Өнөөдөр хэд хоног уншсан "Үзэхийн хягаар" номоо дуусгалаа. Гунигтайгаар эхлээд, гунигтайгаар дуусдаг ном. Зарим хэсэгт инээдтэй, хөгжилтэй зүйлүүд гарах ч ерөнхий дүгнэлтээр намайг улам уйтгарлууллаа. Номны гарчиг гэхэд л хүний амьдралын эцсийн хязгаарыг илэрхийлнэ. Таалагдсан зүйл гэвэл зохиолч өөрийнх нь амьдралд учирч байсан, дурсамж үлдээсэн хүмүүсийг ердөө ч мартдаггүй юм байна. Бидний хэд нь амьдралдаа уулзаж учирч, таалагдаж, дотносож, найзалж, нөхөрлөж байсан тэдгээр хайртай хүмүүс, анд нөхдөө дурсан санаж байдаг билээ? Цөөхөн л болов уу даа. Энэ номон дахь эсээнүүдийн тал нь шахуу хэн нэгэнд зориулагдсан нь хамгийн сайхан. Харин тэдгээр хүмүүсийн ихэнх нь энэ хорвоод одоо нэгэнт байхгүй байгаа нь хамгийн гунигтай. Би их уяхан сэтгэлтэй хүн гэж өөрийгөө боддог юм шүү. Итгэхгүй бол одоог хүртэл ахлах ангидаа хулгайд алдсан орос овчарка нохойгоо яасан бол гэж боддог. Хэдхээн жилийн өмнө нас эцэслэсэн муурны зулзагаа хүртэл надад тохиолдох гэж байсан гай зовлонг өөр дээрээ аваад явчихлаа гэж боддог. Мэдээж санаанаас гардаггүй олон хүмүүс сэтгэл дотор минь надтай цуг амьдарсаар л явдаг. Тийм ч учраас "Үзэхийн хягаар" эсээний төрөл яагаад маш чухал болох талаар надад эхний ойлголтыг тавьж өглөө. Хоёр жилийн өмнө номны хавтасны зургийг хальт хараад зарааны зураг гэж бодсон хөгжилтэй явдал ч бий. Саяхнаас л унших завшаан гарсан тэр өдөрт талархая. Одоо байхгүй ч амьд сэрүүн байх хугацаандаа номон суваргад багтсан тэдгээр хүмүүст талархая. Зохиолчид ийм сайхан эсээнүүд бичигдэх сэдэв болсон найз нөхөд, ойр дотны хүмүүс, бодлын нандин хэлхээнүүдээ хэлхэн ном болгосон зохиолчид хамгийн их баярлалаа.
Sunday, May 31, 2015
Номонд дурласан түүх
Хүн болгонд л номонд анх яагаад дурласан түүх байдаг байх. Тэртээ 1989 онд би сургуульд ороогүй бацаан байлаа. Манайх Шадивланд лагертай байсан. Зун болгон лагер руугаа гэр бүлээрээ гарч, эгч бид хоёр өдөржингөө гэрээ сахина. Эгч ойгоос түүсэн мөөг шарж өгч, хоёулаа идэцгээнэ. Нэг л ийм уйтгартай өдрийн орой аав ээж хоёр минь ирсэнгүй. Надад хэн ч хэлээгүй ч ямар нэгэн юм болжээ гэдгийг зөн совингоороо мэдрээд байж билээ. Тэр хоёр хөдөө явчихаад ирэх байсан юм. Нөгөөдрөөс нь ээж ирлээ. Тэд хамтдаа лагер руугаа ирж яваад зам засах гээд ухсан шороог гэрлийн гялбаанд харалгүй машинтайгаа онхолдож, УАЗ-469 машины доор аав минь ороод гацчихсан үед тэрүүгээр явж байсан 5-6 залуу машиныг өргөж аавыг гаргаж авчээ. Тэр ах нар ч буянтай хүмүүс юм. Харанхуй шөнө тэр хавьд явж таараагүй бол юу ч тохиолдоо билээ? Хувь тавилангийн аз завшаанаар аав ээж хоёр минь зүгээр үлдсэн. Ингээд аавын хөл хугарсан учраас хэдэн сар гипстэй, хоёр суга таягтай гэртээ өнждөг болов. Ардчилал ид гарч байсан учраас аав ч хоёр таягтайгаа жагсаал цуглаанд оччихоод ирнэ. Бусад үед надад бичиг үсэг заадаг болсон. Намайг сурахгүй бол аав суга таягтайгаа хоёр өрөө байран дотор намайг элдээд хөөчихдөг байж билээ. Би удалгүй уншаад сурчихав. Манайх маш их номтой айл байжээ. Нэг ханыг тэр чигээр нь шахуу эзлэх орос, монгол номнууд. Оросыг бол уншиж чадахгүй ээ. Харин монголоор бичигдсэн номнуудыг бол дуусгасан. Үлгэрүүд, хүүхдийн зохиолууд, дэлхийн сонгодгууд, А.Дюма, Майн Рид, М.Шолоховын романууд, бас бус хүмүүсийн намтар, Газар шороо, Манан будан, Арандалынхан, Халуун салхи, Өөртөө итгэлтэй бай, ЗХУ-ын баатарын бичсэн Дайны тэнгэр... гэх мэт номнууд миний нүдийг нээж өгсөн юм. Бүр сүүлдээ унших ном олдохоо байдаг юм байна лээ. Дэмий л орос номнуудын зургийг нааш цааш гүйлгэж харахаас хэтрэхгүй. Сургуульд орсон хойноо хурдхан шиг даалгавраа хийчихээд номоо барьж аваад суучихдаг байсан юм. Даанч би гэдэг хүн ой тогтоолт муутай хүн юм даа. Тэр үед уншсан номнуудын ихэнх нь толгойд үлдсэнгүй. Олон хаврын салхинд хаашаа ч юм хийсээд явчихжээ.
