"Зуун жилийн ганцаардал"-ыг багадаа уншаад нэрнүүд дунд нь төөрсөөр байгаад өнгөрч билээ. Саяхан дахиж уншихдаа энэ зургийг харж байгаад уншсан чинь их дөхөм юм. Хосе Аркадио Буэндиа, Урсула нарын үр удмын зуун жилийн түүх, сэргэн мандалт, доройтол, амьдрал, тэмцлийг харуулсан энэхүү аугаа романыг уншихад яагаад ч юм дотор жихүүдэс төрж, зохиолын гол дүрүүд шиг ганцаардалд автан, бодит байдал ид шид, далд ертөнц холилдсон орчинд автаж байсан билээ.
Хамгийн эхний Хосе Аркадио Буэндиа ба түүний эхнэр Урсула Игуаран нар хэсэг нөхдийн хамт шинэ амьдрал эрэн халуун гэж нөхцөлгүй газарт ирэн Макондо гэж суурин байгуулсан нь зуун жилийн хугацаанд Хосе Аркадиогийн удмынхан шиг мандан бадарч, хөгжиж цэцэглэнэ. Хосе Аркадио, Аурилиано Буэндиа, Урсула, Ремедиос, Амаранта зэрэг нэрүүдийг сайн цээжлээд аваарай. Яагаад гэвэл эдний удмынхан шинэ хүүхэд төрөх болгонд өвөг дээдсээ дурсан хүндэтгэж, өвөг, элэнц эцэг эхчүүдийн нэрийг өгчихөөд байдаг талтай. Тиймээс энэ чинь аль Хосе Аркадио, Аурилиана Буэндиа эсвэл Ремедиос билээ гэж дахин дахин зургаа үзэх хэрэг гарах юм. Хосе Аркадио Буэндиа болон Урсула Игуан нарын үр удмын нэг муу зуршил нь хамаатан садан, авга, нагацаа сонирхоод эр эмийн нүдээр сонжоод байдаг талтай, тиймээс эднийд цус ойртсон холилдсон, тэр ч байтугай гахай сүүлтэй төрсөн нь ч бий. Дуусч төгсөшгүй иргэний дайн, зугаа цэнгэл, ажил хөдөлмөр, эд баялаг, алдар суу, эрдэм мэдлэг, үгүйрэл хоосрол, завхайрал янхандалт гээд энэ зохиолд байхгүй юм үгүй ээ. Зохиолын тайлал хэсэг хамгийн сүүлийн хуудсан дээр дуусч, уншигч нар тэрхүү хэсгийг нь уншаад нэг бол жигтэйхэн амар амарлингуй болж, эсвэл гэнэт зүрх сэтгэл нь эзгүйрээд явчихдаг болов уу гэж хувьдаа бодлоо.
Wednesday, March 22, 2017
Friday, March 10, 2017
“Бороон дуслууд” өгүүллэг
Тэр шуудхан цаашаа
эргээд жишим ч үгүй хурдан алхлан байрны
минь буланг тойроод бараа нь алга болов. Хоёр жил гэдэг тийм богинохон хугацаа
гэж үү? Эсвэл эр хүний бүсгүй хүнээс уйддаг хугацаа нь юм болов уу? Яг бид
хоёрын уулзаж суудаг байсан хүүхдийн тоглоомын талбайн урт сандал дээр намайг
үлдээж орхихдоо ядаж эргэж ч харсангүй, баяртай ч гэж хэлсэнгүй, гагцхүү
ямарваа нэгэн зүйлээс зугтаж байгаа аятай алхаагаа түргэсгэн алга болсонд нь
гомдохын ихээр гомдож, асгартал уйлмаар санагдсан ч хажуугийн сандлууд дээр
нарлаж суусан байрны эмээ өвөө нараас санаа зовоод хариугүй урсах нулимсаа
тэвчин гэр рүүгээ орохоор гүйлээ. Аав ээж, ах нар азаар гэрт байхгүй байгаа нь
яамай даа. Түлхүүрдэж орж ирээд орон дээрээ тэрийн унахтай зэрэгцэн нус
нулимстайгаа холилдож гарав. Уйлаад л, мэгшээд л байсан ч толгойд юу ч орж
ирэхгүй юм. Хэр удсаныг мэдэх юм алга. Гэрийн хаалгыг түлхүүрдээд нэг хүн орж
ирж байгаа чимээ сонсогдонгуут уйлахаа болин угаалгын өрөө рүү явсан боловч
ахтайгаа таарчихлаа. Мэдээж ах намайг анзаарч,
“Миний дүү яагаад
уйлаад байгаа юм?” гэж тайвшруулсан ч хажуугаар нь сонсоогүй юм шиг зөрөн
угаалгын өрөөний хаалгыг дотроос нь түгжээд авав. Усыг гоожуулан толинд
өөрийгөө хартал час улаан хоёр нүд байдгаараа бөлцийчихсөн өмнөөс ширтэж байв.
