Саяхан нэг нөхөрт баахан загнууллаа. Юу гэхээр би нэг хэлний группт хөгжилтэй маягаар өвөр монгол галигаар пост оруулсан юм. Тэгсэн намайг номныхоо нэрийг зөв бичиж чадахгүй байж, битгий бусдыг шүүмжлээд бай л гэнэ. Намайг өвөр монголчуудыг доромжилсон гэж ойлгочихжээ. Бид хоёрын яриа ч хурцдаж, сүүлдээ утсаар яриад, тэр надтай нэг газар уулзаж монгол хэл заах юм болоод л дууслаа. Би ч хүнд сэдвээр өгүүллэг, зохиол бичдэг болохоор яриагаараа бол доор нь орохгүй л дээ. Тэгсэн нөгөөх этгээд маань хэл шинжлэлийн мундаг боловсролтой гэж өөрийгөө бодчихсон ч гэлээ надаасаа долоон дор гудамжны яриатай болж таарсан. За тэр яахав. Миний буруу зарим талаар бий. Тэр хүн доторхыг нь уншаагүй байж, ганц гарчиг дээр дөрөөлөн чам шиг муу сайн зохиолч гэж нэрлэсэн юмнууд гэж ирээд намайг доош хийж таашаал авъя гэж бодсон юм болов уу даа. Үүнтэй хамааруулаад гариг буюу гараг гэсэн үгсийн талаар хэдэн зүйл бичье гэж бодлоо.
1-рт будлианы эзэн болсон номын нэр нь "Амьд гариг" юм.
Яагаад гариг гэж нэрлэсэн бэ гэхээр сүүлийн үед гариг гэсэн үгийг гараг гэж бичдэг болсон гэж би хэвлүүлэх үедээ мэдэж байсан.
Гэхдээ Амьд гараг гэхээр надад бол таалагдаагүй. Дуудлага талаасаа ч гэсэн. Гараг гэж бичээд гариг гэж дууддаг биз дээ.
Хуучин уйгаржин бичгээр дуудлагаараа гараг гэж бичигддэг.
Кирилл бичигт орсон цагаас гараг нь ярианы явцад сунжирсаар гариг болсон бололтой. 1966 оны Я.Цэвэл гуайн Монгол хэлний товч тайлбар тольд Гариг нь Гарагтай ижилхэн утгатай гэж оржээ.
Цаашилбал уг толь бичигт гараг нь хоёр утгатай гэсэн буй.
1. Долоо хоногийн өдрийг ээлжлэн эзлэх нэр.
2. Биений мөч эрхтний мэдрэл алдагдах өвчин.
1983 оны Ц.Дамдинсүрэн гуайн Монгол хэлний үсгийн дүрмийн толь-д гариг гэсэн үг орсон боловч гараг гэсэн үг байсангүй.
Та бүхэн санаж буй бол бидний багад буюу 2000-д оноос өмнө хаа сайгүй л Даваа гариг гэх мэтчилэн бичдэг байсан шүү дээ. Харин сүүлд журамласан гэгдэх 700 үгэнд гаригыг гараг гэж бичнэ гэж заасан. Гэхдээ энэ 700 үгнүүдэд асуудал маш их бий. Цээжийг чээж гэж бичнэ гэх мэт. Хэрэв ц-ээр эхэлсэн үгсийг ч-р дуудаад эхэлвэл цагаан-> чагаан, цус-> чус гэх мэтээр хэлэх ёстой болно гэсэн үг. Учир нь ц,ч нь уйгаржин бичигт ялгагддаггүй. Тиймээс одоог хүртэл өвөр монголчууд ц үсгийг бараг дууддаггүй.
Бүр сүүлдээ хаанаас эхэлсэн нь ч мэдэгдэхгүй гариг гэдэг үг нь нохойн баасыг хэлнэ гэж дайрч давшилдаг болжээ. Интернэт дээр хайлт хийгээд харвал ингэж гарч ирэх нь ирнэ шүү. Учир нь тэр сайт нь сүүлийн үед гарч ирсэн сайт учраас тийм юм. Харин албан ёсны ном хэвлэл дээр би олж харсангүй. Тэгээд ч нохойн баасанд тэгтэл анхаарал тавин тусад нь нэр оноох хэрэг ард түмэнд байсан юм болов уу? Мэдээж аргал, хомоол, хоргол гэх мэт малын таван хошууныхаа баасыг бол тус тусад нь нэрийдсээр ирсэн. Ядаж л түлш түлээ хийж хэрэглэдэг учраас тусдаа нэртэй байх бүрэн эрхтэй. Харин нохойн баасыг тусад нь ялгах хэрэг юу билээ?
Юуны төлөө редактор гэж хүн байдаг билээ дээ. Зүгээр л амар тайван зохиолоо бичмээр байх юм. Жингийн цуваа хөдөлчихсөн үед хажуунаас замын ноход хуцаж л байг гэж бодох юм.
batu83.blogspot.com
Gve odoo yahavdee
ReplyDeleteер нь бол нохойн баасанд оноосон нэр бий. ЖОГОРХОЙ
ReplyDelete