Sunday, September 23, 2018

"Дархлагдсан Омгийнхон" ба "Хэлмэгдсэн Омгийнхон"

Зохиолч Баярхүү ахын хос туужийг амралтын хугацаандаа уншиж дуусгалаа. Ер нь бол нэлээн зузаан хоёр боть учраас хурдан уншиж чадсангүй. Бадрал гэх залуу бол зохиолын эхэнд бярандаа хэт эрдсэн, давилуун нэгэн байсан бол бүх зовлон зүдгүүр, шаналлыг даван туулснаар амьдралын утга учирыг шүүн тунгааж, омголон зан нь дарагдаж хүн чанараа эргэн сэргээж буй нь сайхан санагдлаа. Ховдын хязгаар тэр дундаа Байтаг богдын орчимд тулалдаж байгаад сураггүй болсон өвөөгийнхөө дурсгалыг сэргээхээр судалгааны ажлаар явна. Түүнтэй цуг замын хань болохоор явж буй бүсгүйг Номин гэх бөгөөд Бадралын хувьд эхэндээ тоглоом төдий нэгэн байсан хамтдаа хүнд бэрх аяллыг даван туулсны эцэст чухал хүн нь болж хувирна. Түүний алга болсон өвөө нь Хятад, Казахстан, Монголын дунд хилийн бүсэд орших зэрлэг омгийнхны удирдагч болсон нь Дархлагдсан омгийнхны түүхийн эхлэл байжээ. Хагас зуун өнгөрөхөд Дархлагдсан омгийнхон яажшуухан амьдарч, амь зууцгааж байсан нь тун сонирхолтой. Уран олборлолтын талаар өмнө нь зохиолч Тамын бослого гэх номондоо дурдсан байдаг бол замд тааралдах нутгийн хүнээр уг зохиолтой эвтэйхнээр холбож өгсөн байна. Тэгвэл Дархлагдсан омгийнхон уран олборлодог, тэгэхдээ ураны хор хөнөөлөөс шалтгаалан мутацад орж аймшигтай болцгоожээ. Түүнтэй цуг аялалд дахин нэгдсэн Самдан, казах залуу, найз Мөнхөө зэрэг хүмүүс амь өрссөн тулаанд оролцон Номинг аварч буй нь надад "Галзуу Макс - Хилэнт зам"-ыг эрхгүй санагдуулж байсан билээ. Зохиолд хачин жигтэй зүйлс ихээр гарах бөгөөд бөө мөргөл, орос цэргийн туршилт, омгийнхны ёс заншил гээд танд уйдах зав өгөхгүй биз ээ. Байтаг богдын тулгаралт, хилийн будлиан, Оспаны дээрэмчид, тэдгээр нь яг ямар хүмүүс байсан талаар түүхэн гаргалгаанууд тун сонирхолтой байв. Удахгүй "Хайрцаг" зохиолын тэмдэглэлийг бичих болов уу. Өмнөтгөл үгийг нь би бичсэн болохоор ч тэр үү их сонирхолтой санагдаад байгаа юм. Зохиолчийн цаашдын уран бүтээлд амжилт, амжилт..

“Цээнээ бид хоёр” өгүүллэг


Алтан шар зам урдаас жирэлзэн өнгөрч тоосонд дарагдан үлдэх нь хүмүүн бид нарын амьдрал, дурсамж өнгөрсөнд үлдэхтэй эгээ л адил санагдана. Архангай аймгийн нэгэн сумаас буцаж явахдаа жолооч бид хоёр ойр зуурын ярих хэлэлцэх зүйлс, дурсах яриа хөөрөө ч дундраагүй байсан юм. Зуншлага сайхан болж тал хээр гүн ногоон өнгөөр будагдаж, бүртийх ч үүлгүй цэнхэр тэнхэр, алтан шаргал нар бүгд нийлэн энэ хорвооог чимдэг олон сайхан зураглалуудын нэгээхэн хэсэг болно. Бид нарын ярианд жолооч ахын залуугийн мэргэжил, ажиллаж байсан газар болох Сэлэнгэ аймаг дурдагдаж эхлэв. Ах маань залуудаа зоотехникч мэргэжлээр ажиллаж байсан, малын үүлдэр угсаа, мал аж ахуйн талаар чамгүй мэдлэгтэй нь харагдаж байв. Гэнэтхэн жолооч маань хэсэг чимээгүй болсноо Цээнээ гэж эмэгтэйн талаар ярьж эхлэв.
“Анх Сэлэнгэ аймагт дөнгөж сургуулиа төгсөөд малын зоотехникчээр бэлтгэгдэх дадлагад гарсан удаатай. Тэр үед тас хар хөмсөгтэй, цэвэрхэн цагаан царай, алаг сайхан нүднүүдтэй, хондлойгоо давсан урт үсээ сүлжээд тавьчихсан Цээнээ гэх миний үеийн охин очсон эхний өдрөөс л нүдэнд минь тусаж байв. Ганц би гэлтгүй бусад залуусын нүдэнд ч тэр минь туссан л болов уу. Олон залуус хамтдаа цугласан намрын шаргал өдрүүд аз жаргал, инээд хөөр, дурсамж дүүрэн өнгөрч байсан юм. Баяраа гэх хотоос очсон бид хэдээс нэлээн ах нэгэн залуу харин шөнө унтах дөхөнгүүт Цээнээг татаж чангаагаад, ор руу нь мөлхөөд болохоо байлаа. Цээнээ ч хэрэндээ эсэргүүцэн Баяраад нүүр өгөхгүй, хөөж туун шөнөжингөө юм болдог байсныг нь орны хажууд шалан дээр унтдаг байсан би шөнийн турш сонсож хононо. Баяраа өдөр ч, шөнө ч Цээнээгийн хажууд нохой шиг сахин эр хүний арван гурван мэхийг үзүүлж байх шиг л санагдсан. Харин Цээнээ болохоор өдөр нь аль болох миний хажууд өнжин, шөнө болох дөхөхөөр санаашран өнөө шөнийг яаж өнгөрөөнө дөө гэхээс халширдаг байсан байх даа. Нэг шөнө Баяраа мөн л урьдын адил Цээнээ рүү ойртож буй нь мэдэгдэж эхэллээ. Тэгтэл санаанд оромгүй зүйл болж Цээнээ орноосоо суга үсрэн босож газарт унтаж байсан миний хөнжил рүү үсрээд л орж буй нь харцагаас зугтааж буй болжмор шиг санагдсан юм. Цээнээ над руу ойртон наалдаж намайг тэврэхүйд би ч цээжиндээ шахан наалдан унтахад үснээс нь хээрийн салхи, цэцгийн үнэр үнэртэж байсан юм. Баяраа амандаа нэг юм хэлэх шиг болсноо ор руугаа аажуухан буцаж буй нь харанхуйд бүдэг бадаг харагдав. Ийнхүү орой болохоор Цээнээ миний өвөрт орж ирж унтдаг болсон юм. Урьд өмнө охинтой ийм ойрхон унтаж байгаагүй нас биед хүрч яваа миний эр бие тавгүйтэж, амттай мөртлөө хүрч чадамгүй зүүд зүүдэлж буй тарчлах болов. Цээнээд ч бас тэгж санагдсан болов уу. Хажууд сэрвэгнэн шөнө дунд хүртэл эргэж хөрвөөн удтал унтахгүй байгаа нь мэдэгдэнэ. Ингээд л орчлонгийн жам ёсны зүйл болдгоороо болж би хөвгүүн насаа, Цээнээ минь охин насаа ардаа үдсэн юмдаг. Ингээд дадлагын хугацаа дуусах хүртэл шөнө болгон бид хоёр орчлонгийн жаргалыг амтлан янаглан дурлалцаж, алс ирээдүйг зөгнөн ярилцдаг байсан билээ. Цээнээ минь чиний эхнэр болно л гэдэг байсан юм. Тэр үед бид нар одоогийн залуус шиг гоё чамин үгсээр хайраа илэрхийлцгээж байсан биш, чамтай сууж, чиний эхнэр болно оо гэдэг нь л сэтгэлээ илэрхийлэх хамгийн дээд хэлбэр байсан юм. Өнөөх Баяраа харин олзоо булаалгасан нохой шиг л өдөр нь холоос бид хоёрыг ажиглан хорссон харцаар харж тойрч явж байсан юм даа. 
Нэг өдөр хотоос дадлагын ажилтай танилцаж яваа дарга даамал, эрдэмтэд бидний ажилтай танилцахаар боллоо. Цээнээ бид хоёрын дадлагаар хийдэг байсан зүйл нь хуц ухны хиймэл хээлтүүлэг байсан юм. Хуцны эхтэнг барьж аваад шилэн саванд хийж үрийн шингэнийг би цуглуулна. Цээнээ цааш нь хураах, хуцанд тариа тарих зэрэг ажлуудыг анхнаасаа хийсэн л дээ. Дарга, эрдэмтдэд хийдэг ажлаа үзүүлэх гэтэл Баяраа бид хоёрыг ажлаа сольж хийхийг санал болгов. Урьд нь Цээнээ шилэн саванд цуглуулж үзээгүй, миний санаа зовж л байсан. Хуц ч яг шингэнээ гаргах мөчид Цээнээ шилэн саванд хийх гэтэл хуц эвгүйхэн хөдөлж шингэн нь шилэн саванд биш Цээнээгийн нүүр нүд, толгой руу цацагдаж орхих нь тэр. Энэ мөчид хотоос ирсэн хүмүүс инээлдэхэд Баяраа хамгийн их баясаж, наад шингэнээ нүүрэндээ сайн түрхчих, арьс чинь гоё болно гэж даапаалахад Цээнээ минь доошоо харсан чигтээ уйлаад гараад гүйчихсэн юм. Цээнээг хоолон дээрээ ирэхгүй болохоор нь би хайж олоход голын эрэг дээр өвдгөө тэврээд суучихсан уйлаад сууж байв. Арай гэж аргадан байшин руугаа дагуулан ирэхэд Баяраа дахиад л ойртон ирж байхыг би хараад үргэлжлүүлж түүнийг минь ичээх нь гэдгийг мэдлээ. Тиймээс хөмхийгөө зуун, нударгаа зангидан түүнийг хүлээж өөдөөс нь цоо ширтэв. Баяраа харин эхлээд Цээнээгийн уйлж бүлцийсэн царайг харан олон хоног эргүүлээд тоогдоогүйн өс хонзонгоо сайхан авах нь гэж бодсон бололтой маасайн инээсэн ч, намайг харангуутаа царай нь агшин зуур төв болж явдал нь удаашран чиглэлээ өөрчлөн яваад өгчихсөн юм. Түүнээс хойш дадлага дуустал Баяраа дахиж Цээнээд саад болоогүй. Харин дадлагын хугацаа дуусах дөхөх тусам Цээнээ энэлэн шаналж буй нь нүдэн дээр илт байлаа. Дадлагын сүүлчийн өдөр бид хоёр их юм ярилцаж чадсангүй ээ. Цээнээ мөрийг минь дэрлэн алсыг ширтэхэд алаг сайхан нүднээс нь сувдан дуслууд хаа нэгтээ бөмбөрөн унаж, би юм ярих гэхээр дотор эвгүйцээд байсан учир эрийн шийр заан чимээгүй л байсан юм. Нутгийн залуус ачааны тэргэн дээр гаран замд хөдлөхөд Цээнээ ачааны машины араас алчуураар даллаж байснаа машины тоос намжаагүй байтал нэг юм хэлэхээ мартсан бололтой араас зам даган гүйж байсан нь одоо ч нүдэнд харагддаг юм. Цэнхэр дээлтэй, үсээ ардаа жимбийтэл боосон нь гүйх болгонд хоёр тийшээ савчин байж билээ. Ачааны машин хурдлахад Цээнээ тэртээ хол хоцрон нэг юм хашхиран хэлэх шиг болсон ч надад юу ч сонсогдоогүй юм даа. Нутагтаа ирсэн хойно надад Цээнээгээс олон захиа ирдэг байсан. Урт гэгчийн захиануудыг би нандигнан хадгалж аав ээжээсээ нуун уншдаг байж билээ. Удалгүй би цэрэгт явж, тэр цагаас хойш бидний харилцаа тасарсан юм даа. Цэргээс халагдаж ирээд би нутгийн бүсгүйтэй дэр нэгтгэн хоёр сайхан хүүхдийн аав ээж болсон. Олон жилийн дараа сураг сонсоход Цээнээ ч бас хүнтэй суусан байсан. Уржнан жил өнгөрсөн дуулдсан” хэмээн жолооч ах яриагаа дуусгав. Би цааш нь асууж зүрхэлсэнгүй. Дараагийн сумын төв ортол алтан шар зам жирэлзэн өнгөрч бид хоорондоо дахиж юу ч ярьсангүй. Гагцхүү би хааяахан толиндоо харж ачааны машины араас гүйж юуны ч тухай юм хэлэх гэж байсан Цээнээг дүрслэн гаргахыг хичээж байв. Хүний амьдрал гэж санаснаар болдоггүй. Хэрвээ гэж үг хүмүүн бидний амьдралд байдаггүй билээ. 

