Wednesday, February 8, 2017

"Найрагч Борхүү" өгүүллэг


Зуны дэлгэр цагт Борхүү нутгийн зүг төмөр хүлгийн жолоог залж, таньдаг айл айлаар орон айраг цагаан идээ эргүүлсэн шиг маадгар амьтан Тамирын голын эргээр нааш цааш хөндлөн гулд давхиулан жаргалтай нь аргагүй хэд хоноод байв. Унаган багаасаа энэ л голын хөвөөнөө тоглож өссөн андууд, хамаатан садан, ах дүү нар байгаагаас хойш ингэхээс ч яах билээ. Тэр ч байтугай битүүхэндээ харж явдаг байсан үе тэнгийн бүсгүй Сувдаагаа харуулдахаас яахав. Цаанаа хүнтэй болсон эсэхийг нь ч одоохондоо мэдсэнгүй. Найзуудын яриагаар бол хотоос нэг нөхөр ирдэг болоод хэдэн сар болж буй сурагтай, нутгийн залуучууд голынхоо ганц гайгүй хүүхнээ өгчихгүй санаатай, хэчнээн шавар хааж өдөр болгон очоод ч нэмэр болсон эсэхийг мэдсэнгүй гэнэ. Тэгээд ч одоо цагт хуучных шиг цаг товлон нэг газар уулздаг үе ч үгүй болж, гар утастай байхад хаашаа ч юм, хэзээ ч юм Сувдаагаа алдчихаад болж өгсөнгүй ээ гэж багын найз Сүхээ нь маасайн байж хэлэхэд Борхүүгийн дотор хармын сэтгэл төрж, өөрийнх болоогүй бүсгүйг танихгүй хүнээс хардаад ч байх шиг хачин мэдрэмж төрөөд явчихав. Ядаж байхад аймгийн төв ойрхныг ч хэлэх үү, Борхүүг нутагтаа ирэх үед Сувдаа аймагт байдаг хамаатных руугаа явчихаад эргэж ирээгүй үе таарчээ. Тиймээс Борхүү аймаг руу ч нэг ухасхийчмээр, яахаа мэдэхгүй ацан шалаанд орчихсон, аймаг руу явчихвал зөрчихвөл яана гэсэн айдастай хүлээзнэсхийн байв.
Борхүү их сургуулиа түрүү жил төгсчихөөд хотод нэг жижиг компанид ажилд орсны хажуугаар товхийсэн хэдэн шүлэг биччихдэг учраас тэр авъяасаа түлхүү хөгжүүлэн дөчин дөрвөн шүлэгтэй яруу найргийн товхимол гаргачихсан догь эр ээ. Цөөхөн хэдхэн хувь хэвлүүлснийгээ ихэвчлэн анги сургуулийн хамт олон, найз нөхөд, хамаатан саднууддаа тарааж дуусгаад ганц үлдсэнийгээ цүнхнийхээ мухарт нандигнан хийж, Сувдаадаа өгөхөөр авчирчээ. Уг нь их сургуульд байхад хааяа утсаар ярихад дуртай л байх шиг байсан чинь түрүү жилээс хойш нэг л янзгүй ээ. Хурдхан шиг утсаа таслахын түүс болоод байгаа нь илт мэдэгдээд л байгаа юм. Сая ч гэсэн ирсэн өдрөө залгахад, нэг их дурамжхан байртай “Байна уу? Аан Борхүү юу” гэснээ “Аймагт байна аа. Хэзээ очихоо сайн хэлж мэдэхгүй байна. За за тасаллаа шүү” гэснээ утасны цаанаас дүүд дүүд гэх чимээ сонсогддог юм даа. Уур ч хүрэх шиг, эгдүү ч хүрэх шиг, хар багаасаа л өдөж байгаа царай нь гэж гэзэг үснээс нь чангаан уйлуулж зугтдаг байсан үеэ бодохлоор хөгийн санагдаад эхлэв.
