Sunday, November 5, 2017

“ЯГ ҮНЭНДЭЭ БИ” өгүүллэг

Миний албан өрөө хотын төв хэсэгт орших тэнгэр баганадсан сайхан барилгын дунд хэсэгт байдаг. Том оо гэгчийн цонхоор хамгийн түрүүнд нарны тусгал орж ирэн бүхэл өдөржингөө гэрэлтүүлж байгаад ажил тарах үед сүүлчийн цацрагийн алтлаг туяа нь сэмээрхэн цаашаа алга болно гээч. Үд дунд хотын хөл хөдөлгөөн, шоргоолж шиг жижигхэн харагдах үй түмэн ард иргэдийн дээрээс харж байхдаа нэгэн цагт тэдний дунд алхаж явсан үеэ хальт дурсах нь бий. 
Одоо юугаараа өөр болчихсон юм бэ гэж үү? Тэр үеэс хойш их юм өөрчлөгджээ. Нэгдүгээрт төсвийн цалингаас өөр ямар ч орлогогүй, ганц цайны хүрэмтэй би гэдэг хүн цайны цагаараа гарч хэдхэн пирошки авч иддэг байсан бол одоо ажлын хажууханд орших тансаг ресторанд өдөр болгон хоолоо амтархан зооглодог болж. Ганц цайны хүрэм маань аль хэдийн тохой нь сэмрэн урагдан алга болсон ч тэрнээс хорь гуч дахин үнэтэй брэндийн хослолууд өмсөж, хоншоорт нь нүүрээ тольдчихмоор итали арьсан гутал хөлдөө өшиглөдөг болсон байна. Хоёрдугаарт ард түмний унаандаа багтаж шингэхгүй алалцан байж, халаас хормойгоо нэгжүүлэн барин явдаг байсан бол албаных ч юм шиг, минийх ч юм шиг хамгийн сүүлийн үеийн ганган хар жип зогсоол дээр зогсон, хийх ажилгүй жолооч минь цагаа үрж ядан намайг харуулдан зогсдог болсон юм. Эхнэртэйгээ айлын хажуу өрөө хөлслөн суудаг байсан зутруухан үе тэртээ хол үлдэж, зайсан дахь хаус руугаа орой болгон түгжирч явдаг болжээ. 
Яаж энэ бүхэнд хүрсэн юм бол оо гэж хэн ч гайхах байх. Арга ч үгүй биз, хүүхэд байхад байнга зоддог байсан хэдэн ах нараа энд тэндхийн яам тамгын газарт ажилд оруулж амьралыг нь дээшлүүлээд байсан болохоор тэд хүртэл намайг гэрийнхээ хамгийн сэргэлэн, ажилсаг, мундаг нь гэж цаасан малгай байнга өмсүүлдэг болсон юм. 
Яг үнэндээ би бол зальхай луйварчин, засгийн хөрөнгөнөөс шамшигдуулагч новш байгаа юм. Харин надаас өөр хэн ч тэгж бодохгүй, дарга хүртэл шүү. Яагаад гэхээр цаадах чинь надаасаа баян цулайчихсан, цаанаа том артай хүн. Хүнд яаж долигонодгийг би даргаасаа сурсан. Хэрхэн бялдуучилж, царай алдан, сүүлээ шарвагануулах ёстойг яруу тодоор сурсан билээ би. Ингэснийхээ хүчинд төсвийн жирийн ажилтан надад тэнгэрийн умдаг атгах хувь тохиолдсон гэж болно. Гэрлийн хурдаар албан тушаал ахиж, амьдрал минь огцом дээшлэн, хадгаламжиндаа хэдэн зуун сая янчаантай болсон. Хааяа би толинд харахдаа өрвийсөн хэдэн сахлаа авчихдаг ч юм бил үү гэж бодох тохиолдол бий. Гөлийтөл нь сайхан хусчихвал даргынхаа өгзгийг үнсэхэд хатгахгүй шүү дээ. Төсөөлөгдөж байна уу? Үгүй дээ, би шууд утгаар нь хэлээгүй юм. 
Том ах барилгын засал чимэглэл насаараа хийсэн хүн. Одоо татварын байцаагч хийж байна. Эхнэр нь цайны газарт тогооч байсан чинь боловсролын яаманд ажиллаж байх юм. Миний дээд талын ах дэлгүүрт ачигч хийдэг байсан чинь одоо мэргэжлийн хяналтад ажиллах болжээ. Ээж аав минь надад сайн гэж учиргүй, ах дүүсээ чирж яваа ганц хүн гээд цагаан сараар хоймортоо залах нь холгүй байна. Аан тэгээд хаана ч явсан нэр хүндтэй л дээ. Бүгд л ямар нэгэн горьдсон гуйсан, хүндэлсэн харцаар харж, хоолой нь хүртэл аргадангуй зөөлхөн дуугарна гээч. Гэхдээ би юу гэж гуйсан болгонд нааштай хариу өгөх вэ дээ. Аан харин гайгүй ганц бие бүсгүйчүүд эсвэл нөхөртэй байсандаа ч яха вэ дээ, хангайн согоо шиг юмнууд ажлаа бүтээх гээд гараад ирвэл өөр хэрэг шүү.
Яг үнэндээ би бага зэрэг, нэлээн ч юм уу шалиг завхай хүн. Урдуураа улаан хөлтийг гаргахгүй байх нь ч хаашаа юм. Бас ч гэж шилж сонгоно, өднө, хоргооно. Ажилд шинээр орж байгаа охидуудыг харин ч нэг гаргаахгүй байгаа юм аа. Ах нь албан тушаал ахиулна, Малайз Сингапур, Дубай авч явна гээд чихэн дээр нь цэцэг ургуулахдаа харин ч нэг гаргуун. За тэгж хэсэг зугаацаж байгаад аль нэг өөр яам, тамгын газар хаашаа ч юм ажлыг нь бага зэрэг, тун багаар шүү дээшлүүлээд шилжүүлчихэж байгаа юм. Тэгэхээр ажлынхан сэжиг авахгүй, намайг эхнэр хүүхэдтэй, тогтсон амьдралтай, төлөв түвшин хүн гэсэн бодолтой хэвэээрээ үлдэх жишээтэй. Би ч сэргэлэн золиг гэж өөрийгөө боддог л юм. Оройтсон, өөр газарт хоносныгоо эхнэртээ улсын маш их ажил, хэзээ ч дуусдаггүй хурал зөвлөгөөн, орон нутгийн томилолт гэх зэргээр зохиогоод ярьчихна. Бүр арга ядахад даргатайгаа саунд суулаа, ганц юм хувааж уулаа гэхэд нэг удаадаа аргалчихаж байгаа юм. За тэгээд хамгийн гол нь жолооч найдвартай амаа хамхидаг байхад л болно. Миний үйлдэж байгаа хамаг л бузар булай явдлуудын ганц гэрч шүү дээ.
Мэдээж улсын ажилд би нэг их тийм ач холбогдол, цаг хугацааг зарцуулаад байх нь утгагүй хэрэг. Би хичээлээ гээд энэ улс хөгжих ч үгүй, байх байдгаараа л байна. Зарим нэг зөвшөөрөл хүссэн энгийн иргэдийн хүсэлт ном журмаараа явбал, за нэлээн сайн хөөцөлдлөө гэхэд хоёр жил болох байх. Харин миний халаасанд хэдэн төгрөг шургуулчихсан байхад хоёр өдрийн дотор бүтнэ. Аан харин шазуур зуугаад үхэр тэргээр туулай гүйцнэ ээ гээд гүрийгээд байдаг гүргэр золигнуудыг харахлаараа миний хөх инээд хүрэн бичиг баримтыг нь шургуулганыхаа ёроолд хийгээд мартчихдаг юм. 
Яг үнэндээ би авилгалч, хахууль авагч этгээд. Нэг удаа настай эмгэн уулзахаар орж ирлээ. Газрын асуудал л байсан. Харин эмгэнд миний халаасанд шургуулах мөнгө, ухаан хоёр байсангүй. Тиймээс татвар, төлбөрөөр далайлгаж байгаад улайм цайм дээрэм хийн өөр хүмүүст зарж хэдэн төгрөгний хонжоотой ажиллав. Хөөрхий эмгэн юу болоод байгаа учрыг ч олж чадалгүй, төрсөн нутаг руугаа хүүхдүүд рүүгээ явж, хотод ямар ч газаргүй болж хоцорсон юм даа. Би ийм л өрөвдөх сэтгэлгүй, хүн чанаргүй, мөнгөнөөс өөр зүйл бодохоо больсон новш болсноо тэрний дараа л мэдэж билээ.
Сул орж ирэх энэ их мөнгө, миний хөдөлмөрөөр ч гэх юм уу бий болсон асар их мөнгийг зүгээр л хадгалаад байх нь утгагүй хэрэг. Тиймээс яаж зүгээр байх вэ, гадагшаа дотогшоо явж мөрийтэй тоглоно, наргина цэнгэнэ. Мөнгийг үрэн таран хийнэ. Брэндийн хувцас хэрэглэл, бэлэг сэлт, хүүхнүүдэд зарцуулна. Хэрэв мөрийтэй тоглоомонд өөрийн мөнгөө алдчихвал төсвийн хөрөнгөнөөс нөхчихнө, төслөөс цохино, надад хэзээ ч алдагдал байдаггүй байлаа. 
Ажлын цаг тарах дөхөж байна. Өнөөдрийг яаж зугаатайхан өнгөрөөх вэ гэж санаа гаргасан нь хэтэрч сүүлийн цаг гаруй дэмий юм бодож зогссон байна шүү. Нарийн бичиг хаалга тогшин орж ирлээ. Царай нь сандарсан шинжтэй харагдана. 
-Дарга аа, тантай уулзахаар хүмүүс ирлээ. 
-Би одоо завгүй байна. Маргааш ир гэж хэл.
-Үгүй ээ, яаралтай гэнэ.. гэж түгдрэн хэлж байтал хаалгыг онгойлгон өөр хүн орж ирлээ. Энгийн л хувцастай, хурц хараатай хүн юм. Төөнөх мэт харснаа,
-За ингэж таардаг юм байж. Би АТГ-с хэргийг чинь шалгаж байгаа хүн байна. 
-Ямар хэрэг билээ? Зөвшөөрлийн бичиг байна уу? гэж мэдэн будилах аядав.
-Төсвийн хэдэн тэрбум төгрөгийг үрэн таран хийсэн, хувьдаа завшсан, мөрийтэй тоглоомонд үрсэн, авилга хахууль авсан, өгсөн гээд олон хэрэг байна даа. Бас хүүхнүүдтэй явалдагч. 
Түүний сүүлийн үгийг сонсоод би цочирдов. 
-Юун хүүхэн энэ тэр вэ? Тэр чинь ямар хамаатай юм?
-Тэнэг минь би Баярмаагийн нөхөр байна. Санаж байна уу? 
Миний нүд харанхуйлаад ирлээ. Явалдсан хүүхнийхээ нөхөртэй улаан нүүрээрээ ингэж таарах чинь яасан ч эвгүй юм. Баярмааг санах гэж оролдсон ч тэрүүхэндээ тулгамдаад орж ирдэггүй. Ядаж байхад өөдөөс минь хорсол зэвүүцэл дүүрэн нүдээр ширтэн, болдогсон бол цохиод авчих юмсан гэж салганах нударгыг нь хараад хамгийн сүүлд хэзээ ийм байдалд орж байснаа ч мартаж орхисон байна. Царайчилсан харцнуудыг харсаар байгаад сурчихсан гэх үү дээ. Яг үнэндээ миний тэнгэрийн амьдрал ингээд л газарт унах юм шиг санагдах чинь.

