Monday, October 5, 2015

"Амьд Үлдэгсэд" зөгнөлт триллер зохиол 3-р хэсэг

1. Шөнө дундын дайралт

-Ий тий тий гадаа хүйтэн байна шүү гэсээр Даваа гаднаас уур савсуулан орж ирэв. Хулан гал дээр оройн хоолоо хийгээд таваглаж байв. –Хоолоо идэцгээгээрэй гэж Хулан бусдыгаа дуудахад Баяраагаас бусад нь ширээний ард суулаа. Баяраа харин буйдан дээр цаашаагаа хараад хэвтчихсэн босч ирэх янзгүй аж. Даваа –Бие чинь яаж байна даа гэж асуухад Баяраа дургүй янзтай –Зүгээр дээ гэж хариулав. Гэртээ эргэж ирснээс хойш Баяраа бусдаасаа тусгаарлаж ганцаархнаа байхыг эрмэлзэх болж, яриа хөөрөө ч дэлгэхээ больжээ. Өнөөдөр ч бас тэд нарыг хоолоо идэж дууссаны дараа босч ирэн хөрчихсөн хоолыг хурдхан шиг идэж дуусгав. Даваа харин унтахынх нь өмнө хөлийнх нь боолтыг солингоо –Хөлийн шарх чинь сайхан эдгэрч байнаа. Уг нь хойлогийн мах байсан бол янзын хурдан эдгэрнэ л дээ. Аз болж хутга гуя руу чинь тийм ч гүн орсонгүй. Харин наад нүүр ам чинь их удаан эдгэрч байна шүү. Тэр муу Гансүх яахлаараа ийм араатан шиг авирлаж хүнийг ингэтэл нь тамладаг байнаа гэтэл Баяраа цаашаагаа тольтой шүүгээний өмнө очин өөрийгөө хараад ногоон ягаан туяагаар хүрээлсэн нүдээ харж байснаа гэнэт Гансүхийг санан шүүгээн дээрх өрөөтэй хамаг зүйлсийг гараараа буулгаж хаяад – Даваа, би чамд амалчихъя. Би хэзээ нэгэн цагт үхэх нь тодорхой. Гэхдээ тэрнээс өмнө Гансүхийг өөрийн гараар бодийг нь хөтөлж, Итгэл ах болон Болороо хоёрын өшөөг авахаа тангараглаж байна гэж ууртайгаар хашгирав. Түүний чанга яриаг дээд өрөөнд унтахаар орондоо хэвтэж байсан Хулан Тулгаа хоёр чих тавин сонсоод Хулан – Хөөрхий дөө. Би Болороог өрөвдөөд байх юм. Баяраа ахад их ч сайн байсан даа. Ямар сайндаа л бид нарыг зугтаалгах гэж өөрийгөө золиослох вэ дээ. Баяраа ах ч тэр явдлаас хойш нэг сар болчихоод байхад мартаж өгөхгүй харин ч улам шаналаад байгаа юм шиг ойрдоо санагдах боллоо гэхэд Тулгаа –Би тэр өдрийг одоо хүртэл мартаагүй. Зарим шөнө унтах гэж байхад Итгэл ахын буудуулчихсан газарт хэвтэж байгаа нь нүдэнд харагдаад байдаг юм хэмээн хэлэхэд Хулан түүнийг араас нь цээжээр нь чанга тэврэн –Тайвшир даа хайрт минь. Бид бүгд энэ бүхнийг даван туулах болно. Одоо тайван унт даа хэмээн тайвшруулав. Нээрээ ч сар гарангийн өмнө болсон хэрэг явдалд тэд бүгд сэтгэл санааны хүнд цочролд орцгоон жирийн амьдралдаа ороход хэцүү л байлаа. Гэхдээ Даваа тэр хэдээсээ арай сийрэг ухаантай үлдсэн учраас хотоос буцаж ирснийхээ маргааш нь Тулгаатай ачааны машинтай буцан давхиж, дээрэмчдийн бүлгийнхний үлдээсэн буу сум, амьд үхэр зэргийг ачаад иржээ. Болороогийн биеийг олсонгүй, тиймээс ганц Итгэлийн цогцсыг авчран хажуугийнхаа ууланд Тулгаатай цуг даруухан байдлаар ёслон оршуулсан байна. Дээрэмчдийн байшин, машинуудыг ч шатаахаа мартсангүй. Гансүх эргэж ирвэл юу ч олж долоохооргүй болгожээ.  Он гарахад хэдхэн хоног дутуу, ес эхэлчихсэн, өвлийн жавар гадаа хайр найргүй тэд нарын хацар нүүрийг ороолгон энэ өвөл урьд жилүүдийнхээс ч хамаагүй хүйтэн болж байв. Хоолоо идэж дууссан тул орондоо орцгоон унтахаар хэвтэцгээв. Шөнө дундын үед нэг давхарт унтаж байсан Даваа цонхыг ямар нэгэн амьтан шөргөөхийг сонсон сэрлээ. Тэр хажуу талдаа байх цонхыг харахад хэн ч байсангүй. Хий юм сонсож гэж бодон буцаад унтах гэтэл гал зуухны өрөөний цонхыг хэн нэгэн хагалах чимээ сонсогдон цонхны хагархай шил тар няр хийн газарт уналаа. Яаран босч хажуудаа байх гар чийдэнг аван гал зуухны өрөө рүү гүйн ортол нэгэн зомби хагархай цонхоор орж ирэх гэж зүтгэн, цээжин биений тал нь дотор ороод ирчихсэн хагархай шилэн дээр гэдэс нь зоогдон тээглэсэн байлаа. Хагархай шилийг даган хар хүрэн цус гоожин цонхны тавцан дээр тунажээ. Зомби гэрлийг анзааран нүүрээ Даваа руу чиглүүлэн аяархан архирав. Нэг нүд нь аяганаасаа бүлтрэн хацрыг нь даган доошоо унжсаныг хараад Даваа бага зэрэг цочих шиг болон зочны том өрөөнд унтаж байсан Баярааг сэрээхээр очив. Өрөөнд оронгуутаа –Баяраа гэж тийм ч чанга бишээр дуудахад цаадах нь сэрээд хажуудаа зогсох Давааг харж –Юу болов? гэхэд –Байшингийн цонхыг хагалаад нэг зомби дотор орж ирэх гэж зүтгээд байна гэв. Хоёулаа зэвсгүүдээ аван шууд гадагшаа гарч гал зуухны өрөөний цонхон дээр тээглэсэн зомбиг Даваа хоёр хөлөөс нь хойшоо суга татан газарт унагахад Баяраа дагз руу нь сүхээр зоож дуусгав. Цаашаа үргэлжлүүлэн байшингийн ойр орчмыг шалгахад өөр зомби тааралдсангүй. Харин байшиг тойруулсан хашаануудад бэхэлсэн шорнуудад арваад зомби зоогдчихсон гараа сарвалзуулан зогсож байгаа харагдлаа. –Эд нар яагаад гэнэт өнөөдөр гараад ирэв ээ гэж Давааг асуухад –Мэдэхгүй юм даа. Юу ч гэсэн хагархай цонхыг таглая гэж Баяраа хэлээд дотогшоо түрүүлэн оров. Тэр хоёр байшин дотроос том панерэн хавтан олж түүгээрээ цонхыг таглав. Байшин дотор багагүй хүйтэн оржээ. Галдаа нүүрс нэмэн байшинг илүү дулаацуулахаар галлаж эхлэв. Тэр хоёр тус тусын өрөөнд орж унтахаар орондоо хэвтэцгээжээ. Гучаад минутын дараа гал зуухны өөр нэг цонх хагарах чимээ гарахад Даваа унтаж амжаагүй байсан тул ухасхийн босч дахин гал зуухны үүдээр дөнгөж ороход өөдөөс нь жижгэвтэр биетэй нэг зомби өөдөөс нь дайрлаа. Гэнэтийн энэ дайралтанд цочирдсон ч Даваа самбаачлан нүүр рүү нь гар чийдэнгээр цохиж унагаад –Баяраа гэж чангаар дуудахад нөгөөх нь үүдээр яаравчлан орж ирээд бууныхаа бөгсөөр гавлын ясыг нь бяцартал нилээн хэд цохиход зомби хөдөлгөөнгүй болжээ. Тэр хоёр дээд өрөөнд унтаж байсан Тулгаа Хулан хоёрыг дуудахад нөгөө хоёр нь гадуур хувцсаа өмсөн, буунуудаа барьсаар шатаар бууж иржээ. –Юу болоод байнаа гэсээр Тулгааг асуухад Даваа –Байшингийн цонхнуудыг зомбинууд хагалж орж ирээд байнаа гэж хэлээд ард нь дуу гарах чимээнээр эргэн харвал цонхоор дахиад хоёр зомби гараа сарвалзуулан байгааг харлаа. Баяраа –Энэ шөнө ч унтахгүй шинжтэй гэж хэлээд бага зэрэг доголсоор гадагшаа түрүүлэн гарахад Тулгаа ч хойноос нь даган гарав. Баяраа гарч ирээд хамгийн түрүүнд харсан зүйлдээ итгэсэнгүй, хашааны цаана асар олон зомбины сүрэг цуглаад шавчихсан харагдав. Зарим нь хашааг даван орж ирж байлаа. Түүний хажууд Тулгааг ирэхэд –Яах вэ гэж асуухад Тулгаа үг дуугарсангүй буугаа хараалан зогслоо. Эхний зомби байшингийн довжоо руу таван алхмын зайтайгаар тэр хоёр руу ойртон ирэхэд Тулгаа эхний сумаар тархинд нь буудаж унагав. Дараачийнхыг нь мөн буудах гэхэд Баяраа буунд нь гараа хүргэн түүнийг хориглоод –Хашаан дотроо тэднийг буудаж болохгүй ээ. Тэднийг холдуулах хэрэгтэй гэж хэлээд довжооноос буун хашааны хоосон хэсгийг чиглэн алхахад Тулгаа хойноос нь гүйцэн ирж –Та эндээ байж бай. Би тэднийг холдуулна гэж хэлэхэд Даваа бас гарч ирчихсэн өөдөөс нь ирж байгаа зомбины нүүр рүү том хутгаараа нэвт бүлж газар унагаад Баяраад хандан –Чи бие султай байгаа учраас Хулантай хамт байшиндаа ороод байж бай. Бид хоёр энэ хавийг цэвэрлээд тэдний анхаарлыг татан байшингаасаа холдуулъя гэж хэлэхэд Баяраа зөвшөөрөн байшин руугаа хазганан орлоо. Хулан түүнийг орж ирсний дараа хаалгыг сайтар түгжин буугаа бэлдэн цонхнууд руу очив. Даваа энэ үед цонхон дээр байгаа хоёр зомбинууд руу очин нэг нэгээр нь толгой руу нь хутгаа зоож аюулгүй болгожээ.

2. Халхавч

Даваа Тулгаа хоёр хашаанаас гадагш гаран зэргэлдээх байшин руу чиглэн явахдаа орилж хашгиран зомбинуудыг араасаа дагуулахыг хичээв. Тэдний байшингийн ойролцоо гучаад зомби цугласан байжээ. Эсрэг байшингийн ойролцоо Даваа Тулгааг гэнэт араас нь татаж зогсоогоод –Чи энэ утааг үнэртэж байна уу? Тулгаа зогсоод хамраараа амьсгаа авахад нүүрсний үнэр цэвэр агаарт хүчтэй үнэртэж байв. –Тиймээ, үнэртэж байна шүү гэхэд Даваа –Хэргийн учир энд байна. Тэд маш үнэрч. Утааны үнэрээр олуулаа цугласан бололтой. Бид нилээн хол газар их хэмжээний утаа гаргах хэрэгтэй байна. Тэгвэл тэд тийшээ явах байх гэхэд Тулгаа –За гэж хэлээд үргэлжлүүлэн хашгирч эхлэв. Тэр хоёрын хойноос тэр хавийн зомбинууд дагаж эхлэв. Зарим нь арай хурдан гавшгай байхад ихэнх хэсэг нь удаан болхи хөдөлгөөнөөрөө араас нь дагах аж. Даваа Тулгаа хоёр хааяахан бусдаасаа түрүүлж ойртон ирснийг нь толгойд нь сум зоон газарт унаган байшингаасаа улам холдсоор л байлаа. Сарны гэрэлд цасан цагаан тал тод харагдаж байсан учраас тэр хоёр харанхуйд нэг их түүртсэнгүй. Даваа гэнэт нэг байшинг онилж –За энэ л байна даа бид нарын халхавч гэж хэлээд урд хаалга руу түрүүлэн очлоо. Хаалганы бариулыг доош нь дарахад түгжээгүй байсан учраас хаалга шууд онгойв. Араас нь зомбинууд бөөнөөрөө ирж байсан тул Тулгаа хойноос нь шалавхан ороод хаалгыг хаажээ. Түүний өмнө явсан Даваа гар чийдэнгээ асааж, нэг давхрын өрөөнүүдээр явахад өмнө нь хэн нэгэн байсан бололтой, шалаар өрөөнүүдийн эд хогшил тарсан байв. –Шатаах юм олох хэрэгтэй гэж Давааг хэлэхэд Тулгаа бага зэрэг гайхан –Энэ байшинг шатаах гэж үү гэхэд –Тэрнээс өөр арга алга даа энэ шөнийг тайван өнгөрөөе гэвэл хэмээн Даваа хариулав. Даваа нэг давхарт үлдэн шатаж болох зүйлүүдийг хайн нэг доор овоолж эхлэхэд Тулгаа шатаар өгсөн хоёрдугаар давхарт гарчээ. Өрөөнүүдийн хаалгчг нэг нэгээр нь онгойлгон шагайсаар явахад олигтой юм олдсонгүй. Харин хамгийн булангийн өрөөний хаалгыг онгойлгох гэтэл цаана нь чимээ гарах шиг болон түжигнэн дуугарч эхлэв. Тулгаа буугаа бэлдэн өмнөө бариад хаалгыг хөлөөрөө цөм өшиглөхөд тэр андуураагүй байжээ. Хаалганы цаанаас нэг зомби түүн рүү олзоо барих гэж байгаа араатан шиг л үсрэн ирэхэд Тулгаа хоёр сумаар л түүнийг үхэл рүү нь илгээв. Буун дуунаар нэг давхраас Даваа шатаар харайлган гарч ирээд –Юу болов оо гэж асуухад Тулгаа эргэж харан шалан дээр хэвтэх зомби руу толгойгоороо дохин –Энэ над руу дайраад гэж тайвнаар хэлэв. Даваа түүнийг харж байснаа –Ард чинь гэж огцом чангаар хэлэхтэй зэрэгцэн Тулгаа нурууныхаа ард архирч байгаа чимээ сонсов. Хурдхан шиг эргэж хартал өөдөөс нь бас нэгэн зомби дайрч ирэн хамтдаа газраар өнхрөлдөн уналаа. Тулгаа зомбины хоолойг хоёр гараараа тулан өөртөө шүдийг нь хүргэхгүйг хичээх боловч шүд нь бага багаар нүүр рүү нь дөхсөөр л байв. Даваа нэг буудах гэснээ Тулгааг оночихож магадгүй гэж бодон буудахаа больж, Тулгаагийн дээр хэвтсэн хувцас гэж тамтаг болсон зомбины толгой руу нь араас нь бууныхаа бөгсөөр цохин хажуу тийш нь унагангуутаа олон юм ч бодсонгүй тархийг нь зад бууджээ. Энэ үед газарт хэвтэж байсан Тулгаагийн нүүр рүү үхсэн зомбины цус садран цацагдахад цочирдсондоо Даваа руу уурлан –Буудахгүй байж болсонгүй юу. Цус нь над руу үсэрчихлээ ш дээ гэхэд Даваа тайвнаар өрөөнөөс нэг алчуур олон өөдөөс нь сарвайгаад –Наадхаа арч даа. Тэгээд дараагийн ажлаа бодъё гэж хэлэв. Нээрээ ч тэр хоёр хурдлахгүй бол байшингийн гадна нь зомбинууд цугларан хаалга цонхыг самардан балбаж байгаа сонсогдов. Тэр хоёр шатаар доошоо буугаад Даваа овоолсон байсан мод, хэмхэрхий тавилга, хөшиг зэрэг дээр шүдэнзээ зуран гал асаав. Тэр хоёр гал дүрэлзэн асахыг хүлээж хэсэг зогсоод нэг давхрын арагшаа харсан цонхоор гарахаар болж, шилийг нь хагалав. Шил хагарах чимээнээр түрүүлж ирсэн зомбинуудыг цонхоор гарч байсан Даваа буудан унагаж, Тулгааг гарах хүртэл нь хамгаалан зогсов. Байшингаас арай холдон хэсэг хүлээхэд шөнийн харанхуйд байшин доторх гал өрөөнүүдийг бүрхэж эхэллээ. Модон байшин учраас гал дорхноо дүрэлзэн дээвэр рүүгээ оржээ. Энэ гал хавь ойрын зомбинуудыг өөртөө татаж, тэдний байшингийн гадаа цугларсан зомбинууд ч бас ирсэн байв. Харин энэ үед Баяраа Хулан хоёр байшин дотроо бэлэн байдалд зэвсгүүдээ бэлдэн хүлээж байсан ч хашаан дотор дахиж зомби орж ирсэнгүй. Цонхоороо харин нилээн хол орших нэг байшин галд дүрэлзэн шатаж байхыг хоёулаа харжээ. Даваа Тулгаа хоёрын хийсэн хэрэг гэдгийг ч гадарлаж байв. Холоос шатаж байгаа байшин түнэр харанхуйд тэртээд дүрэлзэх бяцхан түүдэг гал шиг харагдах аж. Харин тэр бяцхан түүдгийг тойроод зомбинууд хүрээлж, зарим нь галд автан байшинтай цуг шатаж байгаа нь ч Даваа Тулгаа хоёрт тодорхой харагдаж байлаа. Даваа Тулгаа хоёр шатаж буй байшинг алсуур тойрон гэрийн зүг явахдаа зомбинуудын анхаарлыг татахгүйг хичээнэ. Үүр хаяарах яагаа ч үгүй, гэртээ очих үедээ Даваа өвлийн хүйтэн сэнгэнэсэн агаарт хацраа хайруулчихсан орж иржээ. Тулгаагийн нүүрийг хараад харин Хулан цочих шиг болов. Тулгаагийн нүүрэн дээр цацагдсан цус, тархины зарим нөжирсөн хэсгүүд тэр чигтээ хөлдөөд хатчихсан байлаа. Тиймээс Тулгаа унтахынхаа өмнө ус халаан нүүр гараа сайтар угаачихаад унтжээ. Өглөө босонгуутаа тэд нарын хамгийн түрүүнд хийсэн зүйл бол байшингийн хажуу талаар хөглөрөх цогцоснуудыг Даваа Тулгаа хоёр зөөн оршуулгын жалга руу аваачиж хаяжээ. Харин нэг давхрын хагархай цонхнуудыг битүүлэх, салхи жавар сийгэхгүй болгохоор Хулан Баяраа хоёр ажиллан үлдэв. Даваа Тулгаа хоёр буцах замаараа шатсан байшингийн хавьцаа очиход бүрэн шатаж дууссан байх бөгөөд хэд хэдэн зомбины цогцоснууд шатсан байшин дотор байгаа нь гал руу яваад орчихсон зомбинууд бололтой. Амьд үлдсэн цөөн хэдэн зомбинуудыг Даваа Тулгаа хоёр өдрийн гэгээнд буу хэрэглэлгүйгээр, ядах юмгүй аюулгүй болгож орхив. Гэртээ ирэхэд байшингийн яндангаас нүүсний өтгөн утаа багшран гарч, хавь ойрд утаа үнэртэх аж. Энэ шөнийн хувьд онц юм болсонгүй, харин маргааш шөнө нь дахиад л тэдний хашааны гадаа зомбинууд цугларч эхэлжээ. Тиймээс Даваагийн сэдэж олсон арга нь өнжөөд нэг удаа холхон шиг байгаа байшингуудыг шатаадаг ажилтай болжээ. Энэ аргаасаа болоод Баяраагаас галдан шатаагч гэсэн хоч ч авсан байна. Харин энэ хочийг сонсоод Даваа бага зэрэг гомдсон аясаар -Бид бүгдийн аюулгүй байдлын төлөө л би тэр байшингуудыг шатааж байгаа ш дээ гэж хэлж билээ. Тэдний байгаа тал хөндийд байсхийгээд л нэг байшингаар гал тахьдаг болжээ. Гэхдээ хэзээ нэгэн цагт тэд нарын энэ түймрүүд өөр хэн нэгний анхаарлыг татна гэж хэнийх нь ч толгойд ороогүй билээ. Тэр цаг нь харин шинэ он гарсны дараахан тохиожээ.  

