Wednesday, March 22, 2017

Зуун жилийн ганцаардал

"Зуун жилийн ганцаардал"-ыг багадаа уншаад нэрнүүд дунд нь төөрсөөр байгаад өнгөрч билээ. Саяхан дахиж уншихдаа энэ зургийг харж байгаад уншсан чинь их дөхөм юм. Хосе Аркадио Буэндиа, Урсула нарын үр удмын зуун жилийн түүх, сэргэн мандалт, доройтол, амьдрал, тэмцлийг харуулсан энэхүү аугаа романыг уншихад яагаад ч юм дотор жихүүдэс төрж, зохиолын гол дүрүүд шиг ганцаардалд автан, бодит байдал ид шид, далд ертөнц холилдсон орчинд автаж байсан билээ. 
Хамгийн эхний Хосе Аркадио Буэндиа ба түүний эхнэр Урсула Игуаран нар хэсэг нөхдийн хамт шинэ амьдрал эрэн халуун гэж нөхцөлгүй газарт ирэн Макондо гэж суурин байгуулсан нь зуун жилийн хугацаанд Хосе Аркадиогийн удмынхан шиг мандан бадарч, хөгжиж цэцэглэнэ. Хосе Аркадио, Аурилиано Буэндиа, Урсула, Ремедиос, Амаранта зэрэг нэрүүдийг сайн цээжлээд аваарай. Яагаад гэвэл эдний удмынхан шинэ хүүхэд төрөх болгонд өвөг дээдсээ дурсан хүндэтгэж, өвөг, элэнц эцэг эхчүүдийн нэрийг өгчихөөд байдаг талтай. Тиймээс энэ чинь аль Хосе Аркадио, Аурилиана Буэндиа эсвэл Ремедиос билээ гэж дахин дахин зургаа үзэх хэрэг гарах юм. Хосе Аркадио Буэндиа болон Урсула Игуан нарын үр удмын нэг муу зуршил нь хамаатан садан, авга, нагацаа сонирхоод эр эмийн нүдээр сонжоод байдаг талтай, тиймээс эднийд цус ойртсон холилдсон, тэр ч байтугай гахай сүүлтэй төрсөн нь ч бий. Дуусч төгсөшгүй иргэний дайн, зугаа цэнгэл, ажил хөдөлмөр, эд баялаг, алдар суу, эрдэм мэдлэг, үгүйрэл хоосрол, завхайрал янхандалт гээд энэ зохиолд байхгүй юм үгүй ээ. Зохиолын тайлал хэсэг хамгийн сүүлийн хуудсан дээр дуусч, уншигч нар тэрхүү хэсгийг нь уншаад нэг бол жигтэйхэн амар амарлингуй болж, эсвэл гэнэт зүрх сэтгэл нь эзгүйрээд явчихдаг болов уу гэж хувьдаа бодлоо.

No comments:

Post a Comment

“Цээнээ бид хоёр” өгүүллэг /шинэчлэн бичсэн/ Ц.Оюунбат

Алтан шар зам жирэлзэн өнгөрч тоосонд дарагдан хоцрох нь хүмүүн бид нарын амьдрал, дурсамж өнгөрсөнд үлдэхтэй эгээ л адил санагдана. Арха...