Sunday, September 23, 2018

"Дархлагдсан Омгийнхон" ба "Хэлмэгдсэн Омгийнхон"

Зохиолч Баярхүү ахын хос туужийг амралтын хугацаандаа уншиж дуусгалаа. Ер нь бол нэлээн зузаан хоёр боть учраас хурдан уншиж чадсангүй. Бадрал гэх залуу бол зохиолын эхэнд бярандаа хэт эрдсэн, давилуун нэгэн байсан бол бүх зовлон зүдгүүр, шаналлыг даван туулснаар амьдралын утга учирыг шүүн тунгааж, омголон зан нь дарагдаж хүн чанараа эргэн сэргээж буй нь сайхан санагдлаа. Ховдын хязгаар тэр дундаа Байтаг богдын орчимд тулалдаж байгаад сураггүй болсон өвөөгийнхөө дурсгалыг сэргээхээр судалгааны ажлаар явна. Түүнтэй цуг замын хань болохоор явж буй бүсгүйг Номин гэх бөгөөд Бадралын хувьд эхэндээ тоглоом төдий нэгэн байсан хамтдаа хүнд бэрх аяллыг даван туулсны эцэст чухал хүн нь болж хувирна. Түүний алга болсон өвөө нь Хятад, Казахстан, Монголын дунд хилийн бүсэд орших зэрлэг омгийнхны удирдагч болсон нь Дархлагдсан омгийнхны түүхийн эхлэл байжээ. Хагас зуун өнгөрөхөд Дархлагдсан омгийнхон яажшуухан амьдарч, амь зууцгааж байсан нь тун сонирхолтой. Уран олборлолтын талаар өмнө нь зохиолч Тамын бослого гэх номондоо дурдсан байдаг бол замд тааралдах нутгийн хүнээр уг зохиолтой эвтэйхнээр холбож өгсөн байна. Тэгвэл Дархлагдсан омгийнхон уран олборлодог, тэгэхдээ ураны хор хөнөөлөөс шалтгаалан мутацад орж аймшигтай болцгоожээ. Түүнтэй цуг аялалд дахин нэгдсэн Самдан, казах залуу, найз Мөнхөө зэрэг хүмүүс амь өрссөн тулаанд оролцон Номинг аварч буй нь надад "Галзуу Макс - Хилэнт зам"-ыг эрхгүй санагдуулж байсан билээ. Зохиолд хачин жигтэй зүйлс ихээр гарах бөгөөд бөө мөргөл, орос цэргийн туршилт, омгийнхны ёс заншил гээд танд уйдах зав өгөхгүй биз ээ. Байтаг богдын тулгаралт, хилийн будлиан, Оспаны дээрэмчид, тэдгээр нь яг ямар хүмүүс байсан талаар түүхэн гаргалгаанууд тун сонирхолтой байв. Удахгүй "Хайрцаг" зохиолын тэмдэглэлийг бичих болов уу. Өмнөтгөл үгийг нь би бичсэн болохоор ч тэр үү их сонирхолтой санагдаад байгаа юм. Зохиолчийн цаашдын уран бүтээлд амжилт, амжилт..

