Monday, October 5, 2015

"Төгс бүтээл" өгүүллэг

Амьд гариг номонд багтсан зөгнөлт өгүүллэг

Өнөөдөр тэр босдог цагаасаа нэг минутын хойно бослоо. Хянах самбарын өмнө очоод, сүүлийн хэдэн цагт ямар нэгэн дохио илэрсэн эсэхийг харж зогсоно. Ноцтой зүйл илэрсэнгүй. Өмнө угтах замд сансрын хөлөгт саад учруулах солирын хэлтэрхийнүүд байхгүйг аюулаас хамгаалах системийн тооцоолол харуулна. Хамгийн сүүлд дөчин жилийн өмнө хөлөгт см-ийн диаметртай солирын хэлтэрхий ноцтой уршиг тарьсан боловч тэр засч чадсан. Задгай сансарт гараад, хөлгийн гадна хананы цуурсан хэсгийг гагнах үедээ яг тэр мөчид хөлгөөс хаягдвал юу болох бол бодож байж билээ. Мэдээж хэрэг, түүнд долоо хоног ажиллах цэнэг байсан учраас KOI-314C гаригийн хажууханд хаягдаад, уг гаригийн татах хүчинд автан, агаар мандалд нь орж шатах байсан биз. Харин хөлөг түүнгүйгээр гуч хоног ч байх боломжгүй, мөн л сүйрэх болно. Гэхдээ хориод хоног бол аяллаа хэвийн үргэлжлүүлэх л байсан.
            KOI-314C гариг руу ойртож, түүний даалгавар биелэх нь гэж бодож байтал уг гариг дээр амьдрал байх ямар ч шинж тэмдэг байхгүй, дундаж температур нь хэтэрхий халуун, иймээс ус, ургамал, хөрс байхгүй нь тодорхой болоход түүний урам маш ихээр хугарч билээ. Уг нь энэ гариг түүний аяллын эцсийн цэг, сүүлчийн найдвар байжээ. KOI-314C-г анх хүмүүс нээхдээ түүн дээр амьдрал байж магадгүй, мөн Дэлхийтэй төстэй гариг хэмээн шуугиж байсан нь хөлөг онгоцны мэдээллийн санд хадгалагдан үлджээ. Сүүлчийн цэг гэхийн учир нь онгоцны энерги энэ хүрээд өндөрлөх ёстой тооцооллыг эрдэмтдийн баг хийсэн байв. Харин олон арван жилийн аяллын хугацаанд хөлөг онгоц түлш, энергээ арай бага зарцуулдаг болсон тул одоо хүртэл аялал үргэлжилсээр буй нь энэ. Мэдээж хөлөг онгоц энэ бүгдийг хийгээгүй, харин тэр л өөрчилсөн. Тэрээр хөлгийн дотоод температур зохицуулагчийг аяллын замын тэн хагас өнгөрсөнөөс хойш зуун хувь ашиглахаа больжээ. Энэ нь хөлгийн түлш болон энергийн зарцуулалтыг багасгана гэж тооцоолсон нь эндүүрсэнгүй. KOI-314C гаригаас өмнө тэрээр гурван ч гаригаар дайрсан боловч эрдэмтдийн таамаглал буруу болох нь батлагдаж, амьдралын өчүүхэн ч шинж тэмдэг илрээгүй болно. KOI-314C гаригийн хажуугаар өнгөрөх үедээ тэр хөлгийн нислэгийн чиглэлийг зүүн тийш арван хэмээр хазайлган тохируулжээ. Угаасаа удирдамж бичлэгүүд энэ гариг хүртэл юу хийх, яах ёстойг нь тодорхой хэлж өгч байв. Харин KOI-314C гаригт амьдрал байхгүй бол цаашид яахыг зааварласан бичлэг байсангүй. Амьдрал бүхий гариг байвал юу хийх ёстойг зааварласан ганцхан л бичлэг түүнд бий. Энэ бичлэгийг тэр нээж үзээгүй л байгаа. Даалгавар биелсэн цагт л түүнийг нээх болно гэж бодсон юм. Тийм ч учраас тэр хөлгийн гариг, эрхсүүдийн орон зайн 3D зургийг ашиглан өөрийн таамгийг дэвшүүлж, KOI-314C гаригаас хорин сая гэрлийн жилийн зайд орших KOI-314F гариг руу хөлгийн чиглэлийг өөрчилжээ. Түүн рүү хөлөг хүрч очиход тун бага хугацаа үлдсэн байлаа.  