Одоо тэгээд яая гэхэв, гүүгээ хураасан айлуудын зэлнээс зэл дамжин, гүзээгээ дүүртэл айраг  залгилангаа унаган багын Сувдаагаа битүүхэндээ хоног тоолон хүлээж эхлэв. Аав ээж хоёр нь хүүгээ хотоос ирсэнд хөл газар хүрэхгүй баярлацгаан, өдөр болгон амттай хоолоор бөмбөгдөн бордож, арваадхан хоногийн хугацаанд намар цагийн адуу шиг тарган цатгалан гэж жигтэйхэн, зуны хурц шаргал наранд шаруулсаар байгаад түлэнхий хар юм болж орхив.
Хүсэн хүлээсэн өдөр болж Сувдааг ирсэн сураг олоод сонсоодохжээ. Залгахлаар тоймтой юм ярихгүй байсан тул өөрөө номхон хээр морио эмээллээд Сувдаагийн аавынд ирчихээд, орох эсэхээ шийдэж ядан зогсч байтал ашгүй ээж нь болох Дулмаа гуай нохой хуцах чимээнээр хаалгаа дэлгэн гарч ирээд,
“За сайн уу, Борхүү. Ямар их өөрчлөгдөө вэ? Хэзээ ирэв?”
“Та сайн сууж байв уу, Лувсан гуай байгаа юу? Ирээд хэд хонож байна аа.”
“Ах чинь байгаа байгаа. Орж цай уу хүү минь” гэв.
Гэрийн хаалгаар Дулмаа гуайн араас дагаж ороход, хар хүн нь болох Лувсан хэмээх том гүзээтэй хүн хоймрын авдрын наахна зурагтын хүлээн авагчаа оролдон, жирэлзэн буй дэлгэц рүү ч нэг харан, өмнөө байгаа тоон хүлээн авагчийн ногоон үсэг тоо руу ч ээлжилж харан янзлах гэж оролдоно. Эхэндээ хийсэн зүйлдээ улайран явган ширээ рүү модон сандал дөхүүлж суусан Борхүүг ч анзаарахтай манатай.
“Сайн байна уу, Лувсан ах аа.”
“Сайн” гэж эргэж харалгүй хэлснээ, “Хүү минь энийг нэг янзлаадах арга байна уу?” гэхүйд Борхүү зурагтын өмнө өвдөглөн сууж, товчлууруудыг хэд дарж үзсэн ч нэмэр болсонгүй. Лувсан харин Борхүүг одоо л таньж,
“Аан Борхүү байсан юм уу, хэзээ ирэв дээ, хотод юу хийж байна хүү минь?”
“Хэд хоногийн өмнө ирлээ. Нэг хувийн компанид ажиллаж байна даа.”
“За наадах чинь гарах нь өнгөрсөн юм байна. Орхи. Босч ирээд цай уу” гэв. Борхүү шаазан аяганд хийж өгсөн зэлгээн цайг балгангаа тавагтай боорцогноос ам руугаа чихэж яриан завсраа хавчуулан, Сувдааг сураглахад,
“Охин найзтайгаа тайхар чулуун дээр очно гэсэн байх аа” гэв. Борхүү тэр найз нь өнөө яриад байдаг хотын залуугаас зайлахгүй, бушуухан очилгүй болохгүй гэж адгахдаа аман дахь боорцгоо хурдан хурдан зажлан, цайгаараа даруулан залгиж орхиод,
“За явъя даа” хэмээн нэг их тайвуухан үүд рүү алхахад, Лувсан хойноос нь,
“Өөр сонин сайхан юу байна аа” гэж асууж амжив.
“Нам тайван даа, дүү нь харин Сүхээтэй уулзах ёстой байснаа мартчихаж” гэж худлаа хэлээд гэрийн хаалгыг хаав уу, үгүй юу алхаагаа түргэсгэн уяатай морин дээрээ очин, сэвхийтэл мордож аваад гэрийн зүүнтэйгүүр тайван идээшлэж байсан хундан цагаан хонинуудыг хага яран үргээсээр хойноос давхих дөрвөн нүдэт нохойд боргуулан тайхар чулууг чиглэн давхив. Номхон хээр морь ойрдоо ингэж ширүүн давхиж үзээгүй бололтой, хэдхэн минут ширүүн давхиснаа явдлаа удаашруулан сүүл рүүгээ хэчнээн ороолгоод ч нэмэргүй бөн бөн шогшуулж эхлэв.
