Thursday, February 16, 2017

“Нийгмийн сүлжээ” өгүүллэг

Цэнгэл ажлаасаа гараад машинаа асаан төв зам руу орон их түгжрээний урсгалд мөлхөж эхлэв. Ажил эхлэх, тарах, сургууль цэцэрлэгт хүүхэд өгөх авах цагаар зарим хөдөлгөөнт замуудын машины урсгал таг гацчихдагийн адилаар машиных нь хурдны заалт арван км ч хүрсэнгүй, цаг гаруй бөглөрч зогсов. Өнөөдөр ажил дээрх хөдөлмөр нь бага зэрэг бүтэл муутай, гэрт бага хүүхэд нь ханиад хүрээд цэцэрлэгтээ явж чадаагүй зэрэг санаа зовоох асуудлууд дээр нэмэгдээд яаж гэртээ хурдан харих вэ гэдэг шинэ зовнил санаа зовоож эхэллээ. Зүүн дөрвөн замын уулзвар дээр наашаа ч үгүй, цаашаа ч үгүй нэг метр газар хөдлөхийн аргагүй болоод дөрвөн талаасаа дуут дохиогоо орилуулсан, цонхоороо хашгирсан жолооч нар нэлэнхүйдээ болжээ. Уулзвар зохицуулж байгаа замын цагдаа ч байсангүй, уулзвар дундах ганц нэг сүйхээтэй жолооч нар сайн дураараа зарим машиныг урагш хойш болгож байгаад нэвтэрч цааш яваад арилж өгнө. Цэнгэл урд талын машинаа дагаад хөдөлтөл баруун урд гуперыг нэгэн микроны жолооч хальт тулгаад зогсоодхов.
                “Өө хүлээж байхгүй дээ. Тэгсэн бол би цаашаа гараад зам чөлөөтэй байсан юм чинь тэр чигтээ явчих байлаа. Харин өөрийн чинь урсгал чигээрээ хөдлөх ямар ч боломж байхгүй байгаа биз дээ?” гэж Цэнгэл цонхоороо микроны жолоочид хандаж хэлэв.             
                “Юу гэсэн үг юм? Түрүүнээс хойш гучаад минут энд зогсож байна. Алив ээ ухраадах” гэж хижээлдүү насны микроны жолооч зандрангуй шаардав.
                “Миний машиныг шүргэчихсэн байгаа биз дээ? Сэв гаргачихсан бол яах юм бэ?”
                “Бараг яагаа ч үгүй л байна ш дээ. Иймэрхүү юм болгон дээр сүржигнээд байвал зам хорохгүй ээ.” Микроны жолоочийг ингэж хэлэнгүүт зорчигчид нь арын жижиг цонхнуудаар сүрэг болжморууд шиг толгойгоо цухуйлган “Тийм ш дээ”, “Яагаа ч үгүй л байна” , “Ухарчихаачээ” гэх  зэргээр ам уралдуулан шаагилдаж гарав. Олон хүний тулган шаардалт, дуут дохионуудын чанга сул олон янзын чимээнд Цэнгэлийн толгой эргэж яах учраа бүр олохоо байв.
                “За за би ухарлаа даа” гэсээр ухрах гэтэл араас нэг данхар жип тулгаад зогсчихсон нэг гартаа утсаа барин чихэндээ наан тасралтгүй ярих, босс байрын залуу “Хөөш, яаж ухрах гээд байгаа юм бэ? Би тулгаад зогсчихсон байна. Зүгээр наанаа учраа олоод хөдөлчихөөчээ. Арчаагүй юм аа” гэх зэргээр буруутгаж гарав. Урагшаа ч, хойшоо ч хөдөлж болдоггүй хэцүү байдалд орсон Цэнгэл ямар нэгэн үйлдэл хийлгүй хүрдэн дээрээ гараа тавьчихсан хөшиж орхиход, микроны жолооч болон зорчигч нар түүнийг албаар явахгүй зам хаагаад байна гэж ойлгосон бололтой, шаагилдах хашгичихын хажуугаар ганц нэг хараалын үгс сонсогдож эхлэв. Цэнгэлийн утас нь хангинаж эхлэхэд, утсаа аваад “Байна уу” гэтэл эхнэр нь “Бага хүүгийн ханиад хүндрээд халуурч эхлээд байна, хааччихдаг юм бэ, арай нөгөө Энхээтэйгээ нийлээд уучихсан юм биш биз дээ” гэх мэтээр хангинаж гарав. Энхээ тэр хоёр хааяа ажил тарангуут ганц нэг лааз шар айраг шимээд халамцуухан гэртээ ордог нь үнэн л дээ. Гэхдээ одоо тийм үе биш болохоор замын түгжрээний учрыг хоёр минут хэртэй тайлбарлах шаардлага гарчээ. Дөнгөж яриагаа дуусгатал цонхыг нь микроны жолооч хижээл насны эр балбаж, “Хөөе нусан таглаа минь замаас зайлаад өг, бид нар явмаар байна” гэв ээ. Ард байгаа машин нь ухрах боломж гаргахгүй байхад өөрийг нь бүгд буруутгаад байгаад бухимдсан Цэнгэл хаалгаа ширүүхэн онгойлгон, гадаа гарч зогсох үед өөрөөсөө төө хэрийн өндөр түүнийг харангуутаа микроны жолооч зодолдох гэж байна гэж ойлгосон бололтой,