Түүний өөрийнх нь оноосон нэр Селэн. Түүнд энэ нэрийг бүтээгч нь өгсөн билээ. Бүтээгчийн царайг Селэн өчигдөр уулзсан юм шиг л тод санадаг. Бүх удирдамж бичлэгүүд дээр түүний бүтээгч буюу зааварлагчийн яриа бий. Бүтээгчийн нэрийг харин хэн гэдгийг тэр мэддэггүй юм. Мөрөө хүрсэн бор хүрэн арзгар үс, дугуй харааны шил, шилний цаанаас камерын дуран руу цоо ширтэх хар хүрэн нүд, цайвар шаргал арьс, өндөр хамар зэрэг нь түүнийг европ хүн гэдгийг илэрхийлнэ. Удирдамж бичлэг болгон дээр тэр тухайн цаг үеийн эрдэмтдийн өмсдөг байсан хоолой барьсан товчтой, захгүй, урт ханцуйтай, саарал цамц өмссөн байдаг. Түүнд зуугаад удирдамж бичлэг бий. Бичлэг болгон ондоо үүрэг даалгавартай. Жишээ нь нэг бичлэгэн дээр бүтээгч ингэж өгүүлсэн байх.
“Селэн сонсож бай даа. Аяллын туршид нэвтрүүлэгчийнхээ давтамжийг 35,175 Гега герцээс өөрчилж болохгүй. Харин хүлээн авагчийн давтамж 36,275 Гега герц байх ёстой. Бидэнд долоо хоног бүрийн Даваа гаригийн өглөөний арван цагаас видео, аудио, зурган мэдээлээ явуулж байх хэрэгтэй. Бид харин чам руу Пүрэв гаригийн өдрийн нэг цагт мэдээллээ явуулж байх болно” гэлээ. Селэн энэ бичлэгийг санангуутаа өчигдрийн арван цагт видео бичлэгээ илгээснээ бодов. Харин аяллын эхний тав дахь жилд хүлээн авагч найман антенны дөрөв нь солирт оногдсон учраас тэр Дэлхийгээс мэдээлэл авч чадахаа болиод уджээ. Түүний илгээсэн мэдээллүүдийг Дэлхий дээр хүлээн авч байгаа эсэхийг тэр үл мэднэ. Энэ тухай ч тэр нэгэн бичлэгтээ мэдэгдсэн. Мөн хүлээн авах антеннууд эвдэрсэн гэдгийг ч хэлсэн. Селэний хувьд долоо хоног бүр мэдээллээ яс явуулж байлаа. Видео мэдээллийг хоёр минутад багтаах ёстой учраас түүний мэдээ товч бөгөөд тодорхой хийгдэнэ.
Дэлгэцэн дээр өөрийгөө харахад мөрөө хүрсэн тайрмал хар үс, давхраатай том саарал нүд, нарийн урт хөмсөг, өөгүй цэвэрхэн шулуун хамар, дунд зэргийн ам, ягаавтар уруул, цагаан царайтай, гучаад насны бүсгүй харагдана. Бичлэгээ хийхийн өмнө тэр түр амралтын өрөөнд орон эхлүүлэх товчийг дарангуут, түүний үс, нүүр, бие, хувцас зэргийг авто салон таван минутын дотор цэвэрлэдэг байв. Тиймээс ч тэр бичлэг болгон дээрээ царайлаг, гэрэл цацарсан харагдана. Түүнийг бүтээгч ямар бүсгүйгээс дүр зургийг нь авсан нь түүнд сонирхолтой санагддаг байв. Хүмүүсийн хандлага, амьдралыг үзэх үзэл зэрэг түүнд мэдэгдэх ойлголтуудаас авч үзвэл тэр тун царайлаг эмэгтэйд орохоор байжээ. Биеийн харьцаа нь ч тэр, дуу хоолой нь хүртэл нэг л эгэл бус эмэгтэйлэг юм. Хөлөг онгоцны мэдээллийн санд хүн төрөлхтөний барьж сүндэрлүүлсэн бүтээн байгуулалт, ёс заншил, дэлхийн ан амьтад, кино, дуу зэрэг хэдэн мянган мэдээлэл бий. Энэ бүх бичлэгийг тэр хэдэн мянган удаа үзчихсэн л дээ. Иймэрхүү мэдээллүүдийг яагаад хөлөг онгоцны мэдээлийн