Батзаяа намайг яагаад хаяж байгаа юм бол? Надад яагаад ингэж хандаж байгаа юм?
Түмэн асуултууд толгой дотор эргэлдэн зовоож эхлэв. Тэр өдөртөө би өрөөнөөсөө
цухуйсангүй, гэрийнхэндээ оройн хоол хийж өгсөнгүй, том ах надад хэцүү байгааг
мэдэж байсан учраас оройн хоол хийсэн л дээ. Миний хоолойгоор харин оройн хоол
давж өгсөнгүй, чихэвчээ зүүгээд дуу сонсож тайвшрахыг хичээнэ. Азаар намайг маш
сайн ойлгодог аав, ээж, ах нартай хүн дээ би. Хэн ч хаалга тогшиж, өрөөнд орж
ирэн сэтгэл тавгүйтүүлэхийг бодсонгүй, ээж сурсан зангаараа маргааш нөгөөдрөөс
хоёулхнаа байхдаа яасныг асууна байх.
Өглөө хичээлдээ
явахдаа лекцэн дээр Батзаяаг байгаа болов уу гэж харсан ч хаана ч харагдсангүй,
бид хоёр өөр анги ч гэлээ Даваа гаригийн лекцэнд цуг сууж таардаг юм. Тэр
сурсан зангаараа ангийнхаа хөвгүүдтэй зэрэгцэж суугаад онгоц буудаж, эсвэл ямар
нэгэн хөгжилтэй юм шивнэлдэн инээдээ барьж ядан суудагсан. Харин найзууд нь
сууж харагдангуут би шуудхан тэднийг чиглэв. Аль болох биеэ барихыг хичээн,
“Батзаяа хаана байгаа
юм?” гэхэд, хөвгүүд л болсон хойно тоглоом шоглоом хийцгээн,
“Танай дурлалт залууг
бид нар яаж мэдэх вэ дээ? Найз залуугаа гээчихээ юу?” гэж ам уралдуулан
асуултаар булж, инээлдэцгээхэд тэдэнтэй ярих өөр зүйл үлдсэнгүй.
Лекц урт удаан,
уйтгартай өнгөрөв. Хичээлээс би юу ч ойлгосонгүй, ганцхан Батзаяа хаана байгаа
талаар, яагаад лекцэндээ суугаагүйн хариултыг олох гэж хичээсэн ч мэдэх юм
алга. Надтай таарахгүйн тулд албаар тасалсан болж таарлаа. Аймхай ч эр бол доо.
Өчигдөрхөн “Хоёулаа салъя” гэж хэлэхдээ огт торохгүй, гэхдээ нүд рүү харж
зүрхлэхгүй байсан шүү. Арга ч үгүй хоёр жилийн өмнө дөнгөж нэгдүгээр курст
байхад яаж миний араас үхэн хатан гүйдэг байлаа. Танилцсан түүх нь ч сонин. Их
сургуулийн сагсны тэмцээн дээр Батзаяаг сайн тоглодог юм байна даа гэж оноож
харан битүүхэндээ шохоорхсон ч гэлээ сургууль дээр нэг л таарч өгөхгүй байв.
