөөнгүй болжээ. Урд хаалгаар гараад Тулгааг гүйцэн ирэх үед нөгөө гурав нь дөнгөж агуулахын гадна талын хашаа л хүрч явлаа. Арагшаа харахад агуулахын хаалгаар зомбинуудын түрүүч нь хойноос нь гарцгааж байгаа харагдав. Энэ маягаараа явганаар зомбинуудад нгүйцэгдэх нь тодорхой учраас Даваа Тулгаа руу –Би яваад машинаа аваад ирье гэж хашгираад түрүүлэн хамаг хурдаараа гүйв. Тулгаа Хулан хоёр дэмнэн Баярааг аван чадлаараа хурдлавч араас нь нэхэх зомбинууд болон тэдний хоорондох зай нь улам ойртсоор байлаа. Болороо энэ үед –Би хойноос чинь яваад очъё гэж хэлээд зугтахаа болин хойноос нь нэхэх зомбинууд руу буудаж эхлэв. Эхнээс нь дөхөж ирэх тав зургаан зомбины толгой руу буудан газарт унагаад Болороо эргэж харахад Тулгаагийн нуруун дээр сулбайн хэвтэх Баяраа хангалттай холдоогүй л байлаа. Энэ үед Болороо аман дотроо –Би чамд хайртай Баяраа. Чи үхчихвэл миний амьдрал утгагүй болно гэж шивнээд эргэн зомбинууд руу буудаж эхлэв. Түүн рүү таван метрийн зайтай зомбинууд ойртон ирэх үед бууных нь сүүлийн сум дуусч гохоо дарахад чаг чаг гэх дуу л өөрт нь сонсогджээ. Хормын дараа л Болороогийн биен дээр асар олон зомби шавав. Түүн дээр цугларсан зомбинууд цаашаа ахиж нэхсэнгүй. Харин Баярааг үүрсэн Тулгаа гудамжны булангаар дөнгөж эргэж байсан учраас дээрх үйл явдлыг мэдсэнгүй. Гудамжаар эргэн нэлээд явсны дараа өөдөөс нь Даваа машинаа хамаг хурдаар нь хаазлан цас манарган ирэв. Баярааг хамжин машин руу оруулж байхдаа Даваа –Болороо хаачсан бэ гэж асуухад Тулгаа –Хойно бид нарыг хамгаалаад үлдсэн гэхэд Даваа ирсэн зүг рүү нь гүйж очоод гудамжны булангаар шагайн харахад Болороо харагдсангүй. Харин дөч тавин зомби нэг газар шаван байхыг хараад бүхнийг ойлгожээ. Даваа машин руугаа гүйн ирээд жолооны ард суун машинаа хөдөлгөв. Энэ үед Баяраа ухаан орж тэднийг харан –Болороо хаачсан бэ гэж асуухад Даваа –Уучлаарай Баяраа. Тэр ирж чадахааргүй болсон гэхэд Баяраа –Машинаа зогсоо. Тэр ирэх ёстой. Түүний аав нь өчигдөрхөн алуулсан. Охиныг нь би амьд үлдээх ёстой биз дээ гэж чангаар хашгиран машинаас буухыг завдахад Тулгаа түүнийг зогсоолоо. Баяраа Тулгаатай ноцолдон гарахыг оролдсон боловч дэндүү тамирдсан учраас бие нь сулбайн унахад суудал руу нүүрээ наан гашуудан уйлж эхлэв. 
2-хэсэг төгсөв. 

No comments:

Post a Comment

“Цээнээ бид хоёр” өгүүллэг /шинэчлэн бичсэн/ Ц.Оюунбат

Алтан шар зам жирэлзэн өнгөрч тоосонд дарагдан хоцрох нь хүмүүн бид нарын амьдрал, дурсамж өнгөрсөнд үлдэхтэй эгээ л адил санагдана. Арха...