санд оруулсаныг мэдэхгүй ч, магадгүй бүтээгч нь түүнийг олон зуун жилийн туршид битгий уйдаасай гэж бодсон ч байж болох. Бүтээгчийн зөв ч байх. Селэн энэ бүх мэдээлэлд дэндүү дуртай. Түүнд өдөр бүр нэг цаг түр амрах л хангалттай. Бусад үед нь хөлөгт засвар хийх болон бусад яаралтай ажил гарахгүй л бол тэр энэ бүгдийг үзэж, судалж явжээ. Зарим хэрэгтэй гэсэн мэдээллүүдийг өөртөө хадгалж үлдээнэ. Гэхдээ бүгдийг хадгалах боломжгүй, түүний мэдээлийн сангийн хэмжээ мэдээж хягаартай. Мэдээллийн хэмжээ хадгалалтын ерэн хувьд хүрэхэд тэр зарим хэрэггүй мэдээллүүдээ устгадаг байв. Ингэхдээ магадгүй бүтээгчийн нэр, болон өөрийнхөө үүслийн эхэн үеийн талаарх мэдээллийг устгачихсан ч байж магадгүй.
Түүнийг Дэлхийгээс хөөрч байх үеийн мэдээлэл өөрийнх нь санаж байгаагаар онгоц хөөрөхөөс нэг цагийн өмнө бүтээгч түүн дээр ирсэнээс эхлэлтэй. Селэн сандал дээрээ бэхлэгдсэн байлаа. Бүтээгч түүн дээр ирээд,
“Селэн аялалдаа сайн яваарай. Чамтай би сүүлчийн удаа уулзаж байгаа нь энэ. Би бол чамайг бүтээсэн хүн. Тиймээс хамгийн хайртай бүтээлээ алс хол, хүний төсөөлж ч чадахааргүй орон зай руу явуулж байгаадаа би итгэж чадахгүй нь. Гэхдээ амьд байх хугацаандаа чамтай байнга холбоотой байх болно. Нэг юм захихад бүх зүйлийг удирдамж, дүрмийн дагуу хийж байгаарай. Миний чамд зориулж бэлдсэн зуун таван удирдамж бичлэг бий. Зөвхөн нэгийг нь л зорьсон газраа очсон хойно нээж үзээрэй. Нууц үг нь Шинэ ирээдүй”. Бусад нь бол аяллын туршид чамд зөвлөгөө өгөх заавар юм. Баяртай” гэчихээд гараас нь атгажээ. Тэрхэн үед Селэн бүтээгчийн судасны цохилт, биеийн дулаанаар хэр их догдолсоныг нь ойлгожээ. Селэн хариуд нь зөвхөн “Баяртай. Дараа уулзъя” гэж өмнө нь хэлдэг шигээ л хэлж билээ. Мэдээж тэр бол бүтээгчтэй хийсэн сүүлчийн уулзалт.
Бүтээгч эгэл жирийн хүн байсан учир одоогоос дөрвөн зуун тавь орчим жилийн өмнө нас барсан байх ёстой. Селэн Дэлхийгээс хөөрөөд таван зуун хорин жил нэг сар гурван өдөр болж байна. Энэ хугацаанд түүний хөлөг хоёр зуун арван триллион км зайг туулаад байв. Нарны аймгаас гарч Лира одны ордонд хөлөг аяллаа үргэлжлүүлсээр байлаа. Селэнийг Дэлхийгээс хөөрөх эрин үед хүнийг ийм хол зайд аялуулах боломжгүй байсан тул Селэн хэмээх кибер роботыг явуулсан нь тодорхой. Бүтээгч харин Селэний гадаад төрхийг өөрийнхөөрөө хийнэ гэж зөрүүдэлсээр эмэгтэй хүн болгосон бололтой. Яг ч эмэгтэй биш л дээ. Тухайлбал, Селэний биеийн хийц материалаас шалтгаалж түүний жин зуун тавин кг татна. Уг нь гаднаас нь харахад тавин кг жинтэй л гэж бодохоор ажээ. Мөн түүнд идэх, уух, унтах, бие засах шаардлага үгүй. Харин Селэн бусад киборг роботуудаасаа гайхалтай өндөр сэтгэхүй, IQ-раа ялгарч байжээ. Магадгүй бүтээгч түүнд хамаг ур ухаан, авъяасаа гаргасан бололтой.
