Monday, October 5, 2015

"Алтны үнэр" өгүүллэг

Энэхүү өгүүллэг Амьд гариг номонд багтсан аймшиг, триллер төрлийн өгүүллэг болно.

Олон хоног сараар халуун дулаан гэр орны бараа хараагүй түүний уруул нь омголтон хатаж, шулуухан хэлэхэд адгуусны хоншоор шиг л болсон харагдана. Усны долгионд өөрийгөө тольдон хараaд, хааяа хааяа өөрөөсөө цочих шиг болдог байсан ч одоо бүр тоохоо больжээ. Голын урсгалын цэвэр тунгалаг гүехэн хэсгээр жижиг загас жараахай сүргээрээ сэлэн зугаалахдаа түүний арзайж даахиран хиртэж, урт ургасан үстэй толгойны сүүдрээс үргэн, хаа нэг тийшээ чавхдан одоцгооно. Гэрт нь өндөр настай эцэг, хар багаасаа суунги болсон газар дээрх ганц хайртай охин дүү нь түүнийг хүлээн буй. Гурван биеийг тэжээх гэсэндээ гэрт орж эм, гадаа гарч эр болно гэх шиг ямар ч ажлыг голохгүй хийсээр, түүний хувьд  8-р ангиа л чүү ай төгсөхчөөн болсон юм. Үнэндээ тийм нөхцөлд яаж ч үргэлжлүүлж сурах билээ дээ. Харин одоо бол тэр идэр залуу гэхэд бас чиг хөгшидхөөр гучин нас руу дөхөж явна.
Хоёр жилийн өмнө түүний хар багын сайн найз Сандагаа нь алтанд хамтран явах санал тавьсан юм. Тэр үед Бямбаа вагоноос цемент буулгадаг ачигчийн ажил хийдэг байв. Гэнэт л нэг өдөр Сандагаа түүнтэй уулзах гэж ирэхдээ ажлыг нь дуусахыг нэлээд хүлээжээ. Тэр өдөр вагон ихтэй байсныг ч хэлэх үү, ганцаараа шахуу хагас  вагон хирийн цемент буулгаад, ядарч үхэх шахсан амьтан нэг юм сулрав гэнэ. Ахлагчтайгаа уулзаж, өдрийн хөлс болох хорин мянган төгрөгөө гар дээрээ авчихаад, Сандагаатай цуг вагон ачиж буулгах хэсгээс хөлөө чирэх нь холгүй гарч явав. Бямбаагийн нуруу нь ууцаараа тасрах гэж буй аятай хөндүүрлэн өвдөж, өдөржин халуун наранд цементтэй ноцолдсон болохоор ч тэр үү, дээгүүрээ өмссөн зузаан цамцыг хөлс нь нэвтлэн цементтэй зууралдаад хатчихсан юм шиг санагдан, биеийг нь тавгүйтүүлнэ. Ядаж байхад хажуугаар нь цементний харшилтай болсон бололтой цээж, нуруу нь байж ядтал загатнуулах нь төвөгтэй.
“Анд минь дээ, чамайг харахлаар би бүр өрөвдөх юм. Яахаараа зарим нь борви бохисхийлгүй зовж хөдөлмөрлөн, талхныхаа мөнгийг олж байхад, нөгөө хэсэг нь зүгээр сууж байгаад л хэдэн саяар нь олоод, тансаг машин унан, хажуудаа сайхан хүүхэн суулгачихаад зугаалаад явдаг байна аа?” гэж Сандагаа үглэнэ.
            Энэ үед халуун хоол, зөөлөн орны тухай бодож явсан Бямбаа хэлснийг нь сайн анзаараагүй бололтой,
            “Сая юу гэсэн бэ?” гэхэд,
            “За юу ч гээгүй дээ. Дэмий шахуу юм. Ухаан санаа чинь шал өөр газар явж байх шив. Чи ямар ч байсан наад тамтаг болсон хувцсаа сольчих доо” гэв.
            Бямбаа ч чимээгүйхэн хувцас сольдог чингэлэг рүү орон, ажлын хувцсаа солиод гарч ирэв. Түүний халаасанд угаасаа хүнд хэрэгтэй юм бараг байгаагүй болохоор нэг гялгар уутанд хийгээд л орхисон байв. Халаасанд нь задгай тавин төгрөгнөөс өөр юу ч байсангүй. Харин өнөөдрийн мөнгөөрөө юу авч харихаа тэр аль өглөө эрт ирэхдээ л төлөвлөчихсөн байлаа. Юуны өмнө гэртээ хоёр кг гурил, нэг цувдай, хагас кг будаа гээд авахад л нилээд мөнгө нь явчихна. Харин үлдсэнээр нь хөгшин болсон эцэгтээ даралтны эм, ганц эмэгтэй дүүдээ ариун цэврийн хэрэгслийг нь авахад л түүний өнөөдрийн мөнгө дуусах юм. Харин маргаашийн хөлсөөрөө тогны мөнгөө төлнө. Нөгөөдрийн мөнгөөрөө гэснээ Бямбаа тэр талаар бодохыг хүссэнгүй. Зун болж байгаа нь сайн хэрэг, өвөл дөхчихвөл түлээ, нүүрс бэлдэх гээд л овоо мөнгө хэрэгтэй болно. Харин түүнд одоохондоо өнөө маргаашийн мөнгө л олдож байна. Уг нь настай эцгийнх нь тэтгэврийн мөнгө, дүүгийнх нь группын мөнгө сардаа хоёр өөр өдөр буух боловч тэр нь амьтан хүнээс зээлсэн өр шир, элдэв юманд яваад гарын салаагаар урссан юм шиг алга болох нь гачлантай. Тэгээд дараа нь дахиад л зээлнэ, дахиад л төлнө, дахиад зээлнэ. Ийм маягаар хэдэн жил ч амьдарсан юм бүү мэд. Амьдрал хүнд хатуурхахаа хүрвэл аймшигтай хатуу ханддаг гэдгийг л Бямбаа сайн ойлгосон. Бага байхад нь тэднийх учиргүй баян биш ч гэлээ, бусдаас доор орохооргүй амьдарцгаадаг байв. Дүү нь нэг л өдөр согтуу жолоочийн гайгаар осолд орон, үүрдийн суумгай болж билээ. Харин эх эцэг хоёр нь энэ ослоос болж муудалцан, хоёр тийшээ болоход хүүхдүүдээ эцэг нь авч үлдсэн юмсанж. Гэвч эх нь өөр хүнтэй суусан ч аз жаргалыг амссангүй, эрт нас барсан билээ. Бямбаа бага байсан болоод ч тэр үү, ээжийнхээ царайг бүүр түүрхэн л санадаг юм. Тэдний гэрт зураг хөрөг гэхээр юм байгаагүй болохоор ч тэр үү, сэтгэлдээ л дүр зургийг нь хадгалж үлдсэн нь тэр. Бямбаа харин гэр бүлээрээ идэж байсан үхрийн чанасан хавирганы махны амтыг хэзээ ч мартдагггүй. Зөөлөн, шинэхэн, шүүслэг тэр махыг чанасан гурил, төмс луувантай холиод гэдсээ дүүртэл идсэнээ санахдаа хааяахан шүлсээ гүд хийтэл залгидаг юм.
