Tuesday, August 6, 2019

"Маргааш нь дайн болсон юм" роман

Жижигхэн хотын дунд сургуулийн 9-р ангийн сурагчдын үерхэл нөхөрлөл, хайр дурлалын талаар өгүүлэх бөгөөд нийлдэг охид хөвгүүд болох ангийн дарга комсомолын гишүүн Искра, түүний дурлалт хархүү танхайчуудын тоонд багтах Саша, найзууд болох Зина, Артем, эцэг нь алдартай зохион бүтээгч болох, тансаг амьдралтай Вика гэх охин, түүнд дурласан Жора гэх хөвгүүн гээд ЗХУ-ын коммунист нийгэмд хөлөө олохоор тэмүүлж буй өсвөр насныхны тухай энэхүү зохиолд гарна. Искрагийн ээж болох коммунист намын гишүүн эмэгтэйгийн чанга хатуу зан охиноо өөр шигээ шударга, шийдэмгий болгон хүмүүжүүлжээ. Сургуулиас хөөгдсөн Сашаг ажилтай болгохын тулд Викагийн аав Леонид хөөцөлдөн нисэхийн үйлдвэрт ажилд оруулж өгнө. Сургуульд шинээр захирлаар томилогдон хуучин морин цэргийн дарга байсан Николай болсон нь хуучин захирал болох Валентинад арга барил бүх зүйл нь буруу юм шиг санагдан үргэлж л дээш нь захиа бичихэд хүргэнэ. Мөн Валентина 9Б ангийн багш болсон нь хүүхдүүдэд тааламжгүй санагдах болно. Валентинад хүүхдүүдийн гэнэн томоогүй зан, үерхэл нөхөрлөл, сахилгагүйтэл байж боломгүй зүйл шиг санагдах бөгөөд Артемын 16 насны төрсөн өдрөөр гэрт нь цуглаж Есениний шүлгийг уншсан нь хүртэл нийгмийн эсрэг гэмт үйлдэл шиг санагдах бөгөөд энэ талаар захиралд хүртэл хошуу хүргэнэ. Зинагийн харж явдаг хөвгүүддээ бичсэн хайрын захиаг олж захиралдаа мөн л ховлож яваа нь энэ эмэгтэйн зөвхөн өөрийгөө бодсон, бүх санасан бодсон нь хүртэл зөв гэж мугуйдаар бодож буйг нь илэрхийлнэ. Викагийн эцэг хэн нэгний матаасаар улсын өмч хөрөнгө шамшигдуулсан хэрэгт буруутгагдан баривчлагдсаны дараа Викаг залуучуудын эвлэлээс хөөх хурлыг ангийн дарга Валентина санаачлана. Гэвч эцэгтэйгээ хоёулхнаа амьдарч байсан Вика энэ бүх дарамтыг тэсэлгүй амиа хорлоно. Түүний найзууд ч, багш нар ч түүнийг ийм үйлдэл хийнэ гэж санаагүй билээ. Түүний оршуулга дээр найз нөхөд, ахлах ангийнхан тэр аяараа оролцоно. Хэдэн сарын дараа Викагийн эцэг шоронгоос гарч гэртээ эргэн ирнэ. Гэвч түүнийг эзэнгүй хоосон байр л угтаж авна. Искра, Артем тэргүүтэй 9Б ангийнхан Викагийн эцэг дээр ирэн сэтгэл санааг нь засах гэж оролдох бөгөөд Викагийн аав Леонид "Энэ жил их хэцүү жил байлаа шүү" гэж сүүрс алдахад ангийн дарга Искра "Учир нь энэ жил өндөр жил байсан шүү дээ. Дараа жил харин заавал аз жаргалтай өнгөрөх болно" гэж хэлнэ. Энэ жил бол 1940 он байлаа. 1941 онд дайн эхэлсэн юм. 9Б ангийнхнаас дайнд хэд нь амь үрэгдэж, хэд нь дайнд баатарлаг гавьяа байгуулсныг зохиолын төгсгөлд дурдах бөлгөө.

No comments:

Post a Comment

“Цээнээ бид хоёр” өгүүллэг /шинэчлэн бичсэн/ Ц.Оюунбат

Алтан шар зам жирэлзэн өнгөрч тоосонд дарагдан хоцрох нь хүмүүн бид нарын амьдрал, дурсамж өнгөрсөнд үлдэхтэй эгээ л адил санагдана. Арха...