Хүний амьдрал эрээнтэй бараантай бөгөөд үргэлж дардан байдаггүй. Хэрэв инээдмийн кино шиг байсан бол бид зовлон гуниг гэдгийг хэзээ ч мэдэхгүй биз ээ. Гэхдээ дэлхий, байгал, цаг хугацаа зогсолтгүй өөрчлөгдөж байдаг учраас эдгээрийн дунд амьдрагч хүмүүс ч бас солигдож байдаг нь хорвоогийн жам. Хүн өөрөө аюул ослоос өдөр, цаг, минут тутам сэргийлж, өөрийгөө болон ойр дотныхноо хамгаалснаар дараа нь харамсаад ч барахгүй гай зовлонгоос холуур явах болно. Үхэл миний дэргэдүүр хоёр гурван удаа өнгөрснийг би хэзээ ч мартахгүй. Нэгэн удаа гараждаа өвлийн шөнө машинаа халааж байгаад угаартаж үхэх шахсан. Битүү гаражинд амархан угаартдаг гэдгийг би мэдээгүй байжээ тэр үед. Гаражийн гадаа гараад л цэвэр агаарт цохигдон арваад минут одот тэнгэрийг сонирхон хөдөлж ч чадахгүй хэвтэж байж билээ. Би 19 настай байсан юм байна. Дараа нь өндрөөс нисч үхэхээ шахаж байсан юм байна. Юмнаас зуурч аваагүй бол тэгээд л өнгөрөх байсан биз. Бас нэг удаа согтуу найзыгаа үүрч баарнаас гарч яваад санаандгүй хоёр удаа тархиар нь цементэн газарт савуулж унагаж байсан юм байна. Найз минь яасан ч бөх толгойтой байгаа вэ аз болж. Та бүхэн сонор сэрэмж гэдэг зүйлийг хэзээ ч битгий алдаж байгаарай.
Дээрх тэмдэглэлийг бичсэнээс хойш Дөрөвхөн хоногийн дараа миний сайн найз минь цаг бусаар нөгөө ертөнц рүү одсоныг сонсоод үнэндээ итгэж чадсангүй ээ. Бид хоёр нийлж цугтаа их явдаг байж билээ. Намайг үргэлж магтаж, урам хайрладаг, бусдад үргэлж сайлж байдаг найз минь харин одоо гурван балчир үрсээ, халамжит ханийгаа энэ амьдралд үлдээгээд өөрөө алсын алсад одчихно гэж санасан ч үгүй явжээ. Найз нөхдүүд, ажлын хамт олон ч яахав нэг удаад хэдэн төгрөг цуглуулж өгөөд, хэсэг гунирхах л биз. Зарим нь ч сонсчихоод аан за гээд тоохгүй л биз. Үлдэж байгаа үр хүүхдүүдийг нь бодохлоор өр зүрх минь эмтрээд явчих юм. Ердөө хэдхэн хоногийн өмнө над руу залгаад найз нь ийм дугаартай болсон гээд ойр зуурын юм ярьсан яриа бид хоёрын сүүлчийн ярилцлага байна гэж санасангүй. Оюутан байхад би нэг цайны газарт найзыгаа хүлээнгээ хуйцай идээд сууж байтал орж ирснээ чи яагаад оршуулганы хоол идээд байгаа юм бэ гээд шоолох, тохуурхахын хооронд хэлж байсан хөгжилтэй, цайлган найзынхаа гэрт өнөөдөр оршуулганы хоол иднэ гэж санасангүй ээ. Бид нарыг цаг бусаар үлдээгээд явчихдаг, цэл залуугаараа энэ хорвоог орхисон хүмүүсийн төлөө бурханд залбиръя. Амар амгалан нойрс доо анд минь. Ум ма ни бад ми хум.
Wednesday, May 27, 2015
Subscribe to:
Post Comments (Atom)
“Цээнээ бид хоёр” өгүүллэг /шинэчлэн бичсэн/ Ц.Оюунбат
Алтан шар зам жирэлзэн өнгөрч тоосонд дарагдан хоцрох нь хүмүүн бид нарын амьдрал, дурсамж өнгөрсөнд үлдэхтэй эгээ л адил санагдана. Арха...
-
Энэхүү ном нь хувь хүний амжилтын ном л доо. Гурав дөрвөн жилийн өмнө уншиж байсан санагдаж байна. Нэг уншчихад гэмгүй. Яагаад гэвэл Дэ...
-
Энэхүү бүрэн хэмжээний зөгнөлт, триллер төрлийн туужийг анх 2014 онд бичиж байсан бөгөөд туужийг бичиж дуусгасны дараа зохиолч болж, анхных...
-
-Шинээр ирсэн Монгол залуу хурдан ажиллах хэрэгтэй байна даа гэж загас агнуурын усан онгоцны эзэн түүн рүү ширэв татан харлаа. Солонгос ул...
No comments:
Post a Comment