Тайхар чулууны наана Тамирын голын хөвөөнөө гоёмсог хар жип зогсох бөгөөд тэрнээс ойрхондуу цэнхэр торгон дээлийг нарийн бүсээр жимбийтэл ороосон Сувдаа морио хөтлөн усалж хажууд нь танихгүй өндөр залуу энэ тэрийг ярин зогсож байхыг үзээд Борхүүгийн гар хуруу нь салганан, цулбуур жолооноосоо байдгаараа зууран угз таттал морь нь цочсондоо арай л босч ирээд хойш нь шидчихсэнгүй, багаасаа морин дэлэн дээр өссөн гэсэндээ шийр заан тогтож үлдэв. Холоос морьтойгоо наашилж байгаа Борхүүг Сувдаа шуудхан таньжээ.
“Сайн уу, Сувдаа”
“Сайн, сайн уу Борхүү”
Тэгээд цаашаа Борхүү юу хэлэхээ мэдэхгүй таг гацангуутаа, ээрч мууран,
“Сая аавынхаар чинь ороод..”
“Намайг энд байгаа гээ юу, тэгээд ирсэн юм уу?”
                “Үгүй л дээ. Энэ хавьд Сүхээтэй уулзах ёстой юм” гэснээ Борхүү танихгүй өндөр залуу руу гайхширсан харцаар харахад, өнөөх нь өдөр болгон л Сувдаагийн эргэн тойрон сүүтэлзэж байдаг нутгийн залуучуудаас өөрцгүй гэж бодсон бололтой, хүн гэж тоосон шинжгүй зогсоно.
                “Танилц. Энэ миний багын найз Борхүү. Харин энэ миний найз залуу Энхбаяр.”
                Борхүү өөрийг нь ердөө л нэг багын найз, бас өнөөх залууг найз залуу гээд хэлчихсэнд бачимдан давчидсан сэтгэлээ арайхийн барьж,
                “Сайн уу” гэсэн чинь нарийхан гонгиносон дуу болж Тайхар чулуунд нэг ойн голын усанд замхраад алга болчихов. Харин Энхбаяр сайхан цээл хоолойгоор,
                “Сайн уу” гэж мэндлэх үед, ашгүй утас нь дуугарч цаашаа чихэндээ наан эргэв.
                Борхүүд ч тэр, Сувдаад ч тэр ярих юм олдохгүй, хэсэг азнаснаа, Борхүү нэг юм яриаг эхлүүлж,
                “Чамайг хүлээгээд хэд хоносон чинь ер ирэхгүй юм” гэж гомдоллонгуй хэлэхэд,
                “Аан, Энхбаяр бид хоёр цугтаа амралтанд яваад” гэж Сувдаа жишим ч үгүй хэлж байна шүү. Түүний энэ үгэнд Борхүү дотроо ихээхэн зэвүүцэж,
                “Чи хэдийдээ ийм дотно болчихоов?”
                “Удаж байна аа. Жил гаруйн өмнөөс.”
                “Тэр үед хоёулаа чинь утсаар ярьдаг байсан шүү дээ?”
                “Хоёулаа зүгээр л найзууд байсан биз дээ.”
                “Би тэгж боддоггүй байсан” гэж Борхүү үнэнээсээ хэлэх үед Энхбаяр утсаа таслан эргэж ирэн,
                “Сая аав ярьж байна. Тэгж байгаад намрын дунд сарын үед ааваас чинь бэр гуйна гэнэ” гэхэд Борхүүгийн чих дэлдийж, нүд гөлийн, эгц дээшээгээ байрлалтай Тайхар чулуу хазайгаад унах гэж байгаа ч юм шиг, арга ядаад голын түргэн урсгал руу ширтвэл зогсож байгаа газар нь урсгал усанд дайвалзан хөдлөх ч шиг санагдаад, амраг хосын бие биедээ эедүү зөөлхөн ярьсан яриа бүүр түүрхэн цаана сонсогдохтой үгүйтэй болж ирэв. Хэр удаан хугацаа өнгөрснийг мэдэх юм алга нэг мэдэхнээ,