Тэгтэл номын санд хичээл хийгээд сууж байтал Батзаяа гэнэт өмнө минь сууснаа
“Програмчлалын номоо түр өгч байгаач?” гэж асуух нь тэр. Догдлох, түгших
зэрэгцэн “Май ав л даа” гээд номоо итгэлгүйхэн сунгатал “Чамайг Алимаа гэдэг
байх аа, би танай курсынх. Батзаяа гэдэг” гэж танилцаж байлаа. Ном буцааж өгөх,
өөр ном авах гээд уулзах шалтаг гаргасаар байгаад нэг л өдөр цэцэг барьж ирэн
орцонд минь гаргаж ирээд “Надтай үерхээч, би чамайг хэзээ ч гомдоохгүй, нүднээс
чинь нулимс гаргахгүй” гэж тангараглах нь холгүй гуйж байсан хүн өчигдөр ямар
өөдгүй зан гаргав аа, бодохоос ч уур хүрмээр юм. Тэр өдөр хоёрхон парын хичээлтэй
байсан учраас гэр рүүгээ эртхэн зүглэв. Нэгэнтээ миний утасны дуудлагыг авахгүй
байгаагаас хойш гэрийнх нь хажуугаар өнгөрөхдөө харуулдаад өнгөрөхийг бодлоо.
Гэнэтхэн л харилцаагаа таслахыг шийдсэнийг бодвол ямар нэгэн гэнэтийн зүйл
тохиолдсон ч юм бил үү гэж давхар санаа зовоод байсан хэрэг л дээ. Хоёр жил
үерхэж, байнга хамт байгаагүй ч гэлээ тодорхой хэмжээгээр Батзаяаг таньсны
хувьд ийм хурдан огцом шийдвэр ч гаргах хүн биш. Ямар сайндаа л англи хэлний
улирлын шалгалтан дээрээ тестүүдээ нэг бүрчлэн шалгаж нягтлан хариулсаар
байгаад шалгалтын цаг дуусахад дөнгөж 50 хувийг нь бөглөөд бусдыг нь хоосон өгч
байх вэ дээ. Орцных нь өмнө итгэл муутайхан хэсэг зогссоноо бардам зан минь
хөдөлж шалавхан явахаар шийдэв. Гэнэтхэн өөрөөсөө ичих ч шиг, хэзээ байтлаа
эмэгтэй хүн араас нь гүйдэг байлаа даа.
Хэд хоног өнгөрөв.
Ямар ч сураг ажиг байсангүй, одоо бол утас нь ч холбогдохоо болиод хэд хонож
байв. Би ч хоол унднаас гаран турж эцэн, нүднээс гарч байгаа нь ээжийн нүдэнд
илт байгаа бололтой, надад аль болох хамгийн амт, шимттэй хоол унд хийж өгөх
гэж мэрийхэд хайрт ээжийгээ өрөвдөх ч шиг, тиймээс аль болох сэтгэл санаагаар
өөдрөг байхыг хичээвч болж өгөхгүй л юм.
Сургууль дээр найзуудаас
нь харин сураг сонсогдож, Батзаяаг сургуулиасаа гарсан талаар мэдэж авав. Яагаад
гарсан шалтгаанаа нэг ч найздаа хэлээгүй гэх нь сонин санагдаж байгаа ч
магадгүй надад битгий хэлээрэй гэсэн ч байж болох юм. Гэрийнх нь хажуугаар
өнгөрөхдөө цонх руу нь дэмий л ширтэв. Орц руу нь ороод хаалгыг нь цохиж үздэг
ч юм бил үү гэж бодоод шатаар өгсөж явтал Батзаяа нэг охинтой юм яриад бууж
байгаа нь сонсогдонгуут амжиж давхрын хананы цаана нуугдан өнгөрүүлж араас нь
гарав. Батзаяа өөрөөс нь хоёр гурав дүү болов уу гэмээр жижигхэн охинтой их л
чухал зүйл ярин зогсоол дээрх ганган машин руу очиж өөрөө урд суудал дээр,
харин тэр охин жолооны ард суугаад хөдлөөд явав. Одоо л салсан шалтгаан нь
тодорхой болж байх шив дээ. Тэнэг нулимс. Дахиад л өөрөө сул асгарч гудамжинд
хөгөө чирэн гэр хүртлээ алхах нь гэж бодож амжив.
