Saturday, June 11, 2016

Сэтгэлд хоногшсон өгүүллэгүүд

Энэ номонд 19-20-р зуунд Японд амьдарч байсан зохиолчдын өгүүллэгүүд орсон байна. 9 зохиолчийн товч намтар өгүүллэгүүдийнх нь өмнө байсан учраас намтрууд нь бас сонирхолтой байлаа. Гэхдээ тал хувь нь их залуугаараа өнгөрсөн байгаа нь Японд байдаг нөгөө айхтар амиа хорлолттой холбоотой. Энэ номноос 18-19-р зууны Япончуудын энгийн аж амьдрал гарч байгаа ч заримдаа Монголын өнөөгийн нийгэм цухас дурдагдаад байх шиг санагдсан шүү. Жишээ нь ажил олдохгүй байгаа хүүгээ ажилтай болгох гэж шахах эцэг эх, нас нь явж байгаа хүү, охиноо эхнэр нөхөртэй болгох гэсэн хүсэл, хүүхдүүддээ залуугийнхаа амьдралын талаар сургамж сургаалиас айлдах аав ээж нар гэх мэт.

Энэ дундаас "Саншёо Даюү" болон "Амиа егүүтгэгчийг аврах ажил" өгүүллэгүүд хамгийн их таалагдсан бөгөөд товч сийрүүлье.

Саншёо Даюү бол хулгайлагдсан хүмүүсийг худалдан авч өөртөө үнэ хөлсгүй ажиллуулдаг чинээлэг өвгөний нэр. Гэхдээ өвгөн бол тухайн зохиолын гол дүр биш, харин ээжтэйгээ цуг алга болсон аавынхаа хойноос явж буй Анжү охин болон Зүшио хүү нар бол гол дүрүүд. Аавынхаа хойноос ээж, зарц хүүхэнтэй дөрвүүлээ аялж явахад муу санаат хүнтэй таарч үгэнд нь хууртан өөрсдөө ч мэдэлгүй хүний наймааны золиос болцгоон, зарц хүүхэн, эх хоёр нэг завин дээр, эгч дүү хоёр өөр завин дээр завьчдын сэлүүрдэж байгаа далайн хоёр эсрэг чиглэлд хөвснөөр эх, охин, хүү гурав амьдын хагацал үзэх юм. Эгч хүний хувьд Анжү охины хэрсүү, нарийн арга ухаан, Зүшио хүүгийн амьдралын хичээл зүтгэл тэднийг дахин уулзуулах болов уу?

"Амиа егүүтгэгчийг аврах ажил". Үзэсгэлэн төгс бүрэлдсэн байгал, далайн усыг татсан далан суваг, эрэг дээр нь баригдсан гоёмсог жижигхэн байшинд охинтойгоо цуг хоёулхнаа амьдрагч эмгэн. Гэвч Киото хотын дундуур баригдсан энэ хориод метрийн өргөнтэй суваг бол амиа хорлоход хамгийн тохиромжтой газар. Харин эмгэн бол амиа хорлохоор усанд үйгч хүмүүсийг өөрийн бэлдсэн саваагаараа татан гаргагч ачтан, бас хүний амийг аварсны шагнал болох мөнгөөр захиргаанаас байнга шагнуулна. Гэвч эмгэнд аврагдсан хүмүүсээс нэг нь ч түүнд эргэж баярласан талархсанаа илэрхийлж байсангүй. Яагаад вэ гэдгийг эмгэн зохиолын төгсгөлд л ойлгоно.

Friday, June 3, 2016

Аугаа хүмүүсийн эгэл бус хувь заяа

Аугаа хүмүүсийн эгэл бус хувь заяа номонд 20-р зуун болон тэрнээс өмнө амьдарч байсан суут хүмүүсийн намтруудыг бичжээ. Дунд сургуульдаа физикийн хичээлдээ муу сурдаг байсан А.Эйнштейнийг харьцангуй онол хэмээх агуу нээлтээ хийнэ гэж хэн мэдлээ. Харьцангуйн онолыг хамгийн энгийнээр өөрөө тайлбарлахдаа "Та үзэсгэлэнт сайхан бүсгүйтэй цаг гаруй байхад ердөө л ганц минут өнгөрөн мэт санагдах ахул, цахилгаан халаагуур дээр нэг минут суухад бүтэн цаг болсон мэт бодогддог биз дээ" гэжээ.
Энэ номонд маш олон бизнесмэнүүд, улстөрчид, кино одууд, зохиолчид, хөгжмийн зохиолчид гэх мэт янз бүрийн хувь заяатай хүмүүсийн талаар дурдсан буй.
Америкийн зохиолч Эдгар По гэхэд 26 насандаа 13-хан настай охиныг эхнэрээ болгон сууж, насан туршдааа ядуу зүдүү байсаар нас барж байхад, Францын адал явдалт романуудын мастер А.Дюма маш хүүхэмсэг буюу хэдэн зуу, мянган эмэгтэйтэй янаг амрагийн харьцаатай байсан. Түүнээсээ шалтгаалж олон ч ирүүл тулалдаанд сэлэмтэй, гар буутай орж байсан байх жишээтэй. Бүр нэг дор 5 романаа зэрэг худалдаанд ч гаргаж байжээ. Гэвч асар их мөнгө хөрөнгөө зугаа цэнгэл, хүүхнүүдэд хамаагүй цацсанаас насны эцэст мөн л ядуу тарчиг амьдралаар насан эцэслэжээ.
Дейл Карнеги өөрөө зохиолч, лектор хүн учраас түүний номонд орсон 44 хүний нэлээдгүй буюу 8 нь нэр алдартай зохиолч нарын тухай байсан юм.


Энд мөн радио, нисэх онгоц зохион бүтээгч нар, Клеопатра хатан хаан, Ленин, А.Линкольн, М.Ганди зэрэг улстөрчдийн намтар ч оржээ. Уншихад авсаархан, орчуулга нь давгүй сайхан ном байна.

“Цээнээ бид хоёр” өгүүллэг /шинэчлэн бичсэн/ Ц.Оюунбат

Алтан шар зам жирэлзэн өнгөрч тоосонд дарагдан хоцрох нь хүмүүн бид нарын амьдрал, дурсамж өнгөрсөнд үлдэхтэй эгээ л адил санагдана. Арха...