3. Холын зочид

Шинэ оныг тэд даруухнаас даруухан гэртээ гаргажээ. Ямар ч баярын уур амьсгал байсангүй, ширээн дээр нь оргилуун дарс, бялуу, амттангууд ч байсангүй. Үнэндээ он сар өдрөө ч анзаараагүй байтал 2017 он гарсны маргааш нэг нь санаж бусаддаа хэлжээ. Өнгөрсөн ч гэсэн тэр өдрөө тэд ойрхон цэвэр агаарт гарч хээр мах шарж идэн, сүүлийн үед анх удаа баяр хөөртэй өдрийг өнгөрөөжээ. Гурван цагийн дараа гэртээ ирэхэд нь байшингийнх нь гадна өөр хэн нэгний машин зогсож байгаа харагдахад тэд бага зэрэг сандарсан ч Баяраа түрүүлэн буугаа шагайсаар хаалгаар ороход байшинд танихгүй хоёр эр, нэг бүсгүйн хамт сууж байлаа. Бусдаасаа арай ахмад дөч гарсан эр бусдаасаа түрүүлж дуугаран –Сайн байцгаана уу, байшинд чинь зөвшөөрөлгүй орж ирчихсэн сууж байгаадаа хүлцэл өчье. Энэ хавийн зарим байшингууд шатчихсан ганцхан танай байшингийн яндангаас утаа гарч байхлаар нь хүмүүс амьдарч байгаа гэдгийг мэдээд орж ирээд хүлээж байя гэж бид шийдсэн юм л даа гээд Баяраа руу дөхөж ирэнгүүтээ гараа сунган –Болдоо гэж өөрийгөө танилцуулав. Баяраа хэсэг эргэлзсэнээ гартаа зэвсэг бариагүйг нь хараад гарыг нь атган –Баяраа гэж өөрийнхөө нэрийг танилцуулав. Болдоо цааш яриагаа үргэлжлүүлэн –Бид нар бол Дархан хотоос ирсэн хүмүүс л дээ. Тэнд бараг бидний зуугаад хүмүүс байдаг. Бидэнтэй цуг янз бүрийн л ажил мэргэжилтэй хүмүүс амьдарч байгаа даа. Эмч, жолооч, слесарь, инженер, орчуулагч гээд л. Би өөрөө бол машины засварчин хүн байгаа юм. Түрүү жил анх халдварт өвчин дэлгэрч байх үеэс л эхнэр, охинтойгоо хамт Дарханаас зайдуухан нэг амралтын газарт амьдарч эхэлсэн. Эхнэр маань тэр амралтын газрыг ажиллуулдаг байлаа л даа. Тэнд таньдаг хүмүүс, өөр янз бүрийн хүмүүс цугларсаар байгаад манай хотхон зуугаад иргэдтэй болсонд бид их баяртай байдаг юм. Бид ээлжилж өдөр шөнөгүй манаанд гардаг. Хоол хүнсний зүйл хангалттай цуглуулсан учраас одоохондоо хүнсний нөөцийн хувьд санаа зоволтгүй л байна. Өө тийм надтай цуг яваа энэ хоёр хүнээ танилцуулахаа мартаж орхиж. Энэ залуу бол хуучин Дарханы эмнэлэгт эмч хийж явсан, нэрийг нь Энхтөмөр гэдэг гээд гучаалд насны өндөр нарийхан цагаан залуу руу заахад нөгөөх нь хүмүүс рүү толгой дохин мэндлэв. Харин энэ бүсгүй хуучин армид алба хааж явсан бидэн дундаа хамгийн өндөр цолтой нь доо, Нарантуяа гэдэг юм гэхэд дунд зэргийн нуруутай, мяраалаг бор хүүхэн тэдэн рүү толгой дохив. Баяраа мөн өөрийн хүмүүсээ нэр устай нь танилцуулж дуусаад –Ингэхэд та нар ямар ажлаар хотод орж ирэв дээ гэхэд Болдоо –Бид нар хаа газар адилхан байгааг мэдэж байсан л даа. Гэхдээ Улаанбаатар руу ойрын хэдэн сар ирээгүй, ер нь нийслэлд юу болж байна. Бас амьд хүмүүс тааралдвал аваад явах санаатай ирсэн юм. Мөн эмнэлэг орж хэрэгцээтэй эм тарианы зүйлс олж магадгүй гэж бодоод л ирсэн дээ. Хэрэгцээтэй зүйлсээ эмнэлгээс олсон. Бид нар бас өөр нэг микро автобустай ирсэн. Хотод ирээд бид дөрвөн хүнийг аварсан шүү. Тэд бүгд л өлсөж цангасан, ядарсан улсууд байсныг бид нар микротоо суулгаад Дархан руу буцаачихсан. Бид хэд хоногтоо энүүгээр өөр хүн амьтан таарах нуу гэж хайх санаатай явж байгаад өнөөдөр та хэдтэй таарлаа. Бид нар ч хувь тохиолоор таарлаа шүү гэж пар пар инээв. Болдоо үргэлжлүүлэн –Ингэхэд та нар бид нартай хамт явах уу. Тэнд маань аюулгүй гэр орон, хоол хүнс, харуул хамгаалалт бас хийх ажлууд ч зөндөө байгаа гэхэд Баяраа Болдоогийн нүд рүү сонжих мэт цоо ширтэн хэсэг зогссоноо –Бид нар явахгүй ээ. Эндээ үлдэнэ. Байшин маань аюулгүй, тэгээд ч хоол хүнс бас байнаа гэж хэлэхэд Болдоо харамссан янзтай –Өөрсдөө л мэд дээ. Олуулаа байхдаа хүчтэй гэж ярьдаг шүү дээ. Гэхдээ эндээ бол чиний шийдвэр чухал байх л даа. Юу ч гэсэн бодож үзэхгүй юу. Бид нар эндээс хот руу явахад таван км-ийн зайтай замын хажууд байрлах, хоёр давхар, ногоон дээвэртэй байшинд амьдарч байгаа. Их дулаахан байшин байна лээ. Маргааш бид нар эргэж ирэхэд эцсийн шийдвэрээ хэлэхгүй юу гэж хэлээд яриагаа дуусгав. Танихгүй зочид жип машиндаа суун хашаанаас нь аажуухан гарч холдон одож байгааг байшингийнхаа үүдэнд зогсож байсан Баяраа Тулгаа хоёр харсаар үлдэв. –Юу гэж бодож байна даа, тэр үнэн ярьж байгаа болов уу гэж Тулгааг асуухад Баяраа –Харан байж л болъё. Тэр худлаа хэлэхээргүй хүн шиг санагдлаа гэснээ байшин руу эргэн оров. Орой нь тэдний дунд бяцхан зөвлөгөөн болжээ. Дархан руу нүүх үү, эндээ үлдэх үү гэдэг дээр санал хуваагдаж эхэллээ. Баяраа Даваа хоёр хаширлаад эндээ үлдье гэхэд Тулгаа Хулан хоёр Дархан явсан нь дээр гэцгээж байлаа. Нэлээн удаан ярилцсаны эцэст маргааш нь нөгөө хэдийг буцаж ирэхлээр тэдний байр байдлыг нарийн тодруулсны дараа Баяраа Даваа хоёр явах эсэх шийдвэрээ гаргая гэж тохиролцов. Харин маргааш нь босчихоод тэр хэдийг хүлээгээд л байлаа. Гэвч тэд шөнө болтол ирсэнгүй. Иймээс маргааш өглөө нь Даваа Баяраа хоёр өөрсдөө очиж үзэхээр болон машинаа асаан хот руу чиглэн хөдөллөө. Хэлсэн байшинд нь дөхөн ирэхэд машин нь гаднаа зогссон хэвээр, харин байшингаас нь утаа гарч байгаа шинж харагдсангүй. Хаалгыг онгойлгон орох гэтэл дотор архирах чимээ гарлаа. Тэгэнгүүт нь Баяраа байшинг тойрон цонхнуудыг шалгахад нэг давхрын хоёр ч цонх хагарчихсан, цасан дээр байшин руу гаднаас нэвтэрсэн хүний мөрнүүд харагдана. Баяраа буугаа ардаа үүрэн гартаа сэлмээ барин бэлдсээр хаалгыг аяархан онгойлгов. Ард нь Даваа гартаа сүх атгачихсан аажуухан орцгоов. Тэдний өөдөөс нэг зомби дайрсаар үүдний өрөөнд халз тулгарахад Баяраа сэлмээр толгойг нь нэг далайлтаар цавчин хаяхад толгой нь өнхөрсөөр галын өрөө рүү орлоо. Харин галын өрөөнд нэлээн олон зомбины архирах чимээ сонсогдсоноо түжигнэлдэн галын өрөөнөөс шахцалдан гарч ирлээ. Баяраа –Хойшоо ухраад гэж Даваад хэлээд цугтаа байшингийн хаалгаар гаран хаалгыг нээлттэй үлдээн өөдөөс нь буунуудаа гарган хүлээв. Байшингийн хаалгаар барагцаалвал арван таван зомби их дуу шуугиан болон гарч ирлээ. Эхнээс нь Баяраа Даваа хоёр сум тоолон унагасаар минутын дотор бүгдийг нь аюулгүй болгожээ. Баяраа үхсэн зомбинуудыг дээш нь нэг нэгээр нь харуулан шалгаж яваад хоёр зэрэгцээ унасан зомбинуудыг хараад шүүрс алдав. Уржигдархан тэднийд ирсэн өндөр цагаан эмч болон мяраалаг хүүхэн хоёр зомби болон хувирсан байлаа. Баяраа байшин руу ороод нэг давхраар Болдоог хайсан боловч тэр олдсонгүй. Харин дээд давхраас хана цохих чимээ гарахад шатаар аажуухан өгссөөр хоёр давхарт гарахад нэгэн хаалга хаалттай байх ба дотроос нь түгжсэн байлаа. Харин хаалганы цаанаас хана нүдэх чимээ сонсогдсоор байв. Баяраа хаалганы түгжээг эвдэн дотогшоо ороход газарт цусандаа хутгалдсан Болдоо хэвтэж байлаа. Зүүн гар нь шуугаараа тасарсан байх бөгөөд даавуугаар ороох маягтай боосон байсан нь цусандаа нэвчин, зарим хэсгээрээ цус нь хатсан харагдана. Баярааг хараад Болдоо хуруугаараа өөр рүүгээ дохин –Нааш ир гэж сулхан шивнэв. Баяраа толгойгоо нүүрэнд нь ойртуулахад зүүн гар руугаа эрүүгээрээ дохиод –Энхтөмөр хазчихсан юм. Тэгээд би гараа таслахаас өөр алгагүй боллоо л доо. Шөнө унтаж байхад гаднаас зомбинууд ороод ирсэн. Тэгээд..  гэснээ хоолой нь чичирхийлэн ухаан алдав. Даваа харин зүүн гарынх нь боолтон дээгүүр нэмж даавуугаар чанга гэгч нь зангидаж байлаа. 

4. Сураг

Болдоог машинтай нь цуг тэд байшиндаа авчирчээ. Их цус алдсанаас болж Болдоо хоёр хоног ухаангүй байлаа. Харин гараа амжиж тасдсан бололтой одоогоор хувирч байгаа шинж тэмдэг ажиглагдсангүй. Гэхдээ тэд хаширлан Болдоогийн баруун гарыг ортой нь гавлажээ. Даваа түүнд дусал хийх, шархыг нь эдгээх зэргийн эмчилгээ хийж байлаа. Хоёр хоногийн дараа Болдоо ухаан ороод хамгийн түрүүнд хажуудаа суух Давааг харлаа. Ам руу нь цай оочуулангаа –Одоохондоо чиний амь насанд аюул учрахгүй боллоо. Цус тогтоох, халдвар оруулахаас сэргийлсэн эмчилээнүүд амжилттай болсон. Хэд хоног хэвтэрт байж байгаад боссон нь дээр байхаа гэж хэлэв. Болдоо баруун гараа гавтай байгааг үзээд –Намайг яагаад гавлачихаа вэ гэхэд Даваа –Биднийг ойлгоорой. Чамайг хувирах эсэхэд бид эргэлзэж байсан юм гэж хэлээд -Гэхдээ одоогоор зүгээр байгаа юм чинь бүх юм зүгээр гэсэн үг. Баяраад хэлээд гавыг чинь тайлуулнаа. Юм идэх үү гэж асуухад Болдоо толгой дохисноо гарынхаа өвчинд шаналан царай нь хачин болж, хамаг хөлс нь гарав. Даваа түүнийг хараад –Ойлгож байнаа. Бүхэл бүтэн нэг мөч чинь тасарчихлаар өвдөлт их байгаа. Гэхдээ надад даанч өвчин намдаах ямар нэгэн зүйл алга гэж хэлээд санаа алдав. –Одоо амар даа гэчихээд гарч яван эргэж ирэхдээ аягатай шингэн хоол барьсаар ирлээ. Ам руу нь халбагадаж өгөнгөө –Чи ч их зоригтой юмаа. Гараа өөрөө тасалчихдаг гэж ярьж байтал өрөөнд Баяраа орж ирлээ. –Бие нь гайгүй юу гэж хэлээд Баяраа түлхүүрээр гавыг нь тайлж өглөө. –Чамайг тэр өдөр анх хараад үхчихэж л гэж бодсон шүү. Танай хоёр хүнд их харамсаж байнаа гэхэд Болдоо –Бид нар болгоомж алдсан байна лээ. Тэд нарыг юу тэгж манай байшин руу татсаныг та нар мэдэж байна уу гэхэд Даваа –Та нар гал түлсэн үү. Тэгсэн бол тэд нар утааны үнэрт амархан цуглардаг. Тиймээс энэ хавийн зарим байшинг шатаасан байгаа юм л даа гэхэд Болдоо –Тэрийг чинь бид нар харин мэдсэнгүй. Бид байшингаа унтахын өмнө сайтар галласан л даа. Уг нь хаалга дотроосоо түгжээтэй байсан боловч цонх хагалж орж ирсэн байна лээ. Би тэр шөнө хоёрдугаар давхрын орон дээр унтаж байсан юм. Гэнэт шөнө дунд нэгдүгээр давхарт эхлээд Нараагийн хашгирах чимээ гарсан. Би буух гэсэн чинь өөдөөс хар хурдаараа Энхтөмөр гарч ирсэн л дээ. Ямар ч байсан ямар нэгэн юм надад хэлэх гэж оролдоод байсан ч надад юу ч ойлгогдохгүй байлаа. Харин дараа нь тэр гэнэт зүүн гарын алгыг минь цоо хазсан л даа. Энэ л үед би тэрнийг өөрчлөгдсөнийг мэдээд хутгаараа цээж рүү нь дүрээд шат руу түлхэн унагасан юм. Хаалгаа хааж түгжчихээд гараа таслах гэж цавчиж эхэлсэн. Тийм амархан тасардаггүй юм байна лээ. Маш их өвдөж байсан ч үргэлжлүүлэн яс, мах, судас болгоноо тасдах үнэхээр амаргүй байсан. Хаалганы цаана зомбинуудын архирах, балбах чимээ бөмбөр нүдэж байгаа юм шиг л сонсогдож байлаа. Харин тэр чимээ нэг сулраад, нэг ихсээд, нэг мэдэхэд би ухаан балартсан байсан. Тэгээд л чамайг нэг давхарт орж ирэхэд ухаан орсон доо гэж Болдоо ярив. Баяраа түүний яриаг дуугүй сонсож дуусаад амраг дээ гэж бодон Даваатай цуг өрөөнөөс гарав. Доор нэг давхарт цуглараад –Тэр яаж байна даа гэж Тулгааг асуухад Даваа –Бие нь сайжирч байх шиг байнаа. Хэд хоногоос босоод явдаг болно гэж бодож байна. Манай холын танилуудад хэцүү асуудал тохиолдсонд би хувьдаа их харамсаж байна л даа. Юу ч гэсэн өөрийнх нь бие сайжрахыг хүлээх хэрэгтэй байх. Тэрний дараа Дарханы асуудлыг ярьцгаая гэв. Тэр шөнөдөө Болдоо шархандаа халууран дэмийрч, хажуугаар нь хар даран зүүдэлж шөнийг хэд хэд орилж хашгиран өнгөрөөжээ. Шөнө харин хажууд нь Даваа сахиж хоносон байна. Өглөө нь Даваа боолтыг нь солингоо шархыг нь их л ярвайсан байдалтай харж байснаа Баярааг дуудав. Баярааг өрөөнд орж ирэнгүүт –Энийг хар даа гэж дуудаж харуулав. Шархыг нь харангуутаа Баяраагийн дотор нь муухайрав. Болдоогийн гарын шарх хувилж идээлж эхэлсэн байлаа. Бас эвгүй үнэр өрөөгөөр нэг таржээ. Баяраа цонхыг онгойгон цэвэр агаар оруулангаа Даваа руу хандан –Яавал дээр вэ гэж асуухад Даваа –Надад тариа хэрэгтэй байна. Түүнийг тарьж байж л шарх нь зүгээр болно. Цэвэрлээд байгаад байвал бие нь улам хүндэрнэ. Гараа тэр чигээр нь алдах эсвэл цаашлаад амь насанд нь аюул учирч болно. Өнөөдөр яаралтай хот явахгүй бол болохгүй ээ. Эмнэлэг, эмийн сан тааралдсан газраасаа л хайх хэрэгтэй. Эдний машинд би үзсэн л дээ. Яг энэ тохиолдолд хэрэглэх эм тариа үнэхээр байхгүй байна лээ. Тиймээс хоёулаа хот руу явъя. Хулан Тулгаа хоёр өвчтөнг сахиад үлдэг гэхэд Баяраа –За тэгье. Энэ гурвыг үлдээхэд гэхдээ миний санаа бага зэрэг зовж л байна. Бид нар Болдоог сайн танихгүй шүү дээ гэхэд Даваа –Зүгээр дээ. Бие нь тамирдсан байгаа учраас тэр бараг орноосоо ч босч чадахгүй байх. Юу ч гэсэн Тулгаад захиад үлдээчихэж болох байх гэв. Энэ яриагаа тэр хоёр бараг шивнэж ярьсан учраас унтаж байсан Болдоо сонссонгүй. Зочдынхоо машинаар тэр хоёр хот руу явахаар боллоо. Банк дүүрэн бензинтэй ч байв. Бодвол буцаад Дархан руугаа явах бэлтгэлээ хангаж байсан бололтой. Тэр хоёрыг хот руу явснаас нэг цагийн дараа Болдоо өрөөнөөсөө хүн дуудаж эхлэв. Тулгааг өрөөнд нь ороход –Ус өгөөч хэмээн дорой дуугаар Болдоо гуйв. Тулгаа шанаганд ус хийж барьсаар оруулж өгөхөд ганц үлдсэн гараараа шанагыг барин зарим усыг асгаж цутган уув. Ууж дуусчихаад Болдоо гэнэт –Дархан руугаа бид нар шууд үлдсэн хүмүүстэйгээ цуг явсан бол манай хоёр ч үхэхгүй, би ч гартайгаа байх байж дээ. Би одоо дахиж машин засч чадахаа өнгөрсөн байх даа гэж гуниглагуй өгүүлэхэд Тулгаа сэтгэлийг нь засан –Зүгээр дээ. Ямар ч байсан амьд үлдэнэ гэдэг хамгийн азтай хэрэг шүү дээ. Ингэхэд та нар дөрвөн хүнийг аварсан гэсэн дээ. Ямар хүмүүс байв даа гэж асуухад Болдоо –Ах дүү хоёр байсан. Бас нэг эмэгтэй. Тэр гурав цугтаа амьдарч байсан юм байна лээ. Өөр нэг шархадсан эр байсан л даа. Баруун дал мөрөндөө буудуулсан сумны шархтай, өөрөө хэлэхдээ дээрэмчдэд буудуулсан гэж байна лээ. Хотод ч хэцүү улсууд одоо хүртэл байгаа юм шиг байна лээ гэж бид нар бодсон гээд өмнөө зогсоо Тулгаа руу харахад нөгөөх нь ухаан санаа нь өөр газарт байгаа юм шиг цонхоор алсыг харан хөдлөх ч үгүй зогсож байв. –Тэгээд тэр дөрөв манай өөр гурван хүнтэй цуг Дархан руу хөдөлсөн дөө гэж Болдоог үргэлжлүүлэн ярьтал Тулгаа яриаг нь таслан –Тэр шархадсан хүн өөрийгөө хэн гэж танилцуулсан бэ гэхэд –Тайвнаа гэсэн байхаа. Дөч гарч байгаа болов уу гэмээр насны хүн байсан. Баруун чих нь сэтэрхий, бас их юм үзсэн байрын хүн байна лээ гэхэд Тулгаа –Та нар тэр хүнтэй хаана тааралдсан бэ гэхэд –Бид нар хотод тааралдсан. Олон хоногийн өмнө л дөө, сумны шарх нь эдгэрч байсан гэхэд нь Тулгаа –Би тэр хүнийг танинаа. Бид нар бүгд танина. Тэр тэгэхлээр одоо хотхонд чинь байгаа гэсэн үг үү гэхэд Болдоо –Тиймээ. Бид нар Дарханаас яваагаа хэлээд цуг явах уу гэхэд дуртайяа зөвшөөрсөн шүү. Тэд нар аль хэдийнэ оччихсон бид нарыг хүлээж байгаа байх аа гэж хэлээд Тулгааг харахад цаадах нь гартаа барьсан даавуугаа байдгаар нь базчихсан зогсож байлаа.  