Эрдэнэт хот 2018 он.

"Бусан хүрэх галт тэрэг"

"Бусан хүрэх галт тэрэг" киноны найруулагч Ён Санг Хо уг киноны 2-р ангийг хийх болсноо зарласан байна. Шинэ анги төлөвлөгөөний шатандаа явж байгаа юм байна. Өмнөх анги дээр гардаг зомбины вирус хэвээрээ байх бөгөөд энэ удаад вирус бүхий л Солонгосыг эзэлсэн байх болно. "Бид дараа жилийн эхээр зураг авалтаа эхлэх бөгөөд жүжигчдийн сонгон шалгаруулалтаа ч хийгээгүй учраас бүх зүйл их өөр байх болно" гэж найруулагч ярив. Найруулагч өмнөх ангийн жүжигчдээс эргүүлж авчрах төлөвлөгөөгүй байна. 2016 онд гол дүрийн жүжигчин Гонг хэрэв 2-р анги нь гарвал дуртайяа дахиж тоглох хүсэлтэйгээ илэрхийлж байсан. Хэдийгээр дүр нь өмнөх анги дээрээ үхсэн боловч үйл явдлыг өөр өнцгөөс харуулах саналтай байгаа аж. Гэвч найруулагчийн төлөвлөгөөгөөр Гонгийн дүр аль хэдийн үхсэн. "Энэ талаар би найруулагчтай ярилцаж хэдийгээр миний дүр үхсэн ч хаа нэгтээ зомби болон хувирсан явж байж болно ш дээ гэхэд Сеок Вүү галт тэрэгнээс унаад хүзүүгээ хугалж үхсэн гэж ярьсан" хэмээн жүжигчин Гонг хэлжээ. Шинэ анги дээр үхэгсдийг дахин амилуулах эсвэл зомбины эмчилгээ нэвтрүүлж болох тухай ярьж буй юм. Энэ л Гонгийн дүрийг дахин авчрах боломж бололтой, харин нөгөө талаас харвал шал өөр түүх байх бололтой. Тиймээс ч шинэ ангийн гол дүрийн жүжигчин цоо шинэ эсвэл Гонг дээр тулгуурласан байх бололтой. Харин таны бодлоор аль нь дээр вэ?

"Өглөөний хүн"

Нэг ч гэсэн хүнийг шөнийн хүнээс өглөөний хүн болгон хувиргах нь энэхүү тэмдэглэлийн утга учир болно. Өглөөний хүн болохоор шийдсэн минь 2018.04.26 байжээ.
Тэр өдөр яагаад ч юм гэрт байгаа "Өглөөний хүн" номыг бодсоор байв. Олон жилийн өмнө уншиж байгаад орхисныгоо гүйцээж бүгдийг дахин нэг удаа уншив. Гэхдээ дахиж эргүүлэх шаардлага хойшдоо гарах болно. Шөнийн амьдралтай хүн болоход нөлөөлдөг ажлын хамт олон, найз нөхдийн нийллэг цайллага, бага зэрэг уулт, заримдаа хэтэрдэг явдлыг таслан зогсоохоор шийдэж дусал ч спиртийн төрлийн зүйл амсахгүй байхаар шийдсэн нь бол миний хувийн зүгээс нэмэлтээр оруулж ирсэн зүйл гэх үү дээ. Өөр учир шалтгаан ч байсан. Ер нь бол үүний өмнө өдөр бүр 07:30-д босдог байсан, харин энэ номын зөвлөгөөний дагуу зуун өдөрт өөрийгөө өөрчлөх ёстой байсан юм. Тиймээс эхний нэг сар босох цагаа 06:30, 06:00 гэх мэтээр бага багаар өөрчлөн дасгасан. Дараагийн сард 05:30, хамгийн сүүлийн гурав дахь сард 05:00-д босдог болжээ. Өглөө ингэж босохын тулд орой 22:00 өнгөрөөд орондоо орно. Тэрнээс оройтож ер нь дэмий. Одоо яагаад нийллэг цайллагыг зогсоосны шалтгааныг зах зухаас нь харж байгаа байх. Учир нь 22:00-д орогдоо орсон байхын тулд өмнө нь гэртээ ирсэн байх хэрэгтэй. Шөнө дунд орондоо ороод өглөө 05:00-д босоод байвал ямар ч хүний бие дийлэхгүй, ядаргаа болж дуусна. Шинжлэх ухааны үндэслэлээр нойрыг энэ номонд сайхан тайлбарлаад бичсэн бий. Хэт олон цаг унтсан ч биш, унтаагүй ч биш сэрвэгнэж байсанд орвол тэгш тоотой цагаар буюу 6 цагаар нам унтчихвал маргаашийн эрч хүчээ бүрэн авч чадна аа гэж. Тэгэхээр 23:00 - 05:00 хооронд 06 цаг унтчихвал болно оо гэсэн үг. Яваандаа би ч 23:00 руу дөхөх биз. Ер нь Монголоос бусад азийн орнуудын амжилтын нууц бол өглөө эрт босоцгоон ажил төрлөө амжуулдагийнх биз ээ. Манайд дэлгүүрүүд 11:00 гэж байхад чүү ай онгойхчоо болно. Уг нь 06:00-д юм уу эрт онгойдог болчихвол ямар олон хүн зам чөлөөтэйг ашиглан ажлаа амжуулах байсан бол? Өглөөний нэг цаг нь бүтээмжий чанараараа өдрийн гурван цагтай тэнцэнэ гэж өгүүлжээ. Үнэхээр ашигтай байгаа биз. Хэрэв та өглөө эрт ажилдаа ирээд ажлаа эхэлсэн бол 09:00 гэж байхад үдээс өмнөх бүх ажлаа амжуулчихсан байна гэдэгт би мөрийцөхөд бэлэн байна. Миний хувьд өглөөний үр ашигтай цагуудыг ном унших судалгаа хийх, зохиолоо бичихэд зарцуулж байна. Ойрын өдрүүдэд өглөөний хүн болох хөтөлбөрийн маань зуу дахь хоног болж байгаа юм. Гол нь тууштай байх хамгийн чухал. Амралтын өдөр эсвэл баярын өдөр юм чинь өнөөдөр унтчихъя гэж хэзээ ч битгий бод. Өдөр бүр тогтсон цагтаа амарч, эрт сэрж бай. Гэр бүлийнхэн чинь энэ өөрчлөлтөнд бэлэн биш учраас тэд нартаа саад болохооргүй сэрэх аргыг сонго. Миний хувьд вибратортай бугуйн цагийг сонгосноор бусдад саад болохгүйгээр өөрөө сэрж байсан. Хүн болгоны хувьд өөрт тохирсон хувилбарыг хэрэгжүүлэх шаардлагатай. Жишээ нь номон дээр орой их алхаж ядарч эрт унтах, өглөө эрт босоод агаарт алхах гэх мэт зөвлөгөө байсан ч надад энэ зааврыг дагах шаардлага гарсангүй. Дэрэн дээр толгой тавиад л нам. Өглөө эрт босоход нойр хүрэхгүй. Өглөөний хүн болоход хавар, зуны цагийг ашиглаж эхлэх нь маш чухал. Өвөл эрт босоход харанхуй учраас тохиромжгүй. Тиймээс нар буцаж буй энэ үеийг ашиглаад даруйхан хөтөлбөрөө эхлүүлнэ биз ээ.

Номон дээр гардаг гоё ишлэл бий:
Орой хэдийгээр хөгжилтэй байсан ч өглөөгөөр хэзээ ч битгий соль. Зохиогч Сайшо Хирошигийн "Өглөөний хүн" номын ачаар олон мянган япон хүмүүс шөнийн амьдралаас салан үр бүтээл, амжилтаар дүүрэн өглөөний хүн болон хувирцгаасан ажээ. Монголчуудад маань ч энэхүү ном, өглөөний хүний дадал амьдралыг нь өөрчлөх шидтэй буй за гэж итгэн энэхүү тэмдэглэлээ төгсгөе. Би Өглөөний хүн болж чадсан. Та ч бас чадна.

жич: Ойрын хугацаанд дахиж номын тэмдэглэл бичихгүй болно. Шинэ номоо бичих, судалгааны баримтат бүтээлүүд уншихаас өөр зүйлд цаг зарцуулах аргагүй болсон.

"Жаран цагаан хонь" роман


Баасан лам гэртээ эргэн ирж буйгаар нэгдүгээр дэвтэр төгсдөг бол "Жаран цагаан хонь" дээр уг үйл явдлаар үргэлжилнэ. Сэндмаа Болд хоёр олон хүүхдүүдтэй болжээ. Харин Баасан лам маань арваад жилийн өмнө сэтгэлтэй байсныхаа адилаар бэр дүүгээ бодож, хайрласаар байх юм. Уг нь Чулуунжий гээд халуухан ганц бие хүүхэн байгаад байхад чинь л давж хараад байх юм золиг чинь. Баасан ийм байдлаар Сэндмаагийн хажууд байж чадахгүйн хажуугаар ээж дээрээ очихын тулд Хатгал руу яваад өгнө. 
Чойбалсангийн Сталинд өгсөн амлалт болох мал сүргээ 200 саяд хүргэн социалист нийгмийн материаллаг бааз байгуулан төмөр зам, үйлдвэр, бусад аж ахуй өндөр хөгжсөн орон болохын тулд Анхдугаар таван жилийн төлөвлөгөө энэ үеэр батлагдаж таарна. Харин энэ төлөвлөгөө ёсоор бол малчид малаа тасралтгүй өсгөхийн хажуугаар мах, сүү, ноос, арьс шир, ан, өртөөний төлөвлөгөө гээд дааж давахааргүй их дарамт, татварт орцгоохын эхлэл байжээ.
Баасан лам дүү Болдын өрхөд тоолуулсан учраас яаралтай Эрдэнэбулган сумандаа ирэхээр болно. Ойд Чулуунжийтай тааран өвлийн хүйтэнд модонд хавсран загас наадуулж байгаа зэрэг нь айхтар эротик хэсэг болжээ. Болдынх цөөн хэдэн малтай, нялх олон хүүхдүүдтэй учраас Сэндмаатайгаа цуг ядарч өлсөхийн зовлонг биесээрээ мэдэрцгээн дөрвөн ч хүүхдээ айлд өргүүлж байна. Тэр ч жишгээр Болд Сэндмаа нар найман хүүхдийн дөрвийг хүнд өргүүлж байдаг мал хуй, хөрөнгөө баран арай гэж л 52 он хүргээдхэв. Энэ хугацаанд Баасан Чулуунжийтай сууж, зүгээр ч суугаагүй ээ, Чулуунжийд өргөгдсөн Сэндмаагийнхаа охин Тавцэцэгт аав болж хатуу өргөмөл эхийн гараас өмгөөлөх гэж л тэр. Баасан Сэндмаа нарын далд хайр дурлал огтхон ч төгсөж өгөхгүй, бие биеэ бодон бодон санан санан арай гэж дуусгалаа. 
Романы дундуур өрнөж буй бас нэг чухал асуудал бол бурхан шашин, бөөгийн номын хүчээр Агваан лам, Од бөө, Баасан лам нар малчин ардын амьдралдаа туслан, төлөвлөгөөний комиссынхонтой тэмцэж буй үйл явдал гарна. Мөн тэр цаг үеийн улстөрийн чиг хандлага, Чойбалсан, Цэдэнбал, Жамбалдорж нарын түүхэн хүмүүсийн үзэл санааг нэлээн харуулахыг зорьжээ. Маршал Чойбалсан архи багагүй хүртчихдэг, тусгаар улсаа хадгалж авч үлдэх, газар нутгийг тэлэх чин эрмэлзэлтэй дүрслэгдсэн байхад Жамбалдорж Орост улсаа дагаар оруулах, цэвэр коммунист социализм байгуулах хүсэлтэй. Харин Цэдэнбал яах нь мэдэгдэхгүй, туйлбаргүй, энэ хоёрын яг голоор байгаа мэт санагдлаа. 
Ергөнхийдөө зохиолыг бичихдээ баримт судалгаа сайтай бичсэн байх бөгөөд тэр эротик хэсэг шал илүү санагдав. Баасан лам, Сэндмаа нарын хайр дурлалын романс энэ зохиолын чимэг гэх юм уу даа, амьдрал дээр нэг их олон хүүхэд гаргачихсан бэр дүүгээ бодоод л хайрлаад байх эр хүн Баасан ламаас өөр олдохгүй л болов уу даа. Улстөрийн үзэл баримтлалын хувьд нэг тал руугаа хазайж бичсэн нь илэрхий байна аа. Мэдээж романы гол дүр лам хүн учраас шашин бөөгийн хэсэг нэлээдгүй тааралдана. 
Эцэст нь таамаглахад энэ зохиолын үргэлжлэл цаашаа бичигдэх байх гэж уншигч би бодов.

