Даваа гаригийн өглөө бүр түүнд байнга түгшүүр төрдөг нь хэвээрээ шүү. Өр
нэхэж, эд хөрөнгө хурааж авдаг хувийн компанид менежер болсноос хойш түүний
амьдрал гэрлийн хурдаар сайжирсан билээ. Тамираагийн хувьд ажилдаа хэдийгээр
аль хэдийнэ дасчихсан ч гэлээ шинэ долоо хоногийн эхний өдөрт тэр дургүй. Ажил дээрээ
ирэхэд нь шинэ үйлчлүүлэгч, хохирогч, залилуулагч нар компанийх нь хүлээлгийн
танхимд уртаас урт дараалал үүсгэн зогсож байх. Тэднийг эхлээд бүртгэгч, дараа
нь мөнгө хураагч дээр очсоных нь дараа онцгой ганц нэг хүнийг менежерийн хувиар
тэр хүлээж авдаг билээ. Иймэрхүү хүмүүс ихэвчлэн маш их хөрөнгө мөнгө, эд
хогшил, байр байшинтай холбоотой онцгой үйлчлүүлэгч нар байдаг. Хөрөнгийн
хэмжээ хэр их байна, тэр хэрээр үйлчлүүлэгчийн төлбөр ихэсдэг байв. Мөн ийм бүх
хэргүүд туйлын ярвигтай.
Нийгмийн шинэ тогтолцоонд
шилжсэнээс хойш хүн шиг амьдаръя гэвэл их мөнгөтэй байх хэрэгтэй гэдгийг
Тамираа хамгийн ихээр ойлгосон. Шинэ засаглал тогтсоноос хойш нийгмийн
халамжууд байхгүй болж, эмнэлэг, сургуулиуд хүртэл төлбөртэй болжээ. Тиймээс
Саарал хотын дээд гурав, дунд дөрвөн дүүрэгт л төрж өсөхгүй бол энэ нийгмийн
хүн биш болно гэсэн үг. Харин хориотой дүүрэгт төрсөн хүн шууд л нийгмийн шаар
шавхруу, хүн хог болдог. Энэ дүүрэгт хүн амины хэрэг өдөр бүр л хэдэн, арваараа
гарч байдаг. Учир нь цагдаа нар хориотой дүүрэг рүү орохоос эмээдэг. Тэнд
өөрийн гэсэн өвөрмөц хуультай. Хамгийн эхний хууль нь ямар ч цагдаа хориотой
дүүрэг рүү орсноосоо хойш нэг цагийн дотор үхнэ. Энгийн хувцастай орсон ч гэлээ
тэнд бүх цагдаа нарыг таньдаг. Тус дүүрэг хар тамхи, биеэ үнэлэлт, хүн амины
хэргийн үүр уурхай болсон төдийгүй, улсын хэмжээний хамаг л хүнд гэмт
хэрэгтнүүд цуглаж орогнодог газар болжээ.
Тамираагийн эцэг эх хоёр
дунд дүүрэгт амьдардаг байсан учраас тэр арай ч нийгмийн доод хэсэг рүү
орсонгүй. Гэхдээ л багадаа амьдралын бараан дурсамжуудыг зөндөө туулсан билээ.
Тэдний хөрш айлын гэрийн эзэн өрөнд орж, өр нэхэгч нар ирэн байрыг нь хураан гудамжинд
гаргаснаас хойш гудамжинд хэсэг орогносны эцэст гэрийн эзний бие өвдөж,
эмчилгээний төлбөргүйн улмаас эмнэлгийн үүдэнд амьсгал хурааж байсныг тэр сайн
санадаг юм. Харин гэр бүлийнхэн нь тэр явдлын дараа хориотой дүүрэгт амьдрахаар
очсоноос хойш сураг алдарчээ. Хөрш айлын хүүтэй тэр сайн найзууд байж билээ.
Багын найз Сүлдээг амьд эсэхийг тэр одоо хэр нь үл мэднэ. Ээжтэйгээ хоёулхнаа
хотын хамгийн аюултай дүүрэгт очсон аравхан настай жаал амьд үлдсэн гэх
баталгаа үгүй билээ. Харин Тамираагийн хувьд байрыг нь хурааж авахаар ирсэн өр
нэхэгч нарыг хараад тэдний сүрт байдал, хүч чадал, эрх мэдлийг биширсэнээс
гадна нас биед хүрээд өр нэхэгч болно
гэсэн мөрөөдлөө таван жилийн өмнө биелүүлжээ. Цалин пүнлүү нь ч нийгэмдээ
хамгийн өндөр нь учраас тэр хагас жилийн дотор л орлогоороо Саарал хотын
хамгийн тансаг дүүрэгт дохиолол хамгаалалтынх нь жилийн төлбөр гэхэд л нэг
хүнийг бүтэн жилийн туршид хангалуун амьдруулахаар өртөгтэй зуун арван давхар
байшингийн ер дэх давхрыг тэр чигээр нь эзлэх люкс байр худалдан авчээ. Эцэг
эхээ ч дунд дүүргээс татан, хажуугийн гудамжинд байр авч өгөв. Харин өөрөө
жилийн өмнө гэр бүл зохиож, охинтой ч
болсон. Амьдралын баяр баясгалан болсон хөөрхөн гүнж нь наймхан сартай. Түүний
эхнэр болсон бүсгүй баян хуульчийн охин бөгөөд түүнтэй ажил хэргийн холбоогоор
танилцжээ.
Жолооч нь түүнийг ажлынх
нь хашаанд оруулж ирэхэд тэр битүү хар теньтэй машиныхаа цонхоор хашаанаас
өндөр ажиглалтын цэг дээр зогсох автомат буутай харуулуудыг хальт ажиглалаа.
Урьд нь харж байгаагүй шинэ харуулууд байв. Долоохон хоногийн өмнө ажил дээр нь
зэвсэгт халдлага болсоны улмаас манаанд гарч байсан гурван харуул алагджээ.
Гэхдээ бусад харуулууд цагдаа нарыг ирэхээс өмнө гэмт этгээдүүдийг барьж,
өөрсдөө байцаалт аван, хэн гэдгийг нь тодруулсан байв. Гэмт этгээдүүд компаниа
хураалган, хориотой дүүрэг рүү хөөгдсөн өр төлөгч нар байж таарчээ. Өр нэхэх
компанийн дотоод журмын дагуу тэднийг хоёр хоногийн өмнө цаазалсан байх
учиртай. Дээд гурав, дунд дөрвөн дүүрэгт өр нэхэх хоёр л компани ажилладаг
бөгөөд байгууллагынхаа дотоод хэргийг хууль, цагдаагүйгээр өөрсдийн дүрэм
журмаар шийдэж болдог ажээ. Удирдагчийн шийдвэрээр ийм болоод удаж байна. Учир
нь түүний төрсөн хоёр дүү энэ компаниудыг ажиллуулдаг. Харин Удирдагч өөрөө төр
засгийг толгойлно. Хүмүүс ч үүнд дасчээ. Гэхдээ хориотой дүүргийнхэн дасаагүй.