5. Эмний үнэ цэнэ

Баяраа Даваа хоёр эм тариа хайж явсаар хотын төв рүү дөхсөөр байлаа. Тэдний орсон хэд хэдэн эмийн санг юу ч үгүй тоносон учраас хэрэглэчих зүйл олдсонгүй. Төв замаар цас ихтэй явахад хүндрэлтэй байсан ч тэд явсаар нэгэн бага шиг хувийн эмнэлгийн гадаа ирж зогслоо. Даваа түрүүлэн орох гэтэл Баяраа түүн рүү дохиж зогсоогоод холоос тэдэн рүү чиглэн ирж явсан нэгэн зомбиг заалаа. Цасан дундуур хөл нүцгэн алхах зомбиг хараад Даваа өмнөөс нь даарах шиг л болов. Гэхдээ өдий зэргийн хүйтэн зомбид асуудал биш бололтой, тэд халуун, хүйтэн мэдэрдэггүйг зун бензинээр шатааж байхдаа Баяраа мэдсэн билээ. Ойртуулж байгаад Баяраа өмнөөс нь очин том балиусаараа нүүр рүү нь тултал нь дүрж газарт унагаад хутгаа сугалан цасан дээр арчив. Тэд эмнэлгийн гадаа хаалгыг онгойлгох гэтэл түгжээтэй байлаа. Энэ нь сайн хэрэг бөгөөд цоожтой байна гэдэг тонуулаагүй байгаа гэсэн үг. Том төмөр хаалгыг онгойлгоход төвөгтэй байсан учраас дотогш орох өөр хаалга, цонх хайн жижгэвтэр гурван давхар байшинг хоёулаа тойрлоо. Цонхнууд төмөр тороор хамгаалагдсан учраас орох боломж байсангүй. Харин байшингийн ар ханаар дээвэр рүү өгссөн төмөр шат байлаа. Түүгээр эхлээд Баяраа өгслөө. Бээлийгүй байсан учраас өвлийн хүйтэнд төмөр шат гарыг нь хөлдөөчих шахам хайрсан ч тэр хоёр тэссээр ар араасаа дээвэр дээр гарлаа. Дээвэр дээр байшин руу орсон намхан модон хаалга харагдахад хаалгыг түлхэх гэтэл дотроос нь гинжээр цоожилсон байх аж. Баяраа цоожийг тойруулан хэдэн сумаар буудахад хаалга онгойлоо. Тэдний буудсан сум өндөрлөг газраас буудсан учраас тэр хавийн гудамжаар цуурайтан сонсогдоход Даваа бага зэрэг санаа нь зовон дээврээс доошоо тонгойн харахад байшингийн гадуур аль хэдийнэ таван зомби ирчихсэн хөлхөж байгаа харагдав. Баяраа харин хаалгыг аажуухан түлхэн онгойлгоход доошоо гуравдугаар давхар руу буусан жижиг шат харагдав. Түүгээр хоёулаа бууснаар байшин руу нэвтэрчээ. Дотор харанхуй байсан ч өдрийн гэрэл цонхоор орж ирж байгаа учраас өрөө заалнууд бүдэгхэн ч гэсэн сайн харагдаж байлаа. Даваа ажилдаа орон шууд л эм тариа хадгалдаг өрөө тасалгааг зөнгөөрөө хайж олон хаалгыг онгойлгоход тэдэнд аз таарч Болдоод шаардлагатай эм тариаг зөндөө олжээ. Даваа үүрдэг цүнхээ задлан дотор нь бүх эм тариагаа хангалттай хийж байв. Энэ үед Баяраа бусад өрөөнүүдийн заримыг шалган явж байхдаа ханан дээр цагаан будгаар томоор бичсэн бичгийг хараад зогтусав. Ханан дээр “Энэ байшинд орж ирсэн хүн хэзээ ч эргэж амьд гарч чадахгүй л болов уу. Доод давхруудад зомбинууд жоом шиг язганалдаж байгаа. Би маш их ганцаардаж, өлсөж цангаж байна” гэж бичсэн байв. Даваа энэ үед цүнхэндээ эм тариагаа уудлан хийж байгаад ард нь шил хагарах чимээнээр цочин эргэж харвал түүний ард эмнэлгийн цагаан халаад өмссөн, нүүр ам нь тэр гэхийн тэмдэггүй болсон зомби өрөөнд орж ирсэн байлаа. Зомби түүн рүү гараа сарвайлган огцом дайрлаа. Харин Даваа түүнтэй барьцалдан газар унахдаа ширээн дээр байсан зарим шилтэй шингэн эмнүүдийг татан унагаж, шил хагарах чимээ заалаар нэг цуурайтлаа. Баяраа Даваад ямар нэгэн юм тохиолдож гэж мэдэн эргээд эмний өрөө рүү ухасхийтэл өрөөний цаад хонгилоос дөрөв таван зомби ирж байгаа харагдав. Баяраа буугаа барьсаар өмнөөс нь хар хурдаараа гүйх шахам ирж өрөө рүү амжиж орон хаалгаа хаахад хаалганы цаана зомбинууд хаалгыг балбасаар үлдэв. Шалан дээр Даваа нөгөө зомбитойгоо дээр доороо орон ноцолдож байгааг хараад зомбины толгой руу бууныхаа бөгсөөр дэлсэн хажуу тийш нь унагаад шалтай хавсран үргэлжлүүлэн буугаараа цохьсоор тархийг нь няцалжээ. Тархинаас нь гоожсон цус эм тариатай үүргэвч рүү асгарсаар дөхөж ирэхэд Даваа амжиж дээш нь өргөж авав. –Балрах дөхлөө шүү гэж Даваа Баяраа руу талархсан харцаар харангаа хэлэхэд –Энд хэн нэгэн амьдарч байгаад халдвар авч үхсэн бололтой. Эмнэлгийг гаднаас нь биш, харин дотроосоо цоожилсон бололтой. Эндээс харин яаж гарах вэ гэж Баяраа бодлогошрон хэлэхэд Даваа гайхшран -Эргээд орж ирсэн замаараа л гарна биз дээ гэв. Харин түүний хариултыг хаалганы цаанаас хүчтэй балбах чимээ зогсоожээ. Хаалганд чихээ наан хэсэг зогсоод –Арван хэд лав байх шиг байна гэж Даваа хэлэв. Баяраа өрөөний доторхыг хараад хаалгаар гарахаас өөр аргагүйг ойлгов. Өөр хаалга эсвэл цонх тэр өрөөнд байсангүй. Баяраа –Үүргэвчээ өөртөө сайн бэхлээд үүр дээ. Тэгээд бууныхаа сумнуудыг шалгаарай. Хоёулаа хаалгыг онгойлгоод тэдэн рүү сумаараа шүршихээс өөр арга алга. Хэд байгааг нь өөрсдөө харсны дараа л мэдэх байх гэв. Даваа толгой дохин үүргэвчээ нуруундаа өөр олсоор бас давхар уяад, буугаа бэлджээ. Харин Баяраа нэг гартаа буугаа барьсаар хаалганы түгжээг тайлан огцом онгойлгоход зомбинууд өрөө рүү архиралдсаар орж ирлээ. Баяраа хойшоо хэдэн алхам ухраад Даваатай зэрэгцэн зогсоод галлаж эхлэв. Даваа ч бас буудаж эхэллээ. Түрүүлж орж ирсэн хэд нь толгойдоо сумны шарх аван газарт үхэтхийн унаж байсан ч араас нь нэмж орж ирсээр л байлаа. Бууны гол төмрөөс утаа гаран өрөөн дотор дарьны эхүүн үнэр үнэртэх аж. Эхлээд Даваагийн бууны нэг дайз сум дуусахад галлахаа зогсоон дараачийн дайзаа гарган цэнэглэв. Энэ хооронд Баяраа хаалгаар орж ирэх зомбинуудыг тогтоож байлаа. Тун ойрхноос буудаж байгаа учраас Баяраа нэг ч сум гарздахгүйг хичээн сум тоолон унагасаар байлаа. Хаалган дээр махан овоо бий болж дараачийн зомбинууд нь орж ирэхэд төвөгтэй болж ирсэн учраас цаанаас нь дэмий л гараа сарвагануулах аж. Баяраа овоорсон үхсэн зомбинуудыг нэг нэгээр нь нааш нь татангаа цаанаас нь шинээр дайрч орж ирэх зомбинуудыг унагасаар л байлаа. Сүүлийн сум нь дайзнаасаа гарах үед өрөө рүү дахиж зомби орж ирсэнгүй. Баяраа дайзаа солингоо өрөөнөөс толгойгоо цухуйлган аажуухан харахад доороос өгссөн шатаар нэмж зомбинууд ирж байгаа харагдахад Даваа руу –Хурдлаарай гээд орж ирсэн өрөө рүү түрүүлэн гүйхэд Даваа хойноос нь бүдчин гүйлээ. Баяраа түрүүлж дээвэр дээр гарчихаад хаалгыг хаахад бэлдэн зогсоход Даваа хойноос нь дээшээ шатаар өгсөх гэтэл хөлнөөс нь нэг зомби бариад авчихав. Хөлөөрөө хичнээн тийчлэвч тавьсангүй. Харин доош нь чангаан өөр рүүгээ татаж эхлэв. Даваа яаж ч зүтгэсэн улам доошилсоор түүний үүргэвчнээс зомби бариад авчээ. Доор байсан зомби дээр дахин нэг зомби нэмэгдэн жижигхэн өрөөнд шахцалдан орж ирэв. Одоо бол Даваагийн хөл нь суларчихсан, зомби ганцхан үүргэвчнээс нь татаж байлаа. Баяраа түүнийг хараад –Наад үүргэвчээ тайлж хая гэж хэлэхэд Даваа толгой сэгсрэн –Би энийг заавал авч явах хэрэгтэй, тэгэхгүй бол Болдоо үхнэ гэж шийдэмгий хэлэхэд Баяраа өөр арга байхгүйг ойлгон Даваагийн хажуугаар доошоо шатаар буулаа. Дээрээс буудахад тохиромжгүй байсан учраас Баяраа хутгаа ашиглахаар шийдэн буусан нь тэр байж. Бууж явах үедээ Даваагийн үүргэвчнээс зулгаасан зомбины толгой руу хөлөөрөө хүчтэй тийрэхэд цаадах нь арагшаагаа үсрэн уналаа. Даваа суллагдан дээшээ гарчээ. Харин нөгөө зомбины нүүр рүү Баяраа хутгаа зоогоод зоолттой чигт нь хаяв. Учир нь цаанаас нь бас л олон зомби шахцалдан орж ирж байлаа. Буцаад шат руу ухасхийн дээшээ хормын төдийд л гарахад зомбинууд шатаар авирч чадахгүй, дэмий л сарвалзан үлдэцгээв.

6. Хүлээлт

Тэр хоёр дээвэр дээр гарчихаад хаалгыг нь бушуухан хаав. Хэдийгээр дээшээ гарч чадахгүй нь тодорхой боловч аюулгүй байдлаа бодох хэрэгтэй. Даваа байшингийн буух шатаар доошоо хараад ухаан алдахаа шахав. Тэр хоёрын буудалцаан асар их чимээтэй байсан бололтой доор нь зомбинуудын давалгаа шиг л харагдаж байлаа. Энэ үед Баяраа бас хажуугаар нь аажуухан харчихаад –Тэдэнд харагдахгүйгээр хэсэг хүлээе гэж шивнэв. Дээвэр дээр идэр есийн хүйтэнд удаан байхааргүй тачигнасан жавартай байлаа. Тэд цаг гаруй хүлээгээд хүйтэнд улам даарч доошоо тонгойн харвал зомбинууд арай л цөөрсөн харагдав. –Дотор арай л дулаахан байгаа даа. Юу ч гэсэн орж үзэх үү гэж Баярааг хэлэхэд Даваа хаалга руу харснаа өмнөхөн нь үхэхээ шахсан нь санаанд орж нуруугаар нь хүйт оргив. Гэхдээ тэр хоёрт тэгж азаа үзэхээс өөр арга байхгүй билээ. Ямар гадаа зогссоор байгаад хөлдөж үхэлтэй нь биш гэж Даваа дотроо бодоод хаалгыг аажуухан онгойлгон харахад зомбинууд явчихсан байлаа. Харин Баяраагийн хутга нүүрэнд нь зоолттой үхсэн зомби газарт эв хавгүй тэрийн хэвтэнэ. Эхлээд шатаар Баяраа бууж хаалгаар нүүрээ тал гарган орчин тойрныг харахад түүний нүдэнд ямар нэгэн зомби харагдсангүй. Санаа нь амраад зомбины нүүрэнд зоолттой байгаа хутгаа сугалан хувцсанд нь цусыг нь арчаад бүсэндээ хавчуулаастай хуйнд нь хийв. Даваа түүний хойноос мөн шатаар бууж ирлээ. Дотор хэдийгээр халаалтгүй, мөсөн агуулахад байгаа юм шиг л хүйтэн байсан боловч гадаа байхаас хамаагүй дулаахан байх аж. Байшингийн хананы дагуу цантаж зузаан мөс энд тэнд тогтсоныг тэр хоёр сая л анзаарлаа. Том зааланд байх хүлээлгийн урт сандалнууд, цэцэг нь хатаад үхчихсэн том ваар зэрэг зүйлүүд ундуй сундуй газраар хөглөрөн, хэзээ нэгэн цагт энд амь тэмцсэн үйл явдал өрнөснийг илэрхийлэх их хэмжээний цус шалан дээр хатан будгийг нь халтартуулсан байв. Тэр хоёр дотор бараг гучаад минут зомбинуудын анхаарлыг татахгүйг хичээн чимээгүй сууцгаалаа. Гэнэт эм тарианы өрөөнөөс нэгэн зомби хөлөө чирсээр гарч ирэн тэр хоёрыг чиглэн алхаж эхлэв. Баяраа эхэлж харсан учраас шат руу гарах өрөө үүгээ орон хананы цаана чимээгүй суун байдлыг харзнан хүлээж эхлэв. Зомби тэр хоёрын өрөөний хажуугаар гарахдаа түр зогсон хамраа сарталзуулан хүчтэй үнэртэж байнаа нь сонсогдож байлаа. Энэ үед Баяраа хутгаа гарган бэлдчихсэн түүнийг хүлээж эхлэв. Гэхдээ уг зомби үхсэн зомбиг харан хэсэг сатаарснаа өрөөгөөр нь шагайсангүй цааш үргэлжлүүлэн алхаж холдох нь хөлийн чимээгээр нь мэдрэгдэв. Тэр хоёрын санаа түр ч гэсэн амран бие биенээ харан сууж байснаа дахиад жаахан хүлээх хэрэгтэй гэдгийг бие биенийхээ харцнаас мэдэрсэн бололтой доошоо явган сууцгаав. Нэг цаг гаруй хүлээж суухад цаг хугацаа зогссон аятай л санагдаж байлаа. Тэгж хүлээж суухдаа Даваа нэг мэдсэн зүүрмэглэжээ. Баяраа түүний мөр рүү нь зөөлхөн цохих үед тэр давхийн цочин сэрэхэд цаадах нь чихэнд нь –Одоо гарцгаахгүй бол болохгүй юм шиг байна. Тэгэхгүй бол шатаар олон зомби гарч ирж байх шиг байна гэж шивнэхэд нээрээ ч хонгилын нэг үзүүрээс их чимээ гарч байгаа нь Даваад сонсогдлоо. Тэр түрүүлэн шатаар өгсөн хойноос нь Баяраа гарч ирээд дээвэр дээр гарахад нар нэгэнт жаргасан бололтой гадаа бүрэнхий болсон байв. Байшингийн дээвэр дээрээс доошоо тонгойн харахад доор цугларсан байсан олон зомби цөөрч тав зургаа л харагдахад Баяраа –Бууцгаая гэж хэлээд түрүүлэн шатаар бууж эхэллээ. Даваа олон цаг хөдөлгөөнгүй байснаас болж голдоо ортол даарчээ. Тэр төмөр шатаар арай ядан доошоо бууж эхэллээ. Баяраа харин даарах нь арай гайгүй байсан бололтой газарт үсрэн буугаад ийш тийш харан Давааг бууж иртэл орчин тойрноо анхааралтай ажиглаж байлаа. Аз болж Давааг бууж иртэл ямар ч зомби тэр хоёрыг анзаарсангүй. Машин руугаа дөхөж ирэн хаалгыг онгойлгох үед л арай ойрхон байсан зомби тэр хоёрыг харчихжээ. Тэр хоёр руу харснаа аяархан архиран алхах хурдаа нэмэн ойртож эхлэв. Баяраа Даваа хоёр тус тусын суудалд суучихаад Баяраа машиныхаа асаах түлхүүрийг эргүүлтэл мотор нь асахгүй байлаа. Тэгэнгүүт түлхүүрээ эргүүлэхээ больж хэсэг хүлээснээ дахин эргүүлэв. Даваа –Яагаад асахгүй байнаа гэж асуутал Баяраа –Хүйтдээд асахгүй байх шиг байна. Гадаа ч овоо хүйтэн байнаа гэж хариулаад стачераа эргүүлсээр байлаа. Харин гэнэт Даваа хажуу талынхаа цонхыг цохих чимээнээр цочингуутаа харвал түрүүчийн зомби ирчихсэн цонхыг нь гараараа балбан нүүрээ шилэнд нь наан шүлстэх аж. Машины стачерын эргүүлэх чимээнээр урд талаас нь гурав хойноос нь арваад зомби ойртож байгааг хараад Баяраа –Асаач дээ, асаач гэж үглэнгээ стачераа эргүүлсээр л байлаа. Урд талын зомбинууд машины хамар хавьцаа ирэх үед машины мотор гэнэт асан хүнгэнэсэн дуу нь сонсогдох үед Баяраа хаазан дээрээ огцом гишгэн цасан дээр дугуйгаараа хий шарвуулсаар урагшаа огцом хөдлөх үед урд нь байсан нэг зомби Баяраагийн урд талын цонхыг хүчтэй мөргөн хажуу тийшээ газарт унаж нөгөө хоёр нь дугуйн доогуур нь орсон бололтой машин энхэл донхол дээгүүр дээш доош хүчтэй донсолсоор нарийхан гудамжаас чигээрээ төв зам руу орлоо. Баяраа урд талын салхины шил цуурч хагаран хажуугаар нь түрүүчийн зомбины цус салхины шилэн дээр цацагдан хөлдсөнөөс болж урдах зам нь муу харагдаж байлаа. Хэсэг явснаа Баяраа амандаа үглэсээр машинаа зогсоон хойноосоо том төмөр сүх гаргаж ирэн урд салхины шилээ хэмх цохиж эхлэв. Машины шил хэдэн цохилтны дараа үйрч бутран тэрүүгээр нэг шилний үйрмэг болон урд зам нь одоо чөлөөтэй харагдахаар болжээ. Тэд харин гэр хүртлээ хоёр цаг явсан учраас харанхуй шөнө болсон хойно л гэрийнхээ барааг харжээ. Машины дуу хашаан дотор гарах чимээнээр Тулгаа гадагшаа хаалгаа онгойлгон харвал урд салхины шилгүй болсон жип машинаас Баяраа Даваа хоёр нилээн даарсан байдалтай бууж ирээд бушуухан л дулаахан байшин руу орцгоов. Даваа орж ирээд –Өвчтөн яаж байна даа гэхэд Тулгаа –Өнөөдөр өвчиндөө шаналан өдөр нилээн өвдсөн. Харин түрүүн юм идчихээд буцаад унтчихсан гэж хариулав. Хотоос ирсэн хоёр зуухны хажууд галд биеэ ээн хэсэг дулаацангаа халуун хоол цай идэж гэдэс гарч аваад хамаг хөлс нь гарсан бололтой зузаан хувцсаа тайлцгааж эхлэв. Тулгаа –Та хоёр яагаад ийм их удав аа гэж асуухад Баяраа –Бага зэрэг асуудалтай тулгараад. Гэхдээ бүх юм зүгээр өнгөрлөө. Хэрэгтэй эм тариагаа ч олсон гэж хэлтэл Тулгаа –Би өдөр зочноосоо сонирхолтой мэдээлэл олж авлаа. Гансүхийн талаар гэж хэлээд чимээгүй болоход Баяраа босч ирээд Тулгаа руу харж зогсоод –Ямар мэдээлэл? Тэр хаана байна гэж асуухад Тулгаа –Дархан руу явсан байна. Гэхдээ нэрээ худлаа хэлсэн байна лээ. Бас мөрний шархаа дээрэмчдэд буудуулсан гэж хэлсэн гэхэд Баяраа –Муу новш гэж амандаа чангаар хараал тавин цаашаа эргэн цонхоор харж хэсэг дуугүй зогсов. Энэ үед нь Баяраагийн дотор юу бодогдож байсныг хэн ч тааварлахааргүй байлаа. Араас нь Даваа гайхан харж, саяын сонссон мэдээлэлдээ итгэж чадахгүй байгаа бололтой нүд нь гөлийчихсөн зогсоно. Яг үнэндээ бол Баяраагийн дотор бачууран, уушиг зүрх нь амаараа гарах дөхөж байсан ч биеэ барин эрүүл ухаанаар бодох гэж хичээж байв. Хэсэг бодож байснаа гэнэт баярлах шиг болжээ. Харх хавхандаа орж ирэх нь дээ гэж бодтол яагаад ч юм хамаг сэтгэл санаа нь тайвшран уужраад явчих шиг л боллоо.

