Tuesday, June 16, 2015

Хамгийн анхны гүн сэтгэгдэл төрүүлсэн номууд.

Яагаад ч юм дандаа бодит түүхээс сэдэвлэсэн орос номууд байх юм. 1. Хамгийн эхнийх нь "Ёстой хүний тууж". Дэлхийн 2-р дайнд оролцож байхдаа тулалдаанд онгоцтойгоо сүйрч, дайсны ар талд унадаг ч өөрийн талынхан дээрээ очдог нисгэгчийн тухай. Хэдийгээр өөрийнхөн дээрээ ирж чаддаг ч харамсалтай нь хоёр хөлөө тайруулдаг. Тийм хэдий ч бууж өгөлгүй, дахин нисэх онгоцтойгоо тулалдаанд оролцон ЗХУ-ын баатар болсон бодит хүний тухай гардаг.
2. "Өөртөө итгэлтэй бай". Хүүхэд насны минь ширээний ном. Романы хоёр баатар маань хоёулаа дайны хүнд цаг үеийг даван туулж, тус тусын замаар амжилтанд хүрдэг. Эхнийх нь өндрийн харайлтын тамирчин бөгөөд дэлхийн, олимпын олон амжилтуудыг эвдэж байсан ид үедээ мотоциклийн осолд орж, хөлөө маш хүнд бэртээдэг. Нөгөө баатар маань эмч бөгөөд хөлний шилбэнд ясыг нь цоолж тогтоодог аппарат зохион бүтээснээр олон ч хүнийг тахир дутуу болохоос авардаг юм. Энэ хоёр хүний амьдрал нэг цэгт огтлолцон эмч тамирчны хөлийг эдгээж, нэрт тамирчин маань дахин их спортдоо эргэн ирдэг гайхалтай, дахин давтагдашгүй түүх. Номонд сонирхолтой хэсгүүд олон бий. Жишээ нь эмч маань дайны хүнд цаг үед, өлсч байсан найзыгаа гипноздон нохойн махыг үхрийн мах гэж итгүүлэн идүүлдэг хэсэг бий. Мөн тамирчин маань багшаасаа зөрөн байж спортын өөр төрлөөс өндрийн харайлтын тамирчин болдог тухай. Хүнд хэцүү бэлтгэл, дасгал сургуулилтын үеэр ээж нь өөрийнх нь байцаатай шөлөнд хэрчим мах илүү хийж өгдөг байсан тухай. Бусад нь нэг, нэг л хэрчим махтай. Анх болзоонд явахдаа өөрийнхөө өмссөн хуучин пальтоноос ичихдээ зоогийн газарт найзынх нь танилцуулсан бүсгүйгээс хэрхэн зугтдаг талаар г.м.
3. "Дайны тэнгэр". ЗХУ-ын гурван удаагийн баатар нисгэгчийн өөрийнх нь бичсэн намтар, дурдатгал. Гурван удаагийн баатар гэхээр дайсны хэдэн онгоцыг сөнөөсөн нь тодорхой биз дээ. Энэ номыг уншиж байхад яг л сөнөөгч онгоцонд нь суучихсан сүүлэнд нь наалдсан немцийн сөнөөгч онгоцны сумнаас бултаж, ард нь гарч пулемётоороо  устгаж байгаа юм шиг сэтгэгдэл төрдөг байж билээ. Номын туршид ЗХУ-ын баатарын олон ч найз нөхөд, нисгэгч нар тэнгэрт, онгоцондоо, шүхрээр бууж байхдаа амь эрсэддэг юм. Нэг удаа би галт тогооны өрөөндөө хаалгаа хаачихаад энэ зузаан номыг барьчихсан толгой өндийх завдалгүй, хэдэн цаг уншив аа. Гадаа дүн өвөл. Манайд бага зэрэг сэрүүхэн байдаг байсан ч, би хөвөнтэй дээлтэйгээ халууцсанаа ч мэдэхгүй номондоо шумбаад явчихсан, Кубань болон Украины тэнгэрт цуг байлдаж явтал ар нуруу руу мангар чангаар хэн нэгэн алгадлаа шүү. Эргээд бодит хөрсөн дээрээ бууж ирээд харсан чинь манай ээж минчийтлээ уурлачихсан, цаахна талд нь плитканы ширэм гэрлэн дохионы улаан гэрэл шиг болтлоо улайсчихсан байж байдаг юм даа. Энэ номтой холбоотой хөгжилтэй түүх :D



No comments:

Post a Comment

“Цээнээ бид хоёр” өгүүллэг /шинэчлэн бичсэн/ Ц.Оюунбат

Алтан шар зам жирэлзэн өнгөрч тоосонд дарагдан хоцрох нь хүмүүн бид нарын амьдрал, дурсамж өнгөрсөнд үлдэхтэй эгээ л адил санагдана. Арха...