Тэдний хувьд Удирдагч болон түүнтэй холбоотой бүх хүмүүс заналт дайсан нь байв.
Хориотой дүүргийн иргэдийн эмгэнэлт хувь тавилан Удирдагчтай холбоотой гэж
үздэг байсан нь үнэний хувьтай юм.
Тамираа хамгаалалтын хаалган
дээр ирж, нүдний болор, хоёр гарын алганы хээгээ цахим цоожинд уншуулж хаалгыг
онгойлгов. Хаалганы цаана гар буутай хоёр харуул зогсож байв.
“Шинэ долоо хоногийн мэнд
хүргэе, ноён Тамираа!” гэхэд нь үл мэдэг толгой дохин, хажуугаар нь өнгөрлөө.
Харуулуудыг маш өндөр шалгуураар авдаг. Ихэвчлэн урьд нь цагдаагийн ажилтан
байсан ч юм уу, хуулийн байгууллагад ажиллаж байсан, гэр бүл, хамаатан садныхны
хэн нь ч хориотой дүүрэгтэй холбоогүй хүмүүсийг сонгож авдаг болно. Өрсөлдөөн
их, шалгуур өндөр учраас хэр баргийн хүн энд ажилд орж чаддаггүй. Энд ажилд
орлоо л бол тэнгэрийн умдаг атгалаа гэсэн үг. Тамираа өрөөндөө ороход үүдний
тасалгаанд нарийн бичгийн дарга нь угтаж авлаа.
“Сайхан амарсан уу, та?”
“Сайхан амарлаа. Өнөөдөр
хэдэн хүн надтай уулзах гэж байна?”
“Гурван хүн байгаа. Эхний
хоёр нь өр төлбөрөө олж авч байгаа хүмүүс. Харин гурав дахь хүн өөрийн өрний
хугацаагааг сунгах хүсэлт гаргагч.”
“Нэгэнт хугацаа нь болсон
л бол сунгах ямар ч боломжгүйг чи мэдэж байгаа шүү дээ. Яагаад надтай уулзуулах
цаг өгөв?”
“Манайд ажилладаг харуулын
төрсөн ах нь юм байна. Тэгээд л нэг удаа харж үзсэн бололтой."
“Аа тийм. Би гэрээг нь
харсан юм байна. За яахав нэг уулзаад үзье.”
Тамираа өрөөндөө орон
хаалгаа хаалаа. Эхний үйлчлүүлэгч болох тавь эргэм насны гоёмсог хослолтой эр
орж ирээд өмнөх сандал дээр нь зөвшөөрөл асуун суув. Суухдаа ханцуйгаа бага
зэрэг хойшлуулахад алтан ролекс цаг гялалзан харагдах нь эд мэдэхгүй хүний ч
нүдийг унагмаар үнэхээр тансаг чамин эд аж.
“Танай компаниар
үйлчлүүлсэндээ би их баяртай байгаа. Одоо харин нийт өрний таван хувь нь
үлдчихээд байна л даа. Уг нь нэг их юм биш ээ. Гэхдээ ямар ч хүн халаасандаа
орж ирэх сохор зоосыг ч хямгадаж байх ёстой гэж би боддог хүн. Тиймээс үлдсэн
авлагыг маань энэ долоо хоногтоо барагдуулж өгөх байх гэж найдаж байна шүү.”
“Би энэ хэргийн талаар
бага зэрэг судалсан л даа. Одоо таны өрийг төлөх ёстой хүнд ганц өрөө байр л
үлдсэн байгаа юм. Ар гэрийн хувьд тун эмзэг. Өөрөөр хэлбэл зээл авагч этгээд
ганцаархнаа ажил хийдэг, эхнэр нь хүнд өвчтэй, бага насны гурван хүүхэдтэй хүн
юм.”
“Би танай компанид анх
хүсэлт гаргасан шалтгаан нь иймэрхүү яриа өрнүүлэхгүйн тулд л юмсан. Тэрнээс
биш би хувиараа хөөцөлдөж байгаад авч болох л байсан шүү дээ.”
Ингэж хэлээд үл таних
эрхэм халааснаасаа янжуур гарган асаалаа. Буурал суусан үсээ эгц хойшоо
самнасан энэ хүний нүд нь Тамираа руу хорсож, бухимдсан харцаар ширтэх нь ангаа
одоохон барих гэж буй могойг санагдуулна. Энэ үед Тамираа компанийн хамгийн
эхний дүрмийг саналаа. “Ямар ч тохиолдолд үйлчлүүлэгчийн зөв”. Одоо дахиад хэдхэн жил ажиллахад л би
захирлын баруун гар болох нь дамжиггүй. Тэр хүртэл элдэв асуудал гаргаж хэрхэвч
болохгүй гэж бодонгоо,
“Өршөөгөөрэй эрхэм ээ. Энэ
долоо хоногийн сүүлчийн өдөр гэхэд таны дансанд үлдэгдэл өр төлбөр орох болно
гэдгийг менежерийн хувиар би амлаж байна. Таныг бухимдуулсан бол намайг
уучлаарай” хэмээн Тамираа хэллээ.
Танихгүй эрхэмд энэ үг
чамгүй нөлөөлсөн бололтой, могойны нүдийг санагдуулам харц нь зөөлрөөд ирлээ.
Гэхдээ одоо бол ангаа аль хэдийнэ бариад авчихсан цатгалан махчин амьтны нүдийг
санагдуулам ажээ.
“Тийм байлгүй дээ. Ийм
үйлчилгээтэй учраас л танайхаар би үйлчлүүлэх дуртай байдаг юм шүү дээ. Цаашдын
ажилд чинь амжилт хүсье” хэмээн босч, Тамираатай гар бариад, өрөөнөөс гарахын
өмнө үүдний тавиур дээрх цэцгийн саванд тамхиа дарж унтраачихаад гарч явав.
Тамхины ишинд нухлагдсан жижигхэн дэлбээ арчаагаа алдан хуниралдан үлдэхийг
Тамираа ажиглаж суув. Нарийн бичгийн даргаа дуудаад,
“Наад цэцгийн саваа гаргаж
хая.”
Туслах нь цэцгийн савыг
тэвэрсээр өрөөнөөс даруй гарав. Арваад минутын дараа хаалгыг нь хэн нэгэн
тогшлоо.