7. Замд гарахын өмнө

Болдоог хөл дээр нь босгох гэж Даваа хэд хоног эмчилж сувилжээ. Түүний хотоос авчирсан янз бүрийн эм тариа, сайн хоол ундын хүчээр бие нь өдрөөс өдөрт дээрдэж байгааг ч Болдоо мэдэж байлаа. Сар гаруйн хугацаанд Баяраа түүнтэй юм ярих болгондоо мөрөндөө шархтай эрийн талаар залхтал нь яриулжээ. Тиймээс тэр нэг өдөр Даваагаас тэр юун хүн болох талаар асуухад цаадах нь –Тэр бидэнд их гай тарьсан хүн л дээ. Жинхэнэ нэрийг нь Гансүх гэдэг юм. Мөрөндөө авсан шарх нь дээрэмчдэд буудуулсан шарх биш, бид нарын үлдээсэн шарх. Бид нартай цуг аав охин хоёр амьдардаг байсан юм. Тэр хоёр байхгүй болсон нь тэр хүнтэй холбоотой гэхэд Болдоо –Одоо л би ойлголоо. Баяраа надаас маш олон удаа асуусан. Хаана тааралдсан, хаашаа, хэзээ явсан, ямар дүр төрхтэй гээд л. Манайхан бид нарыг ирэхгүй болохоор их гайхаж байгаа байх даа. Даанч тэд ч, бид ч Улаанбаатар, Дархан хоёрын хооронд байнга яваад байх боломжгүй. Аюулгүй байдал, машин, бензин гээд л янз бүрийн асуудлууд байна гэв. Даваа –Чамайг сайн эдгэрээд холын замд явахтай болохоор чинь Дархан руу явна гэж Баяраа хэлж байсан. Ойрдоо чиний бие хэр байна? гэж асуув. Болдоо –Миний бие урьд урьдынхаасаа сайжирсан. Өдөр ирэх тусам өвдөлт нь байхгүй болоод, гартай байсан гэдгээ мартах нь гэж муухан мушийн инээхэд Даваа –Тэгвэл энэ талаар би Баяраад хэлье дээ гэж хариулаад өрөөнөөс гаран шатаар доошоо буув. Баяраа нэг давхрын том өрөөнд шмрээн дээр буугаа задалчихсан, арчиж зүлгэн, сумнуудыг нэг нэгээр нь дайзнууд руу хийж байлаа. Даваа –Сая би Болдоотой ярьлаа. Тэр Дархан явахад бэлэн болсон гэж байна гэхэд Баяраа –Бид тэдэн дээр шууд юу ч болоогүй юм шиг яваад очиж болохгүй байх. Гансүхийг чи ямар мэдэхгүй биш. Тэр тэнд аль хэдийнэ байр сууриа олчихсон ч байж магадгүй. Сар гаруйн хугацаа болсон байна шүү дээ тэнд очоод. Бид нарыг харангуутаа нөгөө дээрэмчид чинь эд нар байна гээд шууд буудчихаж ч магадгүй. Нарийн төлөвлөгөө хэрэгтэй байна. Нөгөө хоёроо дуудчих. Бас Болдоог ч бас авчрах хэрэгтэй гэж хэлэхэд Даваа –Тулгаа Хулан хоёрыг ирэхлээр нэг доор цуглаж байгаад ярилцъя. Тэр хоёр ойрхон гарсан байгаа гэж хариулав. Харин энэ үед тэдний байшингаас нэг км-ийн зайд Тулгаа Хулангийн гараас хөтөлчихсөн алхаж явлаа. Зузаан хунгар цасан дундуур туучин явахдаа хэдийгээр гадаа их хүйтэн байсан ч нар дээр гарчихсан, тогтуун өдөр байсан учраас тэр хоёр их л жаргалтай харагдана. Хулан –Ойрдоо би ийм амар амгалан, аз жаргалтай өдөр болж байсныг санахгүй юм хайрт минь гэхэд Тулгаа –Тиймээ өнөөдөр маш сайхан өдөр байна. Цаг хугацаа бүгдийг эмчилдэг гэж аргагүй л үнэн үг юм даа. Саяхан л аав охин хоёрыг цугт нь алдчихаад бид нарт хэн хэнд маань хэцүү байж билээ. Тэгээд Болдоо ах бид нар дээр ирсэн. Одоо ч бид нарт дасаад яг нэг гэр бүл шиг л ханддаг болж дээ гэж ярьж явснаа гэнэт нэг мөрийг заан –Энийг хар даа. Хоёр гурван хүний мөр байгаа биз гэж чангаар хэлэхэд Хулан заасан зүг рүү гнь харлаа. Мөрийг ажиглавал ар араасаа явсан бололтой байв. Тулгаа –Араас нь явах уу гэхэд Хулан –Яах юм бэ, зомбинуудын мөр л байгаа биз гэж дургүйцэхэд Тулгаа –Араас нь мөрдөж байгаад холоос харчихад л болно. Энгийн хүмүүс ч юм бил үү гэхэд Хулан дотроо тун дурамжхан байдлаар –За араас нь хэсэг явж байгаад болино шүү гэснээ Тулгаагийн араас дуугүй алхав. Тулгаа мөрөн дээрээсээ буугаа аван урдаа бариад мөрнүүдийн араас дагав. Мөрнүүд байшингийн хоорондуур нилээн явжээ. Заримдаа газар унаж, алгаараа газар тулан боссон ч мөр харагдана. Тэр хоёр таван минут хэртэй явж байтал мөрнүүд нэгэн модон байшин руу орчихлоо. Тулгаа байшингийн онгорхой хаалган дээр зогсон дотогшоо шагайн харахад түүний нүдэнд хэн нэгэн харагдсангүй. –Хэн нэгэн байна уу? гэж чангаар асуувал зомбинуудын архиралдах чимээтэй цуг нэгэн жаалхүүгийн хашгирах дуу гарлаа. Жаалхүү –Ахаа би энэ дээд давхарт дээврийн хөндийд байна. Та намайг авраач дээ гэж уйлагнан чангаар хэлэхэд Тулгаа –За одоохон миний дүү түр хүлээж байгаарай. Дээр хэдэн зомби байгаа вэ гэхэд –Хоёр байгаа гэж хариулав. Тулгаа шатаар аажуухан өгсөж түүний араас Хулан дагана. Хоёрдугаар давхарт гарахад нэг өрөөнөөс хоёр зомби зэрэг гарч ирэн түүн рүү дайрахад Тулгаа хоёуланг нь толгойд нь сум зоон шалан дээр унагажээ. Тулгаа үргэлжлүүлэн –Миний дүү одоо гараад ир ээ. Тэд аюулгүй болсон гэхэд дээвэр рүү гарах модон таг сөхөгдөн нус нулимсандаа хутгалдан уйлчихсан нэгэн өсвөр насны хүү зогсож байлаа. Модон тагны доор шалан дээр модон шат хэвтэх аж. Тулгаа хүүг доороос нь тосон буулгаад –Чамайг хэн гэдэг вэ, хэзээ энд орж ирэв? гэхэд хүү газарт үхсэн хэвтэх зомбинууд руу айсан нүдээр хараад –Намайг Тэмүүлэн гэдэг. Энд орж ирээд хэдхэн цаг болж байна. Тэд миний аав ээж гэж хэлээд үхсэн зомбинууд руу заав. Тулгаа энэ үед дотор нь хачин болон хүүгийн нүдэн дээр аав ээжийг нь алчихсандаа санаа нь зовон –Ахыгаа уучлаарай.. гэтэл жаалхүү –Та уучлалт гуйх хэрэггүй дээ. Тэд миний аав ээж биш болсон байсан. Бид машинтай явж байтал бид нарын бензин дуусч зогсоод байж байтал ой дотроос олон зомбинууд гараад ирсэн. Аав ээж хоёр тэд нарын ихэнхийг алсан боловч эхлээд аав халдвар авч, дараа нь ээжийг хазаад, тэгээд хоёулаа намайг барих гэж хөөгөөд би зугтсаар байгаад энд ирсэн гэж хариулав. Хулан –Эвий дээ, ах эгч хоёр нь чамайг аюулгүй газарт аваачнаа. Бид хоёртой цуг яв гэж хэлээд толгойг нь өөртөө наан зогсов. Тэд гурвуулаа байшин руугаа алхан буцаж иржээ. Тэднийг зочны өрөөнд бүгд хүлээж байжээ. Тулгаа тэдэнд хүүг хэрхэн олсныгоо хэлж, танилцуулжээ. Зочны өрөөнд байсан хүмүүс хүүг бүгд л өхөөрдөн тайтгаруулах үг хэлцгээнэ. Хүүд хоол унд өгч дулаацуулж дуусаад дээд давхарт гарган амраахаар Хулан дагуулан явжээ. Хуланг эргэж ирсний дараа Баяраа –Бид нар өнөө маргаашгүй Дархан явахад бэлэн боллоо. Болдоогийн бие ч эдгэрч байна. Нэг юм хэлэхэд би бол Гансүхийн хойноос л явж байгаа. Түүнтэй хийж дуусгах ажлууд надад байгааг бүгд мэдэж байгаа байх. Гэхдээ бид нар тэр бүлэг хүмүүс рүү шууд юу ч болоогүй юм шиг яваад оччихож болохгүй байна гэхэд Болдоо –Би хүмүүстээ хэлээд тэр Гансүхийг чинь бариулчихаж болохгүй юу гэхэд Баяраа инээмсэглэн –Гансүх тийм амархан хүн биш ээ. Магадгүй танай хүмүүсийн тархийг аль хэдийнэ угаачихсан ч байж магадгүй шүү. Ингэхэд танай бүлэгт хэдэн хүмүүс байгаа вэ гэхэд Болдоо –Ерээд хүн бий. Би ихэнхийг нь сайн танихгүй л дээ. Энд тэндээс нэмэгдэж ирсээр байгаад л төдий тооны хүнтэй болсон. Шинэ ирсэн хүмүүсийг бид нар байрлах байр сууцыг нь зааж өгөөд, хийх ажлууд олж өгөн, заримыг нь ээлжиндээ оруулан цугтаа харуулд гарцгаадаг байсан гэв. Баяраа –Ихэнхийг нь сайн танихгүй гэдэг чинь л муу байна даа. Тэр олон хүмүүс дунд сайн муу олон л хүн байгаа байх. Хэрэв тийм хүмүүс Гансүхтэй хэл амаа ололцоод нэг бүлэг болчихвол танай хүмүүсийн байдал ч хэцүүдсэн байх даа гэхэд Болдоо инээмсэглэн –Чи буруу бодож байнаа. Би ихэнхийг нь сайн танихгүй байж болно. Гэхдээ миний итгэж явдаг, цөөн хүмүүс бий. Тэд нар тийм байдал хэзээ ч бий болгохгүй. Харин ч өнөөдөр чиний яриаг сонссоноос хойш хурдхан шиг буцаж явмаар санагдчихлаа. Хэзээ явах вэ гэхэд Баяраа –Маргааш явцгаая. Өнөөдөр төлөвлөгөөгөө нарийн гаргая хэмээв. Тэд тэр оройжингоо маргалдаж хэлэлцэн хэрхэн очих тухайгаа хэлэлцжээ. Тэгсний эцэст Дарханд байрлах хотхон руу хоёр машинтай явах. Эхний машинаар Болдоо жаалхүүтэй цуг очоод байдлыг тандахаар болжээ. Хэрэв байдал гайгүй байвал Гансүхэд хар авахуулалгүйгээр жаалхүүг ойрхон нуугдаж байх тэдний байрлал руу гүйлгэн хэл өгүүлэхээр болсон байна. Тэмүүлэнгийн хувьд түүний шинэ гэр бүл маш хачин хүмүүс шиг санагдаж байлаа. Энд тэндээс цуглуулсан юм шиг олон янзын ааш араншин, дүр төрхтэй хүмүүсээс тэр эхэндээ бага зэрэг эмээсэн боловч өөрийнх нь амийг аварсан ах эгч хоёрыг л бараадан зогсох аж. Түүний хувьд энэ жил дөнгөж арван дөрөв хүрч байгаа билээ. Эмгэнэлт явдал тохиолдохоос өмнө аав ээж, хамаатан садны ах эгч нар нилээн олуулаа хэдэн сар цуг амьдарсан боловч нэг л өдөр тэдний гэр орон руу зомбинууд дайран хамаатны ах эгч нараас нэг нь ч амьд үлдсэнгүй. Харин аав нь эхнэр хүү хоёроо авран шинэ гэр орон хайн маш удаан хайж байсан билээ. Гэвч түүний аав ээж хоёр энэ өршөөлгүй ертөнц дээр амьд үлдэж чадсангүй. Шинэ гэр бүлийнхэнтэйгээ уулзаад удаагүй байтал түүнийг аван Дархан явцгаана. Тэндээс ямар нэгэн даалгавар аван бусдад хэл хүргэнэ гэдгийг ч ойлгож авав. Хэдий нас бага ч сүүлийн нэг жил түүнийг хэрсүү хашир хүү болгон хувиргасан билээ. Тиймээс ч тэр зомби болон хувирч үхсэн аав ээжийнхээ хойноос гашуудаж нулимс унагасангүй. Цаг нь ирэхэд хэн ч тэгж хувирч мэднэ. Тийм үедээ тэд хэнийг ч хайрладаггүйг мэднэ. Аав нь зомби болон хувирсан төрсөн дүүгээ алж байхыг нь хараад айж орилоход аав нь –Хүү минь, хэрэв чи амжиж тэднийг устгахгүй бол тэд чамайг алж орхино. Иймээс битгий өрөвд гэж хэлсэн нь санаанд нь тод хадгалагдан үлджээ. Харин тэр Болдоог хараад жаахан айж байлаа. Түүний баруун гар яагаад байхгүй байгаа юм бол, Дарханд байгаа Гансүх гэж хүн ямар хүн юм бол гэж орон дотроо бодолхийлсээр нэг мэдэхэд унтаад өгсөн байв. Өглөө нь түүнийг сэрэхэд бусад нь аль хэдийнэ босчихсон ачаа бараагаа цэгцлэн, байшингийнхаа эргэн тойрны цонх хаалгануудыг бэхэлж байлаа. Тулгаа байшингийн гаднаас цонхнуудыг банзаар хадан хааж байхдаа –Эргээд ирэхэд гэр оронд маань хэн нэгэн, ялангуяа новшийн зомбинууд ороод ирчихсэн тухалж суугаасай гэж би хүсэхгүй л байна шүү хэмээн хөгжилтэйгээр инээн хэлэв. Даваа харин хажуугийн цонхыг нь таглаж байхдаа –Бид нар тэгээд амьд эргэж ирнэ гэж чи бодож байна уу? гэхэд Тулгаа –Тэгэлгүй яахав дээ. Тэр новшийн Гансүхийг барьж аваад тархийг нь зад буудчихаад л хүрээд ирнэ. Тийм үү Баяраа ахаа гэхэд машины ачаан дээр гарчихсан ачаагаа янзалж байсан Баяраа –Миний зорилго бол Гансүхийг аюулгүй болгочихоод л буцаж ирэх. Харин та хэд тэнд үлдэх эсэхээ бодож байгаад шийдээрэй гэж хариулав. Болдоо харин тэдний яриаг сонссон бололтой –Уг нь олуулаа байхдаа хүчтэй гэж үг байдаг юм даа. Би та нарыг бүгдийг нь гэртээ урьж байна шүү гэж хэлэв. Тэмүүлэн харин энэ үед дотроо Дарханд үлдэх үү, үгүй юу гэдгээ шийдэж ядан тархиа гашилгаж байлаа

8. Урьхан

Тэд нар замдаа явж байлаа. Хот дотор ганц нэг зомбитой таарсан боловч тэдэнд аюул учруулсангүй. Эхний машиныг Баяраа жолоодон хажууд нь нэг гаргүй Болдоо сууж, хойд суудалд Тэмүүлэн хүү суужээ. Тэмүүлэн машин доторх хамгийн жаргалтай хүн нь байлаа. Тэр амьдралдаа нэг ч удаа Дархан явж үзэж байгаагүй. Хамгийн хол нь эмээгийндээ очих гэж Төв аймаг руу явж байсан болохоор арга ч үгүй биз. Арын машиныг Даваа жолоодож байлаа. 22-ын товчооноос гараад л аймшигтай дүр зургууд тэднийг хүлээж байв. Хэсэг хэсэг газруудад машинууд бөөгнөрөн түгжирч, явах замыг нь хааж байсан боловч замаас нэг гаран буцаж орсоор хотоос бага багаар холдсоор л байлаа. Зарим хаягдсан машинуудын хаалга багаж онгорхой орхигдон машины дотор тал цасаар бүрхэгджээ. Ганц нэг цогцос ч харагдах бөгөөд зэрэмдэглүүлсэн цогцоснуудын хажуугаар гарахдаа Тэмүүлэн аль болох харахгүйг хичээн цонхон талын суудлаасаа холдон суух аж. Бөглөрөлийг нэвтлэн зам чөлөөтэй болонгуут Баяраа хурдаа бага багаар нэмж эхэлсэн ч цастай замаар олигтой хурдалж болохгүй байв. Замын хоёр хажуу талаар унаж онхолдсон машинууд хэдэн км тутамд тааралдах бөгөөд золгүй зорчигчид нь цонхоо хагалан хаа нэгтээ хол газар шидэгдсэн байх нь сэтгэл сэртхийлгэм байлаа. Сүүлийн нэг жилийн хугацаанд улс оронд нь бий болсон хөл толгой нь олдохгүй тэр их үймээний эхний үеийн талаар Баяраа дурсан санаж байхдаа гэнэт гэр бүл нь бодогдонгуут нүднийх нь аяганд нулимс цэлэлзээд ирэхийг мэдэрлээ. Гэхдээ хажуудаа байгаа хүмүүст мэдэгдэхгүйг хичээн өөр юм бодохыг хичээсэн боловч нас барсан хүү охин хоёр нь орондоо хэвтэж байсан дүр зураг санагдангуут өөрийн эрхгүй нулимсан дуслууд хацрыг нь даган урсаж эхэллээ. Болдоо харин түүнийг уйлж байгааг мэдсэн боловч юм асууж түвдсэнгүй. Анзаараагүй царайлан урдах замаа тас ширтэн явах аж. Энэ үед ар талын машинд суун явсан Тулгаа нам гүмийг эвдэн –Ингэхэд манай гурав хэр хөгжилтэй яваа бол доо айн. Урьд нь хол замд явахад яагаад ч юм сэтгэл сэргэж, хөдөө хээр гарч цэвэр агаараар амьсгалах сайхан байдаг байж дээ. Тийм үү Хулаан гэхэд Хулан таг дуугүй суун хариу хэлсэнгүй. Яг үнэндээ Хуланд одоо тийм ч аятайхан байсангүй. Тэр түрүү жилийн зунаар ганцаараа хот руу машинаа барин ирж явсан нь санаанд нь гэнэт оржээ. Сэлэнгэд түүний аав ээж хоёр зомбинуудад бариулсан билээ. Тэгэхэд Хулан болсон явдлыг мартах гэж, цааш нь үргэлжлүүлэн амьдрах гэж Дарханаар дайран хот руу зугтан ирж байсан. Гэтэл одоо буцаад л ирсэн замаараа өнгөрсөн дурсамж руугаа очих хэрэгтэй болж байдаг нь түүнд таалагдахгүй байлаа. Ийнхүү хүн бүрийн дотор янз бүрийн бодлуудын түмэн хэлхээс зангидагдсаар хотоос гарснаас хойш хоёр цагийн дараа замын хажуу талд байрлах Урьхан зоогийн газар болон шатахуун түгээх станцын хажуугаар явахдаа Баяраа гэнэт –Энүүгээр орж үзэцгээх үү. Бага сага идэх юм, шатахуун ч олдож магадгүй гэж хэлэв. Болдоо –Бид нар хот руу ирэхдээ ороогүй л дээ. Хажуугаар нь шууд гараад явчихсан. Орж үзсэн ч яах вэ гэж хариулав. Тэмүүлэн харин Урьхан гэсэн хаягтай байшинг хараад нуруугаар нь хүйт оргих шиг л болов. Хэдэн сар жилээр хаягдсан нь илт уг байшингийн хаалга цонхнууд онголзон салхинд нааш цаашаа савлахын хажуугаар гадуур нь олон машин зогссон харагдана. Харин цогцоснууд болон хүн байсан шинж тэдгээр машинуудад харагдсангүй. Зорчигчид нь яасан юм бол доо гэж Тэмүүлэн дотроо бодож амжлаа. Баяраа дохиогоо өгөн замаас машинаа гарган зогсооход араас нь явж байсан Даваа бас машинаа замаас гаргажээ. Бүгд машинаас гаран зогсоход Баяраа –Би Тэмүүлэнтэй цуг шатахуун түгээх станц руу очиж бензин байна уу хараадхая. Та хэд байшин руу ороод хэрэгцээтэй зүлс байна уу харчих гэж хэлэхэд бүгд тус тусын үүрэгт ажлаа биелүүлэхээр хоёр хуваагдлаа. Баяраа эхлээд хамгийн ойрхон байх ШТС руу очин түгээгч нарын суудаг жижиг байшин руу очиход хаалга нь түгжээтэй байв. Харин Тэмүүлэн цонхоор өлийн харж байснаа –Баяраа ахаа тэр тавиурууд дээр моторын тоснууд бас өөр хэрэгтэй зүйлс байх шиг байна даа хар даа гэв. Баяраа тэгэнгүүт авчирсан лоомоороо хаалгыг хүчтэй хөшин онгойлгох гэж оролдож эхлэв. Таван минут хэртэй хөшсөний дараа хаалга доогуураа хагас онгойн жаахан зайтай болж эхэлжээ. Хаалга нэмж онгойсонгүй, дээгүүрээ бах бөт цоожоор түгжигдсэн учраас дахиж онгойх боломжгүй байлаа. Жаахан зайг харж байснаа Тэмүүлэн –Би энүүгээр орчихоод гараад ирэх үү гэж асуухад Баяраа –Тэг тэг, багтах нуу миний дүү гэсээр гараараа нэмж татаж өгөн Тэмүүлэн жижигхэн зайгаар дотогш нь орууллаа. Тэмүүлэн жижигхэн зайгаар чихсээр байгаад эхлээд цээжээ дараа нь бүх биеэ дотогш нь орууллаа. Түүний хамгийн анх харсан зүйл нь шалаар нэг тарж хатаж хүрэнтсэн цус байлаа. Тиймээс ч тэр бага зэрэг цочирдон болгоомжтойгоор дээшээ өндийн тавиурууд руу хүрлээ. Хоёр гурван савтай зүйлийг авч нэг доор цуглуулчихаад хамгийн дээд талын тавцан дээр үлдсэн зүйлийг авахаар дээшээ өлийн өлмий дээрээ зогсож байтал шилбэнийх нь ар талаас хэн нэгний ясархаг гар атгаад авлаа. Гэнэтийн энэ явдалд цочирдсон Тэмүүлэн –Аааа гэж байдгаараа хашгиран эргэж харвал хоёр хөл нь гуяараа тасарсан бөгсөн биеэ чирсээр түүн рүү нэгэн зомби толгойгоо дөхүүлж байлаа. Дээгүүрээ өмсөөтэй байгаа цамцыг нь харахад энэ ШТС-д ажилладаг байсан ажилтан нь байсан бололтой. Хашгирах чимээнээр Баяраа сандран цонхоор харахад Тэмүүлэнгийн гарнаас зуурсан ясархаг гар л харагдах бөгөөд толгой цээжин бие нь арай харагдахгүй байсан учраас торон бэхэлгээтэй цонхны гадна талаас арай буудаж боломгүй байлаа. Баяраа цонхны шилийг хагалан –Тэмүүлэн битгий айгаарай. Сандарч болохгүй шүү. Гараас нь мултарч чадах нуу гэхэд Тэмүүлэн –Тэрний гараас би хөлөө салгаж чадахгүй байнаа. Атгалт нь улам чангараад байна. Энэ гэхдээ босч явж чадахааргүй байнаа гэж сандран хариулав. Баяраа –Энэ бууг аваад сандралгүй толгойг нь онилж байгаад буудаарай, за юу гээд хагархай цонхны завсраар буугаа хүүд атгуулах гэж зүтгэн байдгаараа урагш тэмүүлэв. Түүний гарын шуу шилэнд зүсэгдэн цус нь хагархай цонхыг даган урсаж байсан ч Баяраа тоосонгүй. Буугаа хүүд бариулах гэж хичээсээр байлаа. Тэмүүлэн ч мөн адил өөдөөс нь бууг авах гэж гараа сунгасан боловч хараахан барьж чадахгүй л байлаа. Харин Баяраагийн цус цонхны шилийг дамжин тавцан дээр нь тунарсаар цусан дуслууд газарт унах үед Тэмүүлэнгийн хөлөөс зуурсан зомби цусны үнэрийг авсан бололтой, толгойгоо огцом өргөн хамраа сарталзуулан барьж байсан атгалтаа тавин эргэж хойшоогоо мөлхлөө. Энэ үед Тэмүүлэн бууг шүүрч аван зомби руу чиглүүлэн гохыг нь дарахад дарагдсангүй. –Яаж буудах вэ, дарагдахгүй байна гэхэд Баяраа –Хажуу талд нь улаан цэгтэй шилжүүлэгч байгаа. Тэрийг нь шилжүүлэн гал хамгаалагчийг нь буудахад бэлэн болго гэж түргэн гэгч нь хариулав. Тэмүүлэн гал хамгаалагчийг шилжүүлэн буугаа зомби руу чиглүүлэх үед нөгөөх нь шалан дээр дуссан хэдэн дусал цусыг хэлээрээ долоож дуусчихаад түүн рүү харан архирах үед Тэмүүлэн гохыг дарлаа. Эхний сум гэхдээ зомбиг оносонгүй, шаланд нүх үлдээжээ. Бууны хүчтэй тийрэлтэд жаалхүү хойшоогоо тийрэгдэн унахдаа тавиурыг толгойгоороо мөргөн буугаа газарт унагалаа. Харин тавиуранд огцом цохьсон толгой нь хагарч, газар руу цус нь гоожиж эхлэв. Баяраа дэмий л цонхны гадаа орилон –Тэмүүлээн, Тэмүүлэн. Унаж болохгүй шүү. Буугаа буцааж аваад дахиж бууд гэж хашгирна. Тэмүүлэн түүний үгийг сонсоод доошоо тонгойн хүнд бууг шалан дээрээс авлаа. Зомби руу бууны хошууг чиглүүлэх үед нөгөөх нь гараараа буунаас зууралдан барьж авлаа. Толгойноос нь садарсан цус нүүрийг нь бүрхэн цонхны цаанаас яахаа мэдэхгүй сандран хашгичих Баяраа болон газарт хэвтчихсэн өөрийг нь барьж идэхээр улайрах зомби аль аль нь нүдийг нь таглан урсах цуснаас болж час улаан болж харагдаж байлаа. Зомби амаа ангайн харлаж өмхийрсөн шүдээ түүн рүү чиглүүлэн ангайх үед бууны хошуу аманд нь орж таарчээ. Тэмүүлэн нүдээ анин гохыг дарж орхиход зомбины толгой зад үсрэн ар талынх нь хана тархинд нь будагджээ. Баяраа харин гаднаас нь хараад санаа нь амарсан бололтой –Тэмүүлээн, одоо гараад ир. Ах нь чамайг хаалгаар гарахад тусалъя гэж хэлэв. Тэмүүлэн бууг нь аван хаалга руу дөхөж ирэн эхлээд бууг нь өгөв. Баяраа хаалгыг хоёр гараараа өөр рүүгээ татан зайг нь томсгох гэж оролдон зогстол Тэмүүлэн –Түр хүлээж байгаарай. Би нэг юм мартчихаж гэснээ цаашаа эргэн яваад гурван хормын дараа гартаа моторын тоснууд болох хэдэн савыг барьсаар хаалганы завсраар нөгөөдүүлээ гаргав. Түүнийг Баяраа гаргаад цээжээр нь чанга гэгч нь тэврээд баярласандаа инээж –Чи мундаг залуу байна шүү Тэмүүлэн гэж хэлэв. Харин тэдний араас –Юу болов оо гэсээр хэн нэгний хоолой сонсогдоход эргэн харцгаавал наана нь Болдоо, цаана нь Даваа ойртон ирж харагдав. –Бид хоёр буун дуу сонсоод наашаа гүйлдэн ирлээ гэсээр Даваа амьсгаадчихсан хэллээ. Энэ үед байшин дотроос буун дуунууд хэд хэдэн удаа тачигнан Хулангийн хашгирах дуу сонсогджээ. Тэд байшин руу гүйлдэн орцгоолоо. Дээд давхраас буун дуу сонсогдож байсан учраас Баяраа хамгийн түрүүнд шатаар гүйн гарлаа. Тэр эрчээрээ гүйсээр гартал урт коридорт түүний ирэх чимээнээр хорь гаруй зомби эргэн харлаа. Тэд нэгэн хаалганы өмнө зогсоцгоон, хаалгатай ойролцоо хэд нь хаалгыг цохиж балбан онгойлгох гэж оролдох аж. Баярааг харсан зомбинууд эхнээсээ түүн рүү дайран ойртож ирэв. Ойрхон зайнд халз тулгарсан учраас Баяраа эхлээд самгардан хойшоогоо нэг алхсанаа гохоо даран галлаж эхлэв. Түүний араас мөн Даваа гарч иржээ. Түүнд туслан хоёулаа зэрэг галлаж эхлэв. Эхнээсээ толгойдоо буудуулан газарт унасаар хаалган дээр овоорсон таван зомби л үлдэв. Их чимээнээр тэд ч эргэж харан хаалганаас холдоцгоолоо. Нэг зомбиг нь буудан унагахад тэр хоёрын өөдөөс дөрвөн зомби үлдэж, тэр хоёрын дайзан дахь сумнууд дуусчээ. Баяраа ташаандаа зүүлттэй байсан хутгыг сугалан –Наашаа , наашаа ир новшнууд минь хэмээн хашгирах үед түүний араас Болдоо гартаа сүх барьчихсан чигтээ орилсоор эхний зомбины нүүрэнд сүхээ нэг далайлтаар зоов. Түүнийг хараад Баяраа ч бас хутгаараа хоёр дахь зомбины нүүр рүү зоон газарт унагах үед хаалга онгойн Тулгаа гарч ирээд үлдсэн хоёр зомбиг дагз руу нь бууныхаа бөгсөөр цохин унагаж нэг нэг сумаар зүйл дуусгалаа. Энэ бүхэн хэдхэн хормын дотор л болоод өнгөрчээ. Тэд бие биенээ харан баярлан инээлдлээ. Хулан харин Тулгаагийн цаанаас гарч ирэн мөрөнд нь нүүрээ наан газарт ундуй сундуй хэвтэх зомбинуудын цогцсыг нүднийхээ булангаар харж байлаа. Баяраа нэг юм мартсанаа гэнэт санасан бололтой –Хулаан, Тэмүүлэнгийн толгойг цэвэрхэн даавуугаар боож өгөөрэй. Цус их гарч байгаа гэж хэлэхэд Хулан бушуухан доошоо бууж Тэмүүлэнгийн толгойг боож өгөв. Даваа харин Баяраагийн гаран дахь шилний шархыг бас боож өглөө.        

