Sunday, January 29, 2017
Орхан Памук "Цас" романы тухай
Ка хэмээгч түрэг яруу найрагч олон жил Германд улс төрийн шалтгаанаар амьдарсны эцэст төрөлх нутаг Туркийн зах хязгаарын Карс хэмээх буйдхан хотод эргэж ирнэ. Шашны тэмцлийнхээ төлөө хижаабаа тайлж хаяхаас татгалзан амиа хорлож буй охидын талаар сурвалжлах гэж ирсэн ч гэлээ цаад нарийн учир шалтгаан нь урьдын хайр сэтгэлт Ипек хэмээх үзэсгэлэнт бүсгүй нөхрөөсөө салсныг дам сонссоны учир сэтгэлийнхээ буйдхан бодолдоо горьдлого тээн ирсэн нь энэ ажээ. Ирсэн өдрөөсөө л амиа хорлосон охидын ар гэрийнхнээс ярилцлага авах, хотын жижигхэн сонины газрын эрхлэгчтэй уулзах гэх мэтээс ажил нь эхлэх боловч боловсролын их сургуулийн захирал алагдахад гэрч болж таарснаар тэрээр Карсын улстөр, шашин, ислам, үндсэрхэг курдуудын дунд өрнөх толгой эргэм учир зангилааны ээдрээнд эрхгүй татагдан орохын хажуугаар Ипектэй өрнөх хайр сэтгэл нь гүнзгийрэн хамтдаа Франкфурт руу буцах хэмжээнд хүртэл яригддаг. Түүнийг байх хэдхэн хоногийн хугацаанд цас үлэмж ихээр орон хотын гадаад ертөнцтэй холбогдох гол замууд боогдон, үүнийг далимдуулан улстөрийн үзэлт дээхнэ үеийн алдарт жүжигчин Сунай театрын жүжигчилсэн тоглолтын үеэр хотын цэрэг, тагнуулыхныг хамарсан жижигхэн бослого үймээн дэгдээж хотын хяналтыг авч таарна. Ка энэ зуур улс даяар онц ноцтой алан хядагч хэмээн эрэн сурвалжлагдаж буй Хөх хэмээх ислам үзэлт эртэй хэд хэд нууцаар уулзах бөгөөд Хөх түүний сэтгэлт бүсгүй Ипекийн дүү Кадифтай нууц амрагууд болох нь мэдэгдсэнээр Кагийн Карст өнгөрүүлсэн хэдхэн хоногийг улам л ээдрээтэй болгож орхино. Ка Ипектэй цуг Франкфурт руу буцаж очин жаргалтай амьдарч чадах болов уу, үгүй юу гэдэг асуултыг уншигч танд үлдээе.
Энэхүү романы төгсгөл үе рүү Орхан Бэй хэмээгч зохиолч Ка найзынхаа Карсад байх үед бичсэн шүлгүүдийг нь олж авахын төлөө эрэл хайгуул хийж байгаа дурсамж маягаар өндөрлөх болно. Орхан Бэйг харин зохиолч Орхан Памуктай андуурч болохгүй шүү. Учир нь Орхан Бэй ч тэр, Ка ч тэр уран зохиолын хийсвэр дүрүүд.
Номыг уншихад хүндрэлтэй байсан нэг зүйл нь А5 хуудсан дээр шигүү өрсөн маш жижигхэн шрифт. Миний хараа -0.1-р нэмж муудсан байх аа гэж бодож байна. Бас би бээр улстөр, шашны ойлголтын талаар маруухан нэгэн боловч барьж, тавин, барьж тавьсаар нэг юм дуусгаж орхилоо.
Сайн тал нь Туркийн улстөр, шашин, үндэстэн хоорондын сөргөлдөөн, Герман руу дүрвэгч түрэг хүмүүсийн талаар тодорхой мэдээлэлтэй болж авлаа.