            “Юу бодоод байгаан бэ, найз минь. Хоёулаа ойрхон пабад орж, шар айраг уух уу?” гэж Сандагийг хэлэхэд,
            “Гэрт нөгөө хоёр маань хүлээж байгаа. Хоёулаа дараа болъё” гэж Бямбаа татгалзав. Үнэндээ тэр хөлсөө урсган зовж байж олсон мөнгөө тиймэрхүү дэмий зүйлд үрээд байдаггүй билээ. Үүгээрээ л тэр бусад цемент буулгагчдаас ялгардаг байв. Бусад нь ажлаа дуусчихаад ёс юм шиг нэгээс хоёр гожгор юм задлан, ихэнх тохиолдолд давардаг байтал түүний хувьд гэр рүүгээ яарахаа л урьтал болгоно.
            “За нэг их удахгүй дээ. Найз нь чамтай л ярилцах гэж хаа байсан хотын нөгөө захаас ирээд хоёр цаг хүлээж байхад чинь дээ. Мөнгөн дээр санаа зоволтгүй, би саяхан хөдөөнөөс олз омог ихтэй ирсэн. Чамайг дайламз” гэж Сандагаа хэлэв.
            Бямбаа нэрэлхсэн ч гэсэн түүнээ ил гаргасангүй, хоёулаа хотын төвийг чиглэн алхлаа. Удаан алхах ч хэрэг гарсангүй, гаднаас нь харахад үнэтэй байрын газар руу Сандаг түүнийг дагуулан оров. Эгнэн зогссон зөөгч нар тэднийг угтан авч, ядруухан хувцасласан, гар болон нүүрнээс нь цементийн үнсэн саарал өнгө туяарах Бямбааг харангуутаа, өндөр нуруутай дэгжин хувцасласан зөөгч тэдэнд хандан,
“Манай заал өнөөдөр захиалгатай байгаа” гэхэд  Сандагаагийн дургүй нь хүрсэн янзтай “Бид хоёр тусгай өрөөнд чинь орно оо” гэж хэлээд хажуугаар нь зүтгэн оров.
Хоол, уух юмаа захиалж авчруулсаны дараа Сандагаа түүнд хандан,
“За миний анд алийн болгон ингэж зовж явах вэ. Надтай цуг алтанд яв. Бид нар бригад болоод хөдөөгүүр явдаг юм. Хаа нэгэнтээ алт гарсан сургаар л бид нар давхиад очно шүү дээ. Би чамайг баян Боогийтойгоо танилцуулж өгье. Бид хэдийгээ бодвол цаадах чинь хөлөө олчихсон, дунд гарын баян л гэсэн үг. Бид нарыг машин тэрэг, багаж төхөөрөмжөөр хангадаг юм.”
“Би тэгээд аав дүү хоёроо орхичихоод хөдөө явна гэхээр тэр хоёрт минь хэцүү байх даа.”
“Дулааны улирлын хэдхэн сар л шүү дээ. Хавар газар гэсэхээр бид сохор номин болж, газрыг сэндийчиж эхэлнэ. Намар сэрүү орохоор хот руугаа буцна, олзоо хувааж аваад тарцгаадаг юм даа. Үнэнийг хэлэхэд саяхан нэг маань ажилд дахин явах боломжгүй болчихоод, түүний оронд чамайг аваад явчих санаатай л хэлж байгаа юм шүү дээ.”
“Юу ч гэсэн бодож үзье ээ.”
“Юуг нь боддог юм бэ? Түрүүн би чиний өдрийн хөлсийг харлаа. Өдөржингөө цемент буулгаж буулгаж, хорьхон мянган төгрөг авдаг гэвэл хүмүүсийн хөх инээд хүрэх байх шүү. Тэгээд ч чиний нас одоо хэд билээ. Би андуураагүй бол чи чинь энэ жил хорин наймтай байх аа. Үеийнхэн чинь эхнэр хүүхэдтэй болж, амьдрал зохиогоод төвхнөөд байхад чи бүр найз бүсгүй ч байхгүй шүү. Гэхдээ үнэнийг хэлэхэд яг одоо байгаагаар чинь хайрлах сайхан бүсгүй өнөөгийн нийгэмд олдохгүй л байх.”
“За чи өөрийгөө л хичээ. Чи ч бас над шиг ганц бие, гоонь эр биз дээ. Найз бүсгүйтэй байсныг чинь ер нь санахгүй л байна шүү.”
“Ха-ха, энэ бас тэгж байгаад хоржоон үгтэй золиг шүү. Би яахав дээ, баяжих нь баараггүй, томрох нь тодорхой хүн хэзээ ч гэр бүлтэй болсон оройтохгүй шүү дээ. Хааяа уулзаж наргидаг охид бүсгүйчүүд хэд хэдээрээ байж л байна. Тэдэнтэй уулзаж цэнгэн, үдшийг аятайхан өнгөрүүлэхийг л бодохоос биш, гэргийгээ болгоод авчих хүн одоогоор олдохгүй л юм.”
Тэр өдөр нэг иймэрхүү л яриа болжээ. Хоёр цаг шахуу тэнд суусны эцэст тэд гарахаар болоход Сандагаа зузаан түрийвч гаргаж ирэн, чамгүй их гарсан тооцоог бийлэгжүү загнан төлөхийг Бямбаа согтуу нүдээр гайхан харж суув. Гэртээ ирээд харин олон долоон юм ярьсангүй, шулуухан унтаад өгөв. Маргааш өглөө нь эртлэн босоод, ажилдаа явахыг завдан байтал, аав нь таягаа тулан өөдөөс нь харж зогсоод,
“Миний хүү өчигдөр хэнтэй уулзаа вэ?”
“Аан, Сандагаатай уулзсан юмаа.”
“Тэгээд цаадахаар чинь сонин юу байна даа?”
“Надад ажлын санал тавьсан. Цуг алтанд явъя гэнэ ээ. Өөрөө ч мөнгө хангалттай олдог юм шиг байна лээ.”
“Алт хар мөртэй л гэж ярьдаг юм даа миний хүү. Аав нь гэхдээ юугаа мэдэхэв. Хүүгээ өдөржин цемент зөөж, сульдаж унах шахсан амьтан ирэхийг чинь хараад өрөвдөх юм. Миний хүү өөрөө л мэд дээ. Аав нь дүүг чинь чадлаараа хараад  байж чадна.”