9. Амралтын газар

Дархан орохоос наана арваад км-ийн наана Болдоо бүгдэд хандан –Машинаа баруун тийш салсан шороон зам руу гаргаад тэр модтой уулыг чиглээд яваарай гэж хэлэв. Баяраа ч хэлснийх нь дагуу ойн захад хүрэх үед Болдоо –Та нар одоо энэ модны захад нэг машинаа нуугаад байж байгаарай. Би цаашаа Тэмүүлэнтэй цуг явах болно. Нэг гараараа л бариад явахаас гэж хэлэн машинаас буув. Болдоо хойд талын машины жолооны ард суун Тэмүүлэнг хойноо суулган хөдлөх гэснээ гэнэт нэгийг санав бололтой –Байдал яаж ч эргэж магадгүй. Юу ч гэсэн маргааш үд дунд хүртэл бид нарыг энд хүлээж чадах уу гэхэд Баяраа дээшээ харан тэнгэрийн байдлыг шинжсэнээ –Цасан шуурга л болохгүй бол гайгүй байлгүй дээ. Одоо ч нэг үеэ бодоход хүйтний эрч суларчээ. Өдийд цагаан сар тэмдэглээд л айл айлаар орж хамаатан садантайгаа золгоод сайхан байж дээ. Гэхдээ шөнө бол түүдэг асаахаас өөр замгүй болов уу гэж хариулав. Болдоо –Тэгвэл ойн дунд орж байгаад түүдэг асаавал арай аюул багатай байх гэж хэлээд машинаа хөдөлгөн явжээ. Урьхан дээр болсон адал явдлаас хойш тэдэнд шинээр ямар нэгэн асуудал тохиолдсонгүй, харин ч колонкоос нь бензин нэмж олон наашаа иржээ. Болдоо уг газраас таван км зайнд байх амралтын газар руу ирэх замдаа Тэмүүлэнд хандан –Дүү минь ирж яваа замаа сайн харж аваарай. Нэг их хол биш ч гэлээ анх явж байгаа хүнд бага зэрэг толгой эргэж магадгүй. Ямар нэгэн зүйл тохиолдоод хоёулаа цугтаа буцаж ирж чадахгүй үед чи л ганцаараа ирж таарах гээд байна. Газар орны байрлал ойр хавийн уул нурууг харж тогтоогоод авчихад асуудалгүй байхаа гэж хэлэв. Түүний хувьд дотор нь муу совин гэнэт татаж эхэлсэн учраас л Тэмүүлэнд ингэж хэлжээ. Амралтын газрыг тойрсон том хашаа руу ойртон ирэхэд гол хаалганы ойролцоо машиныг нь хүлээн зогсох зэвхий царайт танихгүй хоёр буутай эрийг хараад л совин нь зөнтэй байсныг ойлгов. Хаалганы харалдаа аажуухан зогссон Болдоо руу үл таних хоёр эр буугаа чиглүүлэн нэг нь чангаар –Наад машинаа унтраа гэж хэлэв. Болдоо ч түлхүүрээ эргүүлэн моторыг нь унтраав. –Машинаасаа гараад ир дээ. Хэн гээч нь вэ чи гэж ширүүхэн асуухад Болдоо гайхасхийн машинаасаа бууж ирээд –Би Болдоо байна л даа. Би бараг хоёр сарын өмнө хот руу явсан юмсан. Намайг энд бүгд танина. Харин та хоёрыг би танихгүй юм байна гэхэд нөгөө хоёр нь пар пар инээлдэснээ –Аан чи энэ газрын урьдны босс юм байна ш дээ. Гэрээ мартсан Гэсэр гэдэг шиг эхнэр охиноо орхичихоод яасан удаан явдаг юм бэ дээ гэснээ нэг нь мухар гарыг нь харснаа бас хойд талын суудалд суугаа толгой нь боолттой жаалхүүг харангуутаа –Энэ хоёр ч их адал явдал туулж ирсэн бололтой. Оруулж босстой уулзуулъя. Та хоёр машиныхаа түлхүүрийг орхиод явган явна даа хө, алив намайг дагаад яв хэмээн нэг нь түрүүлэн алхав. Болдоо түүний хойноос алхангаа дотроо “Энд яг ямар чөтгөр нь болоод байнаа. Энэ газрын эзэн нь би байсан юмсан. Гэтэл одоо эд нар өөр босс яриад байдаг. Эхнэр охин хоёр маань хаана байгаа бол” гэж санаа нь зовон явав. Амралтын газрын төв рүү ойртон ирэхэд гэр болон байшингийн гадуур хүмүүс харагдахгүй байх бөгөөд хуучных шиг олон хүнгүй болсон мэт санагдаж байлаа. Учир нь ганц нэгхэн байшингийн яндангаас утаа гарч байжээ. Хуучин амралтын газрын төв оффис нь байсан хоёр давхар томоохон байшин руу үл таних харуул эр тэднийг дагуулан ороод үүдэнд сууж байх залуу руу хандан –Босстой уулзуулаадах. Хотоос ирсэн хоёр юм байна. Хуучин энд байсан байна гэж хэлчихээд гараад явав. Үүдэнд байсан залуу тэднийг дээд давхар руу дагуулан гараад нэг хаалга онгойлгож өгөнгөө –Ийшээ ор гэж хэлэв. Болдоо түрүүлэн хаалгаар алхан орлоо. Өрөөний голд тавьсан хүнд модон оффисын ширээний цаана тухлаг сандал дээр Баяраагийн түүнээс асуугаад байсан нөгөө Гансүх байгааг Болдоо шууд танив. Хижээл насны, нэг чихний багахан хэсэг нь буудуулснаас болж байхгүй болсон, зальжин байрын инээмсэглэлтэй, туранхайдуу хүн өмнө нь сууж байлаа. Гансүх тэдэн рүү толгойгоо эргүүлэн харснаа Болдоог шууд л танив. –Өө найз минь чамайг чинь одоо хичнээн их хүлээв дээ. Чи хотод намайг авраад ийш нь хүмүүсээрээ хүргүүлээгүй бол миний толгой хаана хөлдүүс болоод хэвтэж байхыг хэн мэдэхэв дээ. Ингэхэд юунд ингэж удав даа. Чамтай хамт хоёр ч хүн үлдсэн биз дээ. Тэр хоёр нь хаана байна гэж асуув. Тэгснээ Болдоогийн мөрөөр тэвэрсэн гараа авах үедээ түүний гар тасарсныг олж хараад –Гараа новшнуудад алдчихаа юу. Гэхдээ зүгээрээ гол нь амьд үлдэх л чухал гэснээ нүүр рүү нь ширтэн харав. Болдоо –Манай хоёр хүн алагдсан. Чиний харж байгаагаар би бас нэг гараа хамт өгчихсөн. Ингэхэд эхнэр охин хоёр маань хаана байна? гэж асуув. Гансүх –Аан нэг ийм юм болсон. Цаад хоёр чинь зүгээрээ. Би энд ирээд удаагүй байж байтал хуучны танил минь энэ газарт хүрээд ирлээ. Бас гучаад залуу дагуулчихсан ирсэн шүү. Мэдээж энэ хавиар хоол унд, орон байр л хайж явсан нь тодорхой. Би ч шууд хараад таньсан л даа. Тэгээд чамайг орлож үлдсэн нөгөө хэн билээ дээ, ааа мартчихаж гээд нэр нь орж ирэхгүй байгаа бололтой толгойгоо маажин зогсоход Болдоо –Амараа юу гэж асуухад Гансүх толгойгоо алгадан –Аан тийм. Золиг гэж Амараа шүү дээ. Амараа оруулах дургүй байхаар нь би ятгаад нөгөө хэдийг чинь хотхонд оруулахаар болсон юм. Гэтэл нөгөө хэд нь орон шоронгоор явчихсан бүтэлгүй хүмүүс байж таараад хоол унд идэж шавайгаа ханатал гэдсээ цатгаж авсны дараа хаанаас ч олсон юм хэдэн шил архи  ууж согтоод нөгөө тэнэг чинь Амараагийн байрлаж байсан байшин руу ороод агсан тавиад хутга дүрчихэж. Бүр найман удаа шүү гэж ярьж байхдаа Гансүх жишим ч үгүй онигоо ярьж байгаа юм шиг ярьж зогсоог нь хараад сайн найзаа алдсанаа сонссон Болдоо дотроо зэвүүрхэн ганц үлдсэн баруун гарынхаа нударгыг зангидан зогсож байлаа. Гансүх үргэлжлүүлэн –Тэгэнгүүт би нөгөө тэнэгийг нухаад хаячихлаа. Харин энэ хооронд энэ хавиар бөөн үймээн болоод би үлдсэн залуусыг нь номхотгохын тулд хэдийг нь нэмж цааш нь харуулав. Тэгж байж үлдсэн залуучууд нь номондоо орсон. Одоо миний удирдлаган доор томоотой байгаа гэж хэлэхэд Болдоо тэсэлгүй –Тэгээд эхнэр охин хоёр минь хаана байнаа гэж чангаар асуулаа. Гансүх инээмсэглэн –Найз минь дээ. Тэд нар зүгээр гэж би хэлсэн биз дээ. Тэр хоёрын аюулгүй байдлыг бодолцоод би хэсэг хүмүүсийн хамт өөр аюулгүй газар хүргэж өгсөн.Эндээс хол л доо. Энэ олон харчуудын дунд тийм хөөрхөн хоёр бүсгүй байхад юу ч болоо билээ гэж ярихдаа нүднийх нь хүүхэн хараа огцом томрон буцаад аажуухан жижгэрэхийг Болдоо ажиглан харав. Гансүх үргэлжлүүлэн –Ингэхэд чи нэг гараа тастуулчихсан мөртлөө яаж энэ хүртэл ирж чадаа вэ, бас энэ юун хүүхэд вэ гэхэд Болдоо –Энэ хүүхдийн аав ээж нь намайг асарч тэнхрүүлсэн юмаа. Гэхдээ тэр сайн хүмүүс бас л зомби нарт өртсөн гэж хэлэхэд Гансүх Тэмүүлэн рүү очин даавуугаар боосон толгойг нь илэнгээ –Дүү хүү ч их юм үзсэн юм байна. Гэхдээ зүгээрээ. Ахыгаа дагахад алзахгүй  мундаг эр болно гэснээ –Миний дүү ингэхэд хотод чи аав ээжтэйгээ бас энэ Болдоо ахтайгаа хаана амьдардаг байв даа. Өөр хүмүүс байсан уу гэж асуух үед Болдоо дотроо “Баяраагийн хэлдэг үнэн юм байна. Амаргүй хүн юм гээч. Бас их зальтай. Хүүхэд гэнэдүүлж илүү дутуу үг ам алдуулах гэж байгааг нь” гэж түгшүүрлэн бодож зогстол Тэмүүлэн сандарсангүй –Өөр хүмүүс байгаагүй л дээ. Бид нар Болдоо ахыг шархадсан байхад нь олж асарч байхдаа гэр хорооллын нэг том байшинд амьдардаг байсан гэж хариулахад Гансүх –Аан гэснээ цаашаа харан ширээнийхээ цаад руу холхин одов. Болдоо –Эхнэр охинтойгоо уулзмаар байх юм. Чи намайг дагуулж аваачих уу гэхэд Гансүх –Чи хол газраас ирсэн болохоор ядарч байгаа байх. Маргааш нөгөөдрөөс очъё доо. Одоо доошоо бууж хоол унд идэж амар. Би нэг байшин галлуулаад та хоёрыг оруулъя гэж хэлснээ хаалгаа онгойлгон нэг залууг дуудан заавар өгөв. Залууг даган Болдоо Тэмүүлэн хоёр ч өрөөнөөс гарчээ. Болдоо тэр хоёр хоолоо идэж дуусчихаад галласан халуу дүүгэх байшинд ороод орон дээр нь хэвтэнгээ “Гансүх яг худлаа хэлж байна. Энд юу болсныг хэлээд өгчих хүн байхгүй юм байх даа” гэж бодон гадагшаа гаран хэсэг харж зогстол холоос танихгүй нэгэн залуу түүнийг ёозгүйхэн харж зогсоно. Болдоо ч өөдөөс нь бас харц мөргөлдүүлэн зогстол нөгөө залуу нь харцаа буруулан өөр тийшээ харлаа. Энэ үеэр гарт нь хэн нэгэн бичиг бариулах шиг болоход нэгэн өвгөжөөр хүн нуруугаа үүрэн цаашаагаа чадлаараа хурдлан холдож байхыг хараад алхаагаар нь Самдан гуай байна гэж таньлаа. Самдан гуай энэ амралтын газар анхнаасаа цуг байсан бөгөөд дал гаруй настай билээ. Харин яагаад ингэтлээ зугтах шахам холдож байгааг нь Болдоо гайхан хойноос нь нэг дуудах гэснээ больж бичгээ нууцаар арын халаасандаа хийн байшин руугаа буцан оров. Том цаасан дээр бичсэн бичгийг задлан уншихад хөгшин хүний таталган бичсэн үг өгүүлбэрүүд өмнө нь дэлгэгдэв. “Сайн уу Болдоо дүү минь. Хотоос чиний явуулсан энэ хүн чоно үнэхээр гайхал золиг байжээ. Ирснийх нь дараа бүлэг танхай зэвсэглэсэн хүмүүс ирсэн бөгөөд Амараа уг нь хамт байх дургүй байсан боловч энэ Гансүх гэж нөхөр ятгасаар байгаад хотхон руу оруулчихсан юм. Харин тэр нэг гайт өдөр тэр хүмүүс нь архи ууж согтоод манайхны амгалан тайван байдлыг алдагдуулж, зарим хүний эхнэр охин хүүхдүүдийг чангаасан юм. Тэр үед Амараа уурлан өөрийнхөө хүмүүстэй тэднийг хөөн явуулах гэтэл харилцан буудалцаан болж эсрэг талын бас манай талын хэдэн хүмүүс үхсэн. Бүгд л түгшин хотхон хоёр хуваагдчихсан бие биенээ хориглож байсан үед цаашаа харж зогссон Амараагийн ар нуруу руу Гансүх хутгаараа хэд хэд бүлж байхыг би харсан. Өөр хүмүүс хараагүй бөгөөд би хашгирах гэтэл хэн нэгэн толгой руу минь буу тулгах үед эргэн хартал эсрэг талын хүмүүс аль хэдийнэ манай талд хашааны нөгөө талаар тойроод ирчихсэн байлаа. Тэд үлдсэн зэвсэгтэй хүмүүсийн буунуудыг бүгдийг хурааж авсан. Харин тэр оройдоо харуулд гарсан эсрэг талын нэг хүнийг устгаад манай ихэнх хүмүүс нэг автобусанд суун хотхоноос зугтсан. Тэр дунд эхнэр хүүхэд чинь хамт явсан. Хойноос нь Гансүхийн хүмүүс хөөх гэтэл машины дугуйг нь хагалчихсан байсан учраас хөөж чадаагүй юм. Чамайг харсандаа өвгөн би маш баяртай байна. Насны эцэст ийм их зовлон үзэж л явна даа ах нь. Би одоо төв байшингийн галчаар ажиллаж байгаа. Манайхнаас тун цөөхөн хүмүүс энд үлдсэн бөгөөд бүгд л хамгийн хэцүү хүнд, бохир ажлуудыг хийн амиа зогоож байна. Азаар бүгд эр улсууд үлдэж дээ. Уншиж дууссаны дараа энэ захиаг шатаагаарай” гэсэн байв. Болдоо захиаг уншаад хэсэг алмайрч суулаа. Нүднийх нь өмнө захиан дээрх үсэгнүүд нэг томрон эсвэл бүдэгрэн алсрах мэт санагдаж байлаа. Тэр захиаг дахин нэг гүйлгэж хараад “Тэр дунд эхнэр хүүхэд чинь хамт явсан” гэдгийг уншаад уртаар санаа алдлаа. Босч очоод ханан пийшингийн тагийг онгойлгон захиаг галд хийв.   