“Цээнээ бид хоёр” өгүүллэг


Алтан шар зам урдаас жирэлзэн өнгөрч тоосонд дарагдан үлдэх нь хүмүүн бид нарын амьдрал, дурсамж өнгөрсөнд үлдэхтэй эгээ л адил санагдана. Архангай аймгийн нэгэн сумаас буцаж явахдаа жолооч бид хоёр ойр зуурын ярих хэлэлцэх зүйлс, дурсах яриа хөөрөө ч дундраагүй байсан юм. Зуншлага сайхан болж тал хээр гүн ногоон өнгөөр будагдаж, бүртийх ч үүлгүй цэнхэр тэнхэр, алтан шаргал нар бүгд нийлэн энэ хорвооог чимдэг олон сайхан зураглалуудын нэгээхэн хэсэг болно. Бид нарын ярианд жолооч ахын залуугийн мэргэжил, ажиллаж байсан газар болох Сэлэнгэ аймаг дурдагдаж эхлэв. Ах маань залуудаа зоотехникч мэргэжлээр ажиллаж байсан, малын үүлдэр угсаа, мал аж ахуйн талаар чамгүй мэдлэгтэй нь харагдаж байв. Гэнэтхэн жолооч маань хэсэг чимээгүй болсноо Цээнээ гэж эмэгтэйн талаар ярьж эхлэв.
“Анх Сэлэнгэ аймагт дөнгөж сургуулиа төгсөөд малын зоотехникчээр бэлтгэгдэх дадлагад гарсан удаатай. Тэр үед тас хар хөмсөгтэй, цэвэрхэн цагаан царай, алаг сайхан нүднүүдтэй, хондлойгоо давсан урт үсээ сүлжээд тавьчихсан Цээнээ гэх миний үеийн охин очсон эхний өдрөөс л нүдэнд минь тусаж байв. Ганц би гэлтгүй бусад залуусын нүдэнд ч тэр минь туссан л болов уу. Олон залуус хамтдаа цугласан намрын шаргал өдрүүд аз жаргал, инээд хөөр, дурсамж дүүрэн өнгөрч байсан юм. Баяраа гэх хотоос очсон бид хэдээс нэлээн ах нэгэн залуу харин шөнө унтах дөхөнгүүт Цээнээг татаж чангаагаад, ор руу нь мөлхөөд болохоо байлаа. Цээнээ ч хэрэндээ эсэргүүцэн Баяраад нүүр өгөхгүй, хөөж туун шөнөжингөө юм болдог байсныг нь орны хажууд шалан дээр унтдаг байсан би шөнийн турш сонсож хононо. Баяраа өдөр ч, шөнө ч Цээнээгийн хажууд нохой шиг сахин эр хүний арван гурван мэхийг үзүүлж байх шиг л санагдсан. Харин Цээнээ болохоор өдөр нь аль болох миний хажууд өнжин, шөнө болох дөхөхөөр санаашран өнөө шөнийг яаж өнгөрөөнө дөө гэхээс халширдаг байсан байх даа. Нэг шөнө Баяраа мөн л урьдын адил Цээнээ рүү ойртож буй нь мэдэгдэж эхэллээ. Тэгтэл санаанд оромгүй зүйл болж Цээнээ орноосоо суга үсрэн босож газарт унтаж байсан миний хөнжил рүү үсрээд л орж буй нь харцагаас зугтааж буй болжмор шиг санагдсан юм. Цээнээ над руу ойртон наалдаж намайг тэврэхүйд би ч цээжиндээ шахан наалдан унтахад үснээс нь хээрийн салхи, цэцгийн үнэр үнэртэж байсан юм. Баяраа амандаа нэг юм хэлэх шиг болсноо ор руугаа аажуухан буцаж буй нь харанхуйд бүдэг бадаг харагдав. Ийнхүү орой болохоор Цээнээ миний өвөрт орж ирж унтдаг болсон юм. Урьд өмнө охинтой ийм ойрхон унтаж байгаагүй нас биед хүрч яваа миний эр бие тавгүйтэж, амттай мөртлөө хүрч чадамгүй зүүд зүүдэлж буй тарчлах болов. Цээнээд ч бас тэгж санагдсан болов уу. Хажууд сэрвэгнэн шөнө дунд хүртэл эргэж хөрвөөн удтал унтахгүй байгаа нь мэдэгдэнэ. Ингээд л орчлонгийн жам ёсны зүйл болдгоороо болж би хөвгүүн насаа, Цээнээ минь охин насаа ардаа үдсэн юмдаг. Ингээд дадлагын хугацаа дуусах хүртэл шөнө болгон бид хоёр орчлонгийн жаргалыг амтлан янаглан дурлалцаж, алс ирээдүйг зөгнөн ярилцдаг байсан билээ. Цээнээ минь чиний эхнэр болно л гэдэг байсан юм. Тэр үед бид нар одоогийн залуус шиг гоё чамин үгсээр хайраа илэрхийлцгээж байсан биш, чамтай сууж, чиний эхнэр болно оо гэдэг нь л сэтгэлээ илэрхийлэх хамгийн дээд хэлбэр байсан юм. Өнөөх Баяраа харин олзоо булаалгасан нохой шиг л өдөр нь холоос бид хоёрыг ажиглан хорссон харцаар харж тойрч явж байсан юм даа. 
Нэг өдөр хотоос дадлагын ажилтай танилцаж яваа дарга даамал, эрдэмтэд бидний ажилтай танилцахаар боллоо. Цээнээ бид хоёрын дадлагаар хийдэг байсан зүйл нь хуц ухны хиймэл хээлтүүлэг байсан юм. Хуцны эхтэнг барьж аваад шилэн саванд хийж үрийн шингэнийг би цуглуулна. Цээнээ цааш нь хураах, хуцанд тариа тарих зэрэг ажлуудыг анхнаасаа хийсэн л дээ. Дарга, эрдэмтдэд хийдэг ажлаа үзүүлэх гэтэл Баяраа бид хоёрыг ажлаа сольж хийхийг санал болгов. Урьд нь Цээнээ шилэн саванд цуглуулж үзээгүй, миний санаа зовж л байсан. Хуц ч яг шингэнээ гаргах мөчид Цээнээ шилэн саванд хийх гэтэл хуц эвгүйхэн хөдөлж шингэн нь шилэн саванд биш Цээнээгийн нүүр нүд, толгой руу цацагдаж орхих нь тэр. Энэ мөчид хотоос ирсэн хүмүүс инээлдэхэд Баяраа хамгийн их баясаж, наад шингэнээ нүүрэндээ сайн түрхчих, арьс чинь гоё болно гэж даапаалахад Цээнээ минь доошоо харсан чигтээ уйлаад гараад гүйчихсэн юм. Цээнээг хоолон дээрээ ирэхгүй болохоор нь би хайж олоход голын эрэг дээр өвдгөө тэврээд суучихсан уйлаад сууж байв. Арай гэж аргадан байшин руугаа дагуулан ирэхэд Баяраа дахиад л ойртон ирж байхыг би хараад үргэлжлүүлж түүнийг минь ичээх нь гэдгийг мэдлээ. Тиймээс хөмхийгөө зуун, нударгаа зангидан түүнийг хүлээж өөдөөс нь цоо ширтэв. Баяраа харин эхлээд Цээнээгийн уйлж бүлцийсэн царайг харан олон хоног эргүүлээд тоогдоогүйн өс хонзонгоо сайхан авах нь гэж бодсон бололтой маасайн инээсэн ч, намайг харангуутаа царай нь агшин зуур төв болж явдал нь удаашран чиглэлээ өөрчлөн яваад өгчихсөн юм. Түүнээс хойш дадлага дуустал Баяраа дахиж Цээнээд саад болоогүй. Харин дадлагын хугацаа дуусах дөхөх тусам Цээнээ энэлэн шаналж буй нь нүдэн дээр илт байлаа. Дадлагын сүүлчийн өдөр бид хоёр их юм ярилцаж чадсангүй ээ. Цээнээ мөрийг минь дэрлэн алсыг ширтэхэд алаг сайхан нүднээс нь сувдан дуслууд хаа нэгтээ бөмбөрөн унаж, би юм ярих гэхээр дотор эвгүйцээд байсан учир эрийн шийр заан чимээгүй л байсан юм. Нутгийн залуус ачааны тэргэн дээр гаран замд хөдлөхөд Цээнээ ачааны машины араас алчуураар даллаж байснаа машины тоос намжаагүй байтал нэг юм хэлэхээ мартсан бололтой араас зам даган гүйж байсан нь одоо ч нүдэнд харагддаг юм. Цэнхэр дээлтэй, үсээ ардаа жимбийтэл боосон нь гүйх болгонд хоёр тийшээ савчин байж билээ. Ачааны машин хурдлахад Цээнээ тэртээ хол хоцрон нэг юм хашхиран хэлэх шиг болсон ч надад юу ч сонсогдоогүй юм даа. Нутагтаа ирсэн хойно надад Цээнээгээс олон захиа ирдэг байсан. Урт гэгчийн захиануудыг би нандигнан хадгалж аав ээжээсээ нуун уншдаг байж билээ. Удалгүй би цэрэгт явж, тэр цагаас хойш бидний харилцаа тасарсан юм даа. Цэргээс халагдаж ирээд би нутгийн бүсгүйтэй дэр нэгтгэн хоёр сайхан хүүхдийн аав ээж болсон. Олон жилийн дараа сураг сонсоход Цээнээ ч бас хүнтэй суусан байсан. Уржнан жил өнгөрсөн дуулдсан” хэмээн жолооч ах яриагаа дуусгав. Би цааш нь асууж зүрхэлсэнгүй. Дараагийн сумын төв ортол алтан шар зам жирэлзэн өнгөрч бид хоорондоо дахиж юу ч ярьсангүй. Гагцхүү би хааяахан толиндоо харж ачааны машины араас гүйж юуны ч тухай юм хэлэх гэж байсан Цээнээг дүрслэн гаргахыг хичээж байв. Хүний амьдрал гэж санаснаар болдоггүй. Хэрвээ гэж үг хүмүүн бидний амьдралд байдаггүй билээ. 