Казуо Ишигуро | ГЭР БҮЛИЙН ОРОЙН ЗООГ

Фугу гэж Япон хавийн Номхон далайн эргээс барьдаг загас. Ээж минь энэ загасыг идээд хордож нас барснаас хойш би фугуг онцгой анхаарч үздэг болсон гэхэд болно. Хор, загасны бэлгийн булчирхайд, амархан хагардаг хоёр уутан дотор нь байдаг юм. Загасаа цэвэрлэхдээ энэ хоёр уутыг болгоомжтой авч хаях хэрэгтэй, үгүй бол хор загасны судас руу нэвчинэ... Харамсалтай нь, загасаа зөв цэвэрлэсэн үү эсвэл ямар нэг алдаа гаргасан уу гэдгийг хэлэхэд бэрх. Идэж байж л мэднэ гэсэн үг. Яг ээжид минь тохиолдсон шиг.
Хүн фугу загасанд хордвол бие нь аймшигтай өвдөж, ихэнхдээ нас бардаг. Хортой загасыг оройн хоолон дээр идсэн байлаа гэхэд голдуу орондоо орсон хойноо нас барна. Хэдэн цаг тэсэхийн аргагүй өвдөөд өглөө гэхэд талийж одсон байна гэсэн үг. Энэ загасыг Японд дайны дараагаас их түгээмэл хэрэглэх болсон юм. Фугугаар хэрхэн хоол бэлдэх тухай нарийн дүрэм журам тогтоох хүртэл хүмүүс загасны хортой уутыг өөрийн гал тогоондоо авч хаяад хөршүүдээ дайлдаг уламжлал тогтсон байсан гээд бод доо.
Ээжийг нас барахад би Калифорнид амьдарч байв. Би тэр үед эцэг эхтэйгээ таарамж муутай байснаас гадна хоёр жилийн дараа Токиод иртлээ ээж минь хэрхэн нас барсан тухай бараг юу ч мэдээгүй. Ээж минь угтаа фугу огт иддэггүй ч тэр удаа сургуульд хамт сурч байсан хуучны найз нь уриад, татгалзах аргагүй байдалд орсон гэнэ лээ. Онгоцны буудлаас Камакура дүүрэг дэх гэртээ харих замдаа аав надад энэ бүгдийг ярив. Биднийг гэртээ хүрэх үед намрын налгар нар жаргах гэж байлаа.
Аав надаас, “Чи онгоцонд юм идсэн үү?” гэж асуув. Бид цайны өрөөний татами шалан дээр сууж байв.
“Хөнгөн зууш өгч байна билээ.”
“Өлсөж байгаа байлгүй. Кикуког ирмэгц хамтдаа хооллоё.”
Аав минь том дөрвөлжин эрүүтэй, өтгөн хар хөмсгөө байнга зангиддаг, сүртэй том биетэй хүн. Одоо эргээд санахад Чү Эн-лайтай их төстэй байсан санагдана. Гэхдээ аав, самурайн үр удам гэдгээрээ бахархдаг болохоор ингэж адилтгахад дуртай байхгүй нь ойлгомжтой. Түүний энэ сүр бараанаас болоод нэг өрөөнд амар тайван яриа өрнүүлэх төдий амаргүй; өгүүлбэр бүрээ дүгнэлт хийж байгаа юм шиг төгсгөдөг нь уур амьсгалыг улам хүндрүүлнэ.
Аавын өмнө суух зуур гэнэт санаанд минь хүүхэд насны дурсамж орж ирэв: Тэр намайг “эмгэн шиг яншлаа” гэж толгой руу минь хэд хэдэн удаа тоншиж билээ. Намайг онгоцны буудалд бууснаас хойш бид хэдэн үг солиод л удаан гэгч нь дуугаа хурааж байв.
Бид ийнхүү удаан гэгч нь дуугаа хураасны дараа би, “Пүүст тохиолдсон явдалд харамсаж байна,” гэлээ. Аав толгой дохисноо,
“Энэ явдал түүгээр дуусаагүй,” гэв. “Пүүс дампуурсны дараа Ватанабэ амиа хорлосон. Цаашид ичиж амьдармааргүй байсан биз.”
“Тийм байх.”
“Бид хоёр арван долоон жил түншилсэн. Тэр үнэхээр нэр төрөө эрхэмлэдэг хүн байсан. Би түүнийг их хүндэлдэг байлаа.”
Би, “Та шинээр бизнес эрхлэх үү?” гэж асуулаа.
“Би одоо тэтгэвэртээ гарсан. Шинэ пүүс байгуулахад нас бие гүйцэхгүй болж. Одоо бизнесийн орчин ч өөр болсон. Гадаадуудтай хамтарна. Тэдний хэлснээр хийнэ. Яаж яваад ийм байдалд орсныг ч мэдэх юм алга. Ватанабэ ч ойлгодоггүй сэн.” Аав санаа алдав. “Сайн хүн. Өөрийн гэсэн зарчимтай.”
Цайны өрөө модтой хашаа руу харна. Сууж буй газраас минь нүдэнд ил харагдах энэ худгийг би багадаа сүнстэй гэж боддог сон. Худаг одоо ногоон навчис дунд тод ялгарч харагдана. Нар одоо бүр доошлоод, хашааны ихэнх хэсгийг сүүдэртүүлжээ.
Аав, “За тэр яах вэ. Гэртээ ирсэн чинь сайн хэрэг боллоо,” гэв. “Хэсэгтээ байна биз дээ?”
“Яахаа сайн мэдэхгүй байна.”
“Би одоо хуучныг мартахад бэлэн. Ээж чинь ч чамайг эргэж ирээсэй гэж хүсдэг байсан. Чиний зан байдалд санаа нь зовдог байсан.”
“Ойлгож байгаад баярлалаа. Гэхдээ би үнэхээр яахаа сайн мэдэхгүй байна.”
Аав, “Одоо эргээд бодоход чамайг муу санасандаа тийм зүйл хийсэн гэсэн бодол надад ер төрөхөө больсон,” гэж үргэлжлүүлэв. “Чи гаднын муу нөлөөнд л автсан байх; залуу хүн алдаж онохыг алийг тэр гэх вэ.”
“Таны хэлснээр энэ бүгдийг мартсан нь дээр биз дээ.”
“Хүссэнээрээ бол. Цай нэмэх үү?”
Яг тэр үед байшинд нэг охины дуу цуурайтав.
Аав, “Кикуко эцэст нь нэг ирэх шив,” гэж хэлээд дээш өндийн бослоо.
Насны хувьд их зөрөөтэй ч би дүү охинтойгоо хэзээд ойр дотно байсаар ирсэн. Тэр намайг хараад их догдолсон бололтой, биеэ барьж чадахгүй учиргүй хөхрөв. Гэхдээ аав Осака хот, их сургуулийнх нь тухай ар араас нь асуултаар булахаар Кикуко жаахан тайвшраад, аавын асуусанд товч тодорхой хариуллаа. Кикуко дараа нь надад хэдэн хэдэн асуулт тавьсан ч хамаагүй юм асуугаад буруу сэдэв хөндчих вий гэж санаа зовсон шинжтэй аж. Удалгүй бид Кикуког ирэхийн өмнө ярьж байснаасаа ч бага яриа өрнүүлэх аястай боллоо. Аав босоод, “За, би хоол бэлдье,” гэв. “Би одоо өөрөө гал тогоо барих болсон шүү дээ. Чи Кикукотой ханиндаа байж бай.”
Аавыг өрөөнөөс гармагц дүү минь харваас илт тайвшрав. Хэдэн минутын дараа тэр Осака хот дахь найзууд, их сургуулийн хичээлийнхээ тухай чөлөөтэй ярьж байлаа. Дүү минь гэнэт гарч цэцэрлэгээр явъя гэж санал болгоод өөрөө гадна тагт руу хүрч очив. Бид тагтны хашлагын хажууд тавьсан сүрлэн шаахайг хөлдөө углаад цэцэрлэг рүү гарлаа. Нар жаргах гэж байна.
Кикуко тамхиа асаангаа, “Хагас цаг тамхи татмаар санагдаад байж ядлаа,” гэв.
“Тэгээд татахгүй яагаа вэ?”
Тэр гэр рүү хулгасан байртай заагаад, дэггүй хүүхэд шиг мушилзав.
Би, “Аан за за,” гэлээ.
“Юу гээч? Би найз залуутай болсон.”
“Тийм үү?”
“Гэхдээ би яахаа сайн мэдэхгүй байна. Шийдэж амжаагүй л байна.”
“Мэдээж тэгэлгүй яах вэ.”
“Найз залуу минь Америк явах гэж байгаа юм. Намайг сургуулиа төгсмөгц хамт явмаар байна гэсэн.”
“Тийм вий. Тэгээд чи Америк явмаар байгаа юм уу?”
“Тийшээ очвол бид замд дайгдаж зугаална.” Кикуко надад эрхий хуруугаа гозолзуулан яаж машин барихаа харуулав. “Аюултай л гэдэг юм. Гэхдээ би
Осакад замд дайгдаж үзсэн, яагаа ч үгүй.”
“Чи тэгээд юунд нь эргэлзээд байгаа юм бэ?”
Бид бутан дундуур сүлжсэн нарийн зөргөөр явж байлаа. Зөрөг худаг хүрээд дуусна. Ийнхүү алхлах зуур, Кикуко тамхиа театрын жүжигчин шиг үнэмшил муутайхан сорох аж.
“Юу. Би Осакад олон найзтай. Тэнд амьдрал их боломжийн. Надад энэ бүгдийг орхиод явахад хэцүү байна. Тэгээд ч Суйчигийн тухайд, тэр надад таалагдах нь таалагддаг ч би түүнтэй өдрийн ихэнхийг хамтдаа өнгөрүүлж чадах үгүйгээ мэдэхгүй байна. Ойлгож байна уу?”
“Сайн ойлгож байна.”
Кикуко дахин мушилзаад, өмнө минь гараад худаг хүртэл явав. Намайг араас нь хүрч очиход тэр эргэж хараад, “Энэ худаг сүнстэй гэдэг байснаа санаж байна уу?” гэв.
“Тийм ээ, санаж байна.”
Бид хоёр худаг руу тонгойж харлаа.
Тэр, “Ээж, чиний тэр шөнө харсан юмыг чинь ногооны захын худалдагч эмгэн байсан гэж надад хэлдэг байж билээ,” гэлээ. “Би ээжийн хэлсэнд хэзээ ч итгээгүй, ийшээ хэзээ ч ганцаараа ирж байгаагүй.”
“Ээж надад ч тэгж хэлдэг байсан. Тэр битгий хэл тэр эмгэн сүнс гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрсөн гэж ч хэлсэн. Замаа товчилж манай хашаан дундуур явж байсан юм байх. Энэ хашааг давах амаргүй байсан биз.”
Кикуко инээд алдаад, худаг руу нуруугаа харуулж зогсоод цэцэрлэгийн зүг ширтэн, дууны өнгөө өөрчилж, “Юу гээч, ээж чамайг үнэндээ ер буруутгаагүй шүү дээ,” гэв. Би юм хэлсэнгүй. “Чамайг сайн хүмүүжүүлээгүй аав тэр хоёрын өөрсдийнх нь л буруу гэж надад байнга хэлдэг байсан. Намайг хүмүүжүүлэхдээ илүү анхаарсан учраас би ийм сайн байгаа юм гэж ч хэлдэг сэн.” Тэгснээ толгойгоо дээш болгоод, дахиад дэггүй хүүхэд шиг мушилзаад,
“Хөөрхий ээж минь,” гэлээ.
“Тийм ээ. Хөөрхий ээж минь.”
“Чи одоо Калифорни руугаа буцах уу?”
“Мэдэх юм алга. Бодох хэрэгтэй байна.”
“Найз охин чинь яасан? Вики?”
“Бидний харилцаа дууссан. Калифорнид минийх гээд байх юм үлдээгүй.”
“Би тийшээ явсан нь дээр үү?”
“Яагаад болохгүй гэж? Чамд таалагдах ч юм бил үү.” Би гэр рүү харц чулуудлаа. “Дотогшоо орсон нь дээр байх. Аавд тусламж хэрэгтэй ч юм бил үү.”
Гэвч дүү минь дахин худаг руу тонгойн харж байв. “Би ямар ч сүнс харахгүй байна.” Дуу нь бага зэрэг цуурайтлаа.
“Пүүс нь дампуурахаар аав сэтгэлээр унасан уу?”
“Мэдэхгүй. Аав ямар санаа бодлоо ил гаргах биш.” Кикуко гэнэт дээш өндийгөөд, над руу эргэж харав. “Аав чамд өвгөн Ватанабэгийн яасныг ярьсан уу?”
“Амиа хорлосон гэсэн.”
“Амиа хорлоод зогсоогүй. Өөртэйгөө цуг гэрийнхнийгээ авч явсан. Эхнэр, хоёр жаахан охиноо.”
“Үгүй байлгүй дээ?”
“Тэгсэн. Их хөөрхөн хоёр охинтой байсан юм. Унтаж байхад нь хийн зуухаа асаасан гэсэн. Дараа нь гэдэс рүүгээ махны хутгаа зоосон.”
“Аав түрүүхэн надад Ватанабэ бол өөрийн гэсэн зарчимтай хүн байсан гэж хэлсэн.”
“Яаж тэгж бодож чадаж байна аа,” гээд дүү минь худаг руу дахиж шагайв.
“Болгоомжтой! Унах гэж байгаа юм.”
Кикуко, “Энд ямар юмны сүнс байх вэ,” гэв. “Чи надад дандаа худлаа хэлдэг байсан.”
“Гэхдээ би сүнс худагт байдаг гэж хэлээгүй шүү дээ.”
“Тэгээд хаана байна гэж?”
Бид хоёр харцаа мод, бутан дээгүүр гүйлгэн харлаа. Харуй бүрий цэцэрлэгийг нөмрөн авах гэж байв. Би биднээс холгүйхэн мод, бутгүй хэсэг газар луу заалаа.
“Би тэр сүнсийг яг тэнд харсан. Яг тэнд.”
Хоёул миний заасан зүг рүү харав.
“Ямархуу юм байсан бэ?”
“Би сайн харж чадаагүй. Харанхуй байсан.”
“Гэхдээ л чи ямар нэг юм харсан байлгүй.”
“Нэг эмгэн; тэнд зогсоод над руу харж байсан.”
Бид хоёр тийшээ ховстуулсан мэт харж байв.
Би, “Цагаан кимоно өмссөн,” гэлээ. “Үс нь бага зэрэг задарчихсан, салхинд хийсээд л.”
Кикуко тохойгоороо гар руу минь ёвров. “Боль. Чи дахиад л намайг айлгах гээд байна.” Тамхиа газар хаян дээр нь гишгээд, хөлөөрөө нарсны шилмүүс өшигчин булснаа нөгөө л дүрсгүй байдлаараа мушилзан, “Хоол болж уу, харъя,” гэлээ.
Аав гал тогооны өрөөнд зогсож байв, бидэн рүү нэг хараад хийж буй ажлаа үргэлжлүүлэв.
Кикуко инээд алдан, “Аав ганц бие амьдрах болсноосоо хойш мундаг тогооч болсон,” гэлээ. Аав толгойгоо эргүүлэн Кикуко руу эвгүй харснаа, “Би хоол сайн хийдгээрээ тийм ч бахархахгүй л байна шүү,” гэлээ. “Алив тусал.”
Дүү минь хөшсөн мэт хэсэг байрандаа зогсоод, урагш алхан, шүүгээнээс өлгөөтэй хормогч татаж авав.
Аав Кикукод, “Одоо энэ ногоог чанаад л болоо,” гэв. “Бусад нь бэлэн.” Над руу хэсэг харж байснаа, “Чи гэр ямархуу болж вэ хармаар байгаа биз дээ?” гээд барьж байсан савхаа тавив. “Гэртээ ирэлгүй их удаж шүү.”
Аавтай цуг гал тогооноос гарах үедээ би Кикуко руу эргэж харлаа. Гэвч тэр цааш харжээ.
Аав, “Кикуко их сайн охин,” гэж зөөлөн дуугаар хэллээ.
Би аавыг даган өрөө өрөө дамжин явлаа. Манай байшин ямар том болохыг мартжээ. Бид гүйдэг хаалга нээн өрөөнөөс өрөө рүү орж байв. Өрөөнүүд хоосон эвгүй юм. Нэг өрөөнд гэрэл ассангүй, бид цонхоор тусах бүдэг гэрэлд хоосон хана, татами шал руу харлаа.
Аав, “Энэ байшин ганц бие хүнд арай л том юм,” гэлээ. “Би өрөөнүүдийн ихэнхийг бараг ашигладаггүй.”
Гэх зуур аав өөр нэг өрөөнд оров. Эндэх сонин сэтгүүл, номоор дүүрэн байлаа. Хананд уран зураг тогтоож, вааранд цэцэг хийжээ. Өрөөний булан дахь явган ширээн дээрх нэг зүйл анхаарлыг минь татахаар ойртоод хартал хүүхдэд зориулсан дайны усан онгоцны угсардаг загвар байлаа. Загварыг сонин дээр тавиад, эргэн тойронд нь жижиг саарал хэсгүүд тараажээ.
Аав инээгээд, ширээ рүү дөхөж загварыг гартаа аваад, “Пүүс дампуурснаас хойш би их завтай болсон,” гээд дахиад инээв. Гэхдээ энэ удаа нэг хачин инээлээ. Гэнэт царай нь эелдэг дөлгөөн гэмээр дүртэй болов. “Бүр хэтэрхий их завтай болсон шүү.”
Би, “Хачин санагдаж байна,” гэлээ. “Өмнө нь та байнга л завгүй байдаг сан.”
Аав, “Бүр арай л дэндүү завгүй байсан ч юм уу,” гээд над руу харж инээмсэглэв. “Гэр бүлдээ илүү анхаарал тавих хэрэгтэй байсан бололтой.”
Би инээлээ. Аав дайны онгоцоо удтал шинжин харснаа гэнэт толгойгоо өндийлгөв. “Уг нь чамд хэлээгүй нь дээр гэж бодсон юм. Гэхдээ одоо хэлсэн нь дээр санагдаж байна. Миний бодлоор ээжийн чинь нас барсан нь санаандгүй хэрэг байгаагүй. Ээж чинь их олон юманд санаа их зовж үймэрдгээс гадна зарим нэг юманд урам хугарсан байсан.”
Бид хоёр дайны хуванцар усан онгоц руу хэсэг харав.
Би эцэст нь, “Мэдээж, ээж намайг байнга энд амьдарна гэж бодоогүй биз,” гэлээ.
“Чи ер ойлгоогүй юм шив. Зарим эцэг эхийн юу гэж боддогийг ер ойлгох аргагүй. Тэд зүгээр ч нэг хүүхдээсээ хол байгаадаа шаналж байгаа юм биш. Угаасаа хол байхаас өөр аргагүй бол шалтгааныг нь мэдсэнээс мэдээгүй нь дээр байдаг юм.” Аав усан онгоцоо гартаа эргүүлж тойруулав. “Энэ их буу зөөдөг завийг арай муухан наасан байна уу, юу гэж бодож байна?”
“Магадгүй. Гэхдээ дажгүй харагдаж байна.”
“Би дайны үеэр яг үүн шиг усан онгоц дээр ажилладаг байсан. Гэхдээ би уг нь нисэх хүчинд элсэхийг хүсдэг байж билээ. Би ингэж боддог байсан юм: Усан онгоцтой яваа үед дайсны суманд өртвөл усанд амь тавин тэмцэж хэн нэгэн ирж аврахыг хүлээх хэрэгтэй болно. Харин онгоцтой яваа бол чамд ямар ч тохиолдолд сүүлийн зэвсэг гэж нэг юм бий.” Аав загвараа ширээ рүүгээ буцааж тавив. “Чи дайныг дэмждэггүй байх, тийм үү?”
“Үгүй, дайн надад ямар ч хамаагүй.”
Аав өрөөн дотуураа гүйлгэж хараад, “Хоол удахгүй бэлэн болно,” гэлээ. “Чи өлссөн байлгүй.”
Гал тогооны хажуугийн бүдэг гэрэлтэй өрөөнд хоол идэхээр бэлджээ. Тэнд ширээн дээрх том дэнлүүг асаажээ. Өрөөний бусад булан гэрэлгүй, сүүдэртэж харагдана. Бид хоол идэхээсээ өмнө бие биедээ мэхийлээ.
Бид хоолны үеэр бараг ярьсангүй. Хоол амттай болсон байна гэх мэт үг хэлэхэд минь Кикуко хөхрөв. Тэр өмнөх шигээ биеэ барьсан, айсан дүртэй болжээ. Аав хэсэгтээ юм хэлсэнгүй. Эцэст нь надад хандаж:
“Японд буцаж ирэх хачин байгаа биз?” гэв.
“Тийм, бага зэрэг хачин байна.”
“Америкаас ийшээ ирсэндээ харамсаж эхэлсэн үү?”
“Бага зэрэг. Гэхдээ тийм ч сүртэй биш. Угаасаа тэнд минийх гэх юм үлдээгүй. Хэдэн хоосон өрөө л байгаа.”
“Тийм байж.”
Би аавын царай руу харлаа. Тэр бүдэг гэрэлд хөшөө шиг аймаар харагдана. Бид чимээгүй хоолоо идлээ.
Гэнэт өрөөний нөгөө хананд өлгөөтэй гэрэл зураг хараанд минь өртөв. Би хоолоо идэж байгаад гэнэт хөшиж орхилоо. Нөгөө хоёр ч үүнийг анзааран над руу харна. Би аавын мөрөн дээгүүр харанхуй руу ширтэж байсан юм.
“Тэр хэн бэ? Тэр зураг дээрх?”
“Аль зураг?” Аав харцыг минь дагуулан суудал дээрээ ялимгүй эргэв.
“Тэр хамгийн доор байгаа нь. Цагаан кимонотой эмгэн байна даа.”
Аав савхаа доош тавиад, эхлээд зураг руу, дараа нь над руу харлаа. “Ээж чинь л байна шүү дээ.” Их хөндий дуугаар хэлэв. “Ээжийгээ танихгүй байгаа юм уу?”
Хэсэг зуур хэн ч юу ч хэлсэнгүй, дараа нь Кикуко босоод, зургийг хананаас буулган, ширээ рүү буцаж ирээд надад өгөв.
Би, “Ээж их хөгшин харагдаж байна,” гэлээ.
Аав, “Нас барахаасаа өмнөхөн авахуулсан юм,” гэв.
“Харанхуйд сайн харсангүй.”
Би толгойгоо дээш өндийлгөн, аавын над руу гараа сунгасан байгааг хараад зургийг түүнд өглөө. Аав зургийг анхааралтай хараад Кикуко руу сунгав. Дүү минь дуулгавартай нь аргагүй дахин босоод, зургийг хананд байсан газар нь өлгөлөө.
Ширээний голд тагийг нь аваагүй том төмпөн тавьжээ. Кикуко буцаж суудалдаа суусны дараа аав урагш тонгойн төмпөнгийн тагийг авлаа. Төмпөнгөөс уур гараад дээш дэнлүү рүү мушгиран хөөрөв. Аав төмпөнг над руу зөөлөн түлхээд, “Чи өлссөн биз,” гэв. Аавын нүүрний тал сүүдэртжээ.
“Баярлалаа.” Би савхаа барьсаар урагш дөхлөө. Халуун уур гар түлэх шахав. “Энэ юу вэ?”
“Загас.”
“Сайхан үнэртэй юм аа.”
Шөлөн дунд нимгэн урт хэрчсэн загасны махыг дугуйруулан давхарлаж тавьжээ. Би нэгийг аваад аягандаа хийлээ.
“Ав ав. Цаана нь байгаа.”
“Баярлалаа.” Би хэдэн хэрчим мах нэмж аваад, төмпөнг аав руу түлхээд, аавын ч бас хэдэн хэрчим мах аягандаа хийхийг харлаа. Дараа нь бид хоёр Кикукогийн аягандаа мах хийхийг ч харав.
Аав багахан мэхийгээд, дахин, “Чи өлссөн биз,” гэлээ. Загасны махнаас авч амандаа хийгээд идэж эхлэв. Би ч бас хэрчим мах савхдаж амандаа хийлээ.
Хэлэнд минь зөөлөн махны амт мэдрэгдэнэ.
Би, “Их гоё юм,” гэлээ. “Энэ юу гэдэг загас вэ?”
“Зүгээр байдаг л нэг загас.”
“Их амттай юм.”
Бид гурав чимээгүй идлээ. Хэдэн минут өнгөрөв.
“Нэмэх үү?”
“Нэмэхээр байгаа юм уу?”
“Бид гуравт хангалттай байгаа.” Аав төмпөнгийн тагийг дахин сөхтөл, дахиад халуун уур гарав. Бид гурвуулаа урагш болж аягандаа загас тасалж авлаа.
Би аавд, “Май, сүүлийнхийг нь та ав,” гэлээ.
“Баярлалаа.”
Бид хоолоо идэж дуусмагц, аав цадсан байртай гараа урагш сунгаад эвшээгээд, “Кикуко, бидэнд цай бэлдээч,” гэлээ.
Дүү минь аав руу хараад юм хэлэлгүй өрөөнөөс гарч явав. Аав босож зогслоо. “Нөгөө өрөөнд оръё. Энд бүгчим байна.”
Би босоод, аавыг даган цайны өрөө рүү орлоо. Том гүйдэг хаалга нээлттэй, цэцэрлэгээс салхи зөөлөн үлээнэ. Бид хоёр хэсэг чимээгүй суув.
Би эцэст нь, “Аав аа,” гэлээ.
“За?”
“Кикуко надад Ватанабэ-Сан амиа хорлохоос гадна гэр бүлийнхнээ бүгдийг нь цааш нь харуулсан гэж хэлсэн.”
Аав харцаа буруулан толгой дохиод, хэсэг зуур гүн бодолд автах шиг боллоо. Эцэст нь, “Ватанабэ ажилдаа бүхнээ зориулсан хүн байсан,” гэв. “Пүүс дампуурсан нь түүнд хүнд цохилт болсон. Тэгээд юу хийж байгаагаа ухаарах тэнхэлгүй болсон биз.”
“Та түүний хийсэн зүйлийг буруу гэж бодож байна уу?”
“Юу, тэгэлгүй яах вэ. Буруу биш гэж үү?”
“Мэдээж, буруу байлгүй яах вэ.”
“Хүнд ажлаас гадна олон юм бий.”
“Тийм.”
Бид дахиад чимээгүй боллоо. Цэцэрлэгээс царцааны дуу сонстоно. Би гадагш харанхуй руу харлаа. Худаг одоо харагдахаа больжээ.
Аав надаас, “Чи одоо юу хийе гэж бодож байна?” гэж асуув. “Хэсэгтээ Японд байх уу?”
“Үнэндээ ер бодсон юм алга.”
“Энд амьдармаар байвал, юу, энэ гэрт баймаар байвал, хүссэнээрээ байж болно шүү. Мэдээж, өвгөн хүнтэй хамт, уйдна гэхгүй бол шүү дээ.”
“Баярлалаа. Би бодож үзнэ ээ.”
Би дахиад гадагш харанхуй руу харлаа.
Аав, “Энэ гэр одоо аргагүй уйтгартай болсон,” гэв. “Чи ер удалгүй Америк руугаа буцъя л гэх байх даа.”
“Магадгүй. Сайн мэдэхгүй л байна.”
“Буцъя л гэх байх даа.”
Аав хэсэг гарынхаа арыг шинжээд, толгойгоо өндийлгөн санаа алдаад,
“Кикуко дараа хавар сургуулиа төгсөнө,” гэв. “Магадгүй төгсөөд тэр ч бас гэртээ ирэх байх. Тэр их сайн охин шүү.”
“Ирэх байх аа.”
“Тэгвэл бүх юм одоогийнхоосоо дээрдэнэ.”
“Тийм ээ, гарцаагүй дээрдэнэ.”
Бид дахиад чимээгүй болоод, Кикукогийн бидэнд цай авчрахыг хүлээлээ.
Орчуулсан: Sugirragachaa Galaa