                “Хөөе Дэндэв ээ, наашаа хүрээд ир. Энэ нэг юм өдөөд байна” гэнгүүтээ хоёр нударгаа зангидан урдаа өрөлт авав гэнэ шүү. Эгээ л нэг харьж яваа боксчин аятай урагшаа унжсан гүзээгээ цүл цүлхийлгэн хоёр хөл дээрээ хөнгөхөн үсэрч тэрүүхэн тэндээ бүжиглэх дүр үзүүлээдхэв. Харин микроны арын гүйдэг хаалгаа цэлийтэл нээн гүйн ирсэн арван найм орчим насны шавилхан банди жолооч ахынхаа хажууд зэрэгцэн зогсоод түүнийг дуурайж өрөлт авав. Цэнгэл ийм юм болно чинээ санаагүй учраас “Ах аа, та буруу ойлгоод байна аа. Би ухрах гэсэн чинь энэ хойд талын машин тулчихаад болохгүй байна ш дээ” гэж инээмсэглэхэд, хижээл эр сонсоогүй бололтой, “Аан бид хоёрыг басч инээж байх шив дээ. Энэ Дэндэв ч яахав хар нялхаар юм байгаан. Би харин залуудаа боксоор хичээллэдэг байсан юм шүү, залуу минь” гэж занах сануулахын хооронд хэлээд зангидсан хоёр гараа бүр нүүрнийхээ өмнө хүртэл дээшлүүлэв. Микронд сууж байсан зорчигчид тэр гурав дээр бүх анхаарлаа төвлөрүүлж, бүгдээрээ бууж ирээд тойроод шавчихлаа. Одоо бол хүмүүсийн дуу шуугиан, машинуудын дуут дохионуудын чимээнд дарагдаад Цэнгэлийн юу гэж яриад байгаа нь бүр сонсогдохоо больж эхлэв. Гагцхүү урдах хоёроо тайвшруулах санаатай гараа өргөтөл өнөө хоёр нь цохилт ирэх нь гэж санасан бололтой, давхийн цочицгоож, хижээл эр бүр сурмаг гэгч нь “цохилт”-оос бултах дүр үзүүлэхэд олон түмэн шагшин магтацгааж, ихэнх нь алга ташицгаан, ганц нэг өр нимгэнтэй эмээ нар нулимс дуслуулж буй харагдав. Энэ үеийн байдлыг дүрсэлвэл эртний Ромын Колизейд тогтмол болдог байсан гладиаторуудын тулаан дээр эсрэг талын хэрцгий гладиаторын эсрэг манай талын хоёр мэсчин боолууд үлдчихсэн аятай үзэгч, хөгжөөн дэмжигч нар хөхиүлэн дэмжиж, үзэгчдийн дундаас “Наадах чинь ер нь балмад амьтан байна”, “Болгоомжтой байгаарай жолооч ах аа”, “Өвгөн жаалхүү хоёртой зодолдохоос ичдэггүй юм байх даа” гэх зэргээр хашгиралдаж эхлэв. Ийм хачин жигтэй байдалд орж  үзээгүй Цэнгэл одоо бүр яахаа мэдэхээ байв гэнэ. За тэгтэл микроны жолооч түрүүлж дайралт хийе гэж санасан бололтой, баруун гарын шулуун цохилт гялс хийлгэн нисгэхэд, Цэнгэл нэг алхам ухарснаа төрөлхийн совингоороо гараа урдаа авч цохилтыг нь зайлуулж өөрийг нь түлхэж орхиход жолооч эр хүчиндээ хийсээд явчихав. Цугларсан үзэгч нар уулга алдацгаан нэг оюутан байрын охин “Яанаа” гэж хашгирахад хижээл эр хөл дээрээ босон зогссоноо дараагийн дайралтаа төлөвлөн амсхийж байхад, Цэнгэл,