Ингээд тэр зундаа л Бямбаа Сандагаатай нийлж, алтанд явсан нь тэр. Харин намар болж нилээн сэрүү орсон хойно гэртээ эргэж ирэхдээ, амьдралдаа барьж үзээгүй их мөнгөтэй болж, түлээ түлш, өвлийн идэш, гэрийнхэндээ өвлийн зузаан хувцас аван, үлдсэн мөнгөөр нь хашаа байшингаа ч тордон янзалжээ. Их мөнгөний амтанд орсон Бямбаагийн хувьд дахиж цемент зөөнө гэвэл үстэй толгой нь арзайдаг болсоноос гадна, хөдөө хээрээр аялж явахдаа газар үзэх нь таалагддаг байв. Бригадынхаа хүмүүстэй ч дорхноо танилцан, найз нөхөд, зарим тохиолдолд хуурай ах дүү шиг л байдаг болжээ. Тэднийг Боогий даргалах бөгөөд хувийнхаа нэг том жип, бас нэг микрондоо суулган хаашаа явахаа шийддэг байв. Тэдний бригадад Бямбаа, Сандагаагаас гадна жолооч Цэнгэл, тогооч хүүхэн Нараа, Боогийгийн дүү болох саяхан шоронгоос суллагдсан Төмөрөө нар байх аж.
Энэ зун харин Боогийгийн товлосон газар нь Өвөрхангайн нэгэн сум билээ. Алтны нинжа нар уг суманд байх алттай газрыг хангалттай сэндийчин, уулыг дов болтол, талын хөрсийг эргүүлээд тавьчихсан юм шиг болгож ухсан ч гэлээ Боогийд нэг нууцхан сураг сонсогдсон аж. Тэр газар нь алтны нинжа нар болон томоохон компаниудын анхаарлыг татахаа больсон буйдхан нутаг болой. Боогий харин яаж сураг сонссоныг бусад нь мэдэхгүй.
Боогий ирээгүй хэд хонож байв. Уг нь олсон алтаа тушаах гээд төв суурин газар руу жолоочтойгоо явсан ч ирэх ёстой хугацаанаасаа тав хоногоор хэтэрчээ. Тэгээд ч тэдний хоол хүнсний нөөц барагдах тийшээ хандан, тогооч хүүхэн Нараа өдөрт хоёр хоол хийдгээ больж, оройхон тийшээгээ үглэсээр усан шөлтэй хоолорхуу юм хийдэг болов. Харин бусдынх нь хувьд алтны судал олсондоо улайрцгаан, нүхнээсээ гарахгүй шахам өглөөнөөс үдшийн бүрий хүртэл ажиллацгаана. Өчигдөрхөн Сандагаа Төмөрөөтэй муудалцан заамдалцаад авсан. Төмөрөөгийн гаргаж ирсэн шороог угаасны дараа боломжийн үнэ хүрэхээр алт гарч ирсэнд Төмөрөө нийтийн алт хадгалдаг цүнх рүү хийлгүй өөртөө авах гэхэд нь Сандагаагийн дургүй хүрч, түүнтэй хэрэлджээ. Тэр үед Бямбаа хэнийх нь ч талд орсонгүй дув дуугүй байв. Өнөөдөр харин алтны судлын хажууханд урсах жижиг голын усанд өөрийгөө тольдон суугаа нь энэ. Энэ хавийн нутгийг алтны хайгуулчид хангалттай ухаж төнхсөн учраас нутгийн малчдаас энд нутаглах нь ховор байлаа. Тиймдээ ч ойрын хэдэн километрт айл, суурингийн бараа битгий хэл, амьд амьтны бараа харагддаггүй билээ.  Харин олон жилийн туршид алтны нинжа нар бужигналдаж байсан энэ газар Боогий яагаад дахин ирэх болсныг өөрөөс нь өөр хэн ч мэдэхгүй.
            Бямбаа ус руу харан сууж байснаа гэнэт өлссөнөө мэдрэв. Гэвч хоол болох болоогүй. Нараа хоолоо хийчихээд тэднийг дууддаг л даа. Уг нь Боогий буцаж ирэхдээ сумын төвөөс нэмэлт хүнс, шатахуун авчрах ёстой. Гэвч түүнийг яагаад ирэхгүй байгааг төрсөн дүү нь ч мэдэхгүй байж байдаг. Үлдсэн машинаараа хойноос нь явъя гэтэл шатахуун хүрэхээргүй байв.
            “Хоолоо идээрэй” хэмээн Нараа бусдыгаа дуудах нь сонсогдлоо.
            “Ашгүй дээ” гэсээр Төмөрөө ухсан хонгилоосоо гарч ирж байгаа нь харагдав. Түүний араас Сандагаа гарч ирлээ.
            Бүгд хоолны тогоогоо тойрон сууж, Нараа өөрсдийнх нь аяганд хэрхэн хоол аягалж байгааг өлссөн нүдээр ширтэцгээнэ. Хамгийн түрүүнд хоолоо авсан Төмөрөө халбагаараа хэд самарч эргүүлсэнээ, чамлангуй байрын хоолойгоор,
            “За Нараа минь сүүлдээ ч чиний хоолноос мах олж идэх нь далай тэнгисээс жараахай шүүрдэх шиг хэцүү болж байна шүү. Баахан хятад төмс л байх шив дээ” гэхэд,
            “Бид бүгдийн хүнс дуусаад байгааг чи мэдэж л байгаа шүү дээ. Мэдсээр байж юунд ингэж байнга үглэж байдаг юм бэ? Эсвэл чи ахыгаа олоод ир л дээ. Бид хэдийг мартчихаад жаргалаа хөөгөөд алга болчихов уу, яав” гэж Нараа хатуухан хариуг нь барилаа.
            “Ингэхэд та нар дунд Боогий ахад санаа зовж байгаа хүн байна уу? Тав хоногийн өмнө ирэх ёстой байсан хүн одоо хүртэл ирэхгүй байгаа нь хачин биш байна гэж үү?” хэмээн Төмөрөөг хэлэхэд,
            “Уг нь ч санаа зовж байна л даа. Тэгэхдээ тэд хоёулаа явж байгаа юм чинь гайгүй байлгүй дээ. Машин тэрэг нь эвдэрсэн байх. Засуулчихаад ирэх байлгүй” гэж Сандагаа бувтнав.    

            ***Зургаа хоногийн өмнө***
            Боогий жолоочтойгоо сумын төв орохоор явж байлаа. Тэнд алтыг нь авдаг таньдаг хүмүүстэй билээ. Боогий гэхдээ овоо алттай явж байсан учраас граммыг нь арай ахиухан мөнгөөр авчих хүн байвал шууд өгөхөд бэлэн байв. Тиймдээ ч дотроо алтны ченжүүд тааралддаггүй юм байх даа хэмээн бодож явав.  Юу ч гэсэн нөгөө хүмүүстэйгээ уулзахаар танил болсон хашаа байшингийн гадаа ирж зогсов. Уг байшин сумын төвөөс таван км орчим зайтай. Машинаа зогсоогоод хаалгаа дэлгэн буухтай зэрэгцэн, эртний танил түнш Заяат байшингаас гарч ирлээ.
            “Сайн явцгааж байна уу. Олз омог арвинтай юу, Боогий? Ингээд нэг хүрээд ирдэг юм байжээ” гэж Заяат малилзан хэлэв.
            “Сайн явж байна аа. Сайн сууж байв уу Заяат аа? Бага зэрэг бизнесийн яриатай. Юу ч гэсэн дотогшоо ороодох уу хоёулаа” гэв.