Бямбын РИНЧЕН “ШҮХЭРЧ БУНИА” өгүүллэг

Манж дайчин Улсын Тэнгэрийн тэтгэсэн хааны аравдугаар он билээ. Улиастайд суугаа зарлигийн манж сайд Автай сайн хааны байгуулсан Эрдэнэ Зуугийн хийдийг сонирхон үзэх гэж зуны дэлгэр сайхан цагаар Зуугийн цамын үест очсон байжээ. 
Ойр хавийн монгол ноёд тайж, ард олон цам үзэх гэж Зуугийн орчин тойронд их л хөлтэй.
Энд тэндгүй эрээн майхан, гоёлын хувцас өмссөн хүрэн улаан царайтай өргөн их хэнхдэгтэй , идэр талын хүдэр эрчүүд , чилгэр сайхан биетэй, сайхан царайтай хүүхэн, тэгшхэн зассан дэлтэй, гоё эмээл хударгатай морио унацгаан, хэд хэдээрээ дөрөө зэрэгцэн өргөн талд давхиж явахыг манж сайд үзээд, моринд чадамгай, бие чийрэг, зориг хатан энэ монголчууд, манай манжаас давуу эртний соёлт, эрх чөлөөнд дуртай улс ажээ. Уран арга эс хэрэглэвэл, захирахад амаргүй улс, шарын шашнаар номхотгох гэж тэнгэр тэтгэгч эзний явуулж байгаа бодлого маш зөв ажээ хэмээн бодсоор Эрдэнэ зуугийн цамын баг хэрэглэл маш нарийн гоёмсгийг гайхан, монгол урчуудын чадлыг бахдан үзжээ. 
Баруун зүг шинэ хязгаар, хошоо аймгийг байлдан дарах аянд явалцсан манж сайд бие хатингар, моринд сүрхий эр.Нойр багатай эрт босдог хүн байжээ. Зуугийн их лам танаас зарлигийн сайдад тусгайлан барьсан гэрээс нар битүүгээр гарч, хээр талын сайхан өвс цэцгийн үнэр анхилсан агаарыг амьсгалаад гадаа орчин тойрныг үзэж, Эрдэнэ Зуугийн олон сүм дуганы оройг хартал, Зуугийн их сүмийн орой дээр нэг юм хөдлөх шиг болжээ.Шувуу гэхэд дэндүү том, хүн гэхэд, тийм эрт хар үүрээр сүм дээр хэн гардаг билээ гэж тэр зүг гайхан хартал, үнэхээр хүн бололтой. 
Энэ ямар хүн, юу хийж байгаа билээ? гэж ажиглан ширттэл, нэг хүн, сүмийн орой дээрээс доошоо үсрэх шиг боллоо.Араас нь шүхэр шиг нэг юм дэлгэж, тэр хүн шүхэрт өлгөгдөн үүрийн зөөлөн салхи даган намрын цэнхэр өдөр шүлсээ дэлгэн нисэх аалз мэт гар арваганан, шүхрийнхээ татлагыг татан залж нэлээд нисээд далд оржээ. 
Баахан ухасхийгээд бас дахин Зуугийн өндөр сүмийн орой дээр өглөөний тэнгэрт маш тодхон зурайж үзэгдээд, бас харайжээ. Манж сайд түүнийг их л жиг болгож дахин сүм дээрээс үсрэн буухыг хичнээн хүлээтэл үзэгдсэнгүй.Сайдын бараа болж явсан цэргийн дарга нь гарч орон, амбаныг ёсолсонд хариу ёслон дохисхийгээд гэртээ орж, хойш өглөө юу болдог бол, бас л энэ үед гадаа гарч үзье гэж боджээ. 
Өглөө хойш мөн өнөөх сүмэн дээрээс тэр шүхэрчин харайжээ. Хүн амьтан цөм унтаастай гэж бодсон бололтой.Yймүүлэн цочоох хүнгүй тул дөрөв дахин харайгаад үзэгдэхгүй болсонд түүнийг алсаас харж байсан манж сайд дотроо сайхан, цамчин цөмөөрөө хэдийн буцсан тул, манж сайд, тэр өдөр Улиастайд буухаар болж, их ёслолоор Зуугийн лам тушаалтан мяндагтан үдэх үед амбан сайдаас зуугийн их ламд хоёр өглөө үзсэнээ гайхан хэлжээ. 
Зуугийн лам, махлаг том биетэй олныг захирч сурсан эзэрхэг царайтай өвгөн тэр манж сайдын үгийг сонсоод, 
- Танхай банди нар дүрсгүйтэж байгаа бол уу? Учрыг нягталж мэдээд, номын сахилга бат алдсан тэр хуваргыг хэрхэн шийтгэснийг сайдад дараа айлтгая гэжээ. 
Эжий нь эвлэг зөөлөн гараараа ар нуруугий нь илж байх шиг болж, Буниа гэнэт нүдээ нээж үзвэл , хамаг бие хөшиж , нуруу зоо тэсгэлгүй хорсон өвдөж, нэг мэдэхнээ баруун гараа дэрлээд, зүүн гараа бие дагуу сунгаж, «Хэвтэж байгаа арслангийн маягаар» хуучин муу журам дээрээ эзгүй хээр ууланд хэвтэж байснаа гайхан мэджээ. 
Тэр нуруугий нь зөөлөн гараараа илж байсан нь эжий нь биш сагсгар үстэй нохой долоож байснаа, жаал бандийн хөдлөсхийхэд, нүүрийн тушаа ирж, нэг долоочихоод оцойн сууж сүүлээрээ газар пад пад цохилж, Буниагийн царайг цэцэн нүдээрээ ширтэж, босож өндийж үз гэсэн юм шиг харжээ. 
Буниа тэр нохойг, өдөр бүр яс мах хаяж өгдөг золбин халтар гэж таниад, хөдөлж босох гэтэл, бүх бие хөшин, уруул хатаж, ам тэсгэлгүй цанган, толгой заадсаараа задрах гэж байгаа мэт машид өвджээ. Хамаг бие хэмх зад буусан юм шиг нүд эрээлжлэн зовхио аньсхийж нэгэн хэсэг хэвтээд дахин нээж урьд нь харагдаж байгаа газрыг гайхан хартал Зуугийн лам нарын яс тавьдаг газар мөн бололтой.Тэнгэр баахан үүлтэй, хээрийн сэрүүн салхи сэнгэнэн жаал хүүгийн халууран өвдөж байгаа биеийг дэвүүрээр дэвэх мэт сэрүүцүүлэх ажээ. 
Буниагийн ухаан санаа ороолдон зангирч жуушаан утас мэт хөврөн эх захгүй болж юунд энд яс тавьдаг газар хүрч ирээд хэвтэж байгаа билээ? Хэдийн таньдаг энэ газар дэлхий хөх тэнгэр яагаад жигтэй шарлаж , сонин өнгөтэй танигдашгүй хачин үзэгдэх болов? Би энд хичнээн хэвтэв гэж бодтол гэнэт ухаан орсон юм шиг сэтгэлд нь хамаг юм тов тодхон санагдлаа. 
Улиастайн амбан сайд явсны хойш өглөө, нар битүүгээр Зуугийн гол сүмийн орой дээрээс дахин нисэх гэж шүхрээ үүрч гараад татлага холбоогий нь хоёр суган дороо бэхлээд доошоо үсрэн татлагы нь ээлж ээлжээр татаж залсаар урьд урьд өглөөнийхөөсөө нэлээд хол буусандаа бахдаж шүхрээ яран эвхэж дахин сүм өөд сэмхэн хөл нүцгэн гүйхдээ, анх лойлинд орхимжоо дэлгэн нисэж явсан лам нарын бяцхан баримлыг үзсэнээсээ санаа авч хулгайгаар замын хэрэгсэл, номын баримтгийн хуучин даавуу сэм зүүж багшийнхаа хуучин шүхрийн үлгэрээр хийгээд хашаан дээрээсээ үүрийн шөнөөр үсэрч шүхрийнхээ голд нь салхи дээшээ гарах нүхтэй болгож тэр хэмжээгий нь их болгосоор давхар илүү байшингийн дээрээс зүрхлэн үсэрч сургууль нь хийж шүхрээ хүн унтсан хойно хулгайгаар засаж сэлбэсээр Зуугийн бага шиг дуган дээрээс үүрийн шөнөөр үсрэн хальж эцэс сүүлдээ өндөр сүмэн дээрээс үсэрч шүхрээ залж улам улам ахиулан нисэж байснаа санаж нүдээ аниад амбан явсны хойт өглөө болсон явдлаа бодоход сайн ниссэнд улам урамшиж дахиж сүмэн дээрээс авиран нистэл доошоо нэг харсанд хэдэн чийрэн дуганч нар сүмийн довжооны хайсны цаана бүгж байснаа өндийн харах нь үзэгдэж одоо л хэрэг биш боллоо гэж , агаарт шүлсэндээ асан нисэж яваа аалз шиг гараа арвагануулан салхины аясыг дагаж хэрэв даваад буудаг бол ухаантай юмсан гэж бодтол нь , сүмийн довжоон дээрээс гутал нижигнэх чимээ гарч билээ. 
Одоо л намайг барих нь , тэнгэр минь , салхи минь тусалж энэ хэрэм дээгүүр саадгүй давуулаасай гэтэл хөлөөс нь нэг юм шүүрээд авах шиг болж ,барь барь !гэж хашхиралдан , өөрийн эрхгүй доошоо татагдан ойчсон билээ. 
- Чи муу яаж байгаа чинь энэ вэ? гэж , гүйж амьсгаадсан бүдүүн цоохор дуганч , Буниаг тас тэвэрч хэдэн дуганч нар шүхрий нь мулт татаж аваад их гэсгүйд хүргэсэн нь санаанд оров. 
- Горьгүй юм боллоо!гэж Буниагийн зүрх түгшин хоёр талаасаа чийрэг дуганч нарт шахуулан , эх гэсгүйд хүртэл эрт унтаж , орой босдог гэсгүй лам хэдийн босож өргөөндөө хүрдээ эргүүлэнхэн хоймортоо сууж байснаа, 
- Задарсан хар тархи, чи яаж байгаа нь энэ вэ? Орон хийдээд түмэн түвэг татаж , зарлигийн амбан сайдад ёсон бус явдлаа мэдэгдсэн чамайг зад торлогдож, олон шавь нарт цээрлэл үзүүлнэ гэж нүүр нүдгүй загнаж Зуугийн ламд муу нохой ёсон бус хэрэгслийн хамт барьсныг айлтга гэж шавь нараа зарж удалгүй Зуугийн ламын шавь нь ирж багш, Буниаг яаж ниссэнийг үзэх гэж байна. Сүмийн тэнд аваачина уу гэж иржээ. 
Шүхрээ татлагаар нь хоёр сугандаа торгоод нисдэг тэр сүмийн тэнд хийдийн мяндагтан цөм нэгэн зэрэг зарласан мэт хэдийн цуглаж , зүрх түгшин айж эмээсэн Буниа тэр их багш лам нарын өмнө сөгдөн асуулгаад , Зуугийн их лам , 
- За, чи бидний өмнө нэг нисээд үз. Ямар буг шулам чамд ийм арга зааж өгсөн юм бол!гэхэд гэсгүйд зандруулсан Буниа , бүх бие чичрэн , айн эмээж дахин тэр сүмэн дээр гараад шүхрээ татлагаар нь хоёр сугандаа торгохдоо айсандаа болж ухаан нэг орж нэг гарч байх шиг болж өндөр сүмийн орой дээрээс улаан шар хувцастай ихэс лам нарыг харахад бор шувуу шиг жижигхэн харагдаад их гэсгүйг гараараа зангаж үсэр гэж дохиход миний энэ шүхэр минь хан гардийн далавч шиг болж эндээс намайг долоон уулын цаана буулгадаг ч болоосой гэж аман дотроо ээжий минь! гэж шивнээд үсэрсэн нь санаанд оржээ. 
Шүхэр нь пад хийтэл дэлгэж Буниаг хоёр суганаас нь өргөж олон удаа үсрэн нисэж бие нэг сонихон болоод ирдэг байдал нь мэдэгдэж үүрийн зөөлөн салхины аясаар шүхрээ таталгаар нь залж дор ногоон зүлгэн дээр сууж байсан ихэс лам нарын дээгүүр нисэн өнгөрөхдөө зуугийн лам нарын гуулин шанага шиг хүрэн халзан толгой нь тов тодхон ив илхэн үзэгдсэн нь Буниагийн санаанд орж , гайхан цочицгоосон лам нар , гар хуруугаараа зааж дүнгэр дүнгэр дуугаралцаж байсан нь дуулдаж олон суврагат хэрмийн ёроолд буучихаад өөдөөс нь лам нарын зүг эмээн харж байсан нь санаанд орж ирлээ. 
Тэгээд тэр өдөр олон лам хуврагийн өмнө их гэсгүй бэрээгээр багана цохин цогдомлож Винайн ёсонд хувраг хүний зарчимд үл нийлэлцэх явдал үзүүлсэн банди Буниаг шүхрий нь шатааж зуу торлогд гэж ял оноосон , чийрэг дуганч нар зоон дээр нь торлогдож эхэлсэн нь санаанд оржээ. 
Зиндааны нөхөд нь айн сандарсан нүдээр харж, торлог нуруун дээр нь буух нь тэсхийн аргагүй өвчтэй ижий ижий гэж бархирч байсан арав арван нэг, арван тав, арван зургаа гэж торлог тоолж байсан дуганчийн дуу дуулдаж байснаа юу ч мэдэхээ больсон, одоо зуугийн лам нарын яс тавьдаг газар хэвтэж байгаагаа бодвол, намайг үхсэн гэж, энэ рүү авчран хаяжээ гэж бодоод толгой өндийх гэтэл ар нуруугаар нь хутгалах шиг өвдөөд шилэн хүзүүгээр хатгуулах шиг болж ёолсонд золбин халтар сүүлээ хавчин босож,Буниагийн омголдсон уруулыг долоожээ. 
Өндийж босох гэтэл зад нүдүүлсэн биеэ тэсгэлгүй өвдсөнд Буниа түр ухаан алдаж, дахин мэдээ ороход өнөөх золбин халтар ч байхгүй улам ганцаардсан шиг болж нүднээсээ нулимс цувруулан цурхиртал уйлах гэтэл зодуулж бархирсаар сөөсөн хоолойноос шуухинах чимээ гарахаас биш дуу гарч өгсөнгүй, ижий ижий гэж шивнэн, омголтсон уруулаа долоож, цангаж хатсан амаа дэмий л ангалзлаа. 
Торлогдсон нуруу зоо нь улайсгасан төмрөөр хайрч байгаа юм шиг өвдөж, жаал хүүгийн бүх бие халуурч толгойг төмөр боолтоор шахаж боосон юм шиг, хоёр чамархайд нь луг луг , лүг лүг гэж лантуугаар цохиж байх адил, багадаа цоорхой хар гэртээ ижийнхээ дэргэд хэвтэж байх шиг хүүгээ дэмий ч лам болгов уу даа гэж тэр жил хэлж байсантайгаа адил, ижий нь гасалж, нуруугий нь илж байх шиг зөөлөн хуруугаараа хөлөөс нь өөд нь илэх бүр өвдөх нь барагдан бие тун сонин хөнгөхөн болж байх шиг шүхэртээ өлгөгдөн агаарт хөвж нисэж байх шиг, санагдсаар, ижий ижий !гэж шивнэсээр Буниа мэдээ алдаж үхэтгэхийн өмнө, 
-Хүү минээ , хаашаа ир чи хаана байна? гэж аль хэдийн нас барсан эжий нь холоос дуудах шиг чихэнд нь дуулдаж, ээ би энд байнаа! гэх гээд, хоолой нь хэрчигнэж нэг юм дуугарах шиг болоод хөлөө жийн бүх бие нь тавигджээ. 
Монгол улсын арван наймдугаар онд, Герман улсын монголч эрдэмтэн Эрих Хеништэй баруун аймгаар явахдаа Улиастай хотод орос Цэрэн гэдэг өвгөнг Улиастайн гэсэр сүмэнд орон нутгийн тун сонихон музей үүсгэн байгуулсанд нь тэр үеийн судар бичгийн хүрээлэнгээс музейн модон тэмдэг хүргэж өгөөд, өвгөн Цэрэнгийн байгуулсан музейн нэг байшинд Улиастайн амбаны хуучин данс бичиг байсныг сонирхон сөхөж үзэхэд Тэнгэр тэтгэсний аравдугаар оныг бичиг хэргийн дансанд Эрдэнэ зууд шүхэр хэрэглэж ниссэн банди Буниаг торлогдон шийтгэсэн учрыг мэдүүлсэн бичиг үзэж, Европт Отто Лилиенталь гэдэг герман хүн, анх шүхэр хэрэглэж нисэхийг оролдсоноос аль эрт Эрдэнэ зууд нэг ядуу жаал банди Буниа, цовоо ухаан санаагаараа шүхэр хэрэглэж нисэх гэж оролдоод торлог даасангүй үхсэний нь Улиастайн амбанд айлтган мэдэгдсэн бичгийг гашуудан үзсэн билээ. 
Парашют гэж манайхны гадаад үгээр хэлдэг нь монголоор шүхэр гэсэн үг тул , ах дүү Өвөр монголд парашют ч гэдгийг шүхэрч гэж дэлхий нийтийн ёсоор тэр үгийн утгыг өөрийнхөө эх хэлээр орчуулан нэрлэдэг нь бахтай хэрэг.Гагцхүү улирал бусын цагт төрөөд, урьдын үест ардын хичнээн авьяастай хүн ингэж хөөрхий Буниа шиг авьяас чадлаа гаргаж чадалгүй амь бие хохирч байсныг санахад гашуудалтайг хэлэх үү! 
Миний тэмдэглэлийн дэвтэрт хорин есөн жилийн өмнө Улиастайн амбаны хуучин данснаас гэсэр сүмд байгуулсан музейд Буниа бандийн шүхрийн хэрэглэн , тэнгэр тэтгэгчийн аравдугаар онд нисэж торлогдуулан үхсэнийг үзэв гэж товч тэмдэглэл хийснээ энэ 1957 оны зуны сүүл сард туурь болгож бичсэн учир гэвэл Улиастайд өвгөн Цэрэнгийн байгуулсан музейг намайг тавин таван онд Чехословакийн Эрдэмтэн Поухатай Улиастайгаар явахад байхгүй болж, гэсэр сүм нь ч байхгүй болж Улиастайн амбаны хуучин данс хар нь ч үрэгдэж үгүй болоод, ойрын хэдэн жилд шинэчлэн байгуулсан орон нутгийг судлах кабинетэд ч амбасын хуучин данс хар үгүй тул , монгол шүхэрчийн тухай түүхэнд орох гашуудалт тэр баримт нь үгүй боловч уран зохиолын нэг өгүүллэгт нэр нь орж хойчийн уншсан хүнд дурсагдаг гэж үүнийг бичлээ.Уг бичиг нь байвал, сүрхий лам түшмэл зохиож, хөөрхий Буниагийн өгсөн өчиг нь арван тав зургаатай хүүхдийн амнаас гарсан үгийг тэр хэвээр нь тун аятайхан тэмдэглэн авч хэрхэн торлогдон шийтгэсэн мөн тэр шийтгэлийг даалгүй үхсэн зэргийг сүрхий бичсэн бичиг байсан билээ.Орос Цэрэн өвгөн тэр жаалыг гол нь тасраагүй байхад хаячихсан гэж хууччуулын амнаас багадаа дуулсан гэж хэлсэн үг нь миний цээжинд одоо хүртэл тодорхой бий. Гагцхүү тэр бичгийн доторхи нарийн үг өчгийг он удаж мартжээ.