Хөлөг анхааруулах дохио өглөө. Улаан гэрлүүд асч унтран, түгшүүрийн дохио хөлөг онгоц даяар чанга дуулдав. Селэн сандралгүй аажуухан босч хянах самбар дээр хүрч очив. Түүний бодсончлон далан мянган км-ийн зайд хөлгийг нь чиглэн солирын хэлтэрхийнүүд айсуй нь 3D огторгуйн зурган дээр тодорхой харагдлаа. Үүнийг тойрохын тулд аяллын чиглэлээ түр зуур өөрчлөхөөс өөр аргагүй. Мөн хурдаа хасч болохгүй нь хэцүү сорилтуудын нэг байх болно. Учир нь хөлөг онгоц гучин хэмээр зүүн тийш хазайвал зуун тавин мянган км-ийн зайд орших асар том хийн гаригийн агаар мандалд татагдан орох бөгөөд хамгийн бат бөх материалаар хийгдсэн ч гэлээ, тус гаригийн хийн гадаргуу хөлөг онгоцонд аюул тарьж сүйрүүлж мэднэ. Ваакум орчинд ихэнх аяллаа өнгөрөөсөн учраас хөлөг онгоцны эд материалууд энэ олон зуун жилийн туршид элэгдээгүй билээ. Хөлгийн автомат тооцооллоор бол уг гариг нь жингээрээ Дэлхийгээс хоёр зуу дахин их юм. Тиймээс чиглэлийг зүүн тийш хориос дээш хэмээр эргүүлвэл хөлөг уг гаригийн татах хүчинд орох байлаа. Одоо нөгөө тал руу буюу хөлгийг баруун тийш гучин нэгэн хэмээр хазайлгавал Кеплэр-138 цагаан одой од руу даруй хорин мянган км-р ойртоно. Тэгвэл хөлгийн гадаргууд ирэх температур цельсийн гурван зуун хэмд хүрэх бөгөөд хөлгийн металл гадарга тэсвэрлэх ч дотоод температур хэт их болно. Ингэвэл хөлгийн удирдлагын хяналт болон Селэний өөрийнх нь биед гэмтэл учрах магадлалтай.
Аль ч тийшээ хөлгийг эргүүлсэн аюултай байлаа. Харин бодох хугацаа тун богинохон. Ердөө л таван минут. Гэхдээ Селэнд энэ хугацаа хангалттай ажээ. Тэр секундэд хоёр сая үйлдлийг тооцоолон бодох чадвартай учраас минутын дараа л нэг шийдэлд хүрэв. Өөрөөр хэлбэл энэ бүх хугацаанд боловсруулагдсан зуугаад сая нөхцлийн дундаас хамгийн шилдэгийг нь хэрэглэхээр шийджээ. Тэр эхлээд хөлгийн автомат удирдлагыг салган, гар удирдлагын горимд шилжүүлэв. Дараа нь хөлгийн дотоод температур зохицуулагчийг асаалаа. Өмнө нь хэлсэнчлэн хөлгийн температур зохицуулагчийг бүрэн хэрэглэхгүйгээр маш олон жил болсон байв. Гэхдээ Селэнд үүнийг асааж азаа үзэхээс өөр арга үнэндээ байсангүй. Түнийг асаавал, Кеплэр-138 цагаан одой од руу ойртоход хөлгийн дотоод температурыг цельсийн зуун градус хүртэл бууруулах боломжтой. Харин ийм температурт хөлөг ч, Селэн ч хэвийн ажиллана.