"Орос өгүүллэг, тууж" ном


19-р зууны үед амьдарч байсан оросын утга зохиолын ноён оргилууд болох А.С.Пушкин, Гоголь, Тургенев, Достоевский, Толстой, Лесков, Чехов нарын өгүүллэг туужууд бүхий энэ номыг гарчгаас нь хальт харахад энгийн л нэг ном шиг санагдах ч дотор нь байгаа өгүүллэг, туужууд бол ярих юмгүй сайхан, жинхэнэ классик зохиолууд юм. Орос орны утга зохиолыг дээр дурдсан эрхмүүд л дэлхийд гаргасан юм шүү дээ. Манай оронд ч гадны зохиолуудаас оросын ном зохиолууд л их байсан болов уу. Тиймээс уншихад цаанаа л нэг эерүү дотно байх юм. Номонд байгаа бүх л зохиол гайхалтай ур хийц, үгийн уран яруу дүрслэлтэй, энгийн мөртлөө сонирхол татам түүхүүд (зарим нь энгийн түүхүүд биш, дотор зарсхийлгэм) гарна. Тиймээс жишээ болгож өөрт онцгой санагдсан Толстойн "Эзэн барлаг хоёр", Чеховын "Хавцалд" хэмээх хоёр зохиолын талаар тэмдэглэл сийрүүлмээр санагдав.

Толстой "Эзэн барлаг хоёр". хэн бүхний мэдэж байгаачлан 20-р зууны эхэн үе хүртэл Орос орон өрнөдийн орнуудтай адилаар европ соёл, дээдсийн хүрээлэл, хаант засаглалтай байсан билээ. Энэ зохиолд эзэн барлаг хоёрын богинохон зайн аялал гарах болно. Хоёрдугаар дэсийн худалдаачин Василий Андреич төгөлтэй газрыг долоон мянгаар авахаар зэхэж буй. Харин газрын эзэн арван мянгыг нэхнэ. Уг нь бодит үнээсээ хэд дахин хямдхан үнэ хэдий ч Василий Андреич өөрт ашигтай наймаа хийдэггүй л юм бол ямархан худалдаачин байх бол доо. Гэтэл модны худалдаачид газрыг авахаар зэхэж буйг мань худалдаачин олж мэднэ. Өрсөх хэрэгтэй. Уг нь ч нэг их холгүй л газар. Тиймээс тухайн өдөр ажилчдаас нь эрүүл байж таарсан Никита хэмээх тавь гаруй насны эрийг авч явахаар болно. Никита хааяадаа хамаг юмаа тавиад ч болтугай уучихдаг, бас тэр үедээ ой тойнд оромгүй агсам хэдий ч жирийн үедээ хариуцсан ажлаа товхийтэл хийчихдэг, эхнэрт нь цалинг нь өгчихөд эсэргүүцээд байдаггүй, хамгийн гол нь эзэн Василий бусдаас хамаагүй бага хөлс өгч ажиллуулдагт дургүйцээд байдаггүй авах ёстой юмаа л авч буй мэт ханддаг амар хүн юм. Ойрхон явчихаад ирэх байсан учраас Никита эзэн худалдаачин шиг олигтой дулаалсан ч үгүй, нимгэн гарч таарна. Гарахад тогтуун байсан хасах арван хэмтэй өвлийн үдэш бага зэрэг шуурч эхлэхэд тэд замаасаа гарч орж явсаар Гришкино тосгон оров. Замдаа Василий Андреич аанай л сурсан зангаа тавилгүй Никитад нэг их тарган биш ч, хэр таарсан морь зарах гэж наймаа ярьж үзнэ. Мэдээж тэр "хэр таарсан морь" нь шаггүй үнэтэй, бас тэр үнээр нь авчихвал хагас жил мөнгөний бараа харахгүй гэдгээ Никита ухааралгүй яахав. Тиймээс ч тэгсгээд энэ яриаг зогсоож орхино. Гришкино тосгонд амьдардаг таньдаг айлдаа ороход цаг орой ч болсон цасан шуурга ч лавшран цас малгайлан орж байлаа. Тиймээс ч гэрийн эзэн өвгөн аялагч хоёрыг хоноод яв гэж хэлэх ч нэгдүгээрт Гришкиногоос Горячкин хүртэл таван бээр, хоёрдугаарт Василийн цаг ямагт ярих хурдлахгүй бол болохгүй яаралтай ажлын нөлөөгөөр зөнд нь орхино. Даарч бээрч эхэлсэн Никитад энэ айлд халуун цай таван аяга ууж, нозоороод сууж байсан нь аятайхан л байв. Хажуугаар нь гэрийн эзний Василийд мөн өөрт нь хийж өгсөн аягатай архинаас дугтарчихмаар санагдаад байсан ч эзнийхээ аягийг тааруулсхийн шүдсээ гүд залгин аягатай архинаас татгалзана. Харин шөнө болохын өмнө Василий Андреич яаран яарсаар Никитатай цуг замдаа гарна. Уг нь нэг шөнө дулаан хоновол мянган лан гэж юутай үнэн үг вэ. Зохиолын төгсгөлд эзэн худалдаачны хүн чанар холдон одсоноо эргэн ирж буй үйл явдал уншигч олныг төөрөлдүүлэх нь дамжиггүй, сонирхолтой байлгах үүднээс төгсгөлийг энд бисэнгүй.

Чехов "Хавцалд". Уклеево тосгон хавцалд оршдог. Энд арьс ширний үйлдвэрийн бохир уснаас болоод голын ус байсхийгээд л өмхийрчихнө. Малын өвчин тасрахгүй учраас үйлдвэрийг хаах шийдвэр гарсан ч нууцаар ажилласаар л байдаг. Харин энэ тосгонд Григорий Цыбукин гэгч зэгсэн сайн панзчин гэр бүлээ толгойлон амьдран сууна. Хүнсний гэгдэх нэг мухлагтай ч тэндээ зарахгүй юм үгүй. Том хүү Анисим хотод мөрдөн байцаагчийн ажилтай, нутагтаа ирэх нь өдрийн од шиг ховорхон. Бага хүү Степан дүлий, ажилдаа унхиагүй ч гэсэн хөдөлгөөнтэй сэргэлэн Аксинья гэх эхнэртэй. Заримдаа Цыбукин өвгөн адтай бэрээ яагаад ууган хүү Анисим биш унхиагүй Степантай суучихав даа гэж гайхдаг л юм. Өвгөн панзчин ууган хүү Анисим болон бэр Аксиньядаа л хамгийн сайнаар хандана. Анисимыг нутагтаа нэг ирэхэд нь гэрийнхэн ярилцаж тохиролцсоны дагуу зэргэлдээх тосгоны ядуу айлаас гаралтай ч үзэсгэлэн төгөлдөр Липа хүүхэнтэй гэрлүүлнэ. Хурим дээр Анисим бийлэгжүү загнан ирсэн гийчдэд 50-ын зоосон мөнгө тараан, бас ч үгүй хөөр хөгжилтэй өнгөрөх хэдий ч сэтгэл санаа нэг л тогтворгүй, эхнэрээ ч нэг их тоосон юмгүй байсаар хот руу буцаж явна. Липа ч түүнийг явж буйд нөхөр минь хэмээн сүйд болсонгүй. Харин явсных нь дараа хүүг нь төрүүлж өгсөн билээ. Гэвч энэ гэр бүлийн жаргалтай амьдрал санаанд оромгүй хурднаар, Анисимын гайтай үйлдлээс болон төгсөж, төлөөсөнд нь ууган хүү цөллөгт явсан нь энэ гэр бүлийн хувьд жинхэнэ гамшиг болсон юм. Дэндүү бодь гэмээр тайван зантай Липа хүүхэн харанхуй шөнөөр шалз түлэгдэн нас барсан хүүгийнхээ цогцсыг тэврэн хавцлын ирмэгээр гэр рүүгээ явж буй нь, цагтаа омголон давриун зантай явсан, гуйлгачдыг "Бурхнаасаа гуйхгүй юу, замаас зайл" гэж зад загнадаг өвгөн Григорий Цыбукины будаан шанзтай боов руу ум хумгүй үмхлэн дайрч буй өрөвдөлтэй зураглалыг уншсан хэн ч Аксиньягийн хүйтэн, энэрэлгүй, догшин ширүүн занг сэтгэлийнхээ угт үзэн ядах нь лавтай юм.

"Шамбалын Цэнхэр Салхи - Шамбалаас зугтагсад"


Энэаүү ном болбоос "Шамбалын цэнхэр салхи" болон "Тооролжингоо" хэмээх хоёр туужаас бүрдэж байна. 
Аль аль тууж нь адал явдал, уран зөгнөлт нэмээд эротик өнгө аястай гэж тодорхойлмоор юм. 
Шамбалын цэнхэр салхи туужид жуулчлалаар аялж яваа хөтөч бүсгүй, жолооч, япон, америк, герман жуулчдад тохиолдсон адал явдлыг харуулах бөгөөд бурхан шашны номонд гардаг шамбалын оронд санаандгүй учралаар маш ойрхон очицгоох юм. Зүрх сэтгэл нь ариуссан хүн л очих ёстой учраас хүн бүрийн урьд өмнөх гэм нүгэл, алдааг өөрсдөд нь сануулж, гэмийг нь тайтгаруулж ариусгаж буйгаар энгийн хүмүүсээс оюун санааны хувьд илүү түвшинд аваачиж байгаа гэж тайлбарлагдана. Ихэнх хүний нүглүүд уучилж болмоор жишээ нь хөтөч бүсгүй Оюумаа хүсээгүй жирэмслэлтдээ аборт хийлгэсэн, япон жуулчин Тацуяагийн шууд бус хамааралтайгаар хүний амь эрсэдсэн, герман жуулчдынх архи, хар тамхинд нэвт донтсон байсан гэх мэтээр өгүүлнэ. Эдгээр хүмүүс тэрхүү гэм нүглээ чин сэтгэлээсээ ухааран ариусаж буй үйл явдал гарах ч америк жуулчны гэм нүгэл хүмүүн бус буюу араатанлаг шинж чанартай, бузар этгээд байх юм гэж хэн санах билээ?

Тооролжингоо туужид ижил нэрт бүсгүй Брэндон хэмээх гадаад эртэй санаандгүй учралаар гудамжинд таарснаар эмнэлэгт аваачин эмчлүүлж, энэ дашрамд ирээдүйн дурлалт залуу болох эмч Зоригоотой танилцана. Гэхдээ Брэндонгийн байгаа байдал, хурдан тэнхэрч буй зэргээс харвал яав ч энгийн хүн биш болох нь мэдрэгдэх бөгөөд өөрийнх нь ярианаас улам ч батлагдана. Тооролжинд амласан ёсоор Брэндон түүнийг Монголын түүхийн бүдэг бадаг үе болох бага хаадын үед цаг хугацаагаар аваачсанаар улам ч сонирхолтой болж ирнэ. Тэнд Тооролжингоо бүсгүй Дүүрэн жононтой танилцан нар хиртэх гайхалтай үзэгдлээр Мугчир зайранг, хаад хоёдтой цуг гайхашруулан буй нь хүүхэд насандаа уншиж байсан Марк Твений "Артур вангийн өргөөнөө" гэх сайхан зохиолыг санаанд оруулж байна. Товчхондоо бол Мугчир зайран хорон санаат шидтэн Мерлинтэй төстэй санагдсан хэрэг. Хэдийгээр Тооролжин бүсгүй Дүүрэн жононтой энэ үедээ үлдэхийг хүсэвч өөрийн аз жаргалыг л бодох уу эсвэл дэлхийн нийт хүн амын сайн сайхныг бодолцох уу гэдэг хэцүү сонголт түүнтэй тулгарснаар "Шамбалын цэнхэр салхи" номын тэмдэглэл энэ хүрээд төгсөв.

