Холден Колфилд ээлжит дунд сургууль болох Пенсигээс хөөгдсөнөө мэдсэний дараа өвгөн багш дээрээ очиж уулзахаар гэрт нь очиж буйгаар зохиол эхэлнэ. Энэ өсвөр насны 16-тай хүү ийнхүү дөрөв дэхээ сургуулиасаа хөөгдөн явахынхаа өмнө өвгөн багштай салах ёс гүйцэтгэхээр ирсэн нь энэ. Ханиад хүрээд гэртээ нүцгэн цээжин (чээж) дээрээ унтлагын хувцсаа хайш яайш өмссөн өвгөн ч, эмний хачин үнэр нэвт ханхлах өрөө нь ч, өөрийнх нь дэвтрийг гаргаж ирэн сонин өнгө төрхөөр бичсэн зохион бичлэгийг нь уншиж өгч байгаа нь ч хөвгүүнд таалагдсангүй. Дотуур байрандаа ирсэн хойноо ч хөрш өрөөнийх нь нүүрэн дээрээ дүүрэн батгатай, хэзээ ч шүдээ угаадаггүй Экли хэмээх өөрөөс нь ганц хоёр насаар ах хөвгүүнийг өрөөнд нь орж ирэхэд таагүй ханддагаа нуусангүй. Мөн нэг өрөөний сурагч болох Стредлейтэр түүнтэй энгийн найз байсан хөршийн охинтой болзоонд яваад ирсний дараа хардах харамлах багахан сэжүүр гарган ам муруйж зодоон цохиондоо тулан, дотуур байрнаасаа гарч явж байгаа зэргийг харвал энэ хүүд хорвоо ертөнц болоод эргэн тойронд нь таалагддаг зүйл тун ховор юм даа гэж бодохоор. Шөнийн галт тэргэнд суун Нью-Йоркт ирсэн хойноо буудалд өрөө хөлслөн ганц хонохдоо ч, элдэв уушийн газраар сэлгүүцэн виски шимэн согтуурхахдаа, эргэж ирээд өрөөндөө биеэ үнэлэгч дуудчихаад зүгээр л хий дэмий яриа өрнүүлэн мөнгийг нь өгөөд гаргасан ч хүүхэн зуучлагч болон янхан хоёрт хулхидуулан нэмж мөнгөө дээрэмдүүлэн зодуулж үлдэж буйг харахаар Холден Колфилд хүүхэд ч биш, том хүн ч биш завсрын үедээ явж буйг харж болно. Тэгсэн хэрнээ амьдралыг маш их бясалган тунгааж, хүмүүсийн талаар болон амьдралын талаар тун ч их дүгнэлт өгдгөөс нь харвал тэр тийм ч муу хүү биш, харин ч ухаалаг гэмээр юм. Ах нь нэр алдарт хүрч яваа залуу зохиолч, хэдхэн жилийн өмнө хайртай, ухаалаг дүү болох Аллигаа өвчнөөр алдсан явдал зэрэг нь түүний амьдралд огцом өөрчлөлтүүдийг авчирсан нь лавтай. Болздог байсан охин болох Саллитайгаа уулзангуутаа дахин дурлаж, хэдийгээр урьд нь тийм сайн биш байсан ч гэлээ хамтдаа зугтаан холын хол очин амьдаръя гэж ятгахад охин мэдээж зөвшөөрсөнгүй, харин үүнд Холден уурласандаа элдвээр хараан зүхэж маш ихээр гомдоож уйлуулан салдаг. Энэ хүү бол том болохоор яарч буй ч амьдралд бэлтгэгдээгүй байгаа нь алхам тутмаас нь харагдана. Эцсийн эцэст дүү охин Фибитэйгээ уулзахын тулд гэртээ шөнө дөлөөр нууцаар орон ярилцсаны эцэст өмнөх сургуулийнхаа өөрийнхөө хүндэлдэг багш болох ноён Антолинитэй уулзахаар гэрт нь очиход нэлээн халамцуу багш түүнд харин ч үнэ цэнэтэй зөвлөгөөнүүдийг өгөх ч гэнэтийн үйл явдлын улмаас тэндээс зугтахад хүргэнэ. Эцсийн эцэст хүүгийн хувьд хөх тариан талбайн ирмэг дээрээс ёроолгүй хар ангал руу унах уу, үгүй юу гэдгийг шийдэх амьдралынх нь чухал үйл явдлууд өрнөж буйг хэлмээр байна. Харин энэ сонголт хүүгийн гарт байсаар буй мөн хаашаа эргэснийг төгсгөлөөс нь хүн бүр өөрийнхөөрөө ойлгоно биз ээ.
Өсвөр насны хүүхдийн сэтгэлзүйн онцлог, хүн болгон энэхүү насыг дайрч өнгөрсөн учраас "Catcher in the rye" хэмээх энэхүү зохиолыг уншсан хүн бүр өнгөрсөн үеэ хэсэг ч болтугай дурссан байх аа гэж бодож байна. Монголд хоёр янзаар орчуулагдсан байна лээ. Миний хувьд зурган дээр байгаа хувилбараар уншсан болно. Та бүхэн дүү нартаа, хүүхдүүддээ уншуулчихсан байхад хэзээ ч алдахгүй. Яагаад гэвэл тэд нар маань одоо ч хөх тариан талбайн ирмэг дээгүүр явж байгаа билээ.