Температур зохицуулагчийг асаахад хүнгэнэсэн дуу гаран хөлгийн доторхыг сэрүүнээр үлээж эхлэв. Хоёр зуун жаран жил бүх хүчин чадлаараа ажиллаагүй гэхэд уг төхөөрөмж шинээрээ мэт хэвийн ажиллаж байлаа. Одоо Селэн хөлгийг баруун тийш гучин нэгэн хэмээр хазайлган, хөлгийн хурдыг 200 км/с-р нэмлээ. Хурдаа нэмэх болсон шалтгаан нь дөрвөн минутын дараа гэхэд Кеплер-138 одноос ирэх хамгийн халуун урсгалыг зүүн талд орших асар том хийн гаригийн дагуул жижиг сарны харалдаа өнгөрөөх зорилготой байжээ. Уг сарны харалдаа аль болох удаан явбал хөлөг болон Селэний ажиллагаа хэвийн байх болно. Энэ олон жил цуг аялсан болохоор ч тэр үү, Селэн хөлгийг гар залуураар удирдахдаа тун чадамгай болсон билээ. Одоо түүний гар жолоодлогын чадварыг үзэх цаг болжээ.
3D дэлгэцэн дээр өөдөөс ирэх солирын хэлтэрхийнүүдийн байршлыг харахад энэ хурдаараа явбал хамгийн захын зуун кг-ийн жинтэй солирын хэлтэрхий хөлөг хоёрын мөргөлдөх хугацаа хоёр секундээр зөрөх болно. Хэрэв уг зуун кг-ийн жинтэй солиртой мөргөлдвөл олон зуун жилийн туршилт, судалгаа шинжилгээний ажил секундыг мянга хуваасны нэгтэй тэнцэх агшинд хоромхон үзуур үгүй болох бөгөөд тэрхүү дэлбэрэлтээс үүсэх гэрэл дөнгөж зуугаад мянган км-ийн зайд орших гариг дээр л хоёрхон секундын хугацаанд ажиглагдана. Энэ бүхнийг тооцоолсон Селэн гар залуурыг чанга гэгч атган дэлгэцийг нүд салгахгүй ширтэнэ. Гурван минутын хугацаанд бүх зүйл тооцоолсоны дагуу хэвийн болж байв.
Гурван минут арван секунд өнгөрсөний дараа урьд нь тооцоолоогүй зүйл гарч ирлээ. Хамгийн захын зуун кг-ийн жинтэй солироос дөнгөж нэг метрийн зайд нэг граммын жинтэй солирын тоосонцор гэнэт дэлгэцэн дээр гарч ирэв. Хөлгийн 3D огторгуйн зураг тооцооллоо дутуу хийжээ. Тавин секундын дараа уг тоосонцор хөлгийн их биетэй мөргөлдөнө. Энэ нь асар том нүх үүсгэх бөгөөд мөн л хөлгийг сүйрүүлнэ. Селэн энэ удаа таван секундын дараа шийдвэрээ гарган, хөлгийн хурдыг дахин 100 км/с-ээр нэмлээ. Энэ нь хөлгийн их биеийг солирын тоосонцортой мөргөлдөхөөс зайлуулж чадах боловч хөлгийн нэг антенн заавал ч үгүй оногдох ёстой байв. Үүнээс өөр зам байсангүй.
Дөчөөд секундын дараа хөлгийн нэг нэвтрүүлэгч антенн солирын тоосонцорт оногдон, ажилгүй болж байгаа нь хяналтын дэлгэцэнд тодорхой болов. Хөлөгт мэдэгдэхүйц чичирхийлэл мэдрэгдэн, гар залуур хүртэл доргин салганана. Хөлгийн дотоод температур нэмэх зуун таван цельсийн градус хүрсэн ч хөлөг гаригийн дагуул сарны доор халхлагдан орсон учраас температур аажмаар буун ерэн градус руу дөхөв. Солирын урсгалыг өнгөрсөн учраас Селэн хөлгийн хурдыг аажим аажмаар буулган урьдны хурдтай болголоо. Сарны хажуугаар хорин секунд ниссэний эцэст Селэн хөлгийг зүүн тийш хазайлгаж урьдны чиглэлд оруулан, гар залуураа автомат удирдлага руу шилжүүллээ. Аюул ард хоцорчээ. Хөлгийн температур ч урьдын адил хэвийн горимд оров.
Хөлгийн дотоод температур зохицуулагчийн жаран хувийг унтраав. Хөлгийн энергийн түвшинг харахад дөнгөж хоёр хувийг заах аж. Өмнө нь гурван хувийг зааж байснаа саяхан огцом нэмсэн хурд, температурын өөрчлөлтөөс шалтгаалан энергээ огцом алджээ. Селэн бусад үзүүлэлтүүд, дохиог шалгаж дуусаад, нэгэн бичлэг үзэхээр сонгож тавив. Бүтээгчийн бас нэгэн удирдамж юм.
