Tuesday, August 6, 2019

“Цээнээ бид хоёр” өгүүллэг /шинэчлэн бичсэн/ Ц.Оюунбат

Алтан шар зам жирэлзэн өнгөрч тоосонд дарагдан хоцрох нь хүмүүн бид нарын амьдрал, дурсамж өнгөрсөнд үлдэхтэй эгээ л адил санагдана. Архангай аймгийн нэгэн сумаас буцаж явахдаа жолооч бид хоёр ойр зуурын хэлэлцэх зүйлс, дурсах яриа хөөрөө ч дундраагүй байсан юм. Зуншлага сайхан болж тал хээр гүн ногоон өнгөөр будагдаж, бүртийх ч үүлгүй цэнхэр тэнхэр, алтан нар бүгд нийлэн энэ хорвооог чимдэг олон сайхан зураглалуудын нэгээхэн хэсэг болно. Бид нарын ярианд жолооч ахын залуугийн мэргэжил, ажиллаж байсан газар Сэлэнгэ аймаг дурдагдаж эхлэв. Ах маань залуудаа зоотехникчээр ажиллаж байсан, малын үүлдэр угсаа, мал аж ахуйн талаар чамгүй мэдлэгтэй нь харагдаж байв. Гэнэтхэн жолооч маань хэсэг чимээгүй болсноо Цээнээ гэж эмэгтэйн талаар ярьж эхлэв.
“Анх Сэлэнгэ аймагт дөнгөж сургуулиа төгсөөд малын зоотехникчээр дадлагад гарсан удаатай. Тэр үед тас хар хөмсөгтэй, цэвэрхэн цагаан царай, алаг нүдтэй, хондлойгоо давсан урт гэзэгтэй Цээнээ гэх миний үеийн охин очсон эхний өдрөөс л нүдэнд тусаж байв. Ганц би гэлтгүй бусад залуусын анхаарлыг ч тэр минь татсан болов уу. Олон залуус цугласан намрын шаргал өдрүүд аз жаргал, инээд хөөр, дурсамж дүүрэн өнгөрч байсан юм. Хотоос очсон бид хэдээс нэлээн ах Баяраа гэдэг залуу харин шөнө унтах дөхөнгүүт Цээнээг татаж чангаагаад, ор руу нь мөлхөөд болохоо байлаа. Цээнээ ч хэрэндээ эсэргүүцэн Баяраад нүүр өгөхгүй, хөөж туун шөнөжингөө юм болдог байсныг нь орны хажууд шалан дээр унтдаг байсан би шөнийн турш сонсож хононо. Баяраа өдөр ч, шөнө ч Цээнээгийн хажууд нохой шиг сахин эр хүний арван гурван мэхийг үзүүлж байх шиг л санагдсан. Харин Цээнээ болохоор өдөр нь миний хажууд өнжин, харанхуй болох дөхөхөөр санаашран өнөө шөнийг яаж өнгөрөөнө дөө гэхээс халширдаг байсан байх даа. Нэг шөнө Баяраа мөн л урьдын адил Цээнээ рүү ойртож буй нь мэдэгдэж эхэллээ. Тэгтэл санаанд оромгүй зүйл болж Цээнээ орноосоо суга үсрэн босож газарт унтаж байсан миний хөнжил рүү гэнэт орж ирж буй нь харцагаас зугтааж буй болжмор шиг санагдсан юм. Цээнээ над руу наалдаж намайг тэврэхэд би ч цээжиндээ шахан наалдан унтахад үснээс нь хээрийн салхи, цэцгийн үнэр ханхалж байсан юм. Баяраа амандаа нэг юм хэлэх шиг болсноо ор руугаа аажуухан буцаж буй нь харанхуйд бүдэг бадаг харагдав. Ийнхүү орой болохоор Цээнээ миний өвөрт орж ирж унтдаг болсон юм. Урьд өмнө охинтой ийм ойрхон унтаж байгаагүй нас биед хүрч яваа миний эр бие тавгүйтэж, амттай мөртлөө хүрч чадамгүй зүүд зүүдэлж буй мэт тарчлах болов. Цээнээд ч бас тэгж санагдсан болов уу. Хажууд сэрвэгнэн шөнө дунд хүртэл эргэж хөрвөөн удтал унтахгүй байгаа нь мэдэгдэнэ. Ингээд л орчлонгийн жам ёсны зүйл болдгоороо болж би хөвгүүн насаа, Цээнээ минь охин насаа ардаа үдсэн юмдаг. Ингээд дадлагын хугацаа дуусах хүртэл шөнө болгон бид хоёр орчлонгийн жаргалыг амтлан янаглан дурлалцаж, алс ирээдүйг зөгнөн ярилцдаг байсан билээ. Цээнээ минь чиний эхнэр болно л гэдэг байсан юм. Тэр үед бид нар одоогийн залуус шиг гоё чамин үгсээр хайраа илэрхийлцгээж байсан биш, чамтай сууж, чиний эхнэр болно оо гэдэг нь л сэтгэлээ илэрхийлэх хамгийн дээд хэлбэр байсан юм. Өнөөх Баяраа харин олзоо булаалгасан нохой шиг л өдөр нь холоос бид хоёрыг ажиглан хорссон харцаар харж тойрч явж байсан юм даа.
