Wednesday, May 27, 2015

Ном бичих сайхан

"Солиотой юм уу өөрийгөө зохиолч гээд. Бичиг үсэгт ч олигтойхон тайлагдаагүй байж" гэсэн мессэж фэйсбүкийн танихгүй нэгэн хүнээс ирэхэд нь эхэндээ гайхлаа. Бас инээд ч хүрлээ. Эндээс үүдээд би ер нь өөрийгөө зохиолч гэж нэрлэх эрхтэй юм болов уу? гэсэн бодол төрөв. Туршлагын хувьд би үнэхээр шинэхэн. Хүмүүс ямар нэг байдлаар олон жил шүлэг, яруу найраг оролддог байтал би амьдралдаа гарын таван хуруунд багтахаар шүлэг бичиж байсан ч хаа нэгтээ бичигдэж байсан тэдгээр шүлгүүд одоо надад алга. Миний санаж байгаагаар дандаа л хэн нэгэнд зориулсан шүлгүүд байсан юм байна. Нэгийг найздаа, бас нэгийг ойр дотны бурхан болсон хүндээ зориулж байж. Найздаа өөрийнх нь тухай шүлгийг уншуулахад чи хаанаас хуулж бичсэн бэ л гэж байсныг санаж байна. Өгүүллэг, тууж, зохиолын хувьд нэлээн урт бичсэн нэг зохиол байх нь байгаа. Интернэт дээр ихэвчлэн аймшгийн сайтууд дээр тавигдсан байдаг. Харин хэвлэмэл номын хувьд өгүүллэгүүдийн түүвэр бүхий анхны номоо худалдаанд гаргаад нэг сар л болох гэж байна. Яг л өөрийнхөө сонирхлоор буюу зөгнөлт, фантастик, триллер, аймшгийн төрлөөр л бичсэн юм. Гэхдээ уншигчид энэ төрлүүдэд дуртай эсэхийг би мэдэхгүй. Миний ажигласнаар ихэнх ном уншигч нар түүхэн эсвэл драм төрлийн роман унших сонирхолтой, мөн мэдээж дэлхийн сонгодгууд болон сүүлийн үеийн бестселлер болсон зохиолууд унших дуртай. Тиймээс миний алс хэтийн зорилгууд бол тодорхой. Тууж, роман бичнэ. Харин чиглэл нь ямар байхыг үнэндээ хэлж мэдэхгүй байна. Өөрийн санаагаар бол зөгнөлт, триллер тууж, зохиолууд толгой дотор минь эргэлсээр буй. Мөн гадаадын шилдэг зохиолыг англи хэлнээс эх хэл рүүгээ буулган монголын уншигчдад хүргэнэ. Ямар ном байвал дээр вэ гэдгийг харин санал өгөх хүн байвал өгнө биз ээ. Нэг бодлын зохиол бичнэ гэдэг маш сайхан. Номондоо хэнийг амьдруулж, хэнийг агуу амжилтанд хүргэж, хэнийг өт хорхой шиг харагдуулахыг шийднэ. Бичиж байх явцад үйл явдал нь хэдэн ч удаа өөрчлөгдөж болно. Бүр нэг өгүүллэгтээ хоёр хүнийг эхлээд амьд үлдээгээд, дараа нь нэгийг нь үхүүлээд, бүр сүүлдээ хоёуланг үхүүлээд л дуусгах жишээтэй. Уран бүтээлч хүмүүс хоорондоо адилхан юм бол уу гэж боддог. Аливаа нэг ном, зохиолыг уншиж байх явцад тухайн номон дахь үйл явдал, дүрүүдийн царай төрх толгой дотор минь уран зураг болж гарч ирдэг. Тиймээс зохиолч нар бол үг, өгүүлбэрээр зураг зурдаг зураач нар юм. Мөн ном унших, кино үзэх, хөгжим сонсох ямар нэг хэмжээгээр хоорондоо харилцан шүтэлцээтэй. Хүнийг уурлуулах, инээлгэх, айлгах, зоригжуулах, бахархуулах зэрэг сэтгэл хөдлөлийн мэдрэмжүүд эдгээр урлагийн алинд ч илрэнэ. Амьдрал маш баялаг учраас бичих юмны сэдэв бол байнга байсаар л байна. Унших номнууд ч байсаар л байх болно. Харин хэзээ нэгэн цагт дэлхий дээр хамгийн сүүлийн удаа цаасан ном хэвлэгдэж байна гэвэл би гайхахгүй. Технологийн дэвшил гэдэг зуун зуунаар биш, арван жилээр үсрэнгүй хөгжиж байгаа өнөө цагт ном дараагийн хэлбэрээ олчихсон л явах байх. Гэхдээ л цаасан ном уншихад барьцтай гоё байдаг даа. Номын сангаараа дүүрэн ирийтэл нь өрсөн номнуудтай айлд би очих дуртай. Хэрэв айлд номын сан байвал би очоод л номнуудыг нь сонирхоод зогсчихдог. Бага байхад айл болгон шахуу номын сантай байсан бол одоо өдрийн од шиг цөөхөн болж дээ. Ном уншдаг хүмүүс улам цөөрсөн гэдэг үнэн ч байж болох юм. Монголд энэ талын судалгаа хийгдсэн эсэхийг би даанч хэлж мэдэхгүй юм даа. Ямартай ч ном уншдаг хүн үхэх хүртлээ 1000 хүний амьдралаар амьдарч үздэг бол ном уншдаггүй хүн зөвхөн өөрийнхөө амьдралаар амьдраад дуусдаг гэсэн сайхан үг найдвартай үнэн билээ.

1 comment:

  1. Мундаг юм аа, таны цаашдын уран бүтээлд өндрөөс өндөр амжилт хүсье. Таны зохиолуудыг шимтэн унших сайхан байдаг юм

    ReplyDelete

“Цээнээ бид хоёр” өгүүллэг /шинэчлэн бичсэн/ Ц.Оюунбат

Алтан шар зам жирэлзэн өнгөрч тоосонд дарагдан хоцрох нь хүмүүн бид нарын амьдрал, дурсамж өнгөрсөнд үлдэхтэй эгээ л адил санагдана. Арха...