“Селэн, аяллын явцад хийж болох ба болохгүйг заасан олон дүрмүүд бий. Харин тэдгээр дүрмийг эвдэж болох ганц тохиолдол бол хөлөг онгоц болон чиний хэвийн үйл ажиллагаанд доголдол учруулах, сүйрэлд хүргэх үр дагавар бий болвол тэдгээр дүрмийг март. Тийм тохиолдол илэрвэл чи бүх удирдлагыг гартаа аван, шийдвэр гаргах эрхтэй. “Шинэ ирээдүй” төсөл бол хүн төрөлхтөний урдаа тавьсан хамгийн том зорилт. Дэлхийн амьдрал хэзээ нэгэн цагт устах нь тодорхой. Одоогоос мянган жил, хоёр мянган жилийн дараа ч байж болно. Тэр үе болохоос өмнө хүн төрөлхтөний ирээдүйг аврах, өөр гариг руу нүүхийн тулд бид шинэ гариг нээх хэрэгтэй болсон. Иймээс л бид чамайг, бас энэ хөлгийг бүтээсэн юм. Энэ төслийн хамгийн чухал хэсэг бол Селэн чи болон хөлөг онгоц чинь. Тиймээс аюулгүй байдлаа хамгийн түрүүнд сахиж яваарай” гээд бичлэг дуусчээ.
Селэн саяын хийсэн үйлдлүүдээ эргэн бодоход тэр хэд хэдэн дүрмийг зөрчсөн нь үнэн. Гэхдээ хөлгийн болон өөрийнхөө аюулгүй байдлыг бодолцсондоо тэр. Тэгэхээр түүний зөв байжээ. Бүтээгчийн удирдамж бичлэгүүдийг байнга үзэж байх нь түүний санах ойд чухал нөлөө үзүүлдэг. Олон зуун жил байнга бичлэгүүдийг үзсэний хүчээр л тэр хөлгийн болон өөрийн аюулгүй байдлыг үргэлж хангасаар иржээ. Одоо ойрын хоёр зуун мянган км зайд чөлөөтэй буюу хоосон орон зай угтана. Тэгэхээр Селэн түр амралтын бүхээгт орон, өөрийгөө нэг цагийн турш цэнэглэв. Энэ үед тэрээр гадаад орчноо зуун хувь мэдэрдэггүй бөгөөд ноцтой дохио илэрсэн үед л сэргэхээс биш, амралтын горимд шилждэг ажээ.
Селэн босох ёстой цагаасаа таван минтуын дараа сэргэв. Түүний цэнэг бүрэн авах чадвар сүүлийн өдрүүдэд огцом муудаж байна. Тэр ажиллах хугацаанаасаа хэтрээд даруй хорин жил өнгөрсөн нь ч нөлөөлсөн байх. KOI-314F гариг руу хөлөг очиход ердөө таван хоног л үлджээ. Харин хөлгийн энергийн хэмжээ 1,8 хувийг заах аж. Нэгээс доош хувь руу орвол хөлөг гариг дээр газардаж чадахгүй. Бас Дэлхий рүү дахин мэдээ дамжуулж чадахгүй байдалд орно. Нэг нэвтрүүлэгч антенн эвдэрсэн боловч үлдсэн антеннууд дүрст мэдээг хэвийн дамжуулж чадна. Харин долгионы хурд бага зэрэг удаашрах муу талтай байлаа. Хэрэв дөрвөн антеннтайгаар мэдээллээ дамжуулсан бол дэлхий дээр түүний мэдээ очихдоо одоогийн хүрч очих ёстой хугацаанаас хорин жилийн өмнө очих байв. Харин одоо гурван антеннаар дамжуулахаас өөр арга байхгүй.                   
Селэн хөлөг онгоцны систем, дохиоллыг нарийн шалгалаа. KOI-314F гаригийн талаар нарийн мэдээлэл хөлөг онгоцны 3D огторгуйн зурагт бага багаар нэмэгдсээр байв. Уг гаригийн гадаргын тавин хувь шингэн төлөвт оршдог юм байна. Агаар мандал болон давхаргуудтай юм. Цаг минут өнгөрөх тусам Селэний өмнөх дэлгэцэн дээр нэмэлт мэдээллүүд гарч ирсээр байв. Агаар мандлынх нь 76 хувь азот, 22 хувь хүчилтөрөгч. Дэлхийнхтэй тун ойролцоо. Гадарга дээр шингэн төлөвт байгаа бодис бол ус. Идэвхтэй галт уулуудтай. Гадаргын дундаж температур цельсийн дөчин градус. Хуурай газар гүн ногоон ой мод, хөвч ширэнгэ, гол, нуураар бүрхэгджээ.
