Sunday, May 31, 2015
Номонд дурласан түүх
Хүн болгонд л номонд анх яагаад дурласан түүх байдаг байх. Тэртээ 1989 онд би сургуульд ороогүй бацаан байлаа. Манайх Шадивланд лагертай байсан. Зун болгон лагер руугаа гэр бүлээрээ гарч, эгч бид хоёр өдөржингөө гэрээ сахина. Эгч ойгоос түүсэн мөөг шарж өгч, хоёулаа идэцгээнэ. Нэг л ийм уйтгартай өдрийн орой аав ээж хоёр минь ирсэнгүй. Надад хэн ч хэлээгүй ч ямар нэгэн юм болжээ гэдгийг зөн совингоороо мэдрээд байж билээ. Тэр хоёр хөдөө явчихаад ирэх байсан юм. Нөгөөдрөөс нь ээж ирлээ. Тэд хамтдаа лагер руугаа ирж яваад зам засах гээд ухсан шороог гэрлийн гялбаанд харалгүй машинтайгаа онхолдож, УАЗ-469 машины доор аав минь ороод гацчихсан үед тэрүүгээр явж байсан 5-6 залуу машиныг өргөж аавыг гаргаж авчээ. Тэр ах нар ч буянтай хүмүүс юм. Харанхуй шөнө тэр хавьд явж таараагүй бол юу ч тохиолдоо билээ? Хувь тавилангийн аз завшаанаар аав ээж хоёр минь зүгээр үлдсэн. Ингээд аавын хөл хугарсан учраас хэдэн сар гипстэй, хоёр суга таягтай гэртээ өнждөг болов. Ардчилал ид гарч байсан учраас аав ч хоёр таягтайгаа жагсаал цуглаанд оччихоод ирнэ. Бусад үед надад бичиг үсэг заадаг болсон. Намайг сурахгүй бол аав суга таягтайгаа хоёр өрөө байран дотор намайг элдээд хөөчихдөг байж билээ. Би удалгүй уншаад сурчихав. Манайх маш их номтой айл байжээ. Нэг ханыг тэр чигээр нь шахуу эзлэх орос, монгол номнууд. Оросыг бол уншиж чадахгүй ээ. Харин монголоор бичигдсэн номнуудыг бол дуусгасан. Үлгэрүүд, хүүхдийн зохиолууд, дэлхийн сонгодгууд, А.Дюма, Майн Рид, М.Шолоховын романууд, бас бус хүмүүсийн намтар, Газар шороо, Манан будан, Арандалынхан, Халуун салхи, Өөртөө итгэлтэй бай, ЗХУ-ын баатарын бичсэн Дайны тэнгэр... гэх мэт номнууд миний нүдийг нээж өгсөн юм. Бүр сүүлдээ унших ном олдохоо байдаг юм байна лээ. Дэмий л орос номнуудын зургийг нааш цааш гүйлгэж харахаас хэтрэхгүй. Сургуульд орсон хойноо хурдхан шиг даалгавраа хийчихээд номоо барьж аваад суучихдаг байсан юм. Даанч би гэдэг хүн ой тогтоолт муутай хүн юм даа. Тэр үед уншсан номнуудын ихэнх нь толгойд үлдсэнгүй. Олон хаврын салхинд хаашаа ч юм хийсээд явчихжээ.
Subscribe to:
Post Comments (Atom)
“Цээнээ бид хоёр” өгүүллэг /шинэчлэн бичсэн/ Ц.Оюунбат
Алтан шар зам жирэлзэн өнгөрч тоосонд дарагдан хоцрох нь хүмүүн бид нарын амьдрал, дурсамж өнгөрсөнд үлдэхтэй эгээ л адил санагдана. Арха...
-
Энэхүү ном нь хувь хүний амжилтын ном л доо. Гурав дөрвөн жилийн өмнө уншиж байсан санагдаж байна. Нэг уншчихад гэмгүй. Яагаад гэвэл Дэ...
-
Энэхүү бүрэн хэмжээний зөгнөлт, триллер төрлийн туужийг анх 2014 онд бичиж байсан бөгөөд туужийг бичиж дуусгасны дараа зохиолч болж, анхных...
-
-Шинээр ирсэн Монгол залуу хурдан ажиллах хэрэгтэй байна даа гэж загас агнуурын усан онгоцны эзэн түүн рүү ширэв татан харлаа. Солонгос ул...
No comments:
Post a Comment