            Жолооч нь гаднаа үлдэж тэр хоёр дотогшоо ороход, Заяатаас гадна гурван эр зочны өрөөнд нь сууж байв. Уг өрөө хааш хаашаа барагцаагаар таван метрийн урттай өргөн, цэлгэр өрөө юм. Өрөөний шаланд битүү хивс дэвссэн байх бөгөөд хананд том хавтгай ТВ-ээр аль нэг монгол сувгийн мэдээ гарна. Харин урт тансаг буйдангийн урдах ширээн дээр нэг шил виски, зууш, хоол тавьчихсан, хоёр залуу нь тамхи суунаглуулан байв. Тамхины цэнхэр утаа өрөөнд битүү хөшиг татсан мэт санагдуулж, эхүүн үнэр нь өрөөгөөр нэг таржээ. Танихгүй хүмүүс байгаад бага зэрэг эвгүйцсэн Боогий Заяатад хандан,
            “Хөгшөөн хоёулаа нөгөө өрөөнд орох уу” гэв.
            Заяат ч зөвшөөрч тэд хажуугийн унтлагын өрөөнд орцгоов.
            “Манайх зочинтой байгаа юм. Маргаашнаас явцгаах бололтой. Нэг нь миний хуурай дүү, нөгөө хоёр нь найзууд нь юм шиг байна лээ. Ингэхэд ямар яриа хөөрөө байна?” гэж Заяат асуув.
            “Надад 120 грамм цэвэр алт байна. Чи сонирхох уу?”
            “Өө тэгэлгүй яахав. Гэхдээ яг үнэндээ наадахын чинь өртөг найман сая гаруй төгрөг юм байна ш дээ. Найзад нь харин бэлэн зургаан сая л байна. Үлдсэн хоёр саяыг нь чи дараа ирэхдээ авчихаж болно биз дээ.”
            “Болохгүй ч юм алга л даа. Чамайг чинь найдвартай хүн л гэж боддог шүү” хэмээн Боогий хариулав.
            “Ингэхэд манай сумаар явж байхыг бодоход чи алтны судал олоо юу? Бас байгаа байх нээ. Чи ч зайтай эр ээ” хэмээн Заяат хүд хүд инээв.
            Тэр хоёр ярилцахдаа хаалгаа дутуу хааснаа мэдсэнгүй. Нөгөө өрөөнд нааш цааш холхиж байсан эр унтлагны өрөөнийх нь хажуугаар гарахдаа санамсаргүй тэдний яриаг сонсчихжээ. Түүний чихэнд зуун хорин грамм алт, алтны судал гэх мэт үгсүүд сонсогдоход, битүүхэндээ шуналын гал зүрхэнд нь дүрэлзэн асч буйг мэдэрлээ. Нөгөө хоёр найзыгаа бодоход уг эрийн нүүр царай маш олон шарх сорвитой, дух болон хацраа хурц иртэй зүйлээр зүсүүлж байсан болов уу гэмээр гүнзгий сорви тогтон эдгэжээ. Ойролцоогоор хорин тав, зургаан настай болов уу гэмээр харагдана. Харин нөгөө хоёр нь түүнээс хоёр гурван насаар дүү бөгөөд вискинийхээ эрчинд халсан бололтой хоорондоо юуны ч талаар юм маргалдана.
            Арваад минутын дараа Боогий Заяат хоёр өрөөнөөс гарахад, Боогийгийн гарт боодолтой дэвсгэртүүд бололтой гялгар тороор ороосон зүйл байхыг хараад, түрүүний сорвитой эрийн харц боодолтой зүйлийг алдахгүйг хичээх мэт цоо ширтэхийг хэн ч анзаарсангүй. Заяат Боогийг машин хүртэл нь дөхүүлж өгөөд,
            “За тэгж байгаад дахиад хүрээд ирээрэй. Хөгшин нь мөнгийг чинь бэлдээд байж байя” гэв.
            “Би одоо хоёр долоо хоногийн дараа дахиад ирнээ. Баяртай” гэж салах ёс хийн Боогий машиндаа суув.
            Заяат гэртээ эргэн ороход, гурван залуу явах гэж байгаа бололтой, гадуур хувцас, гутлаа өмсөөд зогсож байв.
            “Хүүе та нар чинь явах нь уу?” гэхэд,
            “Заяат ахаа, дүү нар нь ойрхон нэг малчин айлд очих ёстойгоо таг мартчихаж. Хот руу буцахдаа ирж магадгүй” гэж сорвитой эр хэлэв.
            “За тэгвэл одоо явахаас даа. Ах руугаа ярьж байхгүй юу” хэмээн Заяат мөн тэднийг хашаанаасаа гаргаж өглөө. Тэднийг гарахад Боогийгийн жип сумын төв рүү чиглэн, тоос манаруулан давхиж яваа нь үзэгдэв. Гарсан хүмүүс ч хурдхан гэгч машиндаа сууцгаан, арай эрүүлээрээ сорвит машиныг жолоодон ухасхийн хөдлөв. Заяат араас нь бага зэрэг гайхан харж зогссоноо, гэнэт худалдан авсан алтаа санаж, дахиж нягтлан жигнэхээр байшин руугаа яаран орлоо.
            Боогий жолоочдоо хандан,
            “За наймаа сайхан бүтлээ. Боломжийн үнээр алтаа өгчихлөө шүү. Одоо дэлгүүрээс хүнс бараагаа татчихаад буцъя даа хоёулаа” хэмээв.
            Жолооч нь хариу юм ярих гэтэл араас нь машин огцом сигналдах дуунаас цочин аман дээр гарч ирсэн үгээ хэлж чадсангүй. Толиндоо хартал түрүүний байшингийн хажууд зогсож байсан хар жип араас нь ирж явав. Боогий ч мөн тэр машиныг таньсан бололтой,
            “Замын хажуу руу гараад зогсчих. Заяат нэг юм хэлэх гэсэн бололтой” гэлээ. Тэд замын хажуу руу гаран зогсоход ойр хавьд айл, хүн амьтны бараа харагдахгүй байв. Мөн Заяатын байшин  ч далд оржээ.
            Боогий жолоочтойгоо цуг машинаасаа буухад, хар жипнээс айлд байсан гурван залуу буугаад ирэв. Сорвитой залуу мэндийн ч зөрөөгүй гартаа барьсан дугуйны торцовоор жолоочийн гавал дундуур буулгаж орхив. Жолоочийн нүүрийг даган өтгөн хүрэн цус садран гоожиж, битүүхэн авиа гаргаад доошоогоо хөсөр уналаа.
            “Та нар яаж байна аа?” хэмээн Боогий хашгичин сандрав.
            “Яав л гэж. Та нарыг дээрэмдэж байна. Гайгүй үгэнд ороод явбал яах ч үгүй, мэдэв үү?” хэмээн сорвит хэллээ.