Амьдралтай гариг гэдэг нь цаг минут өнгөрөх тусам тодорхой болж эхэллээ. Селэний хувьд хурдхан шиг гадарга дээр хөлөгтэйгээ бууж, сүүлийн удирдамж бичлэгийг үзэхийг яарч байлаа. Гэхдээ ийм урт хугацааны аяллыг хоромхон зуурын алдаагаар сүйрүүлэхийг ч бас хүссэнгүй. Тиймээс хөлөг онгоцны хурдыг аажим аажмаар багасган гаригийн тойрог замд ороход бэлдэж эхэллээ.
Хөлөг гариг дээр газардах өдөр, цаг иржээ. Гаригийн агаар мандал руу ороход хөлөг асар их доргилтыг мэдрэн, Селэн өөрийгөө сандал дээр бэхлэж, удирдлагыг гар удирдлага руу шилжүүллээ. Газардах бэлтгэлийг тэр маш олон удаа хийсэн. Одоо л түүнийгээ хэрэгжүүлэх болно. Эхлээд түүний нүдэнд хөх өнгөтэй далай харагдав. Дараа нь гаригийн талыг бүрхсэн тив харагдав. Хяналтын дэлгэц дээр буух тохиромжтой байрлал, координатыг хөлөг онгоц автоматаар боловсруулан гаргана. Нэгдүгээр хувилбар шовх хаднуудын дунд байв. Хөлөг хадны орой мөргөж сүйрч магадгүй тул тэр хувилбарыг Селэн арилгав. Дараагийн хувилбар маш өндөр моднууд бүхий ширэнгэн ойн дундах цоорхой тэгш газар байв. Селэн түүнийг сонгон хөлгөө чиглүүлэв. Уул шиг том моднуудын дундуур түүний хөлөг аажуухан доошлох нь асар том байгууламжийн дундуур өчүүхэн шавж нисэх мэт санагдана. Моднуудын орой хэсэгт байрлах асар том навчин дээр ч түүний хөлөг газардаж чадахаар юм шиг. Модны диаметр нэг км хүртэл үргэлжлэх нь сүрдмээр харагдана. Тэнгэр баганадсан моднуудын хажуугаар доошлох тусам Кеплэр-138 цагаан одой одноос ирэх гэрлийн хэмжээ бүдгэрэн харанхуйлж ирэв. Нэг минутын дараа хөлөг тэгшхэн цулгай хөрстэй газар буулаа. Нарны гэрэл сайн нэвтэрдэггүй бололтой, энэ нам доор газар ургамал, мод бараг байхгүй юм.
Хөлөг эгц доош аажуухан газардсанаас дөнгөж хорин секундын дараа Селэн хаалгыг онгойлгон буув. Газарт метрийн өндрөөс үсрэн буухад түүний хөл доорх хөрс доошоо арван см орчим хөлийнх нь мөрийн дагуу хонхойв. Эргэн тойрныг ажиглан хэсэг зогслоо. Эгц дээш харахад Кеплэр-138 од маш өндөр моднууд, навчсуудынх нь завсраар харагдана. Харин энд дундаж температур цельсийн хасах арван хэмийг зааж байв Хөрсний дээжээс шинжлэхэд хорхой шавжнуудын ялгадас, сэг байгаа нь мэдэгдэнэ. Түүнд удаан судлах цаг хугацаа үлдээгүй.