Нэг өдөр хотоос дадлагын ажлыг сонирхож яваа дарга даамал, эрдэмтэд бидний ажилтай танилцахаар боллоо. Цээнээ бид хоёрын дадлага нь хуц ухнын хиймэл хээлтүүлэг байсан юм. Хуцны засааг барьж аваад шилэн саванд хийж үрийг би цуглуулна. Цээнээ цааш нь хураах, хуцанд тариа тарих зэрэг ажлуудыг анхнаасаа хийсэн л дээ. Дарга, эрдэмтдэд ажлаа үзүүлэх гэтэл Баяраа бид хоёрыг ажлаа сольж хийхийг санал болгов. Урьд нь Цээнээ шилэн саванд цуглуулж үзээгүй, миний санаа зовж л байсан. Хуц ч яг үрээ гаргах мөчид Цээнээ шилэн саванд хийх гэтэл хуц эвгүйхэн хөдөлж шингэн нь шилэн саванд биш Цээнээгийн нүүр нүд, толгой руу цацагдаж орхих нь тэр. Энэ мөчид хотоос ирсэн хүмүүс инээлдэхэд Баяраа хамгийн их баясаж, наад шингэнээ нүүрэндээ сайн түрхчих, арьс чинь гоё болно гэж даапаалахад Цээнээ минь доошоо харсан чигтээ уйлаад гараад гүйчихсэн юм. Цээнээг хоолон дээрээ ирэхгүй болохоор нь би хайж олоход голын эрэг дээр өвдгөө тэврээд суучихсан уйлаад сууж байв. Арай гэж аргадан байшин руугаа дагуулан ирэхэд Баяраа дахиад л ойртон ирж байхыг би хараад үргэлжлүүлж түүнийг минь ичээх нь гэдгийг мэдлээ. Тиймээс хөмхийгөө зуун, нударгаа зангидан түүнийг хүлээж өөдөөс нь цоо ширтэв. Баяраа харин эхлээд Цээнээгийн уйлж бүлцийсэн царайг харан олон хоног эргүүлээд тоогдоогүйн өс хонзонгоо сайхан авах нь гэж бодсон бололтой маасайн инээсэн ч, намайг харангуутаа царай нь агшин зуур төв болж явдал нь удаашран чиглэлээ өөрчлөн яваад өгчихсөн юм. Түүнээс хойш дадлага дуустал Баяраа дахиж Цээнээд саад болоогүй. Харин дадлагын хугацаа дуусах дөхөх тусам Цээнээ энэлэн шаналж буй нь нүдэн дээр илт байлаа. Дадлагын сүүлчийн өдөр бид хоёр их юм ярилцаж чадсангүй ээ. Цээнээ мөрийг минь дэрлэн алсыг ширтэхэд алаг нүднээс нь сувдан дуслууд хаа нэгтээ бөмбөрөн унаж, би юм ярих гэхээр дотор эвгүйцээд байсан учир эрийн шийр заан чимээгүй л байсан юм. Нутгийн залуус ачааны тэргэн дээр гаран замд хөдлөхөд Цээнээ машины араас алчуураар даллаж байснаа замын тоос намжаагүй байтал нэг юм хэлэхээ мартсан бололтой араас зам даган гүйж байсан нь одоо ч нүдэнд харагддаг юм. Цэнхэр дээлтэй, үсээ ардаа жимбийтэл боосон нь гүйх болгонд хоёр тийшээ савчин байж билээ. Ачааны машин хурдлахад Цээнээ тэртээ хол хоцрон нэг юм хашхиран хэлэх шиг болсон ч надад юу ч сонсогдоогүй юм даа. Нутагтаа ирсэн хойно надад Цээнээгээс олон захиа ирдэг байсан. Урт гэгчийн захиануудыг би нандигнан хадгалж аав ээжээсээ нуун уншдаг байж билээ. Удалгүй би цэрэгт явж, тэр цагаас хойш бидний холбоо тасарсан юм даа. Цэргээс халагдаж ирээд би нутгийн бүсгүйтэй дэр нэгтгэн хоёр сайхан хүүхдийн аав ээж болсон. Олон жилийн дараа сураг сонсоход Цээнээ ч бас хүнтэй суусан байсан. Уржнан жил ачтай болсон гэж сонсогдсон” хэмээн жолооч ах яриагаа дуусгав. Би цааш нь асуусангүй. Дараагийн сумын төв ортол алтан шар зам жирэлзэн өнгөрч бид хоорондоо дахиж юу ч ярьсангүй. Гагцхүү би хааяахан толиндоо харж ачааны машины араас гүйж юуны ч тухай юм хэлэх гэж байсан Цээнээг дүрслэн гаргахыг хичээж байв. Хүний амьдрал гэж санаснаар болдоггүй. Хэрвээ гэж үг хүмүүн бидний амьдралд байдаггүй билээ.