“Орж болно” гэхтэй
зэрэгцэн харуул хамгаалалтын нэгэн ажилтан өөрийнх нь ах бололтой төстэй
царайтай нэгэн хүнийг дагуулсаар орж ирлээ.
“Сайн байна уу, ноён
Тамираа. Энэ миний ах байгаа юм. Нэг хүсэлттэй орж ирсэн л дээ. Зээл авч,
эхнэрийнхээ эмчилгээнд зарцуулсан юм. Зээлийн эргэн төлөлтийн хугацаа болоход,
ер нь бол бүгдээрээ эрвийх дэрвийхээрээ зүтгэсний хүчинд зээлийнхээ ерэн таван
хувийг барагдуулчихсан. Гэтэл энэ долоо хоногт үлдсэнийг нь төл гээд байх юм.
Таны мэдэж байгаачлан ахын минь эхнэр хүнд өвчтэй, хэвтэрт байдаг. Мөн гурван
бага насны хүүхэдтэй. Зээлийн хугацааг нь хэдхэн хоногоор сунгаж өгөөч. Хэрэв
тэгвэл үлдсэн сүүлчийн хөрөнгө болох байраа зарж өрөө төлөөд, үлдсэнээр нь дунд
дүүрэгт нийтийн байранд орж болох юм л даа.”
Тамираа хамгаалагч
залуугийн ахыг ажиглалаа. Ажлын хувцастай явж байгааг нь харахад хар бор, хүнд
хүчир ажил хийдэг нь илт байв. Туранхайдуу өндөр биетэй бөгөөд ясархаг том гар
нь харлаж, үрчийснийг харахад ажлыг голохгүй хийдэг нь илэрхий. Царай нь
ядрангуй харагдах бөгөөд насандаа байхааргүй олон үрчлээтэй дух нь амьдралд
нухлагдсаныг илэрхийлж байв. Ах нь орж ирсэнээсээ хойш нэг ч үг унагасангүй,
харин Тамираа өөд царайчлангуй харна. Тамираа ийм харцанд дургүй. Өмнөөс нь маш
олон хүмүүс ийнхүү царайчлангуй харж байсан. Гэхдээ өр нэхэгч хүнд өрөвдөх
сэтгэл байж болохгүй. Тиймээс түүний шийдвэрээр олон ч гэр бүл сүүлчийн эд
хөрөнгөө хураалган, хориотой дүүрэг рүү шилжсэн дээ.
“За тэгэхээр... ноён
Мөнх-Оргил таны гэрээ, зээлийн үлдэгдлээс харахад энэ долоо хоногийн сүүлч
гэхэд та байраа чөлөөлж өгөхгүй бол байрнаас чинь албадан гаргах болно. Ямар ч
хүсэлтийг хүлээж авахгүй. Манай хүндэт үйлчлүүлэгчийн эрх ашгийг бид нар
хамгийн түрүүнд бодох ёстойг ойлгоно биз дээ.”
Хамгаалагч залуу эхлээд
түүн рүү дараа нь ах руугаа гайхсан нүдээр ширтэнэ.
“Ахад минь ганцхан боломж
олгооч дээ. Хэрэв гуравхан хоног хүлээчихвэл болох юм шүү дээ. Намайг тантай
хамт ажилладгийг минь бодолцож үзээч дээ. Гуйж байна.”
“Уучлаарай. Та нар одоо
гарна уу.”
Хамгаалагч залуу энэ удаа
түүн рүү хорсолтойгоор харж, шүднийхээ завсраар сийгүүлэн,
“Чи муу новш. Бүхэл бүтэн
гэр бүлийн хувь заяаг шийддэг хэн юм бэ чи?” гэж шүд зуун хэлээд, ширээн
дээгүүр даван өөр рүү нь дайран ирлээ. Энэ үед Тамираа хамгаалалтын ажилчдыг
дуудах түгшүүрийн дохиог дарж амжжээ. Хамгаалагч залуу Тамираагийн дээрээс дарж
унаган, ах нь хий дэмий л салгах гэж оролдох ч дийлэхгүй байв. Удсан ч үгүй
олон хамгаалагч нар гүйлдэн орж ирээд, Тамираагийн хоолойг боож байсан халдагч
этгээдийг ахтай нь цуг цахилгаан бороохойгоор тал талаас нь цохин газарт
унагаад, хоёуланг нь чирж гаргав. Тамираа сандал дээрээ суугаад, саяын болсон
явдалд цочирдон хэсэг суулаа.
“Та зүгээр үү?” хэмээх
туслах хүүхнийхээ дуугаар толгойгоо өндийлгөж харснаа уур нь хүрсэн янзтай,
“Иймэрхүү хүмүүсийг над
дээр битгий оруулж ирж бай гэж би хэлсэн байх аа. Манайд ажилладаг байлаа гээд
бусад хүмүүсээс ялгаа байна уу? Намайг алахаа шахлаа. Маргаашнаас ажилдаа
ирэхгүй байж болно. Мэдэв үү? Чи халагдлаа”
Туслахад нь гэнэтийн энэ
үг тун хүндээр туссан бололтой нүүрээ даран эхэр татсаар өрөөнөөс гүйн гарлаа.
“Муу новшнууд” гэж
үглэсээр Тамираа ханын шүүгээг онгойлгон, задалсан вискинээс стаканы дунд
хүртэл дүүргээд нэг амиар татаж орхив. Дараа нь хамгаалалтын албаны даргыг
өрөөндөө дуудаж авчраад, өөр рүү нь дайрсан хамгаалагчийг ажлаас нь даруй
халаад, цагдаа нарт хүлээлгэж өг гэж хэлэв. Ингэж хэлээд ч уур омог нь
дарагдахгүй байсан тул цагдаагийн газрын дарга руу утас цохин, хэсэг ярилцсаны
эцэст танхайрсан хэрэг дээр нь нэмж хэдэн хилс хэрэг хүлээлгэхээр болж
тайвшраад эргэж суудалдаа тухлав.
“Ясыг чинь цайлгана даа.
Тамираатай орооцолдсон хүн сайнаа үздэггүй юм” гэж амандаа үглэнэ. Удсан ч үгүй
ажлын цаг дуусах дөхсөн тул ажлынхаа арын хаалгаар гаран машиндаа сууж,
жолоочоороо гэрийнхээ доод зогсоолын хэсэгт хүргүүлэв. Машинаас гарахад нь
барилгын хамгаалалтын хүмүүс угтаж ирэв.
“Оройн мэнд, ноён Тамираа.
Таны ажил дээр бага зэрэг асуудал тулгарсан гэж хамгаалалтын албанаас чинь
мэдээ авсан тул таныг бид гэрийн чинь үүд хүртэл хүргэж өгнө” гэхэд нь Тамираа
гараа үл ялиг дохин хойноосоо дагуулав.