“Морины хүүхэд” өгүүллэг


-Ээжээс чинь сураг гарахгүй хоёр жил болж байна. Энэ юу гэсэн үг гэдгийг мэдэх үү? гэж аав нь уусан нэг шил архиныхаа халуунд согтуурхан хэл амаа ээдрүүлснээ урдах намхан модон ширээг гараараа шаагаад авав. Ширээн дээр байсан хоосон архины шил, хэдэн аяга халбага, тамхины иш, хогтой үнсний сав тал тал тийшээ цацагдан гэрийн хоймрын харалдаа дэвсээтэй байдаг өнгөө алдсан хивсэнцэр дээгүүр хаа сайгүй цацагдах нь тэр. Энэ гэрийн эзэн Дорлиг өмнө нь ч архи дарсыг нэлээн хүртчихдэг байсан ч гэлээ сүүлийн хагас жил ёроолгүй ходоодтой юм шиг л гудардаг болжээ. Шалтгаан нь Солонгос улс руу хараар ажиллахаар явсан эхнэрээ ирэхгүй байгаагаас л болсон гэж өөрийгөө зөвтгөх ч, хоёр хүүгээ даанч хайхрахаа больсон нэгэн байлаа. Энэ жил тавдугаар ангид орсон том хүү Идэрээ согтуу аавынхаа хэрхэн агсамнаж байгааг байдаг л зүйл мэтээр харснаа аавынхаа гөлийж сүүмийсэн харцыг нэг харангуутаа л унтах тун дөхсөн байгааг нь ойлгоод авав. Ааваасаа айн орныхоо буланд дээлээ нөмрөн чөргөр өвдгөө тэврэн суух дүүгээ тайвшруулан аргадаж,
-Миний дүү битгий ай. Ах нь одоо аавыг унтуулчихна, за юу? гэж сөөсгөр үсийг нь илснээ, аавынхаа хажууд ойртон сууж -Аав. Одоо унт даа, та чинь маргааш ээлжтэй биз дээ? Эртхэн нь унтсан нь дээр байх шүү гэж хэлээд суганаас нь дэмнэн ор руу нь чиглүүлэх гэж зүтгэв.
-Та хоёр ч юугаа мэдэх вэ дээ, танай эх гэж нэг юм хоёр гурван жилийн өмнөөс нэг хар юмтай болсон сураг дуулдаад эхэлсэн. Би тэгэхэд та хоёрыг тэжээх гэж энд шар махтайгаа хатаж байхад тэр муу тэнд заваарч явж байсан байх нь гэснээ Дорлиг учиргүй уйлаад эхлэв. Согтуу хүний уйлах дуулах нь амархан байдгаас хойш энэ дүр зураг ч бас Идэрээ хүүд хэзээний танил болжээ. Тиймээс ч үргэлжлүүлэн гуйх аргадахыг хослуулсаар аавыгаа оронд нь унтуулж дөнгөв. Ундуй сундуй болсон гэр орон, бохир аяга тавагнууд, өнгө нь мэдэгдэхээ больсон хивсэнцэр зэргийг хараад Идэрээ аяархан сүүрс алдав. Урьд нь ээжийг байхад манайх арай ч ийм новширсон гахайн хороо шиг айл байгаагүй л юм даа гэж бодсоноо,
-Миний дүү хогоо шүүрдчих. Ах нь аяга тавгаа угаачихъя гэлээ.
-За ахаа гэснээ дүү нь год үсрэн бууж хогийн шүүр аван шороо тоосыг манартал шүүрдэж гарав. Харанхуй шөнө болж байгаа учраас тэр хоёр хурдхан шиг гэрээ цэвэрлэж унтахаар баруун талын орон дээр зэрэгцэн хэвтэцгээлээ.
-Ах аа, ээж гэртээ хэзээ ирэх бол? Би санаад байна.
-Мэдэхгүй байна аа, миний дүү. Ээжтэй утсаар яриагүй удсан байна.
-Яагаад бид нартай утсаар ярихгүй байгаа юм бэ? Түрүүн аавын яриад байсан хар юм гэдэг нь юу юм бэ? гэснээ дүү нь аяархан мэгшиж эхлэв.
-Битгий уйл даа Болдоо. Нэг л өдөр ээж хүрээд ирнэ. Тэгвэл аав архи уухаа болино. Үүнийг сонсоод дүү нь уйлахаа больжээ.
Энэ гэр бүлийн хувь заяа яах гээд байгаа нь мэдэгдэхгүй ийнхүү сүүлийн хэдхэн жилийн хугацаанд огцом өөрчлөгдсөн нь энэ. Өрх гэрийн хос багана нь гудайж, он цагийн тоосонд дарагдан гундаж, мартагдаж ахуйд найз нөхөд, ах дүү хамаатан садан нь ч тоохоо больчихсон байсан үе. Өрх гэрийн чимэг, авааль нөхрийнхөө найдвартай ар тал нь болж явах учиртай хоёр хүүгийн ээж ч, гэрийнхээ хамаг хүндийг үүрч явах учиртай Дорлиг ч учраа олохгүй мунгинасаар гурав дахь жилийн нүүрээ үзжээ. Энэ хугацаанд хоёр хүүгийн ээж ч утсаар ядаж ярьсангүй, Дорлиг ч сэтгэлээр бүрэн унаж гүйцэн, архинд өдөр өдрөөр нэвт донтсоор нэг ёсондоо архичин болсон байв.
Идэрээг нэг өдөр ангиас нь дуудуулав. Захирлын өрөө рүү дагуулж ороход яагаад ч юм хүүгийн дотор палхийн ямар хэрэг хийчихсэн билээ гэж санахыг оролдон байж суух газраа олж ядан сандал дээр суув. Харин захирлын хажууд цагдаагийн дүрэмт хувцастай нэг ах суух бөгөөд царайны байдлыг харвал их л нухацтай зүйл ярих гэж буй нь илт.
-Миний дүү наашаа суу даа. Чамайг Идэрээ гэдэг байх аа. Дүүг нь Болдоо гэдэг бил үү?
-Тийм ээ. Дүү гуравдугаар ангид сурдаг. Хичээл нь одоо тарж байгаа байх аа.
-Чамайг ах нь болохоор түрүүлж энэ муу мэдээг дуулгах хэрэгтэй гэж шийдсэн юм. Юу гэхээр аав чинь нас барчихсан байна. Өглөөгүүр дуудлага ирсний дагуу очиж үзэхэд гудамжинд гадны нөлөөгүй өнгөрсөн байна. Миний дүү сэтгэлээ тайван байлгадаг юм шүү.
Үүнийг сонсоод Идэрээ юу ч дуугарсангүй, хуруугаа байдгаар нь атган гутлынхаа хоншоорыг харан сууна. Нүдэнд нь нулимс цийлэгнэж ирсэн ч шүд зуун тэсвэрлэж, дотогш нь залгилав. Захирал руу хандан,
-Энэ хүүгийн өөр ойр дотны хүмүүс байгаа юу?
-Би багштай нь уулзаж ярилцсан. Ээж нь Солонгост ажилладаг сурагтай, гэхдээ бараг холбоогүй байдаг юм шиг байна лээ.
-Өө тэгвэл бараг бүтэн өнчирч байгаа хүүхдүүд юм биш үү?
Энэ яриаг сонсоод Идэрээгийн бяцхан биенд гэнэт уурын гал дүрэлзэж ассан бололтой, аав нь нэгэнт байхгүй болчихоод, уй гашуу тохиолдож байхад энэ том хүмүүс юу ч болоогүй юм шиг ярьж байгаад дургүй нь гэнэт хүрчээ.
-Би өнчин биш, миний дүү ч бас өнчин биш, за юу! гэчихээд захирлын өрөөнөөс хамаг хурдаараа гүйн гарав. Замаараа дүүгийнхээ ангийн хаалгыг нээн –Болдоо нааш ир, явъя гээд дүүгээ хөтлөн сургуулиас гэр рүүгээ гүйцгээв. Юу болоод байгааг ойлгохгүй, элдэв зүйл асуун шалгах дүүгийнхээ асуултуудад төвөгшөөн юм ч дуугарсангүй. Харин дотроо бол түрүүний хүмүүс худал хэлсэн байгаасай, гэртээ ороход аав минь согтуу ч гэсэн, тасраад хэвтчихсэн ч бай хамаагүй орон дээрээ сууж байгаасай гэж тэсгэлгүй их хүсч байв. Хоёр жаал хамаг хурдаараа гүйсэн тул төд удалгүй гэртээ орж ирцгээхэд, ханхай хоосон хөндий гэр хүйтэн жавартай цуг угтан авав. Аав нь гэртээ ирчихсэн байхдаа хоолоо хийгээд гал түлчихсэн байдагсан. Гэвч харамсалтай нь тийм зүйл болсонгүй. Хоёр цаг хүлээсэн ч аав нь ирсэнгүй. Харин оронд нь сургууль дээр нь очиж уулзсан цагдаа ах ирэн цугтаа эмнэлэг рүү явцгаалаа. Моргийн үүдэнд дүүг нь үлдээн хүйтэн зоорь шиг өрөөнд Идэрээг дагуулан орж, төмөр тавцан дээр хэвтүүлсэн хүний биен дээр нүүрэн хэсгийн даавууг сөхөж харуулав. Магнай дээрээ хэдхэн үрчлээтэй аавынх нь бор царай одоо бол хөх туяатай зэвхий цагаан болсон харагдана. Уруул нь цусгүй болсон мэт цайран харагдахад Идэрээ аажуухан очиж чичирхийлсэн гараараа хацранд нь хүрээд цэл хүйтэн байхуйд давхийн цочив. Гэхдээ танихгүй хоёр хүний хажууд уйлж шившгээ тарихгүй гэж бат шийдсэн байсан тул биеэ байдгаар нь барин уруулаа хүйтэн духанд нь хүргэн үнсэв.
-За гаръя даа, миний дүү. Энэ үгийг сонсоод хүү гарах хаалга руу чиглэн явахдаа байн байн эргэн харж эмнэлгийн ажилтан хэрхэн төмөр тавцантай дугуйтай орыг түлхэн цаад өрөө рүү оруулж байгааг харж байв. Гарахад дүү нь өөдөөс нь угтаж, юу болсон бэ гэж гайхан асуув. Дүүгийнхээ асуултанд хариулах ч сөхөө байсангүй, хажуугаар нь гарахдаа гараас нь хөтлөн яахаа мэдэхгүй зогсоно.
Хавь ойрын аавынх нь найз нөхөд, хамаатан садны хүмүүсийн хүчээр ажил явдал ч болоод өнгөрч, дүү нь хэд хоног уйлсны улмаас нүд нь байдгаараа бөлцийжээ. Харин Идэрээ энэ хугацаанд шал өөр хүн шиг болсон байв. Урьдны хөгжилтэй сэргэлэн, илэн далангүй яриатай хүү биш, дотогшоогоо дуугаа хураасан, байнга л юм бодсон, хааяа ганц нэг юм ярихдаа дэл сул үг ер унагахгүй болсон байв. Ээжтэй нь холбоо барьж чадахгүй байгаагаас хойш хоёр хүүг цаашдаа хэн харж хандаж байх вэ гэдэг талаарх яриа хамаатнуудын дунд хэсэг хүчтэй өрнөсөөр байв. Яг ойр дотны төрөл садан байхгүйгээс ч тэр үү, манайх энэ хоёр хүүхдийг хүн болгоно оо гэж зоригтой хэлчих хүн гарсангүй, дэмий л бие биенийхээ амыг харан ихэнх нь газар ширтэцгээн Идэрээгийн нүд рүү харчих хүн олдохгүй байгаа юм шиг түүнд санагдаж байв. Ядаж ээж минь байсан бол, биднийг орхиж одоогүй бол ийм юм тохиолдохгүй ч байсан юм бил үү гэж хэсэг бодно. Ирсэн хүмүүс ч тарж эхэлцгээн оройхон тийшээ умгар гэртээ дүүтэйгээ хоёулхнаа үлджээ. Маргаашнаас юу хийх, яаж амьдрах ёстойгоо ч мэдэхгүй нь даанч гачлантай.
Ийнхүү хэд хоногийн дараа хичээлээсээ ирэхэд хашааных нь гадаа нэг портер зогсоочихсон, гэрийнх нь хамаг л эд хогшлыг ачаад эхэлчихсэн, гурван хүн дөрвөн ханат гэрийг нь буулгаж байв. Тэдний нэг нь,
-Өө ашгүй миний дүү нар ирчихээ юу? Ахыгаа таньж байгаа биз дээ аавын чинь хамаатны Дэнзэн гэдэг хүн байна.
-Ах аа, би таныг нэг л танихгүй байна л даа. . гэж Идэрээ дуу султайхан түгдрэн хэлэхэд,
-Аргагүй ээ, чамайг бүр жаахан байхад би гэрт чинь нэг ирж байсан юм. Аав чинь одоо нэгэнт байхгүйгээс хойш ахтайгаа цуг хөдөө амьдар. Шилжүүлэг, сургуулийн асуудлыг ах чинь зохицуулчихна. За манайхаан хурдхан шиг ачаалчихаад эртхэн газар дөхсөн нь дээр байх шүү. Зам муухайг надаар хэлүүлэлтгүйг мэдэж байгаа биз дээ?
-Ах аа, тэгээд бид хоёроос асуухгүйгээр ингээд шийдчихэж байгаа юм уу?
-Аан, хамаатан саднууд чинь ярьж хөөрч байгаад л ингэж шийдлээ ш дээ, хөдөө ахынхаа дэргэд байсан нь дээр ээ. Манайх учиргүй баян биш ч гэлээ, тогоогоо тосолчих хонь малтай, уячих хурдан удмын адуун сүрэгтэй, сүүг нь саагаад уучих хэдэн үхэртэй. Тэгэхээр болж л байгаа биз дээ? Манайх хүн бүл цөөтэй, заримдаа ажлаа хүчирдэггүй юм. Тэгээд харин та хоёр ашгүй . . гэснээ яриандаа халсан Дэнзэн түгдрэн амаа хамхив.
Идэрээ Болдоо хоёр учрыг нь сайн олсонгүй ч гэсэн хамаатны ахын үгийг даган хөдөө амьдрахаар болжээ гэдгээ л нэг бүүр түүрхэн мэдэж авав. Цагийн дараа гэхэд гэр хогшлыг нь тэвхийтэл нь аччихаад портерын кабиндаа бөөнөөрөө суун тэдний өмнө нь хэзээ ч зүглэж байгаагүй газар руу чиглэв. Зам их муутай бөгөөд оройжин, шөнийн хагас шувтан сэгсчүүлэн давхисаар байв. Шөнө дундаас хойш хоёр жаалын нойр хүрч унтаад өгчээ. Харин үүрээр машин нэгэн айлын гадаа зогсох үед Идэрээ сэрэв. Машинаас буун эргэн тойрноо харахад өндөр уулс, ой модтой, бяцхан горхи бүхий сайхан байгалтай газар юм. Харин хамаатны ах Дэнзэн болон жаахан дүү нь машинд байсангүй, гэр ачаалж байсан хоёр танихгүй ах л үлдсэн байв.
-Дэнзэн ах, Болдоо хоёр яасан юм бол ах аа? гэж нэгнээс нь царайчлан асуухад,
-Дүүг чинь Дэнзэн ах чинь гэртээ амьдруулах болно. Чи харин манайд амьдрах юм гэж цүдгэр гэдэстэй хүрэн бор царайтай хүн хэллээ.
-Би дүүтэйгээ хамт баймаар байна ш дээ, яагаад бид хоёрт юу ч хэлээгүй юм бэ?
-Та хоёр чинь сэрэх шинжгүй унтаж байсан болохоор сэрээж түвдсэнгүй. Гэхдээ хэд хоногоос тэднийхээр айлчлахдаа чамайг дүүтэй чинь уулзуулна гайгүй.
-Таныг хэн гэдэг юм бэ? Манай хамаатан юм уу?
-Үгүй дээ, би чиний хамаатны ах биш, намайг Чулуун гэдэг. Дэнзэнгийн нутгийн хүн, за хэдүүлээ гэрийг чинь амбаарт хураана аа. Тэгэхгүй бол борооны усанд норчихвол үнэр танар ороод дэмий юм болно.
Гэрээс өөр хүмүүс гарч ирсэн учраас портерыг дор нь суллаж орхиод жолоочид нь Чулуун хэдэн төгрөг өгөөд явуулж байгаа харагдав.