Tuesday, January 3, 2017
ХОЙТ НАСАНДАА УЧИРНА
1930-д оны сүүл үе. Монголын түүхийн бас нэгэн хар толбо түүхэнд цусан мөрөө татуулан үлдэхээс өмнө буриад зон олон нутаг орондоо амар амгалан, өнөр өтгөн амьдарцгааж, хөвчийн ой шугуйдаа гөрөөлж, эхнэр хүүхдүүд нь гэр орон, мал хуйгаа өөд нь татаж, идэр жавхаалаг эрчүүд нь тэрэг эдлэлээ урлан ид хавыг гайхуулж байсан цаг. Дотоодыг хамгаалах яамны төлөөлөгч, чекист Яндаг хэдийгээр эхнэртэй, тэр нь өнөө маргаашгүй төрөх гэж буй ч нутаг гол усандаа үзэсгэлэнт царай төрх, бие хаагаараа урдаа хэнийг ч гишгүүлэмгүй Цэвэлмаа басганг хүсэн мөрөөдөж, эргүүлэн тойрч янаглахыг хүсэн байж ядан, ямархан хүний мөсгүй, хар санаа бодолтой болох нь удахгүй амаржих гэж буй эхнэрээ төрөхдөө хүүхэдтэйгээ цуг эндчихээсэй гэсэн чивэлт бодолд автдагаас нь харагдана. Хотын яам тамгын залуухан том дарга Сонров тэдний нутгаар айлчлахдаа Дамдин баавайн сор болсон охин Цэвэлмаад сэтгэл алдран, басган ч халх залууд өөрийн эрхгүй татагдаж, залуухан хос нэг гэрт орон, халуун хөнжлийг дулаацуулж, янаг амрагууд болон жаргах нь төдхөн сарын настай амьдрал байсныг даанчиг хэн хэн нь мэдсэнгүй, гэнэн итгэмтгий зандаа хөтлөгдөн хэнд ч хар буруу саналгүй, учирч ирэх аюулын тухай огтхон ч сэрэмж авсангүй байтал бусдын эхнэрийг харамлан тачаадсан сэтгэлдээ автаж, хүн алж гараа цустсан хүн чоно Яндагийн асаасан түймрийн эх Монголын зүүн хязгаараас баруун тийшээ довтолгохдоо замдаа тааралдсан бүгдийг хар шар, хөгшин залуу, баян ядуу, эр эмээр үл ялган толгойг нь залгихыг хэн мэдлээ. Буриад зоны тэр үеийн аж амьдрал, баяр цэнгээн, уй гашуу, элэг эмтрэм түүхийг уншиж байхад хамрын самсаа шархиран, халуун цуст хүний хувьд сэтгэл дотроо гаслан бачуурч байсныг нуугаад яахав. Ийм зохиолыг тэр л үед амьдарч, хэлмэгдүүлэлтийн хар салхинд аавыгаа алдаж байсан арав гаруйхан настай жаахан хүү, хожмоо Монголын агуу зохиолчдын нэг болох учиртай С.Эрдэнэ гуайгаас өөр хэн бичих билээ. Зохиолын төгсгөлд харин Цэвэлмаа болон мэргэн жаалын хувь заяа хэрхсэн бол гэж хэсэг бодлогошров.
Subscribe to:
Posts (Atom)
“Цээнээ бид хоёр” өгүүллэг /шинэчлэн бичсэн/ Ц.Оюунбат
Алтан шар зам жирэлзэн өнгөрч тоосонд дарагдан хоцрох нь хүмүүн бид нарын амьдрал, дурсамж өнгөрсөнд үлдэхтэй эгээ л адил санагдана. Арха...
-
Энэхүү ном нь хувь хүний амжилтын ном л доо. Гурав дөрвөн жилийн өмнө уншиж байсан санагдаж байна. Нэг уншчихад гэмгүй. Яагаад гэвэл Дэ...
-
Энэхүү бүрэн хэмжээний зөгнөлт, триллер төрлийн туужийг анх 2014 онд бичиж байсан бөгөөд туужийг бичиж дуусгасны дараа зохиолч болж, анхных...
-
-Шинээр ирсэн Монгол залуу хурдан ажиллах хэрэгтэй байна даа гэж загас агнуурын усан онгоцны эзэн түүн рүү ширэв татан харлаа. Солонгос ул...