Цахилгаан шат ирэхийг
хүлээж байгаад ортол дөрвөн талд нь бахим биетэй жигдхэн хувцастай эрчүүд
хүрээлэн бүгд урагшаа харж зогсов. Ерэн давхар хүртэл өгсөх зуурт бусад оршин
суугчид орох гэсэн боловч, хамгаалалтын ажилтнууд эелдгээр өөр цахилгаан шатанд
суухыг хүссэн тул тэдгээр хүмүүс гайхсан байдалтайгаар хаагдаж буй хаалганы
цаана зогссоор үлдэнэ. Гэрийнхээ хаалганы өмнө ирээд, хаалганы кодоо хийх
гэснээ Тамираа хамгаалагч залуус руу эргэж харан,
“За болно доо залуус аа.
Би одоо орж дөнгөнө” гэхэд түүнийг ганцааранг нь орхилоо. Гэртээ ороход эхнэр нь түүнийг үүдний танхимдаа
хүлээн зогсож байв. Тааз өндөр, цэлгэр уудам танхимын голд үзэсгэлэнт эхнэр нь
түүнийг хараад баярласан боловч базаахгүй царайг нь ажаад, ажил дээр нь ямар
нэг зүйл болжээ гэж таамаглав.
“Миний хайртын ажил дээр
янз бүрийн юм болоо юу?”
“Тийм ээ. Нэг их сүртэй юм
биш. Гэхдээ бүгдийг нь зохицуулчихсан. Хүүхэд асрагч, гэрийн үйлчлэгч нар
явчихсан юм уу?”
“Тийм ээ. Чамайг ирэхээс
гучин минутын өмнө би явуулчихсан юм.”
“Аан. Сайн байна. Гаднын хүн
гэрт байхаар тухгүй санагдаад байдаг юм” гээд Тамираа бяцхан гүнжийнхээ өрөө
рүү алхлаа. Хүүхдийн өрөө нь зэгсэн том бөгөөд өрөөний нэг талд охин нь орон
дээрээ унтаж байлаа. Өрөөг тойруулаад битүү хүүхдийн тоглоомууд өрж тавьжээ.
Тамираа нойрсож буй гүнжээ хараад хамаг бухимдсан сэтгэл нь ул мөргүй арилах
шиг санагдав.
“Миний хайрт оройн хоолоо
идээрэй” хэмээн эхнэрийнхээ дуудах үед угаалгын өрөөнд орж гараа угаачихаад,
хоолны том ширээ бүхий зочдын өрөөндөө ороход ширээ дүүрэн төрөл бүрийн хоол,
зуушийг дэлгэн тавьжээ. Тогооч нь өнөөдөр ч гэсэн гараа гарган оройн зоог
бэлтгэсэн нь илэрхий байв. Тамираа ширээний ард суухад эхнэр нь бас өөдөөс нь
харж суулаа. Хоолоо идэж байх зуур эхнэр нь түүнийг хайр бялхсан нүдээр харна.
“Ямар азаар чамтайгаа
учираав дээ” гэж эхнэрийгээ хэлэхэд,
“Үгүй дээ. Харин би л
чамтайгаа учирсанаараа азтай” хэмээн Тамираа өөдөөс нь инээмсэглэн хэлээд, сайн
чанарын дарсаар дүүргэсэн хундагаа барин эхнэртэйгээ тулгав.
Үнэндээ залуу хосууд хэн
хүнээс илүүтэйгээр тансаг сайхан, аз жаргалтай амьдарч байлаа. Үнэтэй машинууд,
тансаг байр, дансанд их хэмжээний мөнгө, аз жаргалтай гэр бүл. Хүнд үүнээс илүү
юу хэрэгтэй байхав дээ. Гэхдээ энэ бүхэн долоохон хоногийн дараа сарнин алга
болохыг хэн хэн нь тааварласангүй.
Дараагийн долоо хоногт
Тамираа ээлжит нэгэн өдрийн ажлаасаа буун гэртээ харилаа. Гэртээ иртэл хэн ч
байсангүй. Эхнэр хүүхэд, гэрийн үйлчлэгч нар. Хамгаалалтын албанаас утасдан
тодруулахад,
“Нэг цагийн өмнө хатагтай
хүүхдээ ойролцоох цэцэрлэгт хүрээлэнд салхилуулахаар тэргэнд нь түрээд гарсан”
гэж хэн нэгэн хариулав.
Тамираа эхнэр хүүхдээ
удахгүй ирэхийг хүлээнгээ, зурагтаа асаан ойр зуурын мэдээ үзэж суув. Хоолны
ширээн дээр тогооч нь оройн зоог бэлдэж тавиад явжээ. Гэхдээ ганцаархнаа хоол
идэх ямар ч сонирхол төрсөнгүй.
Гар утсанд нь дуудлага
ирлээ. Утасны дугаар нь тодорхойгүй. Хаа нэгтээ гудамжны бүхээгтэй утаснаас
залгаж байгаа бололтой.
“Байна уу?”
“Байна аа. Эхнэр хүүхдээ
хүлээсээр байна уу?”
“Чи хэн бэ?”
“Чамайг сайн таних нэгэн
байна. Гэхдээ чи намайг тийм ч сайн танихгүй. Эхнэр хүүхэд чинь миний гарт
байна. Хаана гэдгийг таа даа? Бид нар хориотой дүүрэгт байна. Одоо новш минь
анхааралтай сайн сонсож бай. Эхнэр охин хоёроо дахиж амьдаар нь хармаар байгаа
бол дансан дахь бүх мөнгөө аваад хориотой дүүргийн харанхуй хороололд орших
“Чөтгөрийн нүх” бааранд нэг цагийн дотор ир. Сүүл дагуулж болохгүй. Хэрэв ямар
нэгэн өмхий цагдаа дагаж байгаа нь мэдэгдэх юм бол бид илгээмжээр гэр бүлийг
чинь явуулна гэж мэдээрэй. Ойлгов уу?”
“Сайн ойлгосонгүй.
Банкнаас мөнгө авахад нэг цаг хангалтгүй ш дээ. Тэгээд гэр бүлийг минь зүгээр
суллаж явуулна гэдэгт би яаж итгэх юм бэ?”
“Олон юм яриад байлгүй
хэлснээр минь хий. Мөнгөө дутуу авчрана гэж саналтгүй шүү. Эхнэр чинь надад
дансандаа хэд байгааг хэлчихсэн. Овор бага байлгахын тулд доллараар авчраарай.
