Sunday, May 31, 2015

Үзэхийн хязгаар

Өнөөдөр хэд хоног уншсан "Үзэхийн хягаар" номоо дуусгалаа. Гунигтайгаар эхлээд, гунигтайгаар дуусдаг ном. Зарим хэсэгт инээдтэй, хөгжилтэй зүйлүүд гарах ч ерөнхий дүгнэлтээр намайг улам уйтгарлууллаа. Номны гарчиг гэхэд л хүний амьдралын эцсийн хязгаарыг илэрхийлнэ. Таалагдсан зүйл гэвэл зохиолч өөрийнх нь амьдралд учирч байсан, дурсамж үлдээсэн хүмүүсийг ердөө ч мартдаггүй юм байна. Бидний хэд нь амьдралдаа уулзаж учирч, таалагдаж, дотносож, найзалж, нөхөрлөж байсан тэдгээр хайртай хүмүүс, анд нөхдөө дурсан санаж байдаг билээ? Цөөхөн л болов уу даа. Энэ номон дахь эсээнүүдийн тал нь шахуу хэн нэгэнд зориулагдсан нь хамгийн сайхан. Харин тэдгээр хүмүүсийн ихэнх нь энэ хорвоод одоо нэгэнт байхгүй байгаа нь хамгийн гунигтай. Би их уяхан сэтгэлтэй хүн гэж өөрийгөө боддог юм шүү. Итгэхгүй бол одоог хүртэл ахлах ангидаа хулгайд алдсан орос овчарка нохойгоо яасан бол гэж боддог. Хэдхээн жилийн өмнө нас эцэслэсэн муурны зулзагаа хүртэл надад тохиолдох гэж байсан гай зовлонг өөр дээрээ аваад явчихлаа гэж боддог. Мэдээж санаанаас гардаггүй олон хүмүүс сэтгэл дотор минь надтай цуг амьдарсаар л явдаг. Тийм ч учраас "Үзэхийн хягаар" эсээний төрөл яагаад маш чухал болох талаар надад эхний ойлголтыг тавьж өглөө. Хоёр жилийн өмнө номны хавтасны зургийг хальт хараад зарааны зураг гэж бодсон хөгжилтэй явдал ч бий. Саяхнаас л унших завшаан гарсан тэр өдөрт талархая. Одоо байхгүй ч амьд сэрүүн байх хугацаандаа номон суваргад багтсан тэдгээр хүмүүст талархая. Зохиолчид ийм сайхан эсээнүүд бичигдэх сэдэв болсон найз нөхөд, ойр дотны хүмүүс, бодлын нандин хэлхээнүүдээ хэлхэн ном болгосон зохиолчид хамгийн их баярлалаа.


No comments:

Post a Comment

“Цээнээ бид хоёр” өгүүллэг /шинэчлэн бичсэн/ Ц.Оюунбат

Алтан шар зам жирэлзэн өнгөрч тоосонд дарагдан хоцрох нь хүмүүн бид нарын амьдрал, дурсамж өнгөрсөнд үлдэхтэй эгээ л адил санагдана. Арха...