            “Чи хүн алчихлаа ш дээ” гэж Боогийг хэлэхэд,
            “Үгүй ээ. Тэр зүгээр л ухаан алдсан байгаа. Энэ хоёрыг хүлээд арын багажиндаа хийчих” хэмээн сорвит нөгөө хоёртоо хэлэхэд, тэд нар нь ёсоор болгож, гар хөлийг нь боон машины ар руугээ дамжлаад шидчихэв. Сорвитын нэг найз нь Боогийгийн машиныг жолоодон сумын төвийн эсрэг чигт тэртээ хол харагдах ой модот уулыг чиглэн хурдлахад, сорвит ч бас хойноос нь хурдлан тоос манаруулан давхив.
            Боогий машины арын тэвшинд?? донсолгоонд дээш доош, хажуу тийш өнхрөхдөө толгой биеэ үе үе машины хананд цохин, бас жолооч Цэнгэлийн цустай толгойтой мөргөлдөнө. Юу болох бол гэхээс Боогий үнэхээр айж байлаа. Цэнгэл ухаан алдсан чигтээ ямар ч чимээ авиа гаргахгүй аж. Хэсэг явсаны дараа ойн захад ирэн, машинууд зогсов. Тэр хоёрыг тэвшнээс ?? чирэн буулгаад өвсөн дээр пид пид хийтэл нь шидлээ. Сорвит тэр хоёрын өмнө ирж зогсохдоо түрүүхэн алтаа заран оронд нь авсан боодолтой мөнгөнүүдийг гартаа барьжээ. Боогий түүнд хандан,
            “Миний дүү нар наад мөнгө төгрөг, өөр авах юм байвал аваад хоёр ахыгаа зүгээр явуулчих. Бид хоёр ардаа гэр бүл, бага насны хүүхдүүдтэй хүмүүс.”
            “Битгий хуцаад бай. Хэдхэн сая төгрөгөнд хууртана гэж бодоо юу? Олсон алтны судалтай газраа зааж өг. Дараа нь та нарын асуудлыг ярья.”
            “Юун алтны судалтай газар вэ? Бид нар гаднын компани ухаад үлдээчихсэн газар махаа идэж байж жаахан юм олсон. Тэгээд ч бидний ажил дуусаад хот руу буцах гэж байсан юм л даа.”
            “Худлаа хэлж байгааг чинь мэдэж байна аа. Өдий олон жил намайг юу сурсан гэж бодож байна? Ямар хүн худлаа хэлж байгааг, мөн ямар хүн мөнгөтэй болохыг би андахгүй шүү. Чамд арай өөрөөр ойлгуулахгүй бол болохгүй нь ээ. Алив наад жолоочийг нь сэргээгээдэх” гэхэд нөгөө хоёр залуу нь машинаасаа савтай ус авчран, ухаан алдсан Цэнгэлийн нүүр рүү цацав. Нөгөөх нь ч ёолсоор бага зэрэг өндийх гэж оролдов.
            Сорвит олон юм ярьсангүй. Амандаа хараал хэлсээр Цэнгэлийн толгойноос үсдэн өндийлгөв. Боогий руу нүүрийг нь харуулан,
            “Худлаа яриад байвал чамайг ч бас зүйл дуусгах болно” гэснээ балиус хутга сугалан гаргаж ирээд, Цэнгэлийн хоолойг маш удаанаар гүнзгий гэгч нь зүсэж орхилоо. Цэнгэлийн царай хувхай цайн, айсандаа нүд нь аяганаасаа бүлтрэх гэж байгаа юм шиг бүлтийж ирээд, ямар нэгэн юм хэлэх гэж оролдов бололтой хяхтнуулан хачин авиа гаргаснаа, нүүрээрээ газар шаан доошоо унав. Хоолойноос нь урсах цус шинэхэн өвснүүдийн дунд шингэн дороо алга болж байгаа нь харагдана.
            “Үгүй ээ-ээ. Чи яаж байна аа, муу новш оо?” гэж Боогий орилон, босохыг оролдон тийчилж, газар эргэлдэнэ.
            “Бидэнд хоёр хоолны сав хэрэггүй. Чи харин тэр газраа зааж өгвөл чамайг амьд үлдээе” гэж сорвит хэлэхэд,
            “Би чамд юу ч хэлэхгүй мэдэв үү, аа -а” хэмээн Боогий уурласандаа чангаар хашгирахад, нүүр рүү нь хүнд гутлын төмөртэй улаар хүчтэй тийрч орхив. Боогий ухаан алджээ.
            ***
            Энэ явдлаас хойш долоо хоног өнгөрчээ. Алтны нүхэн дээр үлдсэн хүмүүс ажлаа үргэлжлүүлэн хийсээр л, харин Боогий, жолооч хоёрын бараа сураг байдаггүй. Өдөржингөө ажилласаар нар хэвийх үед Бямбаа нүхнээсээ түрүүлж гарч ирлээ. Түүний араас Сандагаа ч гарч ирэв.
            “Овоо сэрүүхэн болчихжээ. Доор ямар бөгчим байв аа. Арай л ухаан алдчихсангүй” хэмээн Сандагаа хэлэв.             
            Бямбаа хариу хэлэх гэснээ тэднээс зуугаад метрийн зайд байх толгойн цаанаас гарч ирэх хүмүүсийг хараад нүд нь орой дээрээ гарах дөхөв. Хамгийн түрүүнд гарыг нь ард нь хүлчихсэн Боогий явах бөгөөд арын гурван хүмүүсийн нэг нь гартаа буу, нөгөө нь хутга барьчихсан харагдана. Харин гурав дахь сорвитой залуу гартаа юу ч бариагүй байв.
            “Яах вэ?” хэмээн Бямбааг хэлэхэд Сандагаа эргэж хараад дороо нам хөшиж орхив. Боогийгийн нүүр ам танигдахын аргагүй болтлоо хавдаж хөхрөн, цус нөжиндөө холилджээ. Олон хоног зодуулсан бололтой царай алдчихсан, ядарсан тэрээр хөлөө арай гэж зөөн ирэв.
            Бямбааг ухасхийн босох гэхэд буутай эр,
            “Битгий хөдөлцгөө. Буудна шүү. Тархийг чинь зад буудна гэж мэдээрэй” гэхэд нь тэр хөдөлгөөнгүй зогсов. Боогийг тэдний хажууд авчраад, газар суулгаж орхив.
            “Бусад чинь хаана байна?” гэж нэг нь асуухад хариуд нь хэн ч дуугарсангүй.
            “Энд юу болоод байна аа?” гэсээр Нараа гэрээс гарч ирэхэд,
            “Дээрэм болж байна аа бүсгүй минь” гэснээ сорвит гэр рүү зөрж оров. Гэрийн дотор энд тэнд онгичин хэсэг буулгаснаа, хайсан юмаа олсон бололтой, тэдний жаахан алттай цүнхийг гаргаж ирэн гадаа асгав. Асгасан юм харин сэтгэлд нь хүрсэнгүй бололтой,
            “Олигтой юм олоогүй шив дээ” гэж сорвит ууртай хэлэв. Бүгд л чимээгүй зогсоцгоон урилгагүй зочид цааш яахыг харзнан хүлээнэ. Энэ үед,
            “Би бух олчихлоо” гэж чангаар хашгирсаар Төмөрөө нүхний амсраар гарч ирэв. Тэр нүхнээс гарч ирэх гэж яарсан бололтой амьсгаадсаар мөлхөн гарч ирлээ. Харин сорвитын нэг найз нь нүхний амсар дээр түүнийг тосч байгаад, гарч ирэх үед нь ар нуруу руу нь өшиглөн газарт унагав.