Wednesday, May 27, 2015
Үхэл
Хүний амьдрал эрээнтэй бараантай бөгөөд үргэлж дардан байдаггүй. Хэрэв инээдмийн кино шиг байсан бол бид зовлон гуниг гэдгийг хэзээ ч мэдэхгүй биз ээ. Гэхдээ дэлхий, байгал, цаг хугацаа зогсолтгүй өөрчлөгдөж байдаг учраас эдгээрийн дунд амьдрагч хүмүүс ч бас солигдож байдаг нь хорвоогийн жам. Хүн өөрөө аюул ослоос өдөр, цаг, минут тутам сэргийлж, өөрийгөө болон ойр дотныхноо хамгаалснаар дараа нь харамсаад ч барахгүй гай зовлонгоос холуур явах болно. Үхэл миний дэргэдүүр хоёр гурван удаа өнгөрснийг би хэзээ ч мартахгүй. Нэгэн удаа гараждаа өвлийн шөнө машинаа халааж байгаад угаартаж үхэх шахсан. Битүү гаражинд амархан угаартдаг гэдгийг би мэдээгүй байжээ тэр үед. Гаражийн гадаа гараад л цэвэр агаарт цохигдон арваад минут одот тэнгэрийг сонирхон хөдөлж ч чадахгүй хэвтэж байж билээ. Би 19 настай байсан юм байна. Дараа нь өндрөөс нисч үхэхээ шахаж байсан юм байна. Юмнаас зуурч аваагүй бол тэгээд л өнгөрөх байсан биз. Бас нэг удаа согтуу найзыгаа үүрч баарнаас гарч яваад санаандгүй хоёр удаа тархиар нь цементэн газарт савуулж унагаж байсан юм байна. Найз минь яасан ч бөх толгойтой байгаа вэ аз болж. Та бүхэн сонор сэрэмж гэдэг зүйлийг хэзээ ч битгий алдаж байгаарай.
Дээрх тэмдэглэлийг бичсэнээс хойш Дөрөвхөн хоногийн дараа миний сайн найз минь цаг бусаар нөгөө ертөнц рүү одсоныг сонсоод үнэндээ итгэж чадсангүй ээ. Бид хоёр нийлж цугтаа их явдаг байж билээ. Намайг үргэлж магтаж, урам хайрладаг, бусдад үргэлж сайлж байдаг найз минь харин одоо гурван балчир үрсээ, халамжит ханийгаа энэ амьдралд үлдээгээд өөрөө алсын алсад одчихно гэж санасан ч үгүй явжээ. Найз нөхдүүд, ажлын хамт олон ч яахав нэг удаад хэдэн төгрөг цуглуулж өгөөд, хэсэг гунирхах л биз. Зарим нь ч сонсчихоод аан за гээд тоохгүй л биз. Үлдэж байгаа үр хүүхдүүдийг нь бодохлоор өр зүрх минь эмтрээд явчих юм. Ердөө хэдхэн хоногийн өмнө над руу залгаад найз нь ийм дугаартай болсон гээд ойр зуурын юм ярьсан яриа бид хоёрын сүүлчийн ярилцлага байна гэж санасангүй. Оюутан байхад би нэг цайны газарт найзыгаа хүлээнгээ хуйцай идээд сууж байтал орж ирснээ чи яагаад оршуулганы хоол идээд байгаа юм бэ гээд шоолох, тохуурхахын хооронд хэлж байсан хөгжилтэй, цайлган найзынхаа гэрт өнөөдөр оршуулганы хоол иднэ гэж санасангүй ээ. Бид нарыг цаг бусаар үлдээгээд явчихдаг, цэл залуугаараа энэ хорвоог орхисон хүмүүсийн төлөө бурханд залбиръя. Амар амгалан нойрс доо анд минь. Ум ма ни бад ми хум.