Ийнхүү Идэрээ энэ айлын тогоог өнгийж, ойр зуурын ажилд зарагдан ус түлээ дөхүүлэн, аргал түүж, хонь ямаа хариулан өдрийг бардаг болжээ. Хэдхэн хоногийн дараа хамаатны Дэнзэн ахынх руу аваачин Болдоотой уулзуулна гэснээ Чулуун ч мартчихсан бололтой таг чиг байх аж. Энэ гэрээс Чулууны эхнэр болох дээлнээсээ байнга л сүү саальны үнэр ханхлуулсан эгч л Идэрээд арай ойр дотно хандаж хоол ундыг нь зэхэж тавин, уранхай цоорхойг нь нөхөж өгдөг билээ. Саахалт айлын хүүхдээс сураг сонсоход Чулууных ганцхан охинтой бөгөөд аль хэдийн ахлах ангид орчихсон аймгийн төвд байдаг сурагтай. Чулууны бага эрэгтэй дүү ахдаа хамжилцан адуу малыг нь цуг хариулна. Нэг өдөр Идэрээ хонио хариулж явахдаа бэлчээрт унтчихсанаас болоод хээрийн боохой хэд гурван хонийг нь барьж хэмлэн нударчихсанаас болж тэр оройдоо Чулуунд нуруу руугаа нэлээн хэд гүвдрүү болтлоо ороолгуулж авав. Ороолгох болгондоо –Дахиад чи хонинд явахдаа унтаад үзээрэй гэж Чулуун заналтай нь аргагүй хэлж байсан юм даг. Харин Идэрээ доголон нулистайгаар гомдсондоо гэрийн ар талын сүүдэрт сар гартал сууж, эцэст нь айлын эзэгтэй гарч ирж аргадан унтуулжээ. Хоног өдрүүд өнгөрсөөр нэг л мэдэхэд гурван сар өнгөрч зуны дэлгэр цаг ирэв. Энэ хугацаанд Идэрээ Чулуунаас дүүтэйгээ очиж уулзъя гэж олон удаа гуйж гувшсан ч нөгөөх нь хоймрын орон дээрээ ялхайтал хэвтчихээд төвөгшөөсөндөө буруу харж хэвтэн заримдаа толгой дээгүүрээ хөнжлөө нөмрөөд хэвтээд өгөх нь уур хүрмээр санагдана. Дүүгээ яаж байгаа бол, ганцаархнаа хэцүүдэж байгаа байх даа гэж бодохоос хүүгийн дотор бачуурч бэлчээрт байхдаа чангаар хашгирах бөгөөд тэр болгонд ойр хавийнх нь хэдэн мал түүн рүү сониучирхан нэг харснаа дахин халиуран ургасан өвс рүү толгойгоо шигтгээд авна.
Сумын наадам болох дөхжээ. Чулуун яаж зүгээр байх вэ, бас ч гэж морь уядаг сонирхдог юм гэсэндээ нэг хязаалан, нэг их насны морь уяж эхлэв. Унах хүүхэд хот айлд ховор байсан учраас их насны морио Идэрээгээр унуулахаар болжээ. Хотод байхдаа нэгээхэн ч морин дээр мордож үзээгүй байсан хүү хөдөө ирснээсээ хойш ойр зуур мориор явдаг болчихсон байв. Харин хурдны морь унаж үзээгүй учраас бага зэрэг айдастай байсан ч гэрийн эзнээс айсандаа юу ч хэлсэнгүй, үгэнд нь оржээ. Сунгаан дээр зайдан мориноос нэг удаа унаж, золтой л тархи толгойгоо хагалчихсангүй, ашгүй гайгүй өнгөрлөө гэж бодож байтал Чулуун тээр тэндээс мотоциклоороо тоос шороо манарган давхиж ирээд хүүг зодох гээд улайраад хөөчихөв. Учир нь хурдны морийг нь унаж яваад эвгүй бүдрүүлэн гэмтээх шахсанд нь, бас уралдаанд оролцох гэж байж мориноосоо уналаа, нутаг усныхны өмнө нүүр түлж түмний шившиг болгох гээ юу хэмээн цамнаж гарчээ. Түүнийг мөн л урдын адил хэд хэд ороолгоод автал хүү харин энэ удаад шазуур зуун юу ч дуугарсангүй. Харин энэ байдал нь Чулуунд огтхон ч таалагдсангүй, шазруун гүргэр энэ хүүг шалд нь хүртэл буулгаж аван чих зөөлөнтэй, хүний үгнээс гардаггүй болгоно оо чамайг хэмээн дотроо занаж үлджээ. Нэг найз нь харин тааралдаж гэртээ цуг очин даалуу тоглоё гэхлээр нь аргагүйн эрхэнд хүүг үлдээгээд явжээ. Явахдаа харин наад морио аятайхан шиг унаад гэртээ очоорой, үлийн цагааны нүхэнд бүдрүүлэв гэх зэргээр захиж захиж явав. Орой нь унтахаар хэвтсэнийхээ дараа дүү Болдоогоо учиргүй их санаж үгүйлэн, хажууд жаахан дүү минь байсан ч болоосой, хэзээ бид хоёрыг уулзуулах юм бол доо, Дэнзэн ах ирэхгүй юм байх даа гэх зэргээр шөнө дунд хүртэл бодож, эргэж хөрвөөсөөр арай гэж унтжээ.
Хэдхэн хоногийн дараа сумын наадам эхлэхэд бэлэн болжээ. Анх удаа сумын наадам үзэж байгаа Идэрээд юм бүхэн л сонин сайхан байлаа. Гоё ганган дээлээ өмссөн залуучууд хүүхнүүд, мотоцикл, морьтой, явганаар наадмын талбайд нааш цааш холхилдон, хуушуур айраг эргүүлцгээх бөгөөд бөх барилдах бөхчүүд ам авцгаан асрын өмнө таахалзан зогсоцгооно.
-Ах аа, ах аа хэмээн танил дууг сонсонгуутаа Идэрээ өөрийн эрхгүй зүг бүр харан дүүгээ хайж эхлэв. Тэр зөв сонссон байжээ. Хэдэн сар хараагүй Болдоо дүү нь анх хотод байснаасаа хамаагүй борлож сайртан морь унаач хүүхдийн өмсгөл, малгай зэргийг өмссөн байх бөгөөд баярласандаа ахынхаа зүг хамаг хурдаараа чавхдан харайж ирэв.
-Та бас морь унах юм уу хэмээн тэврэх агшиндаа дүү нь хэлээд баярлан хөөрч ахынхаа гараас хөтлөв.
-Тийм ээ, ах нь бас морь унана. Миний дүү хэзээ морь унаж сурав?
-Сар гаран болж байна. Анх уначих гээд их эвгүй байсан, одоо бол сурчихсан л даа. Тэгээд ч унавал Дэнзэн ах загнадаг хэмээн Болдоо арагшаагаа яриаг нь хүн сонсчихоогүй байгаа хэмээн бултгасхийн сэмээрхэн харлаа. Дэнзэн ч араас маадгар алхлан хүрч ирээд Чулуунтай хэдэн үг сольж эхэллээ. Томчуудын яриа хүүхдүүдэд сонин байсангүй. Өмнө нь ийм удаан тусдаа байж үзээгүй хүүхдүүдийг ч хэлэх үү, бие биеэ сониучирхан харцгаан нүүр дүүрэн инээмсэглэцгээнэ. Чулууны эхнэрийн хуушуур авч идээрэй гэж өгсөн хэдэн төгрөгөө халаасандаа тэмтэрч үзэн Идэрээ –Миний дүү өлсөж байна уу, ах нь хуушуур авч өгье хэмээн ойрхон байрлах асрын зүг дүүгээ дагуулан явав. Хоёр хоёр хуушуур идчихээд ундаа уун зогсож байтал Чулуун Дэнзэн хоёр ч ирэн,
-За уралдаан эхлэх болчихлоо. Тэгэхээр Идэрээ гараанаас гарангуутаа морио шууд хамаг хурдаар нь харайлгаад байж болохгүй, аяндаа замын дунд хэрд баруун талд чинь хадтай цохио харагдаад эхлэнэ. Тэр үеэс нилээн давхиулаад өгөөрэй. Ах нь чамайг бариан дээр хүлээж байя гэж Чулуун хэлэв.
-Болдоог хөнгөн жинтэйд нь би олзуурхаад байгаа юм гэж Дэнзэн хэлснээ, үргэлжлүүлэн –Өглөө ахынхаа хэлснийг алдалгүй дагахад л болно. Ахынх нь найз сумын иргэдийн төлөөлөгч байгаа юм. Машин нь суугаад би чамайг дагах болно оо гэв.
Гараа руу хоёр хүү зэрэгцэн морио гэлдрүүлэхдээ ойр зуурын юм ярина.
-Нээрээ Дэнзэн ах манай хамаатны ах биш юм шиг байна лээ гэж Болдоо гэнэт ярив.
-Дэнзэн ахын саахалт айлын хүү намайг хотоос ирсэн төөрсөн гөлөг гэж хочлоод байсан. Тэгээд би тэрнийг ганц сайн болгоод өгье гэсэн чинь ах нь гарч ирээд намайг нийлээд зодчихсон. Таныг би зөндөө санасан агаа хэмээн Болдоо ярина.
-Ах нь бас дүүгээ зөндөө их санасан. Дэнзэн ахынх хаагуур нутаглаж байгаа юм?
-Бор толгой гэдэг газар байгаа, эндээс гучаад километр гэж байсан.
-За тэгвэл ах нь маргааш оргоод ч хамаагүй нэг морийг нь унаад дүү дээрээ очно оо. Тэгээд цугтаа сумын төв ороод замын унаанд суун хот руугаа буцъя, за юу?
-Ах аа, хоёуланд очих гэр орон байхгүй юм чинь эндээ байж байсан нь дээр юм биш үү? Ээж угаасаа ирэхгүй юм чинь гээд Болдоо гэнэт доошоо харан эхэр татан уйлж эхлэв.
Дүүгийнхээ уйлахыг хараад Идэрээ дахиж юм ярьж чадсангүй. Хий л дэмий аргадан тайвшруулсаар гарааны газар очицгоов. Тавь жаран адуу, бас хориод тооны жип машинууд дагахаар байрлалаа эзлэн зогсоцгоожээ. Гарааны хаалтын ард уралдах морьд хүүхдүүдийг эгнүүлэн жагсаахдаа ах дүү хоёрыг нэлээн хол байрлуулав. Тиймээс Идэрээ дүүгийнхээ унасан саарал морийг хэчнээн хайвч олж харж чадахгүй л байлаа.
Уралдаан эхэллээ. Хэсэг зуурын шахцалдаан, тоос шороо, дуу шуугиан дундуур Идэрээ арай гэж урдах замаа харж хэсэг давхив. Арваад минутын дараа гэхэд зам арай сийрэг болж, унаач хүүхдүүд морьдтойгоо хэсэг хэсгээрээ бүлэг болон тасарч эхлэв. Дүүгээ хэчнээн хайн ийш тийшээ харсан ч бараа нь харагдахгүй л байлаа. Саарал морь хурдтай адуу учраас нэлээн тасарч урагшилсан бололтой.
Замынхаа дунд хэрээс Болдоо мориндоо ташуур нэмэн улам хурдлуулахаар оролдож эхлэв. Түүний өмнө ганцхан л хурдан морьтой хүүхэд давхих бөгөөд байн байн эргэж харан ташуураа баруун зүүн тийш шавхуурдаж байгааг харж болохоор байв. Гэнэт хажуугаас нь Дэнзэн ахынх нь хашгирах дуун сонсогдов. –Жолоогоо бага зэрэг сулруул, замынхаа зүүн талыг барьж яв гэсэн хэдэн зөвлөгөөнүүд хэлжээ. Болдоо ч зааврыг нь даган бага зэрэг зүүн талаа барьж давхиулна. Жипний жолооч энэ үед хурдаа нэмэн гүйцэх үед дугуйнд нь багавтархан чулуу морины зүг шидэгдэн онохтой зэрэгцэн саарал адуу гэнэт бусгаж орхижээ. Болдоо өөрийн эрхгүй барьц алдан газар руу толгойгоороо шидэгдэв. Саарал адуу бусгасан чигтээ цаашаа сум шиг хурдлан одохыг Болдоо бүүр түүрхэн харж байтал дараагийн хэсэг хурдан морьд дээгүүр нь шунгинан орж ирэхийг хальт харах шиг болжээ..
Идэрээгийн унасан морь замын дундаас цааш илт сууж эхлэв. Хэчнээн ташуурдаад ч, давираад ч нэмэр байсангүй. Тиймээс аажуухан гэлдрүүлсээр барианд арай гэж нэг юм оров. Олон түмний ярианаас хоёрт орж ирсэн саарал морь хүүхэдгүй орж ирсэн гэдгийг дуулав. Дүүгээ хэчнээн хайсан ч хүмүүсийн дунд алга. Тиймээс хурдхан явъя гэж оролдсон Чулууны гараас мултран гүйж тэртээ хол зогсох эмнэлгийн машин руу гүйлээ. Хоёр эмч машин руу дамнуурган дээр цаашаа хараад хэвтсэн хүүхдийг дамжлан оруулж байв. Гүйцэн ирж царайг нь хартал цус нөж, шороонд хутгалдсан Болдоогийн бор царай байгааг шуудхан танилаа. Идэрээ шуудхан машинд цуг суух гэтэл эмч дургүйцэн, -Юун хүүхэд вэ? гэхэд, ээрч түгдрэн,
-Би ах нь байгаа юм аа. Эмч нэг зүйл хэлэх гэснээ больж түүнийг дүүтэйгээ цуг байхыг зөвшөөрлөө. Сумын эмнэлгийн машин наадмын талбайгаас аажуухан холдож байгааг Чулуун, Дэнзэн хоёр харсаар үлдэв.
Нэг сарын дараа эрүүл мэндийн төвийн хүүхдийн тасгийн орны харалдаа Идэрээ сууж байв. Өрөөн дотор зургаан ор байх бөгөөд бусад өвчтөнүүд нь цахим тоглоомонд донтсон хүүхдүүд юм. Харин Болдоо орон дээрээ цомцойн сууж цонхны цаана унжих модны мөчрийг нүд салгалгүй ширтэнэ. Түүний толгойны боолтыг хоёр хоногийн өмнө авсан бөгөөд тархины хүнд гэмтэл авсан байжээ. Орных нь хажууд суух ах нь их л гунигтай байх бөгөөд нэг гараараа дүүгийнхээ гарнаас тас атгасан харагдана. Тасагт Идэрээг дүүтэй нь хариуцаж буй нийгмийн ажилтан эгч орж ирээд баяртай нь аргагүй,
-Идэрээ миний дүү ээжтэйгээ яриарай. Бид нар уйгагүй хөөцөлдсөний эцэст утасных нь дугаарыг авч чадсан шүү гээд гар утсаа түүн рүү сарвайв.
-Байна уу, ээж үү. Бид хоёр эмнэлэг дээр байна аа. Аан, хэзээ ирэх юм бэ? гэснээ Идэрээ хэсэг чимээгүй болов. Ээжийнхээ яриаг сонсоод суугаад л байв. Хоёр гурван минутын эцэст түүний нуруу чичигнэн хөдөлж эхлэв. Нүднээс нь том дусал хацрыг нь даган урсаж эхэллээ. Эцэст нь гэнэтхэн л яриаг нь тасалж,
-Та яагаад энэ олон жил бид нарыг хэл чимээгүй орхиж явсан юм бэ? Яагаад утсаар ярьчихаж болоогүй юм? Аав өнгөрөхөд та хаана байсан юм, дүү ийм болчихсон байхад та хаана байсан юм? Дүү хэзээ ч дахиж урьдынх шигээ болохгүй гэсэн. Үүрд энэ чигээрээ үлдэнэ гэж Идэрээ нэгэн амьсгаагаар бүгдийг хэлж орхиод хариу хүлээсэн ч үгүй гар утсыг эзэнд нь буцааж өгөөд нулимсаа асгаруулж эхлэв. Түүнд одоо энэ өрөөнд ичээд байх хүн нэгээхэн ч байсангүй, тиймээс уйлж байгаа дуу нь улам бүр ихсэн олон жилийн цөхрөл гунигаа нэгмөсөн гаргахыг хичээх мэт санагдана. Нийгмийн ажилтан эгч түүнийг тайвшруулах гэж оролдох бөгөөд харин орон дээр сууж байсан Болдоо модны мөчрүүдээс харцаа салган тэднийг харангуутаа гэнэт тачигнатал хөхөрч гарав.
Эмнэлгийн коридорт хүүхдийн уйлах, инээж хөхрөх чимээ зэрэгцэн сонсогдож сэтгэл дотор нэг л хачин мэдрэмжийг төрүүлэх ажээ.