            “Яаж байна аа новш чинь” гэж хараал урсган Төмөрөө ухасхийн боссоноо, танихгүй зочдыг, бас ахыгаа хараад зогтусав. Үхэхээс наагуур болтлоо зодуулсан ахыгаа хараад Төмөрөө бачимдан, гартаа барьсан алттай чулуугаа газар хаян урагш ухасхийтэл, буутай залуу дух руу нь буу тулгаад,
            “Тайвшир залуу минь, чиний нүхнээс олж ирсэн юм чинь сонирхол татаж байна шүү. Тэрийгээ аваад өг дөө” гэв. Төмөрөө бууны гол төмрийн хөндий нүхийг хараад аажуухнаар доошоо суун, алттай чулууг тэдэн тийш сарвайв. Сорвит түүнийг нь ухасхийн авснаа, нүдэнд нь баярын оч гялалзан, эргүүлж тойруулан баахан харав. Үнэндээ бол Төмөрөөгийн олсон бух дор хаяж тавин сая төгрөг хүрэхээр лут эд байжээ. Бүгд л тэр бухыг мэл гайхан харцгаана. Өмнө нь ийм том алтыг хэн нь ч олж харж байсангүй. Сорвит бусад хүмүүсийн анхаарал гарт нь байгаа алтанд туссаныг хараад, гэнэт хармын сэтгэл төрж,
            “Энэ новшнуудыг бүгдийг гэрт оруул” гэж тушаав. Найзууд нь түүний үгэнд орон, бүгдийг гэр рүү тууж оруулав. Хаалгыг нь чангаар хаагаад, гэрээс жаахан холдон, хоорондоо шивнэлдэн ярьцгаав.
            “Эд нарыг яах вэ?”
            “Яах юу байхав. Нэг нөхрийг нь алчихсан юм чинь гэрч үлдээж болохгүй. Бүгдийг нь цааш нь харуулахаас өөр арга алга. Харин шууд буудчихаж болохгүй байх. Цаадуул чинь нэгийг нь алчихвал тал тал тийшээ бутраад зугтчихаж магадгүй. Нүх рүү заримыг нь оруулж байгаад аргална даа. Юу ч гэсэн та хоёр машинуудаа энд аваад ир” гэж сорвит хэллээ.
            “Тэр чинь зөв санаа байна. Тэгээд ч бух олсон газарт золиос тушаах хэрэгтэй биз дээ” хэмээн нэг нь тас тас хөхрөн баясав.
            Энэ үед гэр дотор Боогийг бусад нь тойрчихсон аяархан ярилцана.
            “Ах аа, энэ юун хүмүүс вэ? Цэнгэл ах яасан юм бэ?”
            “Энэ хүн дүрстэй араатнууд Цэнгэлийг алчихсан. Намайг үг хэлэхгүй болохоор хэд хоног зодож тамлаж байгаад энд авчруулчихлаа. Ахыгаа уучлаарай” гэж Боогий арай ядан үгээ зөөж хэлсэнээ ухаан алдан газарт унав. Төмөрөө сандран,
            “Ахаа, та яав аа? Сэргээрэй” хэмээн хэсэг сэгсчив. Сандаг түүнийг зогсоон,
            “Одоо болно оо. Ах чинь ухаан алдчихсан байна” гэв. Энэ үед гэрийн гадна машинууд ирж зогсох чимээ сонсдон, төд удалгүй гэрийн хаалгыг онгойлгон,
            “Гараад ирцгээ” гэв.
            Эхлээд Сандаг, дараа нь Төмөрөө, Нараа гэх мэтээр Бямбаагаас бусад нь бүгд гадаа гарлаа.
            “Та нар нүх рүү буцаж орцгоо. Дахиж алт олдох байх. Алив ээ, хурдалцгаа” гэж шавдуулахад, бүгд айн хойшоо нэг нэг алхав. Хэн нь ч тэр нүх рүү буцаж орохыг хүссэнгүй. Бух олсон нүх рүү буцаж ордоггүй бичигдээгүй хууль алтны нинжа нарт бий. Тэд нарыг орохгүй байгааг харсан сорвит уурсан,
            “Хараад идсэн новшнууд минь хурдан наад өмхий нүх рүүгээ ороодох” гэснээ Нарааг үсдэж аваад, нүх рүү чарлуулан чирэв. Нараа чирэгдэн хашгирсаар газраас доош хоёр метр гаруй ухсан том нүх рүү түлхүүлэн унав. Түүний араас Сандагийг мөн нуруунд нь буу тулгасаар хүчээр оруулав. Хамгийн сүүлд үлдсэн Төмөрөө харин,
            “Та нар намайг ийшээ орно гэж бодож байвал ёстой гонжийн жоо мэдэв үү?” гэснээ буутай нөхөр рүү үсрэн очиж буутай нь барьцалдан, дээр доороо орон ноцолдож гарав. Сандаг нүхнээс мацаж дээшээ гарах гэсэн боловч гурав дахь залуу нүүр рүү нь өшиглөсөн тул буцаад эргэлдэн уналаа. Тэр хоёр метрийн өндрөөс толгойгоороо чулуу мөргөн унасан учраас хэсэг ухаан алджээ. Төмөрөөг харин үлдсэн нөхдүүд нүүр рүү нь хэд хэд хүчтэй дэлсэж, дор нь номхруулан нүх рүү шидчихэв. Бямбаа Боогий хоёр энэ үед гэрт үлдсэн хэвээр байлаа. Бүх зүйл маш хурдан хугацаанд болж өнгөрсөн учраас Бямбаа юу хийхээ ч мэдэхгүй байв. Түүнийг анзаарсан сорвит гэрийн хаалгыг гаднаас нь хаагаад,
            “Цаанаа байгаа том хад, шуудайтай зүйлсийг аваад ир дээ. Энэ хоёрыг гэртэй нь эд бад хийчихэж болох байх” гэв.
            Түүний хэлсэнээр хоёр найз нь аль болох хүнд зүйлсийг хаалганы өмнө овоолж, онгойхын аргагүй болгов. Бямбаа хаалгыг балбан,
            “Новшнуудаа та нар яах гээд байна аа? Хаалга онгойлгоодох” хэмээн орилно. Нөгөөдүүл нь баясан инээж,
            “Чи дуугүй наанаа ээлжээ хүлээгээд байж бай” гэцгээнэ.