Эрдэнэт хот 2018 он.

"Бусан хүрэх галт тэрэг"

"Бусан хүрэх галт тэрэг" киноны найруулагч Ён Санг Хо уг киноны 2-р ангийг хийх болсноо зарласан байна. Шинэ анги төлөвлөгөөний шатандаа явж байгаа юм байна. Өмнөх анги дээр гардаг зомбины вирус хэвээрээ байх бөгөөд энэ удаад вирус бүхий л Солонгосыг эзэлсэн байх болно. "Бид дараа жилийн эхээр зураг авалтаа эхлэх бөгөөд жүжигчдийн сонгон шалгаруулалтаа ч хийгээгүй учраас бүх зүйл их өөр байх болно" гэж найруулагч ярив. Найруулагч өмнөх ангийн жүжигчдээс эргүүлж авчрах төлөвлөгөөгүй байна. 2016 онд гол дүрийн жүжигчин Гонг хэрэв 2-р анги нь гарвал дуртайяа дахиж тоглох хүсэлтэйгээ илэрхийлж байсан. Хэдийгээр дүр нь өмнөх анги дээрээ үхсэн боловч үйл явдлыг өөр өнцгөөс харуулах саналтай байгаа аж. Гэвч найруулагчийн төлөвлөгөөгөөр Гонгийн дүр аль хэдийн үхсэн. "Энэ талаар би найруулагчтай ярилцаж хэдийгээр миний дүр үхсэн ч хаа нэгтээ зомби болон хувирсан явж байж болно ш дээ гэхэд Сеок Вүү галт тэрэгнээс унаад хүзүүгээ хугалж үхсэн гэж ярьсан" хэмээн жүжигчин Гонг хэлжээ. Шинэ анги дээр үхэгсдийг дахин амилуулах эсвэл зомбины эмчилгээ нэвтрүүлж болох тухай ярьж буй юм. Энэ л Гонгийн дүрийг дахин авчрах боломж бололтой, харин нөгөө талаас харвал шал өөр түүх байх бололтой. Тиймээс ч шинэ ангийн гол дүрийн жүжигчин цоо шинэ эсвэл Гонг дээр тулгуурласан байх бололтой. Харин таны бодлоор аль нь дээр вэ?

"Өглөөний хүн"

Нэг ч гэсэн хүнийг шөнийн хүнээс өглөөний хүн болгон хувиргах нь энэхүү тэмдэглэлийн утга учир болно. Өглөөний хүн болохоор шийдсэн минь 2018.04.26 байжээ.
Тэр өдөр яагаад ч юм гэрт байгаа "Өглөөний хүн" номыг бодсоор байв. Олон жилийн өмнө уншиж байгаад орхисныгоо гүйцээж бүгдийг дахин нэг удаа уншив. Гэхдээ дахиж эргүүлэх шаардлага хойшдоо гарах болно. Шөнийн амьдралтай хүн болоход нөлөөлдөг ажлын хамт олон, найз нөхдийн нийллэг цайллага, бага зэрэг уулт, заримдаа хэтэрдэг явдлыг таслан зогсоохоор шийдэж дусал ч спиртийн төрлийн зүйл амсахгүй байхаар шийдсэн нь бол миний хувийн зүгээс нэмэлтээр оруулж ирсэн зүйл гэх үү дээ. Өөр учир шалтгаан ч байсан. Ер нь бол үүний өмнө өдөр бүр 07:30-д босдог байсан, харин энэ номын зөвлөгөөний дагуу зуун өдөрт өөрийгөө өөрчлөх ёстой байсан юм. Тиймээс эхний нэг сар босох цагаа 06:30, 06:00 гэх мэтээр бага багаар өөрчлөн дасгасан. Дараагийн сард 05:30, хамгийн сүүлийн гурав дахь сард 05:00-д босдог болжээ. Өглөө ингэж босохын тулд орой 22:00 өнгөрөөд орондоо орно. Тэрнээс оройтож ер нь дэмий. Одоо яагаад нийллэг цайллагыг зогсоосны шалтгааныг зах зухаас нь харж байгаа байх. Учир нь 22:00-д орогдоо орсон байхын тулд өмнө нь гэртээ ирсэн байх хэрэгтэй. Шөнө дунд орондоо ороод өглөө 05:00-д босоод байвал ямар ч хүний бие дийлэхгүй, ядаргаа болж дуусна. Шинжлэх ухааны үндэслэлээр нойрыг энэ номонд сайхан тайлбарлаад бичсэн бий. Хэт олон цаг унтсан ч биш, унтаагүй ч биш сэрвэгнэж байсанд орвол тэгш тоотой цагаар буюу 6 цагаар нам унтчихвал маргаашийн эрч хүчээ бүрэн авч чадна аа гэж. Тэгэхээр 23:00 - 05:00 хооронд 06 цаг унтчихвал болно оо гэсэн үг. Яваандаа би ч 23:00 руу дөхөх биз. Ер нь Монголоос бусад азийн орнуудын амжилтын нууц бол өглөө эрт босоцгоон ажил төрлөө амжуулдагийнх биз ээ. Манайд дэлгүүрүүд 11:00 гэж байхад чүү ай онгойхчоо болно. Уг нь 06:00-д юм уу эрт онгойдог болчихвол ямар олон хүн зам чөлөөтэйг ашиглан ажлаа амжуулах байсан бол? Өглөөний нэг цаг нь бүтээмжий чанараараа өдрийн гурван цагтай тэнцэнэ гэж өгүүлжээ. Үнэхээр ашигтай байгаа биз. Хэрэв та өглөө эрт ажилдаа ирээд ажлаа эхэлсэн бол 09:00 гэж байхад үдээс өмнөх бүх ажлаа амжуулчихсан байна гэдэгт би мөрийцөхөд бэлэн байна. Миний хувьд өглөөний үр ашигтай цагуудыг ном унших судалгаа хийх, зохиолоо бичихэд зарцуулж байна. Ойрын өдрүүдэд өглөөний хүн болох хөтөлбөрийн маань зуу дахь хоног болж байгаа юм. Гол нь тууштай байх хамгийн чухал. Амралтын өдөр эсвэл баярын өдөр юм чинь өнөөдөр унтчихъя гэж хэзээ ч битгий бод. Өдөр бүр тогтсон цагтаа амарч, эрт сэрж бай. Гэр бүлийнхэн чинь энэ өөрчлөлтөнд бэлэн биш учраас тэд нартаа саад болохооргүй сэрэх аргыг сонго. Миний хувьд вибратортай бугуйн цагийг сонгосноор бусдад саад болохгүйгээр өөрөө сэрж байсан. Хүн болгоны хувьд өөрт тохирсон хувилбарыг хэрэгжүүлэх шаардлагатай. Жишээ нь номон дээр орой их алхаж ядарч эрт унтах, өглөө эрт босоод агаарт алхах гэх мэт зөвлөгөө байсан ч надад энэ зааврыг дагах шаардлага гарсангүй. Дэрэн дээр толгой тавиад л нам. Өглөө эрт босоход нойр хүрэхгүй. Өглөөний хүн болоход хавар, зуны цагийг ашиглаж эхлэх нь маш чухал. Өвөл эрт босоход харанхуй учраас тохиромжгүй. Тиймээс нар буцаж буй энэ үеийг ашиглаад даруйхан хөтөлбөрөө эхлүүлнэ биз ээ.