Цагдаа болон хувийн хамгаалалтын албанд хандаж болохгүй. Жолооч болон бие
хамгаалагчаа авчирч болохгүй. Машинаа өөрөө барьж ирээрэй” гээд яаж уг газар
хүрч очихыг нарийвчлан хэлж өгөөд утсаа тасаллаа.
Дүүд дүүд гэх чимээ гар
утасны цаанаас сонсогдоход Тамираа газарт унагаж орхив. Тэр сандарч, айж
байгаагаа мэдрэв. Бие нь салганан чичирч, хамаг байдгаараа хашгирмаар
санагдана. Гар утсаа шүүрэн цагдаагийн газар руу залгах гэснээ гэмт этгээдийн
заналхийлэл санаанд нь орж, бушуухан далд хийв. Түргэлэх хэрэгтэй. Сейфнээсээ
банкны бичиг баримтаа хайн доторхыг нь бүгдийг буулгаж, шалаар нэг тараав.
Хайсан зүйлээ ч удалгүй олж, машины түлхүүрээ шүүрч аваад байрны доод зогсоол
руу буулаа. Машинтайгаа гарах үед нь хамгаалалтын нэгэн ажилтан,
“Та ийм орой гарч байж,
жолоочоо дуудахгүй яагаа вэ?”
“Зүгээр дээ. Ойрхон нэг
найзындаа оччихоод ирье. Замаараа бас эхнэр хүүхдээ ч авчихна.”
“За, за, болгоомжтой
яваарай” гэхэд түүний өмнө машин замын хаалт дээшээ өргөгдөв. Нэг хорооллын
цаана орших банкин дээр давхин очиж, хоёр том цүнх дүүрэн мөнгийг нэг нэг
гартаа барьсаар машиндаа буцан суулаа. Хориотой дүүрэг рүү давхихад
ойролцоогоор гучаад км-ийн зайтай ажээ. Замын хажуугаар тансаг хорооллууд урсан
өнгөрч, эгэл жирийн байшингууд залган хөвөрч эхэлснээ, хориотой дүүрэг рүү
дөхөх тусам байшин барилгууд нь муудаж, хуучран, зэлүүд болж эхлэв. Аймшигт
дүүрэг рүү тэр нэгэнт оржээ. Зорьсон газар руу дөхөх тусам хурдаа багасган
“Чөтгөрийн нүх” гэсэн нэрийг хайж эхлэв. Гудамжны гэрэлтүүлэг байхгүй, машин зам
нь олон жил засвар хийгээгүйгээс энд тэнд том жижиг нүх байсгээд л тааралдах
учир байнга тойрох шаардлага гарна. Замын хажуугийн хоёр давхар байшингуудад
гэрэлтэй цонх өдрийн од шиг л харагдах ажээ. Гудамжинд хог хөглөрөн, зэвэргэн
салхинд замбараагүй хийснэ. Хэсэг явсны эцэст гэрэлт хаягнууд анивчих зугаа
цэнгэлийн гудамжинд хүрч очив. Замын голоор аажуухан явах тансаг машин руу
гудамжинд хэсэг бүлэг, ганц нэгээрээ зогсох дээрэмчид, янхнууд сонжсон харцаар
харцгаана. Удалгүй зорьсон газраа ирлээ. Өмнө нь зогсож байснаа зоригоо
чангалан, нэг цүнхээ барьсаар дотогшоо оров. Хашир хандахын тулд нөгөө цүнхээ
машиндаа үлдээжээ. Чигээрээ явсаар бармен дээр очин, наад талын босоо өндөр
сандал дээр суугаад, хажуу талын сандал дээр цүнхээ тавив.
“Юу захиалах вэ?” барменыг
ингэж асуухад нь,
“Нэг хундага текилла.”
Бармен ч нэг текилла хундагалан урд нь тавьлаа.
Бааранд байгаа бусад хүмүүсийг ажиглахад бүгд л болж бүтэхгүй зүйл хийдэг нь
илэрхий мэдэгдэнэ. Бусад хүмүүс ч түүнийг хамгийн ихээр анзаарчээ. Энэ архи, тамхины
холилдсон өмхий үнэртэй, бүгчим, давчуу бааранд дээд дүүргээс ирсэн нь илэрхий,
тансаг хослол өмссөн түүнийг бүгд л амьтны хүрээлэнгийн хачин сонин амьтан үзэж
байгаа юм шиг харцгаан, хоорондоо түүний талаар ярилцах нь азаар баарны чанга
хөгжимд сонсогдохооргүй байв. Олон хүний анхаарлыг татсандаа эвгүйцсэн Тамираа
урагшаагаа ширтэн, текиллагаа ууж байгаа дүр үзүүлэн уруулаа хүргээд буцааж
тавив. Яг үнэндээ текилла гэхэд хэцүү новшийн амттай юу нь мэдэгдэхгүй зүйл
өөрт нь өгсөн байв.
“Сайн уу, царайлаг залуу
минь.”
“Би хүн хүлээж байна л
даа.”
“Эрэгтэй хүн үү, бүсгүй
хүн үү?” хэмээн тас тас хөхрөх хүүхний царай руу Тамираа харлаа. Хараажаар энэ
баарны шөнийн эрвээхэй бололтой. Биеэ хагас далдалсан зүйл л өмсчээ. Гуяа
хүрсэн гялалзсан түрийтэй, урт шөвгөр өсгийтэй гутал жийн, өгзгөө дөнгөж
далдалсан бариу хар банзал өмсөж, дээгүүрээ хөхөвч нь нэвт харагдах торон майк
өмсчээ. Нүүрээ нилээн будсан нь баарны бүдэгхэн гэрэлд сайн анзаарагдахгүй
байв.
“Эрэгтэй хүн.”
“Мөнгөө авчирсан юм шиг
байна. Гэхдээ нэг цүнхтэй нь хаана байгаа билээ? Чамайг хоёр цүнх банкнаас авч
гарсан гэж хэлсэн дээ” гэж чихэнд нь хүүхэн шивнэлээ.
Тамираа гэр бүлээ асуумаар
санагдсан ч биеэ барин,
“Нөгөө цүнхийг гэр бүлээ
харсаны дараа өгнө” гэв.
Хүүхэн түүн рүү ширэв
татан харсанаа, араас нь явахыг гараараа дохиж заагаад, түрүүлэн бослоо.
Тамираа ч цүнхтэй мөнгөө барин хойноос нь дагав. Хүүхэн явсаар чихэлдүү тавьсан
ширээнүүдийн хажуугаар өнгөрч, нэгэн хаалттай хаалганы өмнө очин, аяархан
тогшив. Хэсэг байзнасны дараа халзан толгойтой, майк өмссөн, ширүүн төрхтэй
залуу хаалга онгойлгож өглөө. Биеийн ил харагдах хэсгүүд нь битүү шивээстэй
ажээ.