            Сорвит нэг найзынхаа чихэнд аяархан юм шивнэхэд нөгөөх нь гайхасхийн өөдөөс нь харснаа, машин руугаа алхан очиж, савтай шатахуун авчрав. Сорвит шууд л нүхний дээрээс шатахуунаа асгаж эхэллээ. Энэ үед Нараа хашгиран,
            “Та нар чинь яаж байна аа? Ингэж болохгүй ш дээ” гэхэд, Сандагаа, Төмөрөө хоёр бага зэрэг сэхээ аван сандралдаж эхлэв. Буцаад нүхний амсар руу ойртох гэхлээр шатахуунд цацуулчих гээд яаж ч чадахгүй сандралдана.
            “Болиоч ээ. Муу адгууснууд. Биднийг ингэж болохгүй.”
            Сорвит юу ч хариу хэлсэнгүй. Шатахуунаа цацаж дуусчихаад, асаагуур гаргаж дараад, нүх рүү шидэж орхив. Том нүхэн дотор бөөн гал дүрэлзэн, хүн ойртохын аргагүй болсон бөгөөд нүхэнд орсон хүмүүс яахаа мэдэхгүй давчуу зайд бие биенээ түлхэн галын илчнээс холдохын түүс болно. Хүмүүсийн хашгиралдах, гингэнэх дууг сонссон Бямбаа, хаалганы харалдаа толгойгоо хананд түшин зогсоно. Боогий бас ухаан орсон бололтой, гадна сонсогдох аймшигт хашгирааныг сонсчихоод,
            “Миний дүү нааш ир дээ” гэж арай ядан аяархан хэлэв.
            “Яасан бэ? Боогий ахаа?”        
            “Гадаа юу болж байгааг би тааварлаж байна. Тэр гурав үхэж байна. Цаад новшнууд чинь манай хэдийг тарчлаан зовоож байгаа. Миний дүү яг одоо зугт. Мэдэв үү?”
            “Яаж зугтах вэ дээ. Хаалга онгойхгүй байна. Тэгээд ч тантай цуг л зугтана.”
            “Би ч бас удахгүй бололтой. Надад явах битгий хэл, босох тэнхэл алга. Амиа бод, мэдэв үү? Гэрийн хаяавчаар зугтах хэрэгтэй. Тэнд сүх байгааг харж байгаа биз? Хүн багтахаар зай гаргаад, эргэж харахгүй зугт. Энд юу болсныг цагдаа нарт мэдэгдээрэй.”
            “Хоёулаа цуг зугтъя, Боогий ахаа?”
            “Зайл гэж байна шүү. Гөлөг минь хурдхан арилж үз. Настай эцэг дээрээ оч гэж байна шүү.”
            Бямбаа энэ үгэнд нь сэхээ авсан бололтой, ухасхийн босч үүдэнд байх сүхийг шүүрч аваад, гэрийн хойд талын ханын хаяаг сүхдэж эхлэв. Түүний гаргаж байгаа чимээ нүхэн дэх хүмүүсийн хашгираан, чарлаанд дарагдаад сорвитод сонсогдсонгүй. Тэр зүгээр л нүхний дээрээс харан зогсож, доор нь яах учраа олохгүй давчуу зайд чихэлдэх гурвыг харан баясан зогсоно. Галын дөл тэдэн рүү ойртохын хэрээр Нараа түрүүлж, дараа нь Сандагаа, тэгээд Төмөрөө гүн нүх рүү шурган оров. Нүхэнд орсон ч байдал дээрдсэнгүй, улам дордон, галын утаанд хахаж ханиан, угаартаж эхэллээ. Сорвит,
            “Одоо нүхээ булцгаах уу?” гэснээ нэг хүрз барин сул шороог нүхний амсар руу шидэж эхлэв. Нөгөө хоёр нь ч түүнийг дуурайн нүхийг булж эхэллээ. Шороо цацах тусам дүрэлзэн асч байсан гал унтрах бөгөөд нүхнээс хүмүүсийн ёолох, ханиалгах, уйлах чимээ бүдэгхэн гарна. Таван минутын дараа гэхэд нүхний амсар бүрэн таглагджээ. Гэвч тэд зогссонгүй, үргэлжлүүлэн шороогоор дүүргэсээр байв. Одоо харин газар доороос ямар ч чимээ сонсогдохгүй, бас хүн гарах боломж ч үгүй болжээ. Үнэндээ нүхэнд орсон алтны гурван хайгуулч агааргүйдэн амьсгалахаа больсон байв. Нүхийг булах гурван алуурчин одоо шороогоор дүүргэхээ болиод, дээрээс нь гишгэлэн газрыг нь хатууруулан тэгшилж эхлэв. Нэлээн гишгэлж байгаад сорвит,
            “Одоо болно. Эд нар үхчихсэн. Гэрт байгаа хоёрыг янзалъя” гэв.
            Гэрийн хаалгыг тагласан зүйлсийг холдуулан хаалгыг онгойлгоход, шалан дээр Боогий дээшээ харан хэвтэх бөгөөд нүд нь хараатайгаа амьсгаа хураасан бололтой, харин гэрийн хойд ханыг эвдэн хаяаг нь томоор сөхөн орхижээ.
            “Новш гэж. Тэр зугтчихсан байна. Ойрхон л байгаа байх. Та хоёр хойноос нь хөөгөөдөх мэдэв үү?”
            “За хойноос нь явчихаад ирье” гэснээ нөгөө хоёр нь буу хутгаа барин гүйлдэн одов.
            Сорвит нөгөө хоёрыгоо явсны дараа гэрт орж, олзолсон эд хөрөнгөө бүртгэн хэсэг суув. Хамгийн том олз болох бух алтаа бариад их л баяр хөөртэй тал талаас нь эргүүлж тойруулан харна. Ингэж суухдаа хэр их хугацаа өнгөрснийг ч анзаарсангүй, нэг мэдэхэд бүрэнхий болж, харин нөгөө хоёр нь ирээгүй л байлаа. Гэрийн шалан дээрх үхдэлийг харснаа гэнэт бие нь эвгүйрхэж, хөлнөөс нь чирсээр гадаа гаргаад, гэрт дахин оров. Лаа асаан, идчихмээр юм хайтал тэдний гэрт үнэндээ идэх бэлэн юм юу ч байсангүй.
            “Идчихээр юм олдохгүй нь ээ. Эд нар чинь одоо яаж амьдарч байсан байна аа?” гэж түүнийг өөртөө хэлэхэд,
            “Алтаа идэх юм уу?” гэж хэн нэгэн аяархан хэлэх шиг болов. Сорвит энэ үгнээс ихэд цочин эргэн тойрноо харахад, хэн ч байхгүй бөгөөд гэрийн гадаа гарч харахад бас л хэн ч байсангүй. Тэр өөрийгөө тайвшруулан хий юм сонсож гэж бодсоноо эргэн гэрт орлоо.
            Түүнийг дөнгөж явган сандал дээр суухтай зэрэгцэн,
            “Бидний алт ш дээ” гэж дахиад хэн нэгэн хэлэх нь арай чангаар сонсогдов. Сорвит энэ удаа жинхнээсээ цочин, ар нуруу руу нь хүйт оргин, гэрийн тооно өөд харахад бүрэнхий тэнгэрийн бүдэгхэн гэрэлд, тоонон дээр цомцойн суучихсан сэгсийсэн үстэй, нүцгэн эмэгтэй хүний бараа харагдлаа. Түүнийг хараад мань эр цочсондоо босон харайж хашгирав.