Эрдэнэт хот 2018 он.


"Маргааш нь дайн болсон юм" роман

Жижигхэн хотын дунд сургуулийн 9-р ангийн сурагчдын үерхэл нөхөрлөл, хайр дурлалын талаар өгүүлэх бөгөөд нийлдэг охид хөвгүүд болох ангийн дарга комсомолын гишүүн Искра, түүний дурлалт хархүү танхайчуудын тоонд багтах Саша, найзууд болох Зина, Артем, эцэг нь алдартай зохион бүтээгч болох, тансаг амьдралтай Вика гэх охин, түүнд дурласан Жора гэх хөвгүүн гээд ЗХУ-ын коммунист нийгэмд хөлөө олохоор тэмүүлж буй өсвөр насныхны тухай энэхүү зохиолд гарна. Искрагийн ээж болох коммунист намын гишүүн эмэгтэйгийн чанга хатуу зан охиноо өөр шигээ шударга, шийдэмгий болгон хүмүүжүүлжээ. Сургуулиас хөөгдсөн Сашаг ажилтай болгохын тулд Викагийн аав Леонид хөөцөлдөн нисэхийн үйлдвэрт ажилд оруулж өгнө. Сургуульд шинээр захирлаар томилогдон хуучин морин цэргийн дарга байсан Николай болсон нь хуучин захирал болох Валентинад арга барил бүх зүйл нь буруу юм шиг санагдан үргэлж л дээш нь захиа бичихэд хүргэнэ. Мөн Валентина 9Б ангийн багш болсон нь хүүхдүүдэд тааламжгүй санагдах болно. Валентинад хүүхдүүдийн гэнэн томоогүй зан, үерхэл нөхөрлөл, сахилгагүйтэл байж боломгүй зүйл шиг санагдах бөгөөд Артемын 16 насны төрсөн өдрөөр гэрт нь цуглаж Есениний шүлгийг уншсан нь хүртэл нийгмийн эсрэг гэмт үйлдэл шиг санагдах бөгөөд энэ талаар захиралд хүртэл хошуу хүргэнэ. Зинагийн харж явдаг хөвгүүддээ бичсэн хайрын захиаг олж захиралдаа мөн л ховлож яваа нь энэ эмэгтэйн зөвхөн өөрийгөө бодсон, бүх санасан бодсон нь хүртэл зөв гэж мугуйдаар бодож буйг нь илэрхийлнэ. Викагийн эцэг хэн нэгний матаасаар улсын өмч хөрөнгө шамшигдуулсан хэрэгт буруутгагдан баривчлагдсаны дараа Викаг залуучуудын эвлэлээс хөөх хурлыг ангийн дарга Валентина санаачлана. Гэвч эцэгтэйгээ хоёулхнаа амьдарч байсан Вика энэ бүх дарамтыг тэсэлгүй амиа хорлоно. Түүний найзууд ч, багш нар ч түүнийг ийм үйлдэл хийнэ гэж санаагүй билээ. Түүний оршуулга дээр найз нөхөд, ахлах ангийнхан тэр аяараа оролцоно. Хэдэн сарын дараа Викагийн эцэг шоронгоос гарч гэртээ эргэн ирнэ. Гэвч түүнийг эзэнгүй хоосон байр л угтаж авна. Искра, Артем тэргүүтэй 9Б ангийнхан Викагийн эцэг дээр ирэн сэтгэл санааг нь засах гэж оролдох бөгөөд Викагийн аав Леонид "Энэ жил их хэцүү жил байлаа шүү" гэж сүүрс алдахад ангийн дарга Искра "Учир нь энэ жил өндөр жил байсан шүү дээ. Дараа жил харин заавал аз жаргалтай өнгөрөх болно" гэж хэлнэ. Энэ жил бол 1940 он байлаа. 1941 онд дайн эхэлсэн юм. 9Б ангийнхнаас дайнд хэд нь амь үрэгдэж, хэд нь дайнд баатарлаг гавьяа байгуулсныг зохиолын төгсгөлд дурдах бөлгөө.

“Цээнээ бид хоёр” өгүүллэг /шинэчлэн бичсэн/ Ц.Оюунбат

Алтан шар зам жирэлзэн өнгөрч тоосонд дарагдан хоцрох нь хүмүүн бид нарын амьдрал, дурсамж өнгөрсөнд үлдэхтэй эгээ л адил санагдана. Арха...