10. Өвлийн түүдэг гал

Гансүх өрөөндөө нааш цаашаа хурдан хурдан холхин дотроо ямар нэгэн юм бодох аж. “Болдоог байлгаж байвал үлдсэн хүмүүсийг хаашаа явсныг надад чиг баримжаа өгч магадгүй. Харин яаж тэр тухай цухас дурдуулах вэ гэдэг л байна. Өнөөдөртөө ч яахав худлаа хэлээд аргалчихлаа. Маргааш нөгөөдрөөс эхнэр охин руугаа хүргэж өг гээд салахгүй болох байх даа. Тэрнээс өмнө нэг юм бодох хэрэгтэй”. Ийнхүү цонхоор харан бодож зогстол галч өвгөн нуруугаа үүрчихсэн байшин руугаа орж явааг хараад “Энэ арай хамаг болсон явдлыг ярьчихаагүй байгаа” гэж бодонгуутаа доор үүднээс нэг залууг дуудан  -Самдан өвгөнийг аваад ир. Асуух юм байна гэж хэлэв. Төд удалгүй залуу ч өвгөнийг дагуулсаар түүний өрөөнд орж ирэв. Гансүх нөгөө л нэг хүн аргалж сурсан инээмсэглэлээрээ өвгөн рүү харан –За Самдан гуайн бие тэнхээ яаж байна даа. Өвчин хууч гайгүй юу. Ядарч байна уу та? гэж манж зан гаргасанд өвгөн дотроо дургүй нь хүрсэн боловч гаднаа ил гаргалгүйгээр –Өвөөгийнх нь бие сайн. Дулаахан байшинд даарч зутрахгүй дажгүй байгаа гэж хариулав. Гансүх –Хотоос хүмүүс ирсэн. Та уулзсан уу гэхэд өвгөн –Уулзаагүй ээ. Ямар хүмүүс билээ? гэж асуухад Гансүх санаа нь амран –Урьд нь энд байсан хүмүүс ээ. Та ер нь өнөө маргааштаа байшингаасаа гараад яах вэ. Сайн унтаж амар гэж тулгах шахуу хэлчихээд ярих яриа дууссан бололтой туслах залуу руу харснаа –Самдан гуайг өрөөнд нь оруулж өг гэж хэлэв. Өвгөн өрөөнөөс гарсны хойно залууд хандан –Өвгөнийг байшингаас хоёр хоног битгий гаргаарай. Бусад хуучны хүмүүсийг ч бас Болдоотой уулзуулж болохгүй. Хоёр гурван хоног Болдоод сэжиг авахуулахгүй байж байгаад бусад хүмүүсийн сургийг гаргана даа. Хэрэв тэгчихвэл ч тэр Болдоо надад хэрэггүй болно. Хоолны сав л гэсэн үг. Тонилгочиход асуудалгүй биз. Харин хүүг ойр зуурын ажилд туслуулж амьд үлдээж болох юм гэж хэлэв. Анх Гансүхийг энд ирснээс хойш Амараа түүнийг хаа явсан газар нь харцаа салгахгүй хянаад байсан нь гай болж байлаа. Мэдээж шинэхэн бас ганцаараа ирсэн учраас түүнд өөр хэн нэгэн хамтрагч хэрэгтэй болж байтал азаар халхын шоронд цөөнгүй тааралдаж байсан бүдүүн Нааяа хэдэн залуус дагуулчихсан иржээ. Энэ үед л Гансүх энэ газрыг эргүүлэх боломж өөрт нь гарч ирж байгааг ойлгожээ. Амараа харин Нааяа болон түүний залуусыг оруулж ирсэн эхний өдөртөө алдаа хийснээ ойлгож согтуугаар агсан тавьсан Нааяаг үгийн зөрөөгүй л буудан алжээ. Гэвч энэ нь цуст мөргөлдөөн болон хувирч хоёр талаас нэлээдгүй хохирол амссан бөгөөд Гансүх өөрт олдсон ганц боломжоо ашиглан Амарааг ар талаас нь заналтайгаар хутгалан хороосон билээ. Хутганыхаа ишийг гүн зоож байхдаа Гансүх өөрт нь нэг л ер бусын баяр хөөр бий болж байгааг анзаарч байв. Бүх зүйл дууссаны дараа Нааяагийн хулгайч нар үг дуугүй түүнийг удирдагчаараа хүлээн зөвшөөрчээ. Ихэнх нь Гансүхийн харгис хэрцгий хэргүүдийн талаар өмнө нь сонсож байжээ. Гансүх урьдны болсон явдлыг дотроо хураангуйлан бодож байснаа “Тэр үед л тэд нарыг шөнө алдахгүй байх ёстой байсан юм” гэж дотроо бухимдав. Яг одоо Гансүхийг хажуугаас нь харсан хүн бол түүнийг ямар төлөвлөгөөтэй байгааг хэзээ ч олж мэдэж чадахааргүй байлаа. Үнэндээ ч түүний дотор түмэн янзын төлөвлөгөөнүүд урсан, тэр дунд нь Улаанбаатар хот руу буцаж явах асуудал ч сөхөгдөж байв. 
Энэ үед ойд үлдсэн бусад хүмүүс Болдоо хүү хоёрыг хүлээсээр л байлаа. Гэхдээ ирэхээсээ нэгэнт өнгөрсөн бололтой бүрэнхий болж эхэлжээ. Тэд хонох бэлтгэлээ ханган нэгэн том модны нөмөр бараадан машинаа зогсоожээ. Гал асаан хоол унд ч хийж идэцгээв. Ойр хавийг харуулдан нэг хоёр цаг нилээн харцгаасан боловч ямар нэгэн амьд хүн ирж байгаа шинж ажиглагдсангүй харанхуй болжээ. Тэд хотоос авч гарсан дулаан хучлага, дэвсгэрээ түүдэг галыг тойруулан засчээ. Хоёр хоёроороо ээлжлэн сэрүүн байж, манаанд гарахаар тохиров. Нэгэнт шөнө болсон учраас эхлээд Тулгаа Хулан хоёр сэрүүн байхаар болжээ. Нөгөө хоёр нь ч зузаан хучлага,  халуун галын илчинд дорхноо унтаад өгчээ. Тулгаа Хулангаа тэврэн нэг хөнжил нөмрөн үе үе галдаа мод хийн сэргээнэ. Шөнийн нэг цагийн үед харин тэднээс нилээн зайтай ямар нэгэн амьтан яваад байгаа бололтой цас чихран дуугарч эхлэв. Цас чихрах чимээ эхлээд хол байснаа чимээ нь улам ойртоод л байлаа. Харин энэ чимээг эхэлж Хулан сонсчээ. Тулгаад хандан –Тэр модны захад ямар нэгэн амьтан яваад байна. Очиж үзэх хэрэгтэй байх аа гэж хэлэхэд Тулгаа –Эндээ байж байгаарай. Би очиж үзээдхэе гэснээ гартаа нэг сүх барьсаар хэдэн метрийн зайнд байх мод руу аажуухан ойртон очлоо. Түүдэг галын гэрэлд модны цаана ямар нэгэн амьтан сүүтэгнэн хөдлөөд ч байх шиг санагдахад Тулгаа сүхээ улам лав барин чимээ гаргахгүйг хичээн дөхнө. Уг модноос гурван метрийн зайнд ирэх үед модны цаана улаан хүрэн үстэй том амьтан байгааг ахиулан хартал нэгэн үхэр мод шөргөөн зогсож байлаа. Тулгаагийн санаа нь амран үүнийгээ Хуланд хэлэх гээд эргэн харах үед ард нь сүр сар хийх чимээ гарах шиг болох шиг болов. Хулан харин түүний зүг харж байснаа нүдээ том болгон хашгирч гарав. Холоос харж байсан болохоор тэр Тулгааг зомбинууд барьчихлаа гэж бодсон юмсанж. Тулгаа харин үхэр рүү эргэн харах үед түүний нүдэн дээр үхэрний хоолой руу шүдээ шигтгэсэн нэг, хажуу бөөрийг нь хазсан бас нэг зомби харагдав. Хормын дараа гэхэд ахин гурав, дөрвөн зомби үхрэн дээр овоорчээ. Хулангийн хашгирах чимээнээр Баяраа, Даваа хоёр ч сэрэв. Даваа сэрэнгүүтээ хамгийн түрүүнд Хуланг тайвшруулан чимээгүй болгох гэж оролдож эхлэв. Гэвч Хулан Тулгаа болон үхэрнүүдийн зүг ширтсэн чигтээ хашгирахаа болихгүй байв. Үхэр сүрэг зомбинд бариулсан учраас чанга дуугаар мөөрөн, зугтах гэж оролдсон ч олон зомбинуудыг дийлэлгүй газарт унажээ. Тэр хавийн газар нэлэнхүйдээ хувингаар цус асгасан юм шиг л болон, дорхноо улаан эрээн болжээ. Хөөрхий үхрийг зомбинуудын минутын дотор амьдаар нь тасар татан гэдэс дотор, элэг бөөрийг тарааж хаяжээ. Үхэр харин үүний дараа л амь тасарсан бололтой, мөөрөхөө больж чимээгүй болов. Зомбинууд олон хоног, магадгүй хэдэн сараар ч юм идээгүй байж магадгүй бололтой үхрийн мах, яснуудыг салган ухаан жолоогүй идэцгээж байлаа. Тулгаа харин гэнэт ухаан оров бололтой, модноос холдон нөгөө гурав дээрээ ирж зогслоо. Хулан ч түүнийг зүгээр байгаад одоо л нэг итгэв бололтой, хашгирахаа больж түүний цээжинд нүүрээ наан баярласан эсвэл айсандаа чимээгүй уйлж эхлэв. Баяраа энэ бүх чимээгүй, хөшүүн байдалд цэг тавин –Бүгдээрээ бие биенээ хамгаалаад ойрхон байх хэрэгтэй шүү. Мөн түүдэг галаа унтраалгаж болохгүй. Харанхуй болчихвол бид өөрсдийнхөө булшны нүхийг ухчихлаа л гэсэн үг. Эцсийн мөч хүртэл буу хэрэглэж болохгүй гэдгийг анхаарцгаагаарай. Буун дуу биднийг энд нуугдаж байгааг илчлэнэ гэж хэлэв. Бүгд тун удахгүй болох ширүүн тулаанд бэлдэн хүйтэн зэвсгүүдээ гартаа барин үхрэн дээр овоорсон олон зомбинууд руу түгшүүрлэн харж байлаа. Одоо бол үхрэн дээр хорь гаруй зомбинууд овоорчихсон, найрлаж байгаа харагдана. Хамгийн эхний зомби түүдэг галын гэрлийг анзааран тэд нар руу харснаа цус болсон шүдээ ярзайлган архирч эхлэв. Тэрээр үхрийн хажуугаас аажуухан босч цасан дээгүүр цусан зам татуулсаар тэр дөрөв рүү чиглэн ирлээ. Араас нь бас хоёр ч зомби тэдэн рүү чиглэн ирж яваа харагдана. Тэр гурвыг угтан Тулгаа сүхээ барьсаар ойртон ирсэн эхний зомбины нүүрэнд сүхээ зоон үхэтхийн доошоо унах үед нь сүхээ буцаан татав. Хоёр дахь зомбиг харин Даваа буулган авчээ. Араас нь харин зомбинууд уван цуван босч ирцгээж байгаа харагдахад Баяраа Хулан нар ч  бас мөр зэрэгцэн нэг нэгээр нь унагаж эхэлжээ. Учир замбараагүй тулааны үед тэд нэг мэдсэн чинь түүдэг галынхаа хоёр талд хуваагдчихсан тулалдаж байлаа. Харин дундуур нь зомбинууд түүдэг гал дээгүүр хаа хамаагүй гишгэлэн, мод түлээнүүдийг тараан түүдэг унтарч эхэлж байв. Баяраа гэрэл бүдгэрч байгааг анзааран түүдэг рүү хартал бараг унтрах гэж байлаа. Тиймээс бусад руугаа –Түүдэг галыг тойроод зогсоцгоо гэж хашгиран зах руу гарсан моднуудыг буцаан түүдэг рүү хийх гэж оролдон хөлөөрөө өшигчиж эхлэв. Тэдний алсан зомбинуудын тоо аль хэдийнэ арав давсан боловч цаана нь хориод зомби амьд байгаа үзэгдлээ. Түүдэг галыг хэдийгээр тойрон тэд чадлаараа тулалдсан боловч хүн хүч багатай учраас аргагүй хүч түрэгдэн галаас шахагдан холджээ. Ойн цоорхойд үргэлжлэх тэдний тулаан хором минут бүр улам аюултай болж, хэн ч хэзээ ч амиа алдах магадлалтай болж ирлээ. Түүдэг гал ч бас бараг унтарч дуусч байв. Ганц нэг цучил л энд тэнд асан бага ч гэрлийг тэдэнд бэлэглэх аж. Даваа харин энэ үед урдаа байгаа хоёр зомбиг цавчин газарт унагаж орхиод машин руугаа гүйн очиж, түлхүүрээ эргүүлэн гэрэл асаан холын гэрэл дээр нь тавьж орхив. Гэрэл гарсны дараа харахад тэд аль хэдийнэ дөрөв хуваагдчихсан ганц ганцаараа зомбинуудтай тулалдаж байлаа. Харин машины гэрэл асахтй зэрэгцэн тэдний амьд үлдэх магадлал эргээд бага багаар нэмэгдэж иржээ. Өөр рүү нь анхаарал хандуулсан зомбинуудыг хамгийн түрүүнд устгаж дуусаад Тулгаа Хулан руу очин элбэж хамжин таван ч зомбиг газарт унагав. Арваад минутын дараа гэхэд машины гэрэлд тэд нараас өөр босоо үлдсэн зомби нэг ч харагдсангүй. Харин энд тэнд дутуу үхсэн мөлхөж яваа зомбинуудыг Даваа нэг нэгээр нь толгой руу нь сүхээрээ цавчиж бүгдийг дуусгажээ. Машиныхаа аккумляторыг хэмнэн гэрлийг нь унтрааж, өөр цэвэрхэн газар олон шинээр түүдэг асаан тойрч суун галд гарнуудаа ээж байхдаа сая нэг бие биенээ харан инээмсэглэжээ. Үнэндээ энэ явдал тэр шөнийн амгалан тайван байдлыг алдагдуулсан учраас хэнд нь ч унтах сонирхол төрсөнгүй. Тэгээд ч удахгүй үүр цайх нь тодорхой байлаа. Үүр цайн урт шөнө өнгөрөх үед гал дээрээ тэд цай чанаж ууцгаажээ. Цай ууцгаан цангаагаа тайлсныхаа дараа харин Тулгаа Хулан хоёрын нүд анилдаж ирэн биенээ тэвэрсэн чигтээ суугаагаараа унтаж эхлэхэд Даваагийн царайнд мишээл тодорч ирсэн боловч ямар нэгэн зүйл хэлсэнгүй гал руу мод хийн сэргээж эхлэв.    

11. Үүрнээс гарсан нь

Өглөө эрт Тэмүүлэн эхэлж сэрэв. Хартал Болдоо ах цаашаа харчихсан унтаж өгч байлаа. Гадагшаа бие засах гээд гартал үүдэнд нь шөнөжингөө харуулд гарсан бололтой нэгэн хориод насны залуу суугаагаараа үүрэглэн байв. Тэмүүлэн хажуугаар нь сэрээлгүйгээр гарч модон жорлонг чиглэн алхав. Бие засчихаад жорлонгийн хаалгыг онгойлгон гартал гарнаас нь хэн нэгэн угзран жорлонгийн ард авааччихав. Хартал өчигдөрхөн Болдоо ахад нэг бичиг өгч байсан настайвтар өвгөн мөн байхыг Тэмүүлэн таньлаа. Өвгөн –Хүү минь Болдоо ахдаа одоохон очиж хэл. Та хоёр зугтах хэрэгтэй. Та хоёрын амь хутганы ирэн дээр байгаа. Тиймээс эндээс явсан нь дээр гэж хэлчихээд нуруунаас нь түлхэн байшин руу нь чиглүүлэв. Өвгөн харин өөрөө том байшин руугаа аажуухан алхалсаар одохыг хүү харангуутаа хурдаа нэмэн унтаж байгаа харуулын хажуугаар байшин руугаа сэмээрхэн оржээ. Болдоог аажуухан татан сэрээгээд өвгөний хэлснийг хэлэхэд Болдоо –Бид хоёр зугтчихвал өвгөнийг л сэжиглэх байх даа. Өндөр настай хүнийг хэрэгт унагаад яах вэ. Харин Гансүхийг ямар нэгэн аргаар Баяраа дээр дагуулж очих хэрэгтэй байна. Тэгвэл нэг учир олдох байх гэж хэлэнгүүтээ үүдэнд хөлийн чимээ гарах үед дуугаа намсгалаа. Яриаг сэмээрхэн сонсоход шөнө харуулд гарсан хүнийг өөр нэгэн сольж явуулж байгаа бололтой байв. –Чи унтаж байсан юм уу, хөөе сэрээч гэснээ пид хийн өшиглөх чимээ сонсогдох аж. Хөлийн чимээ намдахыг хүлээзнэж байснаа Болдоо дотроо гэнэт нэгийг санав бололтой хувцсаа өмсөн хаалгыг нээн гадагшаа гарч харуул залуу руу хандан –Тамхи байна уу хөгшөөн гэж асуухад харуул –Тийм ховрын бараа байхгүй ээ. Ингэхэд чамд харин янз бүрийн эд зүйл байхгүй биз гэснээ хөлөөс толгой хүртэл нь хурдан гэгч өлөн нүдээр бүртгэнгээ бугуйн дахь цагийг нь харснаа –Наад цаг чинь харин үнэтэй эд байх чинь. Чи ганц гартай тэрэндээ цаг зүүчихсэн яваа чинь нэг л зохимжгүй харагдах юм. Нааш нь өгчихвөл дээр юм биш үү гэж шаардах шахам хэлэв. Болдоогийн дургүй нь хүрсэн авч өөрийгөө барин –Энэ эхнэрийн минь бэлэглэсэн цаг л даа. Тэгэхээр чамд өгч чадахгүй нээ гэж эрс хэлэхэд харуул –Муу тахир дутуу новш минь наадахаа одоохон тайлаад өгөөдөх гэж байна шүү гэснээ үгэндээ хүч нэмэх гэсэн бололтой буугаа бие рүү нь чиглүүлэв. Болдоо тэгэхээс тэгэх юм шиг зөрүүдлэн бугуйн цагаа тайлан энгэрийн халаасандаа хийгээд –Өөрөө ав л даа гэж хэлэхэд харуул эргэлзсэнээ буугаа нэг гартаа шилжүүлэн барьж, аажуухан дөхөж ирэн нөгөө гараараа эрээ цээргүй халаасыг нь тэмтчиж эхлэх үед Болдоо нэг биеэрээ өөрийг нь мөргөхөд буугаа газар алджээ. Ганц гараараа нүүр рүү нь цохьсон авч нөгөөх нь сурамгай гэгч бултан улаан нүүрэн дундуур нь гал бутартал хүнд нударгаа буулгалаа. Үргэлжлүүлэн хэд хэд цохиход Болдоо газар унаад өгчээ. –Новш чинь гэж амандаа үглэнгээ харуул эр түүнийг дээрээс нь дэвслэн өшигчиж эхлэв. Энэ үед байшингийн хаалгыг онгойлгон Тэмүүлэн гарч ирснээ тэднийг харан харуул эрийг болиулах гэж оролдон нуруу руу нь үсрэн зүүгдэх үед харуул эр түүнийг урагш нь тонгоруулан унагангуутаа барьж аваад хөнгөхөн биетэй түүнийг дээш нь өргөн –Чи байж бай мэдэв үү гэснээ шатны довжоо руу хамаг хүчээрээ шидэж орхив. Жаалхүү хавиргаараа шатны ирмэг цохин янгинан өвдөж байсан ч суугаагаараа –Болдоо ахыг тайван орхи гэж чангаар хашгирлаа. Харуул эр харин үргэлжлүүлэн Болдоог зодонгоо –Гаргаж өгөх үү үгүй юу, айн хэмээн уурсан асуух аж. Болдоо элгэндээ гараа тэврэн цагаа хэрхэвч өгөхгүй гэсэн бололтой үргэлжлүүлэн тэмцэлдэж байлаа. Гэвч хэд хэдэн удаа толгой руугаа өшиглүүлэн манарч, биеэ хянахаа болих үед нь харуул эр энгэрийн халаас руу нь гараа хийн цагийг авч бугуйндаа зүүв. Тэмүүлэн харин түүний зүг үзэн ядалтын харцаар тохойныхоо цаанаас харж, чимээгүйхэн мэгшин уйлна. –Энд юу болоод байна гэх Гансүхийн чанга дуугаар харуул эр Болдоогоос нэг алхам хойшоогоо ухран зогсоод –Энэ нэг юм харин илжиг шиг зөрүүдлээд өөдөөс намайг зодох гэж оролдоод гэж хулгасхийн хариулахад Гансүх –Чи зочноо ингэж угтдаг юм уу. Би чамайг эднийг харж бай гэснээс зодож, дээрэмд гээ юу гэж асуунгуутаа түүний зүг зэвүүн харан хөдөлгөөнгүй болох үед ямар нэгэн юм болох гэж байгааг мэдэрсэн харуул эр буугаа авахаар доошоо тонгойх үед нь буун дуу тасхийн нам гүм талыг цочтол сэрээн хэдэн шувууд сандран тэнгэрт нисэлдэнэ. Хотхон ч бас тэр аяараа сэрсэн бололтой байшин бүрээс хэд хэдэн эрчүүд гарч ирэн тэднийг тойрон зогслоо. Гансүх харин гар буугаа буцаан хуйнд нь хийнгээ –Бүгд тайвширцгаа. Энэ үхдэл манай зочдыг миний зөвшөөрөлгүйгээр гомдоосон учраас надад түүнийг тонилгохоос өөр зам байсангүй. Хүүрийг нь холхон шиг аваачаад нэг зазарт булчих гэж ойролцоо зогсох хоёр залууд хандан тушаав. Нөгөө хоёр нь ч цагны төлөө амиа өгсөн харуул эрийн цогцсыг нь дамжлах гэхэд газарт хэвтэж байсан Болдоо –Хүлээж бай гэж хэлэнгүүтээ харуулын цогцос руу мөлхөөгөөрөө хүрч очин гаран дахь цагийг нь тайлж авлаа. Цугларсан олон эрчүүд ч аль хэзээний иймэрхүү аллага, үхэлд дассан бололтой өөрсдийн байшин руугаа таран одлоо. Нөгөө хоёр залуу ч цогцсыг нэг ачаатай машинд ачин хүрзнүүдээ дээш нь чулуудчихаад хашаанаас хөдлөн гарцгаав. Одоо хашааны үүдэнд хоёр харуул, дотор Болдоо, Тэмүүлэн, Гансүх гурав л үлджээ. Гансүх Болдоог татан босоход нь туслаад –Манайхны зан харьцаа ч ширүүн шүү дээ. Ер нь хатуу гараар барихгүй бол болдоггүй юм. Та хоёр гайгүй юу гэхэд нөгөө хоёр нь дуугүйхэн толгой дохив. Саяны гэнэтийн үйлдэлд аль аль нь маш их гайхжээ. Өөрсдийг нь өмөөрөөд нэг хүнээ алчихдаг хачин юм даа гэж дотроо хэн хэн нь бодсон байна. Болдоо –Гансүх ээ бид хоёрыг хамгаалсанд баярлалаа. Бид хоёр машинаараа ойрхон явчихаад ирэх гэсэн юм. Болох уу гэхэд Гансүх –Хаашаа тэр вэ гэж гайхан асуулаа. Болдоо дотроо өвгөний бичсэнийг санаад өөрийг нь ашиглан бусад хүмүүсийн хаана байгаа сэжүүрийг гаргах гээд байгааг гэнэт ойлгожээ. Болдоо үргэлжлүүлэн –Эндээс арваад км-ийн хол нэг айл байдаг юм. Намайг хот явахаас өмнө манайхан тийшээ ирэн очдог байсан л даа. Энд цуг байцгаая гэхлээр дургүйцээд ганц гэрээрээ байна гэдэг байлаа. Тэднийд очоод ирэх гэсэн юм гэж хэлэв. Гансүх хэсэг бодолхийлснээ –Та хоёртой би бас манай нэг хүн цуг явчихаад л ирье. Энэ хавьд мэр сэр зомбинууд харагдаж л байдаг юм. Тиймээс та хоёрын аюулгүй байдлыг бодолцоод бид хоёр цуг явах хэрэгтэй байхаа гэж маасайн хариулав. Болдоо дотроо санаа нь амрах шиг болон чоныг үүрнээс нь гаргах нь дээ гэж хальт бодож амжив. Харин нэг санаа зовоох зүйл байсан нь Баяраа болон бусад хүмүүс тэднийг очиход бэлэн байх уу, үгүй юу гэдэг л байв. Гансүх бодлыг нь таслан –Хэзээ явах вэ, өдрийн хоолоо идчихээд явах уу гэхэд Болдоо зөвшөөрлөө. Хэдхэн цагийн дараа тэд том байшингийн хоолын өрөөнд гурвуулаа ширээний ард сууцгааж байлаа. Болдоо энэ хооронд зулгарсан, цус гарсан хэсгүүдээ арчуураар ороон биеэ тордож амжжээ. Зөвхөн тэр гуравт л зориулсан том ширээн дээр ойрдоо тэр хоёрын идэж уугаагүй тансаг хоол унд, зууш тавигджээ. Тэмүүлэн нэлээн өлссөн бололтой хоол унд руу дайран ховдоглон идэж байлаа. Харин Болдоо аажуухнаар хоолоо зажлангаа Гансүхийг ажиглан сууна. Дотроо харин “Сүүлчийн зоогоо сайн идэж ав даа, нөгөө ертөнцөд чи ямар ч байсан өлсөхгүй очих байх” гэж бодон түүндээ баясан нүүрэнд нь мишээл тодрох аж. Гансүх харин түүний мишээл тодорсон нүүрийг харснаа гэнэт хар аван “Юундаа баясаад байгаа юм бол мухар гарт чинь эсвэл ойрдоо идээгүй сайн хоол унданд сэтгэл нь цадаж байгаа бололтой” гэж бодонгуутаа санаа нь амарчээ.  Болдоогийн унаж ирсэн машиныг асаан Гансүхийн нэг хүн жолооны ард суужээ. Түүний хажууд Гансүх суун, арын суудлууд дээр Болдоо, Тэмүүлэн хоёр зэрэгцэн суув. Хашаанаас холдон хөдлөх үед Болдоо тэр хоёрт замчлан –Наад замаараа яваад бай. Хэдэн км-ийн цаана нэг багавтар уул тааралдах учиртай гэж хэлэв. Жолооч эр хаалган талдаа буугаа босоогоор нь тавьжээ. Харин Гансүхийн ташаанд нь гар буу болон ангийн хутга байгаа. Болдоо тэдний зэвсгүүд рүү сэм нууцаар харан жолоочийн тайрмал винтов бууг донсолгоон дунд авчихаж болох юм байна гэж сэтгэв. “Гэхдээ болоогүй ээ. Баяраа руу нэлээн сайн дөхөж байж л ийм эрсдэлтэй үйлдэл хийхгүй бол болохгүй” гэж бодон тохиромжтой үеийг хүлээзнэн байлаа. Гансүх замдаа дуу аялан их л хөгжилтэй явж байгаа үзэгдэнэ. –Залуу байхдаа би улс орныхоо аймаг бүрээр явдаг байлаа. Олон ч газар танилтай болж билээ гэж Гансүхийг хэлэхэд Болдоогийн хөх инээд нь хүрч “Хамаг шоронг л дуусгаа байлгүй” гэж тавлан бодож явлаа. Нэг их удсангүй Баяраа болон бусад хүмүүсийн үлдсэн ойн зах руу тэд ойртон ирлээ. Ямар нэгэн хүн амьтан болон машин харагдсангүй. Уулын хажуугаар өнгөрөх үед машин замын донсолгоонд бага зэрэг донслов. Энэ үед Болдоо самбаачлан жолоочийн хажуу талд байсан бууг сугалан авч мухар гараараа буугаа түшүүлэн жолоочийн дагз руу тулган –Машинаа зогсоо гэж огцом тушаав. Жолооч ч гэнэтийн явдалд цоирдон огцом тоормозлон зогсов. Гансүх –Чи чинь яаж чадаж байнаа гэсээр эргэн хартал өөдөөс нь бууны хошууны гүн хар нүх чанх өөдөөс нь онгойн харагдав. Болдоо –Машинаас бууцгаа гэж зандрангуй хэлэхэд жолооч өөрийнхөө хаалгаар, Гансүх ч бас өөрийн талын хаалгыг онгойлгох үед жолооч гэнэт ирсэн замаараа хурдлан гүйж эхэллээ. Болдоо харин зэвсэгтэй байгаа Гансүхийг гэнэт санангуутаа амралтын газар руу цасан дунд хар хурдаараа гүйх жолоочийг яаж ч чадсангүй тэр чигт нь орхив. Гансүх руу буугаа чиглүүлсэн чигтээ –Буу, хутгаа аажуухан аваад доош нь газарт унага гэж хэлэхэд Гансүх хачин царайлчихсан мөртлөө зэвүүн инээмсэглэсээр буу, хутгаа доош нь тавингаа –Чи харж байна уу. Манай жолооч машиныхаа түлхүүрийг аваад явчихаж. Чи энэ эзэнгүй хээр газарт намайг алсан ч гэсэн манай залуучууд ирээд чамайг барьж аваад мөчилж алах байх даа. Үлдсэн эрхтнүүдээ бас л тайруулах байх даа хэхэ гэж инээх үед яг хажуухан талын ой дотроос буун дуу тасхийн нэлээн холдчихсон харайлгаж байсан жолооч далбисхийн хажуу тийшээгээ цасан дунд шурган унаж байгааг бүгд харлаа. Гансүх сандран эргэн ой руу харахад хамгийн эхэнд нүүрэндээ инээмсэглэл тодруулсан Баяраа, түүний араас дагах бусад зүс таних хүмүүсийг харангуутаа түүний дотор пэлбэгнэн сандарч, тархи руу нь хамаг цус нь дүүрээд ирэх шиг л санагджээ.     