Азаар бороо орж
эхэллээ. Тэнгэрээс унаж ирж байгаа том том ширхэгтэй хүйтэн дуслууд хацар нүүр,
үс гэзэг рүү хайр найргүй дусалж байсан ч надад огтхон ч хамаа алга. Яагаад
гэвэл бороонд уйлж байгааг хүмүүс мэддэггүй юм. Харин өөдөөс зөрсөн хүмүүс
борооноос зугтан гүйх нь шахуу өнгөрөхдөө ажиггүй алхах намайг гайхасхийн
зэрвэс хараад холдон одно. Юу гэж бодож байгаа бол?
Шалба
норсон би гэртээ ороход ээж намайг халамжлан халуун цай уулган, алчуур авчран нүүр
үс арчуулахдаа намайг энхрийлсэн, хайрласан харцаар харж буй нь илт бөгөөд
анхны бүтэлгүй хайрандаа шаналан буй охиноо эхийн зөн совингоор мэдэрч байгаа
бололтой. Ээжид ер нь ааваас өмнө өөр хүн байсан болов уу гэсэн этгээд бодол
орж ирэхэд бушуухан шиг мартахыг хичээн ээжээс нүдээ дальдчуулав. Хүн
шаналахлаар элдвийн хачин бодлууд толгойд орж ирдэг байх л даа.
Шөнө нь унтахаар
орондоо орон хэвтсэн ч гэлээ хамт явж байсан охиных нь царай харагдаад нойр
хүрэх шинжгүй ээ. Цаг гаруй орондоо хөрвөөж зовсны эцэст Батзаяад ямар нэгэн
зүйл хэлмээр санагдаад болж өгсөнгүй. Тиймээс фэйсбүүк дээр нь хувийн зурвас
үлдээхээр шийдэв. Уурласан, гомдсон, шаналсан олон янзаар бичиж, арилгаж үзсээр
байсан ч илгээж түвдсэнгүй. Арваад минутын дараа нэг юм “Чамд хайртай байсан
сэтгэлийг минь бодоод үнэнээ хэлээд орхихгүй дээ. Наад хөөрхөн, баян айлын
охинтойгоо жаргалтай амьдраарай” гэсэн юм бичээд илгээж орхив. Машинтай байхыг
бодоход баян л айлын охин байлгүй гэж бодсон юм л даа. Яагаад ч юм ингэж
бичсэний дараа сэтгэл санаа минь хөнгөрөн нойр минь шуудхан хүрээд унтаад
өгчээ.
Өглөө сэрэхэд утас руу
минь Батзаяагаас маш олон дуудлага ирж, хажуугаар нь зурвасууд ч ирсэн байв.
Утасныхаа дууг хаагаад унтчихсан юм л даа.
“Намайг үнэхээр
уучлаарай Алимаа. Чамайг зовоолгүйгээр чимээгүйхэн амьдралаас чинь холдчихъё
гэж бодоод өөрийгөө хүчлэн байж салъя гэж хэлсэн юм. Гэвч хэлэхгүй байж
болохгүй нь. Чиний харсан охин бол миний чамд ярьж байсан гадаадад ээжтэй цуг
амьдардаг дүү минь байгаа юм. Надад хэлэлгүйгээр миний бичиг баримтыг хөөцөлдөн
цагаачлуулахаар хүсэлт өгсөн нь зөвшөөрөгдсөн байж. Аав ээж хоёр багад салаад
тусдаа амьдардаг байсныг чи минь мэднэ шүү дээ. Бусад зүйлийг ярьвал урт түүх
болно. Нисэх буудал руу дүүтэй цуг таксинд суугаад явж байна. Онгоц найман цагт
ниснэ гэсэн. Яагаад утсаа авахгүй байгааг чинь ойлгож байна аа. Амлалтандаа
хүрээгүйг минь уучлаарай.”