Sunday, August 20, 2017

"Хөх Тариан Талбайн Ирмэгт" Жером Сэлинжер

Холден Колфилд ээлжит дунд сургууль болох Пенсигээс хөөгдсөнөө мэдсэний дараа өвгөн багш дээрээ очиж уулзахаар гэрт нь очиж буйгаар зохиол эхэлнэ. Энэ өсвөр насны 16-тай хүү ийнхүү дөрөв дэхээ сургуулиасаа хөөгдөн явахынхаа өмнө өвгөн багштай салах ёс гүйцэтгэхээр ирсэн нь энэ. Ханиад хүрээд гэртээ нүцгэн цээжин (чээж) дээрээ унтлагын хувцсаа хайш яайш өмссөн өвгөн ч, эмний хачин үнэр нэвт ханхлах өрөө нь ч, өөрийнх нь дэвтрийг гаргаж ирэн сонин өнгө төрхөөр бичсэн зохион бичлэгийг нь уншиж өгч байгаа нь ч хөвгүүнд таалагдсангүй. Дотуур байрандаа ирсэн хойноо ч хөрш өрөөнийх нь нүүрэн дээрээ дүүрэн батгатай, хэзээ ч шүдээ угаадаггүй Экли хэмээх өөрөөс нь ганц хоёр насаар ах хөвгүүнийг өрөөнд нь орж ирэхэд таагүй ханддагаа нуусангүй. Мөн нэг өрөөний сурагч болох Стредлейтэр түүнтэй энгийн найз байсан хөршийн охинтой болзоонд яваад ирсний дараа хардах харамлах багахан сэжүүр гарган ам муруйж зодоон цохиондоо тулан, дотуур байрнаасаа гарч явж байгаа зэргийг харвал энэ хүүд хорвоо ертөнц болоод эргэн тойронд нь таалагддаг зүйл тун ховор юм даа гэж бодохоор. Шөнийн галт тэргэнд суун Нью-Йоркт ирсэн хойноо буудалд өрөө хөлслөн ганц хонохдоо ч, элдэв уушийн газраар сэлгүүцэн виски шимэн согтуурхахдаа, эргэж ирээд өрөөндөө биеэ үнэлэгч дуудчихаад зүгээр л хий дэмий яриа өрнүүлэн мөнгийг нь өгөөд гаргасан ч хүүхэн зуучлагч болон янхан хоёрт хулхидуулан нэмж мөнгөө дээрэмдүүлэн зодуулж үлдэж буйг харахаар Холден Колфилд хүүхэд ч биш, том хүн ч биш завсрын үедээ явж буйг харж болно. Тэгсэн хэрнээ амьдралыг маш их бясалган тунгааж, хүмүүсийн талаар болон амьдралын талаар тун ч их дүгнэлт өгдгөөс нь харвал тэр тийм ч муу хүү биш, харин ч ухаалаг гэмээр юм. Ах нь нэр алдарт хүрч яваа залуу зохиолч, хэдхэн жилийн өмнө хайртай, ухаалаг дүү болох Аллигаа өвчнөөр алдсан явдал зэрэг нь түүний амьдралд огцом өөрчлөлтүүдийг авчирсан нь лавтай. Болздог байсан охин болох Саллитайгаа уулзангуутаа дахин дурлаж, хэдийгээр урьд нь тийм сайн биш байсан ч гэлээ хамтдаа зугтаан холын хол очин амьдаръя гэж ятгахад охин мэдээж зөвшөөрсөнгүй, харин үүнд Холден уурласандаа элдвээр хараан зүхэж маш ихээр гомдоож уйлуулан салдаг. Энэ хүү бол том болохоор яарч буй ч амьдралд бэлтгэгдээгүй байгаа нь алхам тутмаас нь харагдана. Эцсийн эцэст дүү охин Фибитэйгээ уулзахын тулд гэртээ шөнө дөлөөр нууцаар орон ярилцсаны эцэст өмнөх сургуулийнхаа өөрийнхөө хүндэлдэг багш болох ноён Антолинитэй уулзахаар гэрт нь очиход нэлээн халамцуу багш түүнд харин ч үнэ цэнэтэй зөвлөгөөнүүдийг өгөх ч гэнэтийн үйл явдлын улмаас тэндээс зугтахад хүргэнэ. Эцсийн эцэст хүүгийн хувьд хөх тариан талбайн ирмэг дээрээс ёроолгүй хар ангал руу унах уу, үгүй юу гэдгийг шийдэх амьдралынх нь чухал үйл явдлууд өрнөж буйг хэлмээр байна. Харин энэ сонголт хүүгийн гарт байсаар буй мөн хаашаа эргэснийг төгсгөлөөс нь хүн бүр өөрийнхөөрөө ойлгоно биз ээ.
Өсвөр насны хүүхдийн сэтгэлзүйн онцлог, хүн болгон энэхүү насыг дайрч өнгөрсөн учраас "Catcher in the rye" хэмээх энэхүү зохиолыг уншсан хүн бүр өнгөрсөн үеэ хэсэг ч болтугай дурссан байх аа гэж бодож байна. Монголд хоёр янзаар орчуулагдсан байна лээ. Миний хувьд зурган дээр байгаа хувилбараар уншсан болно. Та бүхэн дүү нартаа, хүүхдүүддээ уншуулчихсан байхад хэзээ ч алдахгүй. Яагаад гэвэл тэд нар маань одоо ч хөх тариан талбайн ирмэг дээгүүр явж байгаа билээ.

Friday, August 11, 2017

"Маанаг" роман

Феодор Достоевскийн оргил бүтээлүүдийн нэг болох "Маанаг" хэмээх энэхүү нүсэр романыг уншихад уран зохиол биш, сэтгэлзүйн философийн ном уншаад байгаа юм шиг надад санагдаж байсан тал бий. 
Эсвэл 19-р зууны орос хүмүүсийн, ялангуяа дээдсийн хүрээлэнгийнхний сэтгэл зүй, аж байдлын онцлог ч энд байсан байж магадгүй. 
Зохиолын гол баатар, удмынхаа сүүлчийн ван Мышкин буюу Маанаг маань Орос орондоо эргэн ирж байгаар зохиол эхлэнэ. Яагаад маанаг гээд байгаагийн учир бол Швейцарь руу явж эмчлүүлэхээс өмнө үнэхээр ч маанаг, сэтгэцийн асуудалтай байсан, түүнийгээ овоо олон жил эдгээчихээд хүн шиг болчихоод эргэн ирж буй нь энэ. Гэхдээ л хэнд ч хамаагүй итгэчихдэг, дэндүү сайхан сэтгэлтэй, гэнэхэн зангуудыг нь бусад хүмүүс далдуур болон илээр маанаг гэж шоолох нь эхнээсээ л тааралдах болжээ. Галт тэргэнд аялж явахдаа Рогожин хэмээх асар их өв хөрөнгө залгамжилж буй этгээдтэй танилцсанаар аялал нь цааш үргэлжлэх бөгөөд генерал Епанчинынхыг сураглан Петербургт хүрэлцэн очих бөгөөд эдний хамгийн отгон охин болох үзэсгэлэнт Аглая, Рогожины сэтгэлт хүүхэн Насталья, Маанаг дөрвийн дунд өрнөх толгой эргэм, хайр дурлалын асуудал их ярвигтай эхэлж, ид дундаа үргэлжлэнэ. Ялангуяа огт танихгүй Насталья дээр танилцах зорилгоор үдэшлэг дунд нь очсон ван анхны харцаар дурлаж, сэтгэлээ илчлэн, гэрлэх санал тавьж буйгаас харвал яалт ч үгүй маанаг амьтан ч юм шиг уншигч нарт санагдсан биз. Настальяд ч бас ван гүн сэтгэгдэл төрүүлж, түүний төлөө өөрийнхөө амьдралыг зориулах эргэлт буцалтгүй, эрс шийдэмгий, бусдыг тохуурхсан үйлдлүүдийг нь үзэхээр энэ үзэсгэлэнтэй мөртлөө азгүй хувь тавилантай хүүхэн зуун хувь эрүүл сэтгэхүйтэй гэхэд эргэлзмээр. Харин Аглаягийн хувьд ирээдүй нь гэрэл гэгээтэй байж болохоор, бусдын хайр хүндэтгэлийг үргэлж авч буй залуухан бүсгүйн хувьд яаж толгой нь эргэхээрээ бие муутай маанаг гэх тодотголтой ванг тоосон юм бэ гэж бодмоор санагдах болно. Харин вангийн хувьд хоёр бүсгүйн хэнд нь ч хайртай юм, эсвэл хайргүй юм, эсвэл хоёуланд нь ч хайртай юм уу гэдэг сонирхолтой асуултын хариу ерөөсөө тайлагдахгүй байсаар дуусна даа. Романы төгсгөлийг биччихвэл унших сонирхлыг чинь бууруулж мэдэх тул ингээд төгсгөе.


Tuesday, May 30, 2017

"Хүйтэн" өгүүллэг


Цагаан сар болох гээд хөдөөний айл бүхэн бууз, мах, тавгийн идээгээ бэлтгэх гээд нүсэр ажилтай байв. Хонь малаа хариулах, гэр орноо дулаахан байлгах, үр хүүхдүүдээ өсгөх гээд малчин айлын ажил хэзээ ч дуусдаггүй ундарч байдаг хэцүү ажил. Энэ жилийн цагаан сар эрт эхлэхээр таарч байгаа ч цан хүүрэг татуулсан хүйтэн жавар арилж, урин цаг ирэх хаа ч байсан юм гэмээр тэсгим хүйтэн өвөл ажээ. Хүн байтугай адгуус хүртэл энэ хүйтэнд халширмаар, өлсгөлөн ходоодтой чоно үүрэндээ хоншоороо цавиныхаа завсраар хийн цагираглан хэвтэхүйд ганц үмх мах нүдэнд нь харагдан ходоодыг нь хонхолзуулж, хөлдүү газар элгэн доороос нь жиндүүлэхүйд аяархнаар ган хийн гасалмаар аядана. Харин хоточ банхар алсын чимээ чагнаархан хааяа нэг хөв хөв хийлгэн саахалт айлын нохдын хэл чимээ хариу ирэхийг түрдээ хүлээзнэнгээ гэрийн эзэгтэй хоолны идүүрт нь хэзээ хоол авчирч хийх бол гэж горьдосхийн гэрийн намхан хаалгыг хааяадаа ажиглана. Хонь малаа хотлуулж, өдрийн хоолоо идэцгээчихээд гал нь сайхан дүрэлзэн асч байсан зуух руу нэмж хэдэн түлээ хийхүйд эсгий гэр дотор пүн хийсэн халуун болж ирэв. Энэ үед гэрийн эзэн эзэгтэй хоёр тэднийхээс хэдхэн километрийн зайд орших танилындаа очихоор яаравчлав. Өглөөхөн саахалт айлаас нь бууз баншаа хийх талаар хэл дуулгасан байж. Тиймээс ч эртхэн очиж бууз баншийг нь хийлцчихээд хурдхан гэртээ эргэж ирнэ гэж яарцгаажээ. Энхжин охин энэ жил 7 настай бөгөөд бага сургуульд сурч байгаа ч амралтаараа гэртээ ирсэн байлаа.
                “Аав аа, та хоёр хаачих гэж байгаа юм?”
                “Миний охин дүүгээ хараад томоотой байж байгаарай, гадагшаа гарч хүйтэнд даарч болохгүй шүү, аав ээж нь Нямаа ахынх нь буузыг хийлцэж өгчихөөд хурдан ирнэ, за юу.”
                “Би ч бас цуг явъя л даа. Очиж Анутай тогломоор байна” гээд Энхжин хошуугаа цорвойлгов.
                “Тийшээ та хоёрыг аваад явбал ирж очих гэсээр байтал хамаг цаг явчихна, дулаахан гэртээ хоол ундтай байж байсан нь дээр байх аа, миний охид.”
                Ингэснээр аав охины яриа дуусч, аав нь хөдөө гадаа явахдаа өмсдөг хуучин дээлээ өмсөөд гэрээс гарахад ээж нь мөн хойноос нь дагав. Нэг нэг морин дээрээ мордож аваад ташуур нэмэн зүүн урд зүгийг чиглэн хөдөллөө. Энхжин доороо нэг дүүтэй бөгөөд Энхзул гэх охин таван настай юм. Хоёрхон насны зөрүүтэй эгч дүү хоёр гэрт ч, гадаа ч цуг явах бөгөөд Энхжин эгч хүн гэсэндээ ганц дүүдээ тун ч их хайртай, загнах нь битгий хэл муухай ч хардаггүй, байнга л эрхлүүлэн цугтаа тоглож, нарийн нандин амттангаа ч хуваан иддэг ажээ. Дүү нь холдон одож буй аав ээжийнхээ араас гэрийн модон хаалгыг онголзуулан харахад тэртээ цаана бүртэлзэн улам холдож буй дүр зураг үзэгдэхэд, “Хаалгаа хаа, миний дүү. Гэрт хүйтэн ороод байна” гэж эгч нь хэлэв. Бяцхан охин ч эгчийнхээ үгэнд орон хаалгыг татан хаагаад эргээд эгчийнхээ хажууд суухаар зүүн ор руу мацан гарав.
                “Эгч ээ, аав ээж хэзээ ирэх бол? Ану гэртээ байгаа болов уу?”
                “Ээж аав нь удахгүй ирнэ. Ану гэртээ байгаа л байх” хэмээн Энхжин харамсангуй хэлэв. Нямаа ахын охин болох үе тэнгийн Анутай тоглож чадахгүйдээ харамссаар л байв.
                Охидын аав ээж нар зорьсон айлдаа мөдхөн ирж, тэднийг барааны газраас угтан ирж давхих, дөрвөн нүдтэй нохойг жов гэж хөөж туусаар гэрийн хаяанд ирж, “Нохой хорь оо” хэмээхүйд, гэрээс Нямаа гэх намхан хар хүн гарч ирээд нохойгоо хүзүүвчнээс нь барин тогтоож, гэр рүүгээ эхнэр нөхрийг оруулав.
                “За та хоёр минь ашгүй хүрээд ирлээ. Эхнэр бид хоёр эрвийх дэрвийхээрээ хөдлөөд байгаа ч ажил барагдахгүй юм. Алив дүү тэр буузны мах тат” гээд гэсч эхэлсэн өөх нь алагласан том махыг Дэндэвийн өмнө тавьлаа.
                “Байж бай л даа чи, энэ хүмүүст цай цүй амсуулаадахъя. Орж ирэв үү, үгүй юу гарт нь том заазуур бариулчих юм” гэж Нямаагийн эхнэр үглэсээр Дэндэв болон эхнэр нь болох Хандаад сүүтэй цай аягалан бариулав. Бээлийгүй гараад ирснээс бээрсэн гараа халуун аяганд наан дулаацуулж оочиж дуусаад, Дэндэв том түмпэн дүүрэн мах татах, Хандаа гурил зуурах ажилд томилогдон ханцуй шамлан орлоо. Өглөөгүүр бага зэрэг үүлтэй байсан тэнгэр үдээс хойш гэхэд нэлэнхүйдээ саарал үүлээр халхлагдан бага зэргийн цас ганц нэгээр хаялж эхэлжээ. Тооноор тэнгэрийн байдлыг ажсанаа Хандаа гэртээ үлдээсэн хоёр охиндоо санаа зовж,
                “Нөгөө хоёр маань гайгүй байгаа, Дэндэв ээ?”               гэхэд,
                “Гайгүй байлгүй дээ. Дулаахан гэртээ хоол ундтай л байгаа шүү дээ” гэж тайвшруулахад Хандаа түр амсхийжээ. Зургуулаа буузнуудаа хийсээр нэг л мэдэхэд мянган бууз хүргэхийн алдад гадаа салхины эрч ширүүсч шуурч эхэлсэн байв.
                Энхжин дүүтэйгээ гэрийнхээ хоймрын авдарны наана шагай асган наадах бөгөөд морь уралдуулж тоглоно.
                “Аниа, аниа энэ миний уралдуулж байгаа морь ээжийн унадаг хонины номхон морь, тийм ээ?”
                “Тийм ээ, миний дүү. Харин эгчийнх нь уралдуулж байгаа морь бол Нямаа ахын адуун сүргийн манлай халтар азарга байхгүй юу. Азарга юм чинь түрүүнд нь давхиж байгаа биз дээ?” гэснээ шагайгаа хаян, гурван морь буулгаад хоёр дахиа түрүүлж орхив.
                “Өө больё, больё. Би тоглохоо болилоо. Таны морь дандаа түрүүлж байх юм. Би өлсөөд байна” гэж Энхзулыг тунирхангуй хэлэхэд,
                “За хоёулаа өдөр ээжийн хийж өгсөн хоолоо идье дээ” гээд зуухны таган дээр жижиг хоолны савыг тавьж халааж эхлэв.
                “Би бууз л идмээр байна. Нямаа ахынд гоё бууз хийж байгаа байх даа” гэж дүү нь шүлсээ залгин шал өөр зүйл бодож байгаа нь илт. Энэ үед найз Анутайгаа тоглох хүсэл нь оргилсоор байсан Энхжин охинд нэгэн санаа төрөв.
                “Би ч уг нь түрүү зун ээжтэйгээ цуг наашаа цаашаа зөндөө явж байсан. Ойрхон юм байна лээ, тэр модтой жижиг уулыг чиглээд явахад болно л доо” гээд түр эргэлзэн чимээгүй болохуйд,
                “Та мэддэг юм бол хоёулаа аав ээжийн араас очъё л доо. Гоё доо, гоё доо” хэмээн дүү нь жигтэйхэн баярлан алгаа ташин доороо дэвхцэв. Дүүгээ баярлан хөөрч байгааг хараад бас ч гэж өөрт нь чамгүй итгэл нэмэгдсэн Энхжин охины дотор өөрийгөө хүний том эгч болсон шүү дээ гэсэн бодол орж ирлээ. Тиймээс ч дахиж хоорондоо ярих зүйл үлдсэнгүй. Дүүдээ болон өөртөө зузаан өмднүүд давхарлан, ноосон цамцныхаа гадуур оройн сэрүүнд өмсдөг курткануудаа авав. Ингээд л гэрийнхээ хаалгыг гаднаас нь сайн хааж аваад тэртээ алсад харагдах модтой уулыг чиглэн хоёр бяцхан охин чиглэн алхаж эхлэв. Гэрээс гарахад л салхи бага зэрэг ширүүсэн, цас ганц нэг хаялан байсан бол гэрээсээ төд удалгүй хаанаас гараад ирэв ээ гэмээр цасан шуурга нүүр нүдгүй балбаж эхлэв. Хаашаа ч харсан нүүр нүд рүү шавхуурдах цасан шуурга, түүний хажуугаар хүйтэн жавар хацар ам, чих, бяцхан хуруунуудыг хайрч дааруулж байлаа. Модтой уул ч харагдахгүй, буцаад явъя гэхнээ гэрийн бараа сураг ч алга болжээ. Жаахан дүү нь даарч айсандаа дэмий л уйлж эхлэхэд, Энхжин охин аргадах гэж хэсэг үзээд төд удалгүй өөрийн мэдэлгүй хацрыг нь даган сувдан нулимнууд бөмбөрч гарав. Аав аа, ээж ээ хэмээн бяцхан хүүхдүүд тэнхээ мэдэн хашгирцгааж байсан ч хуйлрах цасан шуурга тэдний чимээг дор нь дарж орхих ажээ. Энхжингийн эрхлүүлэн шарвагануулдаг хоточ банхрын хуцах чимээ тэртээ алсад хааяа нэг сонсогдох ч шиг, үгүй ч юм шиг. Хий дэмий л тэр зүг рүү дүүгээ хөтлөн алхах боловч хөр цасан дунд өвдгөө бүсэлхийгээ хүртэл хэдэн удаа суусны эцэст өмд гутал руу нь хүйтэн цас орон улам дааруулах болов. Охид ямар ч тамир тэнхээгүй болжээ. Амьдралдаа ийм аймар хүйтэнтэй тулж үзсэнгүй, одоо бол хацар даган урссан нулимс мөстөн хөлдөж, гар хөлийн хуруугаа ч мэдрэхээ больж эхэлжээ. Нэгэн овгор шороонд тулж ирэн салхины нөмөр бараадан бөндөгнөтөл чичрэх дүүгээ хараад Энхжин охин гэнэт маш ихээр өрөвдөв. Түүний бяцхан оюун ухаанд дүүгээ хэрэггүй л дагуулж гэрээсээ гарч ирлээ дээ гэж бодогдоно. Аав ээж хоёр биднийг хайж байгаа болов уу? Намайг дур мэдэн дүүгээ дагуулж явсан гээд загнах болов уу? гэсэн л бодлууд орж ирнэ. Бас хажуугаар нь зуныг гэнэт тэсгэлгүй их хүсэв. Гэрийн сүүдэр бараадаад л хоточ банхар нь урт улаан хэлээ газар шүргэх шахам аахилдаг тэр их халуун ямар гоё юм бэ дээ. Буурал өвөөг байдаг жил нутагт нь ган болж, бороо орох нь өдрийн од шиг цөөхөн, хааяа нэг хэсэгхэн хур буухад өвөө нь газрын байдлыг шинжсэнээ, “Энэ жил ч айхтар жил болох нь дээ. Ногоо цагаа ч ургахгүй, малд ч идэх юм олдохгүй, яажшуу өвлийг давна даа” гээд нэг их гүнзгий санаа алдаж билээ. Хэдэн сарын дараа аав ээжийн хэлснээр буурал өвөө нь хэзээ ч ирэхээргүй нэг газар руу явсан л гэж хэлсэн. Ямар газар вэ гэж ааваасаа зөндөө шалгаасан ч тоймтой юм хэлэхгүй, тэгсхийгээд мартуулж орхисныг гэнэт санав. “Энд ингээд унтаад өгвөл өвөөгийн очсон тэр газар руу очих болов уу? Ямар газар байдаг юм бол?”
                Ингэж бодонгуутаа гэнэт аймар санагдав. Тиймээс ч дүүгээ байдгаараа тэврэн дулаацуулахыг бодон, хамаг биеэ нааж хэвтлээ.
                “Аниа, би даараад байна. Бас нойр хүрээд байна” гэж дүүгээ хэлэхүйд, Энхжин охин эхлээд гадуур хувцсаа тайлан давхарлан өмсүүлэх гэж оролдсон ч гар хуруу нь нэг л эвлэж өгсөнгүй, дэмий л нөмөргөж орхив. “Тий тий” хэмээн жаахан дүү нь дагжин чичирсээр байх бөгөөд Энхжин охин өөрийгөө даарч байгааг ч мартаж орхин, ноосон цамцаа тайлан дахин дүү дээрээ давхарлаад, нэг талаас нь хоёр гараараа тэврэн дулаацуулахыг оролдонгоо,
                “Миний дүү битгий ай.. Шөнө .. болохоос өмнө аав ээж ..  бид хоёрыг олоод ..  гэртээ аваачна. Бид хоёрт ..  халуун цай, амттай ..  бууз өгнө. Халуун зуухны өмнө .. бид хоёр тоглоод .. дулаацна.. Чи аавтай.. би ээжийн .. өвөрт .. орж .. унтана..” Чичирхийлсэн хоолойгоор охины хэлсэн сүүлчийн үг энэ л байжээ. Тэгээд чимээгүй болов.
                Энхжин охин гэнэт нүдээ нээхүйд, хачин дулаахан газарт байгаагаа мэдрэв. Түрүүний аймар хүйтэн, нүүр нүдгүй шавхуурдаж байсан цасан шуурганы аль нь ч алга. Эргэн тойрноо харахуйд цэв цэнхэр тэнгэр, нүд алаглам цэцэгс тал дүүрэн ургасан тэв тэгшхэн тал, үлгэрийн оронд л байдаг болов уу гэмээр хачин сайхан ордон, цасан цагаан морьд янцгаалдан давхиж, буга, үнэг, туулай гээд хөөрхөн амьтад ордны эргэн тойронд бэлчинэ. Гэнэт ордны хаалга цэлийтэл нээгдэн буурал өвөө нь улам ч залуужчихсан юм уу гэмээр бас их гоёмсог хаантны гэмээр хувцастай гарч ирэв.
                “Энхжин, миний охин наашаа гүйгээд ир.”
                Охин өөрийн эрхгүй тэнхээ мэдэн гүйлээ. Түрүүхэн мэдрэхгүй байсан гар хөл, хуруунууд нь зөөлөн үлээх бүлээн салхийг мэдэрч, ядарч туйлдсан бяцхан бие нь одоо бол гөрөөсөнд ч гүйцээгдэмгүй санагдан салхи сөрөн гүйн очив.
                “Өвөө, өвөө” гээд охин баяртайгаар хашгиран өвөөдөө ирэхүйд, түүнийг тосон авч дээр гэгч нь өргөн элгэндээ наан энхрийллээ.
                “Өвөө, өвөө. Энхзул дүү маань яасан бол? Бид хоёр аав ээжийн араас явж байгаад төөрсөн. Маш их даарч бас айсан” гэж зогсолтгүй шулганах охины яриаг сонсож дуусаад өвгөн түүнийг өөр рүүгээ харуулав. Өвөөгийнх нь нүд залуу хүнийх шиг л цог золбоотой гялалзаж байх бөгөөд охиныг өрөвдөж хайрласан, дөлгөөхнөөр ажиглангаа,
                “Охин минь, дүүг чинь аав ээж нь эсэн мэнд олсон. Одоо аюулгүй байгаа. Эмнэлэгт эмч нар асарч байна. Аав ээж нь хажууд нь сууж байна. Харин миний охин ойрын хэдэн арван жил аав ээж, дүүгээ харахааргүй холын газарт ирчихсэн байна.”
                “Тэгвэл аав ээжийн яриад байсан хэзээ ч буцаж ирэхээргүй газар гэдэг рүү нь ирчихсэн юм уу, өвөө? Аав ээж хоёр намайг санах болов уу?”
                “Тийм ээ, хэзээ ч буцаж очихооргүй газар миний охин ирсэн байна. Аав ээж нь миний охиныг насан туршдаа санах болно. Эндхийг миний охин сайтар хармаар байгаа биз дээ? Хоёулаа ордон руу орцгооё” гээд цасан цагаан урт нөмрөг бүхий гоёмсог хувцас өмссөн өвгөн охиныг тэвэрсээр ордон руу орлоо.