Номон дээр гардаг гоё ишлэл бий:
Орой хэдийгээр хөгжилтэй байсан ч өглөөгөөр хэзээ ч битгий соль. Зохиогч Сайшо Хирошигийн "Өглөөний хүн" номын ачаар олон мянган япон хүмүүс шөнийн амьдралаас салан үр бүтээл, амжилтаар дүүрэн өглөөний хүн болон хувирцгаасан ажээ. Монголчуудад маань ч энэхүү ном, өглөөний хүний дадал амьдралыг нь өөрчлөх шидтэй буй за гэж итгэн энэхүү тэмдэглэлээ төгсгөе. Би Өглөөний хүн болж чадсан. Та ч бас чадна.

жич: Ойрын хугацаанд дахиж номын тэмдэглэл бичихгүй болно. Шинэ номоо бичих, судалгааны баримтат бүтээлүүд уншихаас өөр зүйлд цаг зарцуулах аргагүй болсон.

"Жаран цагаан хонь" роман


Баасан лам гэртээ эргэн ирж буйгаар нэгдүгээр дэвтэр төгсдөг бол "Жаран цагаан хонь" дээр уг үйл явдлаар үргэлжилнэ. Сэндмаа Болд хоёр олон хүүхдүүдтэй болжээ. Харин Баасан лам маань арваад жилийн өмнө сэтгэлтэй байсныхаа адилаар бэр дүүгээ бодож, хайрласаар байх юм. Уг нь Чулуунжий гээд халуухан ганц бие хүүхэн байгаад байхад чинь л давж хараад байх юм золиг чинь. Баасан ийм байдлаар Сэндмаагийн хажууд байж чадахгүйн хажуугаар ээж дээрээ очихын тулд Хатгал руу яваад өгнө. 
Чойбалсангийн Сталинд өгсөн амлалт болох мал сүргээ 200 саяд хүргэн социалист нийгмийн материаллаг бааз байгуулан төмөр зам, үйлдвэр, бусад аж ахуй өндөр хөгжсөн орон болохын тулд Анхдугаар таван жилийн төлөвлөгөө энэ үеэр батлагдаж таарна. Харин энэ төлөвлөгөө ёсоор бол малчид малаа тасралтгүй өсгөхийн хажуугаар мах, сүү, ноос, арьс шир, ан, өртөөний төлөвлөгөө гээд дааж давахааргүй их дарамт, татварт орцгоохын эхлэл байжээ.
Баасан лам дүү Болдын өрхөд тоолуулсан учраас яаралтай Эрдэнэбулган сумандаа ирэхээр болно. Ойд Чулуунжийтай тааран өвлийн хүйтэнд модонд хавсран загас наадуулж байгаа зэрэг нь айхтар эротик хэсэг болжээ. Болдынх цөөн хэдэн малтай, нялх олон хүүхдүүдтэй учраас Сэндмаатайгаа цуг ядарч өлсөхийн зовлонг биесээрээ мэдэрцгээн дөрвөн ч хүүхдээ айлд өргүүлж байна. Тэр ч жишгээр Болд Сэндмаа нар найман хүүхдийн дөрвийг хүнд өргүүлж байдаг мал хуй, хөрөнгөө баран арай гэж л 52 он хүргээдхэв. Энэ хугацаанд Баасан Чулуунжийтай сууж, зүгээр ч суугаагүй ээ, Чулуунжийд өргөгдсөн Сэндмаагийнхаа охин Тавцэцэгт аав болж хатуу өргөмөл эхийн гараас өмгөөлөх гэж л тэр. Баасан Сэндмаа нарын далд хайр дурлал огтхон ч төгсөж өгөхгүй, бие биеэ бодон бодон санан санан арай гэж дуусгалаа. 
Романы дундуур өрнөж буй бас нэг чухал асуудал бол бурхан шашин, бөөгийн номын хүчээр Агваан лам, Од бөө, Баасан лам нар малчин ардын амьдралдаа туслан, төлөвлөгөөний комиссынхонтой тэмцэж буй үйл явдал гарна. Мөн тэр цаг үеийн улстөрийн чиг хандлага, Чойбалсан, Цэдэнбал, Жамбалдорж нарын түүхэн хүмүүсийн үзэл санааг нэлээн харуулахыг зорьжээ. Маршал Чойбалсан архи багагүй хүртчихдэг, тусгаар улсаа хадгалж авч үлдэх, газар нутгийг тэлэх чин эрмэлзэлтэй дүрслэгдсэн байхад Жамбалдорж Орост улсаа дагаар оруулах, цэвэр коммунист социализм байгуулах хүсэлтэй. Харин Цэдэнбал яах нь мэдэгдэхгүй, туйлбаргүй, энэ хоёрын яг голоор байгаа мэт санагдлаа. 
Ергөнхийдөө зохиолыг бичихдээ баримт судалгаа сайтай бичсэн байх бөгөөд тэр эротик хэсэг шал илүү санагдав. Баасан лам, Сэндмаа нарын хайр дурлалын романс энэ зохиолын чимэг гэх юм уу даа, амьдрал дээр нэг их олон хүүхэд гаргачихсан бэр дүүгээ бодоод л хайрлаад байх эр хүн Баасан ламаас өөр олдохгүй л болов уу даа. Улстөрийн үзэл баримтлалын хувьд нэг тал руугаа хазайж бичсэн нь илэрхий байна аа. Мэдээж романы гол дүр лам хүн учраас шашин бөөгийн хэсэг нэлээдгүй тааралдана. 
Эцэст нь таамаглахад энэ зохиолын үргэлжлэл цаашаа бичигдэх байх гэж уншигч би бодов.

