Юуны өмнө энэ номын зохиолч Жорж Орвелл ирээдүйн тухай буюу 1984 оны тухай, тэр дундаа социалист, тоталитар нийгмийг шүүмжилсэн энэхүү романаа 1949 онд хэвлүүлж байсныг дурдах хэрэгтэй болов уу. Энэ цаг үе нь өөрөө хүйтэн дайны үе болох дэлхий ертөнц социалист, капиталист хоёр нийгэмд хуваагдчихсан үе. Тиймээс улс төрийн шинж агуулгатай, уншихад анхаарал их шаардсан роман байлаа. Мөн өөрийн бичсэн "Хориотой дүүрэг" өгүүллэгийн үргэлжлэл туужаа бичихэд надад дөхөм болж магадгүй гэж бодсоны үзсэн дээрээс уншсан бөгөөд миний төсөөлснөөс өөр ертөнц байв.
Романы гол баатар Смит бол өөрийн амьдарч буй нийгэмдээ сэтгэл дундуур явдаг намын жирийн нэгэн албан хаагч. Тэрээр Дэлхийн гурван том гүрний нэг болох Их ах удирдагчтай, нэг намын тогтолцоот, Далайн гүрэнд аж төрдөг, ганц бие, дөч хүрэх гэж буй залуу.
Түүний өдөр тутмын ажил бол хуучны түүхүүдийг устгах, шинэчилж хэвлүүлэх бичгийн ажилтай нэгэн. Энэ нийгэмд Их ах болон намын эсрэг зүйл хийх, ярих, бодох ч хориотой. Намын ажилчдыг сэтгэхүйн цагдаа нар нууцаар тагнаж байдаг бөгөөд бүх өрөөнүүдэд байрласан телекамер бол ажил дээр ч, гэрт нь ч хүмүүсийг цагдаж байдаг учраас нүүр царайны хувирлаа ч нуух шаардлагатай болно. Хүн хүндээ итгэхэд хэцүү цаг үе бөгөөд найз нөхөд, ажлын хамт олон, тэр битгий хэл үр хүүхдүүддээ ч итгэж болохгүй. Хэрэв ямар нэгэн байдлаар мэдээлэгдэх юм уу баригдвал сэтгэхүйн цагдаа нар барьж аваачин эрүүдэн шүүх, байцаах, туйлдуулах замаар хийсэн хийгээгүй бүх хэргүүдэд хүлээлгэн, эцэст нь намын хэлдгээр "ууршуулах" аргаар энэ хорвоод хэзээ ч амьдарч байгаагүй юм шиг болгоно.
Мэдээж ийм цаг үед хайр сэтгэлийн талаар бодоод ч хэрэггүй. Гэр бүл, хайр дурлал, сексийг намаас хэрэггүй зүйлүүдийн тоонд оруулсан учраас эрэгтэй эмэгтэй хүмүүсийн харьцаа бараг байдаггүй. Харин Смитийн замд Жулия хэмээх хориод насны бүсгүй гарч ирснээр тэдний хэсэгхэн ч болов, жаргалтай мөчүүд ирэх болно. Нууцаар олон сараар уулзаж учран бие биеэсээ хагацаж чадахааргүй болсон үедээ тэд хоёр ч хүнд итгэсэн нь алдаа болдог бөгөөд нэг л өдөр баригдацгаан сэтгэхүйн цагдаа нарт эрүүдүүлэн шүүлгүүлнэ.
Смит эцсийн мөч хүртэл өөрийн үзэл бодолдоо үнэнч байх ч олон сарын тамлал эрүү шүүлтэнд сөгдөн сөгдсөөр зөвхөн хамгийн хайрт бүсгүйгээсээ л урвалгүй үлддэг. Эцэст нь хүний тэсвэрлэж чадах хамгийн хүнд тамлалын өмнө Жулиягаасаа ч урваснаар Смитийн харгис дарангуйлагч нийгмээ шүүмжилсэн хувь хүний үзэл бодол хэзээ ч дахиж босч ирэхээргүйгээр няц гишгүүлнэ.
жич: Романыг уншиж байх явцад зарим талаар одоогийн Хойд солонгосыг санагдуулж байсан нь санаандгүй тохиолдол биш болов уу.
No comments:
Post a Comment