                Төгсөв.

Өөрийн бяцхан биед баймгүй эр зориг, тэвчээр, ухаан гарган дүүгийнхээ амь насыг өөрийнхөө алтан амиар хамгаалж 2014 онд таалал төгссөн Увс аймгийн Цагаанхайрхан сумын харьяат бяцхан сахиусан тэнгэрийн гэгээн дурсгалд зориулж бичив.

                

Thursday, May 25, 2017

“Захиа” өгүүллэг



            Хөгшчүүдийн асрамжийн газарт дахин нэг өглөө болоход хэдхэн цаг үлджээ. Дэмбэрэл өвгөн бусад өдрүүдийн л адил үүр хаяарахаас өмнө нойр нь хулжиж, сэргэг болон коридор дахь хүмүүсийн чимээг чагнаархан хэвтэх бөгөөд сонсгол нь эрс муудсан ч гэлээ бүхнээс түрүүнд сэрж ариун цэврийн өрөө рүү явахдаа Балдан өвгөний хүнд гутлаараа модон шалан дээр тог тог хийлгэн алхах чимээг эрхбиш нэг ялгахтайгаа билээ. Балданг боссоны дараа мань хүн зузаан хөнжлийнхөө доороос чөргөр хоёр хөлөө сугалан илчгүй юм шиг санагдах зузаан оймсоо углан, гэрийн эсгий шаахайгаа өмсдөг юм. Дэмбэрэл хэвтсээр л, удаан сэрүүн хэвтвэл доороос завсаргүй нухлах модон орондоо тээршаан баруун зүүн тийш ээлжилж хөрвөөнө. Бас ингэхдээ хажуугийн орон дээр дуг нойрсох таван насаар дүү Нямааг сэрээчихгүй санаатай чимээ гаргахгүйг хичээнэ.
            “Нямаа шиг ингэж бөх унтдаг бол сайхан аа” гэж Дэмбэрэл атаархсан өнгөөр дотроо бодолхийлж амжив. Хөнжилнийхөө дээгүүр дөнгөж цухуйх Нямаагийн цоохорлож үрчлээтсэн халзан магнайны байдлаас ажвал бөх гэгчийн унтаж буй бололтой. Хааяа Нямаа зүүдлэж, харанхуйн шөнөөр хаая хүүе гэж эгээ л нэг тал дээр мал хариулж яваа юм шиг чангаар хашгирч гуугалан мань хүнийг цочоодог л юм. Бодвол залуудаа нутагтаа мал хариулж өнгөрөөсөн бололтой. Нэгэн өрөөний хоёр маань цуг амьдардаг болоод гурав дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Анх орж ирэхдээ Нямаа өвгөн өнгө нь гандаж цайрсан хүрэн бор тэрлэгтэй, өвлийн хар ноосон малгай духдуулчихсан, хоншоор нь махийгаад бүтэн эргэнгээ алдсан хуучирч муудсан монгол гуталтай орж ирж билээ. Нэг өрөөний хамтран амьдрагч нар болж байгаа юм байна нутаг, мэнд усаа мэдэлцсэний дараа Нямаа өврөөсөө нямбайлан эвхэж далд хийсэн сонингийн тасархай, дугуй төмөр хайрцагтай дүнсэн тамхи гаргаж ирэн сурамгай нь аргагүй ороож эхлэв шүү. Дэмбэрэл ихэд сандран,
            “Хүүе Нямаа, өрөөндөө тамхи татаж болдоггүй юм. Асрагч бүдүүн Хорлоо гэж айхтар авгай бий. Бид хоёрыг загнана шүү” гэхэд,
            “Хээцэс, Хорлоо авгай нь тэгээд хөгшин настай манийгаа жаахан хүүхэд айлгах гэж байгаа юм шиг чихнээс минь чихдээд самбарын өмнө гаргах уу? Тэгж ярихгүй ээ хө, гадаа хүйтэн байхад тамхиа өрөөндөө татахгүй хаана татах юм” гэж намжирдсанаа итгэлтэй нь аргагүй чүдэнзээ шархийлгэн нарийхаан гэгч нь ороосон тамхиа асаан гүнзгий сорж аван бөгшүүлэн ханиалгангаа утааг нь тааз өөд үлээв гэнэ шүү. Харин энэ үед шинээр ирсэн Нямаа өвгөнд хөнжил, гудас, дэрний уут оруулж ирж таарсан Хорлоо асрагч үүдээр орж ирэнгүүтээ дүнсэн тамхины өмхийдүү үнэрт пүү паа болон гараараа утааг сарниах гэж оролдсоноо, Нямаа өвгөн рүү нүдээ бүлтийлгэн, үзээгүй юмаа харж байгаа аятай сүрхий ширтээд,
            “Өвгөн гуай, манай энд өрөөндөө тамхи татах хориотой. Татмаар байгаа бол гадаа гарч татна шүү хө” гэв. Нямаа,
            “Гүүй ээ хүүхээ, гадаа харин намрын сэрүү орчихоод, би гэдэг хүн чинь нимгэндүү хувцастай болохоор гадаа даараад байна шүү дээ” гэж учирлав.
            “Хэрэв даараад байгаа юм бол тамхинаас гарчихгүй юу тэгвэл. Энд бол болохгүй, эсвэл тамхиа хураалгах юм уу?” гэж гараа дүнсэн тамхи руу нь сунгахад Нямаа өвгөн чихрээ харамлаж буй жаахан хүүхэд аятай төмөр хайрцагтай дүнсэн тамхиа цааш нь угз татан өвөртөө далд хийчихэв. Энэ үйлдэлд нь асрагч Хорлоо юу ч хэлсэнгүй, ширэв татан харчихаад,
            “Хөнжил гудсандаа даавуугаа өөрөө хийгээрэй” гэчихээд гараад явчихав. Нямаа орон дээр нь эвхээтэй хоцорсон цоохор эрээн даавуунууд руу гайхаш тасарсан маягаар харснаа бойтогнон хөдөлж дэвсгэр даавуугаа ч нэг барьж аван, хөнжлөө ч энд тэндээс нь барьж үзэн даавуу руу нь оруулаад энд тэнд нь овойлгон бөөгнөрүүлж өрөөний хамаг тоосыг дэгдтэл сэвж цаг гаруй ноцолдоод барсангүй, арга ядахдаа хөлсөндөө нэвчсэн хар ноосон малгайгаа авч хажуу тийш нь шидээд гандсан хүрэн тэрлэгээ тайлж байгаад тухтай үзэхээр шийдсэн бололтой. Тэгж үзээд ч хөнжил нь даавуун дотроо нэг талдаа бөөгнөрчихөөд олигтой болж өгсөнгүй, хий дэмий л Дэмбэрэл рүү горьдлогын харцаар харсан юмдаг. Тэгэхэд нь Дэмбэрэл босч очин дүү өвгөний хөнжлийг даавууг хамжин барин оруулсан билээ. Энэ мэтчилэн тэдний анхны уулзалтаас эхлээд л хөгтэй зүйлүүд болж эхэлсэн тухай нойр нь хулжсан байсан Дэмбэрэлийн санаанд орж орон дотроо чимээ гаргалгүй нуг нуг хийлгэн инээв.
            Ашгүй коридорын модон шалан дээр Балдан өвгөний хүнд гутлын чимээ тог тог хийлгэн коридорын нэг булангаас наашлан наашилсаар хаалганы хажуугаар өнгөрч ариун цэврийн өрөө рүү дөхөж байгаа чимээ дуулджээ. Энэхүү эгшиглэнт чимээг баяртайгаар хүлээж суусан Дэмбэрэл орноосоо аажуухан босч хөлдөө эсгий шаахайгаа углаж аваад дээгүүрээ зузаахан цамц нөмөрч орныхоо хөлд цомцойн суув.
            “За байз, нойлын өрөө орж давсгаа суллачихаад дараа нь юу хийдэг юм билээ?” гэж өнөөдрийнхөө төлөвлөгөөг бодон Нямааг сэрэх болоогүй л юм байх даа гэсэн горьдлогын харцаар ширтэнэ. “Уг нь энэ маань босч ирвэл ханиндаа нар мандтал хууч хөөрч байгаад өглөөний цайндаа орчих юм шүү дээ, тэгвэл Должинтой зэрэгцэж сууж байгаад цайгаа ханиндаа ууна даа” гэсэншүү юм бодож сууна.
            Должин эмгэн түүнийг бодвол насаар ануухан, дал дөнгөж гарч яваа. Хөгшрөхийн цагт аяга цайгаа хувааж уугаад бас болоо ч үгүй хоёр биенийхээ бие хаа өвдөх, даралт ихсэх зэрэгт нь эм тан дөхүүлэх, асрагч нарт хэл дуулгах гэх мэтээр халамжилцгаадаг л юм. Тэгээд ч тэр хоёрт бие биенээсээ нуугаад байх юмгүй, хамаг амьдралаа ярьцгааж авчээ. Должин эмгэн ганц хүүтэй байсан нь хэцүү нэртэд ороод өчнөөн жил болсны улмаас харж хандах хүнгүй болж, асрамжийн газар бараадсан хэрэг. Өнөө хүүгийн сураг ч байдаггүй, амьд үхсэн нь мэдэгдэхээ байгаад уджээ. Дэмбэрэл хий дэмий л сэтгэлийг нь тайтгаруулж, “Хүү чинь удахгүй суллагдаад ээж дээрээ ирээд авч яван асрана байлгүй дээ. Должин минь, сэтгэлээр битгий уна” гэж тайтгаруулах гэж оролдоно. Ингэж хэлэх болгонд Должин хар цагаан дуугүй байх бөгөөд цагтаа нарийхан цагаан сүмбэн байсан, одоо болохоор үрчлээтэж, эвдэрсэн мойног хуруунуудаа оролдоод суудаг юм. Захиа занаа бичээд ч хариу ирдэггүй болоод хэдэн жил болж, хүүгээс нь ирсэн сүүлчийн захиагаа дахин дахин гаргаж ирж уншин буцааж эвхсээр сэмэрсэн шар цаас нимгэрэн нугалаасаараа төд удалгүй урагдахад бэлэн болжээ. Гэсэн хэдий ч Должин эмгэн хүүг нь төлөөлөх ганцхан зүйл болох тэрхүү шидэт цаасыг ямарваа нэгэн судар ном лугаа адилтган бодож өлөн хир болсон хадганд нандигнан боогоод цааш нь хийдэг юм. Нэгэн удаа Дэмбэрэлд өнөөх захиагаа ганц л удаа уншуулахад, түүнд нь ийнхүү бичсэн байв.
“Сайн байна уу хамгаас хүндэт ээж минь. Хүү нь Чойрын шорон руу шилжиж ирсэн. Цагтаа цалгиж явахад албан даргаас адгийн архичин хүртэл найзууд болдог юм байна. Гундаж явахад золбин нохой хүртэл хүний дайтай тоохгүй ноцдог юм байна. Хүнд итгэсний хар гайгаар хамтарч хийсэн хэргээ хүү нь дангаараа үүрсэн нь буруудаж. Таныг асрамжийн газар руу шилжүүлсэн тухай сонссон. Хүү нь эндээс гарахад хэдхэн жил үлдсэн. Та минь хүлээж байгаарай. Энэ муухай газраас гарч байгаад хүү нь амьдралдаа гаргасан алдаагаа заавал засах болно. Таныгаа бүхнээс дээш өргөн, асрамжилж чадаагүй цаг хугацаагаа зөвхөн тандаа л зориулах болно, тандаа хайртай шүү. Учран золгохын өлзийтэй ерөөлийг тандаа дэвшүүлье, хүү нь удахгүй очно оо.    Хайрт хүүгээс нь.”
Хэдийгээр ганц удаа уншсан ч гэлээ Дэмбэрэл энэ захианы утга агуулгыг маш сайн санаж байв. “Хөөрхий дөө, удахгүй гараад ирнэ гэсэн байсан, хурдан л ирээсэй билээ. Энэ хөгшин хэдий удаан хүлээж чадах билээ дээ. Хүний амьдрал эрээнтэй, бараантай, хүний үрд юу ч тохиолдож болно, урьд насны үйлийн үр гэдэг энэ байх даа” гэж эргэцүүлж суутал Балдан нойлын өрөөнөөс гарч буй сонсогдов. Дэмбэрэл зузаан болхидуу биеийн тамирын цамцаа биен дээрээ нөмрүүлсхийн нойлын өрөө рүү ороход шөнийн жихүүн агаар биеийг нь жиндүүлэн чичрүүлэх маягтай. Толины өмнө өөрийгөө нэг шинжиж харвал толгойгоо гялайлгаж хуссан ч буурал үснүүд нь энд тэндээс өрвийж сөрдийлгөн, залуу цог золбоотой явах үед нь оч шиг гялалздаг байсан хүрэн бор нүднүүдийн өнгө нь сааралтан бүүдийж, итгэл найдвараа алдсан хүний харц өөдөөс нь ширтэн зогсоно. Удаахан зогсвол өвдөгний үе нь салганан чичирч, хариугүй суун тусчих гээд байдаг учраас давсгаа сулласан болчихоод өрөө рүүгээ яаравчлав. Өрөө рүүгээ ороход харин хаалганы нугасны хяхтнах чимээнээр Нямаа нүд нээж, нэг эвшэснээ түүн рүү харав.
            “Сайхан амарсан уу?”
            “Уг нь сайхан л нойрслоо. Урьд шөнөжингөө элдвийн зүүд зүүдлэгдээд” гэж Нямаа бувтнаснаа хэсэг бодолхийлсэн нь урьд шөнийн зүүдээ нэхэн санахыг хичээж байгаа мэт байв. Дэмбэрэл өвгөнийг орон дээрээ суусан хойно ч Нямаа гуай гараа нүүрэн дээрээ салаавчлан урьд шөнө зүүдлэгдсэн ханийнхаа дүр зургийг сэтгэлдээ тодхон үлдээчихийг хичээх тусам улам бүдгэрч алсарсаар буйд бага зэрэг адгах сэтгэл төрөв.
            Өглөөний цайн дээр нэг өрөөнийхөн болох Дэмбэрэл, Нямаа нар Должин эмгэний сууж буй ширээн дээр цуг сууцгаав. Үзтэл Должингийн толгойгоо боосон алчуурны цаана үс нь улам бууралтсан болохыг Дэмбэрэл гэнэт анзаарчээ.
            “Урьд шөнө хэр унтав даа, Должин минь?”
            “Хүү минь бодогдоод нойр муутай л хонолоо. Яагаад захиа явуулсан ч хариу ирэхгүй, ямар ч хэл чимээгүй байдаг билээ? Миний хүү чинь тэгж хэл чимээгүй алга болох хүн биш дээ. Эсвэл хүн амьтнаар утсаар яриулж хэл чимээ гаргуулдаг юм бил үү? Чи нэг хөөцөлдөөд үзээч Дэмбэрэл минь.”
            “За тэгье дээ, би хүмүүстэй уулзаж асууж үзье” гээд Дэмбэрэл цайгаа оочлонгоо хариулав.
            Өглөөний цайны дараа асрамжийн газрын даргатай уулзахаар үүдэнд нь очжээ. Үүдэнд нь хулгасхийн зогсох түүнийг хараад сайхан ааштай дарга авгай уриалгахнаар өрөөндөө урьж оруулан ямар учиртай явж буйг нь асуув.
            “Дарга минь. Надад ч асуух зүйл байхгүй л дээ. Тэгэхдээ Должин хүүгээ санаж бэтгэрэх нь сүүлийн үед бүр илт илүү болж байна аа. Ганц хүү нь шоронд орсныг та мэдэх байлгүй дээ. Захиа занаа ч ирэхээ байж. Та нэг тодруулаад өгөөч?”
            “За Дэмбэрэл гуай, танд нэг ярих юм байна аа. Та гэхдээ Должин гуайд хэдэх үү, байх уу гэдгээ өөрөө л шийд дээ. Бид нар ярилцаад хэлж төвдөхгүй л байсан юм. Бас өмнө нь шууд бид нараас асууж байгаагүй болохоор. Үнэнийг хэлэхэд гурван жилийн өмнө бидэнд хорихоос албан бичиг ирсэн” гээд дарга авгай цаашаагаа бичиг баримтаа ухсаны эцэст тамгатай бичиг гаргаж өөрт нь өгөв.
БАТСҮМБЭР ДЭХ УЛСЫН АСРАМЖИЙН ГАЗАРТ