12. Өшөө авалт

-Манай хичнээн хүмүүсийг алсан бэ, бусад хүмүүсийн хаачсаныг мэдэх үү гэж Болдоог асуухад Гансүх –Бараг талыг нь алсан байх шүү. Бусад нь хаачсаныг би мэдэж байсан бол чамайг би өдий хүртэл яах гэж амьд байлгах юм бэ гэхэд Болдоо хэсэг дуугаа хурааснаа гэнэт нэгийг санав бололтой -Чи миний найзыг яах гэж алсан юм бэ? гэхэд Гансүх өөдөөс нь ёжтой инээмсэглэн –Надад тэрний хэний найз байх нь хамаагүй. Миний замд саад болсон л бол үхдэг юм гэж хариулахад –Муу новш гэснээ Болдоо түсхийтэл нүүр рүү нь цохив. Гансүх цустай шүлсээ хажуу тийш нь хаянгаа –Нөгөө гар чинь арай чанга цохьдог байсан гэж найдъя Болдоо гэхэд нөгөөх нь уурсан дахин цохих гэхэд Баяраа түүнийг хориглон –Найз минь яг одоо бол түүнээс үг салгаж чадахгүй юм шиг байна. Надтай түүнийг түр үлдээгээч гэхэд Болдоо дуртай дургүй холдон явлаа. Болдоо хусан ойгоос салангид ганцаархнаа ургасан өндөр нарс модны доор зогсоосон машинд тэднийг хүлээх бусад хүмүүс рүү алхжээ. Харин Гансүхийг нэгэн модны доор машины татлаганы олсоор найдвартай гэгч нь суулгаж багласан байв. Баяраа Гансүхийн урдуур хэд алхсанаа –Гансүх ээ. Чи ч мэдэж байгаа байлгүй. Чи угаасаа өнөөдөр миний гарт үхэх нь тодорхой. Харин миний асуултуудад үнэн тодорхой хариулвал би чамайг зовлонгүй үхүүлж чадна гэж хэлэхэд Гансүх –Чамайг чадна гэж бодохгүй л байна шүү. Чи чинь хуулийг баримталдаг, төрийн хүн биш бил үү гэхэд Баяраа ойд цуурайттал айхтар чанга инээснээ урд нь явганаар сууж –Төрд алба хашихаа болиод удаж байна шүү дээ. Тэгээд ч чи надад эрхэм хоёр ч хүнийг алсныг би мартаагүй л байна. Тэр хоёрын өшөөг чамаас авна гэдгээ би булшин дээр нь тангарагласан юм шүү дээ. За тэр ч яахав угаасаа болох асуудал. Амралтын газарт нийт хэдэн залуус, хэдэн буутай байна гэдгийг надад тодорхой хэлээдэх гэхэд Гансүх –Чамд би юу ч хэлэхгүй ээ. Муу новшийн бууны нохой. Тэгээд ч чи энэ хорвоод нэг их удаан амьдрахгүй л дээ. Миний залуус чи болон чиний хэдэн бүтэлгүй, доожоогүй амьтдын бодийг хөтлөөд чи төд удалгүй миний араас там руу ирэх байлгүй гэснээ нүүр рүү нь шүлсээ нулимав. Баяраа гараараа нүүрэн дээрээ тогтсон шүлсийг арчингаа –Чи өөрөө л хүссэн шүү. Удахгүй надаас үхүүлээд өгөөч гэж чи гуйх байх даа адгийн новш минь. Би заримдаа чам шиг хүний үнэргүй новшнуудыг хорвоо дэлхий яаж даадаг байнаа гэж гайхдаг юм. Бид хоёрын хоорондох яриа дууслаа гэж хэлээд босон ойролцоо зогсож байсан Даваа руу хандан –Болдоо руу очоод та хоёр машины араас шаардлагатай зэвсгүүдээ аваад ир. Гэхдээ өөрсдөө хүсэхгүй бол ирэх гэсний хэрэггүй. Би ганцаараа үүнийг хийнэ. Итгэл ах болон охиных нь өшөөг би авах ёстой. Харин Тулгаа Хулан, хүү хоёртой цуг машиндаа байж байг гэж хэлэв. Даваа –Тэр хоёр миний хувьд ч бас хайртай хүмүүс минь байсан юм шүү гэснээ Болдоог дуудахаар аажуухан машин руу явав. Гансүх харин –Баяраа, чи намайг суллачихвал би чамд амралтын газарт байгаа бүх хүнс, зэвсгүүдийг өгч чадна шүү. Чи эндээс холын хол яваад өгчихөж болно ш дээ. Би дахиж чамайг хайхгүй, чамаар оролдохгүй ээ. Мөрөөрөө л явцгаая гэснээ Баярааг юу ч дуугарахгүй болохоор нь үргэлжлүүлэн –Тэр машинд сууж байгаа бүсгүй хөөрхөн амьтан байна шүү. Хажууд чинь ийм хөөрхөн хүүхэн байгаад байхад чи яаж тэсдэг байнаа. Тэр бандийг чи цааш нь харуулаад өөрийн болгочиход асуудалгүй юм биш үү гэхэд Баяраагийн уур гэнэт тэсрэн –Би чам шиг биш л дээ. Наад хараад идсэн өмхий амаа дуугүй болгоодох гэж хэлэнгээ нүүр рүү нь хэд хэд хүчтэй цохиход Гансүх бүдэгхэн гиншин дуугарч амандаа юу ч юм хараал урсган түүнийгээ улам чангаруулан хашгирч эхлэхэд Баяраа хаанаас ч олсон юм хуучин даавууг бөөгнүүлэн барьж байгаад цус болсон ам руу нь чихэж дуугүй болгожээ. Минутын дараа Болдоо Даваа хоёр гартаа сүх, хутга зэрэг хүйтэн зэвсгүүд барьсаар ирлээ. –Энд хийх үү гэж Давааг асуухад Баяраа –Ойн гүн рүү оръё. Би тэр хүүд харуулмааргүй байна гэж Тэмүүлэн рүү толгой дохив. Тэр гурав Гансүхийн олсыг модноос тайлан ой руу дагуулан оржээ. Тэднийг харахад цаазын ял авсан хэрэгтний ялыг гүйцэтгэхээр явж байгаа юм шиг л харагдаж байв. Ой руу орон уул өөдөө мацаж яваа дөрвөн эрийн дүр зураг моддын хоорондуур жижгэрсээр харагдахаа больжээ. Бараг нэг цаг орчим болсны дараа Баяраа тэр гурав ойгоос гэнэт гараад ирэв. Тулгаа –Тэр үхсэн үү гэхэд Баяраа –Тиймээ. Тэр шангаа хангалттай сайн авсан гэж хариулахад Тулгаа –Ойгоос чимээ ерөөсөө сонсогдсонгүй гэхэд Даваа хажуугаас нь аяархан –Түүний амыг алчуураар таглачихсан юмаа гэв. Ойгоос буцаж ирсэн гурвыг харахад хувцас, нүүр рүү нь цус үсэрсэн шинжтэй харагдана. Тулгаа дахиж асуулт асуусангүй. Хулан Тэмүүлэн хоёр ч юу болсныг ойлгож байгаа бололтой машин дотор тэднийг ажиглан дуугүй сууцгаана. Гадаах байдлыг ажиглахад үдээс хойш дөрөв таван цаг болж байгаа юм шиг санагдана. Баяраа –Өнөөдөр эндээ дахиад хонох нь дээ. Эсвэл ойр хавьд хоноглочихмоор байшин байгаа эсэхийг хайцгаая гэж хэлэхэд Тулгаа уухайн тас хамгийн түрүүнд дэмжин –Тэгье. Энэ хавиас холдоцгооё. Урьд шөнө бид амаргүй давааг туулсан шүү дээ гэхэд Баяраа –Чинийхээр болог. Муу хүний сүнс нь хүртэл төрлөө олохгүй тэнэж зовдог юм гэсэн. Нөгөө Гансүхийн сүнс аягүй бол хүрээд ирэх ч юм бил үү гэж мушийн хэлэв. Даваа Болдоо хоёр ч түүний хэлэхийг сонсоод дотроо инээд нь хүрцгээжээ. Машиндаа сууцгаасны дараа Тулгаа жолоо барин явна. Түүний хажууд газар орны байдлыг сайн мэддэгээрээ Болдоо суужээ. Болдоо түүнд замчлан –Тээр тэнд байгаа уулсыг хар даа. Дундуур нь бага зэрэг өгссөн зам байгаа юм. Тэрийг давахад цаана нь нэг томоохон баг уг нь байсан юм. Гэхдээ одоо хүн байгаа эсэхийг мэдэхгүй байна л даа. Очоогүй их удаж. Юу ч гэсэн тийшээ яваад үзье гэж хэлэв. Яваад үзэхэд уг даваа бараг хориод км-ийн цаана болж таарав. Тулгаа шатахууныхаа заалтыг сэтгэл түгшин харж явахыг Болдоо хараад –Зүгээр дээ. Арын машин дүүрэн шатахуунтай байгаа санаа зоволтгүй гэж хэлэхэд Тулгаагийн санаа нь амарчээ. Арын машиныг Даваа жолоодон хажууд нь Баяраа суужээ. Мөн хойно нь Хулан Тэмүүлэнтэй цуг сууцгаана. Даваан дээр гарсны дараа тэдний хамгийн түрүүнд харсан зүйлс нь хэдэн хуучны модон байшин байлаа. Нэг байшингаас нь шингэн утаа суунаглаж байгааг хараад Тулгаа машинаа зогсоов. Араас нь ирсэн машин ч бас зогсож, бүгд гарч ирцгээжээ. –Шууд яваад оччихвол яах бол гэж Давааг асуухад Баяраа –Юу ч гэсэн зарим нь эндээ хүлээцгээж бай. Би Тулгаатай цуг явганаар очиж шалгачихаад ирье гэж хэлээд Тулгаатай цуг доошоо замаар уруудан бууж эхлэв. Тэр хоёр цасан дундуур туучсаар хориод минутын дараа байшингууд руу хүрч очив. Байшин руу дөхөж ирэх үедээ тэд явганаар доошоо суун цонхнуудын доогуур харагдахгүйг хичээн алхацгаав. Гадаах цасыг ажиглахад хүмүүсийн мөр болон машины мөр тодоос тод байгаа нь энд саяхныг болтол хүмүүс байсан эсвэл одоо хүртэл байгаа нь тодорхой болов. Харин ямар нэгэн машин техник харагдахгүй байлаа. Утаа суунаглаж байгаа байшингийн цонхны доор очин чимээ чагнахад ямар нэг чимээ сонсогдсонгүй. Хаалга руу аяархан хүрч очсоноо гараараа хаалгыг түлэхэд хаалга дотроосоо түгжээтэй байлаа. Баяраа эргэлзсэнээ гараараа хаалгыг аяархан тогшив. Гэвч хэн ч хариу өгсөнгүй. Тулгаа байшингийн буланд зайтай явган суун Баярааг ажиглан хүлээнэ. Баяраа үргэлжлүүлэн дахин хэд тогшив. Гэтэл байшин дотроос нэгэн эмэгтэй хүн айсан хоолойгоор –Хэн бэ гэж асуухад Баяраа –Бид нар хотоос ирсэн хүмүүс байнаа. Энэ хавьд аюулгүй хоноглох газар хайж байна. Та хаалгаа тайлаад биднийг оруулаач гэхэд байшин доторх эмэгтэй хариу хэлсэнгүй. Харин цаашаагаа хэн нэгэнтэй аяархан ярьж байх шиг Баяраад санагджээ. Тулгаа Баярааг харан хүнтэй яриад байна гэдгийг нь мэдсэн бололтой, юу яриад байгааг нь сонсох гэж хэт хичээснээсээ болоод орчин тойрноо ажиглахаа таг мартчихсан сууж байлаа. Гэнэт ар нуруу руу нь бууны хошуугаар хэн нэгэн хатган –Буугаа тавиад аажуухан эргээд хар гэж зандрангуй хэлэхэд Тулгаа хөдөлгөөнгүй гацчих шиг л болов. Хуучны загварын автомат буугаа аажуухан газарт тавин бослоо. Ард нь зогсоо эр –Тэр хаалган дээрх залуу бас буугаа буулгачихгүй юу гэж чангаар хэлэхэд Баяраа гэнэт ар тийшээгээ тэр хоёрыг хараад буугаа тэдэн рүү чиглүүлэн суув. Харин Тулгаагийн ард зогсоо эр –Тэнэг юм битгий хийгээрэй. Бид нар олуулаа гэж хэлэхэд байшингуудын энд тэндээс арваад хүн гарч ирэн бүх бууны хошуугаа Баяраа руу чиглүүлжээ. Энд тэндээс нь өөр рүү нь онгойн харагдах бууны хошуунуудыг хараад Баяраа зэвсгээ газар тавин гараа дээр өргөн аажуухан бослоо. Энэ үед байшингийн хаалганы түгжээ дуугаран онгойж дотроос нь нэгэн эмэгтэй, залуухан охины хамт гарч иржээ.Эмэгтэй түүн рүү хандан –Та нар дээрэмчид үү? Энд бодвол олз омог л хайж ирээ байлгүй. Та нар бүгд адилхан гэж хэлээд хариу хэлэхийг нь хүлээсэнгүй Тулгаагийн ард зогсоо эр рүү хандан –Эднийг хол аваачиж устга гэж тушаагаад эргэн байшиндаа орохыг завдахад Баяраа –Түр хүлээж бай даа. Та нар Болдоог танихгүй биз. Эндээс хориод км-ийн цаана амралтын газарт амьдарч байсан Болдоог мэднэ биз дээ. Хотоос бид нар түүнтэй цуг буцаж ирсэн юм гэж хэлэхэд эмэгтэй –Тэр үхсэн. Чи битгий худлаа ярь. Тэр хотод амь эрсэдсэн. Тэр эргэж ирээгүй. Хотоос ирсэн хүмүүс бид нарт гай л болдог. Би чамд итгэхгүй байна муу хөгийн дээрэмчин минь гэж шийдэмгий хэлэхэд Баяраа –Би худлаа хэлээгүй ээ. Тэр хойноос орж ирсэн давааны зүг хар л даа. Тэнд Болдоо бусад хүмүүсийн хамт үлдсэн гэж хэлэхэд эмэгтэй давааны зүг харахад хэн ч харагдсангүй. Баяраа машинуудыг бас хүмүүсийг хайн даваа руу харсан ч хэн ч харагдсангүй. Эмэгтэй үргэлжлүүлэн –Энэ хоёрыг авч явахгүй юугаа хийгээд байгаа юм бэ. Хурдан аваад яв гэж хэлэнгүүтээ охиноо дагуулан байшин руугаа орлоо. Баяраа руу дөрөв таван хүн аажуухнаар болгоомжтой ойртон нэг нь өмнөөс нь бууг нь авснаа Тулгаа руу заан –Чи түүн рүү оч гэж тушаав. Баяраа гараа дээрээ өргөсөн чигтээ Тулгаа руу ойртон ирлээ. Тэр хоёрыг хамтад нь урдаа туусаар гурван хүн зуугаад метрийн цаана байх ой руу чиглэв. Баяраа Тулгаа хоёрт зугтах ямар ч боломж байсангүй. Бас хоёр зуугаад алхам яваад л тэдний амьдрал дуусна гэдгийг Баяраа ойлгосон бололтой доошоо тонгойн аль болох удаан явахыг хичээх боловч хойноос нь явж байгаа хүмүүс түүнийг шавдуулах аж. Ойн захад байх моднууд нүднийх нь өмнө алхам алхмаар ойртсоор байв. Тулгаа харин энэ үед сэтгэл дотроо Хулангаа бодчихсон явах бөгөөд тийм ч удаан цуг байсангүйдээ харамсах сэтгэл төрнө. Харин Баяраад хэдхэн цагийн өмнө Гансүхийн “ Миний араас удахгүй там руу ирэх байлгүй” гэж хэлсэн нь санаанд нь орон ”аргагүй л үнэн хэлж дээ” гэсэн шүү юм бодсоор алхахад хөл доор нь өвлийн турш хэн нэгний хөлд гишгэгдээгүй хөвсгөр цас чихран дуугарна.