“Мөнгөө ширээн дээр тавь”
хэмээн ширээний цаана бүдэгхэн гэрэлд суух нэгэн хэллээ. Тамираа ч хэлснээр нь
мөнгөө ширээн дээр тавив.
“Үлдсэн мөнгө нь хаана
байна?”
“Эхнэр охин хоёр минь
хаана байна?”
Ширээний цаана суух этгээд
халзан залууд нэг юм хэлэх шиг болоход Тамираагийн нүүр улаа бутраад явчихав.
Гэрэлд цохиулах шиг мэдрэмж, бас маш хүчтэй өвдөлт нүүрээр нь янгинан тархав.
Халзан толгойтой залуу түүнийг унатал нь дэлсжээ. Арай ядан босох гэж оролдсоор
өвдөглөн суув.
“Нөгөө цүнх хаана байна?”
“Машинд байгаа.”
“Гараад шалгаад ир” хэмээн
үл харагдах этгээд мулзан залууд хэлэв.
“Ноён Тамираа, уг нь чам
шиг дээдсийн зиндааны хүн ийм хогийн нүхэнд ирэх битгий хэл, ийм новшийн газар
байдгийг ч мэдэхээргүй амьдрах ёстой юмсан. Гэхдээ чи миний сайн танилыг
гомдоожээ. Эхнэр нь уржигдар нас барчихсан. Гурван бага насны хүүхэдтэйгээ
үлдсэн хөөрхий танил минь надаас тусламж гуйж ирсэн юм. Харин би түүгээр бүх
түүхийг нь яриулсан. Тэгээд өмнөөс нь өшөөг нь авч өгмөөр санагдсан хэрэг л
дээ. Түүний эхнэр үхсэний төлөөсөнд чи төлбөр төлөх нь шударга ёсонд нийцнэ.
Мөн би зуучилж өгсөний төлбөрөө ч авах болно.”
Энэ үед халзан толгойт
гаднаас орж ирэв.
“Машинд мөнгө алга.
Хулгайч нар ухчихсан бололтой, хаалга нь онгорхой байна.”
“Новш гэж. Тамираа, чи муу
тэнэг мал” гэснээ ширээний цаанаас үл таних эр босч ирэв. Халзан залуугаас
дутахааргүй булиа, дунд эргэм насны эр өмнө нь зогсож байв. Харин Тамираа руу
гэрэл туссан учраас царайг нь сайн харж чадсангүй. Гэхдээ мөрөө хүрсэн урт
үстэй нь мэдэгдэнэ.
“Ийм газар мөнгөө өөрөөсөө
алхам ч холдуулж болдоггүй юм. Одоо тэр мөнгө дахиж олдоно гэдэг худлаа. Нэг
азтай хулгайч тансаг амьдралд ингээд санаандгүй ордог юм байжээ. Харин надад
одоо ганцхан цүнх мөнгө үлдлээ. Энэ мөнгө хөөрхий танилын минь ар гэрийнхэнд
тусламж болгоход, бас миний зуучилсаны хөлсөнд арай л багадаад байна даа. Чи
гэр бүлээ авч явмаар байгаа бол дахиад нэг цүнх мөнгө хэрэгтэй болох нь дээ.”
“Би бүх мөнгөө авчирсан
шүү дээ. Надад одоо ямар ч мөнгө байхгүй. Хүсвэл миний машиныг авч болно. Гэр
бүлийг минь суллаад явуулчих л даа.”
“Тэгж ярихгүй ээ Тамираа,
би эр хүн шиг тохиролцдог. Хэлсэн үгэндээ хүрдэг. Гэтэл чи хүлээсэн үүргээ биелүүлсэнгүй.
Тиймээс үлдсэн төлбөрийг өөр аргаар олох санаа надад гэнэт төрлөө. Түүнийг арын
гудамжинд гаргаад эрэмдэг амьтан болтол
нь балбаад орхи, Мулзаак аа.”
Халзан залуу Тамирааг чирч
гулдран босгоод хаалгаар авч гарлаа. Тамираа хаалгаар гарахдаа зэргэлдээ ширээн
дээр пиво шимэн суух нэгэн танил царайг олж харав. Нөгөө залуу ч бас Тамирааг
таньсан бололтой пиво уухаа больж, түүн рүү гайхсан харцаар харсаар үлдлээ.
Арын хаалгаар гаргахад нарийхан харанхуй гудамж угтав. Халзан залуу түүнийг
түлхэн газарт унагаад, бэлдэж авч гарсан бейсболын цохиураа баруун гар руугаа
шилжүүлэв. Ойр хавьд хүн амьтны бараа ч алга, гагцхүү шөнийн тэнгэрт одод
тодхон гэрэлтэн анивчина. Хориотой дүүрэгт хэн нэгэн эл байдлыг нь харлаа ч огт
тоохгүй билээ. Учир нь энд өөрт хамаагүй хэрэгт хошуу дүрэхгүй байх алтан
дүрэмтэй. Халзан залуу түүн рүү ойртон, цохиураа далайгаад нүүр нүд, нуруу
бөгсгүй хамаг чадлаараа балбаж гарав. Цохилт болгонд нь Тамираа ёолон, биеэ
хурааж, гараараа хаахыг оролдовч энэ үйлдэл нь ямар ч нэмэргүй байлаа. Хичнээн
минут өнгөрснийг мэдэхгүй ч Тамираа одоохондоо ухаан алдаагүй л байв. Орчин
тойрноо харин сайн харж чадсангүй. Учир нь нүүрийг нь даган урсаж, аманд нь
амтагдах цус харагдах орчныг хязгаарлажээ. Одоо бол Тамираа биеэ ч хөдөлгөж
дийлэхээ байлаа. Зөвхөн лүг лүгхийн хааяа биенд нь жинтэйгээр буух цохилтыг чүү
ай мэдэрч байх шиг санагдана. Гэнэт бүх зүйл нам гүм боллоо. Дахиж лүг лүг
хийсэнгүй. Харин хэн нэгэн түүний нэг гарыг мөрөн дээгүүрээ дамнуулан хаашаа ч
юм зүтгэх ажээ.
“Тэсээрэй” гэх үгийг л
ухаан алдахынхаа өмнө сонсож амжив. Бүх бие нь халуу шатан, тэсгэлгүй өвдөж
байна гэж зүүдлэн байж ядна. Аль хир хугацаа өнгөрснийг бүү мэд, нүүрийг нь халуун бүлээн нойтон
даавуугаар арчихад Тамираа сэргэжээ. Толгой нь заадсаараа салах гэж буй мэт
янгинан өвдөж, хамаг бие нь энд тэндээ хөндүүрлэн, цээж, нуруу нь тэсэхүйеэ
бэрх шархирна. Нүдээ нээх гэтэл бүтэн нээгдэхгүй байв.