Чойрын хорих ангид хүмүүжиж байсан ялтан Должин овогтой Төмөрхуяг нь .. оны .. сарын .. өдөр хүнд өвчний улмаас нас барсан. Д.Төмөрхуяг нь гэр бүлгүй бөгөөд эх Должин нь улсын асрамжийн газарт байдаг гэсэн бүртгэлийн дагуу энэхүү албан бичгийг илгээлээ.
Захианы доор холбогдох албан тушаалтны нэр гарын үсэг, он сар өдөр байх ажээ. Бичгийг уншаад Дэмбэрэл яахаа мэдэхгүй болон гар нь салганаж, нүднийх нь өмнүүр захиан дээрх бичгүүд нааш цааш гүйлдэх жижигхэн хорхойнууд шиг санагдахад хойшоо сандал руу эрхгүй өвдгөөрөө суун тусав.            
“Дэмбэрэл гуай, зүгээр үү?”
“Зүгээр дээ. Тэгээд та хэд гурван жилийн өмнөх энэ захиаг хэлэхгүй яагаав дээ?”
“Тэр үед та санаж байгаа бол Должин гуайн бие барагтай байсан л даа. Хажуугаар нь базаахгүй мэдээ дуулгаад хэрэггүй л гэж бид бодсон юм.”
“Аан. Нээрээ тийм шүү. Хэвтэрт хэд хоног байсныг нь санаж байна” гээд Дэмбэрэл дуугаа хураав.
Нээрээ ч гурван жилийн өмнө Должины бие тааруу байсан шүү. Хариугүй явчих нуу дээ гэж сандарч байсныгаа Дэмбэрэл нэхэн санав. Тэгээд одоо энэ талаар хэлсэн нь дээр үү, үгүй юу гэдгийг шийдэж ядан эргэлзэхэд хүрчээ. Юутай ч даргад талархлаа илэрхийлэн өвгөн халзан толгойгоо гудайлган өрөө рүүгээ аажуухан гэлдрэв. Хэллээ гээд юу ч өөрчлөгдөх билээ, хэлээгүй нь ч дээр юм бол уу гэсээр нэг л мэдэхэд өрөөнийхөө модон хаалганд тулаад иржээ. Харин хаалгаа онгойлгоод ороход Должин Нямаа хоёр юуны ч тухай юм мэтгэлцэн ярьж байснаа түүнийг орж ирэхтэй зэрэгцэн,
“За тэгээд асууж өгөхөөр болов уу?” гэж Должин царайчлан түүн рүү харлаа. Өрөөнд нь хүлээгээд сууж байна гэж санаагүй Дэмбэрэл өвгөн их л сандран хэсэг тэвдэв. Түүнийгээ мэдэгдэхгүйг хичээн гутлын хоншоороо харан аав ээждээ загнуулчихсан хүүхэд аятай зогссоноо,
“Дарга асууж өгнө гэж байна. Өнөөдөр эсвэл маргааш утасдах юмдаг уу даа” гээд өөрийн мэдэлгүй худлаа хэлж орхив. Харин эмгэн сэжиг авсангүй, хөөрхий хэрэндээ л баярлан,
“За ашгүй дээ. Ингэж нэг гялайх гэж. Хүү минь захиа занаа явуулах завгүй байсан юм байлгүй дээ” гэж хий дэмий л өөрийгөө тайтгаруулах гэж оролдоно. Дэмбэрэл өвгөн худлаа хэлчихсэндээ санаа нь зовон байж ядахдаа гадаа гарч салхилах нэрийдлээр гадуур хүрмээ аван гарах хаалга руу алхчихав. “Хэрэггүй ч худлаа хэлэв үү дээ. Тэнэг өгөр толгой” гэж дотор хүнээ битүүхэн загнасаар байшингаа тойрон явган хүний замаар алхахад өглөөний сэрүүхэн чийглэг агаар толгой тархийг нь сэргээж буй мэт сэнгэнэсэн агаар уушгийг нь тэтгэж өгнө. Хөөрхий Должингийн хүү ч ээж дээрээ эргэж ирэхээргүй болж. Харин миний хүү ирэх бол уу гэж Дэмбэрэл яагаад ч юм өдийд тавь хүрч яваа ганц хүүгээ учиргүй ихээр үгүйлэв. Дэмбэрэл залуу зандан цагтаа хүүгийнхээ ээжтэй ханилан суусан ч гэлээ хүүгээ нэлээн том болсон хойно нь таарч тохирохгүй болон хоёр тийш болж, тэрнээс хойш өөр хүнтэй нэг нийлж үзээд дахиад салчихсан юмсанжээ. Тийм ч учраас харж хандах ойр дотны хүн, гэр бүлгүй учраас асрамжийн газарт ирсэн нь энэ. Хүүгийнх нь ээж нас барсныг сонсоод хэл хүргүүлэн ажил явдалд нь оролцохыг хүссэн ч хүү түүнийг ирэхийг хүссэнгүйгээр барахгүй дахиж уулзаад хэрэггүй дээ гэх ухааны юм хүнээр хэлүүлсэн билээ. Дэмбэрэл ч өөрийгөө хүүгийнхээ өмнө асар их буруутай гэж үзэн насан туршдаа шаналсаар өдий хүрсэн юм.
Хоёр хоногийн дараа Должин өрөөнд нь салхи исгэрүүлэн гэнэт л орж ирээд,
“Дэмбэрэл ээ, дарга хорих руу утастаж асуусан бол уу, нэг лавлаад өгөөч” гэв ээ. Дэмий л даргын өрөө рүү зүглэсэн болж харагдаад, булан тойронгуутаа Дэмбэрэл яах учраа олохгүй хэсэг азнав. “За байз одоо яах билээ? Үнэнийг хэлчихвэл энэний минь даралт ихсээд харваад өгвөл баларна. Нямаатай зөвлөдөг ч юм бил үү” гэж тээнэгэлзэн барин Нямаагаас асуухаар болов. Амралтын танхимд Нямаа бусад өвгөчүүлтэй шатар тоглоод сууж байхыг ярих чухал зүйл байна гэж чангаасаар гадагшаа гараад,
“Нямаа, Должинг ганц хүүтэйг чи мэднэ шү дээ.”
“Тийм ээ, мэдэлгүй яахав. Хоригдож байгаа гэж дуулсан.”
“Өвгөн нь яахаа мэдэхээ байлаа. Тэр хүү нь нас барчихсан гэж байна лээ. Тэгээд өөрт нь яаж хэлэх учраа олдоггүй.” Нямаа гэнэтийн мэдээнд цочирдсон байртай, хоёр нүдээ байдгаар нь томруулан,
“Үнэн юм уу даа, хэнээс сонсов?”
“Даргад албан бичиг ирсэн байна лээ. Би өөрөө уншсан.”
“Тэгвэл ч хөөрхий Должинд одоо хэлдэг л байх даа.... Үгүй ээ ер нь хэлж болохгүй юм байна. Сарын өмнө цаадхын чинь даралт айхтар өндөр болж, манай асрагч нарыг сандаргаад авсан шүү дээ.”
“За тэгсэн.”
“Сумаас ирсэн эмчийн асрагчтай ярьсныг хальт сонсоход хамаагүй сэтгэлийг нь хөдөлгөж болохгүй, аль болох тайван байлга гэж байсан. Хэрэв Должинд наад айхтар мэдээг чинь пал хийтэл хэлчихвэл хөөрхий эмгэн тэсч чадах болов уу? Үгүй л байх даа” гээд Нямаа айхтар хүндээр санаа алдсанаа өврөөсөө дүнсэн тамхиа тэмтчин гаргаж ирээд сонины тасархайнд ороож эхлэв.
“Тэгээд яадаг билээ? Хорих руу асуулгаад хариу нэхээд байдаг?”
            “Яах юу байхав дээ, худлаа үнэн хэлээд аргалж байхаас өөр яадаг юм.”
            “Нэг санаа байна аа. Хүүгээс нь ирсэн нэг захиа байдаг юм. Тэрийг нь харж байгаад бичгийн хэвийг нь дуурайлган захиа ирүүлээд байвал яаж байна?” гэснээ Дэмбэрэл мэргэн санаа олсон мэт нүд нь гялалзан цовоо болоод ирэв.
 “Наадах чинь харин дориун санаа юм биш үү?” гэж Нямаа ч тамхиа асаахаа мартчихсан нүүр рүү нь баяртайгаар ширтэнэ. Хоёр өвгөн санаагаа хэрэгжүүлэхийн тулд эхлээд эмгэний захиаг хулгайлах хэрэгтэй болжээ. Хаана байгааг нь мэдэхээс хойш энэ нь харин ч амархан байв. Харин бичгийн хэвийг дуурайлгаж бичнэ гэдэг хүнд даваа ажээ. Янз янзаар бичээд байдаг, нэг л  адилхан болж өгөхгүй, хажуугаар нь тэд нарын бичгийн хэв эвдэрч гүйцэн хүн уншихад хэцүү болсон нь ч нөлөөлжээ. Арай залуу юм гэсэндээ харин Нямаагийн бичиг арай дөхүү болж гэнэ. Тэгээд ийм нэгэн захиаг Должинд өгчээ.
“Сайн байна уу, ээж ээ. Удаан захиа бичээгүйг минь өршөөгөөрэй. Хүү нь мод бэлтгэлийн ангид хуваарилагдан хэсэг хугацаанд захиа бичих ямар ч зав зай гарсангүй. Гэхдээ сайн ажилласан гээд ялаасаа хоёр жилийг хасуулж дөнгөсөн шүү. Таны бие тэнхээ сайн биз дээ? Хүүгийнх нь бие сайн. Хайрт хүү Д.Төмөрхуяг чинь.”
Гурван жил хэл чимээгүй байж байснаа гэнэтхэн ийм нэг товчхон захиа ирэнгүүт Должин эмгэн их гайхсан ч гэлээ баярлан хөөрч, байн байн цаасыг нь үнэрлэн асрамжийн газрын бүх л хөгшид, ажилчдад гайхуулан ярьж, хүүгээ бүр онцгой сайн ажиллан шагнуулсан тухай сар гаруй ярьж явсан юм хөөрхий. Энэ маягаар Нямаа, Дэмбэрэл хоёрын бяцхан хуйвалдаан хэсэг хугацаанд ч гэлээ үргэлжилж, эмгэний сэтгэл санааг дээшлүүлж байж.  
Дэмбэрэл харин ойрноос өөр зүйлд санаа нь зовнин даргын үүдээр хааяа эргэлдэх бөгөөд ийм нэгэн уулзалтаар дарга авгайн өрөвдсөн харц түүн дээр тусан,
“Дэмбэрэл гуай, таны илгээсэн захиаг задлалгүй буцааж явуулсан байна лээ” гээд лац нь задраагүй нимгэн захиаг өөрт нь өгөв. Өвгөн өрөөндөө орж ирээд захианы нүүрэн дээр бичсэн өөрийнхөө бичгийг уншив. Хайрт хүү Амартаа аав Дэмбэрэлээс. Шүүгээнийхээ хамгийн доод шургуулганд лац нь задраагүй бусад захианууд дээр шинэ захиагаа нэмж хийнгээ өвгөн гомдолтойгоор өмөлзүүлж ирэн цурхиран уйлсан ч нүдний аньсага чийгтэх төдий л нулимс гарчээ. Нулимс хүртэл ширгэдэг ажгуу.
Зуны нэгэн дулаахан өглөө Амар албан өрөөнийхөө ширээний ард ажил хэрэгч хослол, цагаан цамц, хүрэн улаан зангиатайгаа суугаад өдрийнхөө төлөвлөгөөг гаргаж суулаа. Түүний туслах бүсгүй хаалгыг тогшин өрөөнд орж ирээд,
“Танд илгээмж ирлээ” гээд хурлын том ширээн дээр жижиг цаасан хайрцагтай зүйл тавиад гараад явчихав. Амар хайрцаг руу дөхөн хаягийг харахад, гаднаа ямар нэгэн бичиг сачиг байхгүй юм. “Сонин юм даа, нэр хаяг байхгүй”гэсээр хайрцагны скочийг цаасны хутгаар зүсэн онгойлгов. Хамгийн дээр ил захиа байв.
                                   
Дэмбэрэлийн Амарт
Сайн байна уу хүү минь. Аав Дэмбэрэл чинь долоо хоногийн өмнө бурхны оронд тайван нойрслоо. Тэрүүхэн үедээ ухаан санаа яахаа мэдэхээ байгаад хэл чимээ дуулгаж чадсангүй. Уржигдархан бидний хэсэг нөхдүүд Адуунтолгойтын өвөрт жам ёсоор нь нутаглуулсан. Ааваас нь чамд үлдээсэн багахан зүйлийг өгөөд явууллаа. Амьдралд чинь юу ч тохиолдсон бай аавыгаа уучилж үзээрэй. Чамд маш их хайртай байсныг нь сүүлийн хэдэн жил цайгаа хуваалцаж явсны хувьд бид нар мэднэ ээ.
Захиа бичсэн Должин, Нямаа нар

            Захиаг уншиж дуусаад Амар үргэлжлүүлэн хайрцгийг ухахад өөрт нь хаяглаад ирэхэд нь задлалгүй буцаадаг байсан аавынх нь хориод захианууд. Ээж, аавынх нь хар залуугаараа түүнийг балчир байхад дундаа тэвэрчихсэн хар цагаан зураг. Дотроо хорин мянгатын хэдэн дэвсгэртүүд бүхий зузаахан дугтуй байв. Өвгөн тэтгэврийнхээ мөнгөнөөс чадах ядахаараа түүнд зориулж цуглуулдаг байсан бололтой. Аавынхаа захиануудыг барьж байснаа Амар гэнэт нүүрээ даран сандал дээр сууж чимээгүй мэгшиж эхлэв. “Аав аа, хүүгээ уучлаарай” гэж амандаа хэчнээн үглэвч бүх зүйл оройтсон гэдгийг л хамгийн сайн мэдэж байлаа. Тэр өдөртөө Амар дарга өрөөндөө хэнийг ч хүлээж авч уулзалгүй, ажлаа хойшлуулан аавынхаа захиануудыг бүгдийг дахин дахин уншсаар ажил дээрээ оройтсон юм.


“Цээнээ бид хоёр” өгүүллэг /шинэчлэн бичсэн/ Ц.Оюунбат

Алтан шар зам жирэлзэн өнгөрч тоосонд дарагдан хоцрох нь хүмүүн бид нарын амьдрал, дурсамж өнгөрсөнд үлдэхтэй эгээ л адил санагдана. Арха...