"Орос өгүүллэг, тууж" ном


19-р зууны үед амьдарч байсан оросын утга зохиолын ноён оргилууд болох А.С.Пушкин, Гоголь, Тургенев, Достоевский, Толстой, Лесков, Чехов нарын өгүүллэг туужууд бүхий энэ номыг гарчгаас нь хальт харахад энгийн л нэг ном шиг санагдах ч дотор нь байгаа өгүүллэг, туужууд бол ярих юмгүй сайхан, жинхэнэ классик зохиолууд юм. Орос орны утга зохиолыг дээр дурдсан эрхмүүд л дэлхийд гаргасан юм шүү дээ. Манай оронд ч гадны зохиолуудаас оросын ном зохиолууд л их байсан болов уу. Тиймээс уншихад цаанаа л нэг эерүү дотно байх юм. Номонд байгаа бүх л зохиол гайхалтай ур хийц, үгийн уран яруу дүрслэлтэй, энгийн мөртлөө сонирхол татам түүхүүд (зарим нь энгийн түүхүүд биш, дотор зарсхийлгэм) гарна. Тиймээс жишээ болгож өөрт онцгой санагдсан Толстойн "Эзэн барлаг хоёр", Чеховын "Хавцалд" хэмээх хоёр зохиолын талаар тэмдэглэл сийрүүлмээр санагдав.

Толстой "Эзэн барлаг хоёр". хэн бүхний мэдэж байгаачлан 20-р зууны эхэн үе хүртэл Орос орон өрнөдийн орнуудтай адилаар европ соёл, дээдсийн хүрээлэл, хаант засаглалтай байсан билээ. Энэ зохиолд эзэн барлаг хоёрын богинохон зайн аялал гарах болно. Хоёрдугаар дэсийн худалдаачин Василий Андреич төгөлтэй газрыг долоон мянгаар авахаар зэхэж буй. Харин газрын эзэн арван мянгыг нэхнэ. Уг нь бодит үнээсээ хэд дахин хямдхан үнэ хэдий ч Василий Андреич өөрт ашигтай наймаа хийдэггүй л юм бол ямархан худалдаачин байх бол доо. Гэтэл модны худалдаачид газрыг авахаар зэхэж буйг мань худалдаачин олж мэднэ. Өрсөх хэрэгтэй. Уг нь ч нэг их холгүй л газар. Тиймээс тухайн өдөр ажилчдаас нь эрүүл байж таарсан Никита хэмээх тавь гаруй насны эрийг авч явахаар болно. Никита хааяадаа хамаг юмаа тавиад ч болтугай уучихдаг, бас тэр үедээ ой тойнд оромгүй агсам хэдий ч жирийн үедээ хариуцсан ажлаа товхийтэл хийчихдэг, эхнэрт нь цалинг нь өгчихөд эсэргүүцээд байдаггүй, хамгийн гол нь эзэн Василий бусдаас хамаагүй бага хөлс өгч ажиллуулдагт дургүйцээд байдаггүй авах ёстой юмаа л авч буй мэт ханддаг амар хүн юм. Ойрхон явчихаад ирэх байсан учраас Никита эзэн худалдаачин шиг олигтой дулаалсан ч үгүй, нимгэн гарч таарна. Гарахад тогтуун байсан хасах арван хэмтэй өвлийн үдэш бага зэрэг шуурч эхлэхэд тэд замаасаа гарч орж явсаар Гришкино тосгон оров. Замдаа Василий Андреич аанай л сурсан зангаа тавилгүй Никитад нэг их тарган биш ч, хэр таарсан морь зарах гэж наймаа ярьж үзнэ. Мэдээж тэр "хэр таарсан морь" нь шаггүй үнэтэй, бас тэр үнээр нь авчихвал хагас жил мөнгөний бараа харахгүй гэдгээ Никита ухааралгүй яахав. Тиймээс ч тэгсгээд энэ яриаг зогсоож орхино. Гришкино тосгонд амьдардаг таньдаг айлдаа ороход цаг орой ч болсон цасан шуурга ч лавшран цас малгайлан орж байлаа. Тиймээс ч гэрийн эзэн өвгөн аялагч хоёрыг хоноод яв гэж хэлэх ч нэгдүгээрт Гришкиногоос Горячкин хүртэл таван бээр, хоёрдугаарт Василийн цаг ямагт ярих хурдлахгүй бол болохгүй яаралтай ажлын нөлөөгөөр зөнд нь орхино. Даарч бээрч эхэлсэн Никитад энэ айлд халуун цай таван аяга ууж, нозоороод сууж байсан нь аятайхан л байв. Хажуугаар нь гэрийн эзний Василийд мөн өөрт нь хийж өгсөн аягатай архинаас дугтарчихмаар санагдаад байсан ч эзнийхээ аягийг тааруулсхийн шүдсээ гүд залгин аягатай архинаас татгалзана. Харин шөнө болохын өмнө Василий Андреич яаран яарсаар Никитатай цуг замдаа гарна. Уг нь нэг шөнө дулаан хоновол мянган лан гэж юутай үнэн үг вэ. Зохиолын төгсгөлд эзэн худалдаачны хүн чанар холдон одсоноо эргэн ирж буй үйл явдал уншигч олныг төөрөлдүүлэх нь дамжиггүй, сонирхолтой байлгах үүднээс төгсгөлийг энд бисэнгүй.