Дээрх тэмдэглэлийг бичсэнээс хойш Дөрөвхөн хоногийн дараа миний сайн найз минь цаг бусаар нөгөө ертөнц рүү одсоныг сонсоод үнэндээ итгэж чадсангүй ээ. Бид хоёр нийлж цугтаа их явдаг байж билээ. Намайг үргэлж магтаж, урам хайрладаг, бусдад үргэлж сайлж байдаг найз минь харин одоо гурван балчир үрсээ, халамжит ханийгаа энэ амьдралд үлдээгээд өөрөө алсын алсад одчихно гэж санасан ч үгүй явжээ. Найз нөхдүүд, ажлын хамт олон ч яахав нэг удаад хэдэн төгрөг цуглуулж өгөөд, хэсэг гунирхах л биз. Зарим нь ч сонсчихоод аан за гээд тоохгүй л биз. Үлдэж байгаа үр хүүхдүүдийг нь бодохлоор өр зүрх минь эмтрээд явчих юм. Ердөө хэдхэн хоногийн өмнө над руу залгаад найз нь ийм дугаартай болсон гээд ойр зуурын юм ярьсан яриа бид хоёрын сүүлчийн ярилцлага байна гэж санасангүй. Оюутан байхад би нэг цайны газарт найзыгаа хүлээнгээ хуйцай идээд сууж байтал орж ирснээ чи яагаад оршуулганы хоол идээд байгаа юм бэ гээд шоолох, тохуурхахын хооронд хэлж байсан хөгжилтэй, цайлган найзынхаа гэрт өнөөдөр оршуулганы хоол иднэ гэж санасангүй ээ. Бид нарыг цаг бусаар үлдээгээд явчихдаг, цэл залуугаараа энэ хорвоог орхисон хүмүүсийн төлөө бурханд залбиръя. Амар амгалан нойрс доо анд минь. Ум ма ни бад ми хум.
Ном бичих сайхан
"Солиотой юм уу өөрийгөө зохиолч гээд. Бичиг үсэгт ч олигтойхон тайлагдаагүй байж" гэсэн мессэж фэйсбүкийн танихгүй нэгэн хүнээс ирэхэд нь эхэндээ гайхлаа. Бас инээд ч хүрлээ. Эндээс үүдээд би ер нь өөрийгөө зохиолч гэж нэрлэх эрхтэй юм болов уу? гэсэн бодол төрөв. Туршлагын хувьд би үнэхээр шинэхэн. Хүмүүс ямар нэг байдлаар олон жил шүлэг, яруу найраг оролддог байтал би амьдралдаа гарын таван хуруунд багтахаар шүлэг бичиж байсан ч хаа нэгтээ бичигдэж байсан тэдгээр шүлгүүд одоо надад алга. Миний санаж байгаагаар дандаа л хэн нэгэнд зориулсан шүлгүүд байсан юм байна. Нэгийг найздаа, бас нэгийг ойр дотны бурхан болсон хүндээ зориулж байж. Найздаа өөрийнх нь тухай шүлгийг уншуулахад чи хаанаас хуулж бичсэн бэ л гэж байсныг санаж байна. Өгүүллэг, тууж, зохиолын хувьд нэлээн урт бичсэн нэг зохиол байх нь байгаа. Интернэт дээр ихэвчлэн аймшгийн сайтууд дээр тавигдсан байдаг. Харин хэвлэмэл номын хувьд өгүүллэгүүдийн түүвэр бүхий анхны номоо худалдаанд гаргаад нэг сар л болох гэж байна. Яг л өөрийнхөө сонирхлоор буюу зөгнөлт, фантастик, триллер, аймшгийн төрлөөр л бичсэн юм. Гэхдээ уншигчид энэ төрлүүдэд дуртай эсэхийг би мэдэхгүй. Миний ажигласнаар ихэнх ном уншигч нар түүхэн эсвэл драм төрлийн роман унших сонирхолтой, мөн мэдээж дэлхийн сонгодгууд болон сүүлийн үеийн бестселлер болсон зохиолууд унших дуртай. Тиймээс миний алс хэтийн зорилгууд бол тодорхой. Тууж, роман бичнэ. Харин чиглэл нь ямар байхыг үнэндээ хэлж мэдэхгүй байна. Өөрийн