                “Хөөе Борхүү, хөөе. Гэр рүүгээ явлаа шүү” гэхэд сэхээ орон харвал хотын залуу машиндаа суун, аймаг руу хөдөлж, Сувдаа мориндоо мордчихсон гэр рүүгээ явах гэж буй бололтой.
                “Хүлээж бай, Сувдаа. Цуг явъя” гээд хажууд нь морио аажуухан гэлдрүүлэнгээ,
                “Би уг нь чамайг эхнэрээ болгож авна гэж боддог байсан. Хоёулаа уг нь дотно л байсан санагдах юм. Яагаад ийм юм болчихов оо?”
                “Борхүү, одоо нэгэнт өнгөрсөн зүйл ш дээ.”
                “Үгүй ээ, яагаад гэдгийг хэлээд өг л дөө. Тэр залуу юугаараа надаас илүү юм бэ?”
                Сувдаа ярих уу, байх уу гэж шийдэж ядан хэсэг дуугаа хурааснаа, нэлээн байсны эцэст,
                “Худлаа хэлээд яахав. Би ч бас хар багаасаа тоглож өссөн болохоор чамд ээнэгшсэн байсан нь үнэн. Чамайг оюутан болоод хот руу явах үед ч би чамайг битүүхэндээ хүлээсээр, харсаар л байв. Гэвч чиний байдлаас харахад надад сайн муу аль нь ч мэдэгдэхгүй, зун нь ирж, нааш цааш адуун дэлэн дээр хийссээр байгаад буцчихдаг байсан. Эмэгтэй хүн эхэлж сэтгэлээ нээх нь ховор байлгүй дээ, тэгээд ч хотын хүүхнүүд шиг түс тас хэлчих шударга зан надад байсангүй. Харин жил хагасын өмнө чам руу залгахад, чи найзуудтайгаа гадуур ууж наргиж байгаа бололтой, халамцуудуу, цаана нь охид хүүхнүүд, залуучуудын дуу шуугиан. Нэг найз чинь чамайг хэнтэйгээ яриад байгаа юм бэ гэхэд чи над руу за за баяртай, дараа залгая гэснээ утсаа таслахаа мартсан бололтой цаашаагаа хандаж нэг нутгийн хүүхэн байгаа юм аа. Энд эхнэр олдохгүй бол нутагт нэг хүүхэн хүлээж байгаа гэснээ бөөнөөрөө пар пар хийлгэн инээлдэх чимээ сонсогдсон. Тэгэхэд ганцхан үдэш надад хэцүү байж, чамд туйлын ихээр гомдсон ч гэлээ дараахан нь би чамайг мартсан бас уучилсан.”
                Ингэж хэлэнгүүтээ Сувдаа хариу хэлэхийг ч хүлээлгүй саарал мориндоо ташуур нэмэн гэрийн зүг хатируулав. Борхүү ангайсан чигтээ морины тоосонд дарагдан үлдэхдээ, гайтай тэр өдрийг бас амнаас гарсан болчимгүй үгийг санахыг хичээвч тухайн үед уусан архины халуун, бас ч гэж олон хоногууд өнгөрсөн болохоор юу ч санаж чадсангүй. Гагцхүү ганцхан хормын бодлогогүй үг, цөөнгүй жилүүдийн шийдэмгий бус байдал өөрт нь гай болсныг ухаарчээ.

                Нөгөөдөр нь Борхүү хотын зүг жолоогоо эргүүлэхдээ дөнгөж уншиж сурч буй хамаатны дүү охиндоо Сувдаад зориулж авчирсан шүлгийн номоо орхиод явжээ. Бяцхан охин номыг нээхэд хамгийн эхний шүлэг нь бадаг болгондоо нэжгээд Сувд гэсэн үг бүхий шүлэг байв гэнэ.

No comments:

Post a Comment

“Цээнээ бид хоёр” өгүүллэг /шинэчлэн бичсэн/ Ц.Оюунбат

Алтан шар зам жирэлзэн өнгөрч тоосонд дарагдан хоцрох нь хүмүүн бид нарын амьдрал, дурсамж өнгөрсөнд үлдэхтэй эгээ л адил санагдана. Арха...