Sunday, May 8, 2016
Сорхугтани роман
Сорхугтани романыг унших завшаан саяхан л гарч ирэв. Би уг нь номны гадаад дизайн загварт төдийлөн анхаарч байсангүй. Харин энэ номны хэвлэлт үнэхээр чанартай, сайн болжээ. Номыг яг ингэж л хэвлүүлмээр юм байна. Муу хэвлэгдсэн номны жишээ гэвэл ... За хадуурах нь. Гол яриандаа оръё.
Хамар руу орох дөрвөн алтан шумуулнуудыг зүүдэлснээр роман эхэлнэ. Энэ үед Сорхугтани болон түүний эгчийн хувь заяа шийдэгдэх бөгөөд багаасаа л ухаантай хэрсүү охин байсан нь аавдаа Чингис хаанд өөрийг нь өгч, ургийн барилдлагатай болох санал тавьж байгаагаас харагдана. Мэдээж аав ээжийнхээ төлөө ийм шийдвэр гаргаж буй нь тодорхой. Ингэснээр аав нь түүний үгийг авч Чингис хаанд хоёр охиноо өгснөөр эгч нь Чингис хааны эхнэр /Хатан болгосон гэж би бодохгүй байна л даа. Угаасаа бид бүгд Нууц товчооноос ч тэр, бусад эх сурвалжуудаас Чингис хаан дөрвөн албан ёсны хатантай байсан гэж уншсаар ирсэн/ болж, Сорхугтаниг бага хүү Тулуйн хатан болгодог билээ.
Цаашлан Сорхугтани хатны эш үзүүлэгч хатан болсон түүх хийгээд Өгөөдэй хааныг аян дайнд явсан хойгуур дөрвөн жил төрийн эрхийг барьсан тухай, тэр тусмаа эгэл ардад зөөлөн, шунахай сувдаг сэтгэлтэнд ташуур өгөх төрийн мэргэн шийдвэрүүд, Бухара хотын хүүхдүүдэд зориулсан мянган хүүхдийн сургууль гэх мэт олон гайхалтай түүхүүд үргэлжлэнэ.
Сорхугтани хатны амьдралдаа гаргасан хамгийн том шийдвэр бол том хүү Мөнхийгөө Их Монгол улсын хаан болгохоор зориг шулуудан, Алтан орд улсын Бат хаантай эвссэнээр энэхүү зорилгодоо хүрч чаддаг төдийгүй, дөрвөн хөвгүүнийхээ хэнийх нь ч амь насанд аюул учруулалгүйгээр зорилгоо бүтээдэг нь тэдний цаг нь болоогүй байгааг ойлгон буулт хийх үедээ буулт хийсээр ирсэнтэй нь холбоотой. Дөрвөн хүүгээ багаас нь төр засгийг барих ухаанд сургаснаар хэдийгээр бага наснаас хойш эцэггүй өсцгөөсөн ч гэлээ дөрвөн хүү нь бүгд Их Монгол улсын түүхэнд нэрээ баларшгүйгээр үлдээцгээсэн хаад болцгоосон билээ.
Надад нэг их ойшоогдоогүй хоёр гурван хэсэг бий. Үүнд Чингис хаан Сорхугтанийн эгч Ибагаг Жүрчидэй баатарт өгснийхөө дараа хайртай сайхан хатан минь байсан юмсан гээд уйлан байгаа тухай гардаг. Чингис хаан тэртээ тэргүй дөрвөн хатантай, зарим гадны түүхчид Чингис хаанд хэдэн зуун татвар эмс байсан гэж бичдэг. Хэдэн зуугаараа байсан эсэх дээр бол хэлж мэдэхгүй юм. Тэгэхээр их хааны уйлж байгаа дүр зураг нүдэнд бууж өгсөнгүй. Мөн Сорхугтани хатан Гүюг хаанд бараалхахдаа өөрийн болон хөвгүүдийн мэдлийн нутаг, хүн ардын заримыг хураан авч байгаа дээр санал зөрөлдөн, өргөөнөөс нь гарахдаа "Хүн хүн шиг л байх хэрэгтэй. Хэрэв нохой шиг байх аваас зарим хүмүүс чамайг гаршуулан тэжээх болно" гэж хэлээд үг чимээгүй гарч одон хаан эзнийг уурлуулан хилэгнүүлдэг хэсэг бий. Тухайн цаг мөчид Их Монгол улсын хаан Гүюгт ингэж хэлж чадах хүн угаасаа нэг ч байхгүй байсан гэж би бодож байна. Ингэж хэллээ гэхэд толгойгүй л болох байх. Сорхугтани хатан хөвгүүдийнхээ болон өөрийн амь насны аюулгүй байдлаа бодолцон Гүюг хаантай илтэд шөргөөцөлдөөгүй болов уу.
Ямартай ч Сорхугтани хатныг амьд ахуй үед зүүдэнд нь далд утгаар үзэгдсэн дөрвөн алтан шумуул буюу түүний хөвгүүд эвтэй найртай, төр улсыг чадварлаг удирдаж байсан. Харин Мөнх хааныг тэнгэрт хальсны дараа Хубилай хаан болон Аригбөхийн хоорондох хаан ширээний төлөөх тэмцэл бол өөр түүх юм.
Их монгол улсын түүхэнд товойн гарсан олон хатдын дундаас Сорхугтани хатан бол өөрийн цэцэн цэлмэг ухаан, эрдэм номын боловсрол, ном судрыг дээдлэх зэрэг чанараараа илтэд ялгарах билээ. Сайхан роман бичсэн зохиолчид нь талархал илэрхийлье!
Subscribe to:
Post Comments (Atom)
“Цээнээ бид хоёр” өгүүллэг /шинэчлэн бичсэн/ Ц.Оюунбат
Алтан шар зам жирэлзэн өнгөрч тоосонд дарагдан хоцрох нь хүмүүн бид нарын амьдрал, дурсамж өнгөрсөнд үлдэхтэй эгээ л адил санагдана. Арха...
-
Энэхүү ном нь хувь хүний амжилтын ном л доо. Гурав дөрвөн жилийн өмнө уншиж байсан санагдаж байна. Нэг уншчихад гэмгүй. Яагаад гэвэл Дэ...
-
Энэхүү бүрэн хэмжээний зөгнөлт, триллер төрлийн туужийг анх 2014 онд бичиж байсан бөгөөд туужийг бичиж дуусгасны дараа зохиолч болж, анхных...
-
-Шинээр ирсэн Монгол залуу хурдан ажиллах хэрэгтэй байна даа гэж загас агнуурын усан онгоцны эзэн түүн рүү ширэв татан харлаа. Солонгос ул...
No comments:
Post a Comment