"Боччан" Нацүмэ Соосэки


Боччан ер нь хээгүй шулуухан нь дэндсэн зантай нөхөр санагдлаа. Багаасаа ч тийм байсан. Боччанд төрсөн эцэг, ахаас нь илүү Киё хэмээх хөгшин үйлчлэгч эмэгтэй хайртай юм. Тэгээд л үлгэрт гардаг шиг эцэг нь өнхрөөд унангуут байшингаа зарж хөрөнгөө 50:50-р нь хувааж аваад л хоёр тийшээ болж байх юм. Ахтайгаа дахиж уулзаа ч үгүй байх. Тийм хүний ах бас байдаг аа? 
Нийслэл Токиогоос хөдөөний буйдхан тосгонд ирэхэд эдүгээгийн хот хөдөөгийн ялгаатай байдал чинь 20-р зууны эхний үеийн Японд дүрээрээ байж байх юм. Боччан бол дотроо энэ хөдөөнийхөн гэж доош нь хийх маягтай. Нутгийнхны аялгыг бас номон дээр гаргах гэж оролдон тэмдэглэгээ хийсэн байна. Шинээр томилогдсон багшийг хөдөө нутагт сурагчид нь ч, хүмүүс нь ч элэг барих юм. Тэгэхдээ Боччан юу гэж тийм амархан дийлдэх вэ дээ, цаадах чинь тэрүүхэн тэндээ шазруун, үг хэл нь хурц, бодох ч үгүй шууд ярина. Тэрнээсээ болж заримдаа алдах жишээний. Сургуулийн захирал, дэд захирал буюу улаан цамцат, улаан цамцатыг аялдан дагагч нар гээд хаа газар албан байгууллагад байж байдаг нэг хөгийн фракц байна аа. Хүсэл сонирхолдоо нийцэхгүй хүнийг хавчин гадуурхах маягтай. Харин энэ фракцын эсрэг тэмцдэг ганц хүн нь тооны ахлах багш үхэр зараа юм. Үхэр зараа ч бас Боччаны бодож олсон хоч. Боччан хүнтэй харилцаж чаддаггүй юм чинь Үхэр зараатайгаа нэг хэсэг харьцаж чадахгүй тэнэгтээд л, онигоогоо чирээд хэсэг явах юм аа бас. Боччан яаж дууссаныг номон дээрээс нь уншаарай. Харин амиа хорлолт гардаггүй юм байна. Япон зохиол гэнгүүт заавал амиа хорлолтын талаар гарах ёстой гэсэн ойлголттой болчихоод байсан юм оо.

"Тэжээвэр" тэргүүт шилмэл бүтээлийн чуулган

Төрийн шагналт зохиолч Д.Норов гуайн бүтээлүүдийг уншиж суухад хуудас бүр, мөр болгоныг гамнаж уншмаар тийм сайхан сэтгэлийн цэнгэлийг эдлүүлж байсан юм. Тухайлбал "Үхэл хүлээх газар", "Чихмэлчин", "Паанаг", "Хулчгар" гэх өгүүллэгүүдэд өөр өөрийн гэсэн өнгө хэмнэл, ертөнцүүд оршихуй дор хүний ямар л араншин, дотуур тамир, муухай сувдаг сэтгэл бүгдийг хайр найргүй онгичин дэлгэн тавьсан байлаа. Хөгшчүүдийн асрамжийн газрыг арай ч дэндүүлчихэв үү гэмээр Үхэл хүлээх газар гэж нэрлээд олон жилийн дараа уулзаж байгаа харгалзагч, хоригдол хоёрын адармаатай амьдралын түүх, гунигтай төгсгөлийг хүний зэвүүцлийг төрүүлэн зохиолын турш үргэлжлүүлснээ төгсгөлд нь тохиох ганцхан үйл явдал, нүдний шил хагарснаар шоронгийн хадаас явсан хүнийг өрөвдүүлэх сэтгэгдэл төрүүлж байна. "Чихмэлчин" өгүүллэгт говь хээрийн олон ан амьтдаар чихмэл хийхээр томилогдсон чихмэлчин, газарчин, жолооч нарын богинохон хугацааны адал явдал хэрхэн байж болшгүй санаанд оромгүй төгсөж буй нь сонин байлаа. Чихмэлчнийг үнэхээр алмас буюу хүн гөрөөсийг харсан эсэхийг хэн мэдлээ. "Паанаг" өгүүллэгт сэтгэцийн юмтай мөртлөө ажилсаг, хорхойд ч гэм хоргүй өрөвдөлтэй нэгний талаар гарах ч түүнийг хөлслөн авч нас барсан эцгийнхээ алтан шүдийг суга татуулж байгаа соёлч боловсон үр хүүхдүүд нь гудамжны тэнэмэл Паанагаас долоон дор болохыг харуулжээ. Дашрамд дурдахад энэ зохиолоор сэдэвлэн хийгдсэн "Ноён солиот" УСК-нд би их дуртай байдаг юм.
"Тэжээвэр" туужийн Гөлгөөг зохиолын турш би үзэн ядсан. Ямар хөгийн эр вэ гэж харагдуулахаар дүрсэлсэн нь түүний бусадтай хачин хөгийн харьцаж байгаагаас үргэлж харагдана. Гэвч Гөлгөөг ийм болгосон буруутан бол гагцхүү түүний хойд аав гэдгийг дунд хэсгээс ойлгуулж өгсөн юм. Мөн Гөлгөөгийн тэмдэглэлийн дэвтрээс гарч ирсэн "Нохой мэт үнэнч" гэсэн бичигтэй зураг бүхий Цэнгэл, хээрийн майханд ирэн очин юм хумыг нь онгичин байгаа тэр залуу өөрөө ямар учиртай хүн болох, Саргай, Цогт, Туяа гэх мэтчилэн хоёр нийгмийн зааг дээр учраа олохгүй зөв замаар будаа тээгээд байгаа юм уу, эсвэл буруу замаар зөв будаагаа тээгээд байгаа нь мэдэгдэхгүй залуусын үйл явдлыг гогцоог Гөлгөөгийн тэмдэглэл уншигч нарт хангалттай ойлгуулаад өгөх бий. 
"Мөнхийн дуудлага" тууж болбоос энэ номон дотроос хамгийн их сэтгэлийг минь хөдөлгөсөн, зүрх салгалуулсан зохиол байлаа. Халхын голын дайнд мордсон эр нөхрөө бяцхан охин, хадам эхийнхээ хамт чин үнэнч, шударгаар хүлээж буй бүсгүйн сайхан сэтгэл, мятаршгүй занг магтахгүй байхын аргагүй ээ. Үхсэн амьд нь мэдэгдэхгүй хүний гэрийг хангалттай олон жил сахиж, бяцхан охиныхоо элгийг дэвтээж байсан ганц бүсгүйг оролдох харчууд, нутаг гол усаар нэг тархах цуу яриа огтхон ч зүгээр байлгахгүй байгаа нь гачлантай. Олон жил алга болж болчихоод хээвнэг хүрээд ирсэн тэр эр ч тийм бүсгүйн хайр энэрлийг хүртэх эрхгүй нэгэн байжээ гэж бодогдоно. Зохиолын турш байж ядуулан сэтгэл үймрүүлж явсны эцэст бяцхан охины аавынхаа чихэнд хэлсэн үг өр өмрүүлээд л явчихсан шүү. Нуугаад яахав, тэр үгийг уншиж буй би ч зүрхээрээ уншсан юм байлгүй нулимсаа нуусангүй ээ. Азаар гэртээ ганцаараа байж таарав. Дараагийн туужийг эхлүүлэх гэж өөр зүйл нэлээн оролдож сатаарсны эцэст арай гэж үргэлжлүүлэх шив дээ. 
"Хөх сайрын чулуу" туужид бүтэн заяагүй эр хүний тухай гарлаа. Анх цэрэгт тэнцээгүйгээс эхлээд л, Долгор гэх охинтой үүсгэсэн хайр дэлбээлэх үедээ хагдарчихсан, хэнд ч хэрэггүй хүн гэсэн цолыг авч хаяхын тулд бүтэхээргүй зүйлүүд хийж цаг нөхцөөж буй нь, амьдрахын төлөөх бүх тэмцлийг нь Гомбо гэх дарга хэрхэн нухчин дарж, няц гишгэж буй нь, үүнийг давж чадаагүй хөөрхий Дэмэдийн хувь заяа инээмтгий хүн шиг л төгслөө дөө.

"Эрвээхэй дэвсэн зун"

Өгүүллэгүүдийн түүвэр ном нь зохиолчийн яг л өөрийнх нь хүссэний дагуу нулимс, гунигийн тухай биш, яг л зуныг санагдуулам гэгээлэг аз жаргал, хайр, бүсгүй хүний дотоод сэтгэлийн тухай ихэвчлэн өгүүлсэн санагдав. Гучаад өгүүллэгүүдээс надад бол Мууран нүдэт, Бүсгүйн тэмдэглэл хамгийн их таалагдсан бөгөөд Төрөлт өгүүллэгийн сэдэв их өвөрмөц байлаа. Мууран нүдэт бүсгүйн эрхэлдэг ажил, түүнийг нь хэрхэн нууц албаныхан ашиглаж буй нь яг л гэмт хэрэг, драм төрлийн кино зохиол шиг ээ санагдсан шүү. Уг нь хойд хөрш рүү тагнуулын албанд явуулах ч эргээд ирэхдээ шал өөр хүн болж буй нь, дахин хэзээ ч гэсэхээргүй хөлдчихсөн зүрх сэтгэл бүхий гоо сайхны талаар энд туурвисныг унших тусам юу төгсгөл нь хэрхэн дуусахыг тааварлаж ядаж байсан юм.
Бүсгүйн тэмдэглэл өгүүллэгт уран сайхны халилтайгаар уншигчийг огт өөр ертөнц, бүжигчин бүсгүйн дотоод ертөнцөөр аялуулсны эцэст сэтгэл өвтгөм, гуниг төрүүлэм үнэний төгсгөлд аваачсан нь намайг шоконд оруулсан шүү. Төрөлт өгүүллэгийн сэдэв их хөөрхөн. Ер нь нөхөр төрөх гэж буй эхнэрийнхээ өвдөлтийг авбал яах байсан бол? Эсвэл оронд нь төрөх ч юм уу? Тэгвэл эхнэртээ хайртай их л олон нөхрүүд өмнөөс нь төрөх байх хэхэ. Манай гэрт хааяадаа тийм хошигносон яриа болж л байсан юм. За юутай ч зохиолчийн дотоод ертөнц, гайхамшигт зунаар аялуулсан номын тэмдэглэл ийнхүү өндөрлөж байна. Цаашдын уран бүтээлд нь амжилт хүсье!

Wednesday, June 6, 2018

"Манай ангийн Болдоо"

Энэ яачихсан Болдоо юм бол оо гэсэн сониуч бодолтойгоор энэ номыг уншиж эхлүүлэв. Хүн болгонд л тохиолддог анхны хайр, өсвөр насны гэгээн дурсамж, амьдралын шаналал зовлон, ухаарал бүхий гурван ч туужаас бүрдэх бөгөөд зовсны эцэст жаргадаг гэдэг афоризмаар төгсөж санааг минь амраалаа. Анна Франкийн өдрийн тэмдэглэл дээр өсвөр насны охин тэмдэглэлээ хэрхэн хөтөлдөг билээ тэрэн шиг эхлээд жаахан охин, дараа нь өсвөр насны охины тэмдэглэлийн дэвтэр хөвөрч дундуур нь орчин цагийн биеэ даасан бүсгүй хүний дүр төрхөөр дурсамж юугаан ухаж төнхөх эмэгтэйн хайр шаналал хөвөрсөөр л. Тэр дунд нь ангийнх нь Болдоо гэгч хөвгүүний талаар, тэдний харилцаа, амьдрал өрнөнө. Удаах тууж өмнөх туужийнхаа үргэлжлэл болон бичигдсэн байх бөгөөд энэ дундаа харийн шашныг ганц сайн чимхээд авсан үзэл оруулжээ. Сүүлийн туужид ганц бие эр хүн хэрхэн амьдрал хэмээх их далайд хөлөө олох гэж тэмцэж яваа, хувь тавилангаар аз жаргал хэрхэн ирж буйг өгүүлнэ. Уншигчдын сэтгэлийн чавхдасыг хөндөж баярлуулсан, гомдоосон, ухааруулсан олон янзын хөг гаргасан ном буй за гэж итгэнэм.

Tuesday, June 5, 2018

"Нохойн зүрх" Михаил Булгаков


Зөвлөлт Холбоот Улсын коммунизмын эхэн үед уран бүтээлээ ид туурвиж байсан зохиолч Михаил Булгаковын энэхүү зохиол 1987 он хүртэл эх орондоо албан ёсоор нийтлэгдээгүй, хориотой зохиолын тоонд ордог байжээ. Хүмүүс гараас гарт дамжуулан уншиж, барууны орнуудад арай өмнөхөн нь хэвлэгдэж, хоёроос гурван янзын бичвэрээр хүмүүсийн дунд тархсан байна.

Тэгэхээр энэ зохиолын гол үзэл санаа бол гудамжны Шарик нэрт нохой, эсвэл профессор Филипп Филиппович дээр тулгуурлаагүй. Мөн Шарикийн өнчин тархины оронд хүний тэр дундаа гэмт хэрэгтэн гэж хэлж болохоор адгийн шаарны тархийг суулгаж байгаа нь уншигчдад цэвэр уран зөгнөл шиг санагдаж магадгүй. Өнчин тархи суулгаж өгсний дараагаар Шарикийн хэрхэн хүн болон хувирч байгаа, хувь хүн болж төлөвших гэж, өөрийнхөө орон зай, эрх ашгийг хамгаалах гэж оролдож буй нь, новшийн этгээд шиг аашилж байгаа нь цэвэр өнгөлөн далдлалт гэж хэлж болохоор санагдана.