                “Хүмүүс ээ, та нар буруу ойлгоод байна аа. Би албаар зам хаагаагүй, ухрах гэтэл ард бас нэг машин байсан юм. Энэнд уурлаад байх зүйлгүй ш дээ” гэж тайлбарлан хэлтэл түрүүчийн микроны зорчигчид дээр нэмэгдсэн ойр хавийн автобус, машины жолооч, зорчигчдын асар их дуу шуугианд сарниад түүний яриаг бүтэн ойлгосон хүн тэнд ганц ч байсангүй. Харин Цэнгэлийг дахин өөр зүйл ярихаар ам ангайтал Дэндэв хэмээх шавилхан биетэй мөнгө хураагч намхан банди үсэрч ирээд чих рүү нь дэлсээд авахад чих нь цуурайтан, дүйнгэтэж, хэнгэрэгнийх нь хажууд буу барьж байгаад тас хийлгэчихсэн мэт хэсэгхэн хугацаанд юу  ч сонсогдохоо болив. Энэхүү агшныг ашиглан микроны жолооч эр түүнийг шанаан тус газар нь ганц түсхийлгэн цохиход Цэнгэл хажуу тийшээ өвдөг дээрээ сөхрөн суулаа. Түүнийг газардав уу, үгүй юу цэнгэлдэх хүрээлэнд үзүүр түрүүний бөх хаялцахад үзэгчдийн дуу шуугиан нэгэн хэмийн далайн түрлэгтэй адилхан сонсогддог шиг хаа сайгүй магтан сайшааж, хөөрч баяссан хүмүүс, микроны жолооч, мөнгө хураагч хоёр эгээтэй л олимпт түрүүлчихсэн аятай бие биенээ тэврэн авч эргэлдэцгээх нь тэр. “Ичмээр юм” гэж Цэнгэл дотроо шивнэснээ бушуухан босч машиндаа ороод суучихав. Юу гэж хэлээд ч ямар ойлгох биш, хурдхан шиг энэ ёрын уулзвараас арилж өгөхсөн гэж тэсгэлгүй их хүсэв. Гэвч тийм амархан арилсангүй ээ. Үзэгч олон түүний машины тал талаас цуглачихсан, инээлдэж хөхрөн шоолцгоож, цаана нь микроны жолооч, мөнгө хураагч хоёр ялсан баатрын ялгуусан дүрээр түүнийг ихэмсгээр харан зогсоно. Хэсэг хугацааны дараа замын түгжрэл ч бага багаар арилж, хүмүүсийн сонирхол ч буурсан бололтой тарцгаан, Цэнгэл ч ичсэн нүүрэндээ хаазаа тултал нь гишгэн гэр рүүгээ зүглэжээ. Гэртээ очоод эхнэртээ тоймтой зүйл хэлсэнгүй, хоолоо идэж суухад шанаан тус газар нь өвчин орсон байсанд боксчин байсан нь үнэн байж гэж бодов гэнэ.
                Маргааш нь Цэнгэл ажил дээрээ ирэхэд ажлынхан нь түүнийг харангуутаа л инээдээ барьж ядан зөрж, энд тэнд шивнэлдээд байгаа нь илт мэдэгдэж эхлэв. Ширээн дээрээ ирээд компьютерээ асаагаад сууж байтал ажлын залуу нь ирэнгүүтээ,
                “Хөгшөөн, өчигдөр юун хэрэг мандуулчихаа вэ?”
                “Яагаа ч үгүй ш дээ.”
                “Битгий худлаа яриад бай. Цахим ертөнцөөр нэл шуугиан. Итгэхгүй бол энийг хар” гэнгүүтээ фэйсбүүкээр нэгэн бичлэг үзүүлэв.
                Гарчиг нь балмад зантай булиа эрийг микроны өвгөн жолооч, жаахан хүү хоёр хашраажээ гэсэн байв гэнэ. Бичлэгэн дээр өөрийгөө хэрхэн ичгүүртэйгээр ялагдаж, хүмүүсээс зугтан машиндаа бүгж байгаа зэргийг хараад Цэнгэлийн нүүр гэрлэн дохио аятай улаанаар асчээ. Буруу ойлголтыг зөв болгох санаатай,
“Наана чинь сүртэй юм болоогүй ш дээ. Юун ноцолдож зодолдох, би хуруугаа ч хөдөлгөөгүй. Тэгээд ч өвгөн хүн биш хижээл насны л эр байсан. Өнөөх нь ч гэсэн жаахан хүү биш, залуу байсан шүү дээ” гэтэл ажлын залуу түүний байдгаараа ичиж байгааг анзаарч, “За зүгээр дээ, хааяа ийм юм байх ш дээ” гэснээ цаашаа эргэхдээ жуумалзан инээдээ барьж ядан яваа нь илт байв. Цэнгэл өдөржингөө ажил дээрэээ хавчиганаж байснаа гэртээ ирээд өнөөх бичлэгийг дахиж үзэн, хүмүүсийн сэтгэгдлийг уншсан чинь улам сэтгэлээр унав. Ядаж байхад ганцхан өдрийн дотор өнөөх бичлэгийг хэдэн мянган хүн үзчихсэн, тэр ч байтугай өөрийнх нь хаяг руу хэд хэдэн хүн харааж, зүхсэн үг чулуудсан байв. Сэтгэгдлүүд дээр “Иймэрхүү новшнуудыг тааралдсан газарт нь бялба нүдээд хаячих юмсан”, “Энэ одоо хөгшин хүн, жаахан хүү хоёрт эр бяраа гаргадаг хэн бэ?”, “Явдаг газар руу нь явуулах хэрэгтэй”, “Ах хүү хуучин бууны хугархай гэсэндээ болгож тавьлаа” гэх зэргээр бичжээ.