Үүнийг уншаад өөрийн
хайртай хүнээ гаргаж өгөх хэрэгтэй гэсэн бодол тархинд харван орж ирэхэд цагаа
харахад 7 цаг болж байв. Оройтоогүй ч байж болох юм. Ашгүй гэрийн гаднаас такси
хурдан баригдаж, нисэх рүү давхиуллаа. Батзаяатай дахиж уулзахгүй гэж бодохоос
гол харлан, нөгөө талаас надад хэлээгүйг нь бодохоос гомдол төрнө.
Чингис хаан нисэх
онгоцны хүлээлгийн танхимд орж ирэхэд Москва руу нисэх онгоцны бүртгэл дууссан
байв. Ердөө арван таван минутын дараа онгоц хөөрнө гэжээ. Баяртай гээд ганц
тэвэрчихэж ч чадсангүй, ядаж сайн яваарай гэж хэлэх байсан юм даа гэж бодохоос
нөгөө чийгтдэг нүд дахиад цийлэгнээд эхэлж байх шиг. Гарч онгоц хөөрөхийг
хардаг ч юм бил үү, дотор юугаа хийх вэ дээ. Гарч зогссоноос хойш удалгүй
мөнгөн цагаан онгоц хурдаа аван нисэх зурвас дээр гүйж байснаа хөөрч эхлэв.
“Баяртай хайрт минь. Анхны хайр бүтдэггүй” гэж
үнэн үг юм даа гэж дотроо шүүрс алдан хэллээ.
“Алимаа” гэж зөөлнөөр араас минь нэг хүн дуудлаа.
Эргэж хартал Батзаяа хажуудаа цүнхээ тавьчихсан зогсож байв.
“Чи чи.... онгоцноосоо..” гэж хэлэхдээ хоолой минь
чичирч байх шиг.
“Нэг хүний бие муудаад нисэлгүй үлдэхээр болсон
юм. Яагаад ч юм би бас буучихлаа.”
“Тэгээд ээж чинь?”
“Ээж ойлгох байх аа. Аавыг яаж ганцааранг нь
үлдээх вэ дээ, дүүдээ сая энэ талаар хэлсэн. Бас чамдаа нэг амлалт өгсөн шүү
дээ. Тэрийгээ биелүүлэлгүй бол болохгүй.”
Ингэж хэлээд Батзаяа цээжиндээ чанга тэврэв. Бид
хоёр чимээгүй боллоо. Өчигдрийн бүрхэг тэнгэрээс ганц нэг дуслууд тэнгэрээс
унаж эхлэв. Батзаяагийн цээжинд миний нүүр наалттай учраас бороон дуслууд нүүр
дагаж урссангүй. Уйланхайгаараа би уйлалгүй л яахав. Бороог далимдуулж уйлах
шаардлагагүй болсон, яагаад гэвэл хайртай хүн минь хажууд байна шүү дээ.
Subscribe to:
Posts (Atom)
“Цээнээ бид хоёр” өгүүллэг /шинэчлэн бичсэн/ Ц.Оюунбат
Алтан шар зам жирэлзэн өнгөрч тоосонд дарагдан хоцрох нь хүмүүн бид нарын амьдрал, дурсамж өнгөрсөнд үлдэхтэй эгээ л адил санагдана. Арха...
-
Энэхүү ном нь хувь хүний амжилтын ном л доо. Гурав дөрвөн жилийн өмнө уншиж байсан санагдаж байна. Нэг уншчихад гэмгүй. Яагаад гэвэл Дэ...
-
Энэхүү бүрэн хэмжээний зөгнөлт, триллер төрлийн туужийг анх 2014 онд бичиж байсан бөгөөд туужийг бичиж дуусгасны дараа зохиолч болж, анхных...
-
-Шинээр ирсэн Монгол залуу хурдан ажиллах хэрэгтэй байна даа гэж загас агнуурын усан онгоцны эзэн түүн рүү ширэв татан харлаа. Солонгос ул...