Анагаах ухааны үүднээс ч дээрх үйл явц, хувиралт огтхон ч боломжгүй зүйл. Харин коммунист нийгэм, хамтралжих хөдөлгөөн хэрхэн хаант орос улсад бүрэлдэн тогтсон байсан оюунлаг, бүтээлч нийгмийг ажилчин анги, тэгш эрхээр далайлган сөнөөн устгаж буйг ёгтолсон гэж болно. Гудамжны нохой байхдаа Шарик олон долоон зүйл хүсэхгүй, дулаан шөнө, хэрчим хиам байхад л аз жаргал нь байдаг байсан бол хүн болж хувирсны дараа дэндүү их буюу өөрт нь ахадсан зүйлүүдийг шаардаж эхлэн, архи уун, тамхи татан танхайрч, бас болоогүй өөрийн эрх ашгаа цаг ямагт хөөцөлдөн буйгаар дөнгөж бүрэлдэн тогтож эхэлсэн нийгэм нь профессор Филипп Филипповичийн хэлсэнчлэн "Хөгжлийн доод түвшиндээ яваа амьтан" гэдгийг л шулуухан түс тас өгүүлсэн гэхэд болно.

Saturday, June 2, 2018

"Зарлагдсан үхлийн товчоон" Габриель Гарсиа Маркес



Карибын тэнгисийн эрэг дээрх буйдхан нэгэн тосгоны будант өглөө олон үйл явдал давхацсан юм. Урьд орой нь тосгон даяар баян ядуу нэртэй нэргүй хэн бүхэнд хүрсэн цуутай хурим, харин өглөө нь хамба ламын айлчлалт, Сантьяго Насар хэмээх нэртэй залуугийн аймшигт үхэл зэрэг давхацсан юм. Цуутай хурим нь болохоор хэдхэн сарын өмнө тосгонд эхнэр авах зорилгоор хүрэлцэн ирсэн Байардо Сан Роман гэгч чинээлэг нэр алдартай залуу болон цэцэглэж буй насан дээрээ яваа тарчигхан айлын Анхела Викарио нарынх билээ. Хамба ламын айлчлал энэ тосгоны хувьд чухал тооцогдоно. Гэхдээ хамба ламтан энэ даржин амьдралтай тосгонд дургүй тэр ч бүү хэл хөлөг онгоцноосоо эрэг дээр нэг хөлөө ч гишгэлгүй орхин явдаг санваартан шүү дээ. Энэ явдал ч мөн урьдын адил өрнөсөн юм. Хамба ламын талаар магадгүй энэ тосгоны хүмүүсийн аж амьдрал, ёс заншил, хүн ардыг таниулах зорилгоор оруулсан биз. Энэ зохиолд хамба лам тийм чухал биш ээ. Тэнгисийн эрэг дээрх уйтай бүрхэг тэр нэг өглөөний хамгийн гол үйл явдал бол Сантьяго Насарыг урьд өдөр нь хуримаа хийсэн Анхела Викариогийн ихэр ахан дүүс болох гахай нядлагч Пабло Викарио болон Педро Викарио нар алсан нь юм. Зүгээр ч нэг алчихаагүй гахай шиг хэрчиж алсан нь, тэр ч байтугай тосгоныхны тал нь үүр шөнийн заагаас эхлэн тэднийг Сантьягог алах гэж байгааг мэдчихсэн байхад энэ аллага гэгээн цагаан өглөөгүүр болоод өнгөрсөнд л энэ зохиолын утга учир, нэрний шалтгаан оршиж байгаа юм. Ихэр ахан дүүс өөрсдөө хэдэн цагийн өмнөөс л бид тэр Сантьягог ална гэж таарсан хүн болгондоо яриад байхад л өглөө нь хэн ч Сантьягод урьчилан анхааруулж хэлэх гэж оролдохгүй байгаа нь, саад болох гээгүй нь хамгийн их хачирхалтай. Үүгээр хэн нэгнийг далдуур муучлан байдаг мөртлөө яг дэргэд нь хэн ч юуг ч ярьдаггүй нийгмийг санагдуулах шиг болов. Гэхдээ зохиолчийн цаад далд санааг, эцсийн эцэст Сантьяго, Анхела Викарио нар хоорондоо ямар холбоотой байсныг зохиолчоос өөр хэн ч гадарлахгүй үлдсэн нь лавтай. Хүний нийгэмд аллага гэдэг бол гэмт жигшмээр үйлдэл мөн боловч ихэр ахан дүүсийн гэр бүлийн нэр төрөө хамгаалсан гэх энэ үйлдэл нөгөө талаас зөвдөж байгаа ч юм шиг. Ямартай ч урьдаас олон түмэнд зарлагдаад хийгдэх цагтаа, мөрдөн байцаагчийн хэлснээр үйлийн үртэй хаалган дээр яг тэр газартаа хийгдэж байсан өөр аллагын тухай сонсож уншиж үзээ ч үгүй юм байна. Олон жилийн дараа уулзаагүй найзтайгаа хаа нэгтээ гэнэтхэн тааралдах мэдрэмж ямар байдаг билээ зохиол уншиж байхад таньдаг нэр гараад ирвэл надад бол яг л тийм мэдрэмж төрдөг юм. Байардо Сан Романы эцэг болох генерал Петронио бол иргэний дайны үеэр хурандаа Аурелиано Буэндиаг оргуулсныхаа төлөө гавьяа байгуулсан гэж түмнээ алдаршсан болж таарна. Хурандаа Аурелиано Буэндиа гэдэг нэрийг уншигч та санах л ёстой доо. Тэгэлгүй яахав дээ зохиолчийн өөр нэгэн агуу зохиол болох "Зуун жилийн ганцаардал" романы хурандаа Аурелиано Буэндиа гэдэгт би ер эргэлзэхгүй байна. Энэ бол зохиолчийн арга барил, шидэт реализмын олон романууд нь хоорондоо хаа нэгтээ ийм жижигхэн элемэнтээр холбогдолгүй яах вэ.
http://batu83.blogspot.com/

Friday, June 1, 2018

"Хүйлэн Огторгуйн Заадас - Эх дагины өчил" түүхэн роман


Зохиолч Shuudertsetseg Baatarsuren эгчийн "Хүйлэн огторгуйн заадас" номыг өнөөдөр уншиж дуусгав. Юуны өмнө улсын эх дагина Дондогдуламын талаар өмнө нь би арай өөрөөр буюу сөрөг бодолтой байсан минь үндсээрээ өөрчлөгдсөн гэж болно. Уншсан хүн болгоны тухайн хүний талаарх сэтгэгдлийг өөрчилсөн гэж бодож байна. Зохиолч түүхийн нарийн ширийн мэдээлэл, баримт сэлтэд гүн гүнзгий, тууштай эрэл хайгуул хийсэн нь хуудас болгонд мэдэгдэж байв. Эхний бүлэгт эх дагины бага наснаас эхлэн үүх түүх нь хөврөх бөгөөд өсөж төрсөн нутгаасаа шинэ нутаг руу нүүх нүүдлийн цувааг угтах малчин айл, хүмүүсээр хөдөөгийн сайхан заншлыг эргүүлэн сануулав. Үүний хажуугаар Богд гэгээнтний бага насандаа Төвдөөс Монгол хүртэл урт холын хүнд хэцүү бэрх замыг туулан ээж, ах, дүү нартайгаа ирсэн тухай болон хэдийгээр төвд хүн боловч хэрхэн Монголын төлөө зүрх сэтгэлтэй хүн болж төлөвшиж буй нь харагдана. Хуучин цагийн бэр буулгах ёсон буюу насны зөрүүг хамаарахгүйгээр сэтгэлгүй хүнтэйгээ нийлэх жам охины (Дондогдулам) ойрын төрлийн эгч нарыг ч бас тойрсонгүй. Дондогдулам хатны бага нас чинээлэг айлд, эцэг эхийн хайр халамжинд, бичиг эрдэм сурч гэгээрэн, өсөх насандаа сүм хийдэд бүтээл урлан, өвгөн ламыг асарч тойлсны үрээр бурханы шашинд мэдлэгтэй болж хувирч буй нь Богд Агваанлувсангийн хатан болох хувь ерөөлийг орйтуулж байжээ. Манж Чин улсын доройтол мөхөл ойртон дөхөх үед Богд гэгээнтэн болон засаг ноёд Монгол улсын тусгаар тогтнолын төлөө хаант Орос улс руу тусламж гуйсны үр дүнд хэрэв тусгаар улс болбол хаант улс байх уу, тэгвэл хаан нь хэн болох вэ, Богд Живзундамба бол хутагт хүн шүү дээ гэж Оросын сайдын хэлснээс үүдэн Богд Живзундамбыг хатантай болгох санаа анх төрсөн гэж болно. Мэдээж шашны дэг жаягийн үүднээс шашны мяндагтнууд энэ бүхэнд дургүй байх нь тодорхой. Богдын хатан болохын тулд ямархан хэцүү хувь тохиолыг туулан дайрсныг уншсан хэн бүхэн эх дагиныг өрөвдөн хайрлах биз ээ. Зохиолын дунд үеэс таньдаг нэрс гэнэт орж ирсэн нь Бадрах түшмэл, Хулангоо эхнэртэйгээ, хадам Чоймчиг гүн, түүний хүү Дамдин нар бол зохиолчийн өмнөх нэгэн зохиол болох “Үүлэн хээтэй орчлон” цаашид хэрхэн үргэлжилж буйг Богд гэгээн, Чин ван Ханддорж нарын дүрээр хамаатуулан хоёр романыг сүлэлдүүлжээ. Өмнөх зохиолыг амтархан уншиж байсны хувьд гол дүрүүдийн цаашдын хувь заяа хэрхэн эргэсэн нь надад сонирхолтой байлаа. Угаасаа хоёр романы гол дүрүүдийн амьдарч буй цаг хугацаа нэгэн үед өрнөж буй учраас уг романууд нийлснээр “Хүйлэн огторгуйн заадас” романыг улам өрнөлтэй, сонирхолтой болгосон байна. Монголын төр зүтгэсэн хүндээ халтай гэдгийн үлгэрээр Манжаас салан тусгаарласан 1911 он, хиагтын гурван улсын гэрээ өрнөсөн 1915 он, хятад цэрэг хүрээг эзэлсэн болон оросын цагаан цэргүүд хүрээг чөлөөлсөн, ардын хувьсгал өрнөсөн он жилүүд хүртэлх хугацаанд олон ч алтан ургийн эх оронч ноёдын үхэл, аллага зэргийг зохиолын төгсгөл хэсэг рүү оруулж өгөн тэр бүгдэд Богд хаан болон Эх дагина хэрхэн сэтгэл зовнин, өр эмтэрч байгааг өгүүлжээ. Монголын сүүлчийн их хатны амьдрал, хайр сэтгэл, улс төрийн бодлогын талаарх романы товч тэмдэглэлээ ийнхүү төгсгөе.