“За ашгүй ухаан орлоо”
хэмээн өөрийнх нь насны нэгэн эр хажууд нь хэлэх сонсогдов. Толгойгоо арай ядан
чиглүүлэн харлаа. Баарнаас гарч явахад ширээн дээр сууж байсан зүс таних залуу
эр байв.
“Чи хэн бэ?”
“Мартчихаа юу даа. Муу л
байна даа, Тамираа. Бид сайхан найзууд явсан шүү дээ, намайг Хориотой дүүрэг
рүү явах хүртэл.”
“Сүлдээ юу?”
“Тийм ээ. Өөр хэн байв
гэж. Чамайг гурав хоногийн өмнө баарны гадаа үхлүүт хэвтэж байхад чинь би олж
гэртээ авчирсан юм. Гэхдээ сураг сонсох нээ, чамайг тэд нар хайж л байгаа юм
байна. Чи том хэрэгт орооцолдсон бололтой. Чинжүүтэй орооцолдоно гэдэг азгүй
залууст л тохиох хувь тавилан юм даа.”
“Чинжүү гэж хэн бэ?”
“Чинжүү бол хориотой
дүүргийн дээрээсээ хоёрт орох хүн шүү дээ. Галзуу Чинжүү гэж хүмүүс нууцаар
хочилдог юм. Чамайг тэр баруун гарын туслахаараа нэвширтэл зодуулсан юм билээ.”
“Эхнэр хүүхэд минь яасан
бол?”
Сүлдээ түүний нүүрийг
арчихаа больж нэг том харлаа.
“Эхнэр хүүхдийг чинь
хулгайлчихаа юу?”
“Тийм ээ.”
“Би сайн хэлж мэдэхгүй
байна. Муу зүйл тохиолдоогүй байгаасай гэж залбирах л үлдэж дээ, багын анд
минь.”
Тамираа гэнэт эхэр татан
уйлмаар санагдав. Урьд нь хэрхэн хүмүүст өршөөлгүй ханддаг байснаа бодож,
өөрийгөө ч зүхмээр. Түүний шийдвэрээр орон байрнаасаа хөөгдөн хориотой дүүрэг
рүү ирж байсан хүмүүсийн хичнээн хувьд өөрийнх шиг нь эмгэнэлтэй хувь заяа
тохиолдоо бол? Биеэ хөдөлгөн босох гэсэн боловч яснууд нь янгинан өвдөж, өөрийн
эрхгүй буцаад шургачин уналаа.
“Хөдөлгөөнгүй хэвт дээ.
Хөл дээрээ босох хүртэл чинь дор хаяж долоо хоног хэрэгтэй. Харин нүүр ам чинь
хүнд танигддаг болтол хагас сар болох байх шүү” хэмээн Сүлдээ шогшрон хэлэв.
Сүлдээ энэ өдөр түүнийг
амраах гэсэндээ дахиж яриа өрнүүлсэнгүй. Харин идэж, уух зүйл ам руу нь цутган
тордов. Сүлдээ ганцаараа амьдардаг ажээ. Умгар жижиг өрөөний нэг буланд жорлон,
угаалтуур нь зэрэгцэн оршино. Тавилга гэхээр зүйл бараг байсангүй. Ганц хүний
нэг ортой учраас Сүлдээ газар унтана. Зургаа хоногийн дараагаас Тамираа ойр
зуур алхдаг болов. Толинд анх өөрийгөө хараад Сүлдээ үнэн хэлснийг ойлгожээ.
Хамаг нүүр нь битүү хавдан, хөх эрээн өнгөтэй болжээ. Уруул, хөмсөг нь язарч,
хацрынх нь яс бяцарч, хоёр шүд нь хугарсан байв. Нийтдээ арваад хоносны эцэст
Тамираагийн бие овоо дээрджээ. Гэр рүүгээ утастах гэтэл утас ч олдсонгүй.
Угаасаа цагдаа нарт хэллээ ч хориотой дүүрэг рүү тэд хэзээ ч ирэхгүй билээ. Бас
эхнэр хүүхдээс нь сураг гарсангүй. Уг нь Сүлдээ нөгөө баараар орой бүр эргэлдэн
шиншлэх авч юу ч олж мэдэж чадсангүй ирэх аж. Харин нэг өдөр Сүлдээ аахилж
уухилсаар өрөөндөө орж ирээд,
“Дээдсийн хүрээлэнгийн нэг
хүүхний сураг сонсогдлоо. Чинжүү түүнийг өөрийнхөө байшинд хэд хоногийн өмнө
аваачсан гэнэ.”
“Өнөөдөр очих уу, Сүлдээ?”
“Галзуураа юу? Хаалгыг нь
шууд тогшоод, эхнэртэйгээ уулзах гэсэн юм аа гэвэл Чинжүү чиний толгойд сум
зоох нь гарцаагүй. Хоёулаа маргааш шөнө байшинд нь нэвтэрнэ. Чинжүү маргааш
бооцоот цуст тулаан болох газар очиж мөрий тавин зугаацах нь эргэлзээгүй. Тэр
үед байшин нь эзгүй байх болно. Хориотой дүүргийн золбин нохой ч тэдний байшин
руу ойртохоос эмээдэг юм. Тэр бол энэ газрын босс.”
“За ойлголоо. Маргааш
хүртэл би яаж тэснэ дээ.”
“Тэсэхээс өөр замгүй. Би
хоёр балиус, нэг цохиур бэлдсэн. Олдож байгаа нь л энэ.”
Тэр шөнөдөө Тамираагийн
нойр нь хүрсэнгүй. Эхнэр нь яаж зовж байгаа бол? Түүнийг хэрхэн санагалзан уйлж
байгаа бол? Хөөрхий үр нь хаана байгаа бол гэхчлэн түмэн бодол толгойд нь
эргэлдэх ажээ. Хүсэн хүлээсэн маргааш шөнө нь болов. Сүлдээ өөрийн ямбий хар
машины сэгээ асаан явж, Чинжүүгийн байшингаас нэг гудамжны цаана зогсоов.
Байшингийн арын өндөр хашааг даван, хашаанд нэвтэрлээ. Чимээ анир, гэрэл гэгээ
аль нь ч байсангүй. Хоёр давхар томоохон байшин ажээ. Сүлдээ нэг давхрын цонхыг
хөшин онгойлгоод өөрөө түрүүлж оров. Дотор ороод Тамирааг татан оруулж, гар
чийдэнгээ асаалаа. Өрөөнөөс өрөө дамжин хоёр давхруудын бүх өрөөг нэгжсэн
боловч хэн ч тааралдсангүй. Эрэл мухардах шинжтэй болж ирлээ. Нэг давхрын
булангийн өрөөний хаалга Тамираагийн сонирхлыг татав. Хаалгыг татаж үзэхэд
түгжээтэй ажээ. Сүлдээ мөрлөж нэг үзсэнээ, цоожийг нь хөшиж эвдэн дотогш
түрүүлэн орлоо. Орохдоо чи наанаа хүн хараад байж бай гэж Тамираад захижээ.