Селэн яаравчлан буцаж орлоо. Сүүлийн бичлэгийг нээгээд, нууц үг хүсэхэд нь “Шинэ ирээдүй” хэмээхэд бичлэг гарч эхэллээ. Бүтээгч маш баяртайгаар инээмсэглэх бөгөөд,
“Селэн чамайг чадна гэж би мэдсэн юм аа. Яагаад гэвэл энэ бичлэгийг үзэх тэр мөчид чи заавал ч үгүй амьдралтай гариг нээсэн байх учиртай. Чамайг би тэгж л програмчилсан. Одоо өөрийгөө дахин нэг танилцуулъя. Намайг Эйс гэдэг. Би бол чиний нөхөр. Яг ч чиний биш л дээ. Селэн миний эхнэр байсан юм. Тэр таван жилийн өмнө нисэх онгоцонд сууж яваад осолдож амь үрэгдсэн. Харин би чамайг бүтээхдээ яг л түүний амьд байх үеийн гадаад төрх, дуу хоолойг оруулж өгсөн. Ой ухаанд чинь би нууцлагдмал байдлаар түүнийхээ тархины нэгээхэн дурсамжийг оруулж өгсөн байгаа. Энэ бичлэгийг үзэж дууссаны дараа тэр бичил дурсамж ой ухаанд чинь задрах болно. Селэн чи миний амьдралдаа дурлаж байсан цорын ганц бүсгүйн дүр төрх, бас хамгийн агуу төгс бүтээл минь юм шүү. Чамайг даалгавраа амжилттай дуусган, эх Дэлхий рүү сүүлчийн мэдээллээ илгээнэ гэдэгт би итгэлтэй байна” гэж хэлээд Эйс гараа уруулдаа хүргэн үнсэх дүр үзүүлээд камер руу үлээв. Дараа нь мэхийн ёслоод бичлэг дуусчээ.
Түүний ой дурсамжид Дэлхий дээр Эйстэй цуг далайн эргээр зугаалж байгаа хэсэг тодрон гарч ирэв. Үдшийн харанхуй нөмөрсөн байх бөгөөд тэнгэрт түгсэн түм буман одод руу Эйс оддын дурангаар харж байснаа дээш хуруугаараа заан,
“Селэн, тэр бүдэгхэн одыг харж байна уу. Би дурангаа чиглүүлчихсэн байгаа. Тэнд Кеплэр-138 гэсэн нар байдаг юм. Тэнд амьдралтай гариг бий. Би насаараа одон орон судалж байгаа ч, тэр гариг шиг төгс байрлалтай, амьдрал байх боломжтой өөр гариг мэдэхгүй юм. Хар даа” гэв.
Селэн дурсамжаасаа эргэн хөлөг дээр ирж,
“Эйс, би тэр гаригт очиж үзэх юмсан” гэж чангаар хэллээ. Тухайн үед Селэн амьд байх үедээ яг ингэж хэлж байжээ.
Хөлгийн энергийн түвшин 1,1 хувьтай болжээ. Одоо яаравчлахгүй бол сүүлчийн мэдээллээ илгээх энерги хөлөг онгоцонд байхгүй болно. Түүнтэй хамт Селэний амьдрах хугацаа ч бас дуусах болно.
Селэн бичлэг хийх товчийг дараад дэлгэцийн өмнө дараах зүйлийг хэлэв.

“Намайг Селэн гэдэг. Миний бүтээгч бол Эйс юм. Би яг одоо KOI-314F гариг дээр байна. Энэ гариг дэлхийгээс хоёр зуун арван гэрлийн жилийн зайд оршдог бөгөөд энд амьдрал байна. Хөлгөөс авсан гаригийн талаарх нэмэлт мэдээллийг нэгтгэн илгээе. Шинэ ирээдүй төсөл амжилттай хэрэгжиж дууслаа” гэж хэлээд бичлэг дуусгах командыг дарав. Дараа нь илгээх товчийг дарлаа. Түүний илгээсэн мэдээлэл Дэлхий дээр хэдэн жилийн дараа очихыг Селэн тухайн агшинд бас тооцоолж амжжээ. Хөлгийн энергийн хувь тэг болсон байв. Селэнд энэ үед дахин зургаан цаг шинэ гаригыг судлах хугацаа үлджээ. Дараа нь түүний хувьд мөнхийн анир чимээгүйн эрин үе эхлэх болно.

No comments:

Post a Comment

“Цээнээ бид хоёр” өгүүллэг /шинэчлэн бичсэн/ Ц.Оюунбат

Алтан шар зам жирэлзэн өнгөрч тоосонд дарагдан хоцрох нь хүмүүн бид нарын амьдрал, дурсамж өнгөрсөнд үлдэхтэй эгээ л адил санагдана. Арха...