Франц Кафка “Хувирал тэргүүтэй тууж өгүүллэгүүд”

Энэхүү номонд Кафкагийн Мацагчин, Шүүлт, Цээрлүүлэх колонид, Хувирал өгүүллэгүүд, Набоковын Хувиарл туужийн тухай лекц, Муракамигийн Дурласан Замза өгүүллэг, Зингерийн Кафкагийн найз гэх мэт өгүүллэгүүд оржээ. Кафкагийн зарим нэг өгүүллэгийн талаар өөрт төрсөн сэтгэгдлээ үлдээе. 
Мацагчин.
Мацагчин гэхээр одоо үед хааяадаа мацаг барьж эрүүл мэндээ сахин хамгаалдаг хүмүүс болов уу гэж ойлгогдоно. Харин Кафкагийн бичиж байх үед эсвэл өмнө нь циркт үзүүлбэр үзүүлж мөнгө олдог хүмүүсийг хэлдэг байжээ. Амьтны торон дотор дөч хоног суун юм идэхгүй, яс арьс болтлоо сууна гэдэг асар их тэвчээр шаардана. Гэхдээ мацагчныг өдөр шөнө юм идэж байна уу үгүй юу гэдгийг сахих ёстой хүмүүс ажлаа чин үнэнчээр хийхгүй, хайхрахгүй, тоохгүй байгаад мацагчны сэтгэл өвдөнө. Уг нь энэ бүх хугацаанд мацаг барих нь мацагчны хувьд хувийн бахархал нь юм. Бүр дөчөөс илүү хоногоор ч мацаг барьж чадах ч зохион байгуулагчдын шаардлагаар аргагүйн эрхэнд зогсооно. Гэвч аливаа юм бүхэн удахлаараа, шин сонирхолтой зүйл үгүй бол балран арилж, үзэгчдийн сэтгэлээс мартагддаг жамтай. Мацагчныг ч энэ бүхэн тойрсонгүй. Гэхдээ мацагчинд шинэ боломж олдож, өөр циркт дөчөөс ч олон хонохоор гэрээ байгуулна. Тэр зорилгодоо харин хүрч чадах эсэх нь түүнээс өөр хүнд тэгтлээ хамаарах болов уу даа.
Цээрлүүлэх колонид.
Хаана байгаа нь мэдэгдэхгүй нэгэн колонид зочлон ирсэн аянчин цаазын ажиллагаанд уригдана. Энэ цаазын ажиллагаа нь энгийн ч нэг цаазлах аргыг ашигладаггүй. Жишээ нь Кафкагийн цаг үед ихэвчлэн дүүжлэх, буудах, толгойг нь тасдах аргуудыг түлхүү ашигладаг байсан гэж бодож байна. Харин цаазлах ажиллагааг удирдах офицерын тайлбарлаж буйгаар бол хэдэн цагийн турш үг сийлэх, орилох тэнхэлгүй болтол шивээс хийх аргын тухай өмнө нь хаана ч сонсож байгаагүй л юм. Яг энэхүү үйл явдал болон өгүүллэгийг уншиж байхад этгээд, харгис үйлдлүүд нь өгүүллэгийг уншигчдад сонирхолтой болгож буй ч цаагуураа хүний тууштай зан чанар, хувирамтгай чанарын талаар зохиолч давхар өгүүлсэн бол уу гэж бодож байлаа.
Хувирал.
Грегор Замза нэгэн өглөө сэрээд өөрийгөө аварга том шавьж болсон байхыг олж мэдэв. Энэ өгүүллэг ингэж л эхэлдэг. Урьд өдөр нь хүн байсан, унтаад бостол шавьж болсон байх хэнд ч хачин санагдана. Ямар учир шалтгаанаар шавьж болон хувирсан талаар энд нэг үг ч дурдагдсангүй. Мэдээж гэр бүлийнхэнд нь энэ бол хүнд цохилт болох нь ойлгомжтой. Хэрэвзээ Грегор Замза шиг гэр бүлээ тэжээгч, мөнгө ологч нь нэгхэн өдөр ажилгүй, орлогогүй, хэн ч биш болж хувирвал бусаддаа хэрхэн ад үзэгдэж,шавьж хорхой мэт үзэгдэх байсан талаар өгүүлсэн юм шиг санагдсан боловч уг номонд багтсан Набоковын лекцэнд бол шал өөр аргаар тайлбарласан байна лээ. Муракамигийн Замзагийн дурлал өгүүллэгт харин дээрх өгүүллэгийн эсрэг буюу шавьж байсан Грегор Замза эргэн хүн болон хувирсан тухай өгүүлсэн нь сонирхолтой санагдав.

Уурын академи (Богино өгүүллэг)

Цэлгэр уудам талбайтай танхимд тойрог хэлбэрээр өрсөн суудлуудад арваад хүн сууна. Танхимд томоо гэгчийн гурван цонх байх бөгөөд зарим ханан дээр байгалийн зураг, бас нэг ханан дээр уран зураг байрлах нь танхимыг хангалттай том харагдуулна. Тэдний өмнө гучаад насны бүсгүй зогсож байв.
-Уурын академийн ээлжит сургалт эхлэхэд бэлэн боллоо. Эхний ээлжинд өөрийгөө танилцуулъя. Намайг Мөнхцэцэг гэдэг. Уурын академийг санаачлагч, сэтгэл зүйч, доктор цолтой. Энэ салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Манай сургалтын зорилго бол уураа барьж чаддаггүй та нар шиг хүмүүст туслах, уур бухимдалгүй болох, нэгэнт уурласан үед хэрхэн барьж сурах вэ гэдгийг онол болон дадлагын үндсэн дээр заана. Бид нэгэнт л нэг хамт олон болж байгаа учраас ичиж зовох зүйлгүйгээр өөрсдийгөө яагаад энд ирсэн болон нэрсээ танилцуулцгаая. Миний баруун талаас эхлэе. Та босч байгаад ярина уу?
Түүний баруун талын хамгийн эхний оролцогч болох халзандуу магнайтай, дөчөөд насны гүзээтэй намхан эр ийш тийшээ хулмалзан шийдмэг бусаар бослоо. Магнайгаа гарынхаа алгаар нэг шударсан нь хариугүй хөлс нь урсчих вий гэж санаа зовсон нь илт. 
-Намайг.. намайг Данзан гэдэг. Эхнэр таван хүүхэдтэй. Том нь оюутан, бага нь цэцэрлэгт явдаг. Би цахилгаанчин мэргэжилтэй. Хувиараа ажил хийдэг. Та хэд мэднэ дээ. Би чадна аа гэдэг хүмүүстэй зуун айлд цуг зогсдог юм. 
-За суралцагч Данзан ах. Одоо яагаад энэ сургалтанд суух болсон талаараа нэг ярихгүй юу?
-Наадмын өмнөхөн юм даа би зогсдог газраа зогсож байлаа. Надад нэг жижиг самбар байдаг юм. Тэрэн дээрээ цахилгааны ил далд монтаж, бүх төрлийн ажил хийнэ гэсэн бичигтэй. Наадам болох гэж буй учраас хэдэн цаас олж байгаад ойрхон ч болтугай гэр бүлээрээ салхинд гарцгаах санаатай байлаа. За тэгтэл ганган хар машинтай мөнгөтэй байрын эрэгтэй эмэгтэй хоё хүрээд ирлээ шүү. Та шинэ байшингийн бүх төрлийн цахилгааны холболт, гэрэл чийдэн, разетка суурилуулах уу гэж байна. Би мэдээж тэгье гэлээ. Үнэ мөнгөн дээрээ тохирох юм боллоо. Очиж үзэж харж байгаад хэр их ажилтайгаасаа шалтгаална л гэлээ. Тэгээд шууд машинд нь суугаад хөдөлтөл хойшоо зуслангийн чиглэлд яваж өглөө. Их хол юм аа, яваад л яваад л. Хандгайт, майхан толгой өнгөрлөө. Миний мэдэхгүй газар хүрээд ирэв ээ. Дүнхийсэн хоёр давхар сайхан хаус байна шүү. Олон өрөөтэй юм аа. Арваад өрөө, өрөө болгонд гэрэл чийдэн, нэгээс хоёр разетка, унтраалга гэхээр явж өгөхөөр их ажилтай юм. Би ч хэллээ дээ, тэдэн зуун мянга гээд аваад хаялаа. Нөгөө хоёр чинь буулгах гэж үзэж байна. Би гүрийгээд л байлаа. Баахан унжсаны эцэст тавин мянгаар буулгах болов. 
Энэ үед түүний яриаг сонсон суусан хүмүүсээс хэн нэг нь залхсан байртай,
-Хөөе тэгээд яг шалтгаан нь юу байсан юм бэ гэж цухалдангуй асуув.
-Яг одоо хэлэх гээд байна. Сонсож бай л даа. Тэгээд би ажлаа эхэллээ. Бүх дотор монтажийг янзын сайхан хийлээ. Гэрэл, разеткануудаа ихэнхийг хийгээд дуусаж байтал нар ч шингэж байна. Би ажлаа хурдавчиллаа. Сүүлийнхээ разеткийг хананд зоож байтал өнөө хоёр чинь гал зуухны өрөөний разетканууд буруу газар боогдсон байна гэж байна. Байрлалыг өөрчиллөө. Энэ үед гадаа тас харанхуй болжээ. Гэр орон юу болж байгаа бол эхнэр хүүхэд санаа зовох болов уу яах бол гэсэн бодол орж ирж байна. Нөгөө хаусны эзэд санаа зовж байгаа шинж алга. Тэгтэл дээд давхрын унтлаганы өрөөний гэрлийн бүрхүүл буруу газарт өлгөгдсөн байна гэж байна. Энэ үед яагаад ч юм нүд харанхуйлж дотор давчдан, гар салгалаад явчихдаг юм. Би ер нь энгийн үедээ тайван мөртлөө их огцом ууртай л даа. Тэр үедээ яг тэгдэг юм. Дээд давхар руу шатаар яаж өгсөж гарснаа ч санах юм алга. Нэг мэдэхэд би сэргэлээ. Хаусны гадаа сууж байна. Эхнэр нь байшин дотор орилоод л байх юм. Нөхөр нь утсаараа цагдаа сэргийлэх, хамгаалалтын алба руу ийш тийшээгээ залгаад л, зандарч хашхичсан хүн л байна. Тэгэх завсраа над руу хялам хялам харж байгааг нь ээ. Тэгтэл би хийсэн бүх гэрлийн бүрхүүлүүдээ хуу татаж шалан дээр дэвслэн хамаг утас залгуурыг юу ч үгүй тасдахыг тасдаж, эвдлэхийг эвдэлж, дээд давхрын өрөөнүүдийн цонхнуудыг хага цохиж, бас болоогүй цахилгааны богино холбоо үүсгэн хаусыг нь галдан шатаах дөхсөн байна лээ. Азаар нөхөр нь намайг зогсоож, галыг унтрааж, намайг гадагш гаргасан нь тэр байж. Тэгээд л би баривчлагдсаны дараа надад торгууль тавин, энэ сургалтанд нэг сар суух шийтгэл оноосон доо. 