Чехов "Хавцалд". Уклеево тосгон хавцалд оршдог. Энд арьс ширний үйлдвэрийн бохир уснаас болоод голын ус байсхийгээд л өмхийрчихнө. Малын өвчин тасрахгүй учраас үйлдвэрийг хаах шийдвэр гарсан ч нууцаар ажилласаар л байдаг. Харин энэ тосгонд Григорий Цыбукин гэгч зэгсэн сайн панзчин гэр бүлээ толгойлон амьдран сууна. Хүнсний гэгдэх нэг мухлагтай ч тэндээ зарахгүй юм үгүй. Том хүү Анисим хотод мөрдөн байцаагчийн ажилтай, нутагтаа ирэх нь өдрийн од шиг ховорхон. Бага хүү Степан дүлий, ажилдаа унхиагүй ч гэсэн хөдөлгөөнтэй сэргэлэн Аксинья гэх эхнэртэй. Заримдаа Цыбукин өвгөн адтай бэрээ яагаад ууган хүү Анисим биш унхиагүй Степантай суучихав даа гэж гайхдаг л юм. Өвгөн панзчин ууган хүү Анисим болон бэр Аксиньядаа л хамгийн сайнаар хандана. Анисимыг нутагтаа нэг ирэхэд нь гэрийнхэн ярилцаж тохиролцсоны дагуу зэргэлдээх тосгоны ядуу айлаас гаралтай ч үзэсгэлэн төгөлдөр Липа хүүхэнтэй гэрлүүлнэ. Хурим дээр Анисим бийлэгжүү загнан ирсэн гийчдэд 50-ын зоосон мөнгө тараан, бас ч үгүй хөөр хөгжилтэй өнгөрөх хэдий ч сэтгэл санаа нэг л тогтворгүй, эхнэрээ ч нэг их тоосон юмгүй байсаар хот руу буцаж явна. Липа ч түүнийг явж буйд нөхөр минь хэмээн сүйд болсонгүй. Харин явсных нь дараа хүүг нь төрүүлж өгсөн билээ. Гэвч энэ гэр бүлийн жаргалтай амьдрал санаанд оромгүй хурднаар, Анисимын гайтай үйлдлээс болон төгсөж, төлөөсөнд нь ууган хүү цөллөгт явсан нь энэ гэр бүлийн хувьд жинхэнэ гамшиг болсон юм. Дэндүү бодь гэмээр тайван зантай Липа хүүхэн харанхуй шөнөөр шалз түлэгдэн нас барсан хүүгийнхээ цогцсыг тэврэн хавцлын ирмэгээр гэр рүүгээ явж буй нь, цагтаа омголон давриун зантай явсан, гуйлгачдыг "Бурхнаасаа гуйхгүй юу, замаас зайл" гэж зад загнадаг өвгөн Григорий Цыбукины будаан шанзтай боов руу ум хумгүй үмхлэн дайрч буй өрөвдөлтэй зураглалыг уншсан хэн ч Аксиньягийн хүйтэн, энэрэлгүй, догшин ширүүн занг сэтгэлийнхээ угт үзэн ядах нь лавтай юм.

"Шамбалын Цэнхэр Салхи - Шамбалаас зугтагсад"


Энэаүү ном болбоос "Шамбалын цэнхэр салхи" болон "Тооролжингоо" хэмээх хоёр туужаас бүрдэж байна. 
Аль аль тууж нь адал явдал, уран зөгнөлт нэмээд эротик өнгө аястай гэж тодорхойлмоор юм. 
Шамбалын цэнхэр салхи туужид жуулчлалаар аялж яваа хөтөч бүсгүй, жолооч, япон, америк, герман жуулчдад тохиолдсон адал явдлыг харуулах бөгөөд бурхан шашны номонд гардаг шамбалын оронд санаандгүй учралаар маш ойрхон очицгоох юм. Зүрх сэтгэл нь ариуссан хүн л очих ёстой учраас хүн бүрийн урьд өмнөх гэм нүгэл, алдааг өөрсдөд нь сануулж, гэмийг нь тайтгаруулж ариусгаж буйгаар энгийн хүмүүсээс оюун санааны хувьд илүү түвшинд аваачиж байгаа гэж тайлбарлагдана. Ихэнх хүний нүглүүд уучилж болмоор жишээ нь хөтөч бүсгүй Оюумаа хүсээгүй жирэмслэлтдээ аборт хийлгэсэн, япон жуулчин Тацуяагийн шууд бус хамааралтайгаар хүний амь эрсэдсэн, герман жуулчдынх архи, хар тамхинд нэвт донтсон байсан гэх мэтээр өгүүлнэ. Эдгээр хүмүүс тэрхүү гэм нүглээ чин сэтгэлээсээ ухааран ариусаж буй үйл явдал гарах ч америк жуулчны гэм нүгэл хүмүүн бус буюу араатанлаг шинж чанартай, бузар этгээд байх юм гэж хэн санах билээ?