13. Сүүлчийн тулаан

Араас нь тэднийг тууж байгаа хүмүүс ойн захад ирэнгүүтээ нэг нь тохиромжтой газар хайн түрүүлэн алхлаа. Хэсэгхэн газар бөөгнөрөн ургасан бургаснуудын харалдаа ирээд –Энд аваад ир гэж нөгөө хоёртоо хэлэв. Үлдсэн хоёр хүн нь Баяраа, Тулгаа хоёрын ар нуруу руу бууныхаа хошуугаар хатган бургаснуудын харалдаа аваачингуутаа –Газар өвдөглөөд суу гэж хэлэв. Үхлийн өмнө ийм ойрхон тулсан үеийг хоёулаа л дор бүрнээ санах гэж оролдсон ч аль алиных нь санаанд юу ч орж ирсэнгүй. Ер нь ч юм бодъё гэхнээ ухаан бодолд нь хоосон орон зай л хөврөх ажээ. Гэхдээ хэн нь ч үхлийн өмнө айн сандарч мэгдсэнгүй. Хүн төрөх нь үнэн, үхэх нь бас үнэн гэдэгчлэн хоёр идэрхэн эрс үхлээс айдаггүй зан чанараараа ижилхэн байлаа. Өнгөрсөн жил хүрэхгүй хугацаанд тэд аль хэдийнэ төрсөн ах дүүс шиг л дотноссон билээ. Бие биенийхээ амийг ч зөндөө аварч байсан учраас ингэж дотнохоос ч өөр аргагүй байв. Магадгүй нэг минутын дараа гэхэд л тэд хөрст ертөнцөд дахин амьсгалахаа больж, амар амгалангийн өөр нэг ертөнцөд хөл тавих болно. Тэр ертөнцөд нь өвчин зовлон, гуниг харуусал, баяр хөөр аль алиныг нь мэдрэхгүй нь нэг бодлын жигтэй санагдана. Өнгөрсөн хугацаанд тэдний амьдралыг орвонгоор нь эргүүлсэн зомбинууд харин ямар ертөнцөд амьдардаг нь тэдэнд их сонин санагддаг байсан ч хоорондоо тэр талаар хэлэлцэж байсангүй. –Өвдөглөөд суу гэж байна шүү гэж хэн нэгэн нь ширүүхэн хэлэх үед Тулгаа Баяраа руу харснаа гунигтайгаар –Хагацъя даа ах минь гэж шивнэн хэлээд түрүүлж өвдөг дээрээ сөхрөн суув. Түүний араас Баяраа ч бас доошоо өвдөглөн суулаа. Ар талд нь зогсож байгаа хүн буугаа цэнэглэж байгаа бололтой, замгаа татаж байгаа дуу гарахад Тулгаа нүдээ анин, Баяраа харин урд талд нь цэвэрхэн цасан дээр унасан нэг боргоцойг харан хөшиж орхив. Тэр боргоцойг хараад л баймаар тийм гайхалтай харагдаж байгааг гэнэт Баяраа анзаарч тэр чигтээ гөлөрчээ. Гэнэт хажууд нь зогсож байсан нэг хүн –Байж байгаарай. Хувцас нь гайгүй юм байна. Цус болголгүй авчихмаар байна гэнгүүтээ Баяраагийн өмсөж байсан гадуур зузаан хүрмийг тайл гэв. Цаадах нь ч тэртээ тэргүй үхэхийн хооронд энүүгээр яахав гэсэн аятай цааргалалгүй тайлж өгөв. Хувцсыг нь авсан хүн ч шинэхэн олзоо шохоорхон цаашаа хэд алхтал гэнэт –Буугаа буулгацгаа. Сонсож байна уу хөдөлж болохгүй гэж Болдоогийн цээл хоолой ойгоор нэг хадав. Хүрэм сонирхон явж байсан хүн ч гэнэт хөшин буу руугаа гараа явуулснаа эргэн тойрноос нь бүслэн чиглүүлсэн буунуудыг хараад буугаа аажуухан буулгалаа. Баяраа, Тулгаа хоёрын ард зогсож байсан хоёр ч буугаа газарт тавьжээ. Гэнэтийн энэ үйл явдалд бүгд цочирдсон ч төд удалгүй Баяраа Тулгаа хоёр сэхээ орон газарт унасан буунуудыг нь хурааж авав. Болдоо харин тэдэн рүү инээмсэглэн ирж –Та хоёрыг аварч амжихгүй нь л гэж бодлоо шүү. Ой руу та хоёрыг авч явсан нь та хоёрын аминд орлоо доо. Бид усан хулгана болтлоо л ийшээ гүйлдлээ гэж бусад руугаа заахад Тулгаа хамгийн түрүүнд инээмсэглэн зогсох Хулангаа хараад дөхөж ойртонгуутаа бэлхүүсээр нь тэвэрлээ. Даваа харин сэрэмж алдахгүйг хичээх мэт нөгөө гурван эрийг нүд салгалгүй харж, -Бөөгнөрөөд зогс гэх мэтээр командлах ажээ. Баяраа харин хүрмийг нь авсан эр рүү алхаж очин хувцас руугаа тонгойн –Авч болно биз дээ. Надад энэ хүрэм их таалагддаг юм л даа гэж хэлэнгүүтээ хүрмээ аван өмслөө. Харин нөгөө эр тэд нар руу айсан нүдээр харж байснаа гэнэт –Хүүе Болдоо. Чи чинь амьд байх шив дээ гэж баяр хөөртэй хэлснээ бусад руу нь заан –Эд нар юун хүмүүс вэ гэхэд Болдоо –Манай найзууд байгаа юмаа. Миний амийг аварсан хүмүүс шүү дээ Ганбаа гэж хэлээд нөгөө хоёрыг нь танимхайран –Та хэд энд амьдарч байгаа юм биз дээ гэж хэлэхэд –Тиймээ. Бид нар орон гэрээ булаалгасан. Энд л амьдарч байна. Энэ хоёрыг чинь арай л буудчихсангүй ш дээ. Дээрэмчид байх л гэж бодсон. Биднийг уучлаарай гэж үнэн сэтгэлээсээ хэлцгээхэд нь Баяраа –За тэр яахав. Бид хоёр харин азтай байлаа. Тэгээгүй бол өдийд буудуулчихсан байх байж. Та нар ер нь буцаж очоод бусад хүмүүстээ Болдоогийн тухай, бас бидний тухай дуулгачихаад хэлцгээх үү. Тэр хүртэл та нарын буу зэвсэг бид нарт байж байг гэхэд нөгөө гурав ч зөвшөөрөн байшингууд руугаа буцан алхлаа. Ойд үлдсэн хэд ч байшингуудыг ажиглан сэрэмжтэй хүлээцгээж байтал голын байшингаас хоёр эмэгтэй гарч ирснээ хамгийн түрүүнд ой руу гүйлдэцгээлээ. –Болдоо, ааваа гэсээр гүйлдэх тэдний өөдөөс Болдоо ч бас хар хурдаараа харайлган замдаа цасан дунд бүдчин дахин босон гүйж байгааг хараад тэднийг харж байсан хэн бүхний сэтгэл хөдөлцгөөж байлаа. Араас нь байшингуудаас эрэгтэй эмэгтэй, хөгшин залуу нийлсэн гучаад хүн ойртон ирцгээлээ. Байшингууд болон ойн яг дунд нь гурван биенээ тэврэн баярласандаа уйлалдах гэр бүлийн гурвыг чиглэн ойгоос ч бас тэд гарч ирэв. Болдоог бусад хүмүүс ч бас танин амьд нь баярлацгаан дал мөрийг нь алгадан танимхайрцгаана. Эхнэр охин хоёр нь харин Болдоогийн мухар гарыг анзаарсан бололтой гараа яасныг нь асууж байгаа бололтой сандарцгаахад Болдоо тайвшруулан тайвнаар хариулна. Баяраа дээр түрүүчийн өөрсдийг нь цаазлахаар явцгааж байсан залуус ирэн Тулгаа тэр хоёрын буунуудыг өгөхөд зөрүүлэн өөрсдийнх нь буунуудыг ч бас өгөв. Хэсэг шуугианы дараа арай өвгөжөөр нэгэн хүн бүгдийг уриалан –За нөхдөө бидний Болдоо маань эсэн мэнд буцаж ирсэн байна. Бас Болдоотой минь цуг явцгааж байгаа энэ буянтай хүмүүс өлсөж цангаж байгаа нь тодорхой. Тиймээс хоол ундаараа дайлцгаая. Хэдүүлээ буцаад байшингууд руугаа явцгаая гэж хэлэхэд л бужигнасан олон хүмүүс тарцгааж эхэллээ. Тус тусын байшинд ихэнх хүмүүс ороход голын байшинд харин Болдоо гэрийнхэнтэйгээ бас бусад хүмүүстэйгээ орцгоолоо. Нэг их удалгүй л модон том ширээн дээр ангийн мах, бусад идэх уух зүйлүүд дүүрснийг харахад суурингийн хүмүүс хамаг байдгаа гаргаж дайлж байгаа нь тодорхой байв. Ойрын хэд хоног олигтой хоол унд идээгүй хүмүүс хоол унднаас тааваараа идэцгээн халууцсандаа гадуур зузаан хувцаснуудаа тайлан зарим нь бүр орон дээр хэвтэн тухлаад өгцгөөв. Орон дээр хэвтсэнээс нэг их удалгүй Даваа Тулгаа хоёр цатгалан гэдэс, халуун пийшингийн аагинд автан гүн нойрондоо дугжирч эхэлжээ. Болдоогийн эхнэр охин хоёр ч тэднийг тайван амарцгааг гэж бодон гарах хаалга руу чиглэхэд Болдоо ч бас хамт гарчээ. Гэрт харин одоо Баяраа, Тэмүүлэн, Тулгаа, Хулан, Даваа нар л үлдсэн байв. Тэ нэг мэдэхэд бүгд унтчихсан,  хэдэн цаг унтсаныгаа ч  мэдсэнгүй, нэг мэдэхэд харанхуй болсон байлаа. Хэн нэгэн нь галд түлээ түлш нэмэн байшинг халуун байлгаж байсан бололтой. Хаалга аажуухан онгойн Болдоо орж ирээд –Нөхдөө сайхан амарцгаав уу. Бид нарт хэлэлцэх чухал асуудал байна. Юу вэ гэхлээр бидний гэр орныг булаасан дээрэмчдийг сэхээ авахаас өмнө түрүүлж цохилт өгч устгая гэж бид ярилцаад байна л даа. Та нар бидэнтэй нэгдсэнээр бидний хүч тэд нартай тэнцүүхэн болж ирж байгаа юм. Бас та хэдийг буу зэвсгэндээ ямар сайн болохыг чинь би мэднэ гэхэд Баяраа орноосоо өндийн –Болж байнаа. Бид нар тусалж чадна. Гэхдээ дээрэмчид ч бас сайн зэвсэглэсэн учраас бид төлөвлөгөөгөө нарийн гаргах хэрэгтэй. Тэгвэл хохирол багатай тэднийг дарж чадна гэж хэлэв. Тэд лааны гэрэлд нэг байшиндаа цугларцгаан хориод эрчүүд оройжингоо дээрэмчдийг яаж устгах талаар хэлэлцэн маргалджээ. Эцсийн шийдвэр нь дээрэмчид рүү маргааш шөнө нь дайрахаар шийдэцгээлээ. Маргааш нь өдөр тийшээгээ зэвсэг буу барьж чадахгүй хөгшид, хүүхэд эмэгтэйчүүдтэй цуг гурван залууг үлдээн машинууддаа бусад нь сууцгаан хөдөллөө. Дээрэмчид рүү ойртон очиж байх үедээ уулын наана тэдэнд харагдахгүй газар машинуудаа зогсоон дурангаар амралтын газрыг ажиглацгаалаа. Гансүх байхгүй болохоор дээрэчдийн сахилга бат суларсан бололтой байв. Харуулд гарч байгаа хүмүүс харагдсангүй. Бас хэн нь бусдыгаа удирдах тал дээр хэрэлдэцгээж байгаа бололтой чимээ алсаас тод сонсогдох аж. Тэдний нүдэнд дээр хэд хэдэн зодоон ч бас гараад амжжээ. Яг үнэндээ Гансүх эргэж ирээгүй эхний өдрөө л тэд хоорондоо эрх мэдэл, хүнс, зэвсгийн нөөцөө булаацалдаад амжжээ. Олон газрын хулгайч, алуурчин, хулигаанууд цугларсан газар ингэх нь ч аргагүй байлаа. Харин амралтын газарт байгаа бусад энгийн хүмүүс энэ бүх үймээнээс айцгаан тэдний нүдэнд нь өртөхгүйг хичээн нэг дор байшиндаа бүгцгээжээ. Тэр хүмүүс нь арав ч хүрэхгүй цөөхөн ихэнх нь ахимаг насны хүмүүс байлаа. Баяраагийн ажигласнаар дээрэмчид тооны хувьд хориод л эрчүүд байв. Хүн хүчний хувьд хоёр тал онцын зөрөө байсангүй. Дээрэмчид таван байшинд, энгийн хүмүүс нэг байшинд байгааг ажиглажээ. Баяраа хүмүүстэйгээ ярилцаад аюул багатайгаар нь шөнө унтсан хойно нь амралтын газарт нэвтрэн байшин тус бүрийг дөрөв таван хүн нуугдаж бүслэн гарч ирснийг нь устгая гэж ярьцгаав. Тэдний хүлээсэн шөнө ч болж дээрэмчид байшин руугаа орцгоон цагийн дараа гэхэд гэрэлтэй байшин үлдсэнгүй. Бүгд чимээ гаргахгүйг хичээн шөнийн харанхуйг далимдуулан тус тусын хариуцсан байшингууд руугаа очлоо. Гэхдээ хавирган сарны гэрэлд цаст цагаан тал хангалттай саруулхан харагдана. Баяраа Тулгаатай цуг энгийн хүмүүсийн байшин руу ойртон очиход гаднаас нь түгжсэн байв. Цоожийг нь хөшиж онгойлгохоор оролдож байтал бага зэрэг чимээ гарсан бололтой. Хажуугийн байшингийн хаалга онгойн дотроос нь –Яах гээд чимээ гаргаад байгаа амьсгаанууд вэ гэсээр цоожтой байшин руу цээж нүцгэн нэгэн булиа эр буугаа барьсаар ойртож ирлээ. Баяраа Тулгаа хоёр амжиж шатны цаагуур орж нуугджээ. Булиа эр тавцан дээр гарч зогсоод хаалгыг өшигчин –Дахиад чимээ гаргавал хаалгыг чинь онгойлгож ороод алаад хаячихна шүү гэж заналхийлснээ эргэн хараад зогтусав. Өөдөөс нь Баяраа тавцан дээр гараад ирчихсэн зогсож байжээ. –Шөнийн мэнд гэж хэлэнгүүтээ ангийн хутгаараа хоолойг нь гүн гэгч хэрчиж орхив. Хоолойноос нь цус садран асгарч булиа эр хяхтнан дуугарч гараараа Баярааг барих гэж оролдоход цаадах нь гарнаас нь бултан зайлав. Булиа эр ч хэд алхсанаа тавцан дээрээс цасан дээр пидхийн ойчив. Энэ чимээнээр байшин дотроос –Юу болоод байнаа гэсээр дахин нэг хүн гарч ирсэн боловч араас нь Болдоогийн нэг хүн хоолойгоор нь гинжээр оосорлон хойш нь татан унагав. Гинжнээс мултрах гэж оролдох эрийг дахин нэг хүн гэдэс рүү нь хэд хэд хүчтэй хутгаар бүлэхэд нөгөөх нь хөдөлгөөнгүй болжээ. Онгорхой байшингууд руу таван эр чимээгүй орцгооход бусад гурван хүн тус тусын орон дээр унтацгааж байжээ. Гурван эр ч унтаагаараа нөнөө ертөнцөд одоцгоожээ. Энэ хооронд цоожлохоо мартсан байсан өөр нэг байшин руу Болдоогийн хүмүүс нэвтрэхэд байшин дотор ширүүн ноцолдоон болцгоож, дээрэмчид орилох чимээнээр бусад байшин дахь дээрэмчид ч сэрцгээжээ. Энд тэндхийн байшингаас буу зэвсгүүдээ агссан эрчүүд гүйлдэн гарах боловч отолтонд орон буудуулж үхэцгээсээр байлаа. Ингэсээр нэг цагийн дараа гэхэд ганцхан байшинд л хэдхэн дээрэмчин үлдэцгээжээ. Тэд нар байшингаасаа гарсангүй, бас хаалгаа дотроос нь цоожилчихсон, Болдоогийн хэд хэдэн хүнийг буудан унагасан байжээ. Цонхоороо хориглон буудалцах дээрэмчид бараг гучин минутын турш тэд нартай байлдав. Болдоо Баяраа дээр ирэн –Одоо яах вэ, манай зургаан хүнийг алчихлаа гэхэд Баяраа –Байшинг шатаая гэж хэлэв. Болдоо ч бусад хүмүүстээ хэлсэн болохоор нэг нэг галт бамбар асаан бууны галын хамгаалалтан доор байшингууд руу хагархай цонхоор шидэлж өглөө. Байшин дотор ч удалгүй гал дүрэлзэн асч битүү хар утаа цонхоор нь уугиж эхлэхэд дээрэмчид аргагүй эрхэнд угаартаж үхэхгүйн тулд цонхоороо, хаалгаараа гараа өргөн ханиалдсаар гарч ирцгээсэн боловч тэдэнд өршөөл үзүүлсэнгүй, газар дээр нь буудан хороожээ. Амралтын газарт нэг байшин шөнийн турш галд дүрэлзсээр үүрээр шатаж дуусчээ. Тэдний гаргасан буун дуунууд, болон гэрлийг холоос харцгаасан цөөн хэдэн зомбинууд шөнийн турш амралтын газар руу цувсан болохлоор Болдоогийн хүмүүс шөнө цурам хийсэнгүй ажилтай хонов. Өөрсдийн хоригдож байсан хүмүүсийг ч шөнөдөө сулласан бөгөөд нөгөө хэд нь эрх чөлөөтэй болон дарлалаас мултарсандаа хагартлаа баярлацгаажээ. Өглөө нар мандсаны дараа дээрэмчдийн цогцоснуудыг цуглуулан хол газар руу машины тэвшин дээр зөөн нэг доор овоолж байгаад шатааж орхижээ. Өөрсдийн амь үрэгдсэн хүмүүсийг харин хүндэтгэлтэйгээр тэр өдөртөө оршуулжээ. Зарим нь буцан холгүй орших суурингаас үлдсэн хүмүүсээ ч авчирсан байна. Хэд хоногийн дараа Баяраа хот руу буцах уу байх уу гэж шийдэж ядахад нь Болдоо эхнэртэйгээ цуг ятгасаар тэднийг үлдээхээр болжээ. Ийнхүү тэд цугтаа урьдны адил сонор сэрэмжээ алдалгүй амьдарцгааж эхлэв. Олны хүч оломгүй далай гэгчээр байр байшин, машин техникээ сайжруулцгаан, өөрсдийн гэсэн мал аж ахуйтай ч болсон байна. Хаврын урь орох үед тэд бүр хуучин уламжлалаа сэргээн цагаан сар ч хийцгээжээ. Идээ будаа зассан ширээний ард хамгийн ахмад настайгаар нь Самдан гуайг суулган бүгд золгоцгоожээ. Энэ цагаан сар маш дурсамжтай байсан болохоор олон жилийн дараа ч энд амьдарч байсан хүмүүс байнга дурсан ярьцгаадаг байв. Харин хавар болон цас мөс хайлсны дараа хаврын хуурай улирал эхлэхэд тэр хавиар тэнэх зомбинуудын тоо ч эрс цөөрчээ. Баяраа нэг өдөр Даваатай юм ярьж байснаа –Чи анзаарсан уу, сүүлийн долоо хоног би нэг ч хөдөлж байгаа зомбины бараа харсангүй гэхэд Даваа толгой дохин зөвшөөрч –Би ч бас харсангүй. Энд нэг юм болоод байх шиг байна даа гэж хэлэв. Тэр хоёр ч тэр өдөртөө машинаа асаан ойр хавиар явж үзэхээр болжээ. Тав зургаан км-ийн цаанаас л бөөн бөөнөөрөө үхсэн зомбинуудтай тааралдаж эхлэв. Нэг газарт харин арай ядан хөдөлж байгаа ганц зомбины харалдаа машинаа зогсоон ойроос ажиглацгаалаа. Даваа харж байснаа баяртай хоолойгоор –Би ойлгочихлоо. Тэд хатаж үхэж байна. Шингэн дутсанаас үхэж байгаа юм байна. Одоо тархи нь ч гэсэн ямар ч ажиллагаагүй болоод бүрмөсөн үхэцгээж байна гээд бод доо Баяраа. Бид амар тайван амьдарч болох нь гээд баярласандаа байдгаараа тэнхээ мэдэн хашгирч гарав. Баяраа шууд шоконд орсон бололтой, газарт амаа ангалзуулан хэвтэх зомбиг харж байснаа тэсгэлгүй босон харайж –Бусаддаа дуулгая гэж машиндаа оронгоо хэлэв. Тэр хоёр ч хар хурдаараа гэрийн зүг давхиж бусад бүх хүмүүст хэлэхэд хязгааргүй баярлацгаажээ. Гэхдээ сар хэртэй аюулгүй байдлаа бодолцон харуул хамгаалалтаа бууруулсангүй. Бүх зомби үхэж дуустал дахиж халдвар авахгүйн тулд хүн бүр л дор бүрнээ сэрэмж алдахгүй байцгаажээ. 
2016 онд гарсан аймшигт тахлын улмаас нийт хүн төрөлхтний 99,7 хувь нь устаж, тэр хэрээр нийгэм, шинжлэх ухаан, эрүүл мэндийн салбарын хөгжил бараг зуун жилээр зогссон түүхтэй. Харин Баяраа болон түүний нөхдөд улс орноо дахин сэргээн босгох, амьд үлдсэн хүмүүсийг Монголын өргөн уудам нутгаар хайхад бараг хориод жил шаардагдсан юм. Тэдний хувьд шинээр бүрэлдэн тогтсон нийгмийн сайн сайхныг цогцлоохын тулд муу хүмүүсийг цаг алдалгүй устгасны хүчинд ямар нэгэн гэмт хэрэг Монгол оронд Баярааг амьд байхад нэг ч гараагүй билээ. Харин шинэ Монгол улсын хамгийн анхны бяцхан иргэнээр Тулгаа Хулан хоёроос гарсан охин тодорч, Даваа эх барьж авсан түүхтэй. 

                                                                         Төгсөв. 2014 он

Зохиолын тухай товчхон

За юуны өмнө надтай цуг гурван сар байж анхны зохиолыг маань шимтэн уншиж байсан бүх хүмүүстээ баярлалаа. Хориотой сайтдаа удаан хугацааны турш нийтэлж байсан Касперт мөн талархая. Нэг хэсгийг бичихэд 2-3 цаг зарцуулдаг байтал, уншиж байгаа хүмүүс маань нэг минутын дотор уншчихдаг байсан нь заримдаа шударга бус санагддаг байж билээ хэхэ. Хэрвээ ном болгож гаргасан бол лавтайяа 200-250 хуудастай ном болж их дориун зузаавтар ном гарах байсан байна лээ. Дахиж ойрдоо зомбитой сэдвээр би оролдохгүй байхаа. Дараагийн зохиолынхоо сэдвийг олчихсон байгаа бөгөөд бичихэд нэлээн судалгаа шаардагдах юм байна гэж бодоод байгаа. Энэ бас л ирээдүйн тухай байх болно. Харин энэ удаа жинхнээсээ ном гаргая гэж бодож байна. Энэ жилдээ багтааж гаргахыг хичээх болно.  Харин ямар уралдаан байх вэ гэдэг дээр саналаа өгөөрэй. Өөрийнхөө тухай товч танилцуулахад намайг Ц.Оюунбат гэдэг, инженер мэргэжилтэй, нэгэн хувийн байгууллагад ажилладаг. Ажлаасаа орой бууж ирчихээд зохиолоо нухдаг байсан учраас ингэж удсан хэрэг л дээ. Тэгэхээр хойшдоо олон ном зохиол гаргана гэсэн итгэл үнэмшил надад төрсөн учраас жинхэнэ нэрээрээ зохиолуудаа бичиж байх болноо. Эхний зохиолд маань үг үсэг, утга найруулгын чамгүй алдаа байсан байх. Мөн мэргэжлийн зохиолчдын хэлдгээр модон хэллэг ч бас зөндөө тааралдсан болов уу. Хойшдын зохиолууд маань энэ тал дээр улам сайжрах болно гэдгийг та бүгдэд баттайяа хэлье. “Амьд үлдэгсэд”-ийн тухайд гэвэл 2-р бүлэг дундаа явж байхад гурван бүлэгтэй дуусгая гэж би бодсон. Угаасаа ямарваа нэг юм хэмжээ нь хэтэрхээрээ утгаа алддаг тал бий. Тийм учраас төгсгөх цаг болжээ гэж л бодсон юм. Эцэст нь хэлэхэд намайг цаг үргэлж хурцалж зохиолыг минь тогтмол уншиж байсан та бүгдэд баярлалаа гэж чангаар хэлээд гүнээ хүндэтгэн мэхийн ёслоё.

2 comments:

“Цээнээ бид хоёр” өгүүллэг /шинэчлэн бичсэн/ Ц.Оюунбат

Алтан шар зам жирэлзэн өнгөрч тоосонд дарагдан хоцрох нь хүмүүн бид нарын амьдрал, дурсамж өнгөрсөнд үлдэхтэй эгээ л адил санагдана. Арха...