Түүнийг үгээ хэлж дуусахад тойргийн төв хавьцаа суусан жижигхэн биетэй эр,
-Хихихи, тэнэг амьтан гэж амандаа хэлсэн нь бүгдэд сонсогдов. Цахилгаанчин эр ч түүнийг сонссон бололтой, нүүр нь улайн, толгойгоо нугдайлган бушуухан суудал дээрээ очиж суув.
-Хамгийн эхэнд өөрийгөө танилцуулсан Данзан ахдаа баярлалаа гэж сургагч багш бүсгүй өгүүлээд, дараагийн хүнийг босохыг урив. 
Данзангийн хажууд суусан өндөр хүдэр биетэй идэр насны эр босоод ярьж эхлэв.
-Намайг Бямбаа гэдэг. Ганц бие л дээ. Нэг бүсгүйтэй үерхээд хэдхэн сар л болж байна. Би тэрэндээ маш их хайртай. Бид хоёр уулзахаараа кино үзнэ, гадуур хоолонд орно, зугаална. Ер нь тийм ч олон уулзаж амжаагүй ээ. Надад бол цөөхөн л санагддаг. Нэг удаа гэрт нь хүргэж өглөө. Гэрийнх нь хаалганы гаднаас буцлаа. Аав ээжээсээ тусдаа ганцаараа амьдардаг гэнэ. Тэгсэн мөртлөө намайг гэртээ оруулаагүй л байв. Бодвол хэт хурдан гүнзгийрэхгүй гэж бодсон ч байж магадгүй юм. Тэгэх тусам миний хар хөдлөөд болохоо байлаа. Би ч хайртай бол хартай гэж боддог байсан. Гэхдээ одоо тэгж бодохоо больсон л доо. Нэг удаа гэр рүү нь залгатал эрэгтэй хүн авч байна. Дараа нь би найз бүсгүйгээсээ асуутал аан гэснээ тэр чухал хүн биш ээ ухааны юм яриад өөр сэдэв рүү чиглүүлээд мартуулчихав. Би тэр эр нь хэн юм бол гэж бодохоос байж суух газраа олж яддаг болов. Орондоо унтах гээд хэвтэхэд л үл таних эр миний найз бүсгүйг энхрийлэн таалж байгаа дүр зураг үзэгдээд хэд хонов. Би өдөр бүр, үдээс өмнө нэг, үдээс хойш нэг утсаар залгаж, фэйсбүүкээр юу хийж байгааг нь, хаана хэний зурган дээр лайк дарж, сэтгэгдэл үлдээж байна, тэр битгий хэл сүлжээнд байгаа мөртлөө намайг чатлахад хариу бичихгүй бага зэргийн удвал уур цухал хөдөлдөг боллоо. Мэдээж орой болгон ажлаа тарахаар нь уулзая гэж асууна. Уулзахгүй ээ гэвэл нүдэнд өнөөх үл таних эр найз бүсгүй хоёрын энхрийлэл, орон дээр .. гэснээ уруулаа хазлан бага зэрэг чичирхийлэх шиг болсноо Бямбаа уртаар санаа алдан тайвширсны эцэст яриагаа үргэлжлүүлэв.
-Сүүлдээ би албатай юм шиг өглөө гэрийнх нь гадна машинтай хүлээж байгаад ажилд нь хүргэж, орой тарангуут үүдэнд нь хүлээж байдаг боллоо. Бүр эмэгтэй найзуудтай нь, гэрийнхэнтэй нь хүртэл уулзуулах зав өгөхөө байлаа. Надаас залхаад ч байх шиг таарамжгүй харьцаж эхэлж байна. Би бууж өгөөгүй ээ. Нэг удаа оройн кино үзэж, ресторанд хэдэн хундага вино уусны дараа гэрт нь хүргэж өгөөд, баяртай гээд шоп хийтэл уруул дээр минь үнсэн хаалгаа хаах гэхээр нь хүчээр түлхээд орчихлоо. Өнөө үл таних эрийг хайсан минь тэр. Найз бүсгүйнхээ гайхсан царайны хажуугаар шуудхан угаалгын өрөө рүү чиглэлээ. Яагаад гэхээр ус шоржигнох чимээ сонсогдож байсан юм. Миний таамаглал үнэн байлаа. Шүршүүрт надаас дүү байрын залуу усанд ороод зогсож байх нь тэр. Бүр чармай нүцгэн шүү. Шуудхан өнөө залууг шүршүүрээс чирж гарган шал руу хэвтүүлээд хоолойг нь боож эхлэв. Үл таних дүү залуугийн гайхсан, цочролд орсон, өрөвдөлтэй царай над руу нэг, найз бүсгүй рүү минь нэг харна. Би улам хүчтэй хоолойг нь багалзуурдав. Араас найз бүсгүй минь нуруу руу дэлсэн, болиочээ, аллаа ш дээ, тавиач ээ, наадах чинь миний ... гээд зарим үгнүүд сонсогдохгүй байсан юм л даа. Өнөөх үл таних эр бас хэрэндээ ноцолдоод чихнээс минь зулгааж байх хооронд зарим үгс сонсогдохгүй байж таарч. Угаалгын өрөөнд гурвалжин дөрвөлжин ноцолдоон, ар нуруун дээр минь нэг хартал найз бүсгүй минь үсрэн гараад үснээс зулгааж байна. Тэр үед би дотроо –та хоёр намайг удаан хуурч явсан байх даа, муу хоёр нүүрт гэх мэтчилэн аль муугаар л бодож байлаа. Нуруун дээр болохоор найз бүсгүй –Бямбаа тавь л даа, миний ..... үхлээ ш дээ, болиочээ, наадах чинь миний .... ш дээ гэж байсан нь л санаанд орж байна. Түрүүн хэлсэнчлэн миний чих зарим үед таглагдаад байсан хэрэг. Нэг мэдэхэд тас хийгээд л толгойн дундуур нэг юмаар буулгаад авлаа. Хэсэг хугацааны дараа сэргэсэн чинь цагдаа нар ирчихэж, намайг гавлаж байна. Найз бүсгүй минь өнөөх үл таних залууг их л халамжлан тэврээд зогсож байх юм. Тэгтэл учир нь олдлоо. Тэр залуу найз бүсгүйгийн маань төрсөн дүү нь байж таарав. Болиочээ, наадах чинь миний дүү ш дээ гэж хашхираад байсан болж таарсан юм даа. Энэ үед багш бүсгүй асуулт асуун,
-Тэгээд та хоёр салсан уу?
-Үгүй ээ. Намайг хэрэв уурын академид гурван сар суугаад хэвийн хүн шиг болж, урьдын адил нойтон хамуу шиг байхаа больвол дахиж үерхэнэ гэсэн болзол тавьсан. 
-Дүү нь гайгүй юу?
-Нэг нүд нь бага зэрэг хөхөрч, хоолой нь улайснаас бусдаар гайгүй.
-Хихихи мангуу амьтан гэж тойргийн төвд суух өнөөх жижигхэн эр бас л аяархан инээв. 
-Бямбаа сууж болно. Одоо дараагийн хүнээ танилцуулахаас өмнө энэ хоёр хүний ийм тохиолдолд ямар арга хэмжээ авах байсан талаар ярилцъя. Тойргийн дундаас,
-Хихихи төрсөн дүүг нь танихгүй байдаа яахав дээ гэх инээд дахиад л сонсогдов.
-Та чимээгүй байгаад өгөхгүй юу, хамт олноо хүндлээд гэж багш шаардлага тавихад,
-Хихи хамт олон байхдаа ч яахав дээ. Уурын тулмууд.
-Эсвэл та гарч байх юм уу? 
-Намайг энд таван сар суу гэсэн ш дээ. Тэгээд ч би чимээгүй удаан сууж чаддаггүй юм.
-Яахаараа манай сургалтанд дандаа ийм бүтэлгүй, хачин, хөгийн юмнуудыг суулгадаг байна аа гэж багш бүсгүйн дуу гэнэт чангарав.
-Мэдэхгүй юм даа. Өөр ийм сургалт байдаг юм уу гэж өнөөх эр аанай л хариулав.
-Тэсэх тэвчээр гэж хүнд бас байдаг юм. Ер нь би та нарт багшлахаас татгалзаж байна. 
Багшийн нүдэнд нулимс цийлэгнэж буйг бүгд харлаа. 
-Уурын академи, уур, уур, ямар элэнцэгнийх нь уурын академи бэ, яагаад та нар олигтойхон байж болдоггүй юм бэ? Би ямар та нарын уур бухимдлаа гаргадаг хүүхэлдэй юу? Ааааааааа гэж бүсгүй танхим битгий хэл гадаа гудманд алхаж яваа хүмүүс сонсогдохоор чарлав. Харин танхимын ард сургалтыг ажиглан эхлэлээс хойш нэг ч үг авиа гаргаагүй бас нэг эмэгтэй урагш бушуухан шиг дөхөн ирж,
-Мөнхцэцэг ээ, миний дүү тайвшир. Одоо дахиад хоёрхон долоо хоног өнгөрөхөд энд багшаар ажиллах шийгэлийн хугацаа чинь дуусна шүү дээ. Тэснэ шүү, тэсдэг юм шүү гэснээ чихэнд нь аяархнаар Улаанбаатарын үдэш намуухаан намуухаан гэж аялахад багш бүсгүй ч хонины морь шиг номхроод ирэв. Энд бүхэл бүтэн нэг жил багшилсан тэр их хөдөлмөрийг ингэж үрэн таран хийж болохгүй ш дээ Мөөгий миний дүү гэж хэлэхэд багш бүсгүй сандал дээр хойшоогоо налан сууж гүнзгий амьсгаа аван хамраараа гаргаж эхлэв. 
-Хихихи доктор гэнэ шүү гэж өнөөх эр бас л инээхэд түүн рүү багш болон зааварлагч эмэгтэй, тэр битгий хэл танхим дахь бүх хүмүүс ууртайгаар, үзэн ядсан харцаар харахад өнөөх эр суудалдаа шигдэн, улам жижгэрч, харцаа аажмаар шал руу шилжүүлэв. Харин цонхны цаана гудамжинд машин зам дээр хоёр машин түс хийтэл мөргөлдөх чимээ гарснаа төд удалгүй хоёр эр хараалын үг урсгаж эхэлж байгаа нь бүүр түүрхэн сонсогдож эхлэв.