Тооролжингоо туужид ижил нэрт бүсгүй Брэндон хэмээх гадаад эртэй санаандгүй учралаар гудамжинд таарснаар эмнэлэгт аваачин эмчлүүлж, энэ дашрамд ирээдүйн дурлалт залуу болох эмч Зоригоотой танилцана. Гэхдээ Брэндонгийн байгаа байдал, хурдан тэнхэрч буй зэргээс харвал яав ч энгийн хүн биш болох нь мэдрэгдэх бөгөөд өөрийнх нь ярианаас улам ч батлагдана. Тооролжинд амласан ёсоор Брэндон түүнийг Монголын түүхийн бүдэг бадаг үе болох бага хаадын үед цаг хугацаагаар аваачсанаар улам ч сонирхолтой болж ирнэ. Тэнд Тооролжингоо бүсгүй Дүүрэн жононтой танилцан нар хиртэх гайхалтай үзэгдлээр Мугчир зайранг, хаад хоёдтой цуг гайхашруулан буй нь хүүхэд насандаа уншиж байсан Марк Твений "Артур вангийн өргөөнөө" гэх сайхан зохиолыг санаанд оруулж байна. Товчхондоо бол Мугчир зайран хорон санаат шидтэн Мерлинтэй төстэй санагдсан хэрэг. Хэдийгээр Тооролжин бүсгүй Дүүрэн жононтой энэ үедээ үлдэхийг хүсэвч өөрийн аз жаргалыг л бодох уу эсвэл дэлхийн нийт хүн амын сайн сайхныг бодолцох уу гэдэг хэцүү сонголт түүнтэй тулгарснаар "Шамбалын цэнхэр салхи" номын тэмдэглэл энэ хүрээд төгсөв.

"Боччан" Нацүмэ Соосэки


Боччан ер нь хээгүй шулуухан нь дэндсэн зантай нөхөр санагдлаа. Багаасаа ч тийм байсан. Боччанд төрсөн эцэг, ахаас нь илүү Киё хэмээх хөгшин үйлчлэгч эмэгтэй хайртай юм. Тэгээд л үлгэрт гардаг шиг эцэг нь өнхрөөд унангуут байшингаа зарж хөрөнгөө 50:50-р нь хувааж аваад л хоёр тийшээ болж байх юм. Ахтайгаа дахиж уулзаа ч үгүй байх. Тийм хүний ах бас байдаг аа? 
Нийслэл Токиогоос хөдөөний буйдхан тосгонд ирэхэд эдүгээгийн хот хөдөөгийн ялгаатай байдал чинь 20-р зууны эхний үеийн Японд дүрээрээ байж байх юм. Боччан бол дотроо энэ хөдөөнийхөн гэж доош нь хийх маягтай. Нутгийнхны аялгыг бас номон дээр гаргах гэж оролдон тэмдэглэгээ хийсэн байна. Шинээр томилогдсон багшийг хөдөө нутагт сурагчид нь ч, хүмүүс нь ч элэг барих юм. Тэгэхдээ Боччан юу гэж тийм амархан дийлдэх вэ дээ, цаадах чинь тэрүүхэн тэндээ шазруун, үг хэл нь хурц, бодох ч үгүй шууд ярина. Тэрнээсээ болж заримдаа алдах жишээний. Сургуулийн захирал, дэд захирал буюу улаан цамцат, улаан цамцатыг аялдан дагагч нар гээд хаа газар албан байгууллагад байж байдаг нэг хөгийн фракц байна аа. Хүсэл сонирхолдоо нийцэхгүй хүнийг хавчин гадуурхах маягтай. Харин энэ фракцын эсрэг тэмцдэг ганц хүн нь тооны ахлах багш үхэр зараа юм. Үхэр зараа ч бас Боччаны бодож олсон хоч. Боччан хүнтэй харилцаж чаддаггүй юм чинь Үхэр зараатайгаа нэг хэсэг харьцаж чадахгүй тэнэгтээд л, онигоогоо чирээд хэсэг явах юм аа бас. Боччан яаж дууссаныг номон дээрээс нь уншаарай. Харин амиа хорлолт гардаггүй юм байна. Япон зохиол гэнгүүт заавал амиа хорлолтын талаар гарах ёстой гэсэн ойлголттой болчихоод байсан юм оо.