Эхнэр нь харин түүнийг дэлгэцтэйгээ наалдах шахам суучихсан их л анхааралтай сэтгэгдлүүдийг уншихыг хараад бичлэгийг үзсэнээ хангинаж гарав.
“Арай ч дээ Цэнгэл ээ, амьтан хүнээс ичихэд яанаа? Бөглөрөөд зогсож байна гэж худлаа хэлсэн байна ш дээ. Очиж очиж дөрвөн замын уулзвар дээр түмэн амьтны нүдэн дээр жаахан хүүхэд шиг зодоон хийгээд байхдаа яахав дээ, найзууд, хамаатнууд, ажлынхан харчихвал яах юм бэ” гээд усан нүдэлж эхлэв.
“За үнэндээ сүртэй зүйл болоогүй ш дээ. Хэн нэг нь сенсац тарих гээд сүр бадруулсан гарчиг тавиад интернэтэд тавьчихсан л байна. Би цохиж, нүдсэн юм байхгүй ш дээ.”
“Энэ хэсэгт тэгвэл яаж байгаа юм? Чи энэ өвгөнийг цохиод унагасан байна, харахгүй юу” гээд эхнэр нь бичлэгийг дахин үзүүлэхэд нээрээ ч бичлэг авсан өнцгөөс өвгөнийг цохиод унагаж байгаа юм шиг харагдав.
“Чи надад итгэ л дээ” гэж Цэнгэл гоморхонгуй хэлэхэд, эхнэр нь ширэв татсанаа,
“Чамайг арай ч ийм хүн гэж бодсонгүй, том өрөөний буйдан дээр унтаарай” гэчихээд нөгөө өрөө рүү ороод хаалгаа хаачихав. Унтлагын өрөөнөөсөө хөөгдсөн Цэнгэл том өрөөний буйдан дээр ороо засч унтахаар хэвтсэн ч нойр нь хулжиж нааш цааш хөрвөөсөөр шөнө дунд арай гэж унтав.
Маргааш нь ажил руугаа автобусанд суугаад явж байтал өөдөөс нь харан суусан хоёр эмэгтэй түүнийг таньсан бололтой, өөрийг нь занган хэсэг аяархан юм ярьснаа цэхэлзэж муухай харсаар автобусны буудал дээр буулгажээ. Ажил дээр ч байдал өөрчлөгдсөнгүй, үдээс хойш хүртэл хэнтэй ч үг дуугараагүй байж байтал өчигдрийн залуу доогтойхон ирснээ,
“Хөгшөөн дахиад нэг бичлэг тавигдчихжээ. Чи ч баларчээ” гээд бичлэгийг үзүүлэв. Микроны жолооч хэн нэгэнд ярилцлага өгч байгаа бололтой,
“Тэр залуу харваас дээрэлхүү, хамраа сөхчихсөн амьтан байсан л даа. Бид нарын замыг ганцаархнаа таглаж, бүтэн хоёр цаг зогсоосон гээд л бодчих. Би уг нь хойшоогоо ганцхан метр газар ухраад өгчихөөчээ гэсэн чинь намайг хөгшин төгцөг минь дуугүй бай, ухрахгүй гэж хэдэрлээд, ах нь залуудаа боксын дугуйланд нэг сар явсан гэсэндээ аргагүйн эрхэнд нударга зөрүүлсэн л дээ. Харин надаас ухамсрын шанаа авчихсан хойноо ахаа битгий л дээ гэж өрөвдмөөр царай гарган нулимс дуслуулсан гээд л бодчих. Юу бодохлоороо над шиг харьж яваа хүнийг, энэ нэг өнчин өрөөсөн..” гэснээ ахын сэтгэл хөдөлсөн бололтой мөнгө хураагч шавилхан залуугийн толгойг барьж үнэрлээд,
“Хөөрхий бүтэн өнчин юм байгаан. Бид хоёр халтууранд явж байж л аль аль минь хоногийн хоолтойгоо золгож байна шүү дээ” гээд доголон нулимс дуслуулаадхав. Ярилцлага авч байсан хүүхэн эргэн камер руу харахад том алаг нүдэнд нь нулимс цийлэгнэн,
“За тэгэхээр үзэгчид та бүхэнд юу болсон тухай бодитоор нь нэмэлт хачиргүйгээр хүргэлээ. Одоо цагт залуусын ухамсар ямар их доройтсон юм бэ? Өвгөн, жаалхүү хоёртой зодолдсон хүнийг Цэнгэл гэдэг бөгөөд хувийнх нь хаягнаас зургийг харуулъя” гэснээ тээр жил Хөвсгөл явахдаа авахуулсан цээж нүцгэн зургийг дэлгэц дүүртэл харуулав. Харин тэрнээс хойш интернэт рүү орохын аргагүй болжээ. Бүр нэг мэдээлийн сайт дээр илт давслан, “Цэнгэл жаалхүүг барьж аван, цус нөжтэй нь хутган зодож байтал хуучны алдарт боксчин өвгөн ах маань ганцхан цохилтоор буулгаж авчээ. Мэдээж