"Тэр бүсгүй" өгүүллэг

-Шинээр ирсэн Монгол залуу хурдан ажиллах хэрэгтэй байна даа гэж загас агнуурын усан онгоцны эзэн түүн рүү ширэв татан харлаа. Солонгос улсад ирээд жил гаруй болчихсон учраас Зоригт солонгосчуудын яриаг зуун хувь биш ч наян хувьтай ойлгодог болжээ. Мэдээж тэр хараар ажиллаж байгаа учраас хамаагүй өөдөөс нь хэдэрлэж болохгүй, удаан ажиллаж болохгүй. Тиймээс өвдөг нь модон шал дээр зулгарсан ч гэлээ шүд зуун өвдөглөн сууж хөлгийн тавцан дээрх загасны хайрс, тос, үнэр нэвт шингэсэн модон шалыг алчуураараа зүлгэж гарав. Өвдөгнийхөө доор зөөлөвч болгон хэрэглэдэг хамгаалалтын өвдгөвч нь ч нэмэр болохгүй байлаа. Хүний арьс байнгын хүйтэн, нойтон, чийглэг газар үрэгдсээр байвал амархан шалбарч тэр нь тэнгисийн өтгөн манан чийгний гайгаар эдгэж өгөхгүй удах нь гачлантай. Урагш хойш ийнхүү дахин дахин тонголзон зүлгэх бүрийд ажилд орсон эхний үедээ зугаатай, заримдаа сунаж мөргөж буй ч юм шиг санагддаг байж билээ. Гэвч мянга зүлгээд ч модон шалны холтос дундуур шигдээд орчихдог мөнгөлөг саарал загасны хайрснууд, усанд ороод ч арилахаасаа өнгөрсөн тэнгисийн шорвог ус, замагтай холилдсон янз бүрийн загаснуудын үнэрээс болоод хэдэн өдрийн дараагаас ажилдаа шантарч эхэлжээ. Гэхдээ цалин мөнгөний ахиуг нь бодон гүрийсээр л байв. “Би заавал энд дахин таван жил ажиллана. Тэгээд мөнгөө цуглуулж байгаад энэ боолын нийгмээс хурдан арилж эх нутагтаа хаан шиг амьдрах болно доо. Бас эх нутагт нь түүнийг хүлээн бэтгэрч байгаа хонгорхон янаг бүсгүйгээ гэргий болгон авна. Бид хоёрын амьдрал яг л солонго шиг олон янзын аз жаргалын өнгөтэй, өврөөрөө дүүрэн үр хүүхдүүдтэй амьдрах болно доо” гэж шалаа зүлгэх зуураа тэр бодсоор л байв. 
-Зоригт оо, чи юу бодоод байна? гэж хажуугаас найз нь болох Идэрээ нудрав. Тэр хоёрын солонгос дахь нөхөрлөл жилийн өмнөөс эхэлсэн. Анх хамтдаа нүүлгэлтийн компанид ажиллаж танилцсан юм. Айлуудыг нүүлгэх ажил амаргүй. Тавилга сэлт, нарийн нандин овор ихтэй бараанд нь сэв зураас суулгачихвал тэдний цалин хөлснөөс хасагдан зовж олсон хэдэн вон голыг нь харлуултал дундарчихлаар хэнд олигтой байв гэж. Тэгээд ч хамаагүй хүнд жинтэй ачаануудыг зөөсөөр байтал ууц нуруу өвддөг болж аргагүйн эрхэнд ажлаасаа гарч, энэ ажилд орсон юм. Идэрээ ч төд удалгүй араас нь орж иржээ.
-Найз нь эх нутагтаа очвол яаж амьдрахаа л бодож сууна. 
-Аанхан. Хайртай хүүхнээ бодсоор л байна уу? Та хоёр тэгээд тийм дотно байсан хэрэг үү? Чи ирээд жил болчихлоо. Цаадах чинь аягүй бол нэг хар юмтай болчихсон доо.
-Юу гэж дээ, Хулан тийм биш.
-Гэнэхэн хонгор юм даа чи. Тийм сайхан хүүхэн юу гээд л чам шиг хөлсний хар ажилчинг хүлээгээд байхав дээ.
-Чи муу ер нь яасан өмхий амтай новш вэ, дандаа ийм бузартай юм ярьж байдаг гэж Зоригтыг ундууцахад өнөөх нь уурлуулсандаа бах нь ханасан бололтой, пар пар хийн чангаар инээж,
-За тоглосон юм даа анд нь, тайвшир гэхүйд тэдний хажуугаар өнгөрч явсан хөлгийн эзний туслах солонгос ямар нэгэн хараал амандаа чангаар тавин хурдан ажиллахыг сануулан цааш одлоо. Түүнийг цаашлахыг хүлээн чимээгүй суусан Идэрээ дөнгөж хөлгийн тавцангаас буув уу үгүй юу –Энэ муу дандаа яахаараа ингэж зандарч байдаг кимчи вэ, ер нь тэгж ярих юм бол гэж дүрэмдэж байтал өнөөх эр тавцан дээр дахин гарч ирлээ. Идэрээ ч бушуухан амаа хамхиж модон шалыг зулгартал арчиж гарав. Солонгос эр түүнийг харангуутаа жуумалзан инээж, -Сайн монгол, сайн монгол гэж магтчихаад яваад өгөв. Түүнийг хэрхэн хөглөж байгааг ажигласан Зоригт хурдхан шиг тавцанг цэвэрлэчихээд явмаар бодогдов. Тэр хоёр хөлгийн тавцангийн аравны нэгийг л цэвэрлэсэн мэт санагдах бөгөөд агнуурын хөлгийн хитэг хүртэл туулж барагдамгүй элсэн цөл шиг л харагдана. Нар шингэсний дараа тэр хоёрын ажил дуусч нийтийн байр руугаа ядарч туйлдсан хоёр эр хурдан метронд сууж ирэв. Ойр хавьд нь зогсох хотын иргэд тэднээс ялгарах загас, хөлс холилдсон хурц үнэрээс зугтан дөлцгөөж, зарим нь хурдхан шиг буухын түүс болцгоож явав. Үнэндээ бол өдөр болгон л иймэрхүү зүйл болдог бөгөөд заримдаа агнуурын хөлөг маш их загас агнаж ирсэн бол байрандаа очиж амждаг ч үгүй байлаа. 
Нийтийн байрандаа ирэхэд өрөөнийхөн нь аль хэдийн ирчихсэн, зарим нь хоолоо идэн, ганц нэг нь унтаж байх бөгөөд нэг өрөө байранд дор хаяж л найм есүүлээ амьдарцгаадаг байв. Энэ байранд тэр хоёр л хамгийн удаж байгаа нь бөгөөд бусад нь ирж л байдаг, явж л байдаг хүмүүс юм. Тиймээс ч нэг өрөөнийхөн хоорондоо тийм ч дотно бус. Дор бүрнээ л амьдрах гэж ядаж яваа хүмүүс учраас энэ өрөөнд дундын үнэтэй цайтай зүйл ч байхгүй, нийтээрээ хоол хийж иддэг ч үгүй байлаа. Жижгэвтэр хөргөгч байх ч тэнд нь хоол хийчих эд материал байна гэж үгүй, яагаад гэвэл нэг нь ахиухан шиг юм авч тавьчихаад өглөө нь ажилдаа гаран орой ирэхэд алга болчихсон тохиолдол хэд хэд гарчээ. 
-Зоригт оо хоёулаа гарч юм идэнгээ ганц ганц сөжү мултлах уу? гэж Идэрээг асуухад,
-Маргааш үүрээр таван цагт босно шүү дээ. Дэмий юм биш үү, харин юм идэж болж байна гэж Зоригт хариулав. Тэр хоёр олигтой юм идсэн ч үгүй, нэг нэг бэлэн гоймон авч идэн амарцгаажээ. 
Өдөр хоногууд ээлжлэн өнгөрч нэгэн хэмийн дуусашгүй, хүнд хүчир ажлууд үргэлжилсээр л байв. Зоригт эцэж туйлдатлаа ажиллан ядарч унах гэж байгаа амьтан гудсан дээрээ чүү ай хувцсаа тайлан нүдээ анихын өмнө бодогддог зүйлс нь эх орон, элгэн садан, эцэг эх байдаг ч хамгийн их үгүйлэгдэж буй нь хайрт бүсгүй Хулан л байлаа. Энэхэн хэсэгхэн жаргалтай мөч түүнд маргааш өдөр нь хөлгийн тавцан дээр ажиллах эрч хүч, сэргээш нь болдог гэж болно. Тэдний ажиллаж амьдарч буй нөхцөл бололцооноос шалтгаалж тэр болгон гэр рүүгээ утсаар ярих, интернэтээр харилцах зав боломж тун муу учраас арваад хоногтоо л нэг удаа хайртай дотны хүмүүстэйгээ богинохон хугацаагаар харилцаж заншжээ. Мөн ар гэр рүүгээ хаа нэг мөнгө төгрөг явуулах ч ихэнхийг нь банкинд хадгалж арвижуулсаар байв. 
Хулангаас ирсэн ганц захиаг тэр тэр байн байн гаргаж унших дуртай. Тэр захиан дээр ийнхүү өгүүлжээ. “Сайн уу хайрт минь. Бие нь сайн биз дээ? Нойр хоолондоо яаж байна? Миний ажил хэвийн үргэлжилсээр л байна. Чамгүйгээр өнгөрүүлж байгаа өдрүүд давсгүй хоол шиг амтгүй, хэд дахин үзсэн хуучны хар цагаан кино шиг л сонирхолгүй байх юм. Гэхдээ чи минь явахдаа таван жил болчихоод ирнэ гэснийг чинь дахин дахин боддог. Яагаад тав гэснийг чинь заримдаа гайхдаг л юм. Бид хоёр залуу хүмүүс, гэтэл ид насаа чи минь харийн нутагт тэдний өөрсдөө ч тоож хийдэггүй хар ажилд зориулж, би гэргий болох насан дээрээ хайртай хүнээ хүлээн гансарч сууна. Энэ бүхэн дуусч, бид эргэн нэгдэх тэр баярт өдрийг хоног, сар, жил тоолон хүлээж суух юм даа. Чамдаа л хайртай, чамд л үнэнч Хулан чинь.”
Зоригт энэ захиаг үг өгүүлбэр бүрээр нь цээжилчихсэн л дээ. Түрийвчинд нь Хулангийн зураг байнга явна. Тэр зурган дээр цэнхэр зуны даашинзтай бүсгүй зүлгэн дээр хажуу талаараа суун инээмсэглэж нүүр нь гэрэл цацарсан байгаа нь алтан шаргал нар гэрэл гэгээгээ харамгүй илгээснийх буй за. Ар талын цэнхэр тэнгэр, ногоон ой мод энэ бүгд нийлээд дахин давтагдашгүй гоо үзэсгэлэнгийн зохилдлогоо болсон мэт санагдуулна. Унтахдаа, өглөө босохдоо тэр бүсгүйг л бодсоор яваа нь Зоригт хайр дурлалдаа гүн автсаных биз. 
Зоригтын зорилгоо болгосон таван жил талдаа орж байтал Идэрээ нутаг буцахаар болжээ. Мэдээж нэг өрөөнийхөн нь янз бүрийн юм дайж явуулахаар болцгоов. Мөнгө төгрөг, чихэр жимс, захиа, эд бараа гээд Идэрээ чамгүй их бараанд дарагдах шинжтэй. 
-Анд минь өгч явуулах зүйл байна уу? Маргааш онгоцондоо суулаа ш дээ.
-Май энэ дугтуйтай мөнгийг аав ээжид минь өгөөрэй. Харин энэ жижиг хайрцагтайг Хуланд аваачаад өгчих үү?
-Аан мань хүн хайртай бүсгүйгээ юу гэж мартах вэ, бөгж үү, ээмэг юм уу?
-За битгий хэрэгт дурлаад бай. Лацадчихсан байгаа шүү. Бүтнээр нь өгөөрэй.
-Ойлгосон доо. Биеэ бодож байгаарай. Чи бас арай л их ажилладаг шүү. Тэгж байгаад биегүй болов. Хөгшин чинь хэдэн сарын дараа буцаад ирэхийг бодно. 
Идэрээ нутаг буцсанаас хойш арваад хоног өнгөрчээ. Өгөх ёстой зүйлүүдээ өгсөн ч юм уу, үгүй ч юм уу хэл чимээгүй байсаар л. Харин нэг өдөр имэйл ирсэн байх нь тэр.
“Найз минь аав ээжид нь мөнгө төгрөгийг чинь өгчихсөн. Харин Хуланд өгөх ёстой зүйлийг чинь найз нь задалж үзсэн. Сайхан бөгж байна лээ. Санаатай задлаагүй юм шүү. Тэр чинь өөр хүнтэй болсон байна. Уулзах гэж очоод үүдэнд нь хүлээж байтал нэг машинтай залуу хүргэж өгөөд буулгахдаа их л янаг дотно үнсэлцэж байгаад буулгана лээ. Энийг яах вэ?”
Үүнийг уншаад Зоригтын уур хүрч, уушиг сагсайх шиг болж ирлээ. Би энд илжиг шиг зүтгэж, ирээдүйн амьдралаа цогцлоох гэж байхад тэр.. 
Шуудхан гүйн гарч утсаар яриулдаг газар руу очин дугаарыг нь хэлж залгуулав. Утасны цаана дүүд дүүд гэж нэлээн удаан дуудуулсны эцэст 
-Байна уу? гэж нэг эрэгтэй асуув. 
-Хулантай ярих гэсэн юм. Чи хэн бэ?
-Нөхөр нь байна.. Үүнийг сонсоод Зоригт шуудхан утсаа тасаллаа. 
Итгэж найдаж, хайрлан тэмүүлж байсан бүхэн нуран унах шиг. Тэр ер нь юуны тулд энд дэмий цаг хугацааг өнгөрүүлсэн юм бэ гэж өөрөөсөө асуумаар санагдана. Бушуухан архи авч уумаар, тэнхээ мэдэн орилмоор санагдсан ч энэ удаад биеэ барилаа. Эцсийн эцэст амьдрал үргэлжилж байна. Түүнд нас байна, хөдөлмөрлөх бие байна. Юунд гуниглан гашуудах гэж? Энэ өдрөөс хойш Зоригт улам ч шаргуу ажиллах болов. Тэр бусад хүнийг ч, өөрийгөө ч огоорохоо больжээ. Хэнтэй ч найзлахгүй, тоймтой юм ч ярихгүй, үүрээр ажилдаа ирэн, харанхуй шөнө орондоо орон хэдхэн цаг амарч аваад үргэлжлүүлнэ. Утас, имэйлээр ч нутаг руугаа харилцахаа больж хагас солиотой хүн шиг л аашилж байв. Гэхдээ тэр бусад монголчууд шигээ архи ууж, зодоон цохион, хүүхэнд татагдахгүй, ажилдаа бүрэн автсан байлаа. Ингэж байгаа нь нэг бодлын Хуланг мартах гэж, гомдсон сэтгэлээ тайтгаруулах гэж л чармайсных байжээ. Солонгос эзэд нь ч түүнд илт нааштай хандах болж цалин хөлсийг нь нэмж, хаа нэг өмнөөс нь санаа зовон эртхэн хариулах гэж ятгах болов. Ийм нэг өдрийн дараа Зоригт нийтийн байр руугаа алхаж ойролцоох цэцэрлэгт хүрээлэнг өнгөрч явтал араас нь –Зоригт оо гэж бүсгүй хүн дуудлаа. Тэр хоолойг сонсоод залуу зогтусав. Хамаг биеэр нь гүйдэл гүйж буй мэт санагдан, толгой нь танил дуу хоолойны өнгөнд мансуурчээ. Эргэж харахад, тэр андуураагүй ажээ. Хулан урьд урьдынхаас ч үзэсгэлэнтэй гоолиг болсон мэт санагдана.
-Чи.. чи энд юу хийж яваа билээ?
-Чам дээрээ л ирлээ. 
-Нөхөртэй болоогүй юм уу? гэж Зоригт аль болох хүйтнээр асуув. Энийг сонссон Хулан хөгжилтэй нь аргагүй инээж,
-Найз чинь миний нөхөр болох гэж нэлээн гүйсэн шүү. Надад явуулсан бөгжийг чинь.. гэснээ ядам хуруун дахь бөгжөө харуулж, -Өөрөө өгч байгаа юм шиг өгсөн гээч. Чамайг залгадаг өдөр миний утсыг нууцаар аваад ярьчихсан юм шүү дээ. Манай аав ээж хүргэний найз солонгосоос ирсэн гээд гэртээ оруулчихгүй юу, тэгсэн чинь байн байн ирдэг болчихлоо. Тэгсэн чамаас сураг байдаггүй. Бүр таг чиг. Идэрээ чинь болохоор чамтай найз гэсэн мөртлөө нэг хүүхэнтэй болсон л гэнэ. Чамайг муулаад л байх нь тэр. Ээж бүр итгэчихсэн надтай их нухацтай ярьсан. Ер нь энэ Идэрээ чинь чамд хань болох юм биш үү гэж ирээд ухуулсан гээч. Чамтай ярих гэхээр ямар ч сураг ажиг байдаггүй, имэйлд хариу өгдөггүй. Би их тэвдсэн. Чамайг арай ч тийм хүн биш гэдгийг мэдээд байдаг мөртлөө ээжийн өмнөөс баримт болгоод ярьчих зүйл олддоггүй. Идэрээд ч бас эргэлзэж эхэлсэн. Сайн найз чинь гэсэн мөртлөө тэгж муулна гэхээр санаанд ордоггүй. Ашгүй нэг өдөр энэ бөгжийг надад өгч байна. Эхнэр нь болооч гэнэ ээ. Тэнэг хүн байгаа юм шүү, бөгжний дотор талд жижгээр чи бид хоёрын эхний үсгийг нийлүүлж бичүүлсэн байсныг анзаараагүй өгч л байдаг. Ингээд л эргэлзээ минь тайлагдсан даа. Чамд ямар нэгэн муу зүйл тохиолдоогүй байгаасай гэж би онгоцон дотор нисч явахдаа хэчнээн их залбирч байсан гээч. Ашгүй чи минь мэнд саруул байна гэж хэлчихээд Хулан ухасхийн Зоригтыг тэврэн авлаа. Залууд ярих ч шаардлага байсангүй, амнаасаа үг ч унагаж чадсангүй. Зөвхөн цээжинд нь дүүгэх энэ их халуун хайрын гал зүрхэнд нь нэвт мэдэгдэх шиг санагдана. Салхины хүч эрчийг авахад цэцэрлэгт хүрээлэнгийн голд тэврэлдэн зогсох хосыг тойрон навчис бүжиж эхэлвэй.

“Цээнээ бид хоёр” өгүүллэг /шинэчлэн бичсэн/ Ц.Оюунбат

Алтан шар зам жирэлзэн өнгөрч тоосонд дарагдан хоцрох нь хүмүүн бид нарын амьдрал, дурсамж өнгөрсөнд үлдэхтэй эгээ л адил санагдана. Арха...