"Тэжээвэр" тэргүүт шилмэл бүтээлийн чуулган

Төрийн шагналт зохиолч Д.Норов гуайн бүтээлүүдийг уншиж суухад хуудас бүр, мөр болгоныг гамнаж уншмаар тийм сайхан сэтгэлийн цэнгэлийг эдлүүлж байсан юм. Тухайлбал "Үхэл хүлээх газар", "Чихмэлчин", "Паанаг", "Хулчгар" гэх өгүүллэгүүдэд өөр өөрийн гэсэн өнгө хэмнэл, ертөнцүүд оршихуй дор хүний ямар л араншин, дотуур тамир, муухай сувдаг сэтгэл бүгдийг хайр найргүй онгичин дэлгэн тавьсан байлаа. Хөгшчүүдийн асрамжийн газрыг арай ч дэндүүлчихэв үү гэмээр Үхэл хүлээх газар гэж нэрлээд олон жилийн дараа уулзаж байгаа харгалзагч, хоригдол хоёрын адармаатай амьдралын түүх, гунигтай төгсгөлийг хүний зэвүүцлийг төрүүлэн зохиолын турш үргэлжлүүлснээ төгсгөлд нь тохиох ганцхан үйл явдал, нүдний шил хагарснаар шоронгийн хадаас явсан хүнийг өрөвдүүлэх сэтгэгдэл төрүүлж байна. "Чихмэлчин" өгүүллэгт говь хээрийн олон ан амьтдаар чихмэл хийхээр томилогдсон чихмэлчин, газарчин, жолооч нарын богинохон хугацааны адал явдал хэрхэн байж болшгүй санаанд оромгүй төгсөж буй нь сонин байлаа. Чихмэлчнийг үнэхээр алмас буюу хүн гөрөөсийг харсан эсэхийг хэн мэдлээ. "Паанаг" өгүүллэгт сэтгэцийн юмтай мөртлөө ажилсаг, хорхойд ч гэм хоргүй өрөвдөлтэй нэгний талаар гарах ч түүнийг хөлслөн авч нас барсан эцгийнхээ алтан шүдийг суга татуулж байгаа соёлч боловсон үр хүүхдүүд нь гудамжны тэнэмэл Паанагаас долоон дор болохыг харуулжээ. Дашрамд дурдахад энэ зохиолоор сэдэвлэн хийгдсэн "Ноён солиот" УСК-нд би их дуртай байдаг юм.
"Тэжээвэр" туужийн Гөлгөөг зохиолын турш би үзэн ядсан. Ямар хөгийн эр вэ гэж харагдуулахаар дүрсэлсэн нь түүний бусадтай хачин хөгийн харьцаж байгаагаас үргэлж харагдана. Гэвч Гөлгөөг ийм болгосон буруутан бол гагцхүү түүний хойд аав гэдгийг дунд хэсгээс ойлгуулж өгсөн юм. Мөн Гөлгөөгийн тэмдэглэлийн дэвтрээс гарч ирсэн "Нохой мэт үнэнч" гэсэн бичигтэй зураг бүхий Цэнгэл, хээрийн майханд ирэн очин юм хумыг нь онгичин байгаа тэр залуу өөрөө ямар учиртай хүн болох, Саргай, Цогт, Туяа гэх мэтчилэн хоёр нийгмийн зааг дээр учраа олохгүй зөв замаар будаа тээгээд байгаа юм уу, эсвэл буруу замаар зөв будаагаа тээгээд байгаа нь мэдэгдэхгүй залуусын үйл явдлыг гогцоог Гөлгөөгийн тэмдэглэл уншигч нарт хангалттай ойлгуулаад өгөх бий. 
"Мөнхийн дуудлага" тууж болбоос энэ номон дотроос хамгийн их сэтгэлийг минь хөдөлгөсөн, зүрх салгалуулсан зохиол байлаа. Халхын голын дайнд мордсон эр нөхрөө бяцхан охин, хадам эхийнхээ хамт чин үнэнч, шударгаар хүлээж буй бүсгүйн сайхан сэтгэл, мятаршгүй занг магтахгүй байхын аргагүй ээ. Үхсэн амьд нь мэдэгдэхгүй хүний гэрийг хангалттай олон жил сахиж, бяцхан охиныхоо элгийг дэвтээж байсан ганц бүсгүйг оролдох харчууд, нутаг гол усаар нэг тархах цуу яриа огтхон ч зүгээр байлгахгүй байгаа нь гачлантай. Олон жил алга болж болчихоод хээвнэг хүрээд ирсэн тэр эр ч тийм бүсгүйн хайр энэрлийг хүртэх эрхгүй нэгэн байжээ гэж бодогдоно. Зохиолын турш байж ядуулан сэтгэл үймрүүлж явсны эцэст бяцхан охины аавынхаа чихэнд хэлсэн үг өр өмрүүлээд л явчихсан шүү. Нуугаад яахав, тэр үгийг уншиж буй би ч зүрхээрээ уншсан юм байлгүй нулимсаа нуусангүй ээ. Азаар гэртээ ганцаараа байж таарав. Дараагийн туужийг эхлүүлэх гэж өөр зүйл нэлээн оролдож сатаарсны эцэст арай гэж үргэлжлүүлэх шив дээ. 
"Хөх сайрын чулуу" туужид бүтэн заяагүй эр хүний тухай гарлаа. Анх цэрэгт тэнцээгүйгээс эхлээд л, Долгор гэх охинтой үүсгэсэн хайр дэлбээлэх үедээ хагдарчихсан, хэнд ч хэрэггүй хүн гэсэн цолыг авч хаяхын тулд бүтэхээргүй зүйлүүд хийж цаг нөхцөөж буй нь, амьдрахын төлөөх бүх тэмцлийг нь Гомбо гэх дарга хэрхэн нухчин дарж, няц гишгэж буй нь, үүнийг давж чадаагүй хөөрхий Дэмэдийн хувь заяа инээмтгий хүн шиг л төгслөө дөө.

"Эрвээхэй дэвсэн зун"

Өгүүллэгүүдийн түүвэр ном нь зохиолчийн яг л өөрийнх нь хүссэний дагуу нулимс, гунигийн тухай биш, яг л зуныг санагдуулам гэгээлэг аз жаргал, хайр, бүсгүй хүний дотоод сэтгэлийн тухай ихэвчлэн өгүүлсэн санагдав. Гучаад өгүүллэгүүдээс надад бол Мууран нүдэт, Бүсгүйн тэмдэглэл хамгийн их таалагдсан бөгөөд Төрөлт өгүүллэгийн сэдэв их өвөрмөц байлаа. Мууран нүдэт бүсгүйн эрхэлдэг ажил, түүнийг нь хэрхэн нууц албаныхан ашиглаж буй нь яг л гэмт хэрэг, драм төрлийн кино зохиол шиг ээ санагдсан шүү. Уг нь хойд хөрш рүү тагнуулын албанд явуулах ч эргээд ирэхдээ шал өөр хүн болж буй нь, дахин хэзээ ч гэсэхээргүй хөлдчихсөн зүрх сэтгэл бүхий гоо сайхны талаар энд туурвисныг унших тусам юу төгсгөл нь хэрхэн дуусахыг тааварлаж ядаж байсан юм.
Бүсгүйн тэмдэглэл өгүүллэгт уран сайхны халилтайгаар уншигчийг огт өөр ертөнц, бүжигчин бүсгүйн дотоод ертөнцөөр аялуулсны эцэст сэтгэл өвтгөм, гуниг төрүүлэм үнэний төгсгөлд аваачсан нь намайг шоконд оруулсан шүү. Төрөлт өгүүллэгийн сэдэв их хөөрхөн. Ер нь нөхөр төрөх гэж буй эхнэрийнхээ өвдөлтийг авбал яах байсан бол? Эсвэл оронд нь төрөх ч юм уу? Тэгвэл эхнэртээ хайртай их л олон нөхрүүд өмнөөс нь төрөх байх хэхэ. Манай гэрт хааяадаа тийм хошигносон яриа болж л байсан юм. За юутай ч зохиолчийн дотоод ертөнц, гайхамшигт зунаар аялуулсан номын тэмдэглэл ийнхүү өндөрлөж байна. Цаашдын уран бүтээлд нь амжилт хүсье!

“Цээнээ бид хоёр” өгүүллэг /шинэчлэн бичсэн/ Ц.Оюунбат

Алтан шар зам жирэлзэн өнгөрч тоосонд дарагдан хоцрох нь хүмүүн бид нарын амьдрал, дурсамж өнгөрсөнд үлдэхтэй эгээ л адил санагдана. Арха...