санаагаар бол зөгнөлт, триллер тууж, зохиолууд толгой дотор минь эргэлсээр буй. Мөн гадаадын шилдэг зохиолыг англи хэлнээс эх хэл рүүгээ буулган монголын уншигчдад хүргэнэ. Ямар ном байвал дээр вэ гэдгийг харин санал өгөх хүн байвал өгнө биз ээ. Нэг бодлын зохиол бичнэ гэдэг маш сайхан. Номондоо хэнийг амьдруулж, хэнийг агуу амжилтанд хүргэж, хэнийг өт хорхой шиг харагдуулахыг шийднэ. Бичиж байх явцад үйл явдал нь хэдэн ч удаа өөрчлөгдөж болно. Бүр нэг өгүүллэгтээ хоёр хүнийг эхлээд амьд үлдээгээд, дараа нь нэгийг нь үхүүлээд, бүр сүүлдээ хоёуланг үхүүлээд л дуусгах жишээтэй. Уран бүтээлч хүмүүс хоорондоо адилхан юм бол уу гэж боддог. Аливаа нэг ном, зохиолыг уншиж байх явцад тухайн номон дахь үйл явдал, дүрүүдийн царай төрх толгой дотор минь уран зураг болж гарч ирдэг. Тиймээс зохиолч нар бол үг, өгүүлбэрээр зураг зурдаг зураач нар юм. Мөн ном унших, кино үзэх, хөгжим сонсох ямар нэг хэмжээгээр хоорондоо харилцан шүтэлцээтэй. Хүнийг уурлуулах, инээлгэх, айлгах, зоригжуулах, бахархуулах зэрэг сэтгэл хөдлөлийн мэдрэмжүүд эдгээр урлагийн алинд ч илрэнэ. Амьдрал маш баялаг учраас бичих юмны сэдэв бол байнга байсаар л байна. Унших номнууд ч байсаар л байх болно. Харин хэзээ нэгэн цагт дэлхий дээр хамгийн сүүлийн удаа цаасан ном хэвлэгдэж байна гэвэл би гайхахгүй. Технологийн дэвшил гэдэг зуун зуунаар биш, арван жилээр үсрэнгүй хөгжиж байгаа өнөө цагт ном дараагийн хэлбэрээ олчихсон л явах байх. Гэхдээ л цаасан ном уншихад барьцтай гоё байдаг даа. Номын сангаараа дүүрэн ирийтэл нь өрсөн номнуудтай айлд би очих дуртай. Хэрэв айлд номын сан байвал би очоод л номнуудыг нь сонирхоод зогсчихдог. Бага байхад айл болгон шахуу номын сантай байсан бол одоо өдрийн од шиг цөөхөн болж дээ. Ном уншдаг хүмүүс улам цөөрсөн гэдэг үнэн ч байж болох юм. Монголд энэ талын судалгаа хийгдсэн эсэхийг би даанч хэлж мэдэхгүй юм даа. Ямартай ч ном уншдаг хүн үхэх хүртлээ 1000 хүний амьдралаар амьдарч үздэг бол ном уншдаггүй хүн зөвхөн өөрийнхөө амьдралаар амьдраад дуусдаг гэсэн сайхан үг найдвартай үнэн билээ.
Subscribe to:
Posts (Atom)
“Цээнээ бид хоёр” өгүүллэг /шинэчлэн бичсэн/ Ц.Оюунбат
Алтан шар зам жирэлзэн өнгөрч тоосонд дарагдан хоцрох нь хүмүүн бид нарын амьдрал, дурсамж өнгөрсөнд үлдэхтэй эгээ л адил санагдана. Арха...
-
Энэхүү ном нь хувь хүний амжилтын ном л доо. Гурав дөрвөн жилийн өмнө уншиж байсан санагдаж байна. Нэг уншчихад гэмгүй. Яагаад гэвэл Дэ...
-
Энэхүү бүрэн хэмжээний зөгнөлт, триллер төрлийн туужийг анх 2014 онд бичиж байсан бөгөөд туужийг бичиж дуусгасны дараа зохиолч болж, анхных...
-
-Шинээр ирсэн Монгол залуу хурдан ажиллах хэрэгтэй байна даа гэж загас агнуурын усан онгоцны эзэн түүн рүү ширэв татан харлаа. Солонгос ул...