Сүлдээ ороод тав зургаан минутын дараа зэвхий царайлан гарч ирэв.
“Доор юу байна?”
Сүлдээ юу ч хэлсэнгүй.
Тамираа дахиад асуув.
“Чи ороод хэрэггүй байх аа
анд минь.” Чичирхийлэн байж хэлсэн энэ үгийг сонсоод Тамираа хар хурдаараа доод
хонгил руу гүйн оров. Чийдэнгийн тусгалд хонгилын өрөөний голд хавтгай төмөр
орон дээр хэвтүүлсэн эхнэрийнх нь царай харагдав. Царай нь цусгүй мэт цонхигор
цагаан болжээ. Харин биеийг нь хар бараан өнгийн даавуугаар бүтээсэн байв.
Тамираа аажуухан ойртож, эхнэрийнхээ нүүрэнд гараа хүргээд давхийтэл цочив.
Нүүр нь мөснөөс хүйтэн байв. Нүднээс нь нулимс тасралтгүй гоожин, чичирхийлсэн
гараараа бүтээлгийг сөхөж харлаа. Харсан зүйлдээ итгэсэнгүй. Эхнэрийнх нь биед
задлан хийгээд хамаг дотор эрхтнүүд нь хоосон байлаа. Энэ хүртэл арай ядан тэсч
байсан Тамираа асгартал уйлж, орилж хашгиран хана руу очин балбаж гарав. Энэ
чимээнээр нь Сүлдээ бууж иржээ. Түүнийг тайвшруулан, авч гарахыг оролдоно. Гэвч
Тамираа тэрхэн хугацаанд өөрийн ухаан мэдрэлээ алдаж орхижээ. Эхнэрийнхээ
толгойг тэврэн мэгшин уйлсаар л байв. Гэнэт Сүлдээ чимээ сонссон бололтой,
“Сонс доо. Байшингийн
гадаа машин ирж зогслоо.”
Үүнийг сонсоод Тамираа
уйлахаа больжээ. Түүний дотор өшөө хорслын хилэн буцалж, хэнийг ч болтугай
тасар татан хаяхад бэлэн байлаа. Сүлдээ Тамираа хоёр аажуухан нэг давхарт гарч
ирэв. Гол хаалганы хоёр талд зогсоцгоон, хүмүүс орж ирэхийг хүлээв. Аз болж
хаалгыг түлхүүрдэн ганцхан хүн орж ирлээ. Орж ирэнгүүт нь Сүлдээ араас нь
цохиураараа цохиж газарт унагав. Чийдэн тусгаж хартал Тамирааг баарны гадаа
бялба нүдсэн мулзан толгойт эр байлаа. Түүнийг хоёулаа сандалтай хүлэн суулгаж,
чийдэнгээ тусган байцааж эхлэв.
“Эхнэрийг минь яагаад
ингэж зэрэмдэглэсэн юм бэ?”
“Янхан байсан учраас.
Ойлгов уу?” Тамираа балиусаараа зүүн мөр рүү нь нэвт бүллээ,
“Хариулт буруу байна, муу
адгийн амьтан минь. Чамаас бүх үнэнийг олж мэдэх хүртлээ бүх эрхтнүүдийг чинь
ганц ганцаар нь огтолж хаяна даа.”
Гэвч мулзан тойлгойт чанга
эр байлаа. Тийм ч амархан бүгдийг ярьсангүй. Гэхдээ Тамираагийн уур хилэн
оргилдоо хүрсэн байсан учраас доод хонгил руу түүнийг чирж оруулан, хаалгаа
сайтар түгжиж байгаад долоон хурууг нь огтолж, нэг хөлийг нь шилбээр нь
хугалсны эцэст мулзан толгойт ярьж эхэлжээ.
“Эхнэрт чинь мэс заслын
эмч нараар задлан хийлгээд дотор эрхтнүүдийг нь өндөр үнээр хүмүүст зарчихсан.”
“Хүүхэд хаана байна?”
“Хүүхэд чинь хориотой
дүүрэгт байхгүй. Дунд дүүрэгт орших хүүхдийн асрамжийн газарт өгчихсөн.”
Энэ өгүүлбэрээ хэлж дуусав
уу үгүй юу Тамираа түүнийг нэгмөсөн цааш харуулжээ. Байшингаас гараад Сүлдээ
түүнд машиныхаа түлхүүрийг өгөн,
“Анд минь. Эндээс бушуухан
явж үз. Өнөө шөнөдөө дунд дүүргээс хүүхдээ олж аваарай. Мөн Саарал хотоос
бүрмөсөн явсан чинь дээр. Чинжүүгийн гар хөлийн үзүүр урт, хэнийг ч гэсэн олдог
юм. Бүр гадаад руу дүрвэх нь ч дээр байж магадгүй.”
“Чи хамт явахгүй юм уу?”
“Би зүгээр дээ. Намайг чамтай холбоотойг хэн ч мэдэхгүй.
Би бол хориотой дүүргийн иргэн. Эндээс өөр газар надад амьдрал олдохгүй биз.
Биеэ бодож яваарай анд минь.”
“Чи ч гэсэн, анд минь” хэмээн Тамираа Сүлдээг чанга
тэврээд, машин руу хамтдаа алхлаа. Замдаа Сүлдээг нэг газарт буулгаад дунд
дүүрэг рүү эцсийн хурдаар нь гишгэлээ. “Хүүхдийн асрамжийн газар” хэмээх нэгэн
хаягийн өмнө машинаа зогсоов. Хаалгыг нь балбасаар тайлуулан орж, жижүүр эмчтэй
уулзан бүх учраа хэлж, гуйсны эцэст нялх хүүхдүүдийн унтаж буй өрөөнүүдээр
оров. Хоёр дахь өрөөнд ороод л юу болсныг огтхон ч мэдэхгүй, дуг нойрондоо
дугжрах бяцхан охиноо шууд таньжээ. Тамираа үрээ тэврээд нулимс унаган цурхиран
уйлах нь баяр, харууслын алин болохыг хэн ч мэдэхээргүй байлаа. Хоёр өдрийн
дараа гэхэд Тамираа бяцхан охинтойгоо цуг гадаад руу онгоцоор нисчээ.