            “Юун новшийн чөтгөр вэ?”
            “Чи л өөрөө чөтгөр байх” гэж шивнэх төдий хэлэх нь хаалганы цаанаас сонсогдов. Сорвит галзуурахад ганц хуруу дутуу байлаа. Тиймээс онгорхой гэрийн хаяагаар мөлхөн гарч гэрээс хойшоогоо ухаан жолоогүй зугтав. Харин хэсэг гүйсний эцэст өөдөөс нь нөгөө хоёр нь ирж байгааг харав.
            “Хөөе хаачих нь вэ? Нөгөө новшийг бид нар олсонгүй. Харанхуй ч болчихлоо. Маргааш гэгээ орохоор хайя гэж бодоод эргээд ирлээ.”
            “Гэр..рт нэг хачин юм байна-аа.”     
“Юу л байв гэж дээ. Нөгөө алтаа орхичихоо юу? Алив буцацгаая” гээд тэд хамтдаа гэр рүү гурвуулаа оров. Нээрээ ч ширээн дээр асааж орхисон лаа сүүмэлзэн, явган сандлууд, гудас хөнжил буланд хөглөрөн бүх зүйл хэвийн байлаа. Сорвит олуулаа болсондоо санаа нь амарчээ.
“Би гарч шээчихээд ирье” гээд нэг нь гадагшаа гарав. Төд удалгүй түүний аймшигтай хашгирах чимээ сонсогдов. Гэрт үлдсэн хоёр ч яав, юу болов гэсээр хаалга онгойлгон гартал шээхээр гарсан хүн нь битүү галд дүрэлзэн шатаж байх бөгөөд өвдсөндөө хээр тал руу салхи татуулан гүйн одов. Ингэлээ гээд гал нь унтарсангүй, улам ч ихээр дүрэлзэн асч, харанхуй талд хөдөлгөөнтэй түүдэг гал цаашлан жижгэрсээр,  удалгүй доошоо унах нь тэр. Тэр дахиж боссонгүй. Үүнийг харсан мань хоёрын бие нь салганан, яах учраа олохгүй байснаа сорвитын нөгөө найз нь ухаан жолоогүй машин руу гүйн ороод, хаалгаа дотроос нь түгжчихэв. Сорвит машины цонхыг гаднаас нь балбан,
“Намайг оруулаач дээ” гэх. Машинд суусан найз нь түүний орилохыг сонсоод хажуу тийшээ хартал сорвитын оронд түлэгдэн харласан нүүр царайтай хүн амаа ангалзуулан орилж байх бөгөөд цагаан шүднүүд нь л гялалзаж харагдахад доошоо шигдэн сууж, түлхүүрээ эргүүлэн машинаа асаав. Гэвч машин ассаны дараа яндангийн утаа нь машины дотор орж ирэн, амьсгалахад хүнд болж эхлэв. Машиныг хөдөлгөх гэтэл огт явахгүй байв. Тэр угаартаж байгаагаа мэдэн нөгөө талын хаалгаараа гарахыг завдсан боловч машины түгжээ тайлагдсангүй. Хэвтэж байгаад хөлөөрөө цонхнуудыг хүчтэй тийрсэн боловч цонх хагарсангүй. Харин ч машин дотор өтгөн хар утаа улам ихсэн, тэр хорт утаанд хахаж ханиан, цусаар бөөлжин, төд удалгүй хөдөлгөөнгүй болон үхжээ. Энэ бүхнийг цонхны цаанаас харж байсан сорвит эргэн хээр тал руу гүйн одлоо. Харанхуйд хаашаа ч гүйж байгаагаа мэдэх юм алга. Аман дотроо,
“Намайг уучлаач дээ. Би амьд үлдмээр байна” хэмээн шивнэнэ. Тэр гэнэт нэгэн гүнзгий нүх рүү уналаа. Түүний дээрээс олон хүмүүс инээлдэн хөгжилдөж байгаа сонсогдов. Дээшээ харахад сарны гэрэлд гурван хүн зогсож харагдана. Тэд бол түүний амьдаар нь газарт булж алсан хүмүүсийн сүнснүүд гэдгийг тэрхэн агшинд сорвит ойлгожээ.
“Гуйя. Миний гэм нүглийг уучлаач дээ. Би тэр алт, мөнгө бүгдийг нь орхиё. Зөвхөн намайг амьд үлдээ л дээ.” Түүнийг ингэж хэлсний дараа олон хүмүүсийн инээлдэх бүр ч чангаран, дээрээс нь шороо нурж эхэллээ. Сорвит аажмаар шороонд амьдаараа даруулан бүтэж үхжээ. Түүний толгой далд орсны дараа олон хүмүүсийн инээлдэх ч гэнэт чимээгүй болов.

Маргааш өглөө нь Бямбаа холоос цаг гаруй гэр рүү ажиглав. Гэрээс хэн ч гарч ирсэнгүй, бас амьд хүн байгаа шинж ч ажиглагдсангүй. Бямбаагийн хувьд гэрээс гарч зугтсаны дараа ойд нуугдан, сэрүүхэн шөнийг унталгүй шахам өнгөрөөжээ. Тэр өлсөж, даарч, бас айж байлаа. Гэвч азаа үзэхээр шийдэн, гэр рүү аажуухан ойртов. Ойртон ирэхэд гэрийн хаалга онгорхой байх бөгөөд гэрт хэн ч байсангүй. Гэрийн гадна Боогийгийн цогцос хэвтэнэ. Бямбаа гэрт ороод шалан дээр хэвтээ бух алтаа олж харав. Алт наранд гялалзан, түүнийг урин дуудах шиг санагдана. Тэр алтыг эргүүлж тойруулан, харж зогстол алт гэнэт хүйт даах шиг санагдав. Үүний хажуугаар алтны жин гэнэт нэмэгдсэн мэт санагдаж, тэр дийлэлгүй газарт унагалаа. Дахин авах гэснээ, аавынхаа хэлсэн “Алт хар мөртэй” гэсэн үгийг санаад, гэрээс гаран өөрсдийн машин руу гүйв. Хаалгыг онгойлгоод жолоочийн суудалд суухад түлхүүр нь харин зоолттой байв. Тэр түлхүүрийг эргүүлэн асаагаад, хаазаа байдгаар нь нэмэн, гэрийн гаднаас тоос шороо манарган огцом хурдлав. Хэсэг явж байгаад толиндоо харахад тэртээ хол хоцрох гэр рүү дөрвөн хүн аажуухан нэг нэгээрээ орж байгаа нь үзэгдлээ. 

No comments:

Post a Comment

“Цээнээ бид хоёр” өгүүллэг /шинэчлэн бичсэн/ Ц.Оюунбат

Алтан шар зам жирэлзэн өнгөрч тоосонд дарагдан хоцрох нь хүмүүн бид нарын амьдрал, дурсамж өнгөрсөнд үлдэхтэй эгээ л адил санагдана. Арха...