өвөө бас хариу цохилт авсан ч шийр заан босоогоороо үлджээ. Өвгөн удахгүй далан насыг зооглох юм байна” гэсэн байв. Ердөө л хоёрхон өдрийн дотор Цэнгэл нийгмийн сүлжээнд хамгийн их үзэн ядагчтай этгээд болж, микроны жолооч эр хорин хэдэн насаар хөгширч, мөнгө хураагч залуу буцаад өсвөр насны хүүхэд болсон байв. Нэг мэдсэн орой болж гудамж талбайг харанхуй бүрхсэн байв. Цэнгэл гудамжаар гутлаа чирэн алхахдаа толгойгоо гудайлган, замд тааралдах нэг лаазыг тээр хол газарт цөлж орхив. Гадаа нэлээн жиндүүхэн намрын сэрүү орчихсон үе учраас Цэнгэл хүрэмнийхээ захыг босгон нугдайж, гараа халаасандаа шургуулчихсан алхаж явтал хаа нэгтээгээс нохой гасалж гийнах дуулдав. Эргэн тойрныг сайтар ажиглатал хогийн савны мухарт саяхан гөлөглөсөн бололтой жингэр нохой тав зургаан гөлөг тойруулчихсан бөөгнүүлээд цагираглан хэвтсэн байв.
“Иш чааваас даа, өлсөж даарч байгаа байх даа” гэж Цэнгэл үглэн ийш тийшээ харснаа ойрхон дэлгүүрээс хоёр хуушуур, ус аван жингэрийн өмнө тавив. Нохой ч хуушуурыг тамшаалалгүй залгиж орхиод Цэнгэл рүү сүүлээ шарвагануулан харахдаа хүйтнээс болж байдгаараа чичрэн дагжиж байв. Мань эр дахин ойр хавиас картон цаас цуглуулан салхи, жавраас хамгаалж гурвалжлан босгож өгөөд санаа нь амран гэр рүүгээ харьжээ.

Маргааш нь харин нийгмийн сүлжээн дээр “Сайхан сэтгэлт залуу дөнгөж гөлөглөсөн нохойд анхаарал тавин идэх юм өгөн, оромж босгожээ” гэсэн гарчигтай гудамжны камерын бичлэг тавигдав. Сэтгэгдлүүд дээр “Ямар сайхан сэтгэлтэй хүн бэ?”, “Бүр өөрийн эрхгүй нулимс гоожчихлоо, ямар сайхан юм бэ” гэх мэтээр магтсан сайшаасан хэдэн мянган сэтгэгдэл үлдэж, зарим нь бүр энэ хүнийг заавал олох хэрэгтэй шүү, үнэхээр бахархмаар юм гэх мэтээр хэлэлцсэн байв.

Wednesday, February 8, 2017

"Найрагч Борхүү" өгүүллэг


Зуны дэлгэр цагт Борхүү нутгийн зүг төмөр хүлгийн жолоог залж, таньдаг айл айлаар орон айраг цагаан идээ эргүүлсэн шиг маадгар амьтан Тамирын голын эргээр нааш цааш хөндлөн гулд давхиулан жаргалтай нь аргагүй хэд хоноод байв. Унаган багаасаа энэ л голын хөвөөнөө тоглож өссөн андууд, хамаатан садан, ах дүү нар байгаагаас хойш ингэхээс ч яах билээ. Тэр ч байтугай битүүхэндээ харж явдаг байсан үе тэнгийн бүсгүй Сувдаагаа харуулдахаас яахав. Цаанаа хүнтэй болсон эсэхийг нь ч одоохондоо мэдсэнгүй. Найзуудын яриагаар бол хотоос нэг нөхөр ирдэг болоод хэдэн сар болж буй сурагтай, нутгийн залуучууд голынхоо ганц гайгүй хүүхнээ өгчихгүй санаатай, хэчнээн шавар хааж өдөр болгон очоод ч нэмэр болсон эсэхийг мэдсэнгүй гэнэ. Тэгээд ч одоо цагт хуучных шиг цаг товлон нэг газар уулздаг үе ч үгүй болж, гар утастай байхад хаашаа ч юм, хэзээ ч юм Сувдаагаа алдчихаад болж өгсөнгүй ээ гэж багын найз Сүхээ нь маасайн байж хэлэхэд Борхүүгийн дотор хармын сэтгэл төрж, өөрийнх болоогүй бүсгүйг танихгүй хүнээс хардаад ч байх шиг хачин мэдрэмж төрөөд явчихав. Ядаж байхад аймгийн төв ойрхныг ч хэлэх үү, Борхүүг нутагтаа ирэх үед Сувдаа аймагт байдаг хамаатных руугаа явчихаад эргэж ирээгүй үе таарчээ. Тиймээс Борхүү аймаг руу ч нэг ухасхийчмээр, яахаа мэдэхгүй ацан шалаанд орчихсон, аймаг руу явчихвал зөрчихвөл яана гэсэн айдастай хүлээзнэсхийн байв.
Борхүү их сургуулиа түрүү жил төгсчихөөд хотод нэг жижиг компанид ажилд орсны хажуугаар товхийсэн хэдэн шүлэг биччихдэг учраас тэр авъяасаа түлхүү хөгжүүлэн дөчин дөрвөн шүлэгтэй яруу найргийн товхимол гаргачихсан догь эр ээ. Цөөхөн хэдхэн хувь хэвлүүлснийгээ ихэвчлэн анги сургуулийн хамт олон, найз нөхөд, хамаатан саднууддаа тарааж дуусгаад ганц үлдсэнийгээ цүнхнийхээ мухарт нандигнан хийж, Сувдаадаа өгөхөөр авчирчээ. Уг нь их сургуульд байхад хааяа утсаар ярихад дуртай л байх шиг байсан чинь түрүү жилээс хойш нэг л янзгүй ээ. Хурдхан шиг утсаа таслахын түүс болоод байгаа нь илт мэдэгдээд л байгаа юм. Сая ч гэсэн ирсэн өдрөө залгахад, нэг их дурамжхан байртай “Байна уу? Аан Борхүү юу” гэснээ “Аймагт байна аа. Хэзээ очихоо сайн хэлж мэдэхгүй байна. За за тасаллаа шүү” гэснээ утасны цаанаас дүүд дүүд гэх чимээ сонсогддог юм даа. Уур ч хүрэх шиг, эгдүү ч хүрэх шиг, хар багаасаа л өдөж байгаа царай нь гэж гэзэг үснээс нь чангаан уйлуулж зугтдаг байсан үеэ бодохлоор хөгийн санагдаад эхлэв.
Одоо тэгээд яая гэхэв, гүүгээ хураасан айлуудын зэлнээс зэл дамжин, гүзээгээ дүүртэл айраг  залгилангаа унаган багын Сувдаагаа битүүхэндээ хоног тоолон хүлээж эхлэв. Аав ээж хоёр нь хүүгээ хотоос ирсэнд хөл газар хүрэхгүй баярлацгаан, өдөр болгон амттай хоолоор бөмбөгдөн бордож, арваадхан хоногийн хугацаанд намар цагийн адуу шиг тарган цатгалан гэж жигтэйхэн, зуны хурц шаргал наранд шаруулсаар байгаад түлэнхий хар юм болж орхив.
Хүсэн хүлээсэн өдөр болж Сувдааг ирсэн сураг олоод сонсоодохжээ. Залгахлаар тоймтой юм ярихгүй байсан тул өөрөө номхон хээр морио эмээллээд Сувдаагийн аавынд ирчихээд, орох эсэхээ шийдэж ядан зогсч байтал ашгүй ээж нь болох Дулмаа гуай нохой хуцах чимээнээр хаалгаа дэлгэн гарч ирээд,
“За сайн уу, Борхүү. Ямар их өөрчлөгдөө вэ? Хэзээ ирэв?”
“Та сайн сууж байв уу, Лувсан гуай байгаа юу? Ирээд хэд хонож байна аа.”
“Ах чинь байгаа байгаа. Орж цай уу хүү минь” гэв.
Гэрийн хаалгаар Дулмаа гуайн араас дагаж ороход, хар хүн нь болох Лувсан хэмээх том гүзээтэй хүн хоймрын авдрын наахна зурагтын хүлээн авагчаа оролдон, жирэлзэн буй дэлгэц рүү ч нэг харан, өмнөө байгаа тоон хүлээн авагчийн ногоон үсэг тоо руу ч ээлжилж харан янзлах гэж оролдоно. Эхэндээ хийсэн зүйлдээ улайран явган ширээ рүү модон сандал дөхүүлж суусан Борхүүг ч анзаарахтай манатай.
“Сайн байна уу, Лувсан ах аа.”
“Сайн” гэж эргэж харалгүй хэлснээ, “Хүү минь энийг нэг янзлаадах арга байна уу?” гэхүйд Борхүү зурагтын өмнө өвдөглөн сууж, товчлууруудыг хэд дарж үзсэн ч нэмэр болсонгүй. Лувсан харин Борхүүг одоо л таньж,
“Аан Борхүү байсан юм уу, хэзээ ирэв дээ, хотод юу хийж байна хүү минь?”
“Хэд хоногийн өмнө ирлээ. Нэг хувийн компанид ажиллаж байна даа.”
“За наадах чинь гарах нь өнгөрсөн юм байна. Орхи. Босч ирээд цай уу” гэв. Борхүү шаазан аяганд хийж өгсөн зэлгээн цайг балгангаа тавагтай боорцогноос ам руугаа чихэж яриан завсраа хавчуулан, Сувдааг сураглахад,
“Охин найзтайгаа тайхар чулуун дээр очно гэсэн байх аа” гэв. Борхүү тэр найз нь өнөө яриад байдаг хотын залуугаас зайлахгүй, бушуухан очилгүй болохгүй гэж адгахдаа аман дахь боорцгоо хурдан хурдан зажлан, цайгаараа даруулан залгиж орхиод,
“За явъя даа” хэмээн нэг их тайвуухан үүд рүү алхахад, Лувсан хойноос нь,
“Өөр сонин сайхан юу байна аа” гэж асууж амжив.
“Нам тайван даа, дүү нь харин Сүхээтэй уулзах ёстой байснаа мартчихаж” гэж худлаа хэлээд гэрийн хаалгыг хаав уу, үгүй юу алхаагаа түргэсгэн уяатай морин дээрээ очин, сэвхийтэл мордож аваад гэрийн зүүнтэйгүүр тайван идээшлэж байсан хундан цагаан хонинуудыг хага яран үргээсээр хойноос давхих дөрвөн нүдэт нохойд боргуулан тайхар чулууг чиглэн давхив. Номхон хээр морь ойрдоо ингэж ширүүн давхиж үзээгүй бололтой, хэдхэн минут ширүүн давхиснаа явдлаа удаашруулан сүүл рүүгээ хэчнээн ороолгоод ч нэмэргүй бөн бөн шогшуулж эхлэв.
Тайхар чулууны наана Тамирын голын хөвөөнөө гоёмсог хар жип зогсох бөгөөд тэрнээс ойрхондуу цэнхэр торгон дээлийг нарийн бүсээр жимбийтэл ороосон Сувдаа морио хөтлөн усалж хажууд нь танихгүй өндөр залуу энэ тэрийг ярин зогсож байхыг үзээд Борхүүгийн гар хуруу нь салганан, цулбуур жолооноосоо байдгаараа зууран угз таттал морь нь цочсондоо арай л босч ирээд хойш нь шидчихсэнгүй, багаасаа морин дэлэн дээр өссөн гэсэндээ шийр заан тогтож үлдэв. Холоос морьтойгоо наашилж байгаа Борхүүг Сувдаа шуудхан таньжээ.
“Сайн уу, Сувдаа”
“Сайн, сайн уу Борхүү”
Тэгээд цаашаа Борхүү юу хэлэхээ мэдэхгүй таг гацангуутаа, ээрч мууран,
“Сая аавынхаар чинь ороод..”
“Намайг энд байгаа гээ юу, тэгээд ирсэн юм уу?”
                “Үгүй л дээ. Энэ хавьд Сүхээтэй уулзах ёстой юм” гэснээ Борхүү танихгүй өндөр залуу руу гайхширсан харцаар харахад, өнөөх нь өдөр болгон л Сувдаагийн эргэн тойрон сүүтэлзэж байдаг нутгийн залуучуудаас өөрцгүй гэж бодсон бололтой, хүн гэж тоосон шинжгүй зогсоно.
                “Танилц. Энэ миний багын найз Борхүү. Харин энэ миний найз залуу Энхбаяр.”
                Борхүү өөрийг нь ердөө л нэг багын найз, бас өнөөх залууг найз залуу гээд хэлчихсэнд бачимдан давчидсан сэтгэлээ арайхийн барьж,
                “Сайн уу” гэсэн чинь нарийхан гонгиносон дуу болж Тайхар чулуунд нэг ойн голын усанд замхраад алга болчихов. Харин Энхбаяр сайхан цээл хоолойгоор,
                “Сайн уу” гэж мэндлэх үед, ашгүй утас нь дуугарч цаашаа чихэндээ наан эргэв.
                Борхүүд ч тэр, Сувдаад ч тэр ярих юм олдохгүй, хэсэг азнаснаа, Борхүү нэг юм яриаг эхлүүлж,
                “Чамайг хүлээгээд хэд хоносон чинь ер ирэхгүй юм” гэж гомдоллонгуй хэлэхэд,
                “Аан, Энхбаяр бид хоёр цугтаа амралтанд яваад” гэж Сувдаа жишим ч үгүй хэлж байна шүү. Түүний энэ үгэнд Борхүү дотроо ихээхэн зэвүүцэж,
                “Чи хэдийдээ ийм дотно болчихоов?”
                “Удаж байна аа. Жил гаруйн өмнөөс.”
                “Тэр үед хоёулаа чинь утсаар ярьдаг байсан шүү дээ?”
                “Хоёулаа зүгээр л найзууд байсан биз дээ.”
                “Би тэгж боддоггүй байсан” гэж Борхүү үнэнээсээ хэлэх үед Энхбаяр утсаа таслан эргэж ирэн,
                “Сая аав ярьж байна. Тэгж байгаад намрын дунд сарын үед ааваас чинь бэр гуйна гэнэ” гэхэд Борхүүгийн чих дэлдийж, нүд гөлийн, эгц дээшээгээ байрлалтай Тайхар чулуу хазайгаад унах гэж байгаа ч юм шиг, арга ядаад голын түргэн урсгал руу ширтвэл зогсож байгаа газар нь урсгал усанд дайвалзан хөдлөх ч шиг санагдаад, амраг хосын бие биедээ эедүү зөөлхөн ярьсан яриа бүүр түүрхэн цаана сонсогдохтой үгүйтэй болж ирэв. Хэр удаан хугацаа өнгөрснийг мэдэх юм алга нэг мэдэхнээ,
                “Хөөе Борхүү, хөөе. Гэр рүүгээ явлаа шүү” гэхэд сэхээ орон харвал хотын залуу машиндаа суун, аймаг руу хөдөлж, Сувдаа мориндоо мордчихсон гэр рүүгээ явах гэж буй бололтой.
                “Хүлээж бай, Сувдаа. Цуг явъя” гээд хажууд нь морио аажуухан гэлдрүүлэнгээ,
                “Би уг нь чамайг эхнэрээ болгож авна гэж боддог байсан. Хоёулаа уг нь дотно л байсан санагдах юм. Яагаад ийм юм болчихов оо?”
                “Борхүү, одоо нэгэнт өнгөрсөн зүйл ш дээ.”
                “Үгүй ээ, яагаад гэдгийг хэлээд өг л дөө. Тэр залуу юугаараа надаас илүү юм бэ?”
                Сувдаа ярих уу, байх уу гэж шийдэж ядан хэсэг дуугаа хурааснаа, нэлээн байсны эцэст,
                “Худлаа хэлээд яахав. Би ч бас хар багаасаа тоглож өссөн болохоор чамд ээнэгшсэн байсан нь үнэн. Чамайг оюутан болоод хот руу явах үед ч би чамайг битүүхэндээ хүлээсээр, харсаар л байв. Гэвч чиний байдлаас харахад надад сайн муу аль нь ч мэдэгдэхгүй, зун нь ирж, нааш цааш адуун дэлэн дээр хийссээр байгаад буцчихдаг байсан. Эмэгтэй хүн эхэлж сэтгэлээ нээх нь ховор байлгүй дээ, тэгээд ч хотын хүүхнүүд шиг түс тас хэлчих шударга зан надад байсангүй. Харин жил хагасын өмнө чам руу залгахад, чи найзуудтайгаа гадуур ууж наргиж байгаа бололтой, халамцуудуу, цаана нь охид хүүхнүүд, залуучуудын дуу шуугиан. Нэг найз чинь чамайг хэнтэйгээ яриад байгаа юм бэ гэхэд чи над руу за за баяртай, дараа залгая гэснээ утсаа таслахаа мартсан бололтой цаашаагаа хандаж нэг нутгийн хүүхэн байгаа юм аа. Энд эхнэр олдохгүй бол нутагт нэг хүүхэн хүлээж байгаа гэснээ бөөнөөрөө пар пар хийлгэн инээлдэх чимээ сонсогдсон. Тэгэхэд ганцхан үдэш надад хэцүү байж, чамд туйлын ихээр гомдсон ч гэлээ дараахан нь би чамайг мартсан бас уучилсан.”
                Ингэж хэлэнгүүтээ Сувдаа хариу хэлэхийг ч хүлээлгүй саарал мориндоо ташуур нэмэн гэрийн зүг хатируулав. Борхүү ангайсан чигтээ морины тоосонд дарагдан үлдэхдээ, гайтай тэр өдрийг бас амнаас гарсан болчимгүй үгийг санахыг хичээвч тухайн үед уусан архины халуун, бас ч гэж олон хоногууд өнгөрсөн болохоор юу ч санаж чадсангүй. Гагцхүү ганцхан хормын бодлогогүй үг, цөөнгүй жилүүдийн шийдэмгий бус байдал өөрт нь гай болсныг ухаарчээ.

                Нөгөөдөр нь Борхүү хотын зүг жолоогоо эргүүлэхдээ дөнгөж уншиж сурч буй хамаатны дүү охиндоо Сувдаад зориулж авчирсан шүлгийн номоо орхиод явжээ. Бяцхан охин номыг нээхэд хамгийн эхний шүлэг нь бадаг болгондоо нэжгээд Сувд гэсэн үг бүхий шүлэг байв гэнэ.

“Цээнээ бид хоёр” өгүүллэг /шинэчлэн бичсэн/ Ц.Оюунбат

Алтан шар зам жирэлзэн өнгөрч тоосонд дарагдан хоцрох нь хүмүүн бид нарын амьдрал, дурсамж өнгөрсөнд